Jul 17, 2010

Үсгийн эндүүрлийг хэлэлцье 1– 5

Даяар Монголоос
---------------
2010 оны 4-р сарын 11, Ням гариг, 19:51
Мягмарын Саруул-Эрдэнэ (Хэлшинжлэлийн ухааны доктор Ph.D.)


Үсгийн эндүүрлийг хэлэлцье - 1

“Даяар Монгол” сонинд МонЦаМэ-гийн мэдээ байнга нийтлэгддэг. Хамгийн сүүлчийн мэдээн дээр Гарвардын Их Сургууль шилдэг хэмээн бичсэн, түүний доор нэгэн хүн “Гарвард байхдаа яахав дээ, Харвард гээч” гэсэн сэтгэгдэл үлдээсэн байна. Ингэхэд барууны хэлнүүдийн Х-г Г-ээлэн Гитлер, Гюго, Гавана гэх ёс ямар сурвалжтай юм бэ?

Орос, Слав хэлтнүүдийн зарим аялгуу, ялангуяа Киевийн аялгуунд Г, Х-г солин хэрэглэх ёс байдаг байна. Михайл Горбачев дандаа “Я ховорю (орсоор бол говорю)…” хэмээдэг байсныг манайхан санаж байгаа. Үүнээс гадна Орос хэлэнд кирилл үсгийг анх хэрэглэхдээ зөвхөн дуутай Г гийгүүлэгчийг тэмдэглэхээс гадна үгийн эцсийн дуугүй гийгүлэгчийг мөн тэмдэглэж заншсан байна. Тиймээс Бог, Благ гэх мэт үгс Бох, Блах хэмээн дуудагдана. Энэ мэт Орос хэлний авиазүйн дотоод онцлогоос шалтгаалан барууны хэлнүүдийн шүргэх Х авиагаар эхэлсэн үгсийг Орос хэлнээ Г үсгээр буулгах болжээ.

Монгол хэлний хувьд Киевийн аялгуу огт хамаагүй учир Х үсгээр тэмдэглэх нь зөв юм. Хаанахын ямар ч дарга, хэл шинжээч хэлээгүй атал аяндаа цэгцрэн, хүмүүс өөрсдөө Харвард, Холливүүд, Хонг-Конг гэхчлэн бичдэг болсон нь сайшаалтай. Гэвч одоог хүртэл Гитлер, Гавана, Стокгольм хэмээн бичсээр байна.

Бага байхад дунд сургуулийн маань нэг багш хас тэмдгийг тайлбарлахдаа дөрвөн тийшээ харсан Г үсэг, тэр дөрвөн Г бол Гитлер, Геббелс, Гиммлер, Геринг нар хэмээн хэмээн итгүүлж байж билээ. Одоо бодоход энэ дөрвийн хоёр нь Г-гээр биш Х-гээр (Hitler, Himmler, Goebbels, Goering) эхэлж байж. Дөрвүүлээ Г-гээр эхэлсэн байлаа гэж бодоход юу гэж л германууд кирилл Г үсэг дөрвөн тийш нь тавиад сууж байх вэ дээ.

Одоо нэгэнт л орос хэлний дүрмийг баримтлах шаардлагагүй нь тодорхой тул барууны хэлнүүдийн H (эйч) бүхий үг бүрийг Монгол сонин хэвлэлд Х-гээр буулгаж байх нь зохистой. Ялангуяа орос хэлнээс орчуулга хийж буй эрхэм нөхөд, МонЦаМэ-гийн ажилтнууд үүнд анхаарууштай байна. Х-Г андуурагддаг зарим байнгын хэрэглээний нэрсийг жагсаавал:

Хамбург, Холланд, Хавана, Харри Поттер, Хюго, Хэйне, Хумболдт, Хонолулу, Херман (Уэллс), Хайти, Хондурас, Ханнибал, Харолд, Хэктор, Хэлиос, Хэраклес…

Үсгийн эндүүрлийг хэлэлцье – 2

БНАСАУ-ын нийслэл юу вэ? Эргэлзэн бодох шаардлага ч байхгүй байх. Монголчууд газарзүйн мэдлэгээрээ дэлхийд дээгүүр орох үндэстэн. Даа ялангуяа хуучин соц улсын нийслэлийг бол миний үеийнхэн гаргаахгүй.

Тийм ээ, Пхеньян. Та зөв хариуллаа. Харин энэ үгийг хэрхэн дуудсан бэ? Эхний хоёр үсгийнх нь завсар эгшиг оруулан Пэ-Хэ-Ньяан хэмээн дуудсан бол (зууны ерөн хувь нь тийн дуудсан байх магадлалтай) зөв бус буруу хариуллаа гэсэн үг.

Юу нь буруу байсныг хэлэхийн өмнө хэл шинжлэлийн диграф хэмээх ойлголтын талаар товч өгүүлсү.

Аливаа цагаан толгой тухайн хэлнийхээ болон гадаад хэлний бүх авиаг бүгдийг тэмдэглэх боломжгүй байдаг. Тиймээс зарим нэг авиаг хоёр үсэг нийлүүлэн тэмдэглэхийг диграф гэнэ. Ди гэдэг нь “хоёр”, граф нь “үсэг” гэсэн үг. Роман цагаан толгойн h үсгийг диграфд хэрэглэх нь элбэг. S + Н = Sh буюу Ш-ээс эхлээд ph, ch, gh, ph гэх мэт диграфууд олон.

Эртний монгол хэлэнд ч бас латины H – тэй дүйцэх хөөмийн х авиаг тэмдэглэх үсгийг диграфд хэрэглэж байжээ. Монгол бичигт Д үсэг мэт урагш этийлгээд буцаан татахдаа онгорхой гэдэс гарган нуруундаа нийлдэг тэр үсгийг хэлж байна. Энэ үсгийг Лхагва, Лхас гэх мэт төвд үгийг зөв тэмдэглэхэд хэрэглэдэг байв. Мөнөөх хөөмийн авиаг тэмдэглэх үсэг кириллд байхгүй тул нэлээд хатуу х үсгээр тэмдэглэх болсон тул төвдийн нийслэлийг одоо болтол зарим хүн Ил-Хас, Ла-Хас гэх мэтээр хоёр үе бүхий үг болгон дуудаад байдаг гэм бий.

Яг дээрхийн нэгэн адил солонгос хэлний амьсгалын түрэлттэй, хүчтэй П авиа нь орос хэлний зөөлөн П-ээс ондоо сонстох тул мөнөөх хотын нэрийг илүү зөв дуудах үүднээс диграф хэрэглэн Пх хэмээн тэмдэглэсэн байна. Гэтэд тэр нь Монголд орж ирэхдээ “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын” үлгэр болж, Пөн-Яан хавьцаа хэлэгдэх хоёр үе бүхий үг нь Пэ-Хээ-Няан гэсэн гурван үетэй болж, анхлан тэмдэглэсэн орсууд байтугай ардчилсан Солонгосынхон ч нийслэлээ танихын аргагүй үг болчихжээ. Энэ нь үлгэрлэвэл, англичууд Phone хэмээх үгийг Пи-хоүн, China хэмээх улсыг Си-Хайна хэмээн дуудаж буйтай агаар нэгэн буй. Тиймээс нэг бол Пх хэмээн тэмдэглээд амьсгалын түрэлттэй П-ээр дуудах, үгүй бол ерөөс солонгос, монгол хэлний П авиа нэг их зөрөхгүй гэж үзвэл заавал оросоос диаграф авснаас дан П-ээр тэмдэглээд явсан нь ч дээр байж болох.

Хоёр үсгээр нэг авиаг тэмдэглэсэн диграфыг салгалгүй нэг л авиагаар дуудан, үсгийн эндүүрлийг арилгацгаая.

Үсгийн эндүүрлийг хэлэлцье – 3

Энэ цувралынхаа Хоёрдугаарт миний бие Пхеньян хотын нэрийг Пэ-Хээ-Няан гэж гурван үе болгон дуудах нь яагаад буруу болохыг тайлбарласан билээ. Гэтэл яг адилхан алдаа тун удалгүй давтагдав.

Пакистаны Ерөнхий сайд асан Беназир Бутто алагдсан даруй дэлхийн бүх мэдээллийн хэрэгсэл ярьж бичсэн билээ. Манайхан ч бас мэдээлээс хоцрогдсонгүй. Бхутто гэж бичиж байгааг харахад авиазүйн хувьд нэлээд дөхүүлсэн мэт санагдаж байв. Учир нь энэ нэрний эхний гийгүүлэгч нь дуутай Б –гээс арай дуугүй, П-тэй харьцуулахад амьсгалын түрэлтгүй, тийм гийгүүлэгч юм. Тиймээс Б-ын ард Х нэмж өгсөн хэрэг. Гэтэл санамсаргүй Монгол ТВ-гүүд энэ мэдээг хэрхэн цацаж байгааг сонстол бүр долоон дордуулсан нь тодорхой болов. Манайхан бүгд Х-г нь маш тодоор Бу-Хутто хавьцаа дуудаж байв. Энэ нь яг л миний өмнө бичсэнчлэн Лхагва хэмээх нэрийг иЛ-Хагваа гэж дуудаж байгаатай ижил. Нэгэнт авиазүйн хувьд их дөхүүлэх гэж оролдвол тэгж хамаагүй зөрсөн дор Бутто, эсвэл Путто хэмээн бичсэн нь хавьгүй дээр юм. Ер нь хоёр үсгээр нэг авиаг тэмдэглэхэд хэрэглэдэг тэр h бол манай Хар гэдэг үгэнд ордог Х биш л дээ. Гэтэл Ханд гэдэг нэрийг Khand хэмээн Kh –ээр галигладаг гадаад паспорт хийгч нөхөд Лхагва гэдэг нэрийг яг адил хэмээн бодоод Lkhagva хэмээсэн байдаг нь хэлний хамгийн энгийн боловсрол байхгүйгээ үзүүлнэм бус уу. Ардчилсан Солонгосын нийслэл Пэн-Ян, Пакистаны Ерөнхий сайд асан Бутто нарын нэрийг зөв хэлж хэвшицгээе.

Үсгийн эндүүрлийг хэлэлцье – 4

Энэ удаад та бүхэнтэй хамжин шүргэх гийгүүлэгчийн талаар санал солилцъё. Дэлхийн олон хэлнүүд дэх Ж, З гийгүүлэгч хоёр өөрөөр дуудагддаг. Зарим нь хамжин шүргэж хэлэгддэг бол зарим нь зөвхөн шүргэнэ.

Жаахан тодруулъя. Ямар нэг гийгүүлэгчийг хэлэхэд өгүүлэхийн эрхтнүүд хоорондоо хүрч, наалдвал “хамжих” гэдэг. Жишээ нь Т авиаг хэлэхэд хэлний үзүүр шүд, түүш хавьцаа хүрэлцэн бүтэж байгаа тул хамжих гийгүүлэгч мөн. Харин С авиаг хэлэхэд өгүүлэхийн хоёр эрхтэн яг хүрэлцэхгүй боловч агаарын урсгал эгшиг шиг бас шууд чөлөөтэй гарчихгүй, өөрөөр хэлбэл шүргэж байгаа хэрэг. Тэгвэл Ц гийгүүлэгчийг дуудахад эхлээд Т мэтээр хамжаад, дуусахдаа С мэтээр шүргэдэг тул “хамжин шүргэх” гийгүүлэгч хэмээнэ. Тийм ч учраас Ц авиаг галиглахдаа олон улс TS гэдэг нь цаанаа учиртай аж.

Монгол хэлний Ж авиа нь хамжин шүргэх гийгүүлэгч мөн. Англи хэлнийх ч мөн адил. Харин орос хэлний Ж, З нь зөвхөн шүргэж хэлэгддэг авиа. Тийм ч учраас англи, түрэг хэлнүүдийн хамжин шүргэх гийгүүлэгчийг орсууд зөв тэмдэглэхийн тулд өөрийн шүргэх Ж авианы өмнө хамжих Д авиаг нэмж Джордан, Джанибеков гэдэг ажээ. Энэ хоёр нэрийг нэг хэсэг монголчууд яг орсуудын бичдэгийн адил бичдэг байгаад харин ч аяндаа зөв бичих болсон юм. Гэтэл олны танил бус нэрсийг ялангуяа орос хэлнээс орчуулан бичиж байгаа сэтгүүлчид буруу бичсэн хэвээр аж. Жишээлбэл, саяхан хөлбөмбөгийн дэлхийн аваргын түүхийн талаар нэгэн сэтгүүлчийн бичсэн маш сайн цуврал нийтлэлүүдийг шимтэн уншиж байгаад миний бие орос хэлний орчуулга болохыг нь гэнэт ойлгож билээ. Учир нь тэрбээр Дзофф, Каниджа, Дзола гэхчлэн бичсэн байлаа.

Барууны хэлнүүд болон Монголтой төрөл түрэг хэлнүүдэд хамжин шүргэдэг зарим гийгүүлэгч монгол хэлэнд мөн хамжин шүргэдэг тул орос хэлийг дууриан өмнө нь Д нэмэлгүй бичиж хэвшье. Үгүй бол Бхутто-г Х-тэй нь дуудаж сурсан шигээ Джанибеков-ыг Д-тэй нь дууддаг болчхож мэдэхээр байна шүү.

Үсгийн эндүүрлийг хэлэлцье – 5

Зарим гадаад үгийг манайхан хэрхэн буруу бичиж, хэлж хэвшсэнийг залруулах үүднээс ийм нэг цуврал дөрвийг бичсэнийхээ төгсгөл болгож зөөлөрсөн Л авиан тухай өгүүлье. Оросууд Wales (англиар) гэж улсын нэрийг Уэльс, Belgien (германаар) улсыг Бельгия, эртний Лиао улсыг (хятадыг нь галигласнаар Liao) Ляо гэж бичиж, дууддаг. Эхний хоёр улсын нэрний Л үсгийн ард зөөлний тэмдэг тавьж тагнайшуулсан бол Лиао улсын Л-ыг мөн л Я авиагаар хэт зөөлрүүлжээ. Үүний учрыг товч хэлбэл, эртний слав хэлэнд хатуу, зөөлөн хоёр янзын Л авиа байсан байна. Тэр ч бүү хэл зөөлөн Л авианд зориулан ардаа зөөлний тэмдгийг нь хавсаргасан тусгай үсэг хүртэл зохиож байж. Л авиаг тэгж ялган мэдэрч, тэмдэглэж заншсан ёсоор орос хүний чихэнд гадаад хэлний, ялангуяа барууны хэлнүүдийн жирийн Л авиа ихэд зөөлөн, тагнайшсан мэтээр сонстдог аж. Нэгэнт өөрийнх нь хатуу Л авианаас өөр, зөөлөн сонстож байгаа учраас хэлэндээ нутагшуулан авч, тийм авианы ард зөөлний тэмдэг тавьдаг, хэрэв үгийн эхэнд А мэт эгшгийн өмнө орсон бол Я-гаар зөөлрүүлдэг юм.

Орос хэлний онцлог тийм, онцлогоо дагаад үсгийн дүрэм нь бас тийм, харин монгол хэлэнд Л авиа хэрхэн зөөлөрдөг билээ? Эртний монгол хэлэнд бол хатуу, зөөлөн Л гэж байсангүй. Харин хэлний хөгжлийн явцад эр үгэнд зарим гийгүүлэгчийн ард орох огцом И авиа өмнөх гийгүүлэгчээ тагнайшуулах болсон байна. Толи > толь гэх мэт. Эм үгэнд байгаа Л угаасаа зөөлөн юм чинь дахиж зөөлөрнө гэж ер үгүй.

Гэтэл бид эртний слав хэлнээс орчин цагийн орос хэлэнд уламжилж ирсэн зүй тогтлыг эх монгол хэлэндээ огт анзааралгүй буулгасаар, эм үгийн угаасаа зөөлөн авиаг давхар зөөлрүүлсээр сууна.

Уэльс, Бельги, Мендель (Mendel), Кельн (Koln), Дель Пьеро (Del Piero), Льюис (Lewis), Чарльз (Chalres), Лярусс (Larousse), Тель-Авив, Цельс гэх мэт мянга мянган улс, хот, хүний нэрс дэх Л авиа бидний хувьд учиргүй зөөлөрч сонстохгүй, монгол хэлний Л авиатай л төстэй, тийм ч учраас зөөлний тэмдэг бичиж байх шаардлага уг нь огт байхгүй юм. Даанч олон арван жилийн туршид ингэж бичсээр нүдэнд ихэд дассан учир засахад бас л амаргүй. Амаргүй гээд харь хэлний дүрмийг дагаад байх ч тоогүй.

Энэ хэвээрээ яваад байвал удалгүй барууныхны дуу аялахдаа La-la-la-la гэдгийг орсууд ля-ля-ля-ля хэмээдэг шиг, баахан зөөлөрсөн Л-тэй, “нялганасан” авиатай улс болох вий‼‼!

Мягмарын Саруул-Эрдэнэ (Хэлшинжлэлийн ухааны доктор Ph.D.)

4 comments:

  1. ineemseglel_100820/7/10 09:25

    engiin bolovch bidnii urgelj aldaj, ergelzej bdag zuiluud bna...heregtei olon niitleluud oruulsand bayrlalaa~

    ReplyDelete
  2. setgegdle bainga bicij baigaarai.
    yramshihgui bol yragshgui bolcij magadgui shu ^^

    ReplyDelete
  3. saryyl-erdene bagshiin bicleguud yer n dajgui baidag. "sonirholtoi hel shinjlel" gej nom n ih zugeer. olj unshihiig zuvluye.

    ReplyDelete
  4. Яасан сайхан юм бэ?! Одоог хүртэл уншихад үр өгөөжөө өгсөн сайхан бичвэр байна хө

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...