Jul 30, 2011

ЯНЦГААЛТ ХИЙДЭГ АДУУ

Thursday, June 23, 2011

эх сурвалж: ГЭГЭЭН ОРЧЛОН блог



       Монголын радио ярьж байна. Малчин нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн хөтлөгч нь бололтой сөөнгидүү хоолойтой нэгэн эрэгтэй хүн Завхан аймгийн Отгон сумын уугуул,  одоо хотын ойрхон адуу голдуу маллаж буй уяачийнд буужээ. Уулзаж байнаа. Хөтлөгч нь их урт урт асуулт асуух юм. ... хөдөө ч сайхан байна шүү (ойрд хөдөө гадаа гараагүй бололтой, сэтгэл нь л хөдлөөд байгаа шинжтэй), ... энэ ногоо цагаа ч сайхан байна шүү... гэх зэргээр асуултынхаа өмнө нэлээн халилтай (халаалтгүй байсан гэж найдав!) авч байна. Тэгснээ “... хүүе ингэхэд, энэ адууны янцгаалтыг сонсоод сууж байх сайхан биз?” гэсэн шүү юм асуулаа.

       Гавьяат эмч “элэгний” М.Шагдарсүрэн гуай надад бас ийм нэгэн жишээ хэлсэн нь гэнэт санаанд оров. Насаараа хөдөө амьдарсан, жар дал хүрч яваа хөгшид “өвдөлт өгөөд” байна гээд ярьж байх юм, энэ одоо яаж байгаа нь тэр вэ?” гэж билээ.
      Уулын мухарт араажав, эмгэн хоёртойгоо л харьцдаг өвгөнд –лт гэдэг чамин, ганган, албархуу, сүржигнүүр залгаварыг хэн заагаад өгчихөв өө?. Монголын радиогийн “Малчин” нэвтрүүлгийнхэн зааж өгсөн юм болов уу?
         Уршиг үүгээр дуусахгүй. Хүлээлт үүс- (хүлээ-), тууралт үүс- (туур-), ойртолт хий- (ойрт-), хиртэлт бол- (хирт-), уналт хий- (уна-), хөлдөлт өг- (хөлд-) гэх мэтээр үргэлжилнэ. Гэхдээ энэ бол монгол хэлний үйл үгийг –лт залгавараар хэлбэржүүлж болохгүй гэсэн үг биш юм. Байнга давтагддаг, удаан үргэлжилдэг юмыг л ийн хэлбэржүүлдэг сэн.
       Адуу янцгаахыг сонсох сайхаан. Ингээд энэхүү юмандаа (шүүмж гэх үү, юу гэх вэ) төгсгөл болгоод, мөн улсын наадам маань дөхөж буй тул дунд сургуулийн 6 дугаар ангийн уран зохиолын сурах бичигт байдаг байсан, Д.Нямаа гуайн нэгэн шүлгийг оруулья.
                     
                “Шөнийн талд адуу янцгаана
Эртний домог шиг буурал тал
Эргэн тойрон чимээ алдарна
Алс замын алжаал тайлж
Аяны хүн талдаа хононо
Гүн харанхуйд тэнгэрийн заадас
Гүүн зэл шиг сунайн цайрна
Амгалан талын аяс хөндөж
Алдуурсан унага шиг од харвана
Эртний домог шиг буурал тал
Эргэн тойрон чимээ алдарна
Оддын дундаас ижлээ үзсэн юм шиг
Шөнийн талд адуу янцгаана

Жич: МУИС-ийн профессор Ц.Шагдарсүрэн багш албархуу, сүржигнүүр –лт ийн тухай “Эх хэлээ эвдэхгүй юмсан” гэдэг номондоо “Илт даварсан -лт”гэдэг өгүүлэл бичсэнийг уншаагүй нэг нь олж уншаарай.  
 

1 comment:

  1. За гарч нэг сайхан кофе уулт хийгээтгэе кккк

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...