эх сурвалж: Ирээдүй блог
7/31/2011
2011 оны 7 дугаар сарын 30 ны өдрийн "Өдрийн сонин"-д сэтгүүлч Д.Оюунтуяагийн бичсэн өчүүхэн наддаа айхтар томдчихсон гарчигтай хөрөг нийтлэлийг бүрэн эхээр нь блогтоо тавьж байна. Жаахан даруу биш юм болчихов уу яав, за дүүрч та бүхэн болгоож хайрлана уу? Дашрамд сэтгүүлч Д.Оюунтуяад баярласнаа илэрхийлсү.
Өдрийн зочин
МОНГОЛЫН СОЁЛЫГ ДЭЛХИЙД ТҮГЭЭГЧ
Ж.Бат-Ирээдүй докторт ийм нэр яг зохино. Учир нь тэрээр Монголын хэл, соёлыг гадаадын хүмүүст зааж сургах ажлыг хийдэг юм. Сая л гэхэд Японы Токиогийн Гадаад Судлалын Их Сургуульд зочин профессороор гурван жил ажиллаж байгаад Монголдоо өнгөрсөн дөрөвдүгээр сард иржээ. Аймшигт цунамигийн үеэр тэнд амьдарч байсан хэрэг. Яг цунами болох үеэр доктор маань цахилгаан галт тэргэнд явж таарчээ. “Галт тэрэг усан дээр байгаа мэт хоёр тийшээ савчиж байсан” хэмээн тэр аймшгийн тухай цухасхан дурдаад авна лээ. Өдгөө МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирлын албыг хашиж байгаа бөгөөд энэ нь тус сургууль дээр зохион байгуулагдах монгол судлалын ажлыг удирдах, чиглүүлэх, менежмент хийх нэг үгээр хэлэхэд хөл дээр нь босгох ажлыг удирдана гэсэн үг.
Баянхонгорын Байдраг сум бол Ж.Бат-Ирээдүй докторын төрсөн нутаг нь. Харин тэрээр Заг суманд бага, дунд сургуулиа дүүргэн Байдрагийн 10 жилээс МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид элсэн оржээ. Энэ цагаас хойш сургуулиасаа хол хөндий байсангүй. Гадаадад ажиллахдаа ч сургуультайгаа байнгын холбоотой байлаа. Учир нь тэрээр анх МУИС-ийг төгсөөд сургуульдаа үлдэж эрдэм шинжилгээний ажилтан, багшаар ажиллаж байтал яамнаас дуудаж Лондонгийн их сургуульд монгол хэл, судлалын багшаар томилжээ. Тэр бол 1991 он байлаа. Лондонгийн их сургуульд багшлахын зэрэгцээ Кембриж, Лийдсийн их сургуульд давхар ажиллах сайхан боломж олдсон байна. Ингэхдээ даваа, лхагва, пүрэв гаригт Лондонгийн их сургуульд, мягмар гаригт Кембриж, баасанд Лийдсийн их сургуульд ажиллаж байсан гэдэг. Тэнд зургаан жил ажиллаад Монголдоо ирж 1998 оноос 2003 он хүртэл МУИС-ийн Монгол судлалын сургуулийн захирлаар ажиллаж байтал Германы Лейпцигийн их сургуулийн Ази судлалын тэнхимд зочин профессороор уригдан 2003-2005 хүртэл ажилласан байна. Дараа нь мөн л урилгаар Британийн номын санд зочин судлаачаар нэг жил ажиллахдаа тэнд хадгалагдаж байгаа монгол номын каталогийг хийж өгчээ.
Дэлхий дээр хамгийн их тархсан зүйлийн нэг бол монгол ном байдаг хэмээн судлаач маань хэлж байна лээ. Ялангуяа XVI - XVIII зууны үеийн судар бичгүүд дэлхий дахинаа нэлээн тархсан байдаг гэнэ. Британийн номын санд л гэхэд 600 орчим монгол судар хадгалагдаж байсныг каталогижуулж өгсөн бөгөөд 20 гаруй монгол тод үсгийн гар бичмэл байсан гэнэ. Тэдгээр нь бүгд шашны агуулгатай судрууд бөгөөд тухайн үеийн Монголын газрын зургийн гараар зурсан эх, тод үсгээр бичсэн судрууд зэрэг нь нэлээн ховорт тооцогддог байна.
Британийн номын санд нэг жил ажиллаад мөн л МУИС-даа буцан ирж ажиллажээ. 2008 онд Японоос түүнд нэгэн урилга ирсэн нь Токиогийн Гадаад судлалын их сургуульд зочин профессороор ажиллахыг урисан байв. Ингээд л энэ оны гуравдугаар сар дуустал тэнд багшилж байгаад дөнгөж ирээд шинэ ажлаа аваад байгаа нь энэ юм.
Ж.Бат-Ирээдүй багш гадны их сургуулиудад ажиллахдаа монгол хэл зааж, Монголын соёл, зан заншил, түүхийн чиглэлээр лекц уншдаг байна.
“Монгол хэл дэлхийн хамгийн хэцүү хэлний нэгд тооцогддог, сурахад хүнд гэдэг нь үнэн үү” гэхэд Ж.Бат-Ирээдүй багш “Солонгос, Япон зэрэг залгамал хэлний овогт ордог хэлтэй улсууд харьцангуй сурахад амархан байх. Олон авиа, эгшигтэй учраас гадныханд дуудлага нь хэцүү байж магад. Гэхдээ ямар ч орны хэл гэдэг нэг тогтолцоо системтэй байдаг. Түүнийг л мэдчих юм бол ямар ч хэл сурахад хялбар. Түүнээс биш хэл гэдэг эмх замбараагүй бөөгнөрөл биш юм. Монгол хэлийг сонирхсон хүмүүс нь боломжийн сайн сурдаг. Ер нь хүнээсээ л шалтгаална. Мөн хэрэглээ байна. Хэрэглээ л хүнийг хэл соёлд сургадаг” гэлээ. Монголчуудыг гадаад хэл сурахдаа авьяастай гэдэг. Үүний учрыг “Дэлхийн хэлний авиазүйн ерөнхий таблиц гэж байдаг. Монгол хэлний гийгүүлэгч, авианы дийлэнх нь тэр таблицад байдаг юм. Тийм болохоор монголчууд гадаад хэлийг их амархан сурдаг, сайн дууддаг” хэмээн доктор тайлбарласан нь сонирхолтой санагдлаа.
Ж.Бат-Ирээдүй докторын өөр нэг үндсэн ажил нь судалгаа шинжилгээний бүтээл хийх. Гадаадын хүмүүст монгол хэл заах арга, судалгаа, сурах бичиг зохиох нь түүний үндсэн судалгааний нэг хэсэг нь. Мөн монгол ёс заншил болон монгол-англи, англи-монгол хэлний зэрэгцүүлсэн судалгаа хийдэг. Дээрх сэдвүүдээр нийт 46 ном бичиж хэвлүүлсэн нь түүний судалгааны цар хүрээг харуулах биз ээ. Тэрээр “Орчин цагийн монгол хэлний ойролцоо утгатай үгсийн бүтэц, утга найруулга” сэдвээр хэлбичгийн ухааны доктор, “Орчин цагийн монгол хэлний ойролцоо утгын тогтолцоо” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна.
“Хэд хэдэн орны хэл мэддэг хүн дараагийн хэлээ сурахад амархан байдаг” хэмээн ярих доктор өөрөө англи, франц, герман, япон хэлийг чамгүй сайн эзэмшжээ. Хятад хэлийг судалгааны хэмжээнд бол боломжийн сурсан гэсэн. Түүний гэргий монгол хэлний багш, хятад судлаач мэргэжилтэй. Өдгөө Японы Осака хотноо Жайкагийн сургалтын төвд монгол хэлний багшаар ажиллаж байгаа юм байна. Ж.Бат-Ирээдүй багш чөлөөт цагаараа юм бичих хоббитой. Бас зураг зурж, шүлэг бичнэ. Түүний http://iregedui.blogspot.com хэмээх хувийн блогт зочилж бичсэн зүйлийг нь сонирхож болно гэсэн.
“Одоо Монголдоо суурин амьдрах бодолтой байгаа” гэх түүнд гаднаас урилга ирвэл явахгүй гэхгүй бололтой. Ямартаа ч одоо бол төрөлх сургуульдаа монгол судлалын чиглэлээр дорвитой ажил хийхээр төлөвлөж сууна. Монголчуудын их амралтын улирал эхэлчихсэн налгар зуны энэ өдрүүдэд тэрээр өрөөндөө сууж байлаа. Наймдугаар сарын эхээр Монголд болох дэлхийн монголч эрдэмтэдийн их хурал болон бусад хэд хэдэн бэлтгэж байгаа ажээ.
Д.Оюунтуяа
"Өдрийн сонин"-ы хариуцлагатай нарийн бичгийн дарга
Эх сурвалж "Өдрийн сонин"-ы 2011 оны 07 дугаар сарын 30ны
Бямба гарагийн №181 (3883)
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.