Jul 30, 2010

Хар мянга гэж хэдэн мянга вэ?

Даяар Монгол-оос
-------------------------------
2006 оны 12-р сарын 03, Ням гариг, 08:50

... Гучин зургаатын тайлбар толь”-д 21 оронтой тоо (цаглашгүй), “Мэргэд гарахын орон”-д бүр 67 хүртэл оронтой тоог (сэтгэшгүй) нэг бүрчлэн нэрлэсэн нь дээд амжилт болохоор үзүүлэлт.
Хэл шинжлэлийн ухааны доктор Мягмарын Саруул-Эрдэнэ ( msaruule@indiana.edu Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. )

Тооны нэрийн талаар товчхон

Аливаа хэлний үгсийг аймаглахад бүрэлдэхүүнээрээ цөөн боловч хэрэгцээгээрээ машид чухал тооны нэрс бараг бүх хэлэнд бие даасан аймаг болон бүртгэгддэг. Гэвч тооны нэрийн байдал хэл бүрт адил биш ээ.

Андаман арлын хэлнүүдэд нэг, хоёр гэдгээс өөр тооны нэр үгүй. Арав хүртэлх тооны нэрийг үзүүлэхдээ тэд хуруугаараа илэрхийлэх бөгөөд арваас дээш бол “бүх” гэсэн ганц тооны нэр хэрэглэнэ. Австралийн зарим хэлэнд гурваас дээш тооны нэр байхгүй, “долоо” гэж хэлмээр бол “хос-хос-хос-нэг” гэж ярьдаг байна. Бразилийн Индиануудын нэгэн хэлэнд таваас дээш тоо үгүй. Зарим омгийн хэлэнд арав хүртэлх тооны нэрс нь гарын хуруунуудын нэртэй тохирдгийг анх гараар тоолж сурсан балар эртний үеийн гэрч гэлтэй. Тооны нэрний ийм хязгаарлагдмал чанар иргэншлээс ангид омгуудын хэлэнд л тохиолддог. Сонирхолтой нь Ром тоог тэмдэглэх аргад энэ уламжлалын ул мөр хоцорчээ. Ромоор I, II, III, мөн эхэн үедээ дөрвийг IIII хэмээн тэмдэглэдэг байсан нь бүгд хурууны тэмдэг мөн. V тоо харин гарын алга, X бол хоёр гарыг зөрүүлсэн дохио билээ.

Өнөөгийн соёлт улсын хэлнүүдэд мэдээж арав байтугай тоог адил тэгш хэлж чадах боловч хамгийн дээд тал нь хэдэн оронтой тоог хэлж байгаагаараа улс үндэстнүүдийн тоозүйн сэтгэлгээ ялгагдана. Монгол хэлний тухайд гэвэл “Гучин зургаатын тайлбар толь”-д 21 оронтой тоо (цаглашгүй), “Мэргэд гарахын орон”-д бүр 67 хүртэл оронтой тоог (сэтгэшгүй) нэг бүрчлэн нэрлэсэн нь дээд амжилт болохоор үзүүлэлт. Ер нь зөвхөн тооны нэр төдийгүй Монгол хэлний эртний уламжлалт төв хөвч (косинус), өлгүү хөвч (синус), өлгүү шахах хямцаа (тангенс), төв шахах хямцаа (котангенс) гэх мэт нэр томьёо Монголчуудыг эртнээс нааш тоозүйн өндөр боловсролтой байсныг батална.

Бүр 18-р зуунд бид ийн 67 хүртэл оронтой тоог нэрлэчихсэн, сая, живаа, дүнчүүр, тэрбум зэрэг тоог төвөггүй ялган хэрэглэдэг болсон байхад АНУ-ын Конгресс саяхан “billion” (тэрбум) хэмээх тоог “million”-той (сая) андуурагдаад байна хэмээн хориглохоор хэлэлцэж байв. Хуулийн энэ төслийг дэмжигчид “billion”-ы оронд “thousand million” (мянган сая) гэдэг нэр өргөж байжээ.

Манай 67 оронтой тоог нэрлэх “сэтгэшгүй”-г давах нэгэн тооны нэр англи хэлэнд саяхан бий болсон нь нэгийн ард зуун тэгтэй тоог илэрхийлэх “Googol” (гүүгол) хэмээх үг юм. Нэгэн алдарт тоозүйчийн бяцхан ач нь “–иллион” –оор төгссөн олон оронтой тоонуудыг хэлж байгаад дуусахаар нь тийн бувтнасныг тоо болгосон нь энэ. Нэгийн ард 101 оронтой тоог монголоор нэрлээд дээд амжилт тогтоож болох л юм, гэвч амжилт нь бус хэрэглээ нь чухал юм даа. Хэн ч хэрэглэхгүй тооны нэр бүтээгээд яах ч билээ.

Үндсэн тооны нэрс, ялангуяа нэгээс арав хүртэлх тоо хэлний хөгжлийн хамгийн эрт үед үүссэн байдаг учир аливаа төрөл хэлнүүдийн гарлыг батлахад найдвартай жишээ болдог. Энэдхэг-Европ хэлнүүдэд “долоо”-г хэрхэн хэлж байгааг үзэхэд л; Латинд сэптэм (9 сарыг Сэптэмбэр гэдэг нь үнэндээ 7 сар гэсэн үг), Германд сиэбэн, Слав хэлтнүүдэд седмь, Ирландад сиэхт, Грэкт хэпта, Персид хафт хэмээх нь бүгд нэг гаралтай болно. Номхон далайгаар тархсан Полинезийн хэлнүүд дэх “долоо” гэвэл; Мадагаскарын Малагаш хэлэнд фиту, Суматрад питу, Самаод фиту, Шинэ Зеландын Маорид виту, Тахитид хиту, Хавайд хику байна. Харин Алтай хэлнүүдийн үндсэн тооны нэрс хоорондоо эрс ялгаатай байдаг бөгөөд Алтай хэлний онолыг эсэргүүцэгчид ихэвчлэн энэ жишээг дурдан Монгол, Түрэг, Манж хэлнүүдийг нэг гаралтай биш хэмээдэг. Тухайлбал Монгол “долоо”, Түрэг “еди (зарим түрэг хэлнүүдэд жэти)” хоёрыг яаж ч холбох аргагүй.

Гэвч түрэг хэлний зарим тооны нэр Монголд тэр чигээрээ биш гэхэд утга багавтар шилжин байсаар байна. Түрэг хэлнүүдэд нэгийг бир хэмээнэ. Монгол хэлний бүри буюу "бүр" гэсэн үг нь (хүн бүр гэвэл хүн нэг бүр гэсэн утгатай) утга, хэлбэрээс гадна хэлзүйн хувиллаараа түрэгийн “бир - нэг” – тэй тун ойролцоо болохыг баталъя. Эртний Монгол хэлнээ зөвхөн тооны нэрийн араас ордог -мусун/мүсүн хэмээх дагавар бий. Нэг + мүсүн = нэгмөсөн, хоёр + мусун = хоймсон, гурав + мусун = гурамсан, дөрөв + мүсүн = дөрөмсөн гэх мэт. Мөн жирин + мүсүн = жирэмсэн хэмээн үүсэх ба жири гэдэг нь ямар тооны нэр болохыг хойно өгүүлсү. Тооны нэрийн араас ордог энэ дагавар “бүр” – ийн араас орж “бүрмөсөн” хэмээх үг үүсгэсэн нь уг үгийг үнэн хэрэгтээ тооны нэр болохыг батлах агаад “бүрмөсөн” нь “нэгмөсөн”-тэй ойролцоо утгатай байгаа нь “нэг” хэмээх утгатай болохыг харуулна. Ах дүү гурван мэргэн хүүгийн адилаар таахад “бүр” нь тооны нэр агаад “нэг” гэсэн утгатай юм бол түрэг хэлний “бир” л байлгүй дээ.

“Хоёр”-ыг түргээр ики гэнэ. Монгол хэлний ихэр гэдэг үгт уг язгуур бий. Мөн морин хуурыг Баруун Монголд икэл гэдгийг хоёр чавхдасаар нь төлөөлүүлэн нэрлэсэн үг хэмээн сэтгэнэ. Баруун Монголд “орой”-г асган (акшам), “халбага”-ыг хашига (кашик) гэх мэтээр түрэг үг их хэрэглэдэг. Харин морин хуурч Пүрэвхүү икэл бол “эк кэл” гэж маргадаг юм.

“Гурав”-ыг түргээр “үч” гэнэ. Ялла хэмээх Азербайжан (түрэгийн нэг томоохон салбар) хамтлагийн Монголд хамгийн алдаршсан дуунд “Үч кудук – три колодца” гэж дуулдаг. Үч нь “гурав”, кудук нь “худаг” гэхээр Монголтой их төстэй. Харин “үч”-ийг “гуч” гэсэн тооны нэрийн сүүлийн хэсэг байж болно гэж л холбохгүй бол өөр ул мөр үгүй. Түрэгийн дөрт харин “дөрөв”-тэй дүйнэ. Үүнээс бусад тооны нэрс (“БИН – МИНга”-ыг эс тооцвол) энэ хоёр хэлэнд ердөө дүйцэхгүй нь Алтай хэлшинжлэл дэх нэг томоохон оньсогын нэг билээ.

Өмнө “жирэмсэн” хэмээх үгийн язгуур “жири” нь тооны нэр хэмээн дурдаад өнгөрснөө тодотгоё. Эртний Монгол хэлнээ “кояр – жирин” гэсэн тооны нэрс адил утгаар, өөр өөр хүйсэнд хэрэглэгддэг байсны ул мөр Монголын Нууц Товчоонд тодорхой үлджээ. Тухайлбал “Торголжинну көүн Дува сокор, Добун мэргэн кояр бүлээ”, “Кояр көүн төрэүлби” гэх мэтээр эрэгтэй хүмүүсийн тухайд өгүүлсэн бол “Орбай, Сокотай жирин хатун өгүлэрүн”, “Бөртэ үжин, Хуагчин жирин” гэх мэтээр эм хүйсэнд бичсэн байна. Тэгэхээр жирэмсэн нь “хоёр, давхар эм” гэсэн үг аж. Жир язгуур жирэм, жич гэсэн үгнүүдэд мөн буй. Жич гэсэн үгийг задалбал “жир + чи” болох ба жир нь хоёр, -чи нь “дугаар” гэсэн утгатай дагавар бөгөөд нийлээд “хоёрдугаар” гэсэн үг болж байна. Энэхүү дэс тооны -чи/жи дагавар одоо ч түрэг хэлнүүдэд идэвхтэй хэрэглэгдсээр байгаа. Сонирхолтой нь 13-р зууны Муккадимат Ал Адаб гэдэг олон хэлний тольд табунчи (тавдугаар), жиргунчи (зургадугаар) гэх мэтээр мөнөөх дэс тооны залгаврыг хэрэглэсэн байдаг. Монгол хэлний ач, гуч, дөч, тач гэсэн үр хойчсыг заасан үгсийн эртний хэлбэр а - чи, гу - чи (гуравдугаар), дө - чи (дөрөвдүгээр), та - чи (тавдугаар) бөгөөд үндсэн тоо заах гуч-30, дөч-40 гэсэн үгстэй хэлбэр нь адил боловч өөр бүтэцтэй үг болох нь тодорхой байна.

Өөр өөр хэлнүүдэд нийлмэл тоог хэрхэн өгүүлж байгаа бүтэц хэл судлалд сонирхолтой. Монгол, түрэг зэрэг хэлэнд арван дөрөв гэх мэтээр 10 + 4 гэсэн бүтцээр хэлж байхад Орос, Румын зэрэг хэлэнд четырнадцать хэмээн 4 + 10 бүтцээр илэрхийлнэ. Ная гэсэн тоог Келт, Франц болон бүр Японы Хоккайдо арал дахь Айну хэлэнд “дөрвөн хорь” гэж хэлдэг. Францчууд мөн “дал”-ыг “жар-арав” хэмээн илэрхийлнэ. Монгол хэлний “зургаа”-гийн тооны бүтэц их өвөрмөц. Монгол бичгээр “жиргуга” гэх агаад үүнд, жир нь өмнө үзсэн ёсоор “хоёр”, гу нь “гурав”-ын язгуур, ингээд “хоёр гурвын зургаа” болдог байна.

Тодорхой тооны нэрийг тодорхойгүй тоонд хэрэглэх нь хэл бүрт байдаг сонирхолтой баримт. Италичууд “Хоёр алхаад ирье” гэвэл “Жаахан алхаад ирье” гэсэн санаа. Монгол хэлэнд мөн “Хэд гурван төгрөг” гэвэл “цөөн төгрөг” гэсэн санааг илтгэнэ. “Таван үгэндээ танигдаад” гэвэл “цөөн” гэсэн утгатай байхад “долоон үг дэлгээд” гэвэл “олон” гэсэн үг болно. Тав нь цөөн байхад хоёрхноор илүү долоо нь олон байдаг нь сонирхолтой. Тодорхойгүй их олон юмсыг бид “есын жорын”, “далан долоон”, “хар мянган” гэх мэт тоогоор илэрхийлдэг бол Ойрх Дорнодод “дөч” нь тийм утгыг илтгэдэг. Грекчүүд сарнайг олон дэлбээгээр нь төлөөлүүлж “дөчин дэлбээт” хэмээнэ. “Али Баба ба дөчин дээрэмчин” бол үнэндээ яг дөчин дээрэмчин бус олон дээрэмчин л гэсэн санаа. Библи дэх дөч хоног, дөчин жил гэсэн ойлголтууд ч үүнд хамаатай.

Тооны нэрийн бүтэц, бүрэлдэхүүн, гарал үүсэл, тооны бэлгэдэл зэрэг нь хэл шинжлэл дэх “хар мянган” сонирхолтой сэдвийн зөвхөн нэг нь билээ.

2 comments:

  1. Anonymous29/8/10 14:08

    mash sonirholtoi bas meduushtei niitlel bn anh udaa l unshij bn

    ReplyDelete
  2. Хар мянган гэдэг нь 10,000 гэсэн утгатай болов уу. "Арав" гэдэг үгийн өмнө сулхан "х" авиа байснаа баларсан байж болно. Аран буюу ард, хар хүн гэсэн үгс нэг гаралтай байх магадлал өндөр. Тэр нь (h)ar. Арав, арван ч мөн үүнээс гаралтай байх магадлал өндөр. Арван гэдэг орсон "в" бол үе хооронд орж ирсэн жийрэг авиа. Бүх өнгийг холиход "хар өнгө" үүсдэг. Солонгын 7 өнгийг холиход хангалттай хэдий ч, 7 нь олон, 10 ч бас олон учраас хар өнгийг арван өнгийн нийлбэр тул хар гэж нэрлэсэн байж магадгүй. Араа шүд дээд талд 10, доод талд 10 байдаг. Энэ нь бас арав гэдэгтэй холбоотой байж магадгүй. Бүр ухвал а+р болно. Р үсэг бол олны утга оруулагч. Бүд+р, буд+р, туна+р гэх мэт. А бол мэдээж байхуйг илтгэсэн эртний язгуур авиа. Аж, ав, ан, аав гэх мэт. Олон байвал ар болно. В жийрэглээд арба болно. Энэ а язгуур авиа бүр балар эрт үед өмнөө сул h/х-тэй байсан биз. Хөших/өчих, хар/арав гэх мэт цөөхөн хэдэн тохиолдол манай хэлэнд анзаарагдах байх. Англи хэлэнд бас анзаарагддаг. Honor, hour, honest, heir гэх мэт. Хэл шинжлэлд тааж буудах шиг муухай юм байхгүй учраас миний бичсэн энэ сэтгэгдлийг хошигнол эсвэл хувь хүний өнгөцхөн бодол гэдэг талаас нь уншаарай.

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...