Jul 18, 2010

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хамтарсан Мэдэгдэл

http://origo.mn/24tsag/2006/05/11/416
Origo.mn 2006/05/11 - 06:15, Пүрэв гараг
-------------------------------------
1. Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Ну Мү Хён Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын урилгаар 2006 оны 5 дугаар сарын 7-ноос 10-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн анхны төрийн зочин Ерөнхийлөгч Ну Мү Хёнийг Монголын төр, ард түмэн халуун дотноор хүлээн авав.
Ерөнхийлөгч Ну Мү Хён монголын ард түмэнд 800 жилийн ойд нь баяр хүргэв.

Айчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, БНСУ-ын Ерөнхийлөгч Ну Мү Хён нар хэлэлцээ хийв. Монгол Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж, Ерөнхий сайд М.Энхболд нар Ерөнхийлөгч Ну Мү Хёнд бараалхав. Монгол Улс, БНСУ-ын дээд хэмжээний уулзалт найрсаг уур амьсгалд болж, хоёр орны төрийн тэргүүн нар Монгол Улс, БНСУ-ын харилцааны цаашдын хөгжил, бүс нутгийн байдал, олон улсын талбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцож, нэгдмэл ойлголцолд хүрэв.

2. Хоёр орны харилцаа Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон тухай 1990 оны 3 дугаар сарын Протокол, Монгол Улс, БНСУ-ын гаргасан 1991 оны 10 дугаар сар, 1999 оны 5 дугаар сарын Хамтарсан мэдэгдлүүдийн үзэл санааны дагуу бие биеэ нөхсөн хамтын ажиллагааны зарчмын үндсэн дээр эрчимтэй хөгжиж ирснийг хоёр орны төрийн тэргүүн нар өндөр үнэлж, сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч нар хоёр талын харилцааг тууштай хөгжүүлэх нь Монгол Улс, БНСУ-ын эрх ашигт төдийгүй бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болно гэж үзэж байгаагаа илэрхийлээд хоёр орон Зүүн Хойд Азид орших хөрш орнуудын хувьд цаашид улс төр, эдийн засаг, соёлын бүхий л салбарт хамтын ажиллагаагаа “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”-ийн зарчмын үндсэн дээр хөгжүүлэхээр тохиров.

3. Хоёр орны төрийн тэргүүн нар Монгол Улс, БНСУ-ын улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрснийг тэмдэглээд ”Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор төр, засаг, улс төрийн намуудын дээд, өндөр болон бусад түвшний айлчлалуудыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Монгол Улс, БНСУ-ын харилцааны асуудалд голлох үүрэгтэй хоёр улсын Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагаа, зохицуулалтын механизмыг өргөжүүлж, боловсронгуй болгохоор тогтов.

4. Хоёр тал Монгол Улс, БНСУ-ын түншлэлд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны ач холбогдлыг тэмдэглээд худалдаа, хөрөнгө оруулалтыг өсгөх чиглэлээр бүх талын хүч чармайлт гаргаж, хамтран ажиллах ирээдүйтэй салбаруудыг харилцан дэмжихээр болов. Тухайлбал, Монголын байгалийн баялгийг БНСУ-ын технологи, хөрөнгөтэй хослуулсан уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын дэд бүтцийн хөгжлийг дэмжих үүднээс эрчим хүч, барилгын салбарт хамтран ажиллах, мэдээллийн технологийн боловсон хүчин бэлтгэх, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар тохиров. Ирээдүй рүү чиглэсэн энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд төрийн болон хувийн хэвшлийн зөвлөлдөх сувгуудыг бий болгохоор тогтов. Үүнтэй холбогдуулан айлчлалын үеэр хоёр орны үйлдвэр, худалдаа, хөдөө аж ахуй, ашигт малтмал, барилга, хот байгуулалт, зам, тээвэр, мэдээллийн яам, газруудын хооронд ажил хэргийн уулзалт хийж, хамтын ажиллагааны тухай санамж бичгүүд байгуулсныг Ерөнхийлөгч нар сайшаав.

5. Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монгол Улс ардчилал, шинэчлэлтийн замаар тууштай урагшилж байгааг тэмдэглээд БНСУ-ын тусламж дэмжлэг Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв. Ерөнхийлөгч Ну Мү Хён Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэхэд БНСУ цаашид ч хамтран ажиллахаа мэдэгдэв.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монгол Улсын хөгжлийн 2021 он хүртэлх цогц хөтөлбөр боловсруулж байгааг мэдээлж, энэ ажлын хүрээнд БНСУ-ын хөгжлийн туршлагыг ашиглах, хоёр орны хамтын ажиллагааг уг хөтөлбөртэй уялдуулан зохицуулах эрмэлзэлтэйгээ уламжлав. Ерөнхийлөгч Ну Мү Хён Монгол Улс ийм хөтөлбөр боловсруулж байгааг өндөр үнэлээд БНСУ түүнд дэмжлэг үзүүлэх, эдийн засагч, мэргэжилтнүүд илгээхээ мэдэгдэв.

Монголын тал БНСУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас хөнгөлөлттэй зээл авах хүсэлт тавьсны дагуу солонгосын тал “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах систем”, “Холбоо, хяналт, мэдээллийн сүлжээ” төслүүдэд зээл олгохоо мэдэгдэв. Мөн мэдээллийн технологийн салбарт тусламж үзүүлэхийг монголын тал хүссэний дагуу солонгосын тал гааль, шуудан холбооны үйлчилгээ, засаг захиргааны байгууллагад шинэ технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх асуудлыг нааштай авч үзэхээр болов.

6. Хоёр Ерөнхийлөгч шар элсний нүүдэл, цөлжилттэй тэмцэх үүднээс байгаль орчны хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, шувууны ханиад болон гоц халдварт бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах зэргээр эрүүл мэнд, хорио цээрийн салбарт хамтран ажиллахаар тогтов.

7. Хоёр тал Монгол, Солонгосын түүх, соёлын өнө удаан жилийн хэлхээ холбоо нь хоёр орны харилцааны хэтийн хөгжлийн чухал суурь болж байгааг тэмдэглээд боловсрол, соёл, спортын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эртний түүхийн судлал, археологийн хамтарсан хайгуул хийхээр болов.

Монголын тал БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутан аспирантын тоог нэмэгдүүлэх, ялангуяа мэдээллийн технологи, инженер, техникийн нарийн мэргэжлийн хүмүүсээ түлхүү суралцуулах хүсэлт тавьсныг солонгосын тал анхааралдаа авав.
Хоёр орны төрийн тэргүүн нар монгол, солонгосын ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх үүднээс орон нутгийн байгууллага, олон нийтийн нийгэмлэгүүд, иргэдийн шууд солилцоог дэмжих, ялангуяа залуучуудын солилцоог өргөжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Үүнтэй холбогдуулан хоёр орны консулын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулахаар санал нэгдэв.

Хоёр тал “Нийгмийн хамгааллын хэлэлцээр”, түүнийг хэрэгжүүлэх “Удирдлагын тохиролцооны гэрээ”-нд үсэг зурсанд Ерөнхийлөгч нар баяр хүргээд энэхүү хэлэлцээрийг даруй хүчин төгөлдөр болгосноор хоёр орны иргэдэд нийгмийн даатгалын шимтгэлийг давхардуулж ногдуулахгүй болж, хөдөлмөр эрхлэгсдийн нийгмийн хамгааллыг сайжруулахад тус нэмэр болно гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

8. Хоёр орны төрийн тэргүүн нар Монгол Улс, БНСУ сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншүүдийн хувьд Зүүн Хойд Азийн бүс нутгийн хөгжил цэцэглэлийн төлөө хамтран ажиллах нь чухал гэж үзэв.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр Солонгосын хойгийн болон Зүүн хойд Азийн энх тайван, хамтын хөгжил цэцэглэлийн төлөө БНСУ-ын Засгийн газрын хүчин чармайлтыг үнэлээд Өмнөд, Хойд Солонгосын харилцааны асуудлууд БНСУ, БНАСАУ-ын 2000 оны 6 дугаар сарын Хамтарсан Тунхаглалын үзэл санааны дагуу урагшлана гэж найдаж, мөн Умард Солонгосын цөмийн асуудлыг 2005 оны 9 дүгээр сард Зургаан талт хэлэлцээний дөрөвдөх удаагийн уулзалтаас гаргасан Хамтарсан Мэдэгдлийн агуулгад тулгуурлан амжилттай шийднэ гэж итгэж байгаагаа илэрхийлэв.

Цөмийн зэвсгээс ангид байх статусаа олон улсын хэмжээнд баталгаажуулах талаар Монгол Улсын тавьж буй хүч чармайлт нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх горимыг бэхжүүлэх, Зүүн Хойд Ази болон бусад бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах чухал арга хэмжээ гэж үзэж, түүнийг БНСУ дэмжиж байгааг Ерөнхийлөгч Ну Мү Хён илэрхийлэв.
2012 оны олон улсын ЭКСПО үзэсгэлэнг БНСУ-ын Ёсү хотноо зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх БНСУ-ын хүсэлтийг анхааралтай судлан үзэх тухай байр сууриа монголын тал илэрхийлэв. Монгол Улсыг АСЕМ-д элсэхэд дэмжихээ солонгосын тал нотлов.

Талууд НҮБ болон олон улсын тавцан дээрх хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ нотлоод хүний эрх, ардчилал зэрэг нийтлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад тус дөхөм үзүүлэхээ илэрхийлж, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, олон улсын терроризм, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг, хар тамхи, санхүү, эдийн засгийн болон өндөр технологийн гэмт хэрэг гэх мэт дэлхий нийтийн шинжтэй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллахаа мэдэгдэв.

9. Хоёр орны төрийн тэргүүн нар Ерөнхийлөгч Ну Мү Хений Монгол Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болсонд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, энэхүү айлчлал хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах чухал үйл явдал болсныг үнэлэв.
Ерөнхийлөгч Ну Мү Хён найрсгаар хүлээн авч зочилсон Монгол Улсын төр, ард түмэнд талархлаа илэрхийлж, Ерөнхийлөгч Н.Энхбаярыг тааламжтай цагтаа БНСУ-д айлчлахыг урив. Ерөнхийлөгч Н.Энхбаяр урилгыг талархан хүлээн авав.

2006 оны 5 дугаар сарын 09
Улаанбаатар хот

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...