Jul 1, 2010

Буруу ярьж, зөв ойлгоно оо гэж...

Манай нэгэн яруу найрагч:
Хэл, хил, мал гуравтайгаа байхад
Хэн баян бэ? Монгол баян
Хэл, хил, мал гурваасаа хагацвал
Хэн эмгэнэлтэй вэ? Монгол эмгэнэлтэй

гэж маш оновчтой шүлэглэснийг хэн хүнгүй мэднэ. Хилийг ч яахав хилийн цэрэг хамгаалж байгаа. Мал сүргийг малчин эзнээс нь өгсүүлээд төр засаг ч хүртэл хамгаалалтандаа авчихсан. Харин хэлийг маань хэн хамгаалж байна вэ? Өнөөгийн монгол хэлний байдал энэхүү асуултын хариуг биднээс нэхсээр байна. Англи, орос гээд дэлхийн “том хэлнүүдийн довтолгоон”-д өртөж заримдаа өөрөөр нь угжуулж өссөн хүүхэд залуустаа хүртэл “шоовдорлогдох” болсон монгол хэл маань цагийн сайханд дэлхийн хэл болж, ургахуйгаас шингэхүй хүртэлх олон улс гүрэнд өнөөгийн англи хэл лүгээ адил хэрэглэгдэж, тэр хэрээр дээдлэгдэж байсныг зуун зууны хөх түүх гэрчилнэ. Гэтэл өнөөгийн бид тэр түүхийг мартаж орхиод англиар мэнд мэдэж, оросоор харааж, солонгосоор уулга алдах болсон нь нэн харамсалтай.
Би үүгээрээ гадаад хэл сурч байгаа хүүхэд залуусыг буруутгах гэсэнгүй, харин эх хэлээ сайн сурч дээдлэн хүндэлж гэмээнэ нь харь хэлийг төгс сурдаг учиртайг сануулах гэсэн юм. Монгол хэлээ хайрлан хамгаалах, зөв сайхан ярьж бичих талаар, үе үеийн эрдэмтэн мэргэд захин хэлж, заан залруулсаар ирсэн билээ. Үүнийг бичигч би бээр монгол хэлийг шинжлэн судалдаг хүн биш боловч эх хэлэндээ санаа тавих нь монгол хүний үүрэг гэдэг үүднээс энэхүү нийтлэлийг бичлээ. Алдаж ташаарсан зүйл байваас уучлан өршөөх буй за.

Нэг. Алдаатай бичих албатай гэж үү?

90-ээд оны ардчиллаас хойш манайд эх хэлний талаарх төрийн бодлого суларч ирснийг харуулах наад захын жишээ нь үсгийн дүрмийн алдаа ихэссэн явдал гэж хэлж болно. Гэхдээ өмнөх нийгмийн үеийн ном хэвлэлүүд огт алдаагүй байсан хэлж бас болохгүй. Алдаа гарах нь гардаг байж. Гэхдээ одоогийнхийг бодвол “өдрийн од” шиг цөөхөн байж. Хаа нэг алдаа гарвал түүнийгээ залруулдаг, алдаатай ном зохиолд залруулга гэсэн тусгай хэсэг үйлдэж хавсаргадаг байв. Бага, дунд сургуульд ч цээж бичиг гэдгийг ёстой нэг “цээжилтлээ” хийдэг байж билээ. Гэтэл өнөөгийн сургуульд цээж бичиг хийж байна уу гэж асуувал “За даа бараг үгүй л болов уу” гэж ихэнх хүн хариулах биз ээ. Үүнийг ч сүүлийн үеийн ном хэвлэл бэлхнээ харуулаад байгаа бус уу. Ном хэвлэл гаргаж байгаа хүмүүс нь бусдаасаа арай л илүү бичгийн боловсролтой хүмүүс байх учиртай атал тэд нар нь ингэж алдаж бичихлээр нөгөө дунд сургуулийн хүүхдүүд нь ямар байх нь ойлгомжтой. Тэгж, ингэж алдаж бичжээ гэж хэлэхлээр “Одоо алдаагүй бичдэг хүн гэж хаа байгаа юм. Угаасаа энэ кирилл үсгийн дүрэм чинь буруу юм гэнэ лээ” гэж ирээд л өөрийгөө зөвтгөх хүн бишгүй дайралдана. Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон “Шинэ үсгийн дүрэм”-д засаж залруулууштай юм бий нь бий. Уг дүрэм гарсан цагаас нь л манай эрдэмтэд бичиж шүүмжлэн, зас залруулсаар ирсэн. Гэхдээ нэгэнт л үсгийн дүрмээ шинээр батлан гаргаагүй л бол муу ч сайн ч хуучин дүрмээ л дагах учиртай баймаар. Гэтэл манайд бараг толгойтой бүхэн л өөр өөрийн дүрэм зохиож, түүнийгээ мөрддөг болчихжээ. За тэгээд нөгөө муу нэртэй “шар сонинуудтай” бол бүр ярилтгүй. Худлаа ярих хүнд бараг үг, өгүүлбэр бүр нь алдаатай. Тэгсэн атлаа зарим нь “Манай сонинд байгаа нэг алдааг олно уу” гэсэн таавар зарлахыг нь яана. Нэг байтугай нэг зуу, аягүйдвэл нэг мянган алдаатай сониноос чухам аль нь тэр “таалгаад” байгаа нэг алдаа болохыг нь “таах” хүн байдаг болов уу, та минь.

Харин өдөр тутмын хэдэн сонины хувьд үсгийн дүрмийн алдаа харьцангуй бага байдаг нь тэдгээр сонины түвшинг харуулж байгаа хэрэг болов уу. Үсгийн дүрмийн алдаа зөвхөн муу нэртэй, луу данстай кирилл үсэгт гарч байгаа юм биш, монгол бичгээр ч алдаатай бичсээр л байна. Одоо албан газрын хаяг, тамга тэмдгээс эхлээд монгол бичиггүй юм гэж үгүй болжээ. Монгол бичгээ сэргээн хэрэглэж, хос бичигтэн болох гэж байгаа нь сайшаалтай хэрэг. Гэхдээ бас л нөгөө үсгийн дүрмийн алдаагаа засахгүй бол болохгүй нь ээ. Нэг үе бүх нийтээр монгол бичигт шилжин орохоор бэлтгэж, бага сургуулийн хүүхдийг монгол бичгээр амлуулж байлаа. Гэтэл гэнэт монгол бичигт шилжин орохоо больж, баахан хүүхдүүдийг туршилтын туулай болгож “хэлмэгдүүлж” орхисныг бүгдээрээ санаж байгаа байх. Түүний үр дүнд кириллээр ч зөв бичдэггүй, монгол бичгээр ч зөв бичдэггүй “нэгэн үеийнхэн” төрөн гарсан. Одоо тэд нар хорь нэлээд гарч нийгмийн амьдралд идэвхтэй оролцох болсон бөгөөд нөгөө үсгийн дүрмийн алдаа гарахад гол үүрэг гүйцэтгэж байгаа бололтой.

Ганц нэг жишээ дурдъя.
Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын хаягийг монгол бичгээр “Засгийн гацрын тохируулагц агендлаг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн гацар” гэж уншигдахаар бичсэн байх юм. Түүнээс гадна телевизийн зарим нэвтрүүлгийн нэр ус, нэвтрүүлэг бэлтгэсэн хүмүүсийнхээ нэрийг монгол бичгээр бичих болсон нь сайшаалтай хэдий ч үсгийн дүрмийн алдаа мэр сэр харагдах нь харамсалтай. Ямар ч атугай ном, сонин, телевиз гэдэг бол хүний нүдэнд хамгийн их тусч, тэр хэрээрээ бичгийн боловсролд нь нөлөөлдөг тул үүнд анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ.

Хоёр. Буруу ярьж зөв ойлгоно оо гэж...

Сүүлийн үед монгол хэлний найруулга, утгазүйн хэм хэмжээг зөрчигчид хэтэрхий олширч, тэр нь бүүр “моод” болсон гэхэд хилсдэхгүй. Тэгсэн атлаа түүнийгээ “Монгол хүн буруу ярьж, зөв ойлгодог юм” гэж зөвтгөж суух нь инээдтэй ч бас эмгэнэлтэй. Ганц нэг жишээ авья. Сүүлийн үед “нэлээдгүй” гэдэг үг бараг л хүн бүрийн амны уншлага болжээ. Уг нь “нэлээд” гэдэг нь “олон, бага бус” гэсэн утгатай бөгөөд үүн дээр “–гүй-” гэдэг нөхцөл залгахаар “бага, цөөн” гэсэн утгатай болмоор. Гэтэл манайхан харин ч эсрэгээр “Нэлээдгүй амжилт гаргалаа”, “Төр засаг энэ асуудалд нэлээдгүй анхаарал хандуулж ирлээ” гэх мэтээр “бахдан сайшаах” болжээ. Мөн “FM радио маань”, “дуу маань” гэх мэтээр хамаатуулахын “маань” нөхцөлийг их хэрэглэх болжээ. Уг нь буруу ч юм биш л дээ. Гэтэл бүр дэндээд “гэмт хэрэгтэн маань, шорон маань” гэж ярих болсноор барахгүй “Осама Бин Ладен” маань гэж ярих нь холгүй болжээ. Монголчууд бид ч яах вэ бие биетэйгээ “хамаатархаж” болдог юм байж. Гэтэл саяхан телевизээр гадаадын нэг нөхөр “Монгол улс маань” гэж ирээд их л өөриймсөг ярьж байх юм. Бодоод байхад мань хүн арай ч тэгж хэлээгүй, гол учир хэлмэрчид “маань” л байх шиг. Социализмын үед монгол хэл орос хэлний нөлөөнд зарим нэг үг өгүүлбэрийн гаж сонин бүтэц хэдэн үеийн турш эх хэлийг маань эвдсээр ирснийг бид мэднэ. Гэтэл одоо энэ явдал арилах нь бүү хэл, улам гаарсаар байна. Энэтхэг-европ хэлний тооны айг монгол хэлэнд буулгаснаас олонх нь “хүүхэд” гэвэл нэг хүүхэд, “хүүхдүүд” гэвэл олон хүүхэд гэж ойлгодог болчихжээ. “Офицеруудын ордон” гэх мэт нэр, “Өндөр уулуудын дундуур түргэн урсгалт голууд урсана” гэх зэрэг орос хэлнээс шууд “орчуулсан үг өгүүлбэр орчин үед “уламжлагдан” ирсэн төдийгүй зарим нь “хөгжлийн дээд шатанд” гарчээ.

Саяхан зурагтаар нэгэн гоо сайханч бүсгүй “багс нар маань” гэж ярив. Уг нь “нар, нэр” хэмээх нөхцлийг хүнтэй холбоотой нэр үгэнд залгаж “багш нар, эмч нар” гэж ярьдаг атал “будгийн багс нар” гэж ярьж байгааг “хөгжлийн дээд шат” гэхээс өөр юу гэх билээ. Энд бас хэлэлгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол хүндэтгэлийн үг хэллэгийг зөв хэрэглэх явдал юм. Монгол хэлэнд хүндэтгэлийн үг хэллэг байсан, харин нэг хэсэг нь түүнийг “феодалын, хуучирсан, бүдүүлэг” гэх зэргээр ад шоо үздэг байснаас болоод ямар тохиолдолд хэрхэн хэрэглэдгийг нь мэддэг хүн ховор болжээ. Жишээлбэл: “таалах, зооглох” гэх мэт хүндэтгэлийн үгсийг өгүүлэгч этгээд өөр дээрээ хэрэглэх ёсгүй атал “Надад таалагддаг”, “Би бууз зооглох дуртай” хэмээн өөрийгөө “хүндэтгэн дээдэлдэг” хүмүүс олон болжээ. Ардчиллын буянаар уламжлал, ёс заншлаа сэргээх хандлага хүчтэй болж, нэг үе бараг мартагдаад байсан үг хэллэг, нөхцлийг хэрэглэх болсон нь сайшаалтай. Гэвч хэрэглэхэд бас учир бий. Зарим хүн ямар утгатайг нь мэдэхгүй атлаа дээрх үг хэллэг, нөхцлийг хэрэглэх болсон нь хий хоосон чамирхлаас хэтэрсэнгүй. Тухайлбал “лугаа, лүгээ” гэдэг нөхцөлийг буруу ойлгож “Саран лугаа үзэсгэлэнтэй бүсгүй” гэх буюу “Уншигч авхай та” гэх зэргээр ярьж бичсээр л байна. “-Лугаа, лүгээ-” гэдэг нөхцөл “-тай, тэй-“ хэмээх нөхцөлтэй ижил утгатай юм шүү дээ. “Сартай үзэсгэлэнтэй бүсгүй” гэсэн үг болж байгаа нь хэр оновчтой зүйрлэл юм бол доо. “Абугай” гэхийг “авхай” гэсэн тэр сониныг зөвхөн эмэгтэй хүн л уншиж болох нь ээ дээ.

Үүнээс гадна телевиз, радиогийн нэвтрүүлэгч, сурвалжлагчид ч өөрсдийн хэл ярианы соёлд анхаарах цаг нэгэнт болжээ. Зурагтаар гарч байгаа хэрнээ “Яагаад ингүүл” уг нь (“яагаад вэ гэвэл”) гэх ёстой, “Хоёулаагийн ярилцах цаг ингээд дуусч байна” гэж “эрхлэх” нь зохимжгүй. Ямар үг хэллэг, ямар тохиолдолд хэрхэн хэрэглэх вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй байна.

Гурав. Орчуулга гэдэг хэцүү ажил

Сүүлийн үед монголчуудын дунд, тэр тусмаа эмэгтэйчүүдийн нойр ноол, ажил төрлөө умартан үздэг болсон зүйл нь солонгос, хятад, японы телевизийн олон ангит кино бөгөөд урьд өмнө нь манайхан киног орос зэрэг европ хэлнээс голчлон орчуулдаг байсан бол одоо англи, хятад, япон, солонгос зэрэг дэлхийн олон хэлнээс шууд орчуулах болсон нь тухайн орны түүх соёлыг монголчуудад танилцуулахад ихээхэн ач холбогдолтой юм. Аливаа орчуулга, тэр дундаа киноны орчуулга гэдэг хүссэн хүн бүр хийгээд байдаг хялбархан зүйл огт биш. Сайн орчуулга хийхийн тулд зөвхөн гадаад хэлийг сайн сураад зогсохгүй тухайн орныхоо түүх, соёл, ёс заншлын талаар өргөн мэдлэгтэй байх ёстой. Гадаад хэлнээс кино олноор орчуулах болсон нь сайшаалтай хэрэг боловч зарим нэг алдаа дутагдал гарсаар байна. Энэ удаа би телевизээр хамгийн их гарч байгаа солонгос киноны орчуулгын тухай хэдэн үг хэлье. Хэдийгээр монголчууд солонгос хэлнээс зохиол бүтээл орчуулж байсан туршлага бага боловч бидэнд хятад хэлнээс ном зохиол орчуулж ирсэн арвин туршлага, уламжлал бий. Солонгос хэлэнд хятад хэлнээс орсон үг их байдаг нь орчуулгын ажлыг хөнгөвчлөнө гэсэн үг. Ялангуяа зарим хуучны түүхэн нэр томьёог орчуулахад хятад монгол толь бичгээс авч хэрэглэхэд буруудах зүйл байхгүй. Олон үг нуршилгүйгээр солонгос киноны орчуулгаас ганц нэг жишээ татъя.

“Нуган агь” гэсэн үгийг үзэгч та багагүй сонсоо биз дээ. Уг нь “агь” гэдэг нь хаад ноёдын хөвгүүнийг нэрлэсэн үг бөгөөд үүнийг “нуган” гэж тодотгох нь “эрэгтэй ах, эмэгтэй эгч” гэснээс ялгаа юун. Түүнчлэн “өдөр гэгээрэх”, “хамгаалж өгөх”, “тэгж хийгтүн”, “Би чамд үүнийг хйж өгвөл чи надаа юу хийж өгөх юм бэ?” зэрэг солонгос хэлнээс үгчлэн орчуулсан хэллэг ч олонтаа тохиолдохын дээр “Вантан айлтгаж хайрлана уу”, “Вантан та мутраа хайрлах аваас шинэ засаг тогтох болно” гэх зэрэг хүндэтгэлийн үгийг буруу хэрэглэсэн, эсвэл утгын авцалдаа муутай үг өгүүлбэр цөөнгүй гарч байна. Уг нь “айлтгах” биш “айлдах”, “мутар” биш “мутрын үсэг” гэсэн бол зөв болох байсан. Мөн ноён хүнд хандаж “Ноёнтоон та ганц үг ган хийгээч” гэсэн дорд хэллэгийг хэрэглэж болмооргүй мэт. Мөн нэгэн түүхэн кинон дээр “Чи арай будаанаас нь ажиллад байгаа юм биш биз дээ?” гэж хэлж байна. “Ажиллах” гэдэг үг монгол хэлэнд саяхнаас л “дундаас нь идэж хохироох, шамшигдуулах” гэсэн утгаар хэрэглэгдэх болсныг мэднэ. Гэтэл хоёр гурван зуун жилийн өмнөх үйл явдлын тухайд энэ үгийг хэрэглэх нь тун зохимжгүй байна. Саяхан зурагтаар гараад дууссан “Домогт жанжин И Сүн Шинь” гэдэг кинонд И Сүншинь жанжин монголчуудтай байлдсан тухай гарч байх юм. Хэрэв энэ үнэн бол Монгол-Солонгосын харилцааны түүхэнд чухал нээлт болох юм. Бодоод байхад арай ч ингэж хэлээгүй, “бүдүүлгүүд” гэсэн үгийг орчуулагч “монголчууд” гэж буруу ойлгосон бололтой юм. Уг нь энэ удаад “бүдүүлгүүд” гэж зүрчидүүдийг хэлсэн байх учиртай.

“Ам нээснийх уушиг нээ” гэгчээр телевиз радиогийн гадаад мэдээний орчуулгын талаар ганц хоёр үг хэлье. Орчуулагч хүн тухайн гадаад хэлээ сайн мэдэхийн зэрэгцээ шинжлэх ухаан, улс төр, байгаль, нийгэм гээд олон талын мэдлэгтэй байх учиртай. Үгийн олон салаа утгаас тухайн тохиолдолд хамгийн тохиромжтойг нь сонгож байж орчуулга сайн болдог гэдгийг орчуулгын талаар наад захын мэдлэгтэй хэн ч гэсэн андахгүй. Түүнээс биш аливаа үгийг өөрийн мэддэг ганцхан үгээр л орчуулаад байх юм бол болохгүй. Гэтэл сүүлийн үед “Биологийн ухаанд нэр дэвшигч” “Умард Солонгосын удирдагч Ким Жон хоёр” гэх мэт үг хэллэг сонсогдох боллоо. “Кандидат биологических наук” гэдэг үгийн “кандидат” гэдэг нь оросоор 1. Нэр дэвшигч 2. Дэд доктор гэсэн утгатай гэдгийг бараг сэхээтэн хүн болгон мэдмээр юм. Гэтэл эхний утгаар нь орчуулснаар дээрх “жигтэй” хэллэг үүссэн байна. Харин Умард Солонгосын удирдагчийн нэрийг орос маягийн дуудлагаар Ким Чен Ир, харин англиар бол Kim Jeong ll (Ким Жен Ил) гэдгийн сүүлийн “Ил” гэдэг нь ромын 2-ын тоотой адил харагдсанаас “ II Фридрих хаан”, “V Карл хаан” гэх мэт хаадын цол болон “хувирчээ”.

Төгсгөл

Миний бие энэхүү нийтлэлдээ хэн нэгнийг гутаан доромжлох буюу хийсэн бүтээснийг нь үгүйсгэх санаа агуулсангүй, харин “Хүн хэлэхээс нааш ухаардаггүй, цаас чичихээс нааж цоордоггүй” гэдэгчлэн эх хэлээрээ зөв сайхан ярьж бичээсэй, санаа аваасай гэдэг үүднээс зарим нэг жишээ татаж бичлээ. Эх хэлээ хайрлах, зөв сайхан ярьж бичих нь монгол хүний бахархал төдийгүй үүрэг байх учиртай гэсэн үүнийг монгол хэл соёлынхоо төлөө мятаршгүй тэмцэгч, их эрдэмтэн Бямбын Ринчений
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юүгээ бишрэн магтму гэсэн гайхамшигт шүлгийн бадгаар төгсгөлөө.

Ц.Цэрэндорж

Өдрийн Сонин
2006/07/25 - 15:30, Мягмар гараг

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...