Jul 13, 2010

Монгол хүний ам нээх “За,”-гаас андгай тангарагийн “За.” хүртэл…

http://ehhelbichig.wordpress.com/ блогоос
-----------------------------------------

Posted on 2010/06/23 by NAMLAST

Б.Пүрэв-Очир
МУБИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор,
Шинжлэх ухааны доктор, профессор


Бидний монголчууд, эх хэлээрээ харилцаж, нэвтрэлцэхдээ “Зэ ~ За”-г санамсартай, санамсаргүй, болзмол, эс болзмол байдлаар дотоод, гадаад яриандаа үлэмж олон янзаар хэрэглэсээр ирсэн уламжлалтай байна. Тэгэхлээр монгол хүний ярианы ба бичгийн хэлэнд ам нээж, амьсгал түрдэг тэрхүү “За,”-гаас андгай тангараг тавьж, зөвшөөрч баталдаг “За.”-г хүртэлх энэхүү бяцхан сэдвийг хэлэхүйн түвшин дэх уялдаа ярианы орон зай, цаг хугацаа, тоо чанар, хэлэх өгүүлэхүйн зорилго, шалтгаан, үйл ба үйлийн эзний харьцаа, өгүүлэгч ба сонсогчийн хандлага, үнэлэмж, сэтгэлийн хөдөлгөөн, аялга баймжийн үргэлжлэх байдал хийгээд тасрах мөчлөгт шүтүүлэн, сэтгэц- хэлшинжлэл, угсаа – хэлшинжлэл, нийгэм – хэлшинжлэл, бүтэц – байрлалын хэлшинжлэл, хэрэглээний хэлшинжлэлийн талаас нь яльгүй тодруулан судалбал монгол хэлний өгүүлбэр судлал, эх судлалд далайд дусал нэмэр санаа тайлбар хэлж болох мэт санагдав.

Монгол хэлшинжээч нар ч найруулгын зарим төрөлд идэвхтэй, бүтээлч хэрэглэгддэг энэхүү “Зэ ~ За”-г судалгааны бүтээлүүддээ анзаарч, янз бүрийн нэртомьёогоор нэрлэж, тэмдэглэж иржээ. Тухайлбал, эргэлзэх сул үг (В.Л.Котвич, Н.Поппе, Алексей Бобровников); зөвшөөрөх сул үг (Ш.Лувсанвандан, Э.Вандуй); таамаглах сул үг (Я.Шмидт); аялга үг (Александр Бобровников); сайшаах сул үг (Б.Х.Тодаева); даган зөвшөөрөх аялга үг (Я.Цэвэл); андгай тангараг үг (Б.Ринчен); зөвшөөрөх утгат баймж үг (Ю.Мөнх-Амгалан,); ам нээдэг аялга үг-өгүүлбэр (Б.Пүрэв-Очир), зөвших өгүүлбэр (М.Базаррагчаа); андгай тангарагтай дүйх цогц хэлц өгүүлбэр (Д.Заяабаатар) г.м.-ээр үзэж иржээ. Эндээс харахад, зарим судлаач үүргээс нь, зарим судлаач байрлалаас нь, бас зарим судлаач утгаас нь, нөгөө зарим нь хэрэглээний учир холбогдлоос нь сонирхож ирсэн байна.

Ярианы хэлний болон бичгийн хэлний баримтыг ажваас, янз бүрийн орон зайд эмх цэгцтэй болон эмх цэгцгүй хэрэглэгддэг , цаг хугацааны талаасаа өгүүлбэр, цогцолбор, эх зэрэг төгс нэгжийн өнгөн бүтцийн хувиргалтай холбоотой, чанарын хувьд хэлийг хүртэн хүлээж авагчийн хувь шинж, хэлний хэрэглээний утгатай холбоо бүхий, хэлбэр- бүтцийн хувьд хэд хэдэн янз, хэлний хөдлөнги ба зогсонги талд хамаатай, өгүүлэгч ба сонсогчийн хандлага, үнэлэмж, сэтгэл хөдлөл, өнгө аяс, баймж г.м. хийсвэр шинжүүдтэй нөхцөлдөж илэрч хэрэглэгддэг хэд хэдэн “зэ ~ за”-г монгол хүн олон янзаар хэрэглэдэг нь сонин байна. Юуны өмнө эдгээрийн нэг болох “Монгол хүний ам нээх үг – “Зэ ~ За,”-г яльгүй тодруулан авч үзье.

Монголчууд “Ам нээвэл уушги нээнэ” гэж ярьдаг. Тэгэхлээр аливаа улс үндэстэнд, дэлхийн олон хэлтэнд “ам нээх авиа” болон “уушги нээх үг”-ийн тухай ойлголт нэгэн адил байдаг аж. Монгол хэлшинжлэлд хэлний дохио, тэмдгийн онолын үүднээс, хэлний авиа болон авиалбарыг тодорхойлох, гийгүүлэгч ба эгшиг фонемийн тусгай, ялгарах шинжүүдийг гаргахдаа уушгинаас гарах хийн урсгал хийгээд амьсгалын түрэлт, үглэхийн эрхтнүүдийн оролцоо, авианы хүчлэл г.м. асуудалтай холбодог.
Дэлхий дээр өдгөө 3000 гаруй амьд хэл бий гэсэн тооцоо байна. Дэлхийн олон хэлтний өвөр зуураа харилцан нэвтрэлцэж, төгс өгүүлбэр, цогцолбор, мөчлөг, эхийг бүтээхдээ хэрэглэдэг “ам нээх авиа” болон “уушги нээх үг” нь онд ондоо байдаг бололтой. Тухайлбал, Орос хэлэнд “ну,”, “это самое,” гэх зэрэг сул үг, аялга үгийг гол төлөв хэрэглэж, ярианы эхлэл ба холбоог тавьдаг байхад, англи хэлэнд “well,” гэсэн сул бүрэлдэхүүн, өгүүлэгч ба сонсогчийг холбоонд оруулах үгийг олонт хэрэглэж, “ам нээдэг” байна. Тэгвэл, япон хэлээр хүмүүс харилцаж нэвтрэлцэхдээ ano, г.м. үгсийг илүү давтамжтай хэрэглэж, ам нээдэг бол, хятад хүмүүс харилцан нэвтрэлцэхдээ na, name, zhame, … г.м. сул үгсээр яригч ба сонсогчийн харьцааг илэрхийлж, ам нээж холбодог ажээ.

Хэлний баримт хэрэглэгдэхүүн дээр нарийн ажиглалт судалгаа хийж үзвэл, монгол хүний “ам нээх авиа”, “уушги нээх үг” нь “Зэ ~ За,”-тай ямар нэг учир холбоотой гэж үзэх үндэс байна. Үүнийг ерийн ажиглах ба тооцоолох, харьцуулах аргаар судалж болмоор санагдана. Жирийн малчин нүүдэлчнээс эхлээд суурин иргэншлийн хүмүүс, гадаад хэлний боловсролтой хүмүүс хүртэл, долоо найман настай балчраас дал наян настай өтгөс буурлууд, төрийн хар хүн хүртэл ярих хэлэх, харилцаж нэвтрэлцэх, бичиж сонсгох зүйлээ “Зэ ~ За,”-гаар ихэвчлэн эхэлж, “ам нээдэг” ба амьд яриаг холбоонд оруулдаг нь сонин зүй тогтол юм. Гэтэл харин,

-Раа, ажлаа эхэлье.
-Даа, сайхан хаваржиж байна уу?
-Чаа, өнөөдрийн хурал өндөрлөж байна.
-Каа, ээждээ нэг сайхан бэлэг бэлдье.
-Лаа, миний хүү сайн сураарай. г.м.-ээр раа, даа, чаа, каа, лаа-гаар “ам нээж” харилцаж нэвтрэлцэж, яриаг эхэлдэг ёсон байдаггүй нь хачин юм.

Монгол хэлний “зэ ~ за”-гаар “ам нээх”-ийн учир холбогдол хийгээд хэлний утга соёл, хэрэглээний энэ онцлогт хамааруулж хэд гурван жишээ татаж харъя.

(А) –За, сайхан хаваржиж байна уу?
–За, нэг сайхан кино үзье.
–За, ингээд даалгавраа хийчихлээ.
–За, нэг сайхан амаръя.
–За, маргааш ямар өдөр болох бол?
–За, найздаа нэг мэндчилгээ явуулъя.
–За, нэг сайхан хоол хийе. г.м. (ярианы хэлнээс);
(Б) –За, дүү нар минь, нээрээ ч нэг малчин хэчнээн баян, мөнгөтэй байгаад энэ гэрлийг чинь малчны гэрт авчирч чадахгүй байжээ. Одоо аймаг, сум, нэгдэл, бригадын төв байтугай малчны гэрт орж ирээд байна гэж Сэрээнэн гуай хэлэв. (Л.Ванган, “Жож Сэрээнэн” өгүүллэгээс);
(В) Тамгын газар. Гэрт Аюуш, Довчин хоёрыг оруулж ирнэ. Аюуш гартаа гавтай, хөлдөө дөнгөтэй. Бэгз мээрэн, Довчингийн нүүр рүү жижиг чулууг чавх шиг нясалж:
–За, чи муу нохойн гөлөг, бас тоть шиг хүн дуурайж, дагах санаатай. Энийг аваад гар! Банзад! Хэмээн хуягт тушааж, Аюуш руу өрөмдөх мэт харж:
–За, тэгээд хэрэгтэн Аюуш мөн биз?!
–Жа, би хэрэгтэн Аюуш биш, хэрэгт холбогдсон Аюуш байна аа! (Л.Чойжилсүрэн, “Ард Аюуш” романы харилцаа ярианы цогцолбороос)
(Г) а) Зээ,
Эрт дээрээс эхтэй
Эцэг өвгөдөөс журамтай
Эрхэм ёсыг сахисан
Энэ найрын зоог болгон
Бат цагаан өргөөнийх нь дунд
Баярын манлайг цогцлуулсан
Бадамлянхуа тавцан дээр
Байрлуулж талбисан сөн болбоос… (А.А.З. “Сөнгийн ерөөл”-өөс)
б) Зээ,
Цэцэн ханы хүлэг нь
Уралдан наадахад
Урт сайхан аргамаг
Учирч суухад
Уйдашгүй сайхан амраг (“Цэцэн ханы хүлэг” магтаалаас)
(Д) –За, тэгээд, энэ явдал нь ер нь биш …
–За, тэгээд буцаад явж гэнэ …
–За, тэгээд хэн хэнтэй уулзаж, юу юу болов гэхлээр …
–За, тэгээд, орон нутагтаа харьж иржээ …
–За, тэгээд нөгөө тэмээгээ энэ жил нь тавьж таргалуулсан чинь …
–За, тэгээд тэр сайхан цагаан тэмээгээ хаврын салхинд салхилуулаад алдчихаж …
–За, тэгээд, хаагуур хаагуур явав гэвэл …
–За, тэгээд хэн хэнтэй уулзаж асуув гэвэл …
–За, тэгээд Гэндэн гуай тэмээгээ эрж явсаар …
–За, тэгээд Дэжидмаа хүүхнээс асуувал …
–За, тэгээд Гэндэн гуай тэмээнийхээ сургийг дуулаад …
–За, энэ морь ямар морь вэ гэвэл …
–За, тэгээд Гэндэн гуай Туул голын хөвөөнөөс тулах хоёр мод олж бариад …
–За, тэгээд Богдын хүрээнд ирж … г.м. (Ц.Дамдинсүрэн, “Толь Гэндэн” хүүрнэл эхээс)
(А)-д авч үзсэн ярианы хэлний, (Б), (Г), (Д)-д авч үзсэн урансайхны хүүрнэл эхийн, (В)-д авч үзсэн харилцаа ярианы эхийн баримтуудаас харахад, монгол хүний хэлэх өгүүлэхийн явцад “ам нээх авиа”, “уушги нээх үг” нь “Зэ ~ За,”-тай ямар нэг талаар учир холбогдолтой байдгийг баримт харуулж байна. Монгол хүн “Зэ ~ За,”-гаар яагаад заавал ам нээдэг вэ? гэдэг талаар бид “Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй” (тэргүүн дэвтэр, 2001) номдоо: “Монгол хэлэнд өгүүлэгчийн найрсаг харьцааны баймжийг илэрхийлж, өгүүлэгчээс холбосон орчны яригч ба сонсогчтой холбоо тогтоох үүрэг бүхий, гол төлөв ярианы эхийг гаргаж, ам нээдэг аялга үг -өгүүлбэр гэмээр зүйл байх шиг байна… Монгол хүн заавал яагаад “За”-гаар “ам нээдэг” вэ? Үүний учир бол “з” гийгүүлэгч монгол хүний хэлэхүйд хамгийн хялбар бүтдэг, бидний ажигласнаар хэлний гийгүүлэгчээс “з”, уруулын гийгүүлэгч “м” хамгийн хялбар бүтдэг шиг байна. Өөрөөр хэлбэл, төдийлөн олон эрхтэн идэвхтэй хүчтэй оролцдоггүй гэж үзэж болмоор. Үүний нэг баталгаа баримт бол үгийг давтан хоршиход түүний хоёрдугаар “цуурай үг”-ийг “з”, ”м”-ийн аль нэгээр сольж сэлгэж нэмж хэлдэг ёс юм” (213-р тал) гэж бичсэн билээ.

Ерөөс аялга үг – өгүүлбэр бол мэдрэхүйн өгүүлбэрийн шинжтэй, сэтгэц хэлшинжлэлийн учир холбогдолтой, хэлэх өгүүлэхүйн зорилго, туршлага, хөг аялга, авианы найруулга зэрэгтэй аль нэг талаараа нөхцөлдсөн аялбар судлал, өгүүлбэр судлал, эхсудлалын сонин асуудал юм.
Бас энд монгол ардын дуу, ерөөл, магтаал, дайралцаа үгс, баатарлаг туульс зэрэгт “Зээ,”-гээр амьсгаа авч, түрлэг хийж эхэлдэг нэгэн өвөрмөц ёс, уламжлал байдгийг анхаармаар байна. Үүнийг зарим дайралцаа үгс, ерөөл, магтаалын наад захын жишээгээр баталж болно. Тухайлбал, Д.Равжаагийн “Өвгөн, шувуу хоёр” харилцаа дууны 6 бадгийн 6 түрлэгийг бүгдийг “Зээ,”-гээр эхэлж, түрлэг болгосон нь сонин байдаг. Үүнд:
Зээ,
Жаргалтай дэлгэр зуныхаа сард
Жигүүртэн шувуу та минь
Гадаад их далайнхаа дундаас
Ганганан дэвсээр юундаа ирнэ? г.м.

Авиалбарзүй талаасаа з (dz) авиа бол хэлний үзүүр – шүдний, эс тагнайшсан, дуугүй, хамжин шүргэх, амьсгалын түрэлтгүй, сул , шороон мах бодтой гийгүүлэгч бөгөөд өөрөөр хэлбэл, үгэнд эр, эм эгшгийн өмнө тохиолдохдоо амьсгалын түрэлтгүй шахам, өгүүлэхүйн эрхтний булчингууд эс чангарч, уушгинаас гарсан хийн урсгал буюу “зэ ~ за” гэсэн аялга хялбархнаар урсан гарч, “ам нээдэг” гэж үзэж болмоор санагдана.

Ярианы хэлний болон бичгийн хэлний баримтыг ажваас, ер монгол хүн:
-Ай мөн ч сайхан гарч дээ, аманд гал бадарч байх чинь (Г.Мэнд-Ооёо),
Ай хө ээжийн минь хайр
Амин зүрхэнд минь шингэж дээ (Ч.Пүрэвдорж),
-Аяа, гэвч хөөрхий амьтад үйлийн үрээр зововч, төрж өссөн нутагтаа эргэн ирж, өндгөө дарж, дэгдээхийгээ дагуулан, хадагны үзүүр шиг хөх зогдроо намируулан… (Г.Мэнд-Ооёо),
-Аа, Гомбожав уу? гээд нүүр дүүрэн инээмсэглэв (Л.Чойжилсүрэн)
Ээ, Бурхан минь та юу айлдана вэ?, энх амгалан цаг ирж байхад… (Л.Чойжилсүрэн),
Ээ, Хүүхэд минь, үер хэзээ татрахыг хэлж мэдэхгүй байна. (Д.Мягмар),
Өө, Та хүрээд ирсэн юм уу, би мэдсэнгүй л дээ. (Д.Намдаг) г.м.-ээр янз бүрийн эгшиг (дуу) оролцож бүтсэн авианы нийлбэр (баймж аялга үг)-ээр хандаж, “ам нээх ёс” элбэг боловч харилцах нэвтрэлцэх явцад “Зэ ~ За,”-гаар ам нээж, өгүүлэгч ба сонсогчийн хооронд холбоо тогтоох нь үлэмж давтамжтай болох нь ганцаар яриа (монолог), харилцаа яриа (диалог), олон эзэнт яриа (полилог)-ны баримтуудаас тодорхой харагдаж байна. Тухайлж, үүнийг эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” намтар тууж буюу хүүрнэл эхийн баримтаар нотолж болно. Үүнд:
-За, тэр шүү. Гол дээр тоглоом олон байгаа биз…
-За, энэ манайх гэж найз минь хэлээд хуруугаараа зааж…
-За, миний дүү нар чулууг хайрлаж байгаарай. Чулуу бол эх орны чинь элэг зүрх юм шүү.
-За, та хоёр мэдэв үү! Дэвтрээ муухай болгож болохгүй шүү!
-За, одоо цүнхэнд буруу өгөх аргагүй!
-За, хүүхдүүд минь, одоо сургуулийн хэмжээгээр дэвтэр, харандаа ховордлоо… гэх зэргээр 37 удаа хэрэглэсэн байна. Бас төрийн шагналт зохиолч Л.Ванганы <<Эмч нар>> хэмээх инээдмийн жүжгийн олон эзэнт яриа (полилог)-нд ажиглалт тооцоо хийж үзэхэд, “ам нээх” болон найрсаг харьцааны баймж утга илэрхийлж, өгүүлэгч ба сонсогчийн хооронд холбоо тогтоох үүрэг бүхий “За,”-г 51 удаа хэрэглэсэн нь ярианы хэлэнд давтамж ихтэй байдгийг харуулж байна. Энэхүү “ам нээх авиа”, “уушги нээх үг – зэ ~ за” нь өгүүлэгч этгээдийн харьцааны ямар нэг хандлага баймжийг (найрсаг, зөвших, дүргүйцэх, татгалзах, буруушаах г.м.) илэрхийлэх, эхийг бүтээж буй өгүүлэгчийн баймж санааг тодосгоход чухал үүрэгтэйгээр хэрэглэгдсэн байдаг.
Судалгааны үр дүнгээс үзвэл, монгол хүний “ам нээх аялга үг -За” нь өгүүлбэр, цогцолбор, мөчлөг, эх г.м. төгс нэгжийн эхэнд байрладаг, сул бүрэлдэхүүний шинжтэй, монгол хүний хэлэх өгүүлэхүйн загвар, сэтгэлгээний онцлогтой холбоотой, өгүүлэгчийн ямар нэг хандлагыг илэрхийлдэг төдийгүй сонсогч буюу харилцагчтай холбоо тогтоох үүрэг бүхий хэлний хэрэглүүр (контактно-связующее средство) болдог онцлогтой байна.

Бас монгол хэлэнд энэхүү “ам нээх үг – зэ ~ за”-гаас гадна за даа …, за яршиг …, за яахав …, за яамай …, за юу …, за мөн ч …г.м. бусад үгтэй нийлж гайхах, талархах, эргэлзэх, төвөгшөөх, зөвших зэрэг янз бүрийн баймж утга илтгэдэг, эерэг, сөрөг үнэлэмж илэрхийлдэг өвөрмөц нэгэн “за” байна. Энэ бол нөгөө “ам нээх үг – за”-тай харьцуулбал тухайн нэгжийн эхэн, дунд, адаг байранд хэрэглэгддэг, байрлал, үүргээрээ өөр “за” болой. Жишээ нь: За даа, болох уу даа гээд, Дамба барааг нь харж зогссоноо нэгийг санав бололтой. (Да.Батбаяр), За за, дуугаа аяд, хүүхэд шуухад сонсчихож мэднэ. (Б.Догмид) г.м.

Дээрх хоёр янз “За”-тай харьцуулбал эрс өөр ялгаатай өөр нэгэн “За” бол нөгөө «Андгай тангарагийн “За.”» юм. Энэ “За.”-гийн уг гарвал, утга, үүргийн хувьсал, хэрэглээний онцлог зэргийг гол төлөв, монгол ёс заншил, угсаа -хэлшинжлэл, утга соёлын талаас нь “Монголын ил хаадын захидал”, “Монголын нууц товчоо”, “Лу. Алтан товч”, “Зүйр цэцэн үгсийн далай” г.м. түүх, уранзохиолын сурвалж бичгүүдэд дулдуйдаж, акад. Б.Ринчен, акад. Х.Пэрлээ, эрдэмтэн Я.Цэвэл, доктор Д.Заяабаатар зэрэг хүмүүс судалж тэмдэглэсэн. Ганцхан баримт дүгнэлтийг энд дурдъя. Акад. Б.Ринчен: «Монголын “за”- андагаар буй заа.» өгүүлэлдээ (Залуучуудын үнэн, 1968, 4. 26, ¹48): “Бидний монголчууд нэг л за гэвэл даруй ам тангараг, андагаар, шахаан өргөсөнтэй адил гэсэн утгатай бөгөөд хүнд юм амлахдаа “за” гэсэн бол цаад хүний өмнө ам өгснөө заавал биелүүлж байх ёстой гэсэн дээд боловсон зарчим ёс манай өвгөд дээдэст байжээ” гэж бичжээ. Тэгэхлээр “За гэвэл ёогүй байх”, “За бололцох”, “За-гаар андагаар тангараг болгож хэлэлцэх” ёс зарчим, түүний хэрэглээний утга, улбаа нь орчин цагийн бичиг зохиолын ялангуяа ярианы болон урансайхны эхийн найруулгад уламжлан хадгалагдаж, өнгө аясаа алдаагүй байгааг онцлон үзэж болно. Иймээс ч «Монгол хүний ам нээх “За,”-гаас андгай тангарагийн “За.”-г хүртэл» улируулан судалж, өнөөгийн хандлагы нь сонирхмоор санагдлаа.
Монгол хэлний “За” хэмээх нэгжийн хэрэглээний онцлогийг прагматик хэлшинжлэлийн үүднээс тусгайлан судалбаас, монгол хүн “За,”-гаар ам нээн хэлэлцэж, ярианы эхлэлийг уужуу талбиун тавиад, өвөр зуураа хэлэлцсэн сэдэв, яриа, утга санааг зөвшилцөн баталж зөвшөөрөхдөө мөнхүү ”За.”-гаар ам хаадаг» ёс журамтай нь сэтгэц- хэлшинжлэлийн нарийн учир холбогдолтой сонин содон зүй тогтол болой. Үүнийг янз бүрийн насны хүний хүүрнэл ярианы олон янз баримтаар баталж болно.

Тухайлбал,
-Бие чинь эрийн цээнд хүрсэн төдийгүй, нэр алдар чинь олон арддаа түгжээ, “Тат тат!” гэж Жамьян гүний хэлэхэд, Сүх: “Жа.” гээд, нөгөө янжуурыг авч асаав. (Д.Намдаг);
-За чамд сонирхолгүй санагдвал яах вэ?
-Өөр юм ярь гэхгүй юү!
-Яриад яриад залхуутай байвал яах вэ?
-Дуугүй бай гэхгүй юү!
-Чи тэгэж хэлэх үү, чадах уу? хэлээрэй, за юу?!
-За. (Да.Батбаяр);
Аав, ээж юу л гэвэл “За.” гэнэ.
Аяга таваг угаа гэвэл “За.” гэнэ.
Алим идээрэй гэвэл “За.” гэнэ.
Энэ -
Хэний ам бэ?
Хэний ч гэж дээ!
Миний л ам л даа. (Ж.Дашдондог) г.м.
Энд баримт болгож авсан, Д.Намдаг гуайн хүүрнэл зохиолд буй жанжин Сүхийн амнаас нэлээд хүндэтгэлтэйгээр гарсан “Жа.”, Да.Батбаярын хүүрнэл зохиол дахь залуу эмэгтэйн амнаас гарсан “За.”, Ж.Дашдондогийн шүлэгт буй хүүхдийн амнаас “унасан” “За.” нь цөм л “За бололцсон”, баталж зөвшилцсөн утга бүхий андгай тангарагийн үгийн хэрэглээний хэв маягууд болно.
Энэ мэт баримтаас харахад, Монгол хүний ам нээх “За,”-гаас андгай тангарагийн үг – “За.”-гийн давтамж, хэрэглээг ямар насны, ямар ажил мэргэжлийн, ямар боловсролтой хүмүүс хэрэглэдэг, тэр нь ямар онцлогтой болохыг хэлний үзэгдлийн шугаман ба шугаман бус (хаос) хамаарлын талаас ч судалж болох нь ажиглагдаж байна. Жич нэгэн зүйлийг тэмдэглэхэд, өнөөгийн хүмүүсийн хэл ярианд ялангуяа залуусын өдөр тутмын ярианд “За.”-г замбараагүй, учир начиргүй хэрэглэдэг, “За.” гэмээргүй юман дээр “За.” гэдэг, “За.” гэмээр юман дээр ер “За.” гэдэггүй, бас “За.”, “Тийм.”, “Үгүй.”, “Мөн.”, “Биш.”-ийнхээ утга, үүрэг, хэрэглээг ялгаж ойлгодоггүй гэм зэм ажиглагдсаар байна. Энэ нь ялангуяа монгол хэлээр харилцагч гадаадын хүмүүсийн толгой тархийг ихээхэн эргүүлдэг, тэдний бизнесийн харилцаанд түвэг учруулдаг, “Монгол хүний нөгөө “За.” гэвэл ”Ёогүй” гэдэг уламжлалт сайхан ёс жудаг нь хаачив” гэмээр ч явдлыг гаргадаг аж. Ерөөс, хэл ярианы гажуудал бол сэтгэлгээний доройтол, боловсрол нимгэнтэйн гэрч, аман ба бичгийн найруулгын чадвар сул ,эмх цэгцгүй байдлын илрэл байдгийг санацгаая!

Эцэст тэмдэглэх нь: Өтгөс дээдсээс уламжлан хэрэглэгдэж ирсэн «Ам нээх үг – “За,”»-гаас «Андгай тангарагийн утгат үг –“За.”-г хүртэл» нь өдгөө цагийн охид хөвгүүд хэн боловч оносон газар нь зөв зохистой хэрэглэж сурах нь чухаг болсныг өгүүлэх нь бараг илүүц зүйл авч бидний өчүүхэн ажиглалт судалгаанд тулгуурласан өгүүллийн маань зорьсон санаа, гол санаа, утга далдалсан санааг ойлгон мэдэрч, басхүү “За.” хэмээнэ байх гэж найдаж буйгаа дурдахын ялдамд “Нарны хаан хүүхдүүд” (Ү.Хүрэлбаатар, Л.Балхжав) шүлгээс эш татсан:

Даян дэлхийн хүмүүс ээ,
Хүүхдийн сайн сайхны төлөө
Замбуулин хорвоог уяртал
“За.” гэж хэлцгээе!
Газар дэлхийн хүмүүс ээ
Хүүхдийн сайн сайхны төлөө
Гар гараасаа барилцан
“За.” гэж хэлцгээе! гэсэн хоёр шад шүлгээр энэхүү өчүүхэн таталбарыг өндөрлөе.

Filed under: Үг, хэллэг, өгүүлбэрийн утга хэрэглээ

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...