Jul 4, 2010
Өнөөдөр миний хэл уствал маргааш би үхнэ
Бичсэн М.Гэрэлтуяа
2010 оны 7-р сарын 01, Пүрэв гариг, 02:42
Цаг төр сэтгүүлээс
------------------
Энэ дугаарынхаа зочноор Монголын үндэсний номын сангийн захирал, орчуулагч, доктор профессор Г.Аким гуайг урьлаа. Эх хэл, бичиг, соёлын талаар түүнтэй ярилцлаа.
- Монгол хэлний зөв бичгийн алдаа мадаг хэрээс хэтэрлээ. Хүн болгон өөрийнхөө дураар бичиж байна гээд л маргаан гарч байна. Та энэ талаар ямар бодолтой байна?
- Ямар ч хэлэнд аман ба бичгийн хэл гэж байдаг. Бичгийн хэл гэдэг ярьж байгаагаараа бичихийн нэр биш. Яаж бичих ёстой вэ түүгээр нь л бичих учиртай. Харин ярианы хэл гэдэг хурдан ярих, цаг хугацаа хэмнэх, хурдан ойлголцох үүднээс зарим үсгийг хасаад товчлоод ярьчихдаг хэл. Энэ товчлолыг бичгийн хэлэнд хэрэглэж болохгүй. Ер нь хүмүүс яагаад буруу бичээд байна вэ гэхээр Ц.Дамдинсүрэн гуайн бичгийн дүрэм баримтлахад их хэцүү болохоор тэр. Сургуулийн хүүхдэд заагаад ойлгох нь байтугай заримдаа бид ч ойлгохгүй зүйлүүд байгаа. Хоёр хүн суулгаад цээж бичиг бичүүлэхэд хоёулаа л алдана. Яагаад гэхээр аль ч хэлний бичлэгэнд үгийн үндсийг эвддэггүй юм. Үндсэн дээр нь дагавараа заалгаад, эсвэл угтвар нэмээд явчихдаг. Гэтэл Ц.Дамдинсүрэн гуайн дүрмэнд үндсийг нь эвдэж, гээгдэх эгшиг, шилжих эгшиг гэсэн ойлгомжгүй зүйлүүд гарч ирдэг. Бичиж байтал нэг эгшиг алга болчихдог, эсвэл тээр хойшоо шидэгдчихдэг. Ингэхээр хүн ойлгоход хэцүү болчихож байна. Үг үсгийн тэр дүрмээр бичиж болохгүй үгнүүдэд хэрэглэх гаргалгаа гээч юм бас бий. Түүгээр бол тухайн үгнүүдэд тайлбар өгөөд тэгж бичнэ гээд заачихдаг. Тэгээд тэр гаргалгаа нь болохгүй болохоор нь дахиад гаргалгаа хийдэг. Ингэхээр энэ дүрэм хүн сурахад маш хэцүү. Зөв бичихэд ч хэцүү.
- Тэгвэл зөв бичгийн дүрмийг хэл шинжлэлийн эрдэмтэд нь хэлэлцээд, нэг мөр болгочихож болдоггүй юм уу?
- Д.Төмөртогоо академич үгийн үндсийг эвдэхгүй бичье гэсэн санал гаргаж, ном хэвлүүлсэн. Хэрвээ ингэх юм бол зөв бичгийн дүрмийн талаар ямар ч маргаан гарахгүй, гээгдэх болон шилжих эгшиг гэж байхгүй болж, холигдох солигдох юмгүй болно. Үүнийг Ренчин багш ч хэлж байсан. Д.Төмөртогоо 1970-аад оны сүүлчээр ярьж, нэлээд хэл аманд орооцолдон, үзэл суртлын хэлтсээр авч хэлэлцэгдэж байсан удаатай. Хуучин монгол бичгээ буцааж сэргээхгүй, шинэ үсгээрээ явна гэж байгаа бол дүрмийг ингэж шинэчлэхээс өөр арга байхгүй.
- Сүүлийн үед ярианы хэлээр бичдэг хэв маяг хүртэл дэлгэрчихэж. Ялангуяа залуучууд түүнийг их таашааж хүлээж авч байна?
- Би англи, орос хэлийг гадарлана. Энэ хоёрт л лав үг үсэг хэмнэж байгаа нь гээд хэлээ эрэмдэглэж байгааг мэдэхгүй юм байна. Хялбаршиж байгаа бүхэн мөхдөг нь жам. Хэл маань бүтэн байгаасай. Бүтэн хэлтэй байхын тулд монгол бичгээ аваасай. Крилл үсгийн дүрмэнд тийм байна гэхээсээ өмнө үндэсний бичиг соёлоо сэргээх хэрэгтэй л гэж бодож явдаг.
- Орчуулгын ном, кинонд авах юм алга. Дэндүү махчилсан, үгчилсэн байна гэсэн шүүмжлэлтэй санал нийлэх үү?
- Монголоор найруулахуйн ухаан гэж бий. Тэр ухааныг манайхан ерөөсөө тоодоггүй. Цаад орос, англи үгийг тэр чигээр нь хуулаад тавьчихаж байгаа юм. Зүй нь монгол найруулганд оруулах ёстой. Монгол найруулгаа мэдэхгүй болохоор чинь хэн ойлгох юм бэ. Телевизээр гарч байгаа кинонуудыг үзээд хэл найруулгынх нь алдааг тэмдэглээд шүүмж бичвэл бүтэн ном болно доо. Гэхдээ үүнд тэр орчуулагчдыг буруутгаад байж болохгүй. Дээд сургуульд сэтгүүлч болохоор суралцаж байгаа оюутнуудад найруулга зүйн хичээл яаж орж байна гэхээр нэг юм уу хагас жил ороод л хаачихаж байна. Найруулга зүйн хичээлийг сэтгүүлч болох хүнд нэгдүгээр курсээс нь төгстөл нь оруулах ёстой. Найруулга зүйн хичээлийг сэтгүүлч ч гэхгүй бүх салбарын хүмүүс эзэмших ёстой. Тооны багш тэр чиглэлээрээ ном бичиж байна. Дээд сургуульдаа монгол хэлний хичээл үзээгүй тооны багш 10-р ангийн монгол хэлний боловсролоор л ном бичиж байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр болох уу, чадах уу? Үг нийлж өгүүлбэр болдог ухааныг мэдэхгүй хүн яаж ном бичих юм бэ. Хүнд ойлгогдохгүй юм л хийнэ шүү дээ. Тэгэхээр найруулга зүйн хичээлийг их дээд сургуулийн бүх ангид үзэх ёстой.
- Манайхан хараалын үг их хэрэглэдэг болчихож. Гэхдээ арай зөөлөн, бүх хүн хүлээн зөвшөөрөхөөр хараалын үг байвал зүгээр юм болов уу гэсэн бодол төрдөг юм.
- Монголчууд хараалыг сайн зүйл гэж огт үздэггүй. Хараал байх нь байгаа. Түүнийгээ уурлаад хашгираад, бүр эцэстээ тулахаараа хэлдэг. Зүгээр ярьж байгаад л “чёрт” гэхгүй. Англиар “шет” гэдэг шиг, ярианы хараал гэж байхгүй. Харин хараавал хараасан шиг хараана. “Тоонон дээр чинь шувуу өндөглөж, тогоон дотор чинь нохой гөлөглө” гэдэг ч юмуу. Манайхан муухай хараалыг их цээрлэдэг. Өдөр тутмын хэлэнд “Яадаг тархи вэ, монш чинь” гэсэн үгнүүдийг хэрэглэнэ үү гэхээс биш чөтгөр шулмаар нь дуудаад байдаггүй.
- Ажил төрөл сайн уу, яаж байна гэхээр “Гайгүй ээ” гэж хариулдаг. Яг тодорхой зүйл хэлэхгүй байх шиг байдаг.
- Монголчууд их даруу. Тиймдээ ч ажил үйлсийг нь асуусан хүнд “Гайгүй ээ, дажгүй ээ, болж байна аа” гэж хариулдаг. Монгол хүн амны билгээр гэдэг. Гэхдээ түүнээс биш “Өө ёстой сайн. Би ч болгоод өглөө дөө” гэхчилэн онгирч, сагсуурдаггүй байлаа. Харин одоо хүн болгон од болчихсон. Нэг дуу дуулаад л од. Уул нь тийм байгаагүй шүү дээ. Саяхан телевиз үзэж суутал нэг залуу “Би нэг ая барья” гэлээ. Ая барина гэдэг их том хүндэтгэл. Тэр дуучныг хүндэлж байгаа хүн “Та нэг ая барьж өгнө үү” гэхээр “Би нэг дуулъя” л гэх учиртай. Одоо бол хүндэтгэлийн буюу ерөөлийн үг, жирийн үг, хараалын үг гурав ялгагдахаа больчихжээ.
- Нэг хэсэг хуучин монгол бичгийг төрийн бичиг болгоно гэж яриа гараад, нэгдүгээр ангиас нь зааж байгаад больсон. Латин үсэг хүртэл хэрэглэдэг больё гээд л байсан даа?
- Би бол монгол бичгээ төрийн бичиг болгохсон гэж бодож явдаг хүн. Хэрвээ монгол бичгээ төрийн бичиг болгочих юм бол зөв бичлээ, буруу байна гэх яриа гарахгүй болно. Нэг л сурчих юм бол төөрч будилаад байх юмгүй.
Монгол бичиг хүний оюуныг задалдаг. Хүүхэд “имага” гэж бичээд “ямаа” гэж унших явцдаа сэтгэн бодох чадвар нь хөгждөг. Ингэж бичигддэг асар олон үг бий. Хүний оюун сэтгэхүйг сайжруулж, юм бодуулж чаддаг энэ бичгийг л бид авах ёстой. Монгол бичиг сурсан хүүхэд крилл үсгийг багшаар заалгахгүй өөрөө сурчихдаг. Тэгээд ч энэ бичиг үсэг манай өвөг дээдсийн мянган жил хэрэглэж ирсэн бичиг. Бүүр наахнуур хэлэх юм бол Чингисээс эхлээд 800 гаруй жилийн түүхтэй. Түүнээс өмнө монголын олон овог аймгуудын цөөн боловч хэсэг нь энэ бичгийг хэрэглэж байсан. Монгол гэдэг төрхөө алдахгүй байя гэвэл монгол бичгээ авах нь зүйтэй. “Болооштээ” гэдэг ч юм уу хэлээ хазаж ярьж, бичиж хэл эвдрэхийн аргагүй болно. Бид монгол хэлтэйгээ байя гэвэл монгол бичигтэйгээ байх ёстой. ЮНЕСКО-гоос гаргасан мөхөж байгаа хэлний тоонд монгол хэл орчихсон байгаа. Хэл мөхнө гэдэг цөөн хүн ярьж байгаадаа бус хэл нь эвдэрснээс үүддэг. 70-аад жил орос үг хэллэг хүч түрж байсан бол одоо англи хэл орж ирлээ. В.И.Ленин орос хэлийг ариун байлгах, аль болох гадаад үг хэллэг ашиглахгүй байх талаар бичсэн байдаг. Тэгвэл манай төрийн тэргүүнүүд тэр талаар яагаад нэг юм биччихэж болдоггүй юм бол?
Баруунаас нь зүүн тийш, зүүнээс нь баруун тийш бичдэг бичгүүд байдаг. Харин монгол бичиг бол дээрээс нь доош нь бичдэг. Энэ бол монголчуудын өвөрмөцөөр сэтгэж бий болгосон бичиг. Уг гарал нь гэвэл согд, армен бичиг. Согд армен үсгээс улс орнууд өөрсдийнхөө хэлний онцлогт тохируулж крилл, араб, уйгар болгож авсан. Манай өвөг дээдэс доошоо бичдэг тэр хэлбэрийг нь сонгож аваад авиа зүй, аялгуунд тааруулж боловсруулаад авсан хамгийн төгс бичиг. Англи хэл, бичгийг төгс бус гэж хэлэхийн арга байхгүй. Яаж бичээд яаж уншдаг билээ. Түүнтэй яг адил. Заавал крилл үсэгт оруулж, ярианд ойртуулна гэдэг бол бичгийн хэлээ эвдээд, улмаар ярианыхаа хэлийг эвдэж байгаа хэрэг. Тиймээс монгол бичгээ л эргүүлж авмаар санагддаг. Саяхан Ч.Куланда сайд дээр монгол бичгийн хэдэн мэргэжилтэн орж ярилцсан.
Би бол нэгдүгээр ангиас нь монгол бичгээ зааж, цаашид төрийн бичиг болгоё гэсэн хүсэлтэй байгаа. Харин зарим нь гуравдугаар ангиас нь үзье л гээд байгаа. Бүр хойш нь шидээд долдугаар ангиас нь заая ч гэдэг.
Хойтон жил эргээд энэ тухай яриад суух юм уу бүү мэд. Уул нь тэгж болохгүй. Саяхан латин үсэг авах талаар яригдаад л байсан. Латин үсэг авсан орнууд хөгжиж байна гэж тайлбарлаад байгааг ойлгодоггүй юм.
- Бичихээрээ нэг янз болоод уншихаараа өөрөөр дуудаад байгаа болохоор монгол бичиг сурахад хэцүү юм биш үү.
- Орос үсгийг чинь 1940-өөд онд нэг тушаал гараад л гэнэтхэн дугуйлан энэ тэрээр заагаад л сурчихсан. Үүн шиг бид гэнэтхэн шийд гаргаад монгол бичгээ дугуйлангаар сургачихаж болно. Их л үсэрвэл бид долоо хоногт уншиж, хоёр сарын дотор бичиж сурна. Гэтэл япон хэлийг сурахын тулд дор хаяж 4000 ханз цээжилж байж арай гэж нэг юм сонин уншихын дайтай болж байна. Япончууд энэ их төвөгтэй юм үүнийг хэрэглэхээ болъё гэж хэлэхгүй л байгаа биз дээ. Монгол бичиг хорь хүрэхгүй үсэгтэй шүү дээ. Арван хэдхэн үсэг цээжлээд хэрэглэнэ гэхээр залхуураад байгаа нь сонин. Социализмын үед манайхан бүх зүйлээ хэлэн дээрээ тавиулаад сурчихсан. Өөрөө ажиллаж, хөл гараа хөдөлгөж байж, эсвэл толгойгоо ажиллуулж байж юманд хүрнэ гэсэн ойлголт байхгүй. Монгол бичиг сурч чадахгүй гээд байгаа нь тархины залхуурал. Манай ач нэгдүгээр ангиасаа дөрөв хүртлээ монгол бичиг заалгаж байсан. Нэгдүгээр ангийнхаа хоёрдугаар улирал гэхэд энэ ямар үсэг вэ гэж эмээ өвөөгөөсөө асуусаар байгаад крилл үсэг сурсан. Ямар ч багшийн туслалцаагүйгээр. Тэгэхээр монгол бичиг хүний оюун ухааныг задалдаг гэдэг нь батлагдаж байгаа юм. Яахаараа үндэснийхээ соёлыг хажиглаад байдгийг би ойлгодоггүй.
Гэтэл Израйль 1946 онд тусгаар тогтносон улс болохдоо 1000 гаруй жилийн өмнө еврей нар тараад алга болоход л хэрэглэгдэхээ больсон тэр бичгээ сэргээсэн. Еврей нар энэ бичиг сурахад хэцүү байна, латин үсэг авъя гэж хэлээгүй. Би нэрийн хуудсаа монгол бичгээр хийлгэдэг. Үүнийгээ гадаадын хүмүүст өгөхөөр “Ямар гоё юм бэ? Наадахыг чинь сувинер болгоод хадгалчихъя. Та нар яагаад энэ бичгээ хэрэглэдэггүй юм бэ? Ардчилалд орчихсон хэрнээ үндэснийхээ бичгийг яагаад сэргээдэггүй юм бэ” гэхээр нь үнэндээ ичдэг. Ичихээс өөр яах юм бэ? Социализмын үед монгол дээл өмссөн хүнийг үндсэрхэг үзэл гаргаж байна гэдэг байлаа. Тэр нь хүмүүсийн сэтгэлд одоо ч үлдчихэж. Хуучин бол орос гээд л оросыг дуурайдаг байсан, одоо харин барууныг дуурайж байна. Үндэстэн гэдэг бол үндэснийхээ хэл, соёл, түүх, нутаг дэвсгэрээ хадгалж чадаж байж л үндэстэн нэрээ авч үлдэнэ. Расул Гамзатов “Өнөөдөр миний хэл уствал маргааш би үхнэ” гэж хэлсэн байдаг. Аливаа угсаатны хэл гэдэг тэр угсаатныг илэрхийлж, бусдаас ялгаруулж өгч байдаг гол зүйл. Хэл сэтгэхүй хоёр холбоотой. Сэтгэснээ хэлээр, хэлж байгаагаа үсгээр илэрхийлдэг. Хялбаршиж байгаа бүхэн мөхдөг
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.