Даяар Монгол сониноос---------------------
2010 оны 6-р сарын 25, Баасан гариг, 05:23
(Үг өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион, соёл хэрэглээ)
Профессор Б.Пүрэв-Очир (МУБИС)
Үнэгний мөрийг бус, үгийн мөрийг мөшгөе! (Т.Галсан)
Хүмүүний хэл гэдэг сонин, бас тайлагдашгүй олон нууцтай, амьд, хөдөлгөөнтэй. Хэл хэлний дундаас авианы хэл буюу үгэн хэл үлэмж сонин, агуулга ба хэлбэр, илрэл ба эрчим долгионтой нь хачин.
Хүн судлаачид, хэлшинжээчид, сэтгэл судлаачид, гүн ухаантнууд, физикчидээс өгсүүлээд уран илтгэгчид, яруу найрагчид, эзотерикч нар хүртэл дэлхийн олон хэлний авианы нийлэмж зохицол, үг хэллэг, метафор загварчлал, эдгээрийн эрчим долгионыг судалж төнхөөд, хүмүүний хэлэх үг ба өгүүлбэрийг ид шидтэй, ухааны ба сэтгэхүйн хүчирхэг зэмсэг, багаж гэжээ. Орчилт ертөнцөд дуудлагагүй, нэргүй юм байхгүй гэлцэнэ. Энэ нь дууриах ба дүрслэх үг, аялга үг-өгүүлбэрээс эхэлдэг гэж хэлж ч болмоор. Тийм учраас “Бүх юмс, үзэгдлийн цаана мөнх үл илэрхийлэгдэх логос буюу үг оршдог. Үг буюу дуун долгионы хүчээр орчлон ертөнц хэлбэршин буй болсон бөгөөд хэлбэр бүгдийн атомуудыг шүтэлцүүлэн барьж байдаг зүйл бол дууны долгион буюу үг гэдэг”. (Эзотерикч Н.Сома: “Үгийн ид шид”, “Зууны мэдээ” сонин, 2009.04.10. ¹ 81) гэж бичжээ.
Энэ мэтээр хүн төрөлхтний хэлийг “амьд” гэсэн, хэл хэлний “үгэнд амь буй” гэсэн санаа нь үгийг экологи, оюун санаа, ухамсрын хүрээ, юмс түүнийг нэрлэх мэдээлэх ёс, түүний цаадах далд чанартай холбон үзэж, шүтэлцүүлэн барилдуулсных юм. Аливаа юм, үзэгдлийн харьцаа, орон зай, цаг хугацаа, тоо чанар, үйл явц, хөдөлгөөний дохио болох үгс буюу нэрлэлт нь салангид оршин байхуйдаа энергийн асар хүчирхэг долгионыг тээж байдаг бол, нэг үг, нөгөө үг ба утгатай холболдон, эелдэн зохицоод ирэхлээрээ бүр хуйлран давалгаалж, ид шидийг олж, хэлбэр ба утгын сүлжээг үүсгэн, санааны давхрааг цогцлоодог ажээ.
Тэрхүү утгын далай, олон зүйл санааны орчил дотор аман ба бичиг зохиолын үг (хэллэг) нь өөр өөр орон цагт олон янз утгатайгаар, өөр өөр үнэлэмж, өнгө аястайгаар, эерэг, сөрөг эрчим долгистойгоор, хүмүүний өөр өөр бүлэглэлийн хүрээнд, соёлын өөр өөр орон зайцад хүмүүний харилцахуйн дотоод ба гадаад биежсэн уялдаа яриа (связная речь или диалог) болон хэрэглэгдсээр мянга мянган жилийг туулан иржээ. Чингэхэд, дэлхийн олон хэл, түүний үгсийн сан, үүсвэр бүрэлдэхүүн мөн найруулга бүрэлдэхүүн нь баларлаг үеэсээ боловсронгуй болсон үеэ хүртэл урт замыг туулж бидэрч ирэхдээ нэг талаас хөгжиж, бүтэж, нөгөө талаас эвдэрч, бас зарим орон цагт баяжиж, бас зарим үед ядуурч доройтож ирж. Хэл хэлэнд агуулгын ай талаасаа ямар ямар үг-нэрлэлт байдаг бол гээд л энгийн ухаанаар сонирхвол бас хачин жигтэй, өвөрмөц хэв шинжтэй, ялгаатай байдаг. Соёлын ай, хэрэглээнийхээ талаас бол “үг” болгон өөр өөр, эдгээрийн ангилал ба нэршил нь хүртэл онд ондоо.
Манай монгол хэлэнд л гэхэд, “аялга үг-өгүүлбэр”-ээс “дууриах, дүрслэх үг”-ийг хүртэл; “маанийн үг-тарни”-аас “залбирлын үг-дуулал”-ыг хүртэл; “ам нээх үг”-ээс “андгай тангаргийн үг”-ийг хүртэл; “дом шившлэг-үг”-ээс “хараал, ерөөл үг”-ийг хүртэл; “мэргэн түргэн үг”-ээс “хорио цээр үг”-ийг хүртэл; “төрмөл үндэсний үг”-ээс “таримал ормол үг”-ийг хүртэл; “нутагшсан эрлийз үг”-ээс “танигдахын аргагүй чулуужсан бэрх үг”-ийг хүртэл; “дэслэх дугаарлах үг”-ээс “хэмжих тоолох үг”-ийг хүртэл; “тэмдэг чанарын үг”-ээс “бодот үг”-ийг хүртэл; “орон цагийн үг”-ээс “хөдөлгөөн үйлийн үг”-ийг хүртэл; “сул баймжит үг”-ээс “төлөөлдөг холбодог үг”-ийг хүртэл нь хэлбэр-бүтцийн талаас нь, утга-үүргийн талаас нь, хувьсал-хувиргалын талаас нь, экологи-соёлын талаас нь, давтамж-хэрэглээний талаас нь ангилсаар, шинжиж судалсаар, хэрэглэсээр иржээ. Бас янз бүрийн зорилготой “толь бичиг” гээч юмыг зохиож, үгсийг “толинд харж” сонжиж шинжиж, эдэлж ашигласаар ирж.
Нийтлэлч Баабар “Юм болгон нэртэй…” гэдэг нийтлэлдээ: “…Монгол хэл, юмыг дүрсжүүлэхдээ онц гаажтай. Ганц “хамар”-ыг л аваад үзье. Монхор-хяраараа бөгтөр хамар; шонхор-үзүүр нь шөвгөр, гурвалжин; хянган-хяр нь ирмэгтэй; шонтгор-үзүүр нь урагш түрсэн; нахиу-нармай дотогш; сартгар-нүх том; сархаан-угалз том; унжуу-үзүүр доошоо; ээтэн-үзүүр дээшээ гэх мэт. Хөнхөр, онигор, бүлцэн, бүлтгэр, жуутгар, сүүмгэр, гөлгөр, жартгар, хялар, долир, сөлөр, хялман – энд зөвхөн “нүд”-ний тухай л ярьж байна. Нүүдлийн амьдралын онцлогоос л ингэж баяжсан болов уу. Харин үйл явц, процессийн нэршлээр тааруухан…” (Өдрийн сонин, 2008, ¹ 295) гэж өгүүлсэн нь нүүдэл суудал, нийгэм-соёлын ажиглалтаас үүтгэлтэй сонин дүгнэлт юм.
Монголчуудын аж онол буюу прагматикт “Үгийн өвгөн утгын таягийг тулдаг…” л гэнэ, “Үр хөвүүнийг үгээр хүмүүжүүлдэг…” л гэнэ, “Үгээр хүнийг ташуурддаг…” л гэнэ, “Үгээр хүний явдлыг засдаг…” л гэнэ, “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө…” л гэнэ, “Хүнийг үгээр эмчилдэг…” л гэнэ, “Хүнийг үгээр үхүүлдэг…” л гэнэ, “Үг бол ул мөр юм…” л гэнэ, “Үгэн дотор үг, үнхэлцэг дотор мах…” л гэнэ, “Үг өмхийрдөггүй, мах өмхийрдөг…” л гэнэ, “үгэн сум”, “үгэн бороо”, “үгэн мөндөр”, “үгэн санамж” л гэнэ, “Муу үг модон улаатай, сайн үг салаа ухаантай…” л гэнэ, “Үг алдвал барьж болдоггүй, үхэр алдвал барьж болдог…” л гэнэ, “Үг цуглуулбал ухаажна, үхэр цуглуулбал баяжна…” л гэнэ, “Үг бол зарц юм, үг бол харц юм” л гэнэ, “Аавын үг алт, ээжийн үг эрдэнэ” л гэнэ, “Үг хатуу ч явдалд тустай, эм гашуун ч биед тустай…” л гэлцэнэ. Энэ бүгд бол ерөөсөө л “Үгэнд амь буй”, “Үгэнд эрчим долгион буй”, “Үг хэллэг болгон утгатай, өнгө аястай…” гэдгийг л хэлээд байгаа зах зухын жишээ баримт, үгийг эзэмнэгчийн хуримтлуулсан туршлагаас үүдэлтэй оюун дүгнэлт юм. Бас төрийн шагналт зохиолч Дарма Батбаяр “Үг бол ухааны тэнгисийн эрэгт чулуудагдсан дун. Ямар нэгэн дунг чихэндээ барин чагнахад далай шуугих мэт сураг төдий чимээ сонсогддог. Үг бол ертөнцийн юмс, үзэгдлийг таньж мэдсэн бидний ойлголт, ухаарал, таамаг төсөөллийн сураг төдийхнийг хадгалсан дун мэт…” гэсэн нь “үг” болгонд амь буй гэдгийг хэлсэн сайхан уран санаа юм аа.
Жич, миний шавь доктор Д.Баттогтох “Үгийн ширэнгээр бэдрэхүй” (Уб., 2009) номынхоо “Үг хэлний тухай үгийн цэцэн билгээс” хэмээсэн “дагалдуулал үгэндээ” монгол хэлний “үг”-ийн тухай “үг”-ийг цуглуулж, жагсаан үзүүлсэн нь хожмын судалгаанд чухаг түүхий эд болсныг онцлон тэмдэглэе.
Аль ч хэлний үгс, түүний сан хөмрөг, хэлнүүд бие биедээ гараа сунгаж, уг хэллэгийн өглөг өгсөн байдал, ямарваа үг хэллэгийн хэрэглээ-соёлын талбарыг ажваас нэн сонирхолтой зүйл бол “Нэг үгийг нөгөө үгтэй эелдүүлэн найруулах ёсон” юм. Ямар үг ямар үгтэйгээ эвсэн холбогдож, ямар утгаар хэрэглэгдэх, ямар мэдлэг-мэдээллийг зөөвөрлөж тээвэрлэж, ямар амь амьдралтай явах нь их л нарийн учиртай, нийгэм-хэлшинжлэл, угсаа-хэлшинжлэл, сэтгэц-хэлшинжлэл, соёл-хэлшинжлэл, танихуйн хэлшинжлэл, хэрэглээний хэлшинжлэлийн талаас нь судалмаар, орон зай, цаг хугацаа, соёлын хандлагаас тайлбарламаар зүйл ажээ.
Тухайлбал, орчин цагийн монгол хэлэнд “шилний эмгэн”, “өвгөнтийн хөндийн өвгөн”, “траншааны хүүхэд”, “биеэ үнэлэгч охид”, “тархи угаадаг гишүүн”, “мөнгө хүүлэгч сайд”, “мөнгө босгодог дарга”…г.м. нийлэмж үг, хэлц үг 90-ээд оноос сонин хэвлэлийн хуудаснаа үзэгдэх, бичигдэх, хэлэгдэх болж, одоо хэн бүхний нүд дасаж, чих дөжирч, байдаг л нэг үг хэллэг шиг санагдах болсон төдийгүй монгол хэлний үгийн сан, хэлцийн сангийн үүд хаалга, хатавч хавиар холхилдож явахыг хэн ч тоохоо больж байгаа жишээтэй.
Орос хэлэнд л гэхэд, улс төрийн хүрээнд цэрэг дайны метафор өргөн хэрэглэгдэх болсноор “дайн”-тай нийлэмж үгсийн бай хүрээ тэлж, “война плакатов” (лоозонгийн дайн), “информационная война” (мэдээллийн дайн), “идеологическая война” (үзэл суртлын дайн), “листовочная война” (тараах хуудасны дайн), “алмазная война” (очир эрдэнийн дайн), “газовая война” (хийн дайн), “алюминиевая война” (хөнгөн цагааны дайн) г.м. нийлц шинээр үүсэж, “дайн” гэдэг бай хүрээтэй метафор загвар болсон байдгийг зарим эрдэмтэн ажиглаж тэмдэглэсэн байдаг билээ. Дээрх үгс “Нэг нь нөгөөтэйгөө яагаад, ямар учир зүйгээр холбогдож, ямар утгатай хэрэглэгдэх болсон бэ?” гэдэг бол танин мэдэхүйн хэлшинжлэлийн учир холбогдолтой зүйл юм. Монгол хэлний он оны шинэ үг хэллэг, түүний нийлэмж, ялангуяа метафор загваруудыг хэлшинжлэлийн шинэ урсгал чиглэлээс харж, тольчилж бүртгэн гаргавал үндэсний соёл, уламжлал, эх хэлний үгийн сангийн баяжилт, ой санамжид үнэлж баршгүй ач холбогдолтой ажил болох учиртай юм. Монгол улсын ардын уранзохиолч, авьяас билигт найрагч Т.Галсан багш “Мэдэхгүй хангал үг, мэдүүштэй монгол үг” (Уб., 2004) номынхоо “Үнэгний мөрийг бус, үгийн мөр мөшгөе!” гэдэг хэсэгт: “Баян монгол хэлний олон салаа утгатай үгийн нэг нь мөр. Монгол бичигт бол “мөр”, “мөрү”, “мөри” гэж салган, ялган бичдэг.
“Мөр” гэж бичсэн бол: амьтан хүн, араатан жигүүртэн, аалз шоргоолжны хөлнөөс хөрс шорооноо үлдэх ором.
“Мөрү” гэж байвал хүзүүнд ойр, дал, бугалга хоёрын уулзвар.
“Мөри” гэвэл аливаа тонгорог,хутга, балиус, сэлэм, илд, юлд зэрэг ирт мэсний мохоол тал гэж ялган ойлгогдож байв шүү. (5-р тал) гээд, харин шинэ үсэгт бол зөвхөн “мөр” гэж дуудлагаа дууриалган, гав ганцхан янз буулгасаар л…
Дээрх гурван зүйл мөрөөс гадна: номын мөр, чөтгөрийн мөр, гомдлын мөр, ажлын мөр, цагаан мөр, хар мөр, хүн мөр, үнэгний мөр, буяны мөр, жаргалын мөр, зовлонгийн мөр, эрдмийн мөр, бодмөр, ул мөр, цаасан дээрх мөр, цасан дээрх мөр, чилмий (мөр), утаан мөр, халуун мөр, тод мөр, налархай мөр, бор мөр, бүдэг мөр, замхарсан мөр, олдохгүй мөр, буруулсан мөр буюу мөр буруулах, алдарсан мөр, хөөсөн мөр, гаргасан мөр (мөр гаргах), огтолсон мөр, гээсэн мөр (мөр гээх), цусан мөр, хүргэсэн мөр, бичгийн мөр, шүлгийн мөр… г.м. дөчөөд “мөртэй нийлэмжийг” гаргаж тайлбарлаад: Хөх өвгөдийн минь мөр хоёр тивд бий, хүслийн жигүүрт дүү нэрийн мөр таван тивд бий, Цэрэндэлэгийн мөр мөсөн туйлд бий, Гүррагчаагийн мөр сансарт бий, миний мөр номдоо бий… гэж баримтжуулан дүгнэсэн нь сайн туршлага, өлгөөд авмаар санал сэдэл төдийгүй, өнөөгийн бидэнд үлгэр авмаар “үгийн мөр” болох жишээтэй.
Бид энэ бяцхан судалбартаа “Үгсийн дотроос энэ “үг” гэдэг үг өөрөө...” гэсэн гарчаг өгч, монгол хэлэн дэх тэрхүү “үг” гэдэг үгтэй нийлэмжүүдийн хэв маяг, амь амьдрал, эрчим долгион, соёл хэрэглээний талыг сүүлийн үеийн (90-ээд оноос хойшхи ч гэмээр юм уу даа… Б.П.) баримтад тулгуурлан сонирхож үзэв.
Ер, монгол хэлний хэдэн түмэн үг хэллэгийн дотроос зөвхөн тэр “үг” гэдэг үг өмнөө ямар ямар үгийг авч холбогдож захирч чаддаг, хойноо ямар ямар үгтэй эелдэн найрсаж өвөрмөц нийлэмжийг үүсгэдэг вэ? гээд үзэхүл их сонин. Үүнийг тооцоолох, ажиглах наад захын аргаар ч судалж болмоор санагдана. Наанадаж л аливаа ном зохиол, эмхтгэлийн эхний хуудсыг сөхөнгүүт л тийм ийм “үг” нэртэй зүйл тааралддаг. 90-ээд оноос өмнөх үе буюу хуучин тогтолцооны үед хэдэн мянгаар тоологдох тэр олон ном зохиолын эхэнд “өмнөх үг”, “өмнөтгөл үг”, “оршил”, “оршил үг”, “зохиогчийн үг”, “редакторын үг”, “эрхлэн нийтлэгчийн үг”, “ариутган шүүгчийн үг”, “хянан тохиолдуулагчийн үг” гэсэн маягийн, нэг хэвийндүү, журамласан, шугаман сэтгэлгээний илэрхийлэл гэмээр ихэвчлэн шууд утгаар хэрэглэгдсэн тийм цөөвтөрхөн үг хэллэг, нэртомьёо л тохиолддог, бичигддэг байлаа, энэ нь бас уламжлалтай байв.
Гэтэл 90-ээд он эхэлмэгц монгол хүний үг хэлэх эрх чөлөө нээгдээд, хэлний шугаман бус зүйл ч гаарч эхлэв, монгол хэлний “үг” гэдэг үгийн давтамж, хэрэглээ ч тоо цадигаа алдаж, “үг”-ийн чимгийн тодотголын мунхруулга, утга далдлах буюу илт өгүүлэх арга маяг ч үлэмж сонирхолтой болж, олон эшт үзлийг илэрхийлэх нэг тийм өнгө аяс, үнэлэмж, дагалдуулаад байгаа нь, бас заримдаа шугаман бус хачин хачин үг ба утгын нийлэмжийг үүсгэн, ямар ч тогтсон журамгүй явж байгаа нь ажиглагдах болов. Энэ сонин зүйлийг анзаарч нэг жимээр ч болов, судлах зорилгоор бид зохиолч, сэтгүүлч, багш, эрдэмтэн, нийтлэлч, орчуулагч, шүүмжлэгч, судлаач, улс төрийн зүтгэлтэн, эмч зэрэг 200-гаад хүний ном зохиол, хэвлэн нийтлэлийн “өмнөх үг”, “оршил”, “төгсгөл үг”, “тайлбар үг” маягийн зүйлсийг карталж, хэрэглээ, утга соёлын талаас нь судалбар хийж үзэв. Тухайлбал, үүнийг уламжлалт “үгэн зардас”-аас өгсүүлээд, ардын зохиолч, эрдэмтэн Л.Түдэвийн “үгэн бороо”, “үгэн мөндөр”, “гэзэг үг”, “сүүл үг”, ерөнхийлөгч асан Н.Багабандийн “титэм үг”, авьяас билигт зохиолч Д.Урианхай гуайн “өвгөн үг”, ардын зохиолч Т.Галсангийн “хангал үг”-ийг хүртэл олон арван жишээгээр төлөөлөл болгон, эхэлж болох юм.
Бидний судалгаандаа авч хэрэглэгдэхүүн болгосон “үгс” бол зөвхөн “ном зохиолын өмнөх үг”-ийг өдгөө цагт олон эшт үзлийн үүднээс нийгэм-соёлын хандлага ихээхэн өөрчлөгдөж, хүн үг яриагаа чөлөөтэй илэрхийлэх болсны зах зухын баримт, бүр заримдаа этгээд гажууд ч гэмээр тийм хувилбар нийлэмжүүдийн жишээ болно. Ийм учраас нэлээд уламжлалт байдлаар хэрэглэгддэг, тогтвортой, хэвшилтэй болсон “үнэн үг”, “зүйр үг”, “цэцэн үг”, “охь үг”, башир үг”, “хууч үг”, “онч үг”, “мэргэн үг”, “бэлгэ үг”, “уран үг”, “улиг үг”, “сүж үг”, “эгзэгтэй үг”, “их үг”, “сэнхрүүлэг үг”, “хатуу үг”, “битүү үг”, “чинжүү үг”, “зүхэл үг”, “давстай үг”, “нэрэлхүү үг”, “жороо үг”, “золбин үг”, “сул үг”, “ёргио үг”, “ёж үг”, “сувс үг”, “дэгс үг”, “егөө үг”, “Аймалжин эмгэний сургамж үг”, “Алангоо эхийн учирлал үг”, “Алаг эхнэрийн сэрэмж үг”, “Бөртэ үжиний гоморхол үг”, “Эртний хатдын эш үг”, “Мандухай хатны зарлиг үг”, “Эзэн Чингисийн цадиг үг”, “Эрэлхэг Сүхийн чин үг”, “Ри багшийн түншүүр үг”, “өнчин цагаан ботгоны үг”, “хоточ нохойн үг”, “орсон буурын үг”, “шаазангийн үг” … г.м.-ээс арай ялгаатай бөгөөд хэлсэн, бичсэн орон зай, цаг хугацаа, нийгэм-соёлын хандлага, эзэн-үйлдэгчийн харьцаа, зорилго, зориулалт нь өөр өөр тийм “үг” буюу “үг” гэдэг үгтэй нийлэмжүүд байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, монгол хэлний үгийн сан, хэлцийн сан, метафорын санг баяжуулж буй тийм шинэ нийлэмж, өвөрмөц “хувилбарууд” гэж үзэж болно. Ингээд “үг” гэдэг цөмтэй тийм сонин нийлэмжүүдээс хэдийг жагсаан харъя. Үүнд: “сөгдөж айлтгасан үг”, “хадаг үг”, “хашхирч айлтгасан хадаг үг”, “титэм үг”, “босго үг”, “номын үүд үг”, “номын үүдэн дарлагын үг”, “номд өргөсөн тахил үг”, “номын үүдийг сөхөх үг”, “сацал үг”, “тотго үг”, “өргөл үг”, “уялга үг”, “мялаалга үг”, “урьтал үг”, “учиг үг”, “сүүл үг”, “боолт үг”, “ном жаргаах үг”, “тайлал үг”, “эрхшээн соёрхогчийнүг”… г.м. өвөрмөц сонин бөгөөд тухайн ном зохиолын зохиогч эзэнд нь хандсан уу, номын агуулгад нь чиглүүлсэн үү, номыг уншигч нарт зориулсан уу, аль эсвэл өөрийн эерэг үнэлэмж, сэтгэлийн хөдөлгөөниийг гаргахад голлосон уу, бүр аль эсвэл өөрийгөө болон номыг хэвлэсэн компанийг лоббидох далд санаагаа шургуулсан уу, илт чамирхаж, үгээр илбэдсэн үү, уран сайхан шинэ хувилбарыг олж хэлсэн үү? г.м.-ээрээ ялгаа заагтай байгаа нь ажиглагдана. Номын “өмнөх үг”-ийг ажиглажээ явахад, бүр заримдаа ийм тийм “үг”-гэсэн хэвшмэл, нэг загвараас тойрч, маш сонин нэр-гарчаг өгч, “эхлэл” ба “өмнөтгөл” санаагаа хэлсэн нь ч байх.
Тухайлбал, “Хөнөөх биш, хөгжөөх зэвсгийн эзэн” (Сүрэнгийн Зэвсэгийн “Үзэг, цаас хоёр минь” номд 2010, Л.Түдэвийн бичсэн өмнөтгөл үг), “Буух зурвас бас хөөрөх зурвас” (доктор Я.Баатараас, зохиолч-судлаач Пүрэвхүүгийн Батхуягийн “Өнгөт ертөнц”, Уб., 2004 номд бичсэн өмнөх үг), “Уншигч танаа илгээх долоон зүйл тодотгол” (Зохиолч Дан.Нямаагаас Б.Пүрэв-Очирийн “Үг, өгүүлбэрийн амьдрал араншин, эрчим энерги, соёл хэрэглээ”, Уб., 2009, 7-р дэвтэр номд бичсэн өмнөх үг), “Нүглийн лекцийг нээх үг” (Яруу найрагч Н.Даваадашийн “Нүгэл судлалын лекц, Уб., 2009 номын өмнөтгөл), “Өмнөх үг буюу нүүдэл мэддэггүй шатрын аварга танаа” (доктор М.Саруул-Эрдэнийн “Сонирхолтой хэлшинжлэл”, Блүүмингтон, Индиана, 2006 номын оршил”, “Миний зөөлөн ай” (Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Хэсэг цагаан манан”, “Гэрэлтэх агшин бүр” яруу найргийн номын оршил үг, Уб., 2010.). “Харанхуй дундах зулын гэрэл” (Яруу найрагч, урлаг судлаач Ж.Саруулбуянгийн “Хэрлэн тэнүүн” эсээ-романд ардын зохиолч Ш.Сүрэнжавын бичсэн өмнөх өргөл үг, 2010), “Номоос үүтгэн өгүүлэхүй” (нэрт эрдэмтэн Л.Хүрэлбаатарын “Огторгуйн цагаан гарьд”, I, Уб., 1996 номд академич Базарын Ширэндэвийн бичсэн өмнөтгөл үг) г.м. Бас тэгээд номын өмнөх хуудсанд бичиж, өргөн барьсан “дурсгалын үг” ч сонин сайхан. Тухайлбал, яруу найрагч Тойсомын Галсан “Цагаан морин жил, бид хоёр”, ”Утгын мэргэдийг шинжихүй” (Уб., 2009) номоо надад дурсган барихдаа: “Дал” сониноор дам танилцсан, найз нөхдөөр нам танилцсан эрхэм нөхөрт өргөн баринам.” гэсэн “үг” бичсэн байдаг. Тэгэхлээр л үг,үг,үг…үнэхээр олон талтай яа.
Энэ мэт баримтыг ялангуяа урансайхны болон нийтлэлийн ном зохиолын “өмнөхөөс”, “төгсгөлөөс” бэлхнээ өдий төдийг дурдаж болох. Тийм тодорхой баримтуудыг нарийн ажиглавал, монгол хүн, ерөөсөө “үг” гэдэг “үг”-ийг маш өргөн утгаар ойлгож хэрэглэж ирсэн нь харагдаж байна. Чингэхдээ “хэлц үг”, “цэц мэргэн үг”, “тогтвортой нийлэмж үг”, бүр цаашлаад аливаа сэдэвт “яриа” болон “өгүүлбэр”-ийг ч “үг” л гэж ойлгож, ярьж бичсээр ирж. Үүний жишээ бол “үг хэлэх”, “үг зохиох”, “үг авах”, “үг бичих” г.м. нийлэмж болно. Монгол хүн “Үг хэлнэ”, “Үг айлдана”, “Үг бичнэ”, “Яриа хийнэ” гээд утга төгс, санаа төгс нэг өгүүлбэрээс эхлээд хэдэн арван “үг”-ийг холбон хэлдэг. Үүний цаана “үг хэлэх” гэдэг нь бүр эцэстээ “эх зохиох, бичих”-тэй ч холбогдоод явчихдаг. Тэгэхлээр монгол хэлний “үг” гэдэг үгийн цаана утга санаа, мэдлэг, мэдээлэл, харилцахуй, тайлбарлахуй г.м. олон зүйл салаа утга хадгалагдан байдаг гэж үзэж болмоор юм. Ингэхлээр бидний энэ өчүүхэн судалбарын сэдэв болгосон “Үгсийн дотроос энэ “үг” гэдэг үг өөрөө…” үнэхээр ид шидтэй юм. Нүүдэлчин монголчууд “эхлэл үг”-ийг ч бай, “төгсгөл үг”-ийг ч бай, ерөөс нөгөө “үг” гэдэг үгтэй нийлэмжүүдийг бүтээж хэрэглэх, эвсүүлэн найруулахдаа “мэргэн цэцэн”, “оновчтой тодорхой”, “утга төгөлдөр үүтгэл санаа”-г эрхэмлэж ирсэн уламжлалтай ажээ. XYIII-XIX зууны үеийн Монголын гүн ухаантан, зохист аялгууч Агвантүвдэн: “…эн тэргүүнд дуун ухаанд суралцсанаар үг ба утгын хувийг сайтар нээж, түүнээс утгын хувьд нь мэргэжвээс мөнхдөх, тасархайдахын эндүүрлийг арилгах…, дуун ухааныг мэдвээс утганд үл мунхрахын тул түүнийг өгүүлэгч бүхний суурь шүтээн болгохын дээр, зохист аялгууг мэдвээс үгийн чимгэнд үл мунхрах, эвсүүлэн найруулахыг мэдвээс шүлэгт үл мунхрах, илт өгүүлэхийг мэдвээс нэрэнд үл мунхрах…” гэж айлдсан байна. (Л.Хүрэлбаатар, “Огторгуйн цагаан гарьд”, II, Уб., 2008, 159-р тал). Тийм учраас ч академич Бямбын Ринчен нэгэн орчуулгынхаа “Өмнөтгөл үг”-нд:
“Монголчууд оновчтой бөгөөд хурц мэргэн үг хэллэгийг эрхэмлэн дээдэлж, хэлж ярих хэзээний дуртай болой. Дээр үеийн Аттик мужийн оршин суугчид цэцэн ухаанаа гайхуулж, аттикийн хужир үгсээрээ Европод алдаршсан лугаа адил манай ард түмэн ч давс хужир нь таарсан цэц мэргэн үг хэллэгийг үеийн үед хүндлэн дээдэлж ирсэн юм.” хэмээн бичсэн байдаг. (Цэвэгжавын Цэрэн: “Буурал өтгөс Ринчен мэхийн ёсолбай”, тэргүүн дэвтэр, Уб., 2005 номын “Соль острого слова монголов” гэдэг хэсэг: Монголы с давних времен любили и ценили живое и меткое слово, и если жители древней Аттики прославились в Европе своим остроумием-аттической солью, то во все времена монгольская соль острого слова была в почете у нашего народа…гэж бичсэн буй. )
Эцэст тэмдэглэхэд, миний бие 2005 онд хэвлүүлсэн “Монгол хэлний эхийн өгүүлбэрзүй”, 4-р дэвтэр хэмээх номдоо урансайхны болон сонин нийтлэлийн найруулга дахь “эхлэл үг”, “төгсгөл үг”, түүний найруулгын үүрэг, эелдүүлэн холбохын учир, уламжлал, шинэчлэлийн талаар тусгайлан авч үзсэн. Харин саяхан доктор М.Саруул-Эрдэнэ АНУ-ын Конгрессийн номын сангаас “Эрхшээн соёрхогчийн үг”, “Анхлан болгоогчийн үг”-ээс үүтгэн Монголчууд бидний анхаармаар олон зүйлийг сануулж сэнхрүүлж бичлээ. Бага гэлтгүй бодууштай сонин судалбар байна. Бид энэ удаагийн бичил судалбарт аливаа ном бүтээлийн “өмнөх үг”, “оршил үг”-ийн өнөөгийн нэрлэлт, түүний олон хувилбарт шинж, ялангуяа монгол хэлний үгсийн дотроос тэрхүү “үг” гэдэг үгийн амь амьдрал, эрчим долгион, соёл хэрэглээний талаар шинэ баримтад тулгуурласан судалгаа хийж үзэв. Чингэхэд нөгөө үгстэй эелдэн нийлэх чадамж, илтгэх олон янз утга, өөртөө татах чимгийн тодотгол, хам сэдвийн орчинд гаргах өнгө аяс, үзүүлэх үнэлэмж, нэрлэлтийнхээ шинж, онцлогоороо “үг” гэдэг үг өөрөө үнэхээр шороон түмэн “үгсийн түүчээ” буюу “хаан үг” болох нь харагдаж байна бус уу? Үгэнд ижилдвэл цэцэн, илдэнд ижилдвэл баатар гэдэг билээ…
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.