Jan 8, 2012

"... хэлэн дээр ..."

эх сурвалж : http://www.greenbough.mn/article.php?content=68&p=4 2011-10-18 06:22:41 “Гадаад хэл бол өөр ертөнцийг харах цонх мөн” гэсэн мэргэн үг байдаг. Бид өнөөдөр тэрхүү өөр ертөнцөөс олж мэдсэн зүйлээ монгол хэлээрээ илэрхийлэхдээ зөв хэлж бичдэг үү? Орчин цагийн ярианы болон бичгийн хэлэнд “Энэ талаар англи хэлэн дээр ямар ном байдаг билээ?”, “Би орос хэлэн дээр бичсэн ном зохиол уншиж чаддаг” гэх мэтээр буруу ярьж бичдэг болсон нь харамсалтай. Гэтэл “...англи хэлэн дээр”, “... орос хэлэн дээр” хэллэгийг монгол хэлний бүтэц болон сэтгэхүйн талаас авч үзвэл академич Б. Ринчений хэлсэнээр “орос хүний хэлэн дээр шүлснээс” өөр юу байх билээ. Тэгвэл бидний одоо “... орос хэлэн дээр” гэх мэтээр ярьж бичдэг хэллэгийг эргүүлээд орос хэлээр орчуулбал “у русских на языке” болох бөгөөд бидний махчилж орчуулсан “на русском языке” гэдэг хэллэг өөр утга агуулгатай болж байгааг харж болно. Угтаа бид “Я пишу свои стихи на русском языке” буюу монголчилбол, “Би өөрийн шүлгээ орос хэлээр бичдэг” гэдгийн “... на русском языке” гэдгийн мөнхүү “... орос хэл дээр” хэмээн "на" угтварын олон утгаас эхний ганц утгыг нь бодож буруу орчуулаад байгаа хэрэг юм. Үүнд орос хүн, орос хэл, соёл огт буруугүй. Орос хүн олон мянган жилийн туршид хөгжиж боловсорсоор ирсэн эх хэлнийхээ бүтэц, хууль ёсны дагуу бичиж ярьдгийн адил монгол хүн ч эх монгол хэлнийхээ журам зүйг эрхэмлэн ярьж бичих ёстой юм. Ийнхүү буруу заншсаны улмаас “Би үйлдвэрт ажилладаг” гэхийг “Би үйлдвэр дээр ажилладаг”, “Манай сургуульд зочилж ирээрэй” гэхийг “Манай сургууль дээр зочилж ирээрэй” гэх мэтээр буруу ярьж бичих болжээ. Гэтэл “Би их сургууль дээр ажилладаг”, “Манай гэр дээр зочилж ирээрэй” гэдэггүй шүү дээ. Ингэж ярьж бичихэд хүрвэл дээр дурдсан жишээнээс монгол хүний сэтгэлд “үйлдвэр дотор нь зай байхгүй учир үйлдвэрийнхээ дээвэр дээр ажилладаг юм байна”, “энэ сургууль чинь зочдоо дээвэр дээрээ хүлээж авдаг юм байна” гэсэн этгээд зүйл ойлгогдох биш үү. Ингээд эрхэм уншигч танд “Манай сургууль дээр зочин багш ирж англи хэлэн дээр хичээл заасан” гэвэл юу ойлгогдох вэ? Та монголоороо сэтгээд нэг үзээрэй! Зохиогч энэхүү өгүүллээ "Ардын эрх" сонины 2007.04.17, ¹76 /608/ дугаарт нийтлүүлж байсан болно Хөвх овогтой Батдоржийн Даваасүрэн 1971 онд Улаанбаатар хотод төржээ. МУИС-ийн Монгол Хэл Соёлын Сургуулийн Эхбичиг-Алтай судлалын тэнхимийн багш, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор. Түүхэн харьцуулсан хэлшинжлэл, Алтай хэлшинжлэлийн чиглэлээр голчлон судалдаг. МУИС-ийн Монгол Хэл Соёлын Сургуульд монгол бичиг, түүхэн хэлзүй, алтай хэлшинжлэл зэрэг хичээл заадаг.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...