Монгол хэл, бичгийн багш нарын үндэсний холбоо
--------------------------------------------------
Posted on 2010/06/20 by NAMLAST
§ Та өөрийнхөө судалгааны талаар товч боловч дурдахгүй юу?Миний сонирхож хийдэг судалгаа бол монгол хэлшинжлэлийн нэгээхэн салбар болсон утга судлал буюу семантикийн талын шинжилгээ голдуу байдаг юм. Судалгааны нэг онцлог буюу сайн тал гэх юм бол хүмүүст шууд хүрч, хэрэглэгдэж байдагт оршдог. Миний Ph.D –ийн сэдэв “Монгол хэлний ойролцоо утгын бүтэц, утга, үүрэг”-ийн судалгаа байсан бол шинжлэх ухааны докторын сэдэв маань мөн энэ судалгааны үргэлжлэл буюу “Монгол хэлний ойролцоо утгын тогтолцоо” гэсэн сэдэвтэй ажил байлаа. PhD зэргээ Монголын ШУА-д, шинжлэх ухааны докторын зэргээ Москвад хамгаалсан. Энэ нэг сэдэвт ажлын шууд үр дүн болсон Монгол хэлний ойролцоо утгатай үг хэллэгийн дэлгэрэнгүй толь бичигийг 2006 онд хэвлүүлсэн. Энэ толь нь ойролцоо утгат толь бичгийнхээ хувьд 1966 оноос хойш гарсан анхных бөгөөд дэлгэрэнгүй нь байгаа юм. Энэ толь бичиг бол монгол хэлний ойролцоо утгын тогтолцоог үг, холбоо үг, хоршоо үг, хэлц үг, хэвшмэл хэллэгийн төвшинд хийсэн анхны толь бичиг болсон. Өөрөөр хэлбэл энэ толийг хийсэн онолын үндэслэл нь миний судалгааны чиглэл байсан бөгөөд сургуулийн сурагчаас аваад төрийн албан хаагч, зохиолч, орчуулагч, бичгийн хүмүүсийн хамгийн түрүүнд хэрэглэх практик ач холбогдолтой гарын авлага гэж үзэж болно. Цаашид энэ толио нэмэн дэлгэрүүлж улам сайжруулан бүрэн хэмжээний үндэсний хэмжээний толь бичиг болгон хэвлүүлэх бодолтой байгаа. Ер нь хэлэнд хамгийн өргөн хэрэглэгддэг хоёр төрлийн толь бичиг байх ёстой. Үүний эхнийх нь тухайн хэлний тайлбар толь бичиг, удаах нь ойролцоо, эсрэг утгатай үг хэллэгийн толь бичиг байх учиртай юм. Монгол хэлний утга судлалын чиглэлээр сүүлийн хоёр гурван жилд 30-аад ном, сурах бичиг, гарын авлага хэвлүүллээ.
Миний өөр нэг сонирхдог зүйл бол монгол хэлийг гадаад хүнд заах аргын судалгаа шинжилгээ юм. Энэ бол харьцангуй шинэ чиглэл бөгөөд ер нь манайд анх 1970-аад оны эхнээс МУИС-д албан ёсоор гадаад хүнд монгол хэл зааж эхлэснээр энэ талын судалгаа эхлэсэн гэж үздэг юм. Ерөнхийдөө дээрх хоёр үндсэн чиглэлийн дагуу 40 шахам ном, сурах бичиг, гарын авлага зохиож, найруулан гадаад, дотоодод хэвлүүлээд байна. Гадаад хүнд зориулсан ном, сурах бичгүүдийг бол дэлхийн монгол судлалын чиглэлийн сургалттай томоохон орнуудын их сургуулиуд сургалтандаа нэлээд ашигладаг юм.
§ Гадаад хүнд заах арга гэснээс өнөөдрийн дэлхийн монгол судлал ямаршуухан байна, та бүхэн хэрхэн хамтарч ажиллаж байна даа?
Өнөөдрийн байдлаар дэлхийн 20 шахам орны 40 орчим их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад монгол судлалын төвүүд эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс БНХАУ, АНУ, Япон, Солонгос, Англи, ОХУ, Герман, Чех, Унгар, Польш, Энэтхэг зэрэг оронд монгол судлалын хуучны уламжлалтай хүчтэй төвүүд бий. Гэхдээ нээлттэй нийгэмд орсоноор монгол судлал зарим талаар хумигдаж, зарим талаар чиглэл, шугамаа өөрчилж, хуучин үеийнх шиг нэг талыг барихаа болиод 20 шахам жил болж байна. Тухайлбал миний багшилж байсан Англи, Герман, Япон зэрэг оронд монгол судлал их хүчтэй уламжлалтай. Англид Кембрижийн Их Сургууль, Лондоны Их Сургууль, Лийдсийн Их Сургуулиуд монгол судлалаар сайн уламжлалтай бөгөөд одоо Кембрижийн Их Сургуулийн монгол судлал бол нэлээд хүчтэй хөгжих тэр тусмаа шинэ чиглэл, ая дангаар төлөвшиж урагшлах шинж төлөв ажиглагдаж байгаа. Энд нэлээд хүчтэй, нэр хүндтэй эрдэмтэд судлаачид ажиллаж байгаа бөгөөд хаана хүчтэй эрдэмтэн байна тэнд тухайн судалгаа урагшилж хөгждөг жишгээр дэлхийн залуу монгол судлаачид тэнд татагдах, сурах хандлагатай болоод байна. Кембрижийн их сургуулийн аспирантур, докторт сурах монгол залуучуудыг ч дэмжих хандлага ч дан ганц сургуулийн талаас биш ажил олгогч талаас санаачлага гарч байгаа нь сайн хэрэг болж байх шиг байна. Үүнд манайд үйл ажиллагаа явуулж, ажиллаж байгаа гадаад, дотоодын уул уурхайн хүчтэй томоохон компаниуд ч дэмжих хандлагатай байгаа нь их сайн хэрэг юм. Ер нь бол дэлхийн монгол судлалыг дэмжих талаас төр, хувийнгүй сул байдаг юмаа.
Бид ерөнхийдөө гадаадын монгол судлалыг сэтгэл зүрхээрээ дэмжиж ажиллахаас биш олигтой бодит туслалцаа тэр бүр үзүүлж чаддаггүй юм. Хааяа нэг төрийн одон медалиар шагнах, урамшуулах, за монголд гарсан ном, судар илгээхээс хэтрэхгүй дээ. Гэхдээ насаараа монголын төлөө ажилласан хүмүүс монгол төрийн одон медаль авахаараа маш их баярладаг юм билээ. Тухайлбал өнгөрсөн хавар манай ерөнхийлөгч Англид төрийн айлчлал хийх үеэрээ Английн Монголч эрдэмтэн академич Чарльз Бауден, Алан Сандерс, Жүдит Нордбай зэрэг судлаачдад, төрийн дээд шагнал Алтан гадас одон, Өмнөд Солонгост айлчлахдаа мөн зарим хүнд төрийн одон, медаль шагнасан, хүртээсэнд тэд үнэхээр их баярлаж, талархаж байна билээ.
Ер нь гадаад дахь монгол судлалыг дэмжихэд төрөөс төдийгүй мэргэжлийн байгууллагууд ч гэсэн олон талын арга чаргыг хайж олмоор, өөрийн хэр чадлаар туслаж баймаар санагддаг.
§ Таныг саяхан Англид эрдэм шинжилгээний төслийн ажлаа дуусгаад ирлээ гэж дуулсан?
Сүүлийн хоёр гурван жил Англи болон Японы эрдэмтэдтэй хамтран хэд хэдэн төсөл дээр ажиллаа. Үүнээс миний хувьд хамгийн их бахархалтай нь бол Английн Кембрижийн Их Сургуулийн эрдэм шинжилгээний төсөл болсон Английн Оксфорд, Кембриж, Их Британий номын сан дахь монгол номын каталоги хийх төсөл юм. Гэхдээ энэ бол орчин үеийн ном биш шүү дээ. Эртний хуучны ном судар, гар бичмэл гэж ойлгох хэрэгтэй. Ер нь дэлхийн томоохон номын сангууд болох АНУ-ын Конгрессийн номын сан, Данийн Копенгагны хааны номын сан, Унгарын Академийн номын сан, Германы Дрезден, Лайпциг, Бонн, Японы Тоёо Бунко, Ирландын Честер Бютийн номын сангуудад хадгалагдаж байгаа монгол номын каталогуудыг дэлхийн монголч эрдэмтэд тал талаасаа хийж аль хэдийн бэлэн болгосон юм. Харин Английн Британий номын сангийн монгол номыг каталогийг яагаад ч юм хийгээгүй байсан бөгөөд үүнийг хийх завшаан надад олдсонд тун их олзуурхаж баярлаж хийсэн. Ер нь ихэнхи орны каталогийг тухайн орных нь монголч эрдэмтэд хийсэн байдаг уламжлал түүхтэй юм.
Японы Осакагийн Хууль, Эдийн Засгийн Их сургуулийн эрдэмтэдтэй “Монгол -Англи хэлний товчилсон үгийн толь бичиг” хийх төсөл дээр ажиллаж дууссан. Миний бие ирэх оны 4 сараас Токиогийн Гадаад Судлалын Их Сургуульд зочин профессороор ажиллах юм, энэ үеэр бид японы эрдэмтэдтэй хамтран “Монгол хэлшинжлэлийн номзүй”, “Дэлхий дахинаа тархсан монгол номын нэгдсэн каталоги хийх” дараагийн томоохон төсөл дээр хамтран ажиллах санал тавихаар сэтгэл шулуудаад байгаа. Мөн Английн Телеграмм бүүкс гэдэг хэвлэлийн газартай хамтран монголын эмэгтэй зохиолчдын үгүүлэлүүдийг англи хэлээр орчуулан хэвлүүлэхээр сая тохироо хийсэн. 2008 онд “Элбэрэл” нэртэй монгол эмэгтэй зохиолчдын үгүүлэлийн ном барууны номын дэлгүүрүүдээр гарна.
§ Таны номуудыг ажиглаж байхад гадаадад хэвлэгдсэн ном хэд хэд байна, хаана яаж хэвлүүлсэн бэ, ер нь гадаадад ном хэвлүүлэх хэцүү юү, тэр тусмаа монгол судлалын номыг яаж хэвлүүлдэг юм бэ?
Би хэд хэдэн ном гадаадад хэвлүүлсэн. Гэхдээ энэ бол тийм амар байгаагүй. Зах зээлийн эрэлт хэрэгцээ, уншигчдын шаардлага гэдэг юм ном хэвлэлд хамгийн чухал байдаг бөгөөд гадаадын хэвлэлийн газруудын ганц шалгуур нь энэ байдаг юм билээ. Би Англид Лондоны Их Сургуульд багшилж, ажиллаж байхдаа бараг хорь, гучин хэвлэлийн газруудад захиа бичиж байж ердөө хоёроос нь нааштай хариу авч байсан. Хариу ирэхгүй бол бүтэхгүй гэж ойлгож болно.
Дэлхийн 50 гаруй хэлний сурах бичиг ном хэвлэсэн Английн Рутлеж хэвлэлийн газартай хамтран “Монгол хэлний ярианы сурах бичиг” буюу “Colloquial Mongolian” ном, Австралийн Lonely Planet хэвлэлийн газартай хамтран “Mongolian Phrasebook” ном хэвлүүлсэн. Ярианы сурах бичиг нь Япон, Англи, Герман, АНУ, Канад зэрэг дэлхийн томоохон их сургуулиудад сургалтандаа ашигладаг сурах бичиг болсон, харин “Монгол ярианы дэвтэр” нь манайд ирдэг англи хэлтэй жуулчдын халаасны ном болоод удаж байна даа. Англид байдаг монголч эрдэмтэн Өргөнгөө Онон гуай надад нэг удаа хэлж байсан юм. “Монгол судлалын чиглэлийн, монголын тухай номыг 10 мянган хувиас их хэвлүүлэх боломж байдаггүй юм” гэж. Тэр үнэн байсан. Гэхдээ бид монголд 300 ном хэвлүүлчихээд яах уу, ийх үү гэж амьсгаадаж сандарч байгаагийн хажууд 10 мянга чинь тоо л доо. Харин бид дээрх номуудынхаа ашиг буюу рояалтийг жил бүр тооцох авч байх гэрээтэй юм. Эндээс хөөрхөн орлого олноо.
§ Та бол их дээд сургуулийн сурах бичиг, гарын авлага хийх талаар нэлээд ажилласан, туршлагатай хүн байна, харин бүх шатны сургууль, боловсролын талаар ямар бодолтой явдаг хүн бэ? Тухайлбал монгол монгол улсын их сургуулийн талаар, өөрөө бас нэлээд хугацаанд салбар сургуулийнх нь захирал байлаа?
Энэ дээр би маш өөр бодолтой явдаг. Манай боловсролын тогтолцоонд Америк, Английн боловсролын зарчим, аргачлалыг шууд хуулбарлан хэрэглэж эхлээд байна. Хамгийн гол дутагдал удирдлагын арга барил хэтэрхий хоцрогдсон, тухайлбал дээд боловсролын удирдлага, менежментийг мэддэг хүн удирдахгүй байна. Манайх шиг цөөхөн хүнтэй, өрсөлдөөн ихтэй оронд бол энэ барууны тогтолцоог шууд хуулаад таарахгүй гэж би боддог. Учир нь англи шиг 60 сая, америк шиг 300 сая, япон шиг 130 сая хүнтэй орнуудад энэ байдал тохирно, таарна. Учир нь ийм орнуудад массын буюу public боловсрол гэдэг юмыг үндсэнд нь орхигдуулсан байдаг юм. Санаатай ч юм уу, санамсаргүй ч юм уу мэдэхгүй. Тийм учраас энэ орнуудын шинэ засгийн газар, шинэ ерөнхий сайд, ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн нэг томоохон дөрөө нь нийтийн боловсролыг өөд татах асуудал болоод олон он жил болж байна. Монгол улсын хувьд боловсрол, соёл, шинжлэх ухаан бол улс төрийн тоглоом боллоо. Одоо 90 ээд оноос хойш сайд болсон хүмүүсийг хар даа. Их сургуулийн байтугай дунд сургуулийн талаар ойлголтгүй нөхдүүд л улс орны хамгийн чухал салбар болсон боловсролоор тоглоод дуусч байна. Их дээд сургуулиудад өөрчлөлт шинэчлэл явагдахгүй байна. Нэг шинэ сайд томилогддог дээрээс нь явж байтал өөрөө хусагдчихдаг тэгээд л дахиад шинэ сайд.
Өөр нэг тушаа болж байгаа зүйл бүл үнийн асуудал. Өнөөдөр монголд бараг бүх юмны үнэ чөлөөтэй болсон гагц их дээд сургуулийн үнэ чөлөөлөгдөхгүй байна. Ингэж үнийг хүчээр барьж байгаагаас болж бүх зүйл болохыг больж байна. 700-аас 4000 доллар хүртэл үнэтэй хувийн дунд сургууль байхад Монголын урдаа барьдаг их сургуулийн жилийн төлбөр чүү чай 600000 хүрэх гээд л ядаж байна шүү дээ.
Мөн их дээд сургуулийн менежменттэй холбоотой асуудал ч олон бий. Одоо манай их сургуулийг жишээ болгож ярья л даа. Жишээлбэл саяхан манай залуу багш нарын санаачлан байгуулсан “МУИС реформ клуб” гэдэг байгууллагаас бүх багш нарын дунд санал асуулга явуулж дүнг нь гаргалаа. Их сургуулийн профессор багш нарын сэтгэл ханамж, үндсэн үйл ажиллагааны чанар, үр нөлөө, удирдлагын тогтолцоо, чадавхи, профессор багш нарын нийгмийн асуудал гэсэн үндсэн дөрвөн асуудлаар 70 орчим асуулттай судалгаа явуулахад нийт багш нарын 70 шахам хувь хамарагдсан байна. Үүнээс багш нарын сэтгэл ханамж 40%-тай, 63.2% нь бараг урсгалаараа явж байгаа гэсэн, удирдлагын тогтолцоо сайнтай муутай гэсэн нь 44,3% байна. Иймэрхүү үр дүн гарсан. Ийм учраас МУИС-ийг өөрчлөх шинэчлэх клубийг өргөтгөх, нийт багш нарыг хамарсан үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байна. Монгол Улсын урдаа барьдаг гэгддэг цорын ганц их сургууль ийм байхад бусад сургуультай бол ярихад хэцүү л дээ.
§ Сурах бичгийн талаар?
Сурах бичиг мөн адил. Монгол шиг цөөн хүн амтай, өрсөлдөөн ихтэй, зах зээл багатай оронд бол аль ч чиглэлийн сурах бичиг хамгийн сайн нэг л байх ёстой. Гэхдээ хамгийн гэдэг харьцангуй ойлголт л доо. Тэгэхгүй бол өнөөдөр энэ ажил зүгээр баахан хүний тоглоом болж байна. Бие биенээсээ хуулж, нууж нэг хэсэг нь бичээд, тендер гэж уралдуулж нэг хэсэг нь тоглож хуйвалдаж хахуульдаж, ил далд хэвлээд дараа нь тараах гэж талын нэг болгоод ингээд баллаж байна шүү дээ. Ер нь одоо аль ч бизнесийн салбарт хөөрхөн жижигхэн акул маягийн юмнууд гарчихсан байна шүү дээ, тэд нар чинь багуудаа бариад идчихэж байна. Энэ бол зах зээлийн жаяг хууль гэхээсээ танил тал, хамаатан садан, хуйвалдагчдид, хээл хахуулчдын ажлын үр дүн. Харин тайлбарлахдаа зах зээлийн хууль гэдэг гоё пайз зүүчихээд дээрээс нь ангайгаад хараад сууж болохгүй юм. Эцсийн дүнд энэ олон сурах бичгийг яг жигд хэрэглэж чадахгүйгээс болж хүүхэд хохирох, нийгмийн, тэр тусмаа тэнэг хүмүүсийн золиос болох магадлал маш өндөр байна. Ер нь бол сурах бичгийн эцсийн үр дүн бол өнөө маргааш биш арав, хорин жилийн дараа гардагаараа онцлогтой гэдгийг боловсролын бодлого барьдаг улс ухаарах учиртай. Тийм учраас ямар ч хичээлээр хамгийн сайн гэх нэг нэг л сурах бичигтэй байх хэрэгтэй, харин түүнийг хамгийн шударга, зөв сайн шалгаруулж тогтоох аргачлалыг л бид бодож олох ёстой юм.
§ Монгол хэл бичгийн талаар жаахан ярилцах уу? Өнөөдөр хэл, бичгийн тухай асуудал нэлээд хөндөгдөж, яригдаж байна. Бид ер нь ямар бичигтэй байвал зохих улс юм бэ? НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2008 оныг олон улсын хэлний жил болгон зарласан байна. Та бүхэн юу хийхээр төлөвлөж байна?
Хэл, бичиг хоёр бол нэг юмны хоёр тал. Хэлийг бол ямар ч дүрсээр илэрхийлж болно. Тийм учраас бид монгол хэлээрээ яриад, орос бичгээр бичээд сууж байна. Аль ч оронд хэл бичгийн тухай асуудал хүнд, маргаантай асуудалдаа орно. Яагаад гэвэл энэ бол тухайн орны бие даан орших, тусгаар тогтнох нэг чухал үндэс болдог. Монголын хувьд бид олон зуун жилийн саад бартаа, нугачаанд шалгаран үлдсэн монгол бичгээ л хэрэглэх ёстой улс байгаа юм. Хэн хүний мэдэх түүх, нийгмийн тодорхой учир шалтгаанаас болоод бид орос үсэг хэрэглэх болсон боловч өөрсдөө гүн ухамсарлаж, эр зоригийн болоод эдийн засгийн зоримог алхам хийж чадвал монгол бичгээ улсынхаа төрийн бичиг болгох боломж бий. 1990-ээд оны эхээр Лувсанжав багш маань оройлон монгол бичгийн төрийн бичиг болгох мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн нь тун сайхан зоримог хэрэг байсан боловч тухайн нөхцөл байдал тохироо нь үнэхээр бүрдээгүй байсан учраас унасан. Ядаж өнөөдрийнх шиг эдийн засгийн чадавхитай жаахан төлөвшиж, эхнээсээ хөл дээрээ боссон байсан бол өдийд бид монгол бичгээрээ жигдэрчихсэн байх цаг хугацаа өнгөрчихөөд байна.
Монгол хүний хамгийн нандин бахархал бол нэгдүгээрт газар нутаг, эх орон, дараа нь эх хэл, бичиг байх учиртай. Бидэнд эх хэл нь байна, бичиг нь алга. Монголчууд минь даан ч монгол бичгээ сурья гэж мэрийхгүй юмаа, энэ үнэхээр харамсалтай байна. Монгол хүн хэзээ монгол бичгээ санадаг, хэзээ бахархдаг, хэзээ харамсдаг вэ гэхээр гадаад оронд явахдаа л санадаг юм билээ. Монгол хүн чинь нэрэлхүү шүү дээ. Гадныхан танайх ямар бичиг, үсэг, хэл соёлтой улс вэ гэхээр л кирил үсгээр бичвэл наадах чинь орос үсэг байна шүү дээ гэж хэлүүлэхээс нэрэлхэж худлаа үнэн нэрээ доош нь арзайлган бичдэг монгол хүн би олныг мэдэх юм.
Харин одоо бол монгол бичиг авах тухай ярих хүн их цөөрч байна, төрийн албан хаагч нар монгол бичигтэй болчих вий гэхээс яс нь хавтайж байна, харин бүр эсрэгээр латин үсэг хэрэглэх авах тухай асуудал төрийн хэмжээнд яригдаж төсөл хэрэгжиж байгаа. Би бол монгол бичгийнхээ төлөө хэзээд ч байх болно. Үүний төлөө өчүүхэн боловч тусыг хийхийн төлөө би ажиллаж байгаа.
2007 онд НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн Чуулганаас 2008 оныг олон улсын хэлний жил болгон зарласан юм, 2000 оноос хойш жил бүрийн 2 дугаар сарын 21 – ийг эх хэлний өдөр болгон тэмдэглэдэг болоод 8 жил болж байна. Энэ тунхагын дагуу бол тухай тухайн орондоо эх хэлтэйгээ холбогдсон олон төрлийн ажил өрнүүлэх учиртай юм билээ. Манайхан энэ жил тусгай төлөвлөгөө гарган жилийн турш ажиллах байх, ялангуяа нийт насны хүмүүсийн дунд төрөлх хэл, эх хэлээ дээдлэх, хүндлэх, мэдэх, сурах ойлгох тал руу нь нэлээд ажил хийх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Манай эцэг эхчүүд эх хэл чухал хэрэгтэй гэдгийг л нэг ойлгох хэрэгтэй байгаа юм, ингэсэн тохиолдолд маш их дэвшил өөрчлөлт гарна, хууль эрхзүйн талаас нь бас хөших зүйл нэлээд байдаг үүнийг бас мэргэжлийн байгууллагууд хийх учиртай. Манай монгол хэлний, эх хэлний багш нар маань энэ талаар их сайхан санаа оноотой явдаг юм билээ. Олон ажил санаачлан дэмжиж хийх байх гэж найдаж байна.
§ Кирил бичгийн дүрмийг өөрчлөх сайжруулах тухай яригдаж байсан тэр юу болсон бэ?
Энэ талаар манай хэлний мэргэжилтэнгүүд МУИС, БИС, ХЗХ дээр хэд хэдэн удаа ярьсан, янз бүрийн санаа оноо гарсан. Ер нь бол монгол бичгийн үгийн үндэс эвдэрдэггүй гол зарчимыг л гол болгож хийсэн байсан, тэр хийсэн улсууд нь. Миний бодлоор хоёрын хооронд ингэж байснаас зүгээр л монгол бичигээ зоригтой авах эсвэл латин үсгийнхээ дүрмийг монгол бичгийнхээ зарчмаар хийгээд авчих л хэрэгтэй гэж боддог хүн. Аргаа барвал кирилээсээ латин нь арай илүү юмаа.
§ Хэлшинжлэлийн хүнээс хэлний боловсрол, мэдлэгийн талаар асуухгүй өнгөрч болохгүй байх?
Манайханд нэг нийтлэг буруу ойлголт байдаг юм. Монгол хэл буюу эх хэл бол юу ч биш, энүүгээр ярьж чадахгүй, бичиж чадахгүй хэн байдаг юм бэ гэсэн шиг нэг ийм муухай үзэл бараг хүн бүрт байна шүү. Ялангуяа эцэг эхүүдэд. Үүнийг монголчууд бүгдээрээ мэдэж өөрчлөх цаг болсон байна. Тэгээд гадаад хэлийг шүтэн биширч, эх хэлээрээ бүрэн сэтгэж бодож эхлээгүй, сураагүй байхад нялх амьтадыг гадаад хэлний дагнасан сургуульд оруулах юм уу, гадаадад гаргаж байна. Энэ бол маш том алдаа. Ямар олон хүн хүүхдүүдээ Хятад руу цөлж байна, ямар олон хүн боловсорч цэгцэрч дуусаагүй хүүхдүүдээ Англи, Герман, Англи, Японд гаргаж замыг нь алдуулж байнаа. Энэ бол үнэхээр харамсалтай. Гадаад хэл сурахаараа болчихдог гэсэн ойлголт үеэ өнгөрөөж байгаа шүү. Үүний чинь цаана суурь боловсрол гэдэг нэг чухал юм байгаа, үүнийг манай эцэг эхчүүд ерөөсөө ойлгодоггүй, гадаад хэлтэй болчихоор л болоод явчих юм шиг төөрч будилсан хүн олон байна. Манай ерөнхий боловсролын сургалт хөтөлбөр одоохондоо сайн байна, яваандаа юу болохыг бид мэдэхгүй, одоохон зуураа л сайн хэвээрээ байна, үүнийг ашиглаж харин хүүхдүүдээ сургаж аваач гэж хэлмээр байна. Ер нь дэлхий нийтээрээ хэтэрхий багаас нь сургуульд сургаж байгааг шүүмжилж эхлээд байна. Ялангуяа манайх шиг нүүдлийн ахуйтай оронд малчдын хүүхдийн боловсролыг маш сайн анхаарч байх хэрэгтэй, ганцхан Улаанбаатарыг бодоод хууль хийгээд байж таарахгүй л дээ.
Өөр нэг миний хэлэх зүйл бол телевиз радио зэрэг хүчтэй мэдээллийн хэрэгслээр эх хэлээ бузарласан, загвардсан, маягласан, ээрч муурсан, бие биеээ дууриаж жүжиглэсэн энэ бүдүүлэг алдаагаа үүнийг хэрэглэж байгаа хүн бүхэн анхаармаар байна. Тэр тусмаа телевиз бол маш хүчтэй зэвсэг. Нэг хүн маяглаад нэг буруу бүтэц, буруу хэлбэржилтээр юм хэлэхэд л бусад нь дууриадаг энэ хачин үед нээрээ маш их анхаармаар байна. Ялангуяа энэ радио телевизээр байнга ярьдаг улс төрийнхөн, урлагийнхан, одууд гээд байгаа хүмүүст хандаж хэлмээр санагддаг юм. Гадаад хэлний бүтэц, загвар, хэн нэг хүний хэлсэн буруу бүтэц зэргийг загвардан олонд тараах нь тун аюултай. Уг нь хэл бол өөрийн хуультай, дархлаатай авахыгаа авч, хаяхаа хаядаг тогтолцоотой л доо. Гэвч нийгэмд хор учруулах хэлний муу боловсролоос аль болох зайлсхийх хэрэгтэй юм. Тухайлбал сүүлийн үеийн бүх телевизүүд анхаарлаа хандуулж байгаад баярлалаа, ямартаа ч, тэгдэг байгаа, ингэдэг байгаа, тэгээд авна лээ, ингээд авна лээ гэх мэт үндсэн алдаатай хэлбэр, бүтцийг байнга ашиглах боллоо. Энэ маш буруу. Хэл хэдийгээр хэрэгтэй юмаа авдаг, хэрэггүй юмаа хаядаг өөрийн дархлаатай боловч илэрхий буруу зүйлийг манайхан ингэж хэвшүүлж лавшруулж болохгүй.
§ Цаашидын судалгааныхаа талаар ярихгүй юу? Юу хийх гэж байна, ямар төлөвлөгөөтэй байна?
Миний одоо хийж байгаа нэг ажил бол “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь бичиг” юм. Үүнтэй олон жил зууралдаж байна, үүний үр дүнд 10 боть толь бичгийн ерөнхий ноён нуруу боссон, одоо чимхлүүр хар ажлыг нь нухаж байна. Миний нэг хамгийн дотны найз энэ төслийг босгоход тусласан юм. Нэлээд өндөр өртгөөр босож байгаа. Ойрын хэдэн жилд хийх миний ажил энэ байх болов уу? Бид чинь үндсэндээ 40 гаруй жил монгол хэлний буюу эх хэлнийхээ толь бичиггүй байлаа шүү дээ, 1966 онд гаргасан Цэвэл гуайн толь ч олдохоо байлаа, шинэ сэргэг үг хэллэг олон байна. Хэл баяжиж, хөгжиж байна. Гэхдээ өнгөрсөн жил их монгол улсын 800 жилийн ойгоор Дамбажав гэдэг хүний хоёр боть сайхан толь гарсан. Би бол хийж л чадвал хэдэн ч толь гарч байх нь зүйтэй гэж үздэг хүн. Дэлхийн бусад орнууд ч тийм л байдаг. Ер нь би өөрийн багш Лу багшийгаа дагаж тольтой жаал зууралдсаных ч юм уу, юм л бол толины ажил барьж авчих гээд байдаг хүн байгаа юм. Саяхан Оксфордын Их Сургуулийн хэвлэлийн газар манай Адмон компаний хамтран хэвлүүлсэн “Англи-Монгол толь”-ийн хоёрдахь хэвлэлийг редакторлож дууслаа, одоо удахгүй хэвлэгдэнэ. Мөн монгол-нийгэм хэл шинжлэлийн чиглэлээр судалгааны төсөл хэрэгжиж байгаа, дараа жилээс “Монгол хэлний хоршоо үгийн дэлгэрэнгүй толь бичиг” төсөл хэрэгжиж эхлэнэ.
§ Цаг заваа гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа.
Ярилцсан Ц.Гантөмөр
“Цаг төр хүмүүс” сэтгүүлийн 2008 оны №46, 47 дугаарт өгсөн ярилцлага
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.