Зардлын хувьд дуу оруулагчийн хөлс, дуу бичлэгийн өрөөний төлбөр, дуу дүрсээ тааруулах зардал орохгүй учир хадмал орчуулга (자막넣기 subtitling) хямд байдаг.
Алийг нь их хэрэглэх вэ гэдэг нь гол төлөв үзэгчдээс шалтгаална. Хүүхэлдэйн кино, хүүхдийн нэвтрүүлгийг ер нь дуу оруулж (더빙 dubbing) орчуулдаг. Харин эх киноны дуу авиаг сонсохыг илүүд үзвэл хадмал орчуулга хэрэглэдэг. Тухайлбал кино, мэдээ нэвтрүүлгийн хувьд хадмал орчуулга хэрэглэх нь элбэг. Бас үзэгчид эх хэлээрээ сонсохыг эрхэмлэдэг, гадаад хэл сайн мэдэхгүй бол дуу оруулах орчуулга тохиромжтой.
Орчуулгын ялгаа их бий. Учир нь хадмал орчуулгад дэлгэцийн нэгээхэн хэсгийг л хэрэглэдэг бол дуу оруулахад авианы сонсогдоцыг чухалчилна. Мөн хадмал орчуулгад нэг мөрөнд орох үг үеийн тоог хязгаарладаг. Солонгост зай авахыг оруулалгүй 13 үе байх ёстой гэсэн бичигдээгүй хуулийг мөрддөг. Гадаадын бусад оронд уншихад тохиромжтой гэж үзэж хадмал орчуулгын нэг бичвэр 6 секунд харагдах журмыг баримталдаг.
Хадмал орчуулгад үг үсгийн хязгаарыг санаж, дүрс ба яриаг анхаарч, зохих өгүүлбэрийн цэг тэмдэг хэрэглэж утгыг тодруулдаг. Бас эвтэйхэн харагдуулах үүднээс хоёр хүний богино яриа нэг дор гарвал хоёр дахь хүний яриаг дараагийн мөрөөс эхэлж, өгүүлбэрийн эхэнд зураас тавьж ялгах бөгөөд, мөн урт агуулгыг хураангуйлж болно. Дуу оруулах орчуулга бол үг үеийн хязгаарлалт байхгүй, харин дуу авиагаар зохицуулдаг боловч тухайн дүрийг ярьж байгаа юм шиг ам барих ёстой учир эгшиг авианы тоо эх болон орчуулгад ижил байвал зохистой сонсголонтой байдаг. Түүнчлэн өгүүлэх хурдыг харгалзах ёстой. Тухайн хэлний онцлогоос шалтгаалж орчуулж байгаа хэлээр урт буюу богино болох тохиолдол их бий. Урт болох тохиолдолд утгыг алдагдуулалгүйгээр аль болох танаж, харин богино болох гээд байвал дэлгэрүүлэх, давтах, ялимгүй сунгаж хэлж болох талтай. Дуу оруулагч жүжигчин дэлгэцэн дэх дүрээс хурдан хэлж болох ч хэт хурдан бол гүйцэж сонсоход хэцүү болно. Иймд оновчтой үг хэллэг, аялга ашиглаж дүрийн онцлогийг тодруулах маш чухал байдаг. Хүндэтгэлийн хэллэг зохистой илэрхийлж орчуулах ч бас амаргүй.
Мэдээний орчуулгын хамгийн бэрх нь урьдчилан бэлдэх боломжгүй, шууд орчуулах тохиолдол их байдагт оршино. Олон улс орон, нутаг ус бүр өөр өөр аялга дуудлагатай тул орхигдуулалгүй маш анхааралтай сонсох хэрэгтэй. Түүнчлэн эх мэдээ нэвтрүүлэг нь хадмал бичвэр, тайлбар сэлттэй бол орчуулж давхар оруулах зай хомс байдаг. Бас нэвтрүүлэгчийн үг яриа тухайн орчны дуу чимээнд бүрэн дарагдахгүйгээр орчуулж хүргэнэ гэдэг яггүй ажил. Зарим үзэгч сонсогч орчуулгаас гадна тухайн орчны дуу чимээ, нэвтрүүлэгчийн үг яриаг сонсогдохуйц байх ёстой гэдэг бол зарим нь дан орчуулга сонсохыг хүсдэг.
Ашигласан: 곽중철, 해외 TV 보도 통역 번역 방법론
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.