http://www.otgonpurew.com/2009/03/blog-post.html
Огоогийн блогоос
------------------------
Tuesday, March 03, 2009
БизНетворк дээр Номны орчуулга бүлэгт бичиж байсан зүйлсээ дахиад тавьчихлаа. Хэрэг болох нэгэнд нь хэрэг болж юу магад.
...Гэхдээ анх World is flat-ийг орчуулахаар болчихоод Баабар ахтай уулзаж байхад өгсөн зөвлөгөөг мөн өөрийн олж мэдсэн зүйлстэй холбоод ерөнхийд нь бичвэл:
Ном орчуулна гэдэг бол мөнгө олох ажил биш. Манай хүн ам өөрөө хэд билээ, үүнээс хэд нь байнга ном уншдаг билээ, гэтэл зэрэгцээд манайд ном сэтгүүлийн нэгдсэн хяналт байхгүй болохоор үг үсэг холбож чаддаг болгон ном бичнэ. Болсон болоогүй, зөв буруу, энд тэндээс хуулсан орчуулсан янз бүрийн л юм байна. Энэ бүгдээс ялгарч гарах ном бүтээнэ гэдэг маань өөрөө хөөрхөн ажил болно. Монголд хамгийн ашигтай гүйдэг гурван л янзын ном байна. Үүнд:
1. Баяжих арга ухааны ном
2. Англи (ер нь аливаа) хэлний ном
3. Шашны ном.
Надад яг тооцоолчихсон тоо баримт байхгүй ч Баабар ахын хэлсэн мөн зүгээр л номын дэлгүүрийн лангуун дээр харагддаг дүр зургаас дүгнэхэд ингэж л санагдсан.
Бас Монгол хэлээр ном уншдаг газар Монголоос өөр бараг байхгүй гэж болно. Өвөр Монголчуудыг би лав учиргүй кириллээр ном уншаад байдаг гэж бодохгүй байна. Гадаадад байгаа 200 мянга орчим монголчуудыг потенциальны хэрэглэгч гэж тооцож болох боловч нэгдүгээрт хэрэв орчуулгын ном хийж байгаа бол эдгээр хэрэглэгчид нь уг номыг эх хэлээр нь аваад уншчихсан байх магадлалтай, хоёрдугаар тээвэр энэ тэр гэсэн элдэв зардлыг нь тооцвол гадаад руу ном гаргах нь өөрөө буяны ажил маягийн л зүйл болох байх.
Номыг мөнгөн ашиг талаас нь бус харин уг номон дээр гарсан утга агуулгыг нийтэд түгээж өөртөө ч нэр хүнд олно гэдэг талаас нь харж үзвэл орчуулгын ажил байх боломжтой. Гэхдээ энэ нөхцөлд уг номыг утга агуулгад нь нийцүүлэн сайтар сонгох мөн гайгүй сайн маркетинг хийж олон хүний анхаарлыг татах хэрэгтэй болов уу. Уран зохиолын ном төдий бол олны анхаарлыг тэгтлээ татаад байх нь юу л бол. Угаасаа манай нийгэмд уран зохиолын ном тун ч хэцүүхэн байр суурьтай болсон юм шиг санагддаг. Харин нийгэмд шинэ санаа шинэ сэдэл өгөхүйц олны анхаарлыг татсан ном бол байж болох юм. (Мэдээж хэрэг уран зохиолын ном нийгэмд хэрэгтэй л дээ. Гэхдээ хүмүүст хүргэх гээд зарцуулж буй цаг заваа тооцож үзвэл арай өөр ном сонгосон нь дээр байж магадгүй)
Бас тодорхой хүрээнд баригдсан ном орчуулахад хүндрэлтэй байж магадгүй юм шиг надад санагддаг. Жишээлбэл МТ-ийн мэргэжилтнүүд ихэнх нь өөрсдөө Англи хэлтэй, мөн интернетээс хүссэн номныхоо электрон хувилбарыг олоод авчих боломжтой учир хэрэв олон хүнд хүргэе гэж бодож байгаа бол тодорхой мэргэжлийн хүрээнд баригдаж ном бүтээх нь амжилт олохгүй байж магадгүй. Дээрээс нь тухайн салбарын үг хэллэг Монголоор бүрэн орчуулагдахад хэцүү бол олон гадаад үг орсон орчуулга кириллээр бичсэн гадаад ном шиг л харагдах байх.
Орчуулга гэдэг маань өөрөө чөмөг ширгээсэн ажил гэж Наранбаяр анд маань нэгэнтээ бичсэн байсан. Зөвхөн эх зохиолын нэг өгүүлбэрийг компьютерийн компилятор эх кодоос машины хэл рүү автоматаар буулгаж байгаа юм шиг амьгүй зүйл хийнэ гэдэг том алдаа. Өгүүлбэр бүрийг орчуулахдаа контекстэд нь баригдаж ядаж ойр хавийнх нь хэдэн хуудсыг уншсан байж байж буулгахгүй бол зохиогчийн уг өгүүлбэрийг бичсэн санаа оноо уншигч бүрт ойлгомжтой хүрч чадахгүй байх магадлалтай. Аавын маань захидаг үг болох чиний нэр уг бүтээл дээр хэвлэгдээд л гарсан бол насан туршид чинь сайн бол сайн, муу бол муу орчуулагч/зохиолч гэсэн тамга чамайг дагалдаж явах болно гэдгийг сайтар анхаарч үг үсэг бүрээ няхуур, чамбай бичих шаардлагатай. Мөн эх зохиол дээр гарч буй оноосон нэрс, үг хэллэг зэрэг зүйлсийг хэд хэдэн эх сурвалжаас сайтар харьцуулж ойлгож орчуулга дээрээ үүнийг тайлбарлан хэрэгтэй газар нь зүүлт (footnote) оруулж байж гайгүй орчуулга гарах болов уу.
За тэгэхээр яг одоогоор санаанд орсон зүйлс гэвэл энэ л байна. Шуудхан л ийм ном орчуул тийм ном орчуул гэж зөвлөөд байх зүйл надад алга. Би өөрөө ч учиргүй их бичгийн хүн болчихож амжаагүй байгаа учир бусдыг сургахад арай эрт байх шиг байна. Юутай ч номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Posted by М.Огоо at 11:15 AM
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.