Oct 29, 2010
МОНГОЛ ХЭЛНИЙ ЭРДЭМТЭД ХААНА ЯВНА?
Monday, December 11, 2006
МОНГОЛ ХЭЛНИЙ ЭРДЭМТЭД ХААНА ЯВНА?
Сэтгүүлч, орчуулагчид олноороо төрөх болсон өнөө үед тэр хэмжээгээрээ монгол хэл маань эвдэрч байх шиг харагдах боловч энэ талаар эрдэмтэн мэргэд, багш нар дуугуй байгаа нь хачирхалтай санагдана. Өчүүхэн би монгол хэлний мэрэгжилтэн биш ч хэлнийхээ төлөө санаа зовж явдаг жирийн нэг монгол иргэний хувьд зүрх гарган энэ талаар саналаа хуваалцмаар санагдана.
Хуучин системийн үед орос хэлнээс орчуулга хийдэг зарим хүмүүсийг их эрдэмтэн Ринчин гуай шүүмжилэхдээ “МОНЦАМЭ-гийн монгол хэл” гэсэн хэллэг хүртэл гаргаж байсан. Өнөө үед монгол хэлийг халтварлахад орос хэлнээс гадна англи хэлнээс орчуулах болсноор нэрмээс болж байна. Монгол хэл нэг янзаараа байх ёсгүй, өөрчилөгдөж байх ёстой гэж үздэг эрдэмтэн мэргэд байдаг юм байна. Гэвч хэл маань баяжиж өөрчилөгдөж байна уу, ядуурч өөрчилөгдөж байна уу гэдэг асуудал гарч ирж байх шиг.
Албан ёсны хэлэнд бол бизнес, компьютер, маркет, глобальчлал гэх мэт олон гадаад үгээр “баяжиж” байж болох юм. Харин энгийн ярианы монгол хэл ядуурсаар байна гэж хэлмээр байна. Одоо манай ач хүү “та үүнийг нээрээ гэж бодож байна уу” гэхийн оронд “та итгэлтэй байна уу?” гэх, “яг, тийм, нээрээ, баттай” гэх мэтээр ярихыг оронд “итгэлтэй байна” гэх мэт ярих болов. Гэтэл англи хэлэнд итгэл гэдэг үгийг trust, belief, confidence, faith, conviction, assurance гэх мэт маш олон үгээр орчуулж болно. Энгийн ярианд хэргэлэгддэг “Are you sure?” (нээрээ биз?), “Yes, I am sure” (тиймээ, нээрээ) гэдэг зүйлсийг зөвхөн “итгэл” гэсэн үгээр орчуулж байгаа нь хэлийг ядууруулж буй нэг зүйл гэж үзмээр.
Энэ мэтчилэн олон жишээг телевизийн уран сайхны кинонуудын орчуулгаас сонсож болно. Залуучууд, хүүхдүүдийн хэлийг эвдэж ядууруулж байгаа нь телевизийн кинонуудын орчуулга юм. Эхлээд UBS телевиз ганцаараа байсан бол одоо дээр нь ТВ5, ТВ9, STV зэрэг олон телевиз нэмэгдээд байна. Сүүлийн үед үндэсний телевизийн англи хэлний киноны орчуулга нэмэгдээд байна. Тэдгээрийн киног орчуулагчид салаа олон утгатай орос буюу англи үгсийн ганц л утгыг мэддэг бололтой юм. Тиймээс ч of course, yes, sorry, no!, why! гэх мэт үгийг зөвхөн “тэгэлгүй яахав”, “тийм”, “уучилаарай”, “үгүй ээ”, “яагаад” гэсэн үгнээс өөрөөр орчуулдаггүй. Гэтэл of course гэдэг нь урьдах асуултыг нотлон хариулж байгаа хэрэг. Жишээ нь “Do you love me?” (Чи надад хайртай юу?) гэдэгт нөгөөдөх нь “of course” гэж хариулж байвал “хайртай байлгүй яахав” гэж байгааг орчуулагч нь “тэгэлгүй яахав” гэдэг нь инээдэмтэй сонсолгддог. Киноны баатар юмнаас унах ч юмуу, юмаар цохиулах гэх мэт хүнд, тэр битгий хэл аймаар байдалд орохдоо “No! No!” гэж хашигарч байгааг орчуулагч нь ,”үгүй ээ, үгүй ээ” гэхээс өөрөөр орчуулж мэддэггүй. Уул нь монголчууд бол ийм тохиолдолд “яанаа, болиоч, ээж ээ” гэх мэт олон янзын үг хэргэлдэг шүү дээ. Why! гэдэг бол зөвхөн яагаад гэсэн дан ганц утгатай биш, “яаж байгаа нь тэр вэ, ямар учиртай юм бэ, юу болж байнаа” гэх мэт олон янзын хэллэгээр орчуулагдах баймаарсан. Can гэдэг үгийг нөгөөх ядмаг “орчуулагчид” зөвхөн “чадах” гэдэг ганц мэддэг үгээрээ орчуулдаг. Гэтэл энэ үг нь болно, болохгүй, зөвшөөрөл эрэх гэх мэт олон утгыг илэрхийлдэг. Үүнийг тухайн өгүүлбрийн ерөнхий утгаас мэдэж алинийг нь хэлээд байгааг оновчтой хэллэгээр орчуулах нь зүйтэй юм. Sorry гэсэн англи үгийг ганцхан уучлаарай гэсэн утгатай гэж орчуулагчид нь ойлгодог бололтой. Тэгвэл энэ нь “тун тусгүй юм болж, даан ч аргагүй болоод байна, яана даа, хөөрхий дөө” гэх мэт өөр утгуудаар хэлж байж болно. Тухайн өгүүлбрийг утгаас хамаарч үүнийг ойлгоно.
Заримдаа киноны баатруудын яриаг буруу орчуулах нь сонсогдоно. Жишээлбэл манай нэгэн телевизийн орчуулгын кинонд киноны баатрууд Long Live! гэж хашигарч байхад орчуулгаар дуу оруулагч наана нь “урт удаан амьдар” гэж байлаа. Уул нь энэ нь “Мандтугай” гэсэн хэллэг юм.
Бас нэг телевизийн орчуулгын кинонд цаад баатрууд нь Doc! (doctor буюу эмч гэсэн үгийн товч) гэж эмчийг дуудаж байхад наана нь “Док!” гэж монголоор хэлж байх юм (хүний нэр гэж ойлгосон бололтой). Америкийн аглиар бие засах газрыг bathroom гэдэг. Үүнийг гар нүүр угаах өрөө гэж буруу орчуулах юм. Чихэнд сонсогдох энгийн зарим үгийн орчуулгыг ингэж хийж байгаа юм чинь цаад киноны өгүүлбэрүүдийн утгыг зөв гаргаж байгаа болов уу гэдэгт эргэлзэхэд хүргэдэг. Сансар сувгаар гарч байгаа барууны киноны баатруудынх нь яриа дэлгэцэн дээр үсгээр гарч байх үед орчуулгыг хальт чагнаж байхад буруу зөрүү орчуулах, зарим хүнд хэллэгийг орхигдуулах зэрэг зүйл ажиглагдсан.
10-р сарын 3-нд Улаанбаатар телевизээр гарч байсан (16.50-ын үед) орчуулгын кинонд баатар нь “үхнэ гэдэг миний амьдралд тохиолдож байгаагүй хамгийн таагүй явдал” гэж яриад хэвтэж байх юм. Үхэлтэй тулгараад байгаа монгол хүн ингэж хэлээд хэвтэж байх уу? Уул нь “үхэж тамаа цайх нь ээ”, “үхэж үйлээ эдлэх нь ээ” ч гэдэг юм уу монголоор энэ мэтчлэн олон хэллэг бий. Түүнийг одоогийн залуучууд маань даан ч мэдэх ээ больжээ. Бас жирийн ярианд “төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх” гэж дуулдана. Энэ бол албан ёсны хэллэг байсаар санж.
Орчуулгын ийм байдлаас ч болдог юмуу америкийн сайхан кинонуудыг монгол орчуулгаар үзэхэд үл ойлгогдоно. Хүүхэд залуучууд киноны үйл явдлаас нь хараад л ойлгосон болдог юм болов уу даа. Гэхдээ орчуулгын эрэмдэг монгол хэл залуу үеийн маань монгол хэлийг ямар болгох нь вэ дээ гэсэн түгшүүр төрүүлэх юмдаа. Энэ мэтчилэн киноны ядуу орчуулга монгол хэлийг улам ядууруулж байна. Залуучууд хүүхдүүд л ихэвчлэн тэдгээр киног үздэг учир тэдний хэл ядуурч байна.
Энэ бүхнийг орчин үеийнхэн монгол уран зохиолоо уншихаа больсонтой холбож үзмээр санагдана. Одоо 10 жил төгсөж байгаа хүүдүүдээс монголын нэрт зохиолчидын нэрийг мэдэхгүй хүүхэд цөөн бус гарах вий. Данзанрамжаа мэтийн дээр үеийн сонгдог зохиолчдын бүтээлийг ярихаа больё гэхэд С. Буяннэмэх, Д. Нацагдорж, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуайн бүтээлүүдийг гартаа ч барьж үзээгүй залуус олон бий гэхэд хилсдэхгүй болов уу. Сонсох үзэх талаас хэл ингэж “ядууруулагдаж” (өнөө үед бас үйл үгийг ийм идэвхгүй хэвд оруулж ярьдаг моод болсон) байхын хажуугаар сонингуудын үг хэллэг, өгүүлбийн найрлага гэж холион бантан болжээ. Жишээнүүдийг дор толилуулая:“Хүйн долоон худаг хүртэл…(тоо) автобус явагдана”. (монголын радиогоор ярьсан наадмын комиссын хүний яриа. 7-р сарын 5) …ыг АНУ зориход олон олон фенүүд нь сэтгэл гонсойлгон үлдсэн (МНӨ -??” оны ¹45) Уул нь гонсойж үлдсэн байсаар юм. …Тэр үдэш …ядаж л Чукаг үг хэлүүлэхгүй, яриаг нь таслаад үзэгчид ч согтуу байгаа юмуу хэмээн уг нь “УБ Палас”-ийнхан гомдол мэдүүлж, хоолой хорсч байна гэж байсныг санамаар л юм даа.(Хүмүүс 2003. 11-р сар.¹44) Энэ өгүүлбэрээс үзэгчид согтуу байсан бололтой бөгөөд УБ Паласынхан гомдол мэдүүлж, бас дээр нь хоолой нь хорсч байжээ гэж ойлгогдоно. Гэтэл зохиогчийн хэлэх гэсэн санаа нь өөр бололтой. Уг зарын дагуу холбогдоход хятадын үр зулбуулдаг ямар ч өвчин мэдрэгдэггүй эм, найдвартай (Дээдсийн хүрээлэн ¹45) Үүнээс үзэхэд хятад хүний үрийг зулбуулдаг эм байгаа бололтой юм.
Сая нэг зургаа авхуулсан чинь (МНӨ ¹48)… Үүгээр бол ямар нэг юмыг зургаан удаа авахуулжээ. Залуу сэтгүүлчид гэх зарим хүмүүс зурагаа (гэрэл зураг), зургаа (6-гын тоо) хоёрыг бичих дүрмийг мэддэггүй бололтой. АИХ-ын архидан согтууралтой тэмцэх хуулийн дагуу (нэгэн FM радио) Энэ нь АИХ-д архидан согтуурал их байдаг гэсэн ойлголт өгч буй бөгөөд уг нь АИХ-аас гаргасан, архидан согтууралтай тэмцэх хуулийг ярьж байгаа бололтой юм. Дуучин Сэрчмаа мөр даран амрагийн явдлаар дүүрэн дуулиан тарих болсон дуучин бүсгүй Жавхлантай учир ургуулж явснаа нуугаагүй ил цагаан тунирхал нь өнөөдөр тасраагүй.(Сэрүүлэг 2004.¹03) Энэ өгүүлбрийн талаар олон юм нурших нь илүүц бизээ.
Солонгосоос монгол охидын нүцгэн зураг олох зорилготой ирсэн хоёр эр… бүсгүйчүүдийг ийм олноор нь нэг дор цуглуулахад… (Монголчуудын амьдрал 2004. ¹09) Үүгээр бол монгол охидын зургийг солонгосоос олох гэсэн бололтой юм. (охидууд гээгүй нь л яамай) Хэрэв дээрхи өгүүлбэрүүдийг өөр хэлрүү орчуулна гэвэл ихээхэн төвөг учирах бөгөөд буруу утгаар буух болно. Монгол хэлэнд тоо болон тооны тэмдэг үгийн дараа орсон нэр үг ганц тоогоор хэлэгддэг гэсэн дүрэмтэй санагдах юм. Тэгвэл энэ дүрэм одоо “өөрчлөгдсөн” бололтой. Сонин болон телевизээр ярьж байгаа хүмүүсийн хувьд энэ бол замбраа алдсан явдал болж. …100 аад клипууд (ТВ9 Баасан гаригийн нэвтрүүлэг) Уул нь зуугаад клип гэмээр юм.
Үйлдвэрчний эвлэлийн 70 удирдагчид (нэг эмэгтэйн яриа.Монгол радио 2-р сарын 4. 14.45 цаг) Бүрэн бус тоогоор энд 52 дипломат ажилтнуудын нэр…(Монгол телевид 2004.7.2) (ажилтны гэж баймаар) …Ариунааг Дорнодын нисэх онгоцны буудалд…тэргүүтэй нөхдүүд хүлээн авсан юм. (МНӨ 2004.¹ 07,08) зретиль…билтаж (мөн сонин. Ядаж зритель, бельэтаж гэсэн гадаад үгсийг зөв бичээгүй шүү) Ер нь нөхөр гэдэг ганц тооны олон тооны хувилбар нь нөхөд, охин гэдэг үгний олон тооны хувилбар нь охид гэж байдаг бол одоо нөхдүүд, охидууд гэж олон тооны дагварыг давхардуулан хэрэглэх нь ердийн үзэгдэл болсон байна. Бельэтаж гэсэн үгийг хоёрдугаар давхар буюу дээд давхар гэж орос-монгол толь бичигт хөрвүүлсэн байна.
…Нилээд хэдэн хосууд гэрлэлтээ бүртгүүлсэн…(МНӨ ¹31) Дэлхийн ихэнх шашнууд… (Хөх толбо. 2004.¹40) Энэ мэтчилэн жишээ гэвэл учираа алдах бөгөөд тэднээс заримыг нь л энд авлаа.Одоо телевизийн зарим сурвалжлагчдын онцгойрох гэсэн нэг оролдлого бол гадаад үг хэрэглэх явдал бололтой. Жишээ нь проблем (бэрхшээл), процесс (үйл явц) гэдэг үгийг өргөн хэрэглэх юм.
Гадаад хэлийг сайн мэдэхгүй байж орны монгол үг байсаар байтал гадаад үг хэрэглэх нь нэг их соёлтой хүн болж харагдахад нэмэр бага л байх. Харин ч орос, англи хэл сайн мэддэг манай боловсролтой хүмүүс тэр хэлний үгийг яриандаа хэрэглэхээс ихээхэн цэрэвдэг юм. Манай нэрт эрдэмтэн зохиолчид Б.Ринчен, Чой. Лувсанжав нар олон хэл мэддэг байсан. Зохиолч Ч. Чимид гуай орос хэлийг ус цас шиг мэддэг байсан. Тэднийг яриандаа гадаад үг хэрэглэж байхыг өчүүхэн би л мэдэхгүй юм байна. (Тэдэнтэй ажил хэргийн улмаас уулзаж явсны хувьд мэдэх юм)
Үзэгчид гэсэн монгол сайхан үг байсаар байхад урлагийнхан “зритель” гэж их ярих юм. Энэ нь гадаад хэл мэддэгээ гайхуулах гэсэн мэт.Бас вэ? уу? гэсэн асуух үгсийг учрыг мэдэхээ больсон залуу “сэтгүүлчид” байна. Хаашаа явах вэ? гэхийн оронд Хаашаа явах уу? гэх юм. Хатагтай гэхийг хадагтай гэж бичдэг сэтгүүлч хүртэл дайралддаг. Уншигч авахай нар үүнийг шар сонинуудаас өөрсдөө ажаарай.Хүмүүст аль ч талаар ихээхэн талаар нөлөөлдөг сэтгүүлчид, орчуулагчидыг бэлтгэдэг сургуулиуд хэлний мэдлэгт нь ихээхэн анхаармаар байгааг цөөн энэ хэдэн жишээ сануулж байгаа бус уу. Монгол хэлний эрдэмтэд минь энэ талаар анхаарч үзээч.
Уншигч Л. Итгэл (Ээжийнхээ дээр нэг бичээд орхисон нийтлэлийг блогтоо тавилаа)
Бичсэн зЭрЭгЛэЭ at 12:53 AM
Oct 27, 2010
T-ara - 거짓말
--------------
Солонгосын T-ara гэдэг охидын хамтлагийн дууны үгийг орчуулж тавьлаа. Нээрээ T-ara гэж хуримын гивлүүрийг хэлж байгаа юм байна лээ.
T-ara - 거짓말
Бүгд худлаа
Хайртай гэж хэлсэн чинь худлаа
Санаж байна гэж хэлсэн чинь ч худлаа
Буцаад ирнэ гэсэн чинь худлаа
Энэ бүхэн бүгд худлаа
Намайг хамгаална гэсэн чинь худлаа
Надгүйгээр амьдарч чадахгүй гэсэн чинь ч худлаа
Ингээд явах байсан юм бол надад яагаад амлалт өгсөн юм бэ?
Чи л биш бол би чадахгүй
Чи л биш бол би хүсэхгүй байна
Чи яагаад намайг өөрөөсөө түлхэнэ вэ?
Чи яагаад гараас минь тавьж байгаа юм бэ?
Бид яагаад ийм байдалд орчихвоо?
Бид яаж ийм болчихвоо?
Би ингэх хэрэггүй гэдгээ мэдэж байна
Гэвч би чамайг тавьж явуулж чадахгүй
Намайг зовоож
Намайг уйтгарлуулж
Надад дандаа худлаа ярьсан гэж хэлсэний хэрэггүй
Би яах вэ? Чи намайг орхиод явчихвал би яах вэ?
Чи урьд нь ямар байлаа? Хүйтэн хөндийгөөр намайг орхиод явчихдаг
Чи үнэхээр хатуу хүн юм
Чи үнэхээр муу хүн юм
Намайг ингэж их уйлуулаад
Би явах ёстой гэсэн чинь худлаа
Би эргэж харах хэрэггүй байж гэсэн чинь ч худлаа
Чамайг дахиж хайх хэрэггүй байж гэсэн чинь худлаа
Энэ бүхэн бүгд худлаа
Чамайг мартах хэрэгтэй гэсэн чинь худлаа
Бид ингээд дууссан гэсэн чинь ч худлаа
Хичнээн их бодож үзсэн ч
Би чамгүйгээр яаж ч чадахгүй
Надруу буцаад ирээрэй
Би яг үхэх нь
Чамгүйгээр би яаж ч чадахгүй
Баяртай гэдэг үгийг чинь би сонсож чадахгүй зөвхөн уйлна
Зүрх минь дахин дахин өвдөж би яг галзуурах нь
Гуйя надруу буцаад ирээч, буцаад ирээч“МЭДЭЭЖ” ДҮҮТЭЙ ЗОЛГОХ МЭНДИЙН САМБАЙ
2008-12-13,05:13 | Ангилал: Бичиг, соёл
Д.Пүрэвдорж /Ардын уран зохиолч/ (2008-12-04)
-НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА-
Монгол уран зохиолын тал бичээч бивээр сэтгүүлч дүүгийн нэрийг эс мэдэх эндлээр амны уншлага болсон үгээр чинь нэр оноосондоо гэмшье.
Мэдээжийн бус хорвоогийн түг түмэн ончроог тайлах гэж зуун зуунаар мэргэд оюун чилээсээр атал миний дүү бүхнийг “мэдээждэх” нь хуудамдаад буйгаас учиглаж зэм, сэрэмжийн сүсгэр үгээр үзэг хөшив.
Мэдэмхийрэл бол харанхуйн хаацайл агаад эрдэмд гэгээрэгсэд хөвсөрдөггүй, гагцхүү шинжлэж, судлаж, нуталдаг билээ.
Эрхэм дүү “Мэдээж” “тэгдэг л байхгүй юу” мэт хоосон бардамналыг хүнд суртлын тойнтрог түшмэлүүдийн тавагнаас доожилсон бол хоолшихгүй бүлх залгиж дээ. Улирсан зуунд бүхнийг мэдэгчийн бүрэлбаа царайлж монгол хэлийг мохоож орос хэлтэй “ортоомолсон” хилэнцтэнүүд л ажил, ёслол найр наадмыг хүртэл “арга хэмжээдэх”, санал хураахгүй “явуулах”, өвдөхийг “өвдөлт өгөх”, шархдахыг “шарх авах”, баяр хүргэхгүй “хүргэхийг хүсэх”, хүндэтгэхгүй “үзүүлэх”, үүл нүүхгүй “солигдох”, битүү цасыг “бүрхүүлдэх”, ган зудыг “бэрхшээлдэх”, нярайг “нойллох”, шингэнийг “өндрөөр” хэмжих, ач холбогдлыг “өгөх”, “гар бөмбөгийг “давуулалтанд оруулах”, нударгалцаанд “гэдсэн дээр нь ажиллах” мэтээр унаган хэлээ харийн хадмал болгож хутгуушилсан билээ. Түүнийхээ хэрээр хүнийшиж дагаар орох өргөдөл бариад царайчилж явсныг түүх гэрчилнэ.
Нулимстай наргиан ишлэе
…Хармаанд один самар есть
Хайрлаад байна не кушал
Хажууд одна девка есть
Ичээд байна не сказал…
…Ийм два птиц шиг
Ижилсээд давалаад сажийя
Ингэж сажийхаас илүү
Счастья где байх юм бэ… мэт нь
тэдний буртагшин уусахыг наанаа элэглэж цаанаа эмзэглэсэн нэгэн жишээ. Гэтэл өдгөө тэдний шавь нар орос хэлний оромцогоо орхиод англи үгний амсуургаар гайхуулж үндэсний хэл, бичгээ аанай л гадуурхаж улаантантай усан төрлийн зулай гишгэжээ, Мэдээжээ! Чи нийслэлийнхээ хаягийг нэг харчих. Чөмөггүй ширээлж чөдөртэй жороолоочийн толгойгүй бөгс тонтгонож буйтай адил гэдэг үнэн. Толгойтойсон бол арай ч ингэтлээ садарлахгүй. Өндөр байшингийн гэрлэн хаяг, зоогийн газар мэтэд монгол хэл минь гологдоо юу. Түүхийн түүчээ баатрууд, түмний манлай мэргэд домог туулийн гэгээн дүрүүд гурван буурал хантай, гучин гурван говь, тахилга тайлгат уул уснаас минь нэр олохгүй байгаа хүмүүсийг ухааны харалган дайрчээ.
Энд би хэлний хос морьтнуудын тухай ярих гээгүй. Хорвоогийн аль ч орон гүрэнд очсон та нарын хэлдэг хаана байгаа нь үл мэдэгдэх “Ичих булчирхай” бус нүүр улайхааргүй сайхан билгүүн залуусаар бахархдагаа хэлье. Бас харийн үг, хэлэнд нутагших тохиол, бэхжсэн хэл өөрийгөө цэвэршүүлэх хүчтэй байдгийг ч үгүйсгэх гээгүй. Гагцхүү монголоо алдаж модоо бариачдын “навчинд” бараалхах санаа сэдсэн юм. Гэтэл нэгэн хошигнооч “цаадуулын чинь чихэнд үнэн үг хийвэл сэгсрэнэ. Харин алт хайлаад цутгавал ахиад нэм гэж аашлаж байгаад хярвасрана” гэж урам хугалсан боловч би мятарсангүй.
Ядахдаа сэгсрүүлье л дээ. Урьд үеийнхэн нь хайран бичгээ хатавчаар өшиглөж, хэлээ зэмдэглэж, уламжлал соёлын саваа уруу харуулж сэгсэрсэн бүрэлгэлийг өнөөгийнхөн өвлөж буйд харуусна.
Улстөрч хэмээх нь төрийн бодлогоч. Тэд зуур хоногийн явдалд өнцөг эрж мунгинахаар зууны цараатай харах ёстой. Гэтэл монгол хэлээ новшилж буй нь гомдмоороо. Хүйсийг жендер, шигшээг тендер, шалган байцаахыг аудит, орон сууцны зээлийг ипотек, өргөөг хаус, дэлгүүрийг маркет, зочид буудлыг хотел, гэснээр агуу их соён гэгээрүүлэгчээр тодрох уу, айлын идүүр долоосон гөлөг харагдах уу. Хэл саармагжвал үндэстэн сульдаж хэл мөхвөөс үндэстэн үгүйрнэ гэдгийг мэдэх хүн тэдний дунд баймаар атал яагаад сунчин дутаж сурамгай доголоно вэ.
Харийн ном жамыг хамагчтай мэт дагаж яваагаа, дэлхийн дээвэрт дэвж явна хэмээн эндүүрэх юм даа чааваас.
Мэдээжээ! Эргэн тойрондоо байгаа эрээжлээг хараад ямар улс оронд аж төрж буйгаа төсөөлдөг үү. Харийнхан индиануудыг захчлаж нутгийг нь эзэгнэх үед ийм байсан уу? Ялгаа гэвэл бид мөнх тэнгэрийн чагтгатай голомтоо манах ёстойсон доо.
Азийн цагаан дагина гэж арай эрт омойтсон хотын минь туурганд “Говь” “Буян” “Голомт” “Номин” “Монгол шилтгээн” мэт үг харагдах боловч их хааны зарлигийн бичгээр “Их Монгол” “Монгол хуушуур” гэснээс өөр нь нүдэнд торох нь үгүй. Эх орныхоо хэл, бичиг, өв соёлыг шоовдорлож, өвөг дээдсийнхээ ачийг бачлаж, тооныг нь тонгойлгож, тотгыг нь цөмлөх санаатан баймгүй яа. Эцэг эхийн санаа үрд, эргүү жаалын санаа харьд болов уу. Иймэрхүү “бич-мүүн”-үүд (хүмүүн-бич) хар элэгтэн халдаар ирэхэд хадаг барьж мөргөөд олбог түшлэг гуйж тун магадгүй. Монголчууд ийм мунхаглалыг “заяа нь хая” гэдэг дээ. Миний мэт малчны майга удам, адуу үүрсэх, янцгаах, унгалдахыг мэдэх бол одоо мөөрөхийг үзэх нь л дээ.
Мэдээж дүү минь чи үнэхээр уран бүтээлч сэтгүүлч болох гэж шулуудсан бол монгол хэлэндээ морин дэл дээр дарцаглаасай. Явгадаад байна шүү. Хэрэв чи сэтгүүлчийн сургууль төгссөн мэргэжлийн гэж боддог бол үнэмлэх гэдэг баримт болохоос бус баталгаа биш. Ганц бүрэн өгүүлбэрийн бэлгүй “онолдооч” багш таарсан байлаа ч өгсөж уруудахыг өөрийн чинь хичээл зүтгэл авьяас мэднэ. Үүний тулд үлгэр авах ном багш дор шавь ор. Цэндийн Дамдинсүрэн гуайн энгүүн тунгалаг бичлэг, Бямбын Ринчен гуайн билиг танхай найруулга, Сэнгийн Эрдэнээгийн уянгын урсгал, Лодонгийн Түдэвийн танин мэдэхүйн хүүрнэл, Цэрэндоржийн Балдоржийн асуудал дэвшүүлсэн өгүүлэл чамд хань болно. Улсын номын сангийн босго өндөрдөөд байвал газрын бэлээр гар ганзаганд хүрэх ном зохиол бишгүй гарч буйг дуулгая. Нэгэн жишээ хэлэхэд МУИС-аас эрхэлсэн “Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал” гучин ботийг сөхвөөс хэл болон түүхийн өв рүү өнгийхсөн дөө.
Миний дүү юу ч атугай “Мэдээж” мэтээ эздийн нь мэдэлд өгчих. Тэд тараа таниулж таараа цухуйлгаж байг. Харин намайг ганц үгнээс чаргуулдаад буйн учрыг асуухаас чинь өмнө үүгээр би өлгөж хэлээ өмөөрсөн хэдгэнэ болж эрэмдэгийг ээрч байгаа хун даа.
Мэдээжээ! Хэвлэл, мэдээллийн олон мөчирт чи жиргэх юм. Аль нэгэн арьсны тос, хадаасан өсгийтэй гутал, ханцуйгүй цамц, харуулаад мэдээж танд таалагдана гэх юм. Юу л бол.
Агуулах чөлөөлөх хямдрал болж байна. Мэдээж таны бүх сонголт бий гэх юм. Новшноосоо салах гэсэн үг юм биш үү. Өглөөгүүр модонд хоносон болжмор мэт нойтон өрөвлөг сэгсэрч сонин гарчиглаад мэдээж танд унших юм их бий гэх юм. Уншаагүй байж хэвлэл тоймлох гэж байдаг юм уу. Хоол зааж буй тогоочийн хажууд хонхны хэл шиг шулганаж мэдээж дуртай зооглоно гэх юм. Идээ ч үү, үгүй ч үү. Цаг агаарын мэдээнд хүртэл шургаж, мэдээж маргааш цас юм уу, бороо орохгүй гэх баталгаа байхгүй гэх юм. Илүү үг.
Сонголт гэж бий. Чиглэлтэй мэргэшихгүй бол гэртээ өтлөдөгийг санан өөрийгөө нээхийг хичээ. Ах нь агуудаа бус анзааргагүйдээ үдэш хойш цийсэн үлэг ухааны гашуурлаа л хэлж байна.
Саяхан чиний ярилцлагыг дэлгэцээр харлаа. Ярилцлага нэртэй оюуны мөлжлөг буй болжээ. Энэ бол чиний буруу бишээ. Миний мэт олонд харагдах дуртай нь дэгдэж очоод өөрийгөө уудлуулж “баярлалаа”-тай буцдаг. Түүгээр чинь автобусанд суухгүй, аяга хар цай уухгүй. Манай оюуны үнэлгээний царай энэ. Гутармаараа.
Чи ярилцагч бүсгүйгээ “нэрийг нь хэлэлтгүй, монголд мэдэхгүй хүн байхгүй” гэлээ. Тэрэгний дугуй шиг ээмэгтэй, тэхийн эвэр шиг хумстай тэр бүсгүй үнэхээр дэгжин боловч, “аймаар гоё”, “аягүй сайхан” гээд л дөрвөн мөч савчаад байв. Миний санаанд чөлөөт цагаар “найт клабт” ордог, шоопинг хийдэг аймаар сэксдэх, кайф авах, имиж бүрдүүлэх, салоонд очих, саунд суух мэтээс өөр юм үлдээгүй. Гэхдээ би тэр сайхан бүсгүйг уснаас гаргаж хаясан жараахай шиг болгосон өнөөгийн орчинд бухимдсан шүү.
Эрхэм дүү гадаадын ямар хэл эзэгнэснийг би мэдэхгүй, “но” “занимаалдах” “проблем” гээд байгааг хараад цаг үеийн хохирогч гэж өрөвдлөө. Чи минь баярхаад барамгүй монгол хэлнээсээ юүлэх унаагүй, ясан хэлхээ яндан цагаан морьтой бол яаж газар хорооно доо. “Ой мод сүйтгэгч шавьж нарыг устгах” гэдэг шигээ хэлний дархлаа гэмтээх нян тарааснаас энгүүн чигтээ явсан нь дээр ээ. Ганц гажиг хэлье.
Монгол хэлэнд таалал төгсөх, жанч халах, тэнгэрт халих, амьсгал хураах, бүрлээч болох, нутаг буцах, эндэх, осолдох, эрсдэх мэт өчнөөн олон оноол үг, хэлц байсаар атал онгоц сүйрэх, бөмбөг дэлбэрэх, орон дээр нүд анихыг чи бүгдийг нь нас барах гэж бөөндөх юм. Утга учрын авцалдаа гэж дуулсан байлтай. Улс хувьсгалын ой, улс тунхагласны ой гэхдээ чи найман зуун жилээр хоёр тусдаа явдлыг хутгах юм. Эх орны дайн, эрх чөлөөний арал, салан тусгаарлагч, үймээн дэгдээгч гэхчлэн ам гэмтэхдээ аль улсын иргэн хэний тухай ярьж байгаагаа бодож үзсэн үү. Чиний цэцлэх санаатай “Борооны дараах мөөг”, “Загалмайлсан эцэг” (Чи бүр “эх” гэж хадуурсан) гэдэг бол Монголд хамаагүй модонд навчгүй орчуулга. Үүнтэй дүйцэх цэц, эрдэмтний судар гэлгүй эмээгийн бор авдранд бий.
Чиний бичсэн хараал сонинд харагдана лээ. Намаас гарсан хэн нэгэн рүү урвагч тэрсэгч хэмээн хор цацжээ. Цаана нь эх орноосоо гарчих гээд байхад наана нь намаас гарах зэрэг ч гайгүй хэвтэнэ. Чиний хараалыг уншаад ийм хар эрчим хүч тээгчид гучаад онд эх орныг минь эздийн нь цусаар нэлийдсэн гамшиг санаанд орж зүрх ширхийсэн шүү. Одоо ч тэдний сүг сүүдрүүд хүний нэр хадгалж, байгууллагыг хутгаж явна. Тэдний эгнээнд чи орвол тэнгэрийн хүй таарна.
Цоохор сонинд бичдэг чиний ховын мэдээг хааяа хардаг. Тэр сонинууд чинь ярианы болон бичгийн хэлний хярамцаг. Эзэд нь мөнгөтэй ч мөхөс биз. Түүнээ мэдээд хэл найруулгын хялуу гаргачих, үг үсгийн алдаа өтчилөх ганц хүн гар дороо байлгах нь яав даа. Үүнийг баян хүн балин хийх, бантан хутгахаа өөрөө мэдэг гээд орхих хэцүү.
Миний дүү хэвлэлийн эзний эрхэнд автав гэхэд жинхэнэ сэтгүүлч өнөөдрийн угаадаснаас өөрийгөө худалддаггүй бөгөөд ходоодныхон л ноёноо морь харахад хойт хормойд нь горьдож хэвтдэг асан буй за.
Долдугаар сарын нэгний самууныг чи бичихдээ, Батзандан, Магнай, Жаргалсайхан нарыг зандалчилсан, турхирсан гээд тэдний “голыг самнах”-ыг уриалан уулгамчилжээ. Ард түмнээ гишүүнчилж, ахмад, эмэгтэйчүүд, залуусыг тасдан азаргалан хурааж үндэсний эв нэгдлийг хэн бутаргасан билээ? Шударга бусыг тэвчилгүй бухимдсан олон түмний хилэгнэл сонгуулийн луйвраар тэсэрсэн юм биш үү. Тэдний дунд дарвиж, цадиггүйтсэн хүүхэд, залуус өөр ертөнцөөс ирээгүй. Тэднийг хэн ажилгүй, ёс төргүй, хоолгүй болгов оо? “Шавь” төвтэй сургалт гэдгээр эцэг, эх багшийн чандмалсан холбоог хэн тасалсан юм бэ? Хэн тэднийг гарзын тээш, ганзагын гээш болгосон юм бэ? Энэ бүхнийг эрэгцүүлэхийн оронд амгалан тайвныг алдуулсан хэрэгт тэднийг хоморголон шоронд хатаахыг зөвтгөөд хуулийнхан хамгийн зөв шийдвэр гаргана гэж цовхорчээ. Тэр хуулийнхан дунд намчирхалын халдвар тээгч байхгүй гэж миний дүүд чөтгөр л шивнээгүй бол бурхан хэлээгүй ээ. Үрээ залгих цурхай лугаа үндсээ хадраач олдох вий. Өнөөдөр үр хүүхдээ улс төрийн улайрлаар барьж идвээс өргөөгөө хэнд өвлүүлж, өрхөө хэнээр татуулахаа үл бодох үүлгэрүүдийг чи юунд эс тооцно вэ. Бодлоо богшоож бичээчдээ.
Мэдээж минь, чи алив юмыг өнгөцхөн хяламхийж омтгойтоод байх шиг. Эрхэм гишүүдийг ноолуураас улбаалж, ямаанд хайртай, ямаанууд гээд л янших юм. Цаадуул чинь ямаанд, ямаачинд хайртай улс биш, харин сүү махыг нь сүжрээд үхэрт нигууртай байж мэднэ. Тэд маань сонгуульд согтож ам алдсандаа бантаж албандаа хайртайдаа амиа хоохойлж байгаа юм. Ямар сайндаа л ямаачныг бус ямааг багцалж тусгай тэтгэвэр оноогоод малчдад өгч байгаа юм гэхдээ манийхаа маанагийг гайхан нохойтож байх вэ. Тэгвэл бусад дөрвөн хушуу нь мал биш, адуулагчид нь малчид биш юм уу. Тэдний ноос, түүхий эдийн үнэ тэнгэрт хадаад лусын хаан шиг байгаа юм уу? Уг нь чи үүнээс нь гогцоолоод чивчилсэн бол хоолой нь зангирч, ядахдаа дэгслэхэд ч үнэмшилийн авцалдаатайг агшин зуур анзаарах байсан болов уу.
Төрийн түшээгээсээ эхлээд ерийн шүлэгч дуучин, ганзагын хуушуурчин хүртэл ард түмнээ гялайлгах гэж байгаа мэт хөөрцөглөх юм. Албандаа тогтоох амь зуулгын хэдэн бор төгрөг тонших гэж яваагаа хэлтэл нь үгэнд ойртуулахын оронд өнөө гайхал ярилцлагаараа чи дэврээгээд байх юм. Ард түмэн гэдэг ариун цэврийн цаас биш. Амны хамжааргатай байхад нь сэтгүүлчид туслахгүй бол булхайн бузраа нууж “ард түмний сонголтыг хэн ч өөрчлөх ёсгүй” гэж бахираачийг чи даган баяссантайгаа адил хамт ойчно. Сэтгүүлч босоо үлдэх ёстой.
Эх оронч сэтгүүлчийн дээд заяагаа намчирхлын намагт шавхайлагчдаас чи хол байгаарай. Тэд чинь духан дээрээ “чөлөөт” гэж биччихээд улс төрийн аль нэгэн хүчний төмөр уяанд хүзүү холгон боргож байдаг нь бүхний нүдэнд ил болжээ. Чи нэгэнтээ тоймч хийхчээ болж халимагтай, халзан хоёр хүнийг харуулаад намаар нь ялгаж нэгийг нь зүхэж байсныг харсны хувьд би үүнийг хэлж байна. Өөрийгөө уран бүтээлч хэмээн өхөөрдөж байхыг чинь олонтаа сонссон. Үнэн бол уран бүтээлчийн ноён нуруу мөн. Үүнийг илэрхийлэх зэвсэг чинь монгол хэл гэдгийг бүү март. Өдгөө монгол гэдэг сайхан алдар минь “мон” гэсэн дайвар болж төрийн хасвуу тамга дээр “агентлаг” гэж бичихээс сийхгүй болоод үндэсний бичиг, бичгийн хэлний их сан уран зохиолыг өсвөр үеийнхэнд амсуурга төдийлж үр хүүхдийг минь өөрийн болон өрөөлийн хэлтгий хэлтэн болгож байна. Өдгөө аливаа хэлийг багачуудад чамбай сургахгүй үймээн дунд оронцоглож буй нь тэдний маргаашийг будангуйлнам бус уу.
Мэдээжээ! Эл бүхнийг чамд улиглахдаа хар санасан нь бус хань татсан хэрэг.
Монгол хэл бол тусгаар тогтнол. Эх орондоо хайртай бүхэнтэй галын шугам дээр нэгдэе. Чи бид хоёрт буу байхгүй. Үндэсний дайсан бус гэхэд нөхөр гэж хараахан хэлэмгүй хэцүү нэртүүдтэй үзгээрээ хатгалдая.
Эрхэм дүүдээ энэ удаад самбай барилаа. Санаанд хүрсэн хойно чинь хадагтай золгоё оо.
Эх сурвалж: http://ganga-cz.blogspot.com/2008/12/blog-post_10.html
Oct 26, 2010
Oct 24, 2010
ЭХ ХЭЛНИЙ ЯДУУРАЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2009 оны 12-р сарын 06, Ням гариг, 18:04
Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл, мэдээллийн МОНЦАМЭ агентлаг хамтран "Нийгэм, улс төр, эдийн засгийн гадаад нэр томьёоны орчуулга, хэрэглээ" эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын дөрөвний өдөр зохион байгууллаа. Тус хуралд МСНЭ, Монголын орчуулагчдын эвлэл, Соёл урлагын хороо, Монголын зохиолчдын эвлэл, МУИС, МУБИС, МҮОНРТ болон чөлөөт телевизийн сувгууд, өдөр тутмын сонины ажилтнууд, орчуулагч, эрдэмтэд оролцсон юм. Хуралд хэлэлцсэн илтгэлүүд болон санал зөвлөмжөөс хураангуйлан хүргэе.
“ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭНД ОДОО БОЛТОЛ ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ”
Улс төрийн тоймч Ц.Даваажавын "Нийгэм, улс төр, эдийн засгийн гадаад нэр томьёог орчуулж хэвшүүлэх талаар МОНЦАМЭ агентлагийн хуримтлуулсан туршлага, сургамж" илтгэлд, өнөөдөр нийгэм улс төрийн үг хэллэг, нэр томьёог дураараа тогтоон, өөр өөрсдийн үзэмжээр хэрэглэх нь түгээмэл болсон. Асуудлын гол нь нэгэнт тогтож хэвшсэн нэр томьёог дагаж мөрдөхгүй, гажуудуулах, шинэ нэр томьёог оновчгүй тогтоох, цэцэрхэх, чамирхах явдал элбэг болсонд оршиж байгаа юм. Үүний уршгаар утгын ноцтой алдаа гаргах, буруу зөрүү ойлголт төрүүлэх, монгол хэлний найруулгыг бүдүүлгээр гажуудуулах сөрөг үзэгдэл байнга гарч байгааг дурдан жишээ татаж тайлбарласан юм. Олон улсын хэмжээнд хэвшиж тогтсон "хэлэлцээ, хэлэлцээр" гэдэг өөр хоорондоо утгын эрс ялгаатай үг хэллэгийг хольж хутган "хэлэлцээр хийлээ" гэх мэтээр ярьж бичиж байна. Уг нь тухайн асуудлаар хэлэлцээ хийж байж, хэлэлцэн тохирсны эцэст хэлэлцээрт гарын үсэг зурдаг учиртай. Тун ойрмогхоны нэгэн жишээг дурдвал, манай телевизийн тоймч, хөтлөгчид "Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэв" гэж яриад байх юм. Тэднийхээр бол, уг гэрээнд одоо болтол албан ёсоор гарын үсэг зураагүй юм байна. Уг нь олон улсын хэмжээнд тогтсон ёсоор бол "үзэглэх" буюу урьдчилан гарын үсэг зурах /парафирование/ гэдэг нь хоёр талын эрх бүхий хүмүүс тухайн асуудлаар харилцан тохиролцсон боловч албан ёсоор гарын үсэг зураагүй, цаашид гүйцэд нягтлах шаардлагатай байгааг тэмдэглэн, овог нэрийнхээ зөвхөн эхний үсгийг тухайн баримт бичгийн ард талд тавихыг хэлдэг юм билээ. Улс төрийн үг хэллэг, нэр томьёог зөв хэрэглэх байтугай монгол хэлээрээ ч цэгцтэй ойлгомжтой ярьж бичиж чадахаа больжээ хэмээн онцолсон юм. Мөн парламентын спикер Дэмбэрэл гэж телевизээр ярьж, сонин бичих нь олонтаа болжээ. Уг нь спикер гэдэг нь хоёр танхимтай парламентын доод танхимын дарга буюу хуралдаан даргалагчийг хэлдэг. Спикер Дэмбэрэл гэж яав ч ярьж, бичиж болохгүй. Гадаадын бүх үгийг монгол хэлнээ хөрвүүлж болно гэж муйхарлах нь зүйд нийцэхгүй. Нэр томьёог оновчтой бус тогтоон хэрэглэж байгаа нь энэ ажилтай өдөр тутам тулгардаг эрхмүүдийн мэдлэг нимгэн, хариуцлага сул, дээр нь редакцуудын удирдлагын мэргэжлийн хяналт үгүй болсонтой нягт холбоотой хэмээн үзэж байна гэлээ.
МОНГОЛ ХЭЛ ЭНГЭРИЙНХЭЭ ТОВЧИЙН МУЛТАЛЧИХСАН БҮСГҮЙН АДИЛ БОЛЖЭЭ
Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албаны дарга, доктор Б.Магсаржав "Гадаад нэр томьёог орчуулах, оноон тогтоох арга барилын зарим зарим асуудал" илтгэл хэлэлцүүлэв.
Тэрбээр илтгэлийнхээ эхэнд Ирланд, Израйль, Латви, Укриан зэрэг гадаадын зарим улс орон, үндэстнүүд эх хэлэндээ харь үг, нэр томьёог нэвчихээс сэргийлээд зогсохгүй, нутаг дэвсгэртээ суугаа иргэдийнхээ хэрэглээнээс гадаад хэлийг шахан зайлуулах талаар ямар бодлого хэрэгжүүлж буй талаар сонирхолтой жишээ баримт гарган ярьсан юм.
Олон үеийн туршид гадаад нэр томьёог монгол хэлэнд 1/худалдаачид, 2/улс төрчид, 3/техник, технологийн мэргэжилтнүүд, 4/ байгал шинжлэлийн эрдэмтэн, мэргэжилтнүүд оруулж ирдэг байсан бөгөөд тэр байдал өнөөдөр ч өөрчлөгдөөгүй. Одоо дээр нь манай хууль тогтоогчид тэдний араас орж ирж байна. Тэдний амнаас гадаад үг байнга унаж буй төдийгүй баталсан хууль тогтоомжид нь ч цөөнгүй гадаад үг тухалж, эх хэлээ хатгасаар байна ажээ.
Эрдэмтэн Я.Цэвэл агсны 1966 онд хэвлүүлсэн "Монгол хэлний товч тайлбар толь"-д европ гаралтай 750 толгой үг байгаа ажээ. Толийн нийт толгой үг 30804 юм байна. Үүнд харьцуулбал европ гаралтай үг нь 2,4 хувь болж байгааг илтгэгч "энгэрийнхээ товчийг тайлсан бүсгүй хүн"-тэй адилтгав.
Мөн гадаад нэр томьёог монголчлоход тохиолддог бэрхшээл болон эх хэлэндээ хэрхэн идээшүүлэх арга замын талаар санал бодлоо хэлэв. Жишээлбэл, орос хэлэн шедевр гэдэг үг бий. Утга нь дээд зэргийн ур чадвараар бүтээсэн урлагийн бүтээл, уран зохиол. Үүнийг нийтлэлч Баабар шилээвэр гэж монголчилсон нь нэлээд оновчтой болсон мэт. Гэхдээ монголчууд галыг сэргээж засдаг хэрэгсэлийг мөн шилээвэр хэмээдгийг бас санууштай. Доктор Л.Түдэв шог яриаг нэрлэсэн "хэвлэгдээгүй" гэсэн утгатай "анекдот" гэдэг үгийг "онигоо" хэмээн монголчилсон нь монгол хэлний үгийн санд нэгэнт орсон. Монголын хуучин цагийн мэргэд шинэ юмс, үзэгдэл үндэстний амьдралд орж ирэхэд монгол дуудлагын нь дагуу бичиглэн томьёолсон цонх, банз, пүүс, лам зэрэг олон жишээг дурдав.
“БАССЕЙН”-ИЙГ “ШУМБУУР, “СТРЕСС”-ИЙГ “ЗОВНИЦ” ГЭВЭЛ ЯМАР ВЭ?
Хүмүүн бичиг сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, Хэл бичиг судлаач, магистр Б.Элбэгзаяа "Орчин цагийн монгол хэлний грек, латин гаралтай үг хэллэгийн шинж байдал, тоо хэмжээ, түүнээс сургамж авах нь" илтгэл хэлэлцүүлэв.
Илтгэгч, монгол хэлнээ орсон грек, латин гаралтай үг хэллэгийг зээлдэн авсан цаг хугацааны хувьд ардын хувьсгалаас 1990-ээд он хүртлэх үе, түүнээс одоог хүртлэх үе гэсэн хоёр бүлэг болгон авч үзжээ. Учир нь 1921 оноос өмнөх үеийн монгол хэлний ормол үгсийн дотор өрнө дахины хэлний үг хэллэг бараг төлөв байдаггүй байна.
Орчин цагийн монгол хэлэнд харь гаралтай үг ихээр нэвтэрсэн тухайд судлаач, мэргэжилтнүүдийн дунд зарчмын зөрөөтэй хоёр байр суурь ажиглагдах болжээ. Энэ нь нэгдүгээрт, харь үг хэллэг ихээр хэрэглэж буй нь манай хэлний хөгжлийн нэг үе шат, зүй тогтол бөгөөд монгол хэлээрээ ярьдаг, сэтгэдэг эзэн үндэстэн нь байгаа цагт монгол хэл бохиртох, устах мөхөх аюулгүй гэсэн аядуу үзэл баримтлагсад байна. Хоёрдугаарт, монгол хэлний өнөөгийн байдал бол харь үгийн эзлэх тоо хэмжээ хэрээс хэтэрсэн цаг үе бөгөөд энэ байдлыг даруй засаж залруулан, эх хэлээ эрхэмлэх талаар эрдэмтэн мэргэд төдийгүй төр засаг ч анхаарлаа хандуулж, цэгцтэй оновчтой бодлого хэрэгжүүлэх цаг болсон хэмээн нөгөө хэсэг нь үзэж байгаа ажээ.
Энэ хоёр зөрүүтэй байр суурийн голчийг олж, монгол хэлнийхээ зүй тогтол, хэвийн хөгжлийг хангах зохистой арга хэлбэрийг сонгохын тулд аливаа хэлний үгийн сангийн хөгжлийн зүй тогтлыг харгазлахын сацуу монгол хэлний хөгжлийн өвөрмөц онцлог, хамрах хүрээ, монгол хэлээр хэлэлцэгчдийн тоо хэмжээ, монгол хэлээ хөгжүүлж, хайрлан хамгаалж ирсэн уламжлалын талын аль алиныг нь тэгш харгалзах учиртай болов уу хэмээн илтгэгч өөрийн саналаа хэлэв.
Б.Ренчин 1960-аад онд, итали хэлний "торт" хэмээх үгийг "бялуу" хэмээн аялгуу сайхан монгол хэлнээ буулган, хэрэглэн хэвшүүлсэний адилаар аливаа харь хэлний ямар ч үгийг монгол хэлээрээ орчуулах нь чухал гэдгийг онцоллоо. Тухайлбал, "нойл" хэмээх бие хөнгөжин ариусах газрыг нэрлэдэг үгийг "урсгуур", "бассейн"-ыг "шумбуур", "стресс"-ийг "зовниц" гэх мэтээр орчуулах саналтай байгаагаа илэрхийлээд дараах дүгнэлтийг хийв.
1. Гадаад үг монгол хэлний нийт үгийн санд эзлэх байраараа хэвийн хэмжээнээс хэтийдсэн гэж яаран дүгнэхгүй байх.
2. Хэвлэл мэдээлэл, зар сурталчилгааны хэллэг болон аман ярианд харь гаралтай үгийг илүүтэй хэрэглэж байгаа нь эх хэлнийхээ шавхагдашгүй нөөц баялгаас суралцах эрмэлзэлгүй, олон гадаад хэлний орчинд уусаж, эх хэлээрээ сэтгэх ёсоо мэдрэхгүй болох, бэлэнчлэх сэтгэлгээнд автсанаас голлон хамаарч байна.
3. Цаашид, монгол хэлний үгийн санд буй харь үгийн эзлэх тоо хэмжээг ул суурьтай судлан тогтоож, гарсан үр дүнг ерөнхий боловсролын сургалтын агуулга болон эрхзүйн гол гол баримт бичгүүдэд оновтой тусган, эх хэлээ эрхэмлэж, зүй зохистой хэрэглэх талаар цаг алдалгүй арга хэмжээ авах нь зүйтэй болохыг онцоллоо.
Мөн тэрбээр, гадаад нэр томьёог ойлгомжгүй үгээр илэрхийлсэн нь учир тоймоо алдлаа. Үүнийг бий болгож буй нэг хүчин зүйл бол ямар нэгэн аж ахуйн нэгж байгууллага, сонин, сэтгүүл бүхэн Хууль зүйн яаманд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулах нэр авахдаа тун бодлогогүй байдаг явдал юм. Тус яамныхан Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлж буй ямар ч компани, байгууллагад монгол нэрээр нэрлэгдсэн байх ёстой гэдэг шаардлага тавих хэрэгтэй. Заавал "JND" ч гэдэг юмуу, криллээр ч ялгаагүй "Бобоо" ресторан ч гэх шиг ойлгомжгүй нэр томьёо маш их болсон. Оноосон нэрийг Хууль зүйн яам нь ийнхүү гадаад нэрээр батлаад өгчихөөр нөгөө хэвлэл мэдээллийнхэн нь тийм хачин нэртэй пүүс, компанийг тэр оноосон нэрээр нь бичиж таарна шүү дээ.
Үүнийг анхаараачээ. Монгол хэлнийхээ сайхан унаган үгээр нэрлэсэн "Эрэл", "Хас" банк , "Нарны титэм", "Ганга гоёл" гээд олон сайхан байгууллага байж л байна. Ойлгомжтой дотно сонсогдож байгаа биз дээ. Эдгээр компаниуд чинь Монгол нэрнээсээ болоод зах зээлд өрсөлдөөнд ялагдсан, үйл ажиллагаа нь буурч, хүн танихаа байсан зүйл алга байна гэлээ.
ХЭЛ ДАМЖСАН ҮГНЭЭС БОЛГООМЖИЛ
МУИС-ийн багш Н.Балжинням "Монгол хэлний харь үгийн хэрэглээний асуудалд" илтгэл хэлэлцүүлэв.
Аливаа үндэстний хэлэнд харь хэлний үгийг зээлдэн авах асуудлыг тухайн улс орны бодлогоор зохицуулж байдгийг илтгэлийнхээ эхэнд дурдаад монголчуудын орчуулгын эртний уламжлалаас суралцаж судлах зүйл их байгааг баримт гарган ярилаа. Бурханы шашны орчуулгын ном зохиолын уламжлалаар Монгол орон нь Цейлон, Хятад, Төвд зэрэг оронтой эн зэрэгцэж байжээ. Тухайлбал, алдарт "Ганжуур", "Данжуур"-ын 334 боть зохиол юм. Мөн 1741-1742 онд Жанжаа хутагтын удирдлагаар Монголын 40 гаруй мэргэдийн зохиосон "Мэргэд гарахын орон" хэмээх төвд- монгол нэр томьёоны толь бичигт орчин үеийн орчуулгын сэтгэлгээний үндсэн суурь санаанууд туссан байдаг байна. Үүнийг үндэслэн хувьгалын дараах үеэс монгол эрдэмтэд европ зүгийн ном зохиолыг орчуулж иржээ.
Европын хэлний үгийг монгол хэлэнд авианы талаас нь зүгшрүүлэхэд тухайн үг дамжиж ирсэн орос хэлний дуудлага, бичлэг хоёрыг голлон үндсэн хэлний дуудлага, бичлэгийг төдийлөн анзаардаггүйгээс уг харь үг авиан зүйн талаас буруу хэвших, бичлэг өөр болох тал гардаг байна. Англи хэлний Hugo үгийг орсоор Гюго, монголоор Хюго хэмээх атал дамжуулж авсан орос дуудлага, бичлэг адил Гюго гэж буй нь буруу. Энэ мэт олон үгийг, тухайлбал Хавана, Холланд, Стокхольм гэх зэргээр бичих нь зөв гэлээ.
Илтгэлийнхээ төгсгөлд, хэрэглээний зорилгоор гадаад хэлний үгийг бичихдээ, 1/ тухайн гадаад хэлний үгийн бичлэг, дуудлагад ойр бичих, 2/ гадаад үгийн хэлбэрийг аль болох хадгалах, 3/ үгийн утгыг алдагдуулахгүй байх, 4/ төрөлх хэлний үгтэй бичлэг адил болгохгүй байх, 5/ тухайн үгийг дахин сэргээн бичих боломжтой байлгах, 6/ гадаад үг гэдэг нь танигдахаар байх, 7/ гадаад үг бууж байгаа хэлний зүйн дүрмээр дүрэмжин хэрэглэгдэх зэрэг наад захын шаардлагыг хангаж байх ёстойг сануулав.
Мөн АНУ-дахь Монголын соёлын төвийн тэргүүн, МУБИС-ын багш, доктор М.Саруул-Эрдэнэ "Монгол нэр томъёог нийтэд хэвшүүлэх нэгэн тодорхой санал", доктор Ц.Өнөрбаян "Харь үг, түүнийг журамлах хэм хэмжээ" сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн юм. Эдгээр илтгэлүүдийг бүрэн эхээр нь дараагийн дугааруудад нийтлэх болно.
Эрдэм шинжилгээний бага хуралд урилгаар оролцож буй хэл шинжлэлийн эрдэмтэд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллөөс олон санал санаачилга гарсан юм.
Зарим саналыг та бүхэндээ хүргэе.
ИХ ХЭРЭГЛЭЖ БУЙ 10 ГАДААД ҮГЭЭС ЭХЛЭЕ
Багш М.Саруул-Эрдэнэ
-Эхний ээлжинд амьдралд маш их хэрэглэж байгаа гадаадын 10 үгийн зөв орчуулгыг гол гол хэвлэл мэдээллийн байгууллагууддаа өгөөд хэвшүүлчихэд л болох гээд байгаа юм. Шинээр орж ирж байгаа үгийг төрийн хэлний зөвлөл нь байдаг юмуу, ШУА, сонин хэвлэлийн эрхлэгч, телевизийн удирдлагуудаас бүрдсэн зөвлөл хуралдаад ийм үгийг ингэж хэрэглэхээр боллоо. Тэгээд гүйцээ энэ цаг мөчөөс хойш энэ үгийг ингэж хэрэглэж тогтоно гээд хэвшчих юм бол бидний ажилд маш хэрэгтэй гэж бодож байна.
ХЭЛ НАЙРУУЛГААС БОЛООД ХҮҮХДҮҮД ТӨӨРӨЛДӨХ БОЛЛОО
МКС-ийн багш, доктор Б.Будням
Эх хэл гэдэг бол үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдалтай нягт холбоотой асуудал. Магсаржавын илтгэлд гарч байна л даа. Ер нь нарийн шинжлэх ухааны салбарын нэр томьёог орчуулах, хэт их монголчлохоос болгоомжлох нь зүйтэй гэдэгтэй санал нийлж байна. Үүнийг ч бид баримталж ирсэн. Гэхдээ сүүлийн үед мэргэжлийн олон ном гарч байна. Нэг мэргэжлийн ном сөхөөд үзэхэд номны 50 хувь нь англи, 50 хувь нь монгол хэлээр бичжээ. Тэр хольж хутгасан номынх нь учрыг өөрөө л ойлгодог юмуу гэхээс оюутан ч ойлгохгүй. Математик гэдэг шинжлэх ухаан өөрийн гэсэн онцлогтой ч хүүхдэд зориулсан математикийн сурах бичиг сайхан ойлгогдохоор монгол хэлээр гаргаж байхыг хүсч байна. Нэгдүгээр ангийн хүүхдийн математикийн сурах бичгийг аваад үзье. Геометрийн тухай ойлголт өгөх гээд тэгш өнцөгт зураад дөрвөлжин гэж нэрлэчихээд дөрвөн тал нь адилыг нь болохоор квадрат гэсэн байгаа юм. Нөгөө хүүхэд хараад аль алиныг нь дөрвөлжин гэж л ойлгож байна шүү дээ. Сурган хүмүүжүүлэх түвшинд тодорхой шинжлэх ухааны салбарт хэл найруулгаас болоод ийм төөрөгдөл гарч байна шүү.
ТАНИН МЭДЭХҮЙН НЭР ТОМЬЁОНЫ ТОЛЬ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хорооны мэргэжилтэн, зохиолч, яруу найрагч Д.Урианхай
-Ийм эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан та бүхэнд маш их талархаж байгаагаа юуны өмнө хэлье. Хоёр санал хэлье. Ийм хурлыг Соёл урлагийн хороо, өнөөдөр энэ хурлыг зохион байгуулсан хоёр байгууллага, эрдэмтэдтэй хамтраад хэлний хүрээлэн, их, дээд сургуулийн багш нар, ЕБС-ийн багш нарыг ч оролцуулаад Ерөнхий сайд, БСШУЯ-ны сайдын ивээл дор орон даяар теле хурал болгон зохион байгуулъя.Бас нэг санал бол манайд хэлний олон сайхан толь бий. Жишээ нь "Мэргэд гарахын орон" толь бичгийг 200 гаруй монгол, түвдийн дуун хөрвүүлэгчид Ролбийдоржийн удирдлаган дор зохиосон байдаг. Тэнд буддын гүн ухааны нэр томьёо маш элбэг. Гэтэл бид тэр нэр томьёог хэрэглэх нь байтугай мэдэхгүй л явж байна. Манай дээр үеийн эрдэмтэн мэргэд маш олон толь бичгийг олон талаас нь нухацтай судалж орчуулсан байдаг. Энэ бүгдийг ерөөсөө сөхөж харахгүй байна. Дутуу дулимаг мэдлэгтэй хүмүүс өөрсдийнхөөрөө орчуулсан үг хэллэг урсаж орж ирээд байгаа нь хэл зэрэмдэглэх нэг гол хүчин зүйл болоод байгаа юм. Танин мэдэхүйн нэр томьёоны толь хэрэгтэй байна. Юуг нь оюун гэх юм юуг нь ухаан гэх юм , зөн, совин хоёр ямар ялгаатай юм бэ ч гэдэг юмуу үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй нэг мөр болгосон толь хийхийг хэл шинжлэлийн мэргэжилтнүүд, эрдэмтэд санал болгож байна. Манай Соёл урлагийн хороо хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллахад бэлэн байна шүү.
Хуралдаж л байдаг хэрэгжиж байгаа зүйл байдаггүй
Шинжлэх ухааны доктор, орчуулагч Б.Бирваа
-Харсаар байтал аялгуут сайхан монгол хэл маань хэл биш сүг болж байгааг хараад зүгээр сууж болохгүй юм. Сүүлийн үед "байгаа ч" гэж ярьж бичдэг боллоо. Зүй нь монгол хэлэнд байгаа боловч, байвч гэж ярьдаг. "Байгаа ч" гэдэг үг чинь монгол хэлэнд болиоч гэсэн утга агуулдаг юм шүү. Архи уухаа байгаачээ гэж ярьдаг. "Саруул тал байвч шаврыг нь мэд, Сайхан янаг байвч санааг нь мэд" гэдэг ч юмуу. "Тийм байгаа ч" гээд л ярьж бичээд байх юм. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж байгаа үг хэллэг, зар сурталчилгаа авах юм алга. "Администратед" гэдэг үгийг засгийн газар гэж орчуулах ёстой. Гэтэл засаг захиргаа гэж буруу орчуулаад яриад байдаг. Манайхаас өөр АНУ-ын засаг захиргаа гэж яриад сууж байгаа газар байхгүй шүү. Бусад улс орон үг зохиохдоо ямар тийн ялгал шаардлагатайг толь бичигтээ тусгадаг. Тэгэхэд манайх бас л "Үүднээс" гэдэг үг бүр салахаа болив. "Явах үүднээс, биелүүлэх үүднээс" гээд байх юм. Очихын үүднээс, явахын үүднээс гэж бичих ёстой юм. Телевизүүдээр "Асуудлыг нээлттэй үлдээлээ" гэж их ярих юм. Асуудлыг шийдвэрлэсэнгүй гэвэл илүү хүнд ойлгомжтой. "Зах зээлийн нийгэм" гэж баахан яриад хэвшчихлээ. Хүн төрөлхтний нийгэмд зах зээлийн нийгэм гэж хэзээ ч байгаагүй. Бас "военный приступник" гэдэг үгийг цэргийн гэмт хэрэг гэж яриад байх юм. Зүй нь дайны гэмт хэрэг гэж ярих нь зөв. Манай хэл дээр гарсан саяны буудалцсан асуудлыг цэргийн гэмт хэрэг гэж ярьж болно. Ирак, Афганистан, Югославт болсон үйл явдлыг дайны гэмт хэрэг гэж хэлдэг юм. Манайд онолын асуудал бүр хаягдаж гүйцсэн. Төрийн зөвлөл нь байдаг юмуу, ШУА нь байдаг юмуу олон дахин хэрэглэдэг нэр томьёог тогтоогоод дагаж мөрдүүлдэг болмоор байх юм. Хуралдаж л байдаг хэрэгжиж байгаа зүйл байдаггүй.
УИХ “БОЛЗОЛ”, “НӨХЦӨЛ” ХОЁРОО ЯЛГАДАГГҮЙ
Хэл шинжлэлийн дэд доктор, орчуулагч Д.Лхамдорж
-Үнэхээр Монгол хэл тамтаггүй болох нь ч болчихлоо л доо. Гараад гудамжны хаягийг л хар. Та минь ээ "Амьсгалын замын өвчин, бэлгийн замын өвчин залуужиж байна" гэж бичээд, яриад байх юм. Энэ чинь юу гэсэн үг вэ? Ялангуяа "маань, өөрөө" гэдэг үг даргын ч үгнээс, сэтгүүлдчийн амнаас салахаа байв. "Манай аав маань өөрөө" гэх юм. Манай гэж хэлж байгаа бол маань гэдэг үгээр яах гэсэн юм бэ. Тэр байтугай "Энэ хайрхан уул маань өөрөө" ч гэх шиг Монгол хүн ярьж байна гэхэд ичмээр юм ярих юм даа. Тэгээд би нэр томьёоны тал дээр хэдэн санал хэлье. Сүүлийн үед иргэн харьяат, иргэншил хоёрыг хутгаад байх юм. Иргэншил буюу цивилизаци гэдэг үгээр явах нь зүйтэй. Дундад зууны гэж ярьж бичээд сурчихжээ. Хуучин Гаадамба, Пэрэнлэй гуай эд нар дундад үе гэж ярьдаг байсан хэлэхэд ч эвтэй. Эртний үе, Дунд үе, Шинэ үе гэж хэлж, бичиж тогтох нь зүйтэй. УИХ-аас гарч байгаа шийдвэр, гэрээ хэлэлцээр хачин юмнууд байх юм. Болзол, нөхцөл хоёрыг ялгадаггүй. Жишээ нь "тийм тусламжийн мөнгийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр" гэж ярих юм. Эргэн төлөх болзолтой гэж ярих нь зөв. Төрийн хэлний зөвлөлд хандаж хэлэхэд дээр үед нэр томьёоны комисс гол хэдэн сонины нүүрэн дээр энэ үгийг ингэж бичнээ гэж хэвлээд тавьдаг байлаа. Үүнийг дахиж сэргээмээр байх юм. Зөв бичих дүрэм бүр биш болчихлоо. Эрдэмтэд, шинжлэх ухааны академи нийлж зөв бичгийг дүрмийг шинэчилж засмаар байна.
ЭРДЭМТЭН МЭРГЭДЭЭСЭЭ АСУУЖ БАЙЯ
Ахмад сэтгүүлч, орчуулагч С.Сандагдорж
М.Саруул-Эрдэнэ багшийн байнга хэрэглэдэг гадаадын 10 үгийг ядаж орчуулаад гол гол хэвлэл мэдээллийн байгууллагууд яг тэр зөв орчуулгаар хэрэглэж занших саналыг зуун хувь дэмжиж байна. Аливаа хэлэнд гадаад үг орж ирээд тухайн хэлний дүрэм журмын дагуу хэвшээд нутагшдаг. Хэдэн зуунаасаа л тэгж ирсэн. Зохицуулж зөв хэрэглэх нь чухал. Дээр үед МОНЦАМЭ-гээс хэрэглэж буй гол гол орчуулгын үгийг монголоор ингэж бичнэ гэсэн гарын авлага гаргаж хэвшүүлж байсан.
"Стерофонный радио станц" гэдгийг бид "Гүн авианы радио станц" гэж орчуулчихаад Ренчин гуайгаас асуусан. Хүүхээ тэр чинь гүн ч биш, гүдгэр л юм байгаа юм гэж хэлж байсан. Тухайн үед эрдэмтэдтэй ярьж асууж нэр томьёог тогтоож зөв хэвшүүлж байлаа.
Би хэдэн хуудас материал телевиз, радиогийн хүмүүст ийм ийм үгийг ингэж орчуулж хэрэглэж байсан гээд хэвлээд өгсөн. Хаячихдаг юм билээ. Үүнийг албадаж мөрдүүлдэг газар Төрийн хэлний зөвлөл байх ёстой гэж ойлгох юм. Тэгэхгүй бол хүн бүр өөр өөрийнхөө үзсэн харснаар туугаад байх юм бол ёстой холион бантан болоод байна. Булган аймгийн засаг дарга гэж нөхөр манай Булганчууд гээд л яриад байх юм. Булганыхан, Ховдынхон гэж ярьдаг байсан. Нийслэлчүүд, Говьчууд гэх юм байна л даа. Та яагаад "чууд" гэж хаанаас гарсан дагавар залгаад байна вэ гэхээр "чууд" гээд хэлэхээр албан ёсны болж байгаа юм гэж хэнэг ч үгүй тайлбарлаад зогсож байх юм.
ТӨРИЙН ХЭЛ ГЭДЭГ ТУСГАЙ ХЭЛ БАЙХГҮЙ
Төр, нийгмийн зүтгэлтэн Ц.Балхаажав
-Төр гэдэг үг Монголын хэллэг мөн. Үндсэн хуулинд төр гэж үүнийг хэлнэ гэсэн заалт байдаггүй. Гэтэл өнөөдөр Төрийн хэлний зөвлөл гэж яриад л байна. Төрийн хэл гэхээр тусгай хэл болоод_ ард түмний хэл нь монгол хэл болж таараад байна уу. Төрийн хэл гэж тусгай хэл байдаг юм уу. Монгол хэлийг хэлэх, хэрэглэх утга зөрчилтэй байгаагийн нэг илрэл энэ. Үүнийг өөрчлөх хэрэгтэй
Гадаад үгийг хэрэглэхдээ нутагшуулж хэрэглэх нь гарцаагүй. Ер нь засаг захиргаа, засаглал, төрийн байгууллага, нийгэм, нийгмийн байгууллага гэдэг чинь юу юм бэ гэдэг талаар нийт хэвлэл мэдээллийн сэтгүүлч, сурвалжлагч залуус та бүхэн уншиж судлах хэрэгтэй. Та нарын буруу, зөрүү ойлголт, дутуу дулимаг мэдлэгээс дараагийн бас нэг үе чинь хүмүүжиж байна гэдгийг анхаараарай.
БИЗНЕСМЭН ГЭДЭГ ҮГЭНД САЙНААСАА СААР УТГА НЬ ДАВАМГАЙ
ГХСС-ийн багш, дэд доктор Н.Доржготов
-Орчуулгын хувьд төдийгүй, үндэсний хэлний ухааралд нэмэр хандив болох хурал зохион байгуулсан Төрийн хэлний зөвлөл, МОНЦАМЭ-ийн хамт олонд гүн талархлаа илэрхийлье. Цаашид гай тарьж болох хэдэн үгийн талаар саналаа нэмэрлье.
-Захиргаадалт: М.Горбачевын илтгэлд "административное командование" гэсэн захиргаадалт гээд буулгачихсан юм. Тэгтэл өнөөдөр улс оронд захирах, захирагдах ёс алга болоод төр засгийн ажил явахгүй болсон нь бидний нүдний өмнө илт байгаа.
- Хүнд суртал - бюрократизм гэсэн үгийг хүнд суртал гэсэн үг зохиож орчуулсан нь өнөөдөр маш их хэл үг татаж байна. Хүнд ч яахав, суртал гэдэг үг нь заншлын хүндэтгэл юм билээ. Заншлыг Англичууд америк ч мөн custom гэж ягштал дагадаг. Бид монгол уламжлал алдагдлаа гээд гасладаг. Гаслахаас арга үгүй. Брюкратизм нь үгчилбэл товчоолох ёс гэсэн франц үг, англи хэлэнд энэ утга нь байдаг. Албан тушаалын дэслэл, эрх мэдлийн товчоолол юм. Албан тушаалын дэслэлгүй ямар ч засаг захиргаа байдаггүй. Менежмент бол аливаа зүйлийг үр ашигтай болгодог зүйл. Үүнийг монголоор зохируулга гэдэг. Менежмент бол зохируулга юм бол менежер зохируулагч мөн юм. Өнөөдөр манайд харин менежментийн хувьчлал гэдэг нь жавших шамшигдуулах хэрэглэл болоод байгаа шүү дээ. "Business" гэдэг нь commerce, trade гэсэн хоёр үгийн дараа худалдаанд хэрэглэсэн үг. Энэ нь хулгай гэсэн утгатай байдаг юм. Бизнесмэн гэдэг үг англи хэлэнд сайнаасаа муу утга нь давамгай. Хэдэн жилийн өмнө манай 24 орчим настай оюутан бүсгүй багшаа европд кузенүүд хоорондоо сууж болдог гэнэ. Манайд яагаад болдоггүй юм бэ гэдэг юм. Кузенг ямар монгол үгтэй дүйлгэж байна гэвэл үеэл гэнэ. Энэ үг миний дотрыг пал хийлгээд орос-монгол, монгол-орос толь харлаа. Двоюродная сестра по отцу-үеэл эгч, двоюродная сестра по матери-бүл эгч, бүл дүү гэжээ. Ингээд англи-орос толь үзлээ. Cousin-двоюродный брат, кузен, двоюродная сестра-кузина гэжээ. Бөл гэдгийг одоо бүл гэж дуудах бичих болсон. Үеэл, бүл гэдэг хоёр үгийг зааглаж ойлгож чадаагүйн улмаас үеэл гэсэн бололтой. Нэг айлын хөвүүдийн хүүхдүүд хоорондоо үеэл, нэг айлын охидын хүүхдүүд хоорондоо бүл шүү дээ. Мөн хүү, охины хүүхдүүд хоорондоо бүл. Европд бүсгүй талын буюу бүл талын таван үеэс хойш хоорондоо гэрлэж болдог зүйл. Үеэлүүд хоорондоо хэрхэвч сууж болохгүй гэж тайлбарлаж өгсөн л дөө.
ЗӨВ ҮГИЙГ ХЭВШҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
МОНЦАМЭ-гийн тоймч, орчуулагч П.Шагдар
Хотынхоо гудамжаар алхаж явахад заримдаа гадаад улсад явж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг шүү дээ. Ирланд, Израильд хаягийг зөвхөн эх хэлээрээ бичнэ гэж заасан байдаг. Манайх ч мөн ялгаагүй хууль гаргаж гудамжны хаягийг монгол болгомоор байгаа юм. М.Саруул-Эрдэнэ багш түрүүн хэллээ. Гол хэрэглэдэг 10 үгийг монголоор зөв орчуулж хэрэглэж хэвшүүлэхийг дэмжиж байна. Ер нь хэвшүүлж болно. Манай МОНЦАМЭ аентлаг өнгөрсөн өвлөөс эхлээд ямар ч байсан "явагдаж" гэдэг үгээс зайлсан. Бүх л үйл явдлыг "өндөрлөж" гэж бичиж ярьдаг. Манайх зайлж чадлаа. Ер нь хэвшүүлж болно гэж бодож байна.
МОНЦАМЭ-ГЭЭС СУРАЛЦАХ ЗҮЙЛ ИХ БИЙ
МОНЦАМЭ-гийн тоймч, сэтгүүлч Б.Цэрэннамжил
-90 жилийн түүхтэй МОНЦАМЭ-гийн гадаад мэдээний орчуулагчид маань төвийн хэвлэл мэдээллийн байгуулагуудыг орчуулгын мэдээгээр олон жил хангаж ирсэн. Үнэхээр гадаад хэлнээс орчуулах орчуулгын том школ бүрдсэн. Ер нь бусад сонин хэвлэлийн залуус манай агентлагийн орчуулгыг маш сайн уншиж байх хэрэгтэй. Тэндээс орчуулгын талын мэдлэг олж авахаас гадна гадаадын улс орны сурвалжлагчид яаж товчхон оновчтой мэдээ, материалаа бичдэгийг ч давхар харах боломжтой.
Хурлын төгсгөлд МОНЦАМЭ- агентлагийн дарга Т.Баасансүрэн хэлэхдээ “Илтгэл тавьсан хүмүүсийн илтгэл, санал бодлыг МОНЦАМЭ-мэдээ сониндоо нийтэлж хүргэх болно. МСНЭ-ийн дэд ерөнхийлөгчийн хувьд төвийн гол гол сонины эрхлэгч, телевизийн удирдлагуудыг урьж М.Саруул-Эрдэнэ багшийн дэвшүүлсэн амьдралд хамгийн олон хэрэглэгддэг гадаад үг хэллэгийг зөв орчуулсан хэлбэрээр хэвшүүлэх талаар ярьж тохиролцож болно. 12 дугаар сард багтааж зохион байгуулахад ч бэлэн байна гээд, хуралд ирж үнэтэй санал зөвлөгөө өгсөн эрдэмтэн мэргэд, орчуулагч, сэтгүүлч нар талархаж буйгаа илэрхийлэв.
Тус хурлаас нийгэм, улс төр, эдийн засгийн гадаад нэр томьёог орчуулж хэвшүүлэх талаар төр, засаг, хэвлэл мэдээлэл, судалгаа, сургалтын байгууллагуудад зөвлөмж хүргүүлэхээр боллоо.
Д.Догсмаа
Oct 23, 2010
Монгол Улсын Үндсэн Хууль - МС
http://kfman.or.kr/~kfman/match/law_04.html Уг орчуулга нь 1992 оны Үндсэн Хуулийн орчуулга бөгөөд, энэ орчуулгад 2000 оны өөрчлөлтийг тусгаагүйг анхаарна уу. 몽골 헌법 |
| ||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...