Jul 9, 2010

Уйтгар гуниг төрүүлдэг зүйлс С-М

Оюутан насандаа солонгос хэлнээс орчуулсан зохиол.
Одоо бодоход бас л зоригтой байж дээ.
------------------------------------------------

Уйтгар гуниг төрүүлдэг зүйлс
Антон Синак (Герман)

Уйлж байгаа хүүхдүүд бидэнд уйтгар гуниг төрүүлдэг.
Цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн буланд үхсэн хэвтэх шувуун дээр
намар эртийн нарны дулаан туяа тусах үед.
Ер нь намар бидэнд гуниг төрүүлдэг.
Ерөөс тэгээд намрын зэврүүн бороо орж санагалзсан хүний маань мөрийг баллаад
орь ганцаар цагийг өнгөрөөх болсон үед.

Эзэнгүй хоосон үлдсэн эртний хааны ордон.
Элэгдэж хуучирсан хана, хаа нэг хаалганы баганын хатаж хорчийсон модон дээрх тайлж уншихад бэрх бичгийг харах үед.

Тэнгэрт хальсан аавын минь “Хайрт хүү минь, чиний зан байдал чамгүй олон шөнийн нойрыг минь хулжаасан сан...” гэж бичсэн захидлыг тэртээ хойно санамсаргүй олж уншихад.
Ер нь тэр үед зан байдал минь ямар байсан билээ?
Хааяа нэг хэлдэг байсан худал үг, бас хүүхдийн гэнэн үйлдэл.
Одоо нэгэнт тэр олон гэм бурууг ой тойноосоо сэргээхэд бэрх.
Гэсэн хэдий ч аргагүй энэ бүхэн аавын санааг зовоодог байжээ.

Амьтаны хүрээлэнгийн торонд хоригдсон барын төрх бас гуниг төрүүлнэ.
Цаг үргэлж тэрээр төмөр сараалж даган цааш нааш холхино.
Аймшигт уур хилэнгийн дөл нүдэнд нь гэрэлтэнэ.
Зүрх шимшрэм архирах дуу, цөхөрч гүйцсэн хөл, галзуурсан мэт амьсгаа.
Энэ бүхэн эрхгүй биднийг гунигт автуулна.

Филдерлиний зах, Айхендорфын аяз.

Сурагч ахуй насны андаа сураглаж гэрт нь очих үед.
Өлийж харахуйц өндөр тушаалтан, магадгүй өвөр дүүрэн мөнгөтэй үйлдвэрийн эзэн болчихоод биднийг уйтгар шингэсэн үгтэй урагш муутай шүлэгчээс хэтэрсэнгүй гээд урагш гараа сунгах хэдий ч урьдын явдлыг санахыг ч хүсэхгүй байгаа мэт харагдах үед.

Гөрөөчний бууны амны өмнө амьд тавьж буй бугын харц.
Мэлрэг цэцгийн үнэр. Энэ л цэцгийн үнэр цонхныхоо өмнө
цор ганц хөгшин модтой төрсөн нутгийг минь бодогдуулна.

Цэцэрлэгээс уянгалах хөгжмийн намуун аялгуу.
Зүүд мөрөөдөл мэт зуны сайхан шөнө элсэн ширхэгийг зөөлөн гишгэлж зөрөн өнгөрөх хүний хөлийн чимээ сонсогдон, цовоо цолгиун инээд чихийг гижигдэх боловч нэгэнт та арав дахь хоногтоо нэгэн эмнэлгийн дүнсгэр өрөөнд энэлж хэвтэх тэр үед.

Хурдлан давхих галт тэрэг ч бас бидний сэтгэлд уйтгарын мөр үлдээнэ.
Харанхуй шөнө нөмрөн ирэх үес гэрэлтэй цонхнууд хий үзэгдлүүд мэт шуугин өнгөрч
хэн нэгэн хөөрхөн бүсгүйн царай цонхны дэргэд үл мэдэг инээмсэглэх үед.
Тансаг сүрлэг багт наадамд буцан ирэх үед.
Төлөөлөгч ноёдын лекцийн түүврийг унших үед.
Өглөөний зөөлөн агаар борооны бяцхан дуслаар тоглон наадах үед.

Нийтийн оршуулгын газрын дэргэдүүд өнгөрөх үед.
Гэнэт “Энд 15 насандаа хорвоог орхисон Клара охин нойрсож буй.” гэж бичсэн
булшны чулуун дээр бичээсийг унших үед.
Хөөрхий тэр охин хүүхэд насны үй зайгүй найзуудын минь нэг байсан сан.

Өдөр болгон нэг л хэвийн хотын байшин, сонирхол үл татах хожуул харж урсах хар горхины ус.
Багш нарын тухай баялаг дурсамж. Тооны сурах бичиг.

Урт хугацааны турш хайртаас маань захиа ирээгүй үед.
Өвдөж зовсон юм болов уу?
Үгүй бол түүний захиа өөр залуугийн гарт ороод хайр сэтгэл, хүсэл мөрөөдлөөр бялхсан үгс доог тохуу болон уншигдаж байгаа юм биш биз?
Эсвэл түүний сэтгэл чулуу шиг цэв хүйтэн болж хатуурчихсан юм уу?
Тиймгүй бол хаврын урьхан өдөр хэн нэгэн өөр эртэй хөөрч баясан зугаалж байгаа юм болов уу?

Анхны аяллын замд аль нэг дэн буудалд ганцаардаж өнгөрөөсөн шөнө.
Горхи шоржигнох дуу.
Хажуу өрөөний хаалга онгойж шивнэлдэх чимээ сонсогдон, хуучирч гүйцсэн цаг шөнийн нэг цагийг бүдэгхэн цохиж мэдэгдэх үед.
Энэ үед эрхгүй танд гуниг мэдрэгдэнэ.

Тэнгэрт нисэж байгаа ганц хөх дэглий.
Ургац хураалтын дараах хов хоосон талбай.
Согтож хөлчүүрсэн эмэгтэйн төрх.
Бага насаа өнгөрөөсөн төрсөн тосгондоо олон жилийн дараа очих тэр үед.
Таних хүн нэг ч байхгүй, тоглож наадаж явсан талбайд тань том сүрлэг байшингууд эгнэн сүндэрлэж, амьдарч байсан байшингаас тань танихгүй царай таныг гайхан ширтэж,
ханхүү мэт үзэсгэлэнтэй байсан хуайс модот ой хэдийнээ хүний гараар үгүй болсон байх
тэр үед бас л бидэнд харуусал гуниг төрнө.
Гэвч ингээд л дуусна гэж үү? Үгүй.

Зуны сарын оршуулах ёслол.
Ядуу авгайн нулимс. Ихэмсэг бардам хүн. Улаан, хар өнгө.
Удаан жингэнэх хонх хэнгэрэгний дуу. Хийлийн чавхдас.
Намрын талбайд дуниартах утаа.
Уулын жим дээр унасан тагтааны өд.
Суудлын машинд тухлан суусан хангалуун амьдралтай эхнэрийн хариугүй хавчиг мөр.
Явуулын театрын жүжигчин эмэгтэйчүүд.
Олсноос гурав дахиа ойчсон алиалагч. Дээвэр дээр дуслах борооны чимээ.
Амралтын сүүлчийн өдөр.
Албан тасалгаанд овоорсон бичиг баримт онгичих залуу бүсгүйн турьхан хуруу.
Тэргэл сартай шөнө. Нохой хуцах дуу.
Өлсгөлөн хүүхдийн дүр төрх.
“Нарсанд” торны цаанаас харагдах хоригдлын цонхигор царай.
Саглагар модны мөчир дээгүүр хаялан буух цасан ширхэг.
Энэ бүхэн эгээ л бидний сэтгэлд гунигийн хар сүүдэр тусгадаг билээ.

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...