Showing posts with label зүгээр л бодрол.... Show all posts
Showing posts with label зүгээр л бодрол.... Show all posts

Mar 31, 2012

Түгжрээ

Түгжрээ
Түмэн ажлыг түгжиж
Түмний наснаас хорооно.
Ээжийг охинтой
Аавыг хүүтэй
Уулзуулахгүй тэвдээнэ.
Эзнийг зочинтой
Ажилчныг даргатай
Бараадуулахгүй сандраана.
Ажил үйлс уяж
Амраг хосыг түгшээнэ.
Уур бухимдал төрүүлж
Уушиг зүрх сагсайлгана.
Хэн хүнийг адгуулж
Хэтэрхий олон эд эс үхүүлнэ.
Оюутны сурлагаас чангааж
Багшийн цалингаас зулгаана.
Зам дээр түгжирнэ.
Хайрцаг тэрэгт хашина.
Залхуу хүргэнэ.
Хачин их ядраана.
Ухасхийж унагах шахана.
Угзчиж бөөр доргионо.
Жолооч тамхилна.
Кондуктор зандарна.
Эз нь таарсан бидний хохь уу?
Ээ дээ, эсвэл бодлогын буруу юу?
Замаа өргөтгөх боломжгүй гэнэ.
За, бас гүүрлэх хөрөнгөгүй гэнэ.
Асфальтаар хааяа хучивч
Ай хөөрхий, насгүй.
Гэрлэн дохио гацаатай.
Гэдгэр цагдаа шаналгаатай.
Гүргэр жолооч дураараа.
Гүйдэг зорчигч зоргоороо.
Өвөлдөө жавар, утаа нэрмэж
Хавартаа шороо, шалбааг хачирлаж
Тарчлаана.
Халтиргаа гулгаа гэж бас бий.
Харшил, хүнд суртал ч нэмэгдэнэ.
Түгжрээг хүртэл хайрлах
Өгөөмөр зан надад алга.
Түүнд цаг заваа өгөх
Хүлцэнгүй сэтгэл ч алга.
Түгжирсэн ч, түгжрээгүй ч "түгжрээ" ярина.
Түмний аманд "түгжрээ" уяатай.
Олны чихэнд "түгжрээ" хадаатай.
Уйлалтай биш, дуулалтай биш.
Яалтай билээ? Ийлтэй билээ?
Яг түгжирч явахдаа үүнийг санав.
Ядарч хариад үүнийг үзэглэв.


Түмний нэг, түгжрээний золиос
Т.М.А.

Баахан "бай-"

Байдаг байсан байж байх байсан байвал
байдаг байсан байж байх байсан баймаар
байдаг байсан байж байх байсан байтал
байхгүй байж байх байсан байжээ.

Nov 22, 2011

Есөн шид нь бүрдсэн амьтан

Ухна илжигээр дуудуулна




Мал адгуусаар цолллуулна



Мангас алмасаар овоглуулна



Гөлөг гөлчгийгөөр доромжлуулна



Хог новшоор гадуурхагдана



Хошгирно ухнатана



Нохойтно гахайлна



Шалчиганана далчиганана



Галзуурна солиорно



Элийрнэ балайрна.



Илжиг шиг зөрүүдлэнэ



Үхэр шиг гөжүүдлэнэ



Хонь шиг номхорно



Загас шиг дуугаа хураана.



Нийгмийн амьтан гэгдэг ч



Байгалийн л амьтан.



Нээрэн тоглоомгүй



Есөн шид нь бүрдсэн амьтан.







Ээрүү гацаа



Хоёр цэхэртэй



Хохимой толгойтой



Ангалздаг дарвагартай



Сарвалздаг сарвуутай



Гуйлгачин түүлгэчин



Гуйранч хулгайч



Наахуу туучий



Баагий пээдкаа



Дүлий дүмбэ



Дүнхий годил



Монш монди



Зулзага зулбасага



Адсага араатан



Шулам тийрэн



Шумуул амьсгаа гэгдэж



Элдвээр хэлүүлж



Эд эсээ үхүүлдэг ч







Цусаар урсаж нөжтэй хутгалдалгүй



Тосоор гоожиж буян нь дэлгэрэг.



Үгээ хэлж үсээ зулгаалгүй



Үйлээ эдэлж үхэж далд оролгүй



Тамаа цайж тамтагтаа тулалгүй



Хуруу хумсаа хугалалгүй



Нэр нүүрээ баралгүй



Насаа нэмж нартаж жаргаж яваг.







Бүү харааж зүх



Бүхнийг ерөөж ивээ.



Jun 21, 2011

Булчирхайн өчил

Би булчирхай.
Биенээсээ ичихгүй
Үгнээсээ буцахгүй.

Хэн ч биш гэж намайг
Хэнхэглэх хүн бий.
Илүүдлээ гэж надад
Ихэрхэх нэгэн ч бий.
Үнэхээр намайг
Хэнд ч хэрэггүй юү гэвэл
Үнэндээ бас тийм биш шүү.
Өвөг дээдсийн үгийг саная.
"Өөх ч биш, булчирхай ч биш."
Энэ үгийн наана цаана
Эрхбиш оршихуйг минь
Нотолж байна.
Энэ ч биш тэр ч биш гэсэн
Энэ зүйрлэлд хөөрхий минь
Эгээ л миний нэр явж байна.
Өөх ч биш булчирхай ч биш бол
Өөрөө харин тэр хүн хэн ч биш шүү.

Булчирхай хэрэггүй гэж
Буруу зөрүү боддог ярьдаг бол
Өвчин эмгэгийг тань анагаадаг
"Өнөөгийн шидтэн" эмчээс асуугаарай.
Шүлсний булчирхай, хөлсний булчирхай
Бамбай булчирхай, тунгалагийн булчирхай
Байхгүй бол та үхэхээ байг гэхэд
Байх эсэх тань эргэлзээтэй гэх вий.

Би оршиж байна.
Бие сэтгэлээрээ таны төлөө
Бас нуулгүй хэлэхэд өөрийнхөө төлөө.
"Ургахад" тань цуг үүссэн
"Унтрахад" тань цуг устана.
Ид шидгүй ч, эр бяргүй ч
Илүүдэхгүй дутдаг.
Эрхтэн биш ч
Эд эсийн тань нэг хэсэг.
Бодисын солилцоонд тань нэмэртэй
Болхи гэлтгүй амьдралд тустай.

Хэрэггүй гэвэл та намайг аваад хаячих
Хэн болохыг минь мэдэх болно.
Онгирч байгаа юм биш шүү.
Олны дунд би мөрөөрөө
Онцгойрох юмгүй явж л байя.

Агуу найрагчийн үгийг тунгаая.
"Амьддаа бие биенээ хайрла."
Алдар нэр би горьдоогүй ээ
Адлагдахыг мөн л хүсээгүй ээ.

Энэ шүлэг биш шүлэглэл.
Энэ бие шүлэгч биш,
Энгийн нэг булчирхай.

Apr 2, 2011

통역 그렇게 만만하니 ^^

http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=VYPhTPGHFhY

유키스가 이렇게 불렀다면 난 유키스 팬이 됐을 텐데 ^^

유키스 맴버들에게: 개사 미안해.

만만하니 - 유키스(U-Kiss)

(통역 그렇게렇게 만만하니)

(외국어 그렇게 넌 만만하니)

(모국어 표현이 넌 만만하니)

(그렇게 모든게 다 만만하니)

뜨거운 이해만을 원해 좋은 고객

차가운 사례만을 주는 나쁜 고객

그 잘난 자존심은 다 갖다버려

약올리고 약올려 날 자꾸. 이제 그만해

나 완전 돌것 같아 너 때문에, 고객

착한 척하는 네게 얼떨결에 난

모든걸 다 주고 또 또 속았어

약 올리고 약올려 넌 정말 (잘난 고객)

너는 결국 돌아온다 통역을 난 못해 먹어

그대의 가식적인 그 미소가 떠올라 미칠것 같아

짜증나게 하지말고 떠나가버려 오~

(통역 그렇게렇게 만만하니)

(외국어 그렇게 넌 만만하니)

(모국어 표현이 넌 만만하니)

(그렇게 모든게 다 만만하니)

너 정말 나쁜 나쁜 나쁜 고객

날 갖고 놀아난 댓가 확실히 지불해야 될걸

(너 때문에 정말 짜증난다)

예전에 모든 것을 받아주던 내가 아냐

등대처럼 멍하니서 바보마냥 당하지 않아

그렇게 넌 당당하게 그렇게 넌 깐깐하게

그렇게 넌 뻔뻔하게 잘도 갖고 놀아

기분 더럽게 막 말하고 철없게 행동하고

약올리고 약올려 날 자꾸. 이제 그만해

도대체 이해할 수가 없어

도대체 너라는 사람을 난

뭘 대체 내게 원하는 거야

이러지도 저러지도 못해 통역이란 그 이름 안에

너는 결국 돌아온다 통역을 난 못해 먹어

그대의 가식적인 그 미소만 떠올라 미칠것 같아

짜증나게 하지말고 떠나가버려 오~

(통역 그렇게렇게 만만하니)

(외국어 그렇게 넌 만만하니)

(모국어 표현이 넌 만만하니)

(그렇게 모든게 다 만만하니)

너 완전 짜증나 통역밖에 난 살길이 없잖아

언젠간 똑같이 당해 두고봐

통역갖고 장난하는 너 통역을 너무 쉽게 생각하는 너

이젠 됐어 잘난 철하는 고객

너는 결국 돌아온다 통역을 난 못해 먹어

그대의 가식적인 그 미소가 떠올라 미칠것 같아

짜증나게 하지말고 떠나가버려 오~

(통역 그렇게렇게 만만하니)

(외국어 그렇게 넌 만만하니)

(모국어 표현이 넌 만만하니)

(그렇게 모든게 다 만만하니)

Jan 23, 2011

Сайн тогтооё гэвэл


Эргэцүүлэн бодож чадах тул

Эрхбиш сэтгэн бодож хэвш.

Үнэхээр сурч мэдье гэвэл

Үлэмж дур хүсэлтэй бай.

Өнгөрсөн үед нэгийг ойлгосон бол

Өмнөх мэдлэгээ ашиглаж дад.

Ухаан бодлоо төвлөрүүлж

Ухааран санахад бэлэн бай.

Одоо үүсэх төсөөллүүд уялдана

Орчин нөхцөлтэй холбон харьцуул.

Өнгөрсөн одоо ирээдүйн хэлхээ

Өчнөөн олон бол үг тоог эрэмбэл.

Алсдаа санахад амрыг бодож

Анхны сэтгэгдлийг хүчтэй төрүүл.

Аливааг ойлгож мэдсэн бол

Амралт зогсоцыг бүү март.

Хориод жилийн тэртээ “Супер” сэтгүүлд нийтлэгдсэн

“Өөрийнхөө ой ухааныг ашиглаж сурагтун”-аас сэдэвлэв. 2010.1.23

Jan 9, 2011

Энэ тохиолдолд та яах вэ?

Та одоо нэг орчуулга хийж байгаа. Гэтэл танд тэрнээс чинь хэд дахин илүү хөлс өгье, яаралтай орчуулж өгөөч гээд өөр орчуулга авахыг санал болголоо. Энэ тохиолдолд та яах вэ? Мэдээж олон янзаар хариулах байх. Зүгээр л ийм тохиолдолд ямар сонголтууд байж болохыг ярилцъя гэж бодлоо.

Завгүй хүмүүст зориулаад хэдэн сонголт үлдээе. Гэхдээ санаа бодлоо энэ хариултуудаар хязгаарлалгүй чөлөөтэй илэрхийлээрэй.Яагаад гэдгийг нь товчхон ч болов тайлбарлахаа мартав аа. ^^

1. Гайгүй үнэтэйг нь хийгээд хуучнаа буцааж өгнө. Үнэ хөлс чухал шүү дээ.

2. Түрүүлж авснаа дуусгана. Нэгэнт авчихсан болохоор дуусгах ёстой.

3. Түрүүлж авснаа аль болох хурдан дуусгаад үнэтэй орчуулгыг бас амжуулахыг бодно.

4. Үнэтэйг нь юу ч болсон чадах эсэхээ мэдэж байж аль нэгээр нь шийднэ.

5. Хамгийн гол нь амжих уу гэдэг чухал. Хийхээ хүрвэл дөхүүлээд ч болсон хийнэ.

Dec 16, 2010

Ертөнцийн гурав (орчуулгын тухай)

Үйлчлүүлэгч

Заримдаа, "Орчуулахад ядах юмгүй" гэж ятгана

Хааяа, "Чамаас өөр хүн барахгүй" гэж ятгана

Хэзээ ч, "Үнэ хөлсийг нь удаж төдөхгүй" гэж ятгана


Орчуулагч

Оновчтой үг олох гэж цагаа нэг барна

Ойлгомжтой илэрхийлэх гэж махаа нэг барна

Орчуулгын мөнгөө авах гэж үгээ нэг барна


Хэцүү

Үг хэллэгээ мэдэхгүй бол нэг хэцүү

Илэрхийлж чадахгүй бол бас нэг хэцүү

Орчуулж дадаагүй бол дутахгүй нэг хэцүү


Удаан

Итгэлгүй хэлмэрчийн хэл нэг удаан

Зүтгэлгүй орчуулагчийн гар нэг удаан

Сэтгэлгүй сонсогч уншигчийн ойлгоц нэг удаан


ТМА

Dec 7, 2010

Хэцүү (Үгийн наадгай)

Нэг хүү солонгос хэл сурахыг хүсчээ.

Тэгээд найзаасаа асуутал

- Төгс сайн сурах хэцүү гэж.

Хүү солонгос хэлнээс асуужээ.

- Солонгос хэл ээ, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад эрдэмтэд сурчихдаг юм бэ?

- Эрдэмтэн хэцүү гэж

- Эрдэмтэн, та хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад хар ажил хийдэггүй юм бэ?

- Хар ажил хэцүү гэж

- Хар ажил аа, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад монгол хүн сайн хийдэг юм бэ?

- Монгол хүн хэцүү гэж

- Монгол хүн ээ, та хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад ган зудад малаа алддаг юм бэ?

- Ган зуд хэцүү гэж

- Ган зуд аа, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад баян хүнийг гайгүй өнгөрөөдөг юм бэ?

- Баян хүн гэж

- Баян хүн ээ, та хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад хулгайчид юмаа алдчихсан юм бэ?

- Хулгайч хэцүү гэж

- Хулгайч аа, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад цагдаад баригдчихдаг юм бэ?

- Цагдаа хэцүү гэж

- Цагдаа, та хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад даргадаа донгодуулдаг юм бэ?

- Дарга хэцүү гэж

- Дарга аа, та хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад нарийн бичиг чинь хамаг ажил амжуулдаг юм бэ?

- Нарийн бичиг хэцүү гэж

- Нарийн бичиг ээ, та хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад бичиг цаасанд дарагддаг юм бэ?

- Бичиг цаас хэцүү гэж

- Бичиг цаас аа, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад хайчлагддаг юм бэ?

- Хайч хэцүү гэж

- Хайч аа, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад алхаар цохиход ямбийдаг юм бэ?

- Алх хэцүү гэж

- Алх аа, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад голд хаяхаар живчихдэг юм бэ?

- Гол хэцүү гэж

- Гол оо, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад далайд урсаад орчихдог юм бэ?

- Далай хэцүү гэж

- Далай, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад хад чулуунд саатдаг юм бэ?

- Хад чулуу хэцүүү гэж

- Хад чулуу, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад чулуучин юм сийлдэг юм бэ?

- Чулуучин хэцүү гэж

- Чулуучин, та хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад эхнэртээ яншуулдаг юм бэ?

- Эхнэр хэцүү гэж

- Эхнэр ээ, та хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад хүүхдээ уйлахаар сандардаг юм бэ?

- Хүүхдэд хэцүү гэж

- Хүүхэд ээ, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад өвддөг юм бэ?

- Өвчин хэцүү гэж

- Өвчин, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад эмч эдгээчихдэг юм бэ?

- Эмч хэцүү

- Эмч ээ, та хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад архи ууж зоригждог юм бэ?

- Архи хэцүү гэж

- Архи, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад яруу найрагч уугаад онгод ордог юм бэ?

- Яруу найрагч хэцүү гэж

- Яруу найрагч аа, та хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад зохиолоо орчуулж чаддаггүй юм бэ?

- Орчуулга хэцүү гэж

- Орчуулга, чи хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад орчуулагч хийж чадаад байдаг юм бэ?

- Орчуулагч хэцүү гэж

- Орчуулагч аа, та хэцүү юү?

- Хэцүү гэж

- Хэцүү юм бол яагаад эх хэлээ сайн сурах сан гэдэг юм бэ?

- Эх хэл хэцүү гэж

- Эх хэл ээ, чи хэцүү юү?

- Хэцүү гэж.

Хүү хэцүү боловч эх хэлээ сайн сурахаар шамдаж

амар сайхандаа жаргажээ.

ТМА. 2010.12.06

Dec 1, 2010

Хотын сониноос

Хөдөөний нэг өвгөн хот явж ирээд нутгийнхандаа хуучилсан нь,

"Хотын хүүхдүүд их сонин хачин хичээл үздэг юм байна.
Аалигүй бэр, Би цэг, Хий эм, Гоо мэдэр гэдэг хичээл үздэг гэнэ.

Гэртээ хариад Гомбо уу тэр гэдэг нэг шидэт хайрцагаар
Энэ тэрний эд гэж нэг юмыг л үзээд суучихдаг юм байна.

Чи ад гэж нэг юм бас байна. Тэрүүгээрээ нэг нэгнээ нээрээ л
адлаад ч байх шиг, аргадаад ч суух шиг. Учир нь олдсонгүй.

Намайг Сүү барьмаар хэд гэдэг нэг дэлгүүрт оруулж үзүүлсэн.
Хөгшдөд сүү байтугай юу л бол юу худалдаж аваад
барьчихмаар сайхан дэлгүүр байна билээ."

Nov 17, 2010

Одоо өнгөрсөн ирээдүй

Багш асуулт тавьдаг сурагч хариулт өгдөг болжээ.
Багш асууж, сурагч хариулдаг байлаа.

Зарлагч хүсэхдээ "Өргөнөөр ирнэ үү?" гэж асуудаг болжээ.
"Олноор оролцоно уу."гэдэг гэж хүсдэг байлаа.

Сурвалжлагч эцсийн асуултыг танд үлдээдэг болжээ.
Өөр юу хэлэхийг хүсэж буйг асуудаг байлаа.

Орчуулагч монгол хэл рүү орчуулга хийдэг болжээ.
Монгол хэлээр орчуулдаг байлаа.

Урлагийнхан арга хэмжээ зохион байгуулдаг болжээ.
Урлагийн тоглолт зохиодог байлаа.

Эмч өвчтөн хүнийг үзэх үйл ажиллагаа хийдэг болжээ.
Өвчтөн үздэг байлаа.

Хөл бөмбөгчин хөлөөрөө цохилт хийдэг болжээ.
Өшиглөдөг байлаа.

Нударгалагч(боксчин) гэдсэнд ажилладаг болжээ.
Хэвлийд нударгалдаг байлаа.

Сүсэгтэн хайрыг өгч авдаг болжээ.
Хайрлаж хайрлуулдаг байлаа.

Их хурлын гишүүдийн асуудал хэлэлцэгддэг болжээ.
Гишүүд асуудал хэлэлцдэг байлаа.

Иргэд нилээдгүй асуудалтай болжээ.
Нилээн зовж зүдэрдэг байлаа.

Ирээдүйд хэрхэхийг та бидний Монголоо,
эх хэлээ гэсэн сэтгэл оюун мэднэ.

Эх хэлээ эвдэж мартвал хэн мөхөх вэ?
Монгол мөхнө.
Эх хэлээ эрхэмлэж дээдэлвэл хэн мөнхрөх вэ?
Монгол мөнхөрнө.

Nov 14, 2010

Сэтгэгдлийн тухай сэтгэгдэл

Сайттай сайтгүй, блогтой блоггүй хүмүүсийн нэтэд үлдээсэн сэтгэгдлийг бид бишгүй л уншдаг. Заримыг нь уншаад ярвайж, заримыг нь уншаад мишээдэг. Ямар сэтгэгдэл мишээлгэдэг вэ? Хөгтэй инээдтэй явдлаас гадна хөгжилтэй зугаатай хариулт, хааяа гэнэн цайлган үгс, за тэгээд урам хайрлаж, ухааруулж шүүсэн сэтгэгдэл гэж бодож байна. Харин ярвайлгадаг сэтгэгдэлд хүний мууг үзсэн, хор шар малтсан, харааж зүхсэн, доромжилсон, түрэмгий дээрэнгүй, сайн явахыг чинь харна аа гэх өнгө аястай сэтгэгдэл орох байх. Ямар ч гэсэн сэтгэгдэлтэй сайт, блог үзэхэд сэтгэгдэлгүйгээсээ олон хүн зочилдог мэт харагдаж, зочлоод гарсан ул мөрөө үлдээсэн нь "амьсгалж" байгаа мэт санагддаг.

Ер нь сэтгэгдлээс сэтгэгдэл төрдөг нь үнэн. Ар араасаа цувж, нэг нэгнээсээ өрсөж бичиж гардаг. Арваад л жилийн өмнө дөө. Автобус унаа өвлийн цагаар олдохгүй, хүмүүсийг хүлээлгэдэг, үргэж зугтдаг байсан үед "Шархад ирвэл шахцалдаад оръё. Амгалан ирвэл арсалдаад оръё. Улаанхуаран ирвэл уралдаад оръё" гэлцдэг байсантай л адил юм уу даа.
Хүний сэтгэл мэдрэлээр тоглож цэнгэл таашаал мэдрэх донтой л биш юм бол муу муухай
сэтгэгдэл бичих хэрэггүй санагддаг юм. Ингэж хэллээ гээд бичих нэг нь бичдэгээрээ бичиж л таарна.

Мэдээж сэтгэгдэл үлдээдэггүй хүмүүс байдаг. Тэд сэтгэдэггүй юм болов уу? Үгүй л байлтай.
Бодохноо, надад хамаагүй хаданд чимээгүй гэж боддог ч юмуу, бичих завгүй, сэтгэгдлээ
хуваалцах сэтгэлгүй, сэтгэгдлээ яаж оруулдагийг мэдэхгүй, магадгүй ул мөрөө үлдээхээс айдаг, эсвэл дургүйцдэг байж болно.

Эцэст нь хэлэхэд, хил хязгааргүй орчинд хэл усаараа ойлголцож харилцахдаа чин сэтгэлээсээ өөрийгөө болоод бусдыг хүндэлж сайн сайхан сэтгэгдэл үлдээж, та бүхэнтэй санаа бодлоо хуваалцаж байгаа хүмүүсийн цаг завын хариуд урамшуулж бэлэг бариарай.
Сайн санааны үзүүрт тос гэдэг шүү дээ.

Nov 12, 2010

Онцгой оюутнууд

Одоо би шалгалтын хуудас засаж сууна
Онцгой оюутан дэндүү олон байна.
Олныг нуршилгүй тэднийг танилцуулъя
Олон юм ярилаа гэж бүү уурлаарай.

Хоосон хуудас өгсөн оюутан
"Шалгаад байх юм байхгүй ээ,
Шалгалтаас чухал юм надад бий.
Энэ хичээл чинь надад хэрэггүй
Энэнтэй энэгүй би амьдарчихна."

Хоосон толгойтой та
Хорвоод хэрэгтэй юмаар тархиа дүүргээрэй

Дураараа хурааж товчилж бичсэн оюутан.
"Энэ зэргийн хурааж бичсэнийг
Эрхбиш та ойлгочихно биз дээ?
Энийг бүрэн бичиж байхын оронд би
Эрдэм мэдлэгээ гайхуулж их бичмээр байна."

Хураахын гайхамшигийг харлаа
Худлаа ч үгүй дүнг чинь хураадаг юм билүү?

Хуулж байгаад баригдсан оюутан.
"Хаа ч явсан би дарга
Хамаг юмыг минь хийх нарийн бичигтэй.
Харин хүч хөдөлмөрөө гаргаж хуулсныг
Хамаагүй битгий бага үнэлээрэй."

Нарийн бичигтэй сайхан л юм
Надад зөв шударга хүнийг
хохироох эрх даанч байхгүй.

Эх захгүй баахан юм бичигч оюутан.
"Хариу нь хаа нэг хэсэгт байгаа.
Хайгаад олоорой, та
Зөв буруу хариуг ямар
Ялгаж чадахгүй гэж биш дээ."

Тийм ээ, тийм.
Тэгэхдээ хадуурсны чинь төлөө
магтмааргүй байна.

Хэт товчхон бичигч оюутан.
"Товч тодорхой бичих хэцүү юм байна
Тодорхой бичих гэж хадуурч байснаас
Товч бичиж хэдэн оноо авъя аа
Тоомжиргүй хандлаа гэж бүү бодоорой."

Тоотой хэдэн үгээр онож хэлсэнд баярлалаа
Тодорхой бичээгүй болохоор чинь
Баттай мэдэж байгаа эсэхийг мэдэхгүй нь.

Бичгийн, дүрмийн, найруулгын алдаачин оюутан.
"Монголчууд буруу бичиж зөв ойлгодог шүү дээ
Монгол хүн юм чинь та зөв ойлгоно оо.
Алддаггүй хүн гэж хаа байсан юм бэ
Алдаагаа засуулах гэж л бид сурдаг шүү дээ."

Монголчууд бид айхтар л даа
Бурууг зөв ойлгоод байвал зөвийг яаж ойлгох бол?
Алдааг чинь засаж байгаадаа бухимдаагүй ээ
Ахин дахин алдаад, засрах шинжгүй
Бахь байдгаараад чинь дургүйлхэж байна.

Улаан балаар ярайлгаж жирийлгэгч оюутан.
"Улаан өнгө мандал бадралын өнгө
Улаан өнгө сэтгэлийг цочроож урмыг сэргээнэ.
Ухаант багш минь, та
Улам ихээр өөдлөн дэвжээрэй."

Улаан бичигтэй хуудсыг чинь харахаар надад чи
Хөлбөмбөгийнх шиг улаан хуудас өгөх гээд байх шиг
Улаан өнгө удаан хараад үзээрэй
Удахгүй галзуурах гээд ч байх шиг санагдана.
Улаан галзуу хүн урд чинь зогсоод байвал
Ухаан мэдрэлд чинь сайхан байх уу?

Олон сайн оюутан байдаг ч
Онцгой оюутнууд цөөнгүй юм даа.

Т.М.А

Sep 23, 2010

Үгийн мөрдөгч

Хэдэн жилийн өмнө хичээлийн завсарлагаар найзтайгаа уулзаж зогстол найз маань,
– Нээрээ чамаас нэг үг асууя. 도어락 гэж юу гэсэн үг юм бол? гэж асуулаа.

Юм л бол гар сунгадаг МУИС-ын ногоон толио дэлгэлээ. Байдаггүй шүү. Өдийд бол нэтээс эхлээд хайх байсан байх. Гэтэл тэр үед нэт байсан ч хурд нь удааныг хэлэх үү, миний тэвчээр мууг хэлэх үү нэтэд холбогдоно гэдэг их л зовлонтой байсан юм даг. За тэгээд ер нь нэтээс үг хайчих сайт нь ч нээгдээгүй, үг хайхад нэт ашиглаж болно гэж ч боддоггүй мэддэггүй явсан санагдана. Хорь гучин минут хүлээж сууж мэйлээ хальт шалгасан болдог байж билээ.

- Ямар юман дээр гарсан байна вэ?
- Мэдэхгүй. Нэг байрны танилцуулга дээр байсан гэсэн. Миний таньдаг хүн асуугаад би мэддэггүй. Тэгээд чамайг мэдэх байх гэж бодоод асууж байна.
- Эхийг нь, үгүй гэхэд өгүүлбэрийг нь, бүр ядвал холбоо үгийг нь ч болов харчихад яг ямар утгаар хэрэглэснийг нь мэдэхэд арай л дөхөм байдаг юмсан. Ялангуяа олон салаа утгатай үг ч юмуу ижил бичлэг дуудлагатай үгийн аль утга нь тохирч, аль үгийг нь хэрэглэснийг мэдэхэд арай амар болдог.

- Солонгост байдаг танил л даа. Би ирэхдээ уулзсан. Одоо мөд уулзахгүй.
- Тэгвэл их барьц муутай юм байна. Яах ч аргагүй дан үгээр нь л хайх болох нь дээ. Дараа энд тэндээс олж мэдвэл хэлж өгье.
- Тэгээрэй. Дараа уулзъя.

Багш нээрээ бид нарыг “Одоо овоо үгийн баялагтай болсон юм чинь тайлбар толь сайн ашиглаж сураарай” гэсэн. Тайлбар толиос нэг харъя байз. Бас л байдаггүй. Дутуу харчихсан юм болов уу? Ногоон толь, тайлбар толь хоёроо дахиж сөхлөө. Үнэхээр алга. Харин 도어 гэж үг байна. Гэхдээ “Би явлаа” гэсэн өгүүлбэрийг “Явлаа, би” гэх мэтээр өгүүлбэрийн гишүүний байр сольж илэрхийлэх арга гэж тайлбарласан байв. Яаж ч бодоод байрны танилцуулга дээр ийм энэ утгаар баймааргүй юм. Сурталчилгааны үгэнд нь орсон байсан юм болов уу? Ээ, бүү мэд. Уг нь энэ 도어 гэдгийн утгыг мэдчихвэл 락 нь “хөгжих цэнгэх” гэсэн утгатай ханз байж магадгүй. Солонгос хэлэнд ханзнаас бүтсэн үг их олон байдаг шүү дээ.

Эрэл мухардлаа. Амь биш заяа биш орхичих уу? Монголчууд “Эрлийг сургаар” гэдэг. Сураглаад үзье. Ингэхэд хэнээс асуух вэ? Гайгүй дотно байсан солонгос багш буцчихсан. Монгол багш нар өчнөөн цаг хичээл заадаг, зав муутай. Тэгээд бас л ногоон толь, тайлбар толиос харж өгнө. Эсвэл “Өөрөө сайн хай” гэнэ. Зарим нь шулуухан “Мэдэхгүй” гэдэг. Солонгос найзтай ч байсан болоосой. Өөр арга бодъё.

Солонгос хэлний хувьд надаас олон оймс элээсэн ахлах ангийн оюутнаас асууя. Сургуульдаа л “гавал” гэгддэг нэг залуугаас асуутал, “Харж байгаагүй үг байна. Буруу хазгай бичсэн үг юм биш биз?” гэв. Нээрээ тийм байж болох юм. Тийм бол ямар үгийг ингэж буруу бичсэн байж болох вэ? Тааж мэдэхэд хэцүү юм даа. Одоо яах вэ? Доод ангийн нэг сүрхий залуу байдаг. Түүнээс асуух уу? Дэмий байх аа. Солонгост хэдэн жил болсон ч гэсэн яриандаа л гайгүй юм байна билээ. Бас биеэ тоочихсон оюутан. Түүнээс үг асууж доошоо орохоо больё. Хааяа ингээд хөл тушчихдаг нэрэлхүү зан гэж хэцүүеэ. Орхихоос доо.

Хоёр хоногийн дараа Скай худалдааны төв орлоо. Бараа сонирхоод явж байтал нэг юм нүдэнд туслаа. Өнөөх “гайхал” чинь дүрээрээ байж байдаг байна шүү. Харин юун дээр байсан гээч. Байрны цоожны солонгос шошгон дээр байв. Хорвоо гэж сонин юм шүү. Хүсэхэд хясаад олдоогүй хэрнээ тохуурхсан юм шиг энд ингээд өөдөөс “марзайгаад” байж байдаг. Юутай ч эрснээ оллоо. Байз. Энэ чинь юу билээ? Нэг л танил байх чинь. Door lock гэсэн үгийг солонгосоор галигласан үг байсан байна шүү дээ. Юманд учир, суманд гичир. Юмны учрыг олох сайхан шүү. Дараа хашир байна аа. Онол практик, чухамдаа хичээл амьдрал хоёр хослохоороо ийм сайхан байх юм. Энэ сониноо найздаа хурдхан дуулгая.

За тэгээд тун удахгүй бас нэг үгийн араас “мөшгөж” мөрдөгч болчихоод явж байх байх даа. Хаа очиж үг эрэх дуртай нь аштай юу. Тиймгүй бол “Дургүйд хүчгүй” гэдэг биз дээ?

Jul 19, 2010

Төрийн далбааны хэмжээ харьцаа

Монгол Улсын Үндсэн Хуулиас
---------------------------
Арван хоёрдугаар зүйл

1.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.

2.Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.

З.Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна.Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтмнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна.Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна.

4.Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн.

5.Монголын Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундахь хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна.Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна.Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.

6.Төрийн тамга дөрвөлжин хэлбэртэй, голдоо төрийн сүлдтэй, сүлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байна.Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барина.

7.Төрийн бэлгэ тэмдгийг дээдлэн хэрэглэх журам, төрийн дууллын үг, аяыг хуулиар бататгана.
-------------------------------

Соёмбо тэмдэгийн хэмжээ харьцаа


Монгол Улсын төрийн далбаа


Өмнөд Солонгосын төрийн далбаа ямар
хэмжээ харьцаатай байдгийг бас мэдэж авцгаая.

БНСУ-ын төрийн далбааны хэмжээ харьцаа

Jul 5, 2010

Төрийнхөө далбааг дээдэлье гэвэл

Эх орноо хайрлаж харамладаг нь үнэн бол
төрийнхөө далбааг хүндэлж зөв харьцаатай
далбааг хэрэглэх нь зүйтэй болов уу.
Энд тэнд буруу зөв янз бүрийн харьцаатай,
таван хошуутай таван хошуугүй, бүдүүн нарийн,
хааяа бүр дэндүү гэмээр харьцаа нь алдагдсан
далбаа ч харж явсан тул эмзэглэж
өөрт олдсон гайгүй сайн хэмжээ харьцаатай
далбааг танд хүргэж байна.

Нэтэд тавигдсан буруу далбааны жишээ












Төрийн ордоны оройд намирах төрийн далбаа ба
ерөнхий хэмжээ харьцаа зөв далбаа



Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...