Jul 9, 2010

Монгол монголоороо үлдэхэд хэлний дархлаа чухал

http://www.mongoliandream.mn/ сайтаас
-------------------------------------
М.САРУУЛ-ЭРДЭНЭ - МУБИС-ийн багш, АНУ дахь Монгол Соёлын Төвийн тэргүүн, доктор:

“Монгол монголоороо үлдэх нь” гэсэн ойлголтыг эх хэлтэйгээ, эх хэлнийхээ дархлаатай холбон ойлгодог хүн учраас миний бие энэ талаар ярья. Юуны өмнө хэлэхэд, дэлхийн бүх улсын, бүх үеийн боловсролын түүхэнд ерөнхий боловсрол олгохдоо хэл бичиг, тоо бодлого хоёрыг тусгайлан үзэж, сууриа болгодог юм. Эх хэл, бичиг нь тухайн улсын тусгаар тогтнолтой холбоотой байдаг учраас, бусад бүхий л ном ухааны үүд хаалга нь болдог учраас хамгийн чухал хичээл гэж авч үздэг юм байна л даа.

Ер нь тусгаар тогтносон улс бүр өөрийн гэсэн хэлтэй байх ёстой гэсэн бичигдээгүй хууль байдаг, тэр хууль нь хүмүүсийн сэтгэлгээнд маш хүчтэй нөлөөлдөг. Жишээ нь, норвеги, дани хоёр хэлтэн уулзаад ярихад, манай хоёр өөр аймгийн хүн л уулзаж байгаа аятай, нэгнээ шууд ойлгох боловч, хэзээ ч нэг нь нөгөөгийнхөө аялга гэж хүлээн зөвшөөрдөггүй, тусгаар тогтносон улсууд учраас норвеги, дани хэмээх хоёр өөр хэл байна гэж үзсээр ирсэн байна. Бас Их Британи, Америк, Австрали улсууд адилхан англи хэлээр ярьдаг боловч аялгууныхаа ялгаан дээр суурилаад Америкийн англи хэл, Британийн англи хэл гэхчлэн ялгаж үзэх нь их боллоо.

Эндээс хамгийн түрүүнд бид даяаршлын энэ эрин үед юу нь даяаршиж, бас юу нь даяаршихгүй үлдэх хэрэгтэй вэ гэдгийг сайн ойлгох ёстой юм. Мэдээж хэрэг, шинэ техник технологийг монгол түмэн заавал хүлээж авах ёстой. Тэгж байж бид соёлт хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхана. Гэвч даяаршуулчилгүй авч үлдэх ёстой цөөн хэдэн зүйл байгаагийн хамгийн чухал нь монгол хэл, монгол бичиг, монгол соёл юм аа. Яагаад хэл, соёлыг даяаршуулж болохгүй вэ? Яагаад гэвэл түүхэнд хэл соёл нь даяаршихаар, улс үндэстэн нь дагаад даяаршаад, дампуураад алга болсон тохиолдол олныг бид мэднэ. Манай хоёр хөрш ялангуяа, “даяаршил” гэж одоо л яриад байгаа болохоос биш, улс дотроо жижиг үндэстнийг уусган “даяаршуулж” сурсан ард түмэн. Буриад-Монголын Автониомит Улс гэж байсан, яалаа? Нэрнээс нь Монгол нь эхэлж алга болоод, тойргууд нь нэг нэгээрээ Эрхүү, Чита мужид ууссаар байгаад одоо юу үлдэж байна? Мөн Хятад улс олон жижиг үндэстнийг ингэж л уусгасан. Манж гэж түүхэнд монголчуудын дараа гарч ирсэн хичнээн том, агуу үндэстэн байлаа, одоо байхгүй. Яагаад байхгүй болсон бэ гэвэл хамгийн түрүүнд хэл нь ууссан учраас тэр юм. Хятадаар ярьж эхлээд, дараа нь хятад соёлд дуртай болсон. Америк бас байна. Уугуул индиануудынх нь хэлнүүд бараг бүгд мөхчихлөө. Хэл бол нэгд, тухайн хэлээр хэлэлцэгч ард түмэн нь үгүй болбол мөхдөг, хоёрт, ард түмэн нь байсаар байтал өөр хэл түрэмгийлж орж ирэх юм бол бас мөхдөг эмзэг эд.

Тэгэхээр бид өөрсдийгөө хамгаалъя гэвэл, Монголоо монголоор нь авч үлдье гэвэл эхлээд хэлээ хамгаалах хэрэгтэй юм байна гэж ойлгож болно. Орчин үед технологийн хөгжлийг дагаад гаднаас дэлхийн том том орнуудын хэл довтолж эхэлж байна. Тиймээс манайхан “монгол хэл маань үгүй боллоо, гадаад үг маш ихээр орж ирлээ, гадаад нэр томъёо хэрэглэлээ” гээд л ярих, бичих болжээ. Үнэхээр тийм аюул байна уу гэвэл байгаа. Гэвч хамгийн айхтар аюул нь хэлэнд чухам юу болох тухай тайлбарлах гээд оролдъё. Гадаад үг орж ирнэ гэдэг нь бүр хяналтгүйгээр бөөнөөрөө орж ирэхгүй л бол тийм ч айх зүйл биш юм. Яагаад гэвэл хэл өөрөө нээлттэй тогтолцоо, нээлттэй байж хөгждөг. Гадаадын нэг ч үг аваагүй хэл гэж дэлхийд огт байхгүй. Үгийн сан гэдэг бол угаасаа хэлний хамгийн эмзэг, хувирамтгай хэсэг юм. Үгийн санг амь судлалаар зүйрлэх юм бол хэлний фенотип буюу гадаад төрх нь байдаг. Харин бид хэлнийхээ генотип буюу гени рүүгээ алдаж болохгүй. Авиазүй бол хэлний генотип нь билээ. Гадаад хэлний авиа яг тэр чигээрээ монгол хэлэнд орж ирээд, байр сууриа эзлэх аваас хэлнийхээ генийг бид алдаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл эрт үеэс монголчууд хэлний дархлаатай, хэл нь өөрийгөө хамгаалдаг байж л дээ. Харь хэлнээс үг авахдаа өөрийнхөө зүй тогтолд тохируулж, монголжуулж авдаг байж. Самгард хэлний “шлока” гэдэг үг монголд орж ирэх болов, түүнийг авахгүй биш авна, хэрэгтэй үг, гэвч монгол хэлэнд “к” гэдэг авиа байхгүй, давхар гийгүүлэгчээр үг эхэлдэггүй, тиймээс “шүлэг” болгоод авсан. Монгол хэлний авиазүйд эгшиг зохицох ёс гэж сайхан дүрэм бий. Гадаад үг монгол хэлэнд орж ирэхдээ эгшгээ зохицуулж, эр эмээрээ ялгарч байх ёстой юм. Саяхныг хүртэл манай хөгшчүүд “клуб”-ыг “хөлөөв” гэж ярьдаг байлаа. “К” гэдэг авиа монгол хэлэнд байхгүй, бас хоёр гийгүүлэгч үгийн эхэнд давхарлан орж болохгүй учир тэр хоёрын дунд эгшиг жийрэглэн, монгол хэлний зүй тогтлоороо “хөлөөв” гэдэг байж л дээ. Орос хэлийг маш сайн сурчихсан, хотын сүрхий орчуулагч байлаа гэж бодъё. Хөдөөний хөгшин “хөлөөв” гэж хэлэх юм бол “та яасан бүдүүлэг хүн бэ, “клуб” гэж хэлээч” гэх байх л даа. Үнэн хэрэгтээ энэ үг хичнээн муухай сонсогдож байвч эх хэлээ хамгаалж байгаа тогтолцоо нь тэр юм. Өөрөөр хэлбэл “хөлөөв” хэмээх үгтэй болсон нь монгол хэл үгийн сан буюу фенотипдээ харь үг авч жаахан гажсан боловч, авиазүйн тогтцоо алдахгүй, генотип нь хэвээрээ байгаа нь тэр юм. Энэ нь хүний биед гардаг идээ, цэврүүтэй яг адилхан. Гар хөлөө зүсэхэд буй болох идээ бээр хичнээн муухай ч, хөөрхий, цусны цагаан эс хорт нянг эсэргүүцэн тэмцээд үхсэн байгаа нь тэр шүү дээ. Хоёр дахь айх зүйлийн тухай ярья. Хэлний нэгэн чухал салбар болох үгзүйг хэл шинжлэлийн ухаанд морфолог гэдэг, анагаах ухаанд ч бас морфолог гэж байдаг. Яг ангаахын морфологтой адилаар хэлзүй, үгзүй гэдэг бол хэлний тулгуур нь болж, дотоод бүтцийг нь барьж байдаг зүйл. Хэлзүй, үгзүй харьшиж эхэлбэл, хүнээр бол биеийн морфологио алдах нь байна шүү дээ.

Нэг жишээ хэлье. Орос хэл монгол хэлэнд маш их нөлөөлж байсан үед “хурал явагдаж байна”, “тэмцээн явагдаж байна” гэсэн хэллэг бий болсон. Одоо бол энэ “явагдах” гэдэг үг жирийн хэрэглээ болчихлоо. Гэтэл энэ нь монгол үгзүйн маш чухал зүй тогтлыг зөрчсөн үг байгаа юм. Тусах, эс тусах үйл үг гэж та бүхэн дунд сургуульдаа үзсэн байх. Тусах үйл үг гэдэг бол нэр үгийг заахын тийн ялгалаар, өөрөөр хэлбэл шууд тусагдахууныг захирах чадалтай. “Уншина” гэх юм бол юуг унших вэ - “номыг уншина”, “иднэ” гэх юм бол “хоолыг иднэ” гэж болно. Гэтэл “унтана” гэх юм бол “юуг унтах” гэж болохгүй, “очно” гэх юм бол “юуг очно” гэх боломжгүй. Тийм үгсийг эс тусах үйл үг гэдэг. Тэгэхээр монгол хэлний үйлдэгдэх хэвийн “-гд” гэдэг нөхцөл дотоод зүй тогтлоороо бол зөвхөн тусах үйл үгийн ард ордог, “номыг уншина” гэхээс гадна ном өөрөө өгүүлэгдэхүүн болох юм бол “уншигдана” гэж болно. “Барилгыг барина”, барилга өөрөө эзэн болох юм бол барилга “баригдана” гэж хэлж болно. Харин хэзээ ч эс тусах үгэнд “-гд” нөхцөл залгадаггүй, “унт” гэдэг нь “унтагдана, “оч” гэдэг нь очигдоно, “ир” гэдэг нь “ирэгдэнэ” болохгүй. “Шарлах” гэдэг эс тусах үйл үг шарлагдана гэж болохгүй дүрэмтэй. Орос хэлэнд хурал цуглааныг “идёт” гэдэг үгээр хэлдэг. Түүнийг нь махчлан орчуулах гэхээр “явж байна” гэж хэлж болохгүй, нөгөөх нь амьд яваад байгаа юм шиг болонгуут манайхан эх хэлнийхээ дүрмийг зөрчин эс тусах үйл үгэнд үйлдэгдэх хэвийн нөхцөл залгаад “явагдах” гэж үг бий болгожээ. Монгол хэлний морфолог буюу үг зүй нөлөөтөж эхэлсэн байна. Ийнхүү хэлний генотип болсон авиазүй, морфолог нь болсон үгзүй хоёроо нөлөөтүүлэн, алдчихаас л маш сайн болгоомжлох, хамгаалах хэрэгтэй юм даа. Залуус гадаад хэлийг их сайн сурч, яг тэр хэлнийх нь дуудлагаар сайхан дууддаг болсон байна. Гэвч гадаад үгийг монгол дуудлагаараа дуудахаас битгий их эмзэглэж, ичээрэй. Жишээ нь “цонх” гэдэг үг нь “чүанху” гэдэг хятад үг юм. Энэ үгийг тэр чигээр нь авснаас “цонх” гэж монгол болгон авах нь дээр байгаа биз дээ. Их сүрхий орос, хятад хэлтэй хүн тэрийгээ үзүүлэх гэж “хөөе найз аа, чүанху-ныхаа форточка-г онгойлгочихгүй юу” гэх нь байна шүү дээ. Тэрний оронд “поорчиг, цонх” гэж хэлсэн нь хавьгүй дээр.

Эх хэлнийхээ юуг нь, хэрхэн хамгаалах тухай яриагаа үүгээр өндөрлөөд одоо гадаад хэлийг нийтээр сурахдаа юуг анхаарах ёстой вэ гэдэг талаар саналаа хэлье. Улс даяараа нэг л харь хэлийг хошууран сурах нь миний үздэгээр бол маш аюултай юм. Сүүлдээ тусгаар тогтнолд маань ч нөлөөлж мэднэ. Социализмын үед бүгд орос хэл сурдаг байлаа шүү дээ. Маш их хошууран, нийтээрээ сурсан учраас олон орос үг ямар ч дархлаагүй орж ирээд, тэр ч байтугай хэлзүй рүү маань халдсан тухай өмнө ярьсан. Одоо яг түүнтэй адилхан англи, хятад хэлийг манай хүүхэд залуус идэвхийлэн үзэж байна. Энэ чиглэлийн их сургууль байтугай дунд, бага сургууль хүртэл олноор бий болжээ. 21-р зуун Хятадын зуун болох юм гэнэ. Эрээн хотод л гэхэд хэдэн зуун хүүхэд хятад хэл сурч байна. Бүгд хятадаар цэвэр ярьдаг болно. Энэ бол гадаад хэл сурч байгаа бахархах зүйл мөн боловч тэд ирээд хоолны газар орохдоо аягүй бол бууз биш “бау-зи” идье гэж хэлж магадгүй. Хятад юм уу англи, орос хэл сурч болохгүй гэж хэлж байгаа үг биш л дээ. Харин бидэн шиг жижиг улс үндэстэн төрийн бодлого гаргаж байж, олон өөр гадаад хэлийг тэгш сурдаг, заадаг болмоор байгаа юм. Оросоос, Америкаас, эсвэл Хятадаас гурван нөхөр ирээд хөдөө ч явсан хятадаараа яриад л, хотод ч ирсэн хятадаараа яриад л, тэр бүгдийг нь монголчууд нэгд нэгэнгүй ойлгоод байх юм бол юу болох сон билээ? Ёстой жинхэнэ дархлаагүй нэвтрүүлж байгаа нь тэр болно биз. Тэгэхээр бид гадаад хэл заавал сурах ёстой, гадаад хэлний боловсрол бол дэлхий ертөнцтэй танилцахад гүүр болдог ч юун түрүүнд эх хэлээ өөрөө сайн сурсан байх ёстой.

Хоёрдугаарт залуус олон хэлийг сонирхдог, сургуулиуд ч өөр өөр хэлийг заадаг баймаар байна. Нэг хэсэг нь францыг, нөгөө нэг нь герман, английг, бас нэг хэсэг нь хятад, орос, испани, солонгос, япон, латин, самгард хэлийг сурдаг байвал монгол хэл маань хамгаалагдана. Гадаад хэлийг сурч эхлэхээр тэр хүний сэтгэлгээ тухайн орны соёл, ёс заншилд нь дуртай болдог. Хэл сэтгэлгээ хоёр шууд холбоотойг эрдэмтэд хэдүйн нотолсон. Хүний тархинд хэл гэдэг их нөлөөтэй зүйл байгаа юм. Тийм учраас би ялангуяа хойд, урд хоёр хөршийнхөө хэлийг болгоомжтой сур л гэж хэлэх гээд байна. Бидний үед бүгд орос хэл үздэг байлаа. Гаднаас ирж байгаа бүх мэдээ мэдээллийг орос хэлээр авдаг. Тэгээд өөрийн эрхгүй орос дуунд, орос кинонд дуртай болно. Би хөл бөмбөгөөр жишээ авах дуртай. Бидний үеийнхэнд хүн бүрт өөрсдийнх нь дэмждэг хөл бөмбөгийн баг байдаг байлаа. Би гэхэд л Германы багийг шүтдэг. Герман тоглоогүй нөхцөлд, өөрөөр хэлбэл дэмждэг баг нь тоглоогүй тохиолдолд миний үеийнхэн болон надаас дээш үеийнхэн бүгд Оросыг дэмждэг байсан, одоо ч бараг тийм байгаа байх. Яагаад гэвэл хэлийг нь сурахаар тэгж элгэмсүү болдог юм. Түүнийг би өөр дээрээ айхтар анзаарсан хүн. 2000 онд би Туркэд, Истанбулын Их Сургуульд нэг жил сурсан юм. Турк хэлийг сурч эхэлснээсээ хойш тэр ард түмнийг хэлээр нь дамжуулан, илүүтэй ойлгож, турк соёлд дуртай болж эхэлсэн. Хэл сэтгэлгээ хоёр шууд холбоотой болохоор, хэлээ дагаад туркийн хөл бөмбөгт ч, турк дуунд ч их дуртай болсон билээ. Арав, хорин жилийн дараа сурсан хэлээрээ караоке гэгч цэнгүүний газар дуулаад сууцгаах үед бидний үеийнхэн “Надежда”-г түрээд явдаг шиг хойч үе маань хятад хит дуу хоороороо дуулж байхыг үгүйсгэх аргагүй. Угаасаа энэ дэлхий дээр муу ард түмэн, муу хэл гэж байхгүй шүү дээ. Жижиг том гэлтгүй бүх ард түмний хэл, соёл нь агуу. Тэр агуу соёлд хэлээр нь дамжин хүн хэрхэн дуртай болдгийг монгол хэл сурч байгаа харийнхнаас ч харж болно.

Хэл сэтгэлгээтэй шууд холбоотой учраас ямар хэл сурах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй юм шүү. Харь газар олон жил ажилласан миний хувьд Монголдоо ажиллахдаа баярламаар сайхан нэг ажигласан зүйл маань гэвэл манай залуус эх хэл, монгол бичгээ маш сайн судалдаг болсон байна. Саяхан Анхдугаар үндсэн хуулийн баяраар манай Боловсролын Их Сургууль дээр маш сайхан өдөрлөг боллоо л доо. Монгол судлалын сургуулийн бүх оюутан, багш нар монгол дээлээ өмсчихсөн, монгол бичгээрээ өөрсдийн зохиосон шүлэг найргаа уран гоё бичээд л, үзэсгэлэн гаргаад л хичнээн сайхан харагдаж байв аа. Хэчнээн их баярласан гээ. Тэгж сайхан монгол бичгээ, хэлээ судалж байгаа, эртэй бяртай байж, монгол бичгээрээ таталж, угалзалж, эвхэж биччихээд, түүгээрээ бахархаад зогсож байгаа хүүхдүүдийг хараад үнэхээр зөв юмаараа онгирч байна гэж бодож байлаа.

АНУ-д бидний хэдэн нөхөд Монгол Соёлын Төв гэж ажиллуулдаг юм. Америкт амьдарч байгаа хүн бүхэн, араб нь ч, мексик нь ч, венесуэл нь ч, солонгос нь ч, словен нь ч, бүгдээрээ англиар л хэлэлцэнэ. Тэнд төрж өсч байгаа хүүхдүүд бол бүгд англиар ус цас. Одоо тэнд англи хэл сайн мэддэгээрээ гайхуулах цаг өнгөрчээ. Хүн бүхний хэрэглээ болсон учраас тэр. Олон өөр үндэстнүүд зөвхөн өөр өөрийн улс үндэстнийхээ онцлогоор, соёлоор гайхуулж байна. Манай Монгол Соёлын Төвийнхөн тэнд монгол бичиг, монгол хэл, монгол соёлын тухай үйл ажиллагаа явуулахаар америкчууд илүү их сонирхдог юм. Түүнээс бид мундаг англи хэлээрээ тэднээс онцгойрч ялгарна гэж огт үгүй.

Энэ лекцийг маань сонсохоор хэрэг болсон ирсэн залуучууд та бүхнийг хараад Б.Ринчен гуайн нэг шүлэг санаанд орж байна. Бидний хамгийн сайн мэддэг алдартай “Аялгуу сайхан монгол хэл” шүлгийн сүүлээсээ гурав дахь бадагт, эх хэлээ та нар шиг сайхан судалж байгаа залуучуудын тухай ингэж хэлсэн байдаг юм:

“…Хутаг өлзий бүрдсэн хувь их түмний минь

Хурц авъяаст хөвгүүд, дүү нар, халуун элэгтэн хотлоороо

Эгшигт сайхан монгол хэл юугаа нэн хайрлан дээдэлж

Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан…”

”Гадаад хэлийг сурахаасаа өмнө эх хэлээ илүү сайн сурах ёстой шүү” гэж хэлээд байгаагийнхаа шалтгааныг Дагестаны алдарт найрагч Расул Гамзатовын нэг үгээр тайлсу: “Эх хэлнээсээ өөр илүү тансаг хэлийг хайж явсан тийм хүмүүсийг би мэднэ. Тэд тэгээд үлгэрт гардаг нэг ямаа шиг болдог юм даа” Нэг ямаа чоно шиг сүүлтэй болно гээд ой руу ороод, эвэргүй болоод ирсэн гэдэг. Өөрийнхөө хэлийг дутуу эзэмшээд гадаад хэлийг сурах гэж оролдвол эх хэл ч үгүй, гадаад хэл ч сурч чадахгүй, өөрөөр хэлбэл тэр үлгэрт гардаг сүүл ч үгүй, эвэр ч үгүй болсон ямааны адил болно гэдгийг та бүхэнд сануулъя.

“Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон” ТББ болон “Боловсрол суваг” телевизийн хамт олон “Монгол ухаанаар хөгжихүй” гэсэн сонирхолтой сайхан лекцийн цуврал явуулдаг юм байна. Энэхүү сайхан санаачилгыг залуучуудад маш хэрэгтэй юм хэмээн дэмжээд өөрийнхөө судалдаг зүйлээс та бүхэнтэй хуваалцахыг чадан ядан хичээлээ. Анхаарал тавьсанд баярлалаа.

Чингис хаан дээд сургуулийн оюутнууд оролцов.

2009.12.01

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...