Зайсан дээрх паян
Хэлтэй бол хөлтэй гэгчээр солонгос хэл сурсны ачаар хөтчөөр явах завшаан үе үе тохиолддог билээ. Хөтчөөр явбал ганцаараа бол санахаас биш зорьж явдаггүй байсан газраа очоод үзчихнэ, үнэгүй хоол идчихнэ, хүн хартай танилцана, за тэгээд ажлаа дуусахаар хөлс мөнгөө авна. Сайхан ажил шүү. Хөгтэй хөгжилтэй юм ч зөндөө болдог. Ердөө ч санаанаас гардаггүй нэг явдлыг та бүхэнтэй хуваалцъя.
Анх Зайсан толгойн талаар жаахан мэдлэгтэй болж аваад хүмүүсээ дагуулаад л тайлбарлаад явж байв. Тэгээд Зайсангийн цогцолбор хөшөөний дугуй ханын дотор талын зургийг тайлбарлах болов. Дуунд гардагаар “Эрдмээрээ гайхуулъя, эргэлдэн наадъя” гэдэг шиг л хорин нэгэн он мон гээд л айхтар тайлбарлаж гарлаа. Яг дуусдагийн даваан дээр энх тайвныг бэлгэдсэн тагтааг дүрсэлсэн хэсэгт ирэв шүү. Тэгсэн чинь “тагтаа” гэдэг үгээ санадаггүй ээ. Эрчээ алдаж болохгүй байдаг. Шувуу гээд бодонгуут санагдсан уу яасан нэг мэдсэн чинь 닭 гээд туучихсан. Ингэж нэг удаа хөөрхий муу 비둘기 тагтааг тахиа болгож хэлмэгдүүлсэн юм даа.
Өнөө хэдэн солонгос мэдээж намайг улайм цайм буудсаныг мэдчихэлгүй яах вэ. Хэд хоног яваад овоо нүүр хагарсан байсан болохоор тэр үедээ инээлдээд л өнгөрсөн дөө. Муухан бэлдвэл ингээд өөрийгөө “гардуулчих” үе ч гардаг юм байна билээ шүү.
Бичсэн ubm
Их дэлгүүрт
Оюутан ахуй цагт хөгжилтэй юм алийг тэр гэх вэ. Нэг удаа их дэлгүүрт ороод картаар ярьдаг утаснаас солонгос найзтайгаа ярив аа хө. Яг сайхан ярьж байтал – Чи хаанаас ярьж байгаа юм бэ? гэж асуухаар нь – Их дэлгүүрт гээд хэлэх гэсэн чинь “их дэлгүүр” гэдэг үг солонгосоор санаанд ордоггүй ээ. Бодоод бодоод хэлж чадалгүй булзааруулж бушуухан таслахын түүс болж билээ. Гэтэл сонирхолтой нь утсаа тавингуут 백화점 гэсэн үг санаанд орсон шүү.
Бяцхан туршлага
Орчуулга хийдэг бол танд ч гэсэн ийм юм тохиолдсон байж магадгүй. Ер нь өдөр юмуу эсвэл оройн хоолны үеэр хүмүүст орчуулга хийх бол орчуулагч хоолоо амжиж идэхэд их хэцүү байдаг. Нэг удаа хоолны үеэр орчуулга хийж байсан чинь монгол талын хүн “Миний дүү, хоолоо идэнгээ яаралгүй орчуул” гэж надад амьхандаа санаа тавьж байсан боловч солонгос хүн нь яриа өдөөд байсан болохоор арга буюу гомдоолгүй хариулж байсан юм. Би орчуулах ёстой хүн болохоор орчуулалгүй яах вэ. Харин үгэнд нь орж завсар зайгаар нь хам хум идэж байж хахаж цацаад хачин эвгүй байдалд орсон. Дараа бол яасан ч тэгэхгүй гэж бодож байна. Аль болох урьдчилаад хоол идчихэж байхыг хичээх нь дээр юм байна билээ. Өдөржин дагаж явж орчуулах бол их хэцүү л дээ. Гэхдээ цүнхэндээ ундаа жигнэмэг мэтхэнийг ч болов авч яваад бие засах өрөөнд ч хамаагүй “голоо зогоож ходоодоо аргадах” нь хавьгүй дээр гэж бодогддог шүү. Тэгэхгүй бол гэдэс хонхолзож ходоод хоржигноод эхэлвэл бүр ичмээр биз дээ?
Албаны хүмүүс ингэж хоол ундны цагаар хүртэл ярилцах нь их байдаг. Анхаарлаа сайн төвлөрүүлж байхгүй бол, ярианы өнгө аясыг нь алдагдуулж, хошигнол зэргийг нь буруу орчуулчих гээд байдаг. Нэг алдчихаар сандраад бүр их алдаад байх шиг санагддаг. Сандрахгүй биеэ барихгүйн тулд зарим нэг дасгал хийж хэвшвэл зүгээр гэж би боддог. Жишээ нь гэртээ зурагт радиогоор хүмүүсийн ярьж хэлэлцэж байгааг сонсонгоо орчуулах дасгал ганцаараа хийх нь их үр дүнтэй. Хүн сандраад эхлэхээрээ мэддэг үгээ мартах, хольж солих тохиолдол гардаг болохоор аль болох өөртөө итгэлтэй байж, анхаарлаа сайн төвлөрүүлж сурах нь чанартай орчуулахад сайнаар нөлөөлнө. Улс төрчид, төр засгийнхны яриа, үг хэллэг ихэнхдээ төстэй агуулгатай байдаг юм байна гэдгийг би туршлагаасаа анзаарсан. Тэгэхээр давтагдаж гараад байгаа хэдэн үгийг сайтар хэрэглээд, зөв орчуулаад сурчихвал сандрах зүйлгүй гэдэгт таныг ч санал нэгдэнэ гэж найдаж байна.
Бичсэн ubjb
Урилгагүй зочин
Манай найз нэг гоо сайхны газар зохион байгуулагчаар ажилладаг юм л даа. Би түүнтэй уулзах санаатай ажил дээр нь очоод байж байтал нэг солонгос эмэгтэй орж ирээд манай найз охинтой ойлголцдоггүй. Найз маань гэнэт намайг санав бололтой дуудахаар нь би туслачих санаатай очиж мэнд усаа мэдээд – Танд юугаар туслах вэ? гэж асуулаа.
Тэгсэн чинь нөгөө эмэгтэй үсээ заагаад л байх юм. Би хими хийлгэх үү, үсээ будуулах юм уу, тайруулах уу гээд л асуугаад байлаа. Үгүй л гэх юм. Харин үсээ заагаад – Хөдөө аяллаар олон хоног явсан гэхчлэн яриад байхаар нь би бүр гайхаж орхив. Гэнэт “Аа, бөөстчихсөн юм болов уу?” гэж бодоод лавлаж асуух гэтэл гайтай нь “бөөс”-ийг солонгосоор юу гэдгийг мэддэггүй. Бүр ядахдаа “동물 Амьтан” байгаа юм уу? гэж асуусан чинь “Ойлгочихжээ” гэсэн аятай баярлаж байна гэж жигтэйхэн. Тийм тийм гээд л, бөөсөө арилгуулах гэсэн юм, болох уу гэнэ. Даанч манай найзын ажил дээр тийм үйлчилгээ байхгүй болохоор туслаж чадаагүй. Эмэгтэй арга ядсан бололтой – Эмийн санд түрхдэг тос юмуу уух эм байдаг болов уу гэж асуулаа. Найз бид хоёр тийм эм тос бараг байдаггүй юм гэж хэлсэн.
Би хөөрхий эмэгтэйг “урилгагүй зочноосоо” яаж салсан бол доо гэж хааяа бодддог юм. Гэртээ хариад толь бичгээсээ бөөсийг 이 гэдгийг мэдэж авсан даа.
Бичсэн ubds
Хөдөө орчуулгаар явж байхад тохиолдсон хөгтэй явдлууд
Би хэдэн найзын хамт дээд сургуулийн 3-р курст байхаасаа орчуулгаар явж эхэлсэн. Бараг 10-аад жил болж байна. Ихэвчлэн Солонгосоос ирсэн сайн дурын багийн үзлэг эмчилгээний орчуулга хийдэг. Мөн хөтөч хийж хөдөө нутгаар цөөнгүй явсан. Орчуулагч бидэнд, бас Монгол нутагт ирсэн Солонгосуудад хөгтэй инээдтэй юм зөндөө тохиолдоно. Заримаас нь хуваалцъя.
Нэг оюутан шүд ломбодох 이를 때우다 гэдэг үгийг мэдэхгүй, өвчтэй 아파요, авах 뽑다 гэж л мэддэгээсээ болж нэг хүний эрүүл шүдийг авхуулж байсан. Нөгөө ангийнх байсан болохоор зааж хэлвэл онгирсон болж, муудалдах байх гэж бодоод дуугүй л өнгөрсөн. Бас мөөгөнцөр 곰팡이 гэдгийг мэдэхгүй мөөг 버섯 гэх тохиолдол ч гарч байсан.
Нэг солонгос охин жорлонд бие засахдаа гишгэдэг банзан дээр нь суучихсан. Хэл соёл мэдэхгүйгээс хэн хүнгүй л хөглөчих гээд байдаг. Солонгосчууд голын усанд “морь хараад” 소변보고 Монголчуудад загнуулна. Нэг солонгос миний өмсөж байсан монгол хантаазыг гуйсаар байгаад авсан. Тэгэхэд 9 сар гарчихсан, сэрүүн байсан болохоор өөрөө гадуур өмсөх юмгүй болчихсон.
Хөдөө онгоцны буудал дээр тоссон машинд сууж гэж байгаад андуураад өөр машинд сууж тэс ондоо сум руу явах шахаад замын дундаас буцаж бидэнтэй нийлсэн солонгос эгч, Инчоны онгоцны буудал дээр ачаа нь үлдчихээд өмссөн футболк, шорттойгоо “Чингис хаан” буудалд буусан солонгос банди нар яаж хөглөж явснаа хааяа санаж хөгжилддөг л байх даа.
Нэг удаа говиос хот буцах замд автобусны агааржуулагч хэт халж буудаад (Саяхан Солонгост хийн түлштэй автобус дэлбэрсэн гэсэн. Тиймэрхүү л юм болсон.) нэг солонгос бандийн хөлийг аймаар түлж билээ. Солонгосчууд морины буруу талаас мордох гэж байгаад тийрүүлнэ, ам нь цангаад сүүтэй цай гэж андууран шар сүү уугаад баларна. Нэг солонгос банди гаран дээрээ бүргэд суулгах гээд даалгүй ухрахдаа үхрийн баасан дээр гишгэчихээд бөөн юм болсон. Хорхогны халуун чулуу бариад сандарсандаа шидээд нэгнийхээ толгойг оносон явдал ч тохиолдож байсан. Энэ мэтээр бичээд байвал дуусахгүй. Ихэвчлэн санамсаргүй тохиолдол. Зарим нэгийг нь урьдчилж сануулж хээлхгүй яав даа гэж харамсана. Зарим нь бол хэн тэгнэ гэж санах вэ дээ.
Монголыг хэт дорой улсад бодож, бүдүүлэг дээрэнгүй хандах солонгос хүн ч байдаг. Шампунь үзүүлснээ - Үүгээр толгой угаадаг юм ч гэх шиг. Морь яаж унахыг зааж өгье гээд байхад чадна гэж мэдэмхийрч зөрсөөр байгаад нөгөөх нь булгиад савж унаад үхэнгээ алдсан нэг солонгос эмэгтэй бий. Азаар хүнд бэртээгүй. Та бүхнийг бас хөгжилтэй сургамжтай түүхээсээ хуваалцана гэж найдаж байна. Амьдрал үнэхээр сайхан шүү.
Бичсэн ubanu
Газрын баримжаа
Дөч шүргэж яваа нэг хөдөөний эр Солонгос явж ажиллах завшаан тохиож хойгийн улсыг зорьсон боловч хоёр гуравхан сар болоод буцсан дуулдсан. Яг юунаас болсныг нь мэдэхгүй ч түүний нэг онигоог ярьж өгье.
Мань хүн хот суурин газар үзээгүй байж байгаад Солонгост ирсэн болохоор идээшээгүй ч байж магадгүй. Ямар сайндаа метронд цуг явж байсан Монгол найзаасаа – Улаанбаатарт метро байдаг уу? гэж асууж байх вэ дээ. Нөгөө найз нь түүнийг цаашлуулж – Байлгүй яах юм бэ гэчихжээ. Тэгсэн чинь мань хүн ээж рүүгээ утасдаад – Ээж ээ, Улаанбаатарт метро байдаг гэнэ, очиж сууж үзээрэй гэсэн гэнэ билээ. Найз нь тоглоом гэдгээ хэлээгүй бол ээж нь метро үзэхээр нийслэл хотоо зорьж ч мэдэх байсан гэдэг.
Харин Солонгост ирээд ажлын газраасаа Дундэмүнь ч бил үү нэг газар очихоор болоод найзаараа зам заалгасан чинь, найз нь – Энэ автобусаар яваад энэ автобусаараа буцаж ирэхэд болно гээд сайн зааж хэлж өгчээ. Гэтэл нөгөө эр гэнэтхэн – За, юу ч болсон би уулан дээр гарч газрын баримжаа аваадахъя гэж хөглөсөн гэдэг юм.
Бичсэн ubet
Аргалсан нь
Би нэг танилынхаа ярьж өгсөн хөгтэй ядлыг бичихээр шийдлээ. 4-р курсд сурч байхад нь Солонгосоос үсчингүүд ирээд орчуулга хийх болжээ. Нэг эгч - Үсэндээ нарийн буржгар хими хийлгэе гэхээр нь яг тохирох үгийг нь мань хүн мэддэггүй. Тэгээд сандарч зогсож зогсож байгаад,
라면처럼 해 주세요 “Бэлэн гоймон шиг болгож өгөөч” гэж хэлсэн чинь үсчин нь инээснээ сүрхий ойлгосон гэдэг. Айхтар аргалсан байгаа биз?
Бичсэн ubza
Найзын бухимдал
Их сургууль төгсөөд зун нь ангийнхаа гурван хүүхэдтэй эмчилгээний орчуулга хийх болов. Миний найз Аагий бүртгэл дээр, би дотрын эмчид орчуулга хийхээр хуваарилагдлаа. Бүртгэл, дотрын хэсэг хоёр ойрхон байрлаж байсан болохоор бид нэг нэгнийхээ орчуулгыг сул чөлөөтэй үедээ сонсож болохоор байсан юм.
Бүртгүүлэхээр ирсэн нэг хүн – Сүүлийн үед унтаж чаддаггүй гэхэд, Аагий – Нойр булчирхай нь өвдөж байна гэнэ ээ гэж орчуулахыг сонсоод би гайхаж, үзэж байсан эмчид нь үнэн зөвөөр орчуулж өгсөн.
Харин дараа нь Аагий надад ямар их уурласан гээч. – Адилхан нэг ангид сурдаг байж, хүнийг эвгүй байдалд оруулаад гэхээр нь – Буруу орчуулвал тэр хүнд өөр эм өгч, тэр нь сөрөг нөлөө үзүүлвэл яах юм бэ гэж учирлалаа. Гэвч Аагий бухимдсан хэвээрээ л үлдсэн.
Ер нь орчуулга хэцүү ажил. Ялангуяа хууль, уул уурхай, эмнэлэг эмчилгээ, бизнесийн гэх мэт нарийн мэргэжлийн салбарынх маш хэцүү байдаг. Байнга л буруу орчуулчих вий гэж биеэ цэнэнэ. Тухайн салбарын холбогдох үг хэллэгийг сайн сурж мэдсэн байхгүй бол буруу орчуулж хэрэгт орж ч мэдэхээр юм билээ. Гэхдээ сайн орчуулвал үнэхээр сайхан. Хүмүүст тус болж байна гэж бодохоор л сэтгэл хөнгөрөөд явчихна шүү дээ.
Бичсэн ubsv
Хямд ус авъя
Сүүлийн үед солонгост хятад хэл сурах хүсэлтэй хүмүүс олон болсон. Харин хятад хэлний дуудлага, чухамдаа үгийн өргөлт хэцүү болохоор буруу хазгай дуудах нь элбэг байдаг гэдэг. Манай нэг найзад цуг сурдаг хятад бүсгүй нь ийм хоёр түүхийг ярьж өгчээ.
“Солонгосчууд хятад хэл сурахдаа sh ба x авиаг тод ялгаж дуудаж чадахгүй байх нь цөөнгүй. Жишээ нь үдээс өмнө гэдэг үгийг хятадаар shangwu, үдээс хойш гэдгийг xiawu гэж дууддаг. Нэг солонгос залуу надтай цаг болзохдоо xiawu гэж хэлэх гээд shiawu гээд хэлж орхисноос болж би shangwu гэж ойлгоод үдээс өмнө очиж хүлээгээд л байдаг, хүлээгээд л байдаг, ирдэггүй. Тэгээд би утсаар ярьж буруу хэлсэн учрыг нь олоод сэтгэл гаргаж арга буюу үдээс хойш болтол өдрийн хагасыг хүлээж өнгөрүүлсэн юм даа.”
“Бас нэг ийм тохиолдол бий. 2-р өргөлтийн liang 4-р өргөлтийн kuai нийлээд сэрүүн гэсэн утгатай үг. Харин 3-р өргөлтийн liang 4-р өргөлтийн kuai нийлээд 2 юань гэсэн үг.
Манай сургуульд сурч байсан солонгос залуу зун хөлөртлөө дасгал хийгээд ус уух санаатай дэлгүүр орж л дээ. Тэгээд “Сэрүүн ус авъя” гэж хэлтэл, худалдагч “2 юаний ус авъя” гэж сонсоод – Манайд хамгийн хямд нь 3 юаний үнэтэй гэж тайлбарлажээ. Хоёул нэг нэгнээ харж баахан гайхаж зогсож байгаад солонгос залуу зүгээр гараад явсан гэнэ билээ.”
Бичсэн wdljun
Зам заасан нь
Монголчууд азийнхан дундаа зүс царайгаар тун төстэй гэгддэг. Тэгээд ч тэр үү солонгост ажиллаж сурч байгаа монголчуудаас солонгос хүмүүс зам асуух тохиолдол нилээн байдаг. Батаа гэж нэг залуу хөгжилтэй түүхээ ярьсан нь,
“Би нэг удаа солонгос хүнд зам зааж өгч байгаа нь гээд хөгийн юм болсон. Ирээд нилээн удчихсан болохоор ажлынхаа ойр хавийн газрыг гайгүй мэднэ л дээ. Бас солонгос хэл ч ойр зуур гадарладаг, түг таг гэж байгаад ч хамаагүй ойлголцчихдог хүн. Солонгос уулархаг улс шүү дээ. Жижигхэн дов толгод дээр барьсан сууц зөндөө. Тэр өдөр нэг солонгос надаас зам асуугаад би хариуд нь их л сүрхий – Тэр “толгодыг даваад” 언덕을 넘어 байгаа гэж хэлж байгаа нь гээд “бөгс даваад” 엉덩이를 넘어 гэчихсэн. Уг нь бөгс хас бодож яваагүй л юмсан. Дуудлага төстэй болоод л хазгай хэлчих шиг болсон. Ичсэн гэж яана. Нүүр хийх газаргүй болоод – Уучлаарай гэж хэлчихээд л эргэсэн. Тэгээд жаахан явж байгаад эргээд харсан чинь надаас зам асуусан нөгөө хүн толгод даваад явж харагдсан. Барагцаагаар ойлгосон юм уу, өөр хүнээс асуусан уу бүү мэд.”
Бичсэн ubbt
Бийрэн бичлэгийн агуулга
Өөрийнхөө онигоог ярих бол сэтгэлд дарамттай. Хүнийхийг яръя. ^^ Мундаг болохоор нь ярьж байгаа юм шүү. Муу байсан бол гомдчихно. Үнэндээ нэг хайртай дүү маань, хэ хэ. Ярих гэсэн чинь өөрийн эрхгүй инээд хүрээд байх юм.
Манай нэг дүүргийн засаг дарга энд Солонгост айлчлаад, эндхийн бас нэг засаг даргатай бэлэг солилцов. Солонгос тал бийрэн бичлэгийн бүтээл гаргаж ирээд 부처님의 말씀이 새겨져 있습니다(Бурхан багшийн үг бичээтэй байгаа юм) гэж тайлбарлахад нь манай тэр дүү “Засаг дарга таны айлдсан үгийг бийрээр бичээд бэлэг барьж байна.” гэв. Дараа нь мэдээж залруулсан л даа. Тэр засаг дарга хожим “Ёо, би ямар үг “айлдчихсан ^^” юм бол доо гэж гайхлаа” гэж байсан. Хүмүүс ч тоохгүй байсан л даа. Би харин тэр тухай бодохоор инээд хүрээд байдаг юм.
Бичсэн Э.
Хөгтэй сургамжтай түүхээс хуваалцсан хүмүүст баярлалаа.
ReplyDeletehehe yostoi goy yumaaaa^^elgee hustul ineelee uneher goy hugtei yum bnadaa~~~bas zarim orchuulagchid ch gesen tus dem bolson bh tand bayrlalaa ajiliin amjilt ta shuu
ReplyDelete