Jul 21, 2010

Үгийн өвгөн утгын таяганд дулдуйдмой

Даяар Монгол сониноос
---------------------
2006 оны 9-р сарын 19, Мягмар гариг, 03:14

(ХЭЛ ШИНЖЛЭЛ БА ОРЧУУЛГЫН ОНОЛ)

Interpreting is not everybody’s art[1]
Luther

М.Саруул-Эрдэнэ багшийн "Сонирхолтой хэл шинжлэл" номын бүлгээс

Академич Ринчен гуайн хөөрсөн нэг хөгтэй явдал бий. 80-аад оны эхээр ЗХУ-аас манай улст сууж байсан нэр бүхий элчин сайд амралтаараа хөдөөгүүр аялж, нутгийн хөгшидтэй уулзахаар орос хэлэнд ус цас нэгэн Монгол залууг дагуулан гарчээ. Харамсалтай нь багаасаа орос сургууль дамжсан мань орчуулагч эх хэлэндээ базаахгүй нэгэн байж. Хөдөөний нэгэн өвгөн элчин сайдаас “Нас сүүдэр хэд хүрч байна даа?” хэмээн асуухад “нас сүүдэр” хэмээх хоршоо үгийг үл мэдэх залуу балмагдаад “Таны сүүдэр хир урт вэ?” гэсэн маягтай орчуулж өгчээ. Элчин сайд энэ хачин асуултыг эртний дорнын гүн ухааны шалгуур хэмээн ойлгоод ухаанаа нэлээд дайчилсны эцэст “Миний сүүдэр өглөө оройдоо урт, өдөртөө богино байдаг даа” хэмээн хариулсан байна. Гайхсан өвгөн дуугүй л явж. Голын эрэг дээр модны ур хараад сайд “Что это?” хэмээн сонирхон асуухад өвгөн “модны яр байна аа” хэмээв. “Боловсролтой” орчуулагч залуу “Это сифилис” хэмээн хэлмэрчлэв. Сифилис хэмээгч нь бэлгээр[2] халддаг нэрийг нь ч хэлэхэд цээрлэм нэгэн өвчний яр юм. Түрүүнээс хойш орчуулга буруу яваад байсныг гэнэт ойлгосон сайд ихэд уцаарлаж нөгөө залууд “Ты сам сифилис” (Чи өөрөө т*****) гэсэн гэдэг[3].

Төгс орчуулга гэж үгүй

Эх хэлээ умартсан хөөрхий тэр залуу байтугай, эрдмийн далай болсон гүүш нар ч аливаа хэлний өгүүлэх бүх ил далд санаа, нарийн нандин мэдрэмж зэргийг өөр хэлэнд төгс буулгах боломжгүй билээ. Тухайн эх өөр хэлэнд буухдаа үндсэн утгаасаа хир гаждагийг мэдэхээр Францын хэл шинжээчид нэгэн сонирхолтой туршилт хийжээ. Тэд дугуй ширээ тойруулан өөр өөр хэлний шилдэг 14 орчуулагчийг суулгасан байна. Ингэхдээ орчуулагч тус бүр зэргэлдээ суугчийнхаа хэлийг мэддэг байхаар тохируулж. Анхны орчуулгыг Герман хэлтэн хийжээ. “Шар айраг исгэх нь ерөөс хүн төрөлхтөн үүссэн түүхтэй чацуу нэн эртний урлаг билээ” хэмээсэн өгүүлбэрийг орчуулаад дэргэдэх Испани нөхөртөө дамжуулав. Испани цааш нь Польшид гэхчлэн үргэлжилсээр анхны Герман орчуулагч дээр ирэхэд өөрөөс нь эхэлсэн өгүүлбэрээ уншаад мань эр мөрөө хавчин, уртаар санаа алдсан гэнэ. Учир нь 14 хэл дамжсаны эцэст мөнөөх өгүүлбэр “Нэн эртнээс шар айраг нь хүн төрөлхтний хамгийн дуртай умдаан байсаар иржээ” болчихсон байж.

Орчуулгын алдаа дайнд хүргэж мэднэ

Төгс орчуулга гэж үгүй ч “тун дөхсөн” орчуулга хийх эрдмийг авьяас хийгээд сургуулиар эзэмшиж болно. өнөөгийн Монголд орчуулагчийн ангигүй дээд сургууль гэж бараг үгүй болсон нь энэ мэргэжлийн нэр хүндийг унагаж, орчуулга амархан гэдэг сэтгэгдэл төрүүлэх болжээ. Гэтэл барагтайхан орчуулагчийн тарьж болох балаг дэндүү их ээ. Хүйтэн дайныг төгсгөл болгохоор АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган, ЗХУ-ын удирдагч Михайл Горбачев нар олон уулзсан. Нэг удаагийн уулзалтын үеэр Горбачевын үгийг орчуулагч нь дамжуултал Рейган хийгээд дагалдан явсан хүмүүс, ялангуяа Батлан хамгаалахын сайдынх нь царай эрс барайгаад явчихжээ. Буруу орчуулснаа мэдсэн хэлмэрч хурдхан засч хэлтэл Рейган жаахан уужраад “Та сая дэлхийн гуравдугаар дайн өдөөчих дөхсөнөө мэдэж байна уу?” хэмээн нухацтайхан асуусан гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үед орчуулгын алдаанаас болж Германчууд маш чухал боломжоо алдсан байна. Испанийн нэгэн нууц байгууллага Рузвельт, Черчилль хоёрыг Касабланкад яаралтай уулзах гэж байгаа талаар мэдээлснийг Германы тагнуулын албаныхан сонсож дөнгөсөн гэнэ. Харамсалтай нь (азаар) Касабланка гэсэн үгийг үгчлэн орчуулснаар “Цагаан ордон” (casa – байшин, blanca-цагаан = White House) гэж буулгасан бөгөөд тагнуулын удирдлагууд Их Британийн ерөнхий сайдыг Вашингтонд очих гэж байна хэмээн ухаарчээ. Гэтэл тэр хоёр хажууханд нь, Мароккогийн нийслэл Касабланка хотод уулзсан аж[4]. Алдарт Марк Твений “Ханхүү гуйлгачин хоёр” (англиараа The Prince and the Pauper, оросоор Принц и нищий) хэмээх зохиолыг монголчлохдоо “Жонон гуйлгачин хоёр” хэмээн алдсанаас болж одоо олон хүнд хааны хүүг “жонон” хэмээдэг гэсэн буруу ойлголт нэгэнт тогтжээ[5]. Гэтэл “жонон” гэж Баруун Монголыг захирагч ноёдод олгодог байсан огт өөр цол билээ. Ринчен авгай үүнд ихэд бухимдаж “Марк Твений минь махыг идэж дээ” гэж санаа алдсан сан. Ингээд бодохоор заримдаа “Traduttore – traditore” гэсэн итали зүйр үг голыг нь олоод хэлчихсэн мэт санагддаг юм. Үгчилбэл “орчуулагч бол урвагч”, манайхаар бол “орчуулна гэж оршуулжээ” хавьцаа буух санаа.

Хургыг янзага, ахыг найз болгон орчуулж болох уу?

Алдаж орчуулах ийм уршигтай атал албаар буруу орчуулж болно гэж үү? Тухайлбал харь хэлнээ “хурга” гэсэн байхыг эх хэлэндээ “янзага” болгон хөрвүүлж болох уу? “Хонь хурга нийлэв” гэснийг “янзага”-тай нийлсэн болгож орчуулахгүй нь лав. Тэгвэл хэзээ санаатайгаар “буруу” орчуулж болох вэ? Нэрт гүүш Бямбын Ринчен “Тарас Бульба” романыг хөрвүүлжээ. Уг зохиолын оргил хэсэгт гардаг Тарас төрсөн хүүгээ дайсанд урвасны учир буудан хөнөөх болдог эмзэг хэсэгт Гоголь “зүрхэнд нь сум туссан хурга адил” хэмээх зүйрлэл хэрэглэжээ. Ри доктор монголчууд хургыг хэзээ ч бууддаггүй учир энэхүү зүйрлэлийг уншигчид хүлээн авахгүй хэмээн “зүрхэнд нь сум туссан янзага адил” болгон буулгасан байна.

Хоёр хэлний ялгаанаас болж нэг хүн хэрэгт орохоо шахаж билээ. АНУ-ын гааль дээр ирсэн нэгэн Монгол залуу байцаагчид шалгуулж, миний бие тэр хоёрын яриаг утасаар хэлмэрчилж өгсөн юм. “Та АНУ-д хэн дээр ирж байна вэ?” гэхэд “Нэг ахындаа ирж байгаа” гэв. “Older brother – ындаа айлчилж явна аа” хэмээн дамжууллаа. Байцаагч гэтэл залуугийн Монгол дахь ЭСЯ-д өгсөн мэдүүлгийг ухаад гаргаад ирэв бололтой, “Та анх АНУ-д ойрын хамаатан садан байхгүй гэж худал мэдүүлсэн байна” хэмээн дуугаа өндөрсгөв. Тэгтэл мань эр “Төрсөн ах биш ээ, олон жил хамт ажилласан нэг ах хүү маань ногоон кард хожоод ирсэн юм” гэдэг байгаа. Америкт хамаатан садан биш агаад ойр дотнын харилцаатай бол хэдэн насаар ч зөрүүтэй бай “ах дүү” гэдэггүй “найз” л хэмээнэ[6]. Байцаагчид “Older brother биш old friend гэснийг нь би буруу орчуулсан байна, миний буруу, уучлаарай” гэж байж зөөлрүүлэв. Дараа нь “Та АНУ-д хир удаан байх вэ?” гэтэл өөдөөс харин нөгөөх чинь “Харин хэд гэвэл зүгээр юм бол оо?” гэж байна. Хошин шогийнхны хэлээр бол “ёстой том тэнэгтдэг гэжээшд”. Зүй нь мань эр энэ улст хир хугацаагаар, ямар зорилгоор орж ирэхээ бүр виза мэдүүлэхээсээ өмнө яв цав тогтоосон баймаар. Мэдүүлэг өгөгчийн амнаас унасан үг бүрийг махчлан орчуулж өгөх үүрэгтэй миний бие хэцүүхэн байдалд оров. “Энэ хүн ингэж асууж байна аа” гээд орхивол нэг хүний амьдрал нурж унах гээд байдаг. “6 сар юм үзэж, сайхан амарч аваад харина аа” гээд хөрвүүлчихлээ. Энэ мэтчилэнгээр мань эр дан буруу хариулсаар, цагаандаа гарсан би бээр дан буруу орчуулсаар, эцэстээ хоёр хасах цэнэг нийлээд нэмэх болдог шиг хөөрхий минь зөвдөж аваад хил нэвтрэх болж билээ. Америкийн энэ уудам нутгийн альхан хэсэгт нь манаргаж явдаг бол доо. Ажил олж хийгээд аав ээждээ хэд гурвыг илгээж байгаа бол ч яамай. Алдаж орчуулаад дайн гаргах шахдаг байхад албаар буруу орчуулаад амьдрал залгуулах тохиолдол бас байдаг байна шүү.

Орчуулга эхнэр хоёр юугаараа адил вэ?

Тухайн ард түмний ахуй, сэтгэхүйн өвөрмөц онцлогийг тусгасан үг, өгүүлбэр, ялангуяа хэвшмэл хэлц, хэллэгүүд, мөн толгой сүүл холбосон уран хэллэгт найраг шүлэг зэрэг нь орчуулагчдын толгойны өвчин болдог. “Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн, би” гэсэн сайхан шүлгийг “аргал”, “гэр” гэж огт мэдэхгүй харийн хүнд орчуулж өгөхөөр боллоо хэмээн бодъё. Алтангэрэлийн “Орчин цагийн Монгол-Англи толь”-ийг сөхөн харваас аргал: dry dung or droppings of cattle which are used for fuel, гэр: the Mongolian nomad’s tent; a house or dwelling place хэмээн тайлбарлан орчуулжээ. Үүгээр баримжаалбал өнөөх уран яруу найраг маань гадаад андын чихэнд “Түлшинд хэрэглэхэд зориулж хатаасан малын ялгадасны утаа бүхий Монголын нүүдэлчний оромж - майханд би төрсөн юм” гэсэншүү л сонстоно. “Сайхан бөгөөд үнэнч эхнэр яруу найргийн оновчтой орчуулга шиг ховор. Яруу найргийн орчуулга хэрэв үнэн зөв бол уран биш, уран сайхан бол зөв биш байдаг” хэмээн Германы зохиолч Моисей Сафирын хэлсэн үг ортой дог шүү. Дээрх шүлгийг харийнханд сайхан сонстуулах гээд гэрийг нь кондо хаус, аргалыг нь шахмал түлш болгочихвол “худлаа” болчихно, үнэн байхаараа “муухай” байгаад байдаг.

“Нар хиртсэн жил” кино хуучны ЗХУ-ын театруудад гарчээ. Дайнд явсан хүү нь ирэхгүй болохоор найдвар тасарсан хоёр хөгшин гэртээ байж байгаа зураглал. Эмгэн гал дээрээ сүү тавиад хажуулж, өвгөн ганс нэрээд сууж байна. Гэнэт гаднаас хүү нь ороод ирнэ. өвгөн “ ХҮҮ ! “ гэж дуу алдтал зүүрмэглэж хэвтсэн эмгэн нь “СҮҮ?” гээд гал руугаа ухасхийдэг. Орос хөрвүүлэг дээрээ өвгөн нь “ СЫН ! “ хэмээн хашгирахад эмгэн нь “Что? МОЛОКО?” гээд босоод ирнэ. Чих нь хатуу хатуу гэхэд даанч дээ. Хөрвүүлэгч нь “үнэн” орчуулсан учраас ийм хачин болчихсон хэрэг. .

Сайхан эхнэр дээр үү, үнэнч гэргий илүү юү?
(Зохиогчоо хүндлэх үү, уншигчаа хайрлах уу?)

Ри багш Гоголийн “хурга”-ыг “янзага” болгон буулгахдаа зохиогчийн “эрх”-энд халдаж, “үнэн”-ээс баахан гажсан ч, монгол уншигчдынхаа таалалд нийцүүлж, “сайхан” болгосон байна. Орчуулгын онолд орчуулагч хүн тухайн зохиогч, тухайн хэлийг хүндлэн яг байгаагаар нь аль болох үнэн, үгчлэн орчуулах хэрэгтэй гэсэн чиглэл байхад орчуулж байгаа хэлтэндээ зориулан чөлөөтэй, уран яруу, сайхан буулгах нь зөв гэж үзэх онолчид бас байдаг. Америк эхэд “Ширээгээ тойрон суугаад цацагт хяруулынхаа махнаас хүртлээ” гэж байвал хэрхэн орчуулбал зохистой вэ? Америк заншлыг гадарладаг уншигчид чухам ямар баяр болж байгааг нь шууд ойлгоно. Уншигчаа хайрладаг орчуулагч бол монголчууд цацагт хяруул гэж мэдэхгүй хэмээн сайхан баяр болж, тансаг ширээ зассаныг нь ойлгуулахын тулд ”тарган ууцаа задаллаа” гэж орчуулж магадгүй. Зохиогч хийгээд цаад хэл соёлоо хүндэлдэг орчуулагч харин “цацагт хяруул”-ыг гээх аваас америк соёлд нэн чухал Талархлын баяр болж байгаа нь мэдэгдэхгүй хэмээн үгчлэн хөрвүүлнэ. “As black as a coal” (нүүрс шиг хар) гэсэн хэлцийг англи хэлтнүүд харыг нүүрстэй зүйрлэдэг, тэдний амьдралд хамгийн ойр хар зүйл нь эртнээс нүүрс байсан гэдгийг мэдрүүлэхийн тулд махчлан орчуулсан нь дээр үү, “хөө шиг хар” хэмээн монголчилсон нь дээр үү? Үнэнч эхнэр дээр үү, сайхан эхнэр дээр үү? Ямар зорилгоор орчуулж байгаагаасаа шалтгаалаад, давс хужрыг нь тааруулсхийгээд л хөрвүүлэх хэрэгтэй болов уу? Үлгэрлэвэл “үнэнч эхнэрээ жаахан будаад гоодчих” нь л шилдэг сонголт бололтой. “Солдатами не рождаются” буюу “Цэрэг цэргээрээ төрдөггүй” хэмээх бүтээлийг “Хал үзэж цэрэг болдог” гэж буулгасан нь “оо энгэсэг нь” нь таараад аятайхан болж. Гэтэл сайхан Монгол үг олж оноох гэж байж “будгийг нь ихдүүлээд” бүр танихын аргагүй юм болгочих гэм бий. Виктор Хюгогийн[7] “Notre Dame de Paris” хэмээх суут бүтээлийг хэн хүнгүй мэднэ. Нотр Дам нь Парис хотноо орших гэгээн Мари эхэд зориулсан Готийн сүм бөгөөд бүр 12-р зуунд Пап 3-р Александр анхны чулуугий нь тавьж босгожээ. Манайхан энэ зохиолыг орчуулахдаа “Парисийн Дарь Эхийн Сүм” хэмээсэн нь арай л дэндүүлчихсэн байна. Ийм маягаар Исүсын ээжийг Дара эх болгон орчуулах дээрээ тулбал “Буш, Чэйни хоёр халуун коффе, хар түрс зооглон, гольф тоглож амарлаа” гэсэн өгүүлбэрийг “Энхбаяр, Элбэгдорж хоёр сүүтэй цай, сүүлний өөх хүртэн, чоно тарвагацаж өнжив” гэж хөрвүүлэхдээ хүрэх байлгүй.

Чөлөөт орчуулга, хэт чөлөөт орчуулга, өнгөн орчуулга

Өөрийн санааг оруулж, үг нэмж хасч, чөлөөт орчуулга хийхдээ манай ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гарамгай нэгэн билээ. “Сказка о рыбе и рыбаке” (Загас загасчин хоёрын үлгэр) зохиолыг “Алтан загасны үлгэр” хэмээн нэрнээс нь эхлэн өөриймсүүлээд цааш нь “Хөрст алтан дэлхийн хөвөө хязгаар нутагт, Хөх цэнхэр далайн эрэг ирмэг газарт...” хэмээн урсгадаг нь уг эхдээ огт байхгүй мөрүүд. Тэгээд ч Да багш энэ орчуулгаа Пушкиний уг үлгэрээс илүү болсон гэж ярьдаг байж. Монголын нууц товчооны жинхэнэ эх “Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ Чоно ажуу. Гэргий ину Хоо Марал ажээ. Тэнгис гэтэлж ирэв. Онон мөрний эх Бурхан Халдунд нунтаглаж ахуд төрсөн Батачи хан ажуу” хэмээн дөрвөн өгүүлбэрээр эхэлдэг. Да багшийн “Нууц товчоо” харин “Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвгүүнийг төрүүлжээ” хэмээн ганц урт өгүүлбэрээр “бөөндсөн” байна. Ингэхдээ “хамт”, “далай”, “уул”, “гэдэг”, “хөвгүүн” гэсэн таван үгийг нэмснээс гадна Хоо буюу ухаа хэмээх зүсмийг Гуа үзэсгэлэн, Батачи хан нэрийг Батцагаан болгон хөрвүүлжээ. Мэдээгүйдээ бус эртний хэлээ умартсан биднийгээ л болгоож, өдгөөчлөн орчуулсан нь энэ юм даа. Да багшийн орчуулга чөлөөтэй чөлөөтэй гэхэд Дантегийнхтай эгнэх ч үгүй. Суут Данте Алигиери орчуулга хийхдээ эхлээд уг номоо нэг мөсөн уншиж дуусгадаг байж. Тэгээд холоо шидчихээд дахин нэг ч нээж үзэлгүйгээр орчуулдаг байсан гэнэ. Ийм орчуулгыг чөлөөт гэхээсээ хэт чөлөөт, бараг хамтын бүтээл гэвэл онох байх. Үүнээс гадна өнгөн орчуулга (surface translation) гээч жигтэй орчуулгыг Австрийн яруу найрагч Эрнст Жандл (1925-2000) гаргажээ. Жандлынхаар бол яруу найрагт авиа хамгийн чухал учир өөр хэлэнд орчуулахдаа яг тийм авианаас бүтсэн өөр үгийг олж орлуулах ёстой гэнэ. Яруу найрагч Рилкегийн бүтээлээс Жандл хэрхэн өнгөн орчуулга хийснийг жишээлж үзье.

Герман найраг нь. Өнгөн орчуулга. Үгчилсэн орчуулга
Der Tod ist gros. Dare toadies gross. The death is big
Wir sind die Seinen. Vere sinned designing. We are their
Lachenden Munds. Laugh in the moons. Laughing mouths

Крис Норман, Сюзи Куатро хоёрын “Our love is alive...” гэж эхэлдэг дууг манай эгч “Аавын минь зулай” хавьцаа туугаад байдаг байсан нь, мөн “Happy Birthday to You” дууг “Хавийн бөөсөө түүе үү?” болгож дуулаад байдаг нь Жандлынхаар бол “өнгөн орчуулга” байж гээч. Анхлан жишээлсэн “Аргалын утаа бургилсан Mалчны гэрт төрсөн, би...” шүлгээ дээрх маягаар орчуулбал “Are gal Utah bore gill sane Mall chin girth tore sane, bee” гэж буух нь ээ. Нүүдэлчний оромжинд малын юу үнэртээд гэдгээс арай дээр ч юм уу?

Өнгөн орчуулга хэмээх жир бусын хөрвүүлгийг эс тооцвоос аль ч үеийн ямар ч онолчид орчуулга гээчийг үг-утгын харьцааг хэрхэн зөв оноосноор нь тодорхойлсон байна. Манай дорнын ард түмэн эртнээс нааш хоёр хэл, хоёр соёлыг хэлхэж өгдөг дуун хөрвүүлэгч нарыг үлэмж хүндэтгэн "лозава" (энэдхэгт), "жигдэм миг" (төвдөөр "ертөнцийн нүд" гэсэн үг), "гүүш" гэх мэт нэр цол хайрладаг байсан ажгуу. Гүүш нар нь ч цолондоо таарсан тансаг яруу орчуулга хийхдээ үг хийгээд утгын харьцааг чанд баримталдаг байж. 19-р зууны Амдо Төвдийн гүн ухаантан Гүнтан гэгээн сургуулийг үйлдэгчдэд зориулан бичсэн нэгэн зохиолдоо төвд хэлээр "Донжий гамбуу цэгийн харваа ла" хэмээн айлдсан нь монголоор "үгийн өвгөн утгын таяганд дулдуйдмой" гэсэн үг болно[8]. 1975 онд Гандан хийдийн гавж ламтан Данзан-Одсэр өөрийн шавь, өдгөө мөн гавжийн зэрэгт хүрсэн Сонинбаяр багштанд "Цэгий намба машир вар – Донжий намба гала шар" (төвд: Үгийнх нь байдал эс ургаваас Утгынх нь байдал яахин ургах вэ?) хэмээн Чойрын номоос айлджээ. Төвд, Монгол гүүш нар орчуулгыг гурван шатанд ангилан үздэг байж. Үүнд, анх нь "тажүр" (мөн цэгжүр ч хэмээнэ) буюу үгчлэн орчуулах, удаад нь "ложүр буюу оюун ухаанаар орчуулах, эцэст нь "донжүр" буюу утгачлан орчуулах, эдгээр болно. Үлгэрлэвээс, "When you are in Rome, Do as Romans do" гэсэн өгүүлбэрийг "Чи Ромд байхдаа Ромчуудын хийдгээр л хий" хэмээн орчуулбаас тажүр, "Хүн ер нь аливаа газар тухайн нутгийн ёс жаягаар явбаас зохилтой" гэж буулгавал ложүр, "усыг нь уувал ёсыг нь дага", "сохрын газар сохроор, доголонгийн газар доголонгоор" хэмээн хөрвүүлбээс донжүр болох мэт.

Ертөнцийг харагч цонх болсон ном дор мөргөдгийнхөө адилаар ертөнцийг үзүүлэгч нүд болж, оюуныг маань тэлсэн мэргэн гүүш танаа мөргөмүү.

[1] Хэлмэрчилнэ гэдэг хэн бїхний хийдэг ажил биш
[2] Бэлгээр халдах гэхийг бэлгийн замаар, амьсгалаар халдахыг амьсгалын замаар хэмээн махчлан орчуулж, илүү үг хэрэглэх шаардлагагїй.
[3] Энэ тїїхийг арай богино хувилбараар Ж.Лхагва зохиолчийн номоос уншиж байв. Яг энэ хувилбарыг Хар Дорж багш Ри багшаас сонссоноо надад хуучилсан юм.
[4] За рубежом сэтгүүлээс авсан мэдээ
[5] Нарийн яривал рauper нь "гуйлгачин" ч биш "үгээгүй, ядуу" гэсэн үг. Үгээгүй болгон гуйлгачин байх албагүй баймаар
[6] Ардчилсан хэл гэж байдаг уу? хэсгээс энэ талаар дэлгэрүүлэн уншина уу
[7] Гюго биш Хюго юм.
[8] Саяхныг болтол миний бие энэ үгийг Монгол зохиолчийн хэлсэн їг гэж боддог байв.


М.Саруул-Эрдэнэ багшийн бичсэн доорх номуудыг худалдаж байна

1.Сонирхолтой хэл шинжлэл.
Хэл шинжлэлийн нарийн ойлголт онолыг олон нийтэд зориулан зугаатай, сонирхолтой хэлбэрээр бичсэн.
Үнэ: 10$ + 2$ /шуудан/ = 12$

2.Чулуун хөшөөний хос уянга
Монголын эрт эдүгээгийн хийгээд өнөөгийн 50 шилдэг монгол шүлгийг яруу найрагч Г.Аюурзана түүвэрлэж, др. М.Саруул-Эрдэнэ Англи хэлэнд орчуулж, зураач Д.Цолмон Монгол бичгээр уран гоё бичсэн крилл-англи- монгол бичгээр
Үнэ: 10$ + 2$ /шуудан/ = 12$

3.”Индианагийн Их сургуулийн монгол Судлаачид”Индианагийн Их сургуульд Монголын түүх, хэлзүй зэргийг сонирхон судалдаг Хар Дорж багш тэргүүтэй 13 Монгол судлаачтай хийсэн ярилцлага
Үнэ: 10$ + 2$ /шуудан/ = 12$

4.Монгол-Англи хэлний хэрэглээний хэл зүй.Монгол-Англи хэлний нэн чухал 53 дүрмийг хадан үзүүлсэн, англи хэл эхлэн суралцагсдад тохиромжтой.
Үнэ: 8$ + 2$ /шуудан/ = 10$

5.Хүүхдэд зориулсан Монголын нууц товчоо.МНТ-г хүүхдэд зориулан хялбаршуулж, Монгол-Англи хэлээр хадан бичсэн сонирхолтой зурагтай.
Үнэ: 8$ + 2$ /шуудан/ = 10$

6.My Heart Will Go On – Зүрх зогсохгүй
Хайр сэтгэлийн тухай шилдэг 16 уянгын дууг Монголоор шүлэглэн орчуулсан. CD-ний хамт. Дууг машиндаа байнга сонсон үг, орчуулгыг нь харьцуулан үзвэл хэл сурахад тустай.
Үнэ: 5$ + 2$ /шуудан/ = 7$

Дээрх номуудыг msaruule@indiana.edu Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаяг руу Э-майл бичих болон
703-933-3771 тоот утсаар ярьж, зохиогчоос хаягийг нь авч, money order, check илгээн захиалж авна.

Гарын үсэг зуруулан авч болно.

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...