Showing posts with label аялгуу сайхан эх хэл. Show all posts
Showing posts with label аялгуу сайхан эх хэл. Show all posts

Dec 8, 2013

Мориныхоо сайныг унадаг нь биш, уядаг нь мэддэг

эх сурвалж : www.sonin.mn

Нийтэлсэн: 2013-12-07

1.Хууч яриа
1940-өөд онд эрдэмтэн Ц.Дамдинсүрэн Монголхэлэнд хэрэглэх орос үсгийн цагаантолгой зохиох даалгавар авсан. Үүнийгээ хэдхэн хоногт гүйцэтгэсэн. Яагаад гэвэл монголбичгийн зүй тогтолд тулгуурлаж зөвхөн орос үсгийн тэмдэгтийг ашигласан байсан. Тэгээд маршал Чойбалсанд танилцуулж, жишээ бичихдээ” мори” гэсэн үгийг сонгосон юмдаг.
Маршал “Би ямар орос үсэг мэдэх биш. Харин орос сургагчаараа уншуулъя” гээд уншуулжээ. Гэтэл цаадах нөхөр нь орос дуудлагаараа “мори” гэхийг “мории” гээд хэлж. Маршал, - Мории гэж юу гэсэн үг вэ? Би сонсоогүй юм байна. Дамдинсүрэн ч,-Мории биш ээ, мори гэсэн үг, монголбичгийн уламжлалаар бичсэн юм. Гэтэл, -Орос хүн нь орос үсгээрээ уншаад байхад би лав ойлгосонгүй. Чи наадахаа зас. Юу зохиогоод ирчихсэн юм гэж уурсжээ.
Дамдинсүрэн маань засаж сайжруулахаар явлаа. Нэлээд хэдэн сар болсон дог. Шахаж шавдуулж авчруулаад, дахиад хэлэлцлээ.
“Мори” гэдэг үгээ “морь” гээд биччихэж. Орос сургагч түүнийг нь “мор” гээд уншлаа. Маршал, -Мор гэдэг чинь тэгээд мори гэсэн үг үү. Ямар хачин юм хийгээд байна аа гээд дүрсхийтэл мань эр ч, -Мор гэж хатуугаар дуудахгүй л дээ. Мори гэж зөөлнөөр дуудах ёстой. Ингэж зөөлрүүлж буй үсэг нь энэ “ь” зөөлний тэмдэг юм шүү дээ гээд өөрийгөө аварсан юм.
Тэнд байсан Намын Төв Хорооны хэд ч “За ингэвэл болмоор юм шиг болж байна. Наадахаа сайжруулаад ир. Бүх нийтээр хэрэглэх үсэг болгоно” гэж тогтсон юм. За ингээд “ь” зөөлний тэмдэг гэсэн үсэг мэндэлсэн юм гэж 1983 оны намар Ардын Гэгээрлийн сайд асан Машлай бидний хэдэн оюутанд хуучилж билээ.
Тэр жил 1983 онд эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Багшийн сургуулийн багш Б.Осортой хамтран “Монгол үсгийн дүрмийн толь” гэж хамгийн сүүлчийн хувилбараар сайжруулсан толь гаргасан. Энэ толь одоо хүртэл Монголхэлний зөв бичих ёсыг зохицуулж байна.
2. Шинэ үсгийн давуу тал
- Монгол улсын албан ёсны төрийн үсэг бичиг
- Монголын шинжлэх ухаан, соёл урлаг, түүхийн нэгэн зурвас үеийг энэ бичгээр тэмдэглэж байна.
- 1930-40 онд Монголчууд өөрийн төрийн бичиг үсгийг сонгох зайлшгүй түүхэн үе ирсэн.
Монголбичиг, Латин үсэг, Орос үсэг гэсэн сонголтоос улс төр, нийгэм эдийн засгийн шаардлагаар энэ үсгээ сонгож авсан.
- 1957 онд шинэ үсгийн комисс бичиг үсгийн сонголтын талаар дахин санал асуулга авахад монголын хүн амын 90% нь “Энэ үсгээ хэвээр нь хадгалъя. Харин зөв бичих дүрмийг сайжруулах хэрэгтэй” гэсэн.
- 1960 онд хүн амын 90% нь богинохон хугацаанд бичиг үсэгтэй боллоо гэж ЮНЕСКО-ийн шагнал хүртсэн.
- Шинэ үсгээ заах арга туршлагатай. Арга зүйг нь сайжруулсан цагаан толгой, зөв бичих зөвлөмжийн олон арван ном гарсан. Зааж сургах багш нарын бүхэл бүтэн арми, хүлээж авдаг нийгмийн сэтгэл зүйн хөрс нэгэнт тогтсон.
3. Шинэ үсгийн дутагдалтай тал
- Монгол улсаараа зөв бичих дүрмийн алдаатай бичдэг. Энэ бол үндэстний эмгэнэл. Зөв бичих дүрмийн алдаагүй нэг ном, нэг сонин ольё гэвэл тэнгэрт залбирч газарт мөргөөд ч олдохгүй. Энэ бол үндэстний гутамшиг. Олон улсын хэл шинжээч эрдэмтдээс нууж байдаг ичгүүр.
- Шинэ үсгийн дүрэм 100 гаруй үсгийн дүрэмтэй. Сурагчдад заахад хүнд сэдэв. Хэрэглээний сургалт биш харин академик нүсэр сургалт юм.
- Шинэ үсгийн дүрмийг сайжруулах гэж үе үеийн монгол хэл шинжээчид оролдож байсан ч нэгэн шийдэлд хүрдэггүй. Яагаад?
- Авиа-үсгийн аргыг гол болгож, ярианы хэлэнд суурилж зохиосон учраас үсгийн дүрмийн мөнхийн маргаан дэгдсэн.
Одоо Чингис гэхийг Чингэс гэж бичиж хэвшиж эхэлж байна. Удалгүй Чэнгэс болоход гайхах зүйлгүй. Товчхондоо энэ дүрмээр тэмдэглэсэн 20-р зууны бичиглэлийг 21-р зууны монголчууд ойлгоход хүндрэл үүснэ. Харин 22-р зууны монголчууд нь бүр ч лөөлөө. Учир нь ярианы хэлэнд зориулж гаргасан дүрэм шүү дээ.
Жишээлбэл, Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар 1983 оны толь бичигтээ “эрвээхий, дэгдээхий” гэж бичнэ гэж заасан. Гэтэл одоо “эрвээхэй, дэгдээхэй” гээд бичиж байна.
“Бөлөг гэж юу гэсэн үг вэ?” гэж нэг хүү асууж билээ. 1960-аад онд хэвлэсэн уран зохиолын номноос энэ үгийг уншиж. ”Бүлэг гэсэн үг чинь шүү дээ” гэж хэлэхдээ би цочирдсон.
Энэ дүрэм нь монголхэл сурч байгаа гадаад маш хүнд . Тэд монгол ярианы хэл сурдаг. Зөв бичих дүрмийг сурч чаддаггүй. Залхдаг зарим нь сурахаа зогсоодог. Үсгийн дүрмийн тамын тогоонд толгойгоо дүрж, тарчилахыг хэн хүсээ аж.
- Монголхэл бол өөрийн гэсэн бичгийнхэлний зүй тогтолтой. Гэтэл монгол үгийн үндсийг эвдэж бичдэг. Үүнийг дагаад олон дүрэм хогийн шарилж шиг сагсайж ургасан. Энэ нь эргээд бичгийн хэлний дархлааг сулруулж сонсголонт аялгууг нурааж эхэлсэн. Жишээ нь, засчхаж, номхтго гэхэд “-с,-х” –ийн дүрэм, дараалан орсон заримдаг 2,3 гийгүүлэгчийн дүрэм, ”-ж,-ч,-ш”-ийн дүрэм гээд нэг үгэнд чихэлцэж шахалцан дайрдгаас эгшиг үсэг нь сувдны хэлхээ мэт цуварч байдаг аялгуу сайхан дуудлага нь тас түс хийсэн хахир хатуу дуудлагатай болж байна.
- Хэлний сургалт бол өөрийн хэлний зүй зохицлыг дагасан сэтгэлгээний хөгжил байдаг. Гэтэл шинэ үсгийн дүрэм нь монголхэлний үгийн гарал үүслийг тодорхойгүй болгодог. Жишээ нь, “шавьж” гэсэн үгийн задлал хийхэд сурагчид “шавь,оюутан” гэсэн язгуураас “шавьж” гэсэн бичил биет үүсэв үү гэж ангайдаг. Гэтэл монголбичгийн хэлэнд “шавж” гэж бичдэг бөгөөд “шав” гэж “шавах шамбааралдах” гэсэн үгийн язгуураас “шавж” гэсэн бичил биет амьтны нэр үүссэн нь тодорхой байдаг.
- Шинэ үсгийн гарал нь славян төрлийн хэлтний авиаг тэмдэглэсэн тэмдэгт үсэг учраас монгол хэл аялгуунд ямар ч хэрэггүй илүү үсгүүд байдаг. Жишээ нь, Щ үсэг бид “шч” гэж дууддаг. Энэ үсэг ямар ч хэрэглээгүй 70 жил манай үсгийн цагаантолгойд хоригдож байна. Ийм авиатай ямар ч монгол үг, тэр бүү хэл англи үг ч байдаггүй. Энэ үсгийг суллаж, чөлөөлмөөр.
- Ы гэж “уий” гэж дуудах ёстой. Үүнийг дуудахад, хөгшдийг бол ичээж, хүүхдүүдийг бол элгийг нь хөшөөчих гээд янцаглаж ухилах мэт сонин авиа гардгаас багш нар “61-ийн и үсэг” гэж таниулдаг.
4.Шинэ үсгийг өөрсдийн хэрэглээнд тохируулж сайжруулах боломж
- Үсгийн дүрэм бол хүний хэрэглээ. Хүн бүрт энгийн ойлгомжтой, сурахад амархан байх ёстой Жишээ нь: Монголбичиг бол гарын 10 хуруунд ч багтахгүй дүрэмтэй. Үсгийн дүрмийн талаар ямар ч маргаан байдаггүй. Иймдээ ч 1200 жил өвөг дээдэс маань хэрэглэжээ.
Улсаараа зөв бичдэг больё. Ийм боломж байна.
1. Монгол үгийнхээ үндсийг эвдэж болохгүй. Энэ бол өвөг дээдэс бичгийн хэлээрээ дамжуулж үлдээсэн алтан дүрэм. Үүнийг мөрдвөл гээгдэх, гээгдэхгүй эгшгийн дүрэм, эгшигт болон заримдаг гийгүүлэгчийн гээд олон дүрэм ууршина.
2. Үгийн язгуур үндсийг сэргээхдээ монголбичгийн хэлээ баримталсан журамлах тользүй гаргах. Жишээ нь, Би цаас урав. Би таныг урив.
3. “Щ,Ь,Ъ,Й” гэсэн үсгүүд бол монгол хэлний авиаг тэмдэглэдэггүй. Иймээс хасах нь зүйтэй. Үүнийг дагаад зөөлний тэмдэг “и” болно болохгүй, хатуу зөөлний тэмдгийн дүрэм, зөөлөн хатуу гийгүүлэгчийн дүрэм гээд бас л олон дүрэм хасагдана. Энэ бол зөвхөн үсгэндээ зориулсан нэмэлт дүрмүүд. Жишээ нь, одоогийн академик сургалтаар сурагчид ингэж сурдаг.
Морь- эгшигт зөөлөрсөн гийгүүлэгч орсон тул зөөлний тэмдэг хэрэглэнэ.
Морьд- зөөлөрсөн эгшигт гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч орвол зөөлний тэмдэг хэвээр байна.
Морил- эгшигт зөөлөрсөн гийгүүлэгчийн дараа зөөлөрсөн гийгүүлэгч орвол зөөлний тэмдэг “и” болно.
Хэрвээ бид бичгийнхэлний уламжлалаа баривал хэрэглээний сургалт руу орж чадна. Жишээ нь, мори- ганц тоо заасан, морид-олон тоогоо заасан, морил- мори гэсэн язгуураас” морил” гэсэн үг үүссэн бөгөөд монголчууд морио дээдэлдэг тул “морил” гэсэн хүндэтгэлийн найруулгын үйл үг үүсчээ.
Жич, Монголхэлний өргөлт 1-р үедээ байдаг. Гэтэл орос сургалтанд гаршсан зарим монгол “мури” гэвэл “мурии” гэж орос дуудлагаар өргөлтийг 2-р үедээ хэлдэг. Гэтэл монгол бичгийн хэлэнд “мури-, мурии-“ гээд бичлэг дуудлагыг нь салгасан байдаг. Жишээ нь: Би түүнийг сайхан мурисан\хуурсан\. Би шугамаа мурии татчихлаа.
Энэ нь бидний хойч үе нэгэн сайхан өдөр монгол бичигтээ эргэн орох үндсэн хөрс болно.
1990 онд Монголчууд бидний монголбичгээ төрийн бичиг болгох гэсэн нийгмийн сэтгэлзүй бэлэн байсан. Гэвч бид чадаагүй. Энэ бол бичгийнхэлээ эвдсэн шинэ үсгийн дүрэмд хэт гаршсан болон монголбичгээ зааж сургах арга зүйг эзэмшээгүй багш нарыг бэлдээгүйтэй холбоотой.
Иймээс шинэ үсгийн дүрмийг засан сайжруулах гэсэн Д.Төмөртогоо Ц.Өнөрбаян нарын хэлшинжлэлийн үндэстэй саналыг дэмжиж байна. Бид өнөөдрөөр өөрийгөө бодох биш маргаашаар үр хүүхдээ бодож амьдаръя.
5.Үсгийн дүрэм өөрчлөхөд гарах бэрхшээл
1.Төр засгийн хүчтэй дэмжлэг түүний тогтоол шийдвэрийн хэрэгжилтээс шалтгаална. Үүнд:
- Хөрөнгө мөнгөний асуудал. Үүнд журамласан толь зүй, шинэ цагаан толгойн сурах бичиг гэх мэт.
- Шинэ дүрмээр хэвшиж тогтоход тодорхой хэмжээний цаг хугацаа орно. Үүнд хурдан түргэн хэвшин тогтооход хянах, дэмжих тогтолцоог анхаарах.
- Зарим үсэг хасагдсантай холбоотой төрийн болон иргэний баримт бичгийн үсгийн зөрөө ялгааг зөв зохицуулах хуульзүйн орчин бүрдүүлэх.
2. Иргэдийн идэвх нийгмийн ухамсараас шалтгаална.
- Монгол цагаан толгой 35 үсэгтэй гээд итгэчихсэн, орос сургалтын нөлөөнд хүлэгдсэн, хэрэглэж байгаа зөв бичих дүрэм нь хялбар болсныг мэдээгүй иргэд их эсэргүүцнэ.
Гэхдээ бид 2 сая 700 мянга гаруй. Үүнээс уншдаг нь ихэнх нь харин бичиж албан болон нийгмийн харилцаанд оруулдаг нь цөөнх нь байгаа шүү дээ.
- Төрийн болон хэвлэл мэдээллийн албан хаагчдын... Учир нь өдөр тутам хэрэглэдэг зарим үгийн бичлэг өөрчлөгдөх тул юунд дуртай байв гэж. Гэтэл энэ иргэд хүн амын 10% хүрэхгүй хувийг эзлэх боловч төрийн албаны бичиг үсгийг хэрэгжүүлэгч цөм нь байдаг.
Хамгийн чухал нь шинэ үсгийн дүрмийг өөрчилбэл амар болохоосоо илүү бас монгол бичигт орох суурь хөрсийг бүрдүүлж байгаадаа үнэ цэнэ нь оршино. Одоогийн үсгийн дүрмийг өөрчлөхгүй юм бол үсгийн дүрмийн маргаан үе дамжин улиглах нь мэдээж.
Эцэст тэмдэглэхэд, одоо бид 2 цагаан толгойн үсэг хэрэглэж байна. Ажил төрөлдөө орос үсэг, харин амьдрал ахуйдаа латин үсэг. Жишээ нь, гар утасны мессеж, internet email, tumbir, facebook, twitter гээд. Энэ үсгийг хэн ч зааж сургаагүй боловч ард түмэн хэрэглээгээ дагаад сурчихсан. Латин үсэг авч болох нөхцөл бүрдсэн. Хэрвээ латин үсгийн цагаантолгой зохиовол орос үсгийнхээс илүү хэрэглээнд ойрхон бас монголбичгээ сэргээх илүү сайн хөрс болж чадна л даа.
Гэвч хэзээ нэг цагт ийм шинэчлэлт хийх нь тодорхой. 20-30 сая болчхоод “Үсгийн дүрмээ засъя” гэж пижигнэлдэж байснаас 2, 3 сая байгаа дээрээ засвал хойч үеийнхээ хийх ажлын голыг нь нугаллаа гэсэн үг. Тэд маань дэлхийн улс орныг хуваагаад түгчихсэн латин, ханз, араб, кирилл үсэгтэй зэрэгцүүлээд тэнгэрээс цахилах цахилгаан мэт хурдан бичлэгтэй босоо бичгээ сэргээж, бичиг үсгийн соёлтой ард түмний удам гэдгээрээ бахархаг л даа.
Мориныхоо хэр хурдлахыг уядаг уяач нь мэдэх болохоос унах хүүхэд нь мэдэхгүй шүү дээ.
Хэл шинжээч З.Ганболд. \Ph.doctor\

Jun 22, 2012

ЭХ ХЭЛЭНДЭЭ ЭЗЭН БОЛЪЁ

эх сурвалж: http://www.toonto.mn/index.php?mm=news&task=view&id=153

2010-12-24 01:49:57
ЭХ ХЭЛЭНДЭЭ ЭЗЭН БОЛЪЁО Утга зохиол, урлаг
1972.10.06, N41

ЭХ ХЭЛЭНДЭЭ ЭЗЭН БОЛЪЁ
Ардын засаг мандаад, ЗХУ-ын хэл бичгийн дээд сургуульд явуулсан анхны 18 оюутны нэг нь болсон миний бие зөвлөлтийн нэрт эрдэмтэн есөн академичаар багшлуулан заалгах хувь заяа олдож, монгол бичиг үсгээ Монгол сайн багш нараар заалгасныхаа дээр эх хэлээ шинжлэх ухааны ёсоор ухааран танихын ховор завшаан тохиолдсон билээ.

Үүнд Монгол хэл бичгийн зузаан мэдлэг бүхий хоёр академич багш Владимирцов, Козин нараар заалгаж байхад, эдгээр багш нар минь монгол бичиг зохиолд нэгэн онцлог сонин зүйл бий гэдэгсэн. Юув гэвэл, монгол утга зохиолын уламжлалд үг найруулгыг маш эрхэм болгох нэгэн сонин уламжлал бий. Улс төр, шинжлэх ухаан, түүх судар, ерийн албан бичигт хүртэл үг найруулгыг тун эрхэм болгодог ёс бий. Түүнийг анхааран үз гэж монгол ном судар, албан бичиг тэргүүтэн үгийг сонгон хэрэглэж сул үггүй найруулга сайтай болгодгийг ажин сурч танин мэд гэдэгсэн.

Монгол ардын билиг гэдэгт үлгэр, тууль цөм энэ зарчмыг баримталдаг ёс бий гэж Владимирцов академич, Монгол ардын баатарлаг туульсийн зүйлийг үг найруулгын хувьд судлуулж, маш их анхааруулдаг байсан. Тэгээд сургуулиа төгсч Судар бичгийн хүрээлэнд хүрч ирэхэд минь Сүхбаатар жанжны багш Онход Жамъян гуай, тэр үеийн судар бичгийн хүрээлэнгийн эрхэлсэн сайд гэдэг тушаалтай, дэргэд нь монгол бичиг зохиолд сүрхий эрдэмтэй өвгөд байдагсан.

Цөмөөрөө залуу оюутан хүрч ирлээ гэж монгол бичгийн хэлний найруулгыг эзэмшиж ав гэж их анхаарал тавьдаг байлаа. Намайг Оросын нэрт сайхан зохиолоос орчуулж, найруулгаа биднээр засуул гэдэгсэн. Тэгээд миний орчуулсан зүйлийг үзээд ингэвэл санаа нь тодорхой болно. Энэ үг уг утганд нь таарахгүй, илүү сул үг байна. Энэ өгүүлбэрийг үзвэл ийм үг байвал зохих юм шиг байна. Цаад их бичигт бодоход ийм санаа гармаар санагдаж байна гэхэд нь эх бичгийг нь үзэхэд нээрээ л тэр үг илүүдсэн буюу дутсан байдагсан.

Эх бичгийн үгийг мэдэхгүй байгаад миний найруулгын дутуу дулим газрыг яагаад олоод байна гэж сонирхдог байлаа. Учрыг нь хожим л мэдлээ. Үг найруулгын сайныг нь танин мэдэх гэж тийм тийм нэрт зохиолыг үз гэж надад харамгүй цаг гаргаж албан цагийн нэгэн хэсгийг зориуд миний уншин үзэхэд зориулан гаргаж, монгол хэлний 36-т гэдэг толийн тайлбарыг үзүүлдэгсэн. Тэдгээрийн сонин найруулга зүйн учрыг залхууралгүй, тусгай цаг гаргаж, надад хэлж өгдөг байсан, онолоор Зөвлөлтийн их эрдэмтэн багш нарын заалгасныг туршлага, дадлагын ажлаар давтан боловсруулж, зөвлөлтийн дээд сургуульд онолын мэдлэг олсноор сэтгэн бодсоноо найруулан бичих, мөн сайн зохиолын найруулгыг судлан үзэж задлан шинжлэх ажлаар дадлага олохын ажил хийсэн минь надад орос хэлнээс монгол болгоход их хэрэг болсны дээр зохиолч болоход минь үнэлж баршгүй тус болсныг би энд тэдгээр Зөвлөлт, Монгол багш нарынхаа их ач гавьяаг цухас тэмдэглэхийг хүсэхийн хамтад одоо манай улс хөгжиж, бичигтэн үй түмэн уншигч нартай болсон үеэс манай зохиолч нар, ухаан оюундаа сэтгэн бодсоноо түмэн уншигчийн хүртээл болгоход хэлээ эрхэм болгохыг насан турш оролдох нь үүрэг гэж онцлон тэмдэглэхийг түмэнт хүснэ.

Зохиолч хүн одоогийн боловсрол зузаан болсон цагт дан мухар хар авьяасаар болохгүй тэгж болдог цаг ардын боловсрол хөгжсөний улмаас аль хэдийн өнгөрч, хэлнийхээ боловсролыг өдөр алгасалгүй зузаатгах нь зохиолч нэр хүлээсэн бид бүхний эрхэм үүрэг болсныг бүгдээрээ бодох цаг хэдийнээ боллоо.

Бидний зохиолыг хүн үздэг суралцдаг, дуурайдаг тул уншигч бичигч олны өмнө бидний хариуцлага өндөр байгаа. Үүнд зохиолын хэлэнд Монгол ардынхаа эх хэлний ёсноос этгээд, барагтайхан орчуулагчийн ташаа орчуулгын булайд автахгүй байхыг хичээх цаг боллоо. Уран зохиолын хэл бол албан бичгийн хэлнээс өөр байх учиртайг зохиол, найруулгаараа үзүүлэх хэрэгтэй боллоо. Монголоороо боддог, Монгол сайхан үг хэлээ хэрэглэж, ардынхаа хэлний зүй ёсыг ард олон уншигч нартаа зориулсан зохиолдоо хэрэглэхийн дээр, үгээр баян эх хэлнийхээ баялгийг хэлнийхээ найруулгын ёсыг даган баримтлах ёстой билээ. Манай зохиолчдын зохиолыг үзэхэд, ардынхаа хэлний нарийн учир утгыг боддоггүй үзэгдэл олон тохиолддогийг дурдалтай.

Энд ганц нэгэн жишээ дурдвал, Ч.Чимидийн “Монгол домог” гэдэгт “Тавагны юм” гэсэн үг бий. Хар хэлэнд хазгай хэлдэг юм олон бий. Зохиолч хүн түүнийг баримтлаж, зохиогчийн үгэнд хэрэглэх ёсгүй. Зохиолдоо гардаг баатрын дүр, боловсрол, үзэл санаа зэргийг гаргахад, панзчин хүний амнаас гарах үгэнд панзын үнэр ханхлуулах, хүнд сурталтай хүний байдал гаргахад “хүнд суртлын” шивтэр хангинуулах үг амнаас нь гаргах нь зүйн ёс, зохиолчийн үүрэг. Гэвч, зохиолчийн өөрийн үгэнд тийм этгээд үг хэллэг монгол хэлний зүйгээс гажуу үг байж болохгүй. Дээрх “тавагны юм” гэдэг үг харцуул борцуулын амнаас бишгүй гардаг боловч, -г гэдэг дагавраар бүтсэн үгэнд -ы-ний гэдэг дагавар залгадаг ёс монгол хэлэнд байхгүй нь “аймагны”, “хэрэгний”, “нутагны” гэдэггүйтэй нэгэн адил болно. Боловсрол муутай баатар нь “тавагны юм”, “аймагны дарга”, “засагны газар” ч гэж хэлж болно. Зохиолч нь түүгээрэ зохиолынхоо баатрын дүр, боловсрол зэргийг үзүүлэх нэгэн зүйлийн уран арга. Өөрөө, зохиолчийнхоо үгэнд тэгж хэлж буюу бичиж болох уу гэвэл үл болно. Мөн зохиолд “Чи ч баярын юм АА” гэсэн үг байгаа нь монгол хэлнээ -аа, -ээ, -өө гэдэг хамаатуулах дагавар нь -ын, -гийн, -ы, -ий гэдэг харьяалахын дагавартай салшгүй холбоотой нь Монгол хэлний зүйн ёс. Ардууд маань “Баярынхаа юм” , “Аавынхаа морийг” гэж зөв хэрэглэдэг байхад албан бичгийн алдаатай хэлэнд “Аавын морийгоо”, “Ажлын төлөвлөгөөгөө” гэж буруу хэрэглэдэг албаны болхи үгийн ташаарлыг зохиолч хүн зохиолдоо хүнд сурталт, албаны болхи үгтэй амьтны дүрийг гаргахад хэрэглэхээс биш, бичгийнхээ зохиолд зохиогчийн найруулан өгүүлэх үгэнд хэрэглэж яахин болох билээ.

Хүний сайныг танин мэдвэл, өөрийнхөө ардын сайн сайхныг танин мэдэх нүд нээгддэг байна. Би орос хэл сурахдаа есөн наснааасаа бичгийн хэлийг сураад, дунд, дээд сургуульд суралцсан цагаасаа одоо хүртэл орос хэлээр танин мэдэхийн их ертөнцийг үзэн мэдэж, одоо хүртэл орос хэлний нарийнийг судлан ухаарч, орос хэлээр дамжуулан түмэн улсын эрт өдгөөгийн нэрт зохиолыг сэтгэл цэнгэн, ертөнцийн гоо сайхныг үзэх нүд нээгдэн оролдсоор, ачит багш нарын ачаар өөрийнхөө эх хэлний учир ёсыг гадарлан таних болж, бичих зохиохдоо эх хэлнийхээ үлэмжийн баялгийг аль болохоор хэрэглэхийг мэрийдэг болох сүв нээгдлээ. Чингээд, миний ажваас, манай зохиолч нөхөд, орос хэлийг мэдлэг нэмэгдүүлэхийн их сан болгох, орос хэлний нарийн учир ёсыг анхааран таниж, түүний улмаас өөрийнхөө хэлний ёс зүйг мэдэх мэдлэгээ зузаатгах нь чухал болж байна. Орос хэлний мэдэц гүйхэн нь, монголоороо бичихэд нь эргээд муу нөлөө үзүүлдэг юм байна гэж олон орчуулгыг үзэхдээ сэтгэл зовнидгоо хэлүүштэй байна. Ганц жишээ дурдвал, манай авьяаслаг зохиолч Гармаа “Наташа” гэдэг өгүүллэгийнхээ эхэнд “Ээ-х! Наташа, Наташа! Тэр хайрласан нүдээр эхнэрээ ширтэж ингэж хэлээд инээмсэглэв” гэсэн нь, монголоор бичсэн бөгөөд монголоор бодон сэтгэгч түмэн уншигч олондоо Монгол бус бөгөөд болхи орчуулагчийн найруулгаар орчуулан зохиосон энэ өгүүлбэрт үзэхэд, Ээ-х Наташа Наташа гэж чамирхасан нь, монголоороо бодоход “Ээ дээ, Наташа минь, наташа минь” гэсэн юм уу даа гэж бодогдож байна. “Тэр хайрласан нүдээр” эхнэрээ ширтэн ингэж хэлээд инээмсэглэв гэсэн “он” гэдэг орос хэлний заах үгийг махчлан орчуулж “тэр” гэсэн нь монгол өгүүлбэрийн зүйд “тэр” гэдэг үг нь, Наташийн нөхрийг заасан үг биш болж “Тэр хайрласан нүд” гэж нүдийг заан үг болчихсныг анзаарсангүй ажээ. “Хайрласан нүд” гэж юугий нь тэр нүд хайрласан болж байна даа гэж монголоороо бодон уншигч хүний сэтгэл төөрөгдөл төрүүлэх үг болж байна. Бодвол, Ээ дээ Натааш минь, Натааш минь гэж эхнэрээ энхрийлэх нүдээр ширтэн инээмсэглэсэн хүн болохоос, хайрлаж харамссан ч биш бололтой. Үг найруулгын эрхэм нь уншигчийн сэтгэлд зөв сэтгэгдэл төрүүлэхтэй маш холбогдолтойг нарийн бодсонгүй бололтой. Дэлхийн нэрт зохиолчдын зохиолыг үзэхэд энэ мэтэд их анхаарал тавьж, үгээ хэд хэд дахин залхуугүй найруулан засдаг нь “Утгын өвгөн үгийн таяг тулдаг” гэдэг манай өвгөдийн мэргэн үгтэй яг дүйж байгааг зохиолч бид бүгд бодох учиртай. Би өөгүй зохиолч боллоо гэж бодоод ингэж байгаа юм биш. Надад ч бас алдсан оносон зүйл бий. Гэвч, алдсанаа олох гэж үргэлж мэрийж, ачтан багш нарынхаа сургаалийг чадахыг хирээр баримталж, анхны манай зохиолчдын дугуйлангийн нэгэн тэргүүлэгч гишүүн хэмээгдэж байсан цагаас одоо хүртэл монгол хэлээ оролдсоор ирсний хувьд хойч үеийнхээ зэвсэг нэгтэй зохиолч нөхөддөө өөрийнхөө олж мэдсэн, алдаж оносон зүйлээ эргэцүүлэн бодохдоо зохиолынхоо хэлэнд их анхаарал тавьж, баялаг монгол хэлнийхээ уурхайг уудлан, эх хэлэндээ эзэн болохыг хичээн уйдалгүй мэрийн оролдохыг хэлэх хүсэлтэй байна. Этгээд үгийг “этгээд” баатрынхаа аманд оруулахаас биш, зохиолчийн үгэнд оруулахгүй байгаасай гэж хүссэн байна.

Манай монгол хэлэнд миний бaрагцаалбаас долоон буман үг бий гэж тоймлон боддог. Түүний нэгэн багаахан хэсэг нь Цэвэлийн “Монгол үгний товч тайлбар толинд” гарсан зүйл бийг хааяа хааяа сөхөн үзэж, зохиолч хүн бүр бичгийнхээ хэлний баялгийг эзэмшээсэй гэж эгээрнэм. Бас, зохиолч хүн, монгол ардынхаа бичгийн зохиолийн аль давшилт сайхан өвийг хэрээрээ судлах нь тун хэрэгтэй тул, Монгол “худам” гэдэг хуучин үсгийн зохиолын нэрт бичгээс улсын номын санд үзэж, үг найруулгыг судлах нь одоо цагийн боловсролын явцаар шаардлагатай зүйл гэж би боддог. Дундад сургуулийн хэлний мэдлэгийн дутууг учраа мэдсэн насандаа өөрөө нөхөн оролдох нь бид бүгдийн үүрэг гэж үүнийг нөхөд зохиолч нарт үсэн буурал болсон миний бие захин хүсэх нэгэн зүйл бийг толилуулсу. Хэлний зүй, үйл үгийн цаг мэтийг нарийн таньж мэдэх нь чухал тул, энэ тухайд жич бичихийг хүснэ.
Bookmark and Share

Jun 21, 2012

Бэсүд овогтой Жамбалдоржийн Сэржээ: Монгол хэлний төрөл садан, удам угсааг заадаг зарим үгийн утгын тухай

эх сурвалж: http://greenbough.mn/article.php?content=200&p=4


    Өөрийн уг язгуурынхаа  түүхийг өндөр дээд өвгөөсөө эхлэн аман болон бичгийн хэлбэрээр дамжуулан хойч үедээ үлдээх уламжлал монголчуудын дунд нэн эрт үүсч, өөрсдийн уг гарал, угсаагаа сайн мэдэж байсныг түүхийн олон имт гэрчилдэг.  XIII зууны монголчуудын тухай Персийн түүхч Рашид-ад-Дин: “Эдгээр бүх аймгууд яруу тодорхой удам угсааны түүхтэй. Учир нь монголчуудын заншил бол өвөг дээдсийнхээ удам угсааг залган санаж, төрсөн үр хүүхэддээ зааж сургадаг. Ийнхүү тэд уг язгуурынхаа тухай үгсийг хүмүүсийн хүртээл болгодог учраас тэдний дунд яс угсаа, овог аймгаа мэдэхгүй хүн нэг ч үгүй” гэж бичиж байв. / 1952: 13-р тал/ 

    “Монголын нууц товчоо”-нд 1162 онд төрсөн Чингис хаан Тэмүүжиний уг гарлыг YIII зууны үеэс буюу түүний эртний өвөг дээдэс Бөртэ Чино, Гоо Марал нарын үеэс эхлэн түүнийг хүртэл 23 үеийн хүмүүсийг нэг бүрчлэн нэрлэн жагсаасан байна. Бас  Монгол улсын үндэсний номын санд 8109/96 дугаартай хадгалагдаж буй “Бэда хэмээх Монгол улсын анхны ноён Бөртэ чино” Гоо марал хоёроос эхлэн Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой нарын үр хүүхдүүдийг хүртэл 42 үеийн угсаа залгамжийг үзүүлсэн угийн бичиг хадгалагдаж байна. Энэ угийн бичиг нь 100х352 см хэмжээтэй, давхарлан наасан муутуу цаасан дээр хар, улаан бэх хэрэглэн бийрээр бичсэн гар бичмэл бөгөөд Монгол улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалын бүртгэлд орсон бүтээл юм. Ийнхүү өөрийн уг гарлаа, сайтар мэдэж, цус ойртолтоос сэргийлэн хамгаалж  байсны үр дүнд монголчууд цөөн ч гэсэн олон мянган жил саруул ухаан, чийрэг биетэй, эрэмгий зоригтой, дайчин ард түмэн байж чадсан юм. Судалгааны ном зохиолуудаас үзвэл монголчууд хүчирхэг төр улсаа байгуулж байхдаа ч өнөөгийнхөөсөө олон хүнтэй байсангүй. Тухайлбал, 1247 оны тооллогоор 2 сая орчим, Юань улсын үед 2,5 сая монгол хүн байжээ. /1:140/

    Монголчууд нэн эрт үеэс эхлэн өөрсдийн уг гарал, удам судар, овог аймаг, төрөл саднаа ийнхүү сайн мэдэж байсан нь олон үг, хэллэг, нэр томъёогоор дамжин монгол хэлэнд маань хэрхэн тусч үлдсэнийг монгол хэлний тайлбар толь болон орчуулгын толь бичгүүдээс харж болно. Харамсалтай нь, өнөө цагийн олон монгол хүн өөрийн овог, удам угсаагаа мэдэхээ больсон болохоор тэдгээрийг нэрлэн заадаг үгсийн утгыг ч бас нарийн ялгаж мэдэхгүй болсон байна. Тухайлбал, энэ зууны эхэн хүртэл хүмүүсийн албан ба албан бус харилцаанд овог хэрэглэхгүй, зөвхөн эцгийн /эхийн/ нэр, өөрийн нэр хоёрыг хэрэглэж байснаас “овог” гэдэг үгийг эцэг /эх/-ийн нэр хэмээн ойлгодог болсон байлаа. Өөрөөр хэлбэл монголчууд овог хэрэглэж байсны гэрч болж аливаа хүний бичиг баримтанд овог нэр гэсэн асуулт хэлбэрээр энэ үг үлдсэн байв. Харин өнөөдөр монголчууд овог гэдэг бол эцгийн /эхийн/ нэр биш, түүнээс асар өргөн агуулгатай өөр ойлголт юм байна гэдгийг мэддэг болжээ. 

    Гэхдээ олон хүн, түүний дотор иргэний бүртгэлийн байгууллагын ажилтнууд хүртэл овог гэхийн оронд ургийн овог хэмээн ярих болсон байна. Энэ бол эцэг эхийн чинь нэр биш, жинхэнэ овог чинь юм шүү гэдгийг л ийнхүү ургийн овог гэдэг үгээр тодотгоод байгаа бололтой. Тэгвэл овгийг овог л гэх ёстой. Ураг гэдэг үг бол өөр утгатай үг билээ.  Иймд ургийн овог хэмээн хэлэх, ярих нь буруу юм. Арав гаруй жилийн өмнөхийг бодвол овог гэдэг үгийн утгыг илүү ойлгодог болсон өнөөгийн монголын иргэдэд ураг хэмээх үгтэй хоршин хэлж будлиан үүсгэх шаардлагагүй.

    ОВОГ гэдэг үгийг  Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тольд: 1. Ясан төрлийн холбоотой хүмүүсийн өвөг дээдсээс уламжлагдсан нэр, овог аймаг /нэг угсаанаас гаралтай хүмүүсийн нэгдэл/, овог удам /өвөг дээдсийн угсаа гарал/, Я.Цэвэлийн тайлбар тольд: “Ясан төрлийн удам угсааны үе уламжилсан нэр, омог”, Хорин нэгтийн тайлбар тольд: овог - нэг төрлийг нэг овог хэмээмүй, овогтой – нэг төрлийг нэг овогтой хэмээмүй, бас бус хүнийг тэр овогтой хүн, энэ овогтой хүн хэмээн хэлэлцмүй, Хорин наймт тайлбар тольд: аливаа хүний уг язгуурыг овог хэмээмүй. Овог язгуур хэмээн холбож хэлэлцмүй гэсэн бол, С.Шагжийн тайлбар тольд: овог – угсааны ясыг, овогтой – нэг ястайг нэг овогтой  хэмээмүй, Норжин, Ман Мөрөн нарын эрхлэн найруулсан “Монгол хэлний толь”-д: овог – 2. Ясан төрлийн удам угсаа бүхий хүмүүсийн үе уламжилсан нэр гэх мэтээр манай гол тайлбар толиудад тайлбарласан байна. Түүнээс гадна хоёр болон олон хэлний орчуулгын толиудад энэ үгийг хэрхэн ойлгож дүйцэх үг оноосныг үзвэл: 1895 онд Санкт – Петербургт хэвлэгдсэн К.О.Голстунскийн “Монгол-орос толь бичиг”-т “Овог – род, семейство, родовое имя, фамилия” гэж оноосон бол 1844 онд Казаньд хэвлэгдсэн О.Ковалевскийн “Монгол–орос–франц толь бичиг”-т “фамилия, род, колено” хэмээн тайлбарласан байх бөгөөд хамгийн сүүлд буюу 2001 онд Москва хотод хэвлэгдсэн “Монгол-орос дэлгэрэнгүй их толь”-д “овог-2. Фамилия” гэж оноогоод овог нэр –фамилия и имя, таны овог нэр хэн бэ? –как ваше имя и фамилия ? гэх мэтийн жишээ авчээ.Үүнээс үзвэл овог гэдэг нь хэн нэгэн хүний эцгийн нэр биш, харин тэр хүний ясан төрлийн бүх хүнийг нийтэд нь нэрлэсэн нэр гэдэг нь тодорхой байна.

    Монголчуудын дунд лавтайяа мянга гаруй жил хэрэглэгдэж, үгийн санд нь гүн гүнзгий орсон “монгол хүний овог”-ийг арав гаруйхан жилийн өмнө сэргээн хэрэглэсэн бөгөөд өнөөдөр Монгол улсын иргэний бүртгэлд 95 мянга гаруй овог байгаа ба тэдний дотор боржигин овог хамгийн олон буюу нийт хүний 14% -ийг эзэлж байна. Боржигин овог бусдаасаа олон байгаа нь дэлхийн аль ч улс оронд зарим овог түгээмэл тархсан  байдаг зүй тогтлоос ангид үзэгдэл биш юм. Гэвч монголчуудын овгийг дахин устгахыг, бүр ядвал “удам” гэдэг үгээр солихыг санаархагчид өнөө ч байсаар байгааг дашрамд дурдах нь зүйтэй. Тэдний саналаар бол, 2012 онд шинээр олгох иргэний үнэмлэх дээр монголчуудын хэдэн зуун жил хэрэглээд ирсэн Овгийн нэр, эцэг эхийн нэр, өөрийн нэр гэсэн асуултын оронд Удмын нэр, аав ээжийн нэр, өөрийн нэр гэсэн асуулт бичих гэнэ. Тэд энэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлаад Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д “Удмаа мэдэж эрхэмлэцгээе” нэртэй хэлэлцүүлгийг энэ оны 1-р сарын 24-нд хийсэн байна. Аливаа хэлний ямар ч үгийг хэн нэгэн хүн дуртай үедээ устгах юмуу өөр үгээр сольж болдоггүй. Өөрөөр хэлбэл тэмээг ямаа гэж нэрлэж болдоггүйтэй адил овгийг удам хэмээн нэрлэж болохгүй гэдгийг мэддэггүй шинжлэх ухааны докторууд /нэг биш/ байдаг юм байна. Овог, удам хэмээх хоёр үгийн утга  тэмээ ямаа хоёр шиг ялгаатайг дараах толь бичгүүдийн тайлбараас төвөггүй мэдэж болно.

    Өнөөгийн монголчуудын дунд УГ, УДАМ, УГСАА, УРАГ, ТӨРӨЛ, САДАН гэх мэтийн үгсийг янз бүрээр ойлгож, толь бичгүүдэд ч янз бүрээр тайлбарлаж байгаад анхаарлаа хандуулж, нэгэн мөр болгон цэгцэлж, нэгдсэн ойлголттой болох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Тухайлбал: С.Шагжийн тайлбар тольд : Уг - аливаа юмны анх үүслийг нь, бас өвс модны үндэсний этгээдийг нь, Угсаа - аливаа төрлийн хүнийг, Удам -ургийг, бас нэг овгийн хүнийг, Ураг - аливаа худ ургийн хамаат хүнийг хэмээн тайлбарласан бол Хорин нэгтийн тайлбар тольд: Уг - аливаа үндэс эхийг уг хэмээмүй, Угсаа - төрөл аймгийн анх нь нэгэн язгуураас үндэслэн үржсэн бөгөөд үг утга зан чанар нэгэн адилыг угсаа хэмээмүй, Удам – нэг овгийн хүнийг удам хэмээмүй, жич ургийн хүнийг мөн ураг удам хэмээн хэлэлцмүй, Ураг – аливаа худ овгийн хамаат хүнийг цөм ураг хэмээмүй, Жич эцэг эхийг мөн төгс ураг хэмээн хэлэлцмүй, Төрөл – нэг овгийн ах дүү нарын зэргийг төрөл хэмээмүй гэж тайлбарласан байна. 

    Хорин наймт тайлбар тольд: Угсаа – төрөл аймгийн анх нь нэгэн язгуураас үндэслэн үржсэн бөгөөд үг утга, зан чанар нэгэн адилыг угсаа хэмээмүй, Удам – нэг овгийн хүнийг удам хэмээмүй. Жич ургийн хүнийг мөн ураг удам хэмээн хэлэлцмүй. Ураг – Эхнэрүүд бие шалтгаантай болоод тогтносныг ураг хэмээмүй. Аливаа худ ургийн хамаат хүнийг цөм ураг хэмээмүй. Жич, эцэг эхийг мөн төгс ураг хэмээн хэлэлцмүй. 

    Төрөл – нэгэн өвгөөс үржсэнийг нь төрөл хэмээмүй. Садан – төрөл ургийн үр хүүхэд бүхнийг аймаг садан хэмээмүй. Бас ураг садан хэмээн холбож хэлэлцмүй. Хамаа - эцгийн төрөл, эхийн ураг ураг сүлбээ бүхнийг цөм хамаа хэмээмүй. Бас хамаатай хэмээмүй. Я.Цэвэлийн тайлбар тольд: Уг - 1. Ёзоор, язгуур, 2.үүсгэл, анх эх; угийн бичиг /гэрийн үеийн бичиг/, Угсаа – 1. Үндэс, сурвалж; үндэс угсаа, яс угсаа, 2. Угсаа залгамжлах /хаад ноёдын хөвгүүд, төрлийн хүмүүсээс тэдний хэргэм зэрэг, тушаалыг залгамжлан авах/, Удам – 1. Угсаа төрөл; угсаа удам, удам судар, удам судрыг дуудах /хүний өвөг дээдэс угсааг сөхөж өгүүлэх/, Ураг – 1. Худ худгуйн хамаатан; ураг төрөл, ураг садан,  ураг тогтох /хөвгүүн охин хоёроо эр эм болгохоор хэлэлцэж тохирох/, ураг бололцох /эр эмийг холбож худ худгуй болох/  Төрөл – 2. Садан; садан төрөл, төрөл садан, ураг төрөл, цусан төрөл /эхийн төрөл/, ясан төрөл /эцгийн төрөл/, төрлийн ах /нэг овгийн ах/, төрлийн дүү /нэг овгийн дүү/, Садан – хамаатан, төрөл; садан төрөл, эцгийн садан, холын садан, Хамаатан – садан төрлийн хүмүүс; хамаатан садан хэмээн тус тус тайлбарлажээ.  

    Өвөр монголд 1999 онд хэвлэгдсэн “Монгол хэлний толь”-д: Уг язгуур – уг үүсэл, уг удам – өвөг дээдэс нэгтэй хүмүүсийн язгуур, Угсаа - нэр төр бүхий удам угсаа, Угсаатан – нэг язгуурынхан, Удам - 1. Угсаа, төрөл, 2. Цусан сүлбээгээр дамжин уламжилсан нэгдэлтэй онцлог шинж. Удам угсаа – хүн амьтны өвөг дээдэс, уг язгуур, удам судар – хүний өвөг дээдэс төрөл угсааг тэмдэглэсэн түүх бичиг, удам тасрах – үр хүүхэдгүй болж голомт харлах, Ураг – 1. Хүний эм чанарын үржлийн эс, 2 .Эхийн хэвлийд тогтсон хүүхэд, 3. Гэр бүл болсон эр эмийн харьцаа, 4. Худ бололцсон хоёр айлын харьцаа. Ураг элгэн – нагац зээ зэрэг цусан төрлийн харьцаагаар ойрхон хамаатан, ураг удам – цусан төрлийн харьцаат удам, ураг садан – ургийн харьцаанаас шалтгаалсан хамаатан, ураг төрөл – цусан төрлийн харьцаат хамаатан. Төрөл – 3. Яс цусны ойр удмын барилдлага бүхий хүн. Ясан төрөл, цусан төрөл, ураг төрөл, садан төрөл. Садан – сүлбээ холхон төрлийн харьцаа бүхий хүмүүс. Хамаатан – төрөл садан. гэх мэт тайлбар хийсэн байна.

    2008 онд хэвлэгдэн гарсан таван боть Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тольд: Уг – 1. Юмны ёзоор, язгуур; уг язгуур /эх үүсвэр/, 2. Хүн амьтан, бодис юмны үүсэл, эх; уг гарал /гарал үүсэл/, угийн бичиг / ...удмын бичиглэл/ уг эх /а. жинхэнэ эх, б. Эхлэл үүсгэл/, Угсаа – 1. Үүсэл гарвал, үндэс гарвал, үндэс сурвалж; угсаа эш /гарал үүсэл/, удам угсаа /уг гарваль, гарваль үүсэл/, үндэс угсаа /үндэс сурвалж/, яс угсаа /яс үндэс/, төрөл угсаа /угсаа гарал, удам судар/, угсаа үндэстэн /гарал үүсэл, хэл, соёл нэгтэй хүмүүс/, 2. Хаад ноёдын удам залгамжлагч; угсаа залгамжлах /хаад ноёдын хөвгүүд, төрлийн хүмүүсээс тэдний хэргэм зэрэг, тушаалыг залгамжлан авах/, угсаа төрөл /цусан төрлийн удам бүхий хүмүүсийн сүлбээ/, үүлдэр угсаа /мал амьтны уг гарваль, угшил/, Удам, - угсаа, төрөл язгуур; удам дагах, удам дамжих, удам залгах, удамтасрах, эцгийн удам /эцгийн угсаа, төрөл/, удам судар /угсаа гарал, үүх түүх/, овог удам / өвөг дээдсийн угсаа гарал/, уг удам /угсаа гарал/, ураг удам /удам угсаа/, Ураг – 1. Угсаа төрөл; алтан ураг /Чингис хааны ургийн хүмүүс/, ураг төрөл /мах цусны холбоотой төрөл садан хүмүүс/, ураг удам /хүн амьтны уг угсаа/, ураг элгэн /бүх хамаатан садан цөм/, 2. Худ бололцсон хоёр айлын харьцаа; ураг барилдах, ураг бололцох /эр эмийг холбож худ худгуй болох/, Төрөл –  1. хүний амьдрах үе, нэгэн нас; 2. Садан; төрөл хүмүүс /садан хүмүүс, гарал угсаа нэгтэй хүмүүс/, цусан төрөл /эхийн төрөл/, ясан төрөл/ эцгийн төрөл/, төрөл садан /хамаатан садан, мах цусны барилдлага бүхий хүмүүс/, төрөл төрөгсөд /хамаатан садан/, төрөл угсаа /угсаа гарал, удам судар/, төрөл удам /удам угсаа/, ураг төрөл /мах цусны холбоотой төрөл садан хүмүүс/, Садан – Хэвтээ чиглэлийн гарлын холбоотой хамаатан хүмүүс; ойрын садан /гарлын холбоо ойр хүн/, холын садан /гарлын холбоо хол хүн/, эхийнсадан /цусан төрлийн холбоотой хүн/, эцгийн садан /ясан төрлийн холбоотой хүн/, амраг садан /хань болон хамаатан хүмүүс/, төрөл садан /яс махны барилдлагатай хүмүүс/, ураг садан /а. Цусан төрлийн холбоо бүхий хамаатан хүмүүс, б. Худ ургийн хоорондын холбоо сүлбээ/, хамаатан садан /яс,цус, ураг төрлийн харилцаа холбоо/, элгэн садан /мах цусны холбоо бүхий төрөл хүмүүс, ойрын төрлийн хамаатан/, Хамаатан – Садан төрлийн хүмүүс; холын хамаатан /өөрийн ах дүүсийн хэн нэгэнтэй дам холбогдох садан төрлийн хүн/, хамаатан садан /ураг төрлийн хүмүүс/, хамаатан сүлбээтэн /хамаа сүлбээ бүхий хүмүүс/ хэмээн тайлбарласан тайлбаруудыг уншаад дээрх үгсийн жинхэнэ гол утгыг олж ойлгоход багагүй хүндрэлтэй учирна. Энэ нь манай монгол хэлний тайлбар толиуд дахь үгийн утгын тайлбар оновчгүй, шинжлэх ухааны үндэслэл гүехэн, учир шалтгааны холбоо муутай байгаагийн цөөхөн жишээ болно. 

    Эдгээр тайлбаруудыг нэгтгэн үг тус бүрийнх нь гол утгыг тодорхойлохыг хичээе. Үүнд:

    УГ –аливаа юмны анхны эх үүсвэр, язгуур хэмээх утгаар олонхи толь тайлбарласан байна.  уг эх гэвэл анхны эх, уг гарал гэвэл эх үүсвэр, угийн бичиг гэвэл хүний язгуурын гарлыг заасан бичиг хэмээн ойлгож болно. Бас нэгэн эхээс үүдсэн төрөл хүмүүсийн дээд угийг заасан  УГСГАР  хэмээх үг бий. Хорин наймт тайлбар тольд: Аливаа юмын анх эхлэн үүдсэн үүсвэр үндсийг уг эх хэмээмүй. Бас хүний язгуур үндсийг мөн уг эх хэмээх ч буй. Нэгэн салаанаас үржсэн хүүхэд дүү нарыг нэг угсгар хэмээмүй гэж тайлбарласан байна.

    УГСАА, УДАМ гэсэн хоёр үгийн утгыг дээрх тайлбар толь бичгүүдэд хоёуланг нь бараг ижил утгаар: /үүсэл гарвал, үндэс гарвал, үндэс сурвалж;/ тайлбарласан байна. Тухайлбал, С.Шагж: Угсаа - аливаа төрлийн хүнийг, Удам -ургийг, бас нэг овгийн хүнийг, Хорин нэгтийн тайлбар тольд: Угсаа - төрөл аймгийн анх нь нэгэн язгуураас үндэслэн үржсэн бөгөөд үг утга зан чанар нэгэн адилыг угсаа хэмээмүй, Удам – нэг овгийн хүнийг удам хэмээмүй, жич ургийн хүнийг мөн ураг удам хэмээн хэлэлцмүй гэсэн нь хоёр толийн тайлбар удам гэдэг үгийн хувьд нийлж байгаа ба угсаа гэдэг үгийг  С.Шагж “аливаа төрлийн хүн” гэсэн бол Хорин нэгтийн талбар тольд: “төрлийн анх, нэгэн язгуураас үндэслэсэн” гэж тайлбарлажээ.Тэгвэл Я.Цэвэл: Угсаа – 1. Үндэс, сурвалж; үндэс угсаа, яс угсаа, 2. Угсаа залгамжлах /хаад ноёдын хөвгүүд, төрлийн хүмүүсээс тэдний хэргэм зэрэг, тушаалыг залгамжлан авах/, Удам – 1. Угсаа төрөл; /угсаа удам, удам судар, удам судрыг дуудах /хүний өвөг дээдэс угсааг сөхөж өгүүлэх/, гэж удам гэдэг үгийг угсаа гэдэг үгээр нь тайлбарласан байна. Норжин Ман Мөрөн нарын Монгол хэлний тольд: Угсаа – нэр төр бүхий удам угсаа, Удам – угсаа төрөл гэсэн нь аль алины нь тодорхой тайлбар болж чадсангүй.  Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тольд: Угсаа – 1. Үүсэл, гарвал, үндэс, сурвалж; 2. Хаад ноёдын удам залгамжлагч; Удам, - угсаа, төрөл язгуур; /удам дагах, удам дамжих, удам залгах, удам тасрах, эцгийн удам /эцгийн угсаа, төрөл/, удам судар /угсаа гарал, үүх түүх/, овог удам / өвөг дээдсийн угсаа гарал/, уг удам /угсаа гарал/, ураг удам /удам угсаа/,  хэмээн энэхүү хоёр үгийг үндсэндээ утгын ялгаагүй шахам тайлбарлаад удам угсаа, яс угсаа, үндэс угсаа  хэмээх хоршоо үгсийг дурджээ. Монгол хэлний тайлбар толиудад ийнхүү будилсан, оновчгүй буруу тайлбар хийж байхад “Монгол-Орос дэлгэрэнгүй их толь”-д:  угсаа- 1.происхождение, удам- 1.наследственность, преемственность, 2. Потомство, потомок, удамших- наследоваться, передаваться по наследству гэх мэтийн үг оноосон нь угсаа, удам гэсэн хоёр үгийн утгын ялгааг маш сайн гаргасан байна.

    Орчин үед угсаа, удам хэмээх хоёр үгийн тус тусын нь утга  ийнхүү  бүдгэрснээс хүмүүс өөрийнхөө угсаа, удмыг ялгаж чадахгүй болсон байна. Энэ хоёр үг хоёулаа хүний уг гарал, залгамж хойч үеийг нь илэрхийлэх утгатай ч угсаа гэдэг нь одоо цагаас /би/ өмнөх үеийг, удам гэдэг нь одоо цаг /би/аас хойш үед хамаарах утгын нарийн ялгаатай юм.  Өөрөөр хэлбэл угсаа гэдэгнь “уг язгуур, үндэс сурвалж, гарал” гэсэн утгатай бөгөөд угсаа гарал, үндэс угсаа, угсаа залгах, угсаа тасрах гэх мэтийн холбоо үг үүсгэдэг. Тэгвэл удам гэдэг үг маань “хэн нэгний залгамж хойчис” гэсэн утгатай ба удам сайтай, удам тасрах, удам дамжих, хааны удам, бөхийн удам, хурдан удмын морь гэх мэтийн холбоо үг үүсгэдэг. Удам гэдэг үг маань “залгамж, хойчис” гэсэн утгатай учраас угсаа хэмээх үг шиг “гарал, үндэс,  язгуур” гэсэн үгстэй нийлж “удам гарал, удам үндэс, удам язгуур” гэх мэтээр холбоо үг үүсгэхгүй. Харин хоорондоо нийлж “удам угсаа” гэх холбоо үг үүсгэх ба энэ нь хүний өмнөх болон хойт үеийг нийтэд хамруулан хэлсэн утга илэрхийлнэ. Угсаатны бүлэг, угсаатны тархац, угсаатны судлал /угсаатны зүй/ гэх мэтийн шинжлэх ухааны нэр томъёонуудад ч “угсаа” гэдэг үгийг “гарал үүсэл нэгтэй бүлэг хүмүүс” гэсэн утгаар хэрэглэдэг. В.Инжинааш. Хөх судар түүхэн романдаа “Ертөнцийн хүмүүн уг язгуур, удам үндсээ мэдэх нь зүй болой.” хэмээн өгүүлсэн байдаг.Удам гэдэг нэр үгээс удамших гэсэн үйл үг үүсдэг. Удамших гэдэг үгийн утгыг: –1. Бие махбодийн гадаад төрх, бодосын солилцооны хэвшил, хөгжлийн онцлог үе удамд дамжин давтагдах шинж чанар, 2. Улс үндэстэн ард түмний хэв заншил ёс суртахуун, үзэл санаа хойч үедээ уламлан ирэх гэж Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тольд тайлбарласан байна. Удамших гэдэг үйл үгээс бас “удамшил” гэх нэр үг үүсдэг бөгөөд түүний утгыг уг тайлбар тольд: “Эцэг эхийн шинж төрх нь үр удамдаа дамжих чанар” хэмээн маш тодорхой тайлбарлажээ.

    Төв Азийн нүүдэлчдийг монгол угсаатан, түрэг угсаатан, манж угсаатан хэмээн  ялган хэлэлцэх ба тэдгээр нь дотроо угсаатны бүлгүүдтэй байдаг. Монгол хэлэнд угсаа гарал, гарал угсаа, угсаа залгамжлах гэх ба  харин удам гарал, гарал удам, хэмээн хэлэлцдэггүй нь угсаа, удам хэмээх үгийн утгын ялгаатай холбоотой бөгөөд шинжлэх ухааны  угсаатны зүй, удам зүй гэсэн өөр өөр салбарууд  байдгийг ч үүнтэй холбон үзэх ёстой.

    УРАГ хэмээх үгийг С.Шагжийн тайлбар тольд:  аливаа худ ургийн хамаат хүн гэж  тайлбарласан бол Хорин нэгтийн тайлбар тольд:1. аливаа худ ургийн хамаат хүнийг  цөм ураг хэмээмүй, Жич эцэг эхийг мөн төгс ураг хэмээн хэлэлцмүй гэжээ., Я.Цэвэлийн тайлбар тольд: Ураг – 1. Худ худгуйн хамаатан; ураг төрөл, ураг садан,  ураг тогтох /хөвгүүн охин хоёроо эр эм болгохоор хэлэлцэж тохирох/, ураг бололцох /эр эмийг холбож худ худгуй болох/ гэсэн бол, Норжин нарын эрхлэн найруулсан тольд: 3. Гэр бүл болсон эр эмийн харьцаа, 4. Худ бололцсон хоёр айлын харьцаа гэж тайлбарлажээ. Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тольд: 1. Угсаа төрөл; алтан ураг /Чингис хааны ургийн хүмүүс/, ураг төрөл /мах цусны холбоотой төрөл садан хүмүүс/, ураг удам /хүн амьтны уг угсаа/, ураг элгэн /бүх хамаатан садан цөм/, 2. Худ бололцсон хоёр айлын харьцаа; ураг барилдах, ураг бололцох /эр эмийг холбож худ худгуй болох/ гэж тус тус тайлбарласан байна. Үүнээс үзвэл ураг хэмээх үгийн үндсэн утга нь эр эмийг холбож худ худгуйн хамаатай болсныг илэрхийлж байна. Түүнээс гадна Монгол түүхийн зохиолуудад “алтан ураг” хэмээх холбоо үгийг нилээд хэрэглэсэн байдаг. Алтан ураг гэдэг нь зөвхөн тухайн нэр заасан хүний /хааны/ үр удам болохыг заадаг. Жишээлбэл Чингис хааны алтан ургийн хүмүүс гэвэл  Хасар тэргүүтэй ах дүүсийн нь үр удмаас зөвхөн Чингис хаан Тэмүүжиний үр хойчсыг ялган нэрлэсэн үг юм. Түүнчлэн Батмөнх даян хааны алтан ураг гэвэл зөвхөн Батмөнх даян хааны л үр удам гэсэн утгатай байдаг. 

    САДАН, ТӨРӨЛ гэдэг хоёр үгийн “садан” нь Хорин нэгтийн тайлбар толь болон С.Шагжийн тайлбар тольд байхгүй ажээ. Харин “төрөл” гэдэг үгийг энэ хоёр тольд  “Нэг овгийн ах дүүг төрөл хэмээмүй” гэж адилхан тайлбарлажээ. Я.Цэвэлийн тайлбар тольд:   Садан – хамаатан, төрөл; садан төрөл, эцгийн садан, холын садан, Төрөл – 2. Садан; садан төрөл, төрөл садан, ураг төрөл, цусан төрөл /эхийн төрөл/, ясан төрөл /эцгийн төрөл/, төрлийн ах /нэг овгийн ах/, төрлийн дүү /нэг овгийн дүү/,  хэмээн садан гэдэг үгийг төрөл гэдэг үгээр, төрөл гэдэг үгийг садан гэдэг үгээр тус бүрийг зөрүүлэн тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл хоёр үгийн нэгийг нөгөөгөөр нь солбин  тайлбарласнаар хоёр үг хоёулаа тайлбаргүй болжээ. Хорин наймт тайлбар тольд: Төрөл – нэгэн өвгөөс үржсэнийг нь төрөл, Садан – төрөл ургийн үр хүүхэд бүхнийг аймаг садан хэмээн тайлбарлажээ. Тэгвэл Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тольд: Садан – Хэвтээ чиглэлийн гарлын холбоотой хамаатан хүмүүс; ойрын садан /гарлын холбоо ойр хүн/, холын садан /гарлын холбоо хол хүн/, эхийн садан /цусан төрлийн холбоотой хүн/, эцгийн садан /ясан төрлийн холбоотой хүн/, амраг садан /хань болон хамаатан хүмүүс/, төрөл садан /яс махны барилдлагатай хүмүүс/, ураг садан /а. Цусан төрлийн холбоо бүхий хамаатан хүмүүс, б. Худ ургийн хоорондын холбоо сүлбээ/, хамаатан садан /яс, цус, ураг төрлийн харилцаа холбоо/, элгэн садан /мах цусны холбоо бүхий төрөл хүмүүс, ойрын төрлийн хамаатан/, Төрөл –  1. хүний амьдрах үе, нэгэн нас; 2. Садан; төрөл хүмүүс /садан хүмүүс, гарал угсаа нэгтэй хүмүүс/, цусан төрөл /эхийн төрөл/, ясан төрөл/ эцгийн төрөл/, төрөл садан /хамаатан садан, мах цусны барилдлага бүхий хүмүүс/, төрөл төрөгсөд /хамаатан садан/, төрөл угсаа /угсаа гарал, удам судар/, төрөл удам /удам угсаа/, ураг төрөл /мах цусны холбоотой төрөл садан хүмүүс/, хэмээн тайлбарласан байна. Энд “төрөл” гэдэг үгийг шууд садан гэж тайлбарласан байх ба “садан” гэдэг үгээ гарал угсаа нэгтэй хүмүүс гэсэн утгаар тайлбарлаж, “төрөл хүмүүс” гэдгээ шууд “садан хүмүүс” хэмээн тайлбарласнаар энэ хоёр үг хоёулаа тайлбаргүй болсон байна. Бас “садан” гэдгийг хэвтээ чиглэлийн гарлын холбоотой хамаатан хүмүүс гэж тайлбарласан нь толь ашиглаж буй хүнд ойлгомжгүй болсон байна. Энэхүү хэдэн мөрийг эвлүүлэн бичиж буй миний бие   Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь зохиох ажлыг удирдан ажиллаж байхдаа зохиогчдод хандан утга нь ойролцоо хоёр үгийг нэгийг  нөгөөгөөр нь тайлбарлаж болохгүй, тэгвэл хоёр үг хоёулаа тайлбаргүй болдог гээд Цэвэл гуайн тайлбар тольд буй төрөл, садан хэмээх хоёр үгээр жишээ татан ярьж байсныг толийн зохиогч найруулалгүйгээр шууд миний ярьж байснаар үгийн тайлбар болгон бичсэнээс ийм ойлгомжгүй тайлбар гарсан бололтой.
    Хүмүүсийн төрөл садны холбоо их нарийн тогтолцоотой байдаг. Тухайлбал “би”-ээс дээш эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, элэнц, хуланц; “би”-ээс доош хүү, охин, ач, зээ, жич, гуч гэх мэтээр босоо тэнхлэгийн шууд холбоотойг /нэг нь нөгөөгөө төрүүлсэн/ нь төрөл хэмээн нэрлэнэ. Эцгийн талын төрлийг ясан төрөл, эхийн талын төрлийг махан /цусан төрөл гэдэг нь кровенное родство гэдгийн үгчилсэн орчуулга/ төрөл гэдэг. Өөрөөр хэлбэл “төрөл” гэдэг нь төрөх, төрүүлэх гэсэн үгтэй  язгуур нэгтэй үг юм. Тэгвэл “би”-ээс ах, эгч, дүү, үеэлд, хаяалд, бөл, бөлөнцөр, авга, нагац, гэх мэтээр хэвтээ тэнхлэг дэх холбоог нь садан хэмээн нэрлэдэг. “Садан” гэдэг нь салаа, салах, салбар гэх үгстэй нэг язгууртай юм. Дээрх хоёр үгийн бие биеэсээ ялгарах утгын гол ялгаа нь энэ юм. Энэ ялгааг салган ойлгохгүйгээс “садан төрөл, төрөл садан” гэж бүдүүн тоймоор бүрхэгдүүлэн яриад садан гэдэг нь хэн юм, төрөл гэдэг нь хэн юм гэдгээ мэдэхгүй болсон байна. Нэгэнт эдгээр үгийнхээ үндсэн утгыг тогтоож чадаагүйгээс төрөл садан, ураг садан, хамаатан садан, элгэн садан гэх зэрэг холбоо үгсийн утгыг ялган нарийн тайлбарлаж чадаагүй байна. Мөн төрөл садан, төрөл төрөгсөд гэсэн холбоо үгсийг хоёуланг нь “хамаатан садан” гэсэн үгээр тайлбарласан нь оновчтой болж чадсангүй. Ийм жишээ олныг дурдаж болно.

ХАМААТАН гэдэг үгийг Я.Цэвэлийн тольд: Хамаатан – садан төрлийн хүмүүс; Норжин нарын найруулсан Монгол хэлний тольд: Хамаатан – төрөл садан хэмээн тайлбарласан байна.  Тэгвэл 2008 онд хэвлэгдэн гарсан таван боть Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тольд: Хамаатан – Садан төрлийн хүмүүс; холын хамаатан /өөрийн ах дүүсийн хэн нэгэнтэй дам холбогдох садан төрлийн хүн/, хамаатан садан /ураг төрлийн хүмүүс/, хамаатан сүлбээтэн /хамаа сүлбээ бүхий хүмүүс/ хэмээн тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл “хамаатан” хэмээх үгийг “садан төрлийн хүмүүс” гэж яг адилхан утгаар тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл садан төрлийн хүмүүсээ хамаатан гэж нэрлэдэг хэмээн эдгээр тайлбараас ойлгоно. Тэгвэл “хамаатан” гэдэг үгэнд садан, төрөл гэсэн утга байхгүй. Энэ үгийн үндсэн утга нь “хамаа бүхий хүн” бөгөөд тухайн хүн /би/ -ий төрөл ч биш, садан ч биш, гэхдээ таны төрлийн хэн нэгэн хүний, эсвэл таны садны, эсвэл таны худ ургийнхны хэн нэгэнтэй хамаа бүхий хүнийг хамаатан гэж хэлдэг ажээ. Хамаатан гэдэг үгийн эсрэг утга нь “хамаагүй” билээ. Тийм ч учраас аав ээж, хүү охин, ач зээ зэрэг төрлийн хүмүүсээ, авга нагац, ах эгч, дүү, үеэл хаяал, бөл бөлөнцөр, зэрэг садны хүмүүсээ хамаатан хэмээн нэрлэдэггүй. Хэрэв та өөрийн аав ээж, ах эгч, дүү, хүү охин зэрэг төрөл саднаа “хамаатан” хэмээн дуудвал түүнийг доромжилсон хэрэгт унах нь гарцаагүй.

    Эцэст нь хэлэхэд, монгол хэлэнд төрөл садан, удам угсаа, уг гарал гэх мэтээр ихэвчлэн хоршин хэрэглэгддэг, ойролцоо утгатай олон арван үгсийн тус бүрийнх нь бие даасан утга бүрхэгдэн бүдгэрч, улмаар хүмүүсийн яриа, тайлбар толь, орчуулгын толь бичгүүдэд ч өөр өөр утгатай хэрэглэгдэж байгаад анхаарлаа хандуулан утга зүйн нарийвчилсан судалгаа хийх шаарлагатай байна.

НОМ ЗҮЙ

1. Монголчуудын түүх соёлын атлас. (2004), 140-р тал Улаанбаатар., 
2. Рашид –Ад-дин. (1952) Сборник летописей. Том.1, кн. II, М-Л. 13-р тал. 
3. Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь. Таван боть. (2008) Улаанбаатар.,
4. Цэвэл. Я. (1966) Монгол хэлний товч тайлбар толь. Улаанбаатар.,
5. Шагж. С. (1998) Монгол үгийн тайлбар толь. Монгол улсын Соёлын сан, Дундад улсын үндэстний хэвлэлийн хороо.,
6. Хорин нэгт тайлбар толь. (1979), Өвөр монголын ардын хэвлэлийн хороо., 
7. Монгол- орос дэлгэрэнгүй их толь. Дөрвөн боть, (2001) Москва., 
8. Голстунский. К.О. (1893-1895) Монголько-русский словарь. Т-I, II, III, С-Петербург., 
9. Ковалевский. О. (1844-1849) Монгольско-русский-французский словарь. Том I-III, Казань., 
10. Хорин наймт тайлбар толь. (1994) Намжилмаа эмхлэв. Өвөр монголын ардын хэвлэлийн хороо.
11. Монгол хэлний толь. (1999) Эрхлэн найруулагч Ц.Норжин, Ман Мөрөн, Өвөр монголын ардын хэвлэлийн хороо.,


SUMMARY
In the modern Mongolian language, the words such as ovog, turul, sadan, ug, ugsaa, udam, urag, khamaatan are widely used in either the spoken or written language. As of yet, we do not know the concrete meanings and do not clearly distinguish the meanings between these words. There are serious problems, such as explaining one word by another similar one (For example: Explaining sadun by turul, but turul by sadun) and to explain two different words as same because of the lack of suitable explanations in Mongolian language dictionaries. In the article, the concrete meanings of these words will be brought to light by the author.     

May 1, 2012

Инээснээс асуу


Боловсролын яамны орлогч сайд Шагдарсүрэн гуай, нэрт эрдэмтэн Б.Ринчен гуай хоёр нэгэн залуухан багшийн хичээлд сууж гэнэ.

Хичээл өрнөж эхэллээ. Тэр хичээл нь эх хэлний хичээл байв гээн. Багш эелдэг дуугаар

-          За хүүхдүүд ээ, та нар эдлэж хэрэглэж байгаа хувцсаа нэрлэ дээ гээд самбарт үзүүлэн хадсанд нэгэн цовоо охин

-          Фоорм, юүпэг, фаарчиг, күүрчиг, лээнт, гаалстуг гэжээ.Багш

-          Хэн нэмэх вэ? Гэхэд өөр нэгэн хүү

-          Польто, майк, түрсийк гэхэд хүүхдүүд инээлдэв гээн. Багш ялигүй ичингүйрэн

-          За одоо иддэг хоолоо нэрлэцгээе гэхэд хүүхдүүд уралдан өрсөлдөн

-          Катлет, салаат, закуск, кааш гэжээ.

-          Би нэмье гэж гараа голзлуулсан охин

-          Хүүхдийн будааны кааш, шар будааны кааш, цагаан будаа шар будааг хольж хийсэн “Найрамдал-Дружба” кааш гэжээ. Хүүхдүүд инээлдэв. Багш сэдвийг бушуухан өөрчлөн

-          Одоо хичээлийн хэрэгслээ нэрлэцгээе гэхэд нь нэг сэргэлэн хүү

-          Пенаал, палмаастр, автрүүчиг гэжээ. Сайд, эрдэмтэн хоёр ч ангиас түрүүлэн гарлаа. Сайд

-          За Ринчен гуай, манай багшийн заасана монгол хэлний хичээл ямар санагдав гэсэнд

-          Эрхэм сайд минь, нүгэлтэй ч юм даа. Энэ чинь эх хэлний хичээл биш, эрлийз хэлний хичээл байна гэжээ.



Эх сурвалж: Ч.Баттулга, “Монгол хар яриа”, МУИС ОУХСТ, УБ, 2002, 43-р тал

Mar 25, 2012

Ц.Шагдарсүрэн: “Туурга тусгаар Монгол Улсын төрд үндэсний бичиг нь үгүйлэгдэж байна”

эх сурвалж:http://ehhelbichig.wordpress.com/



МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн багш Цэвэлийн Шагдарсүрэн “Монголчуудын үсэг бичгийн товчоон”,”Монголчуудын утга соёлын товчоон” хоймсон бүтээлээрээ төрийн шагнал хүртсэн юм. Дөчөөд оноос бид уламжлалт монгол бичгээ гээж, кирилл бичиг хэрэглэх болсоор даруй 60 жилийг үдэж байна. Монголчуудын түүх соёлын үнэт дурсгал, бахархал болсон монгол бичгийн талаар ямар бодолтой явдгийг нь түүнээс сонирхсон юм.
- Монголчууд уламжлалт бичгээ кириллээр солих болсныг та юу гэж үздэг вэ?- Аливаа улс үндэстэн бичиг үсгээ солиход буюу солиулахад улс төр, хэл шинжлэлийн гэсэн хоёр гол шалтгаан байдаг. Монголчуудын хэдэн зууны туршид тогтвортой, өргөн хэрэглэж ирсэн монгол бичгийг кирилл бичгээр солих болсон учир шалтгаан нь цэвэр улс төрийнх. Олон нийтэд ойлгуулж ирсэн тайлбар нь огт өөр боловч тэр нь хэл шинжлэлийн үндэслэл огт байхгүй байсан гэж хэлж болно.
Монгол бичгийн хэл одоогийн монгол хэлнээс хоцрогдсон, монгол бичиг нь нэг үсгээр хэд хэдэн авиаг тэмдэглэдэг, монгол бичгээр гадаад үгийг бичих боломжгүй тул шинжлэх ухааны бүтээлийг бичих аргагүй гэх мэтээр монгол бичгийг «хоцрогдсон», «сурахад хэцүү» гэж албан ёсоор тайлбарлаж, дээр нь «хуучны хүнд суртлын үлдэгдэл» гэж намын баримт бичигт тэмдэглэсэн байдаг.
Гэтэл ийм “хоцрогдол” бусад бүх бичигт байдаг нь нийтлэг үзэгдэл юм.
- Хэл шинжлэлийн талаас нь илүү дэлгэрэнгүй тайлбар хэлж өгөөч?- Нэгдүгээрт, бичгийнх нь ярианы хэлтэйгээ яг тохирох боломж байдаггүй. Жишээлбэл, англи хэлний толь бичигт толгой үг бүрийн ард тухайн үгийг хэрхэн дуудах ёстойг тусгай галигаар хадаж өгдөг. Энэ нь англи бичгийн хэл нь одоогийнхоо ярианы хэлнээс үлэмж ялгаатай болохыг харуулахын зэрэгцээ бусад хэлний хувьд ч ердийн зүйл болохыг баталж байгаа юм.
Хоёрдугаарт, авианы бичигт нэг үсгээр нэг авиаг тэмдэглэх боломж бас байдаггүй. Англи хэлний union, bus, bush, bury, brutal, business, turn, culture гэх зэрэг найман үгэнд буй u эгшиг өөр өөр дуудлагатайг бид мэдэх болж байна. Солонгос авианы бичигт ч үеийн эцэст орсон дан, давхар,нийлмэл 27 гийгүүлэгчийг долоон авиагаар дууддаг байна.
Гуравдугаарт, Монголын орчуулгын түүхийг эргэн үзвэл, Төв Азийн санскрит, төвд, хятад, манж, мөн Европ дахины орос, франц, англи хэлнээс орчуулсан шашины болон иргэний, бараг бүх сонгодог зохиолыг орчуулж, монгол бичгээр гаргажээ. Єнгөрсөн зууны эхэн үе гэхэд «Библи»-ийг монгол бичгээр олон удаа хэвлэн нийтэлсэн байдаг.
Энэ бүх орчуулгын бүтээлд тухайн хэлний онцлогийг хадгалсан хүн, газар усны нэр буюу оноосон нэр, тухайн үеийн шинжлэх ухааны нэр томъёог уг хэлнийх нь дуудлагаар тэмдэглэсээр иржээ. Товчоор хэлэхэд ХVI зуун гэхэд монгол бичгээр төвд, санскрит, хятад зэрэг гадаад үгийг тэмдэглэх тогтолцоо хэдийнэ буй болчихсон байсан. Санскрит үгийг тэмдэглэнэ гэдэг бол гарал нэгтэй энэтхэг-европ хэлний үгийг бичиж болно гэсэн үг.
- Монгол бичгийг кирилл бичгээр солих болсон улс төрийн учир шалтгааныг та юу гэж үздэг вэ?- Энэ учир шалтгааныг нэгэн хэсэг ярьдаггүй байсан боловч 1962 онд Их тэнгэрийн аманд Ю.Цэдэнбал дарга зохиолчдыг хүлээж авах үед Ч.Лодойдамба, Б.Явуухулан нар “Монгол бичгээр бичсэн зохиол, шүлгээ шинэ бичиг болгоход найруулгын сайхан өнгө аяс нь илт алдраад байна” гэж хэлжээ. Үүний хариу болгож Ю.Цэдэнбал дарга «… Ирээдүйд нэг хэл, нэг бичигтэй болох онол бий шүү дээ. Энэ бол биелэгдэх зүйл. Бид хуучин үсэгтээ эргэж орно гэж ярихгүй …» гэж ам алдсан тухай тэмдэглэл бий.
Тэгээд ямар онол байдаг юм бол гэж хайхад И.В.Сталин 1950 онд А.Хлопов гэдэг хүнд бичсэн захидалдаа «…нийтийн нэг хэлэнд нийлэх явдал … дэлхий дахинд социализм ялсны дараа… үед холбогдоно…» гэж тэмдэглэсэн байдаг юм билээ.
- Уламжлалт бичиг үсгээ гээж, зээлдмэл бичиг үсэг авна гэдэг их л хүчтэй нөлөөлөл байна даа?- Ер нь бичиг үсэг шинээр авна, солино гэдэг бол чухамдаа шашин сурталтай шууд холбоотой байдгийг олон улсын түүх гэрчилдэг. Жишээлбэл, цагтаа идэрхэг хүчирхэг явсан согд, уйгарууд уугуул Буддын шашнаа гээн лалын шашинд орж, үндэсний согд, уйгур бичгээ араб болгосноор түүхийн тавцангаас буухын үүдийг нээсэн гэж түүхчид үздэг. Үүнчлэн монгол бичгийг кирилл үсгээр сольсон нь чухамдаа монголчууд Маркс-Лениний шашинд орох, Ю.Цэдэнбалын хэлснээр «Ирээдүйд нэг хэл нэг бичигтэй болох онол»-ын эхний алхам байжээ гэж үзэхэд хүргэдэг.
- Монголчуудын бичгийн соёлын тухай товчхон хэлбэл?- Энэ асуултын тухайд монгол бичгээс эхлэн хариулмаар байна. Монголчууд бид бичгийн соёлын хувьд бусад олон улс үндэстнээс яав ч хойгуур орохгүй. Монгол бичгийн хувьд өнөөдрийн бидний мэдэж байгаагаар, хамгийн эртний гэх дурсгал 1224 оных. Монгол угсааны Хятан нарын бичгийн дурсгал гэвэл Х зуунд хамаарна.
Гэхдээ монгол бичгийн хэл аль үеийн монгол хэлний онцлогийг хадгалсан бэ гэж яривал, түүнээс өмнө буюу лавтай VII-VIII зууны монгол хэлний онцлогийг хадгалсан байдаг. Ингэж бодвол одоо бидэнд мэдрэгдэж байгаа 1224 оны “Чингисийн чулууны бичиг” гэдэг дурсгалыг хамгийн эртнийх гэж үзэх аргагүй.
- Монгол бичиг монголчуудын авч хэрэглэж ирсэн олон бичиг үсгийн дотор ямар байр суурь эзэлж байсан бэ?- Монголчууд түүхийн туршдаа 10 шахам бичгийг боловсруулж хэрэглэж ирсэн. Гэхдээ цаг хугацааны хувьд хамгийн урт удаан буюу анх буй болсон цагаасаа өнөөдрийг хүртэл хэрэглэгдэж байгаа, орон зайны хувьд хамгийн өргөн нийтлэг буюу ар, өвөр монгол, буриад, баруун монгол гэх зэрэг нийт монголчуудын тогтвортой хэрэглэж ирсэн нь монгол бичиг. Үүний цаад учир шалтгаан нь монгол бичгийн үсэг зүй, зөв бичих зүйн ухаалаг шийдэлтэй холбоотой гэж үздэг.
Ойлгомжтойгоор тайлбарлахад, монгол бичигт о, у, ө, ү, д, т, г, х гэх зэрэг эгшиг, гийгүүлэгч олон үсэг хэд хэдэн дуудлагатай. Энэ нь санамсаргүй буюу муу боловсруулсан хэрэг биш. Халхад өндөр гэдэг үгийг буриадад үндэр гэж, Төв халхад соёл, ташуур гэж байхад Баруун халхад суял, дашуур гэж, Халхад халзан гэхийг даригангад галзан гэх зэргээр өөр өөрийнхөө нутаг усны аялгуугаар дуудах боломжтой зохиосон хэрэг. Єөрөөр хэлбэл, монгол бичиг нь Монголын олон ястан өөр өөрийнхөө нутгийн аялгууг бие даан хадгалж хөгжүүлэх боломжийг хангаж өгсөн гэсэн үг.
Харин монгол бичгийг улам сайжруулах, боловсруулах зорилгоор харьцангуй хожуу зохиосон тод , соёмбо, вагиндра зэрэг бичиг нь ийм онцлоггүй. Єөрөөр хэлбэл, ойрд, халх, буриад гэх зэрэг өөр өөрийнхөө гол болгосон аль нэгэн аялгууны онцлогийг бусад аялгуутанд хүчээр тулгаж хүлээлгэх зарчимд хүрсэн юм.
Тийм ч учраас сүүлд зохион хэрэглэх болсон тэдгээр бичиг нь нийт монголчуудын бус, тодорхой нэг газар нутагт, тодорхой ястанд хэрэглэгдэх болсон бөгөөд энэ нь монгол гэдэг нийт нэг үндэстнийг бичгээр нь салгах байдалд арга буюу хүргэсэн юм. Тэгээд ч тод бичиг зөвхөн баруун монголчуудын дунд, соёмбо бичиг Халхад, вагиндра бичиг Буриадад хэрэглэгдэх болсноор яваандаа нийт монголчуудын дунд монгол бичигт зайгаа арга буюу тавин өгөхөд хүрсэн.
Харин Юань гүрний үед шинээр зохиосон Монголын дөрвөлжин бичиг нь Юань хэмээх нэгэн их гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан монгол, хятад, төвд, түрэг зэрэг олон хэлийн ард түмнийг нэгэн бичгээр нэгтгэх зорилго тавьснаараа өвөрмөц онцлогтой юм. Тийм ч учраас дөрвөлжин бичгийг эрдэмтэд XIII зууны олон улсын монгол цагаан толгой гэж үнэлдэг.
Наад зах нь Хятадын ханз үсэг бол дүрс бичиг тул тэр үед хятад хэлний авиа зүй ямар байсныг сэргээн тодруулах боломжгүй, харин Монголын дөрвөлжин бичгээр хятад хэлээр тэмдэглэж үлдээсэн олон дурсгал нь тэр үеийн хятад хэлний онцлогийг тодруулах баримт болж өгдөг. Тэр үеийн хятад хэлийг судалсан эрдэмтэд үүнийг ашигласан байдаг.
- Монгол бичиг үсгийг өөр үндэстнүүд авч хэрэглэж байсан байх нь ээ?- Өөрийн үндэсний бичиггүй байсан Төв Азийн зүрчид, тангуд, солонгос, манж зэрэг үндэстэн төр улсаа байгуулмагц үндэсний бичгээ буй болгодог уламжлалын дагуу үсэг бичгээ шинээр боловсруулахдаа тухайн үед үлэмжхэн нөлөөтэй байсан монголчуудын (монгол, хятан, дөрвөлжин зэрэг) үсэг бичгийг хэвээр нь буюу дотоод зарчмыг нь авч хэрэглэсэн гэдгийг гадаад дотоодын эрдэмтэд хэдийнэ хүлээн зөвшөөрчээ.
Монгол бичгээр монголчуудын түүх соёлын хэдэн зууны туршид буй болгосон үлэмж их өв хадгалагдаж ирсэн. Тухайлбал, 1246 оноос эхэлсэн олон дипломат албан бичиг Ватикан, Парис, Тегеранд уг эхээрээ хадгалагдаж байна. Монголын бичгийн мэргэдийн туурвисан түүх, уран зохиол, улс төрийн бүтээл болон 108 боть Ганжуур, 225 боть Данжуур зэрэг төвд, санскритаас орчуулсан Дорно дахины шашны их хөлгөн судар, хятад, манжаас орчуулсан иргэний сонгодог уран зохиолууд бүгд монгол бичгээр бидний үед хүрэлцэн ирсэн билээ.
- Уламжлалт бичгийн соёлоо алдсаны уршгаар одоо ямар байдалтай болоод байна вэ?- Аль нэг ард түмний бичиг үсгийг хэлнээс нь салгаж үзэх аргагүй, өөрөөр хэлбэл, нэг юмны хоёр тал гэсэн үг. Цаашлаад тухайн ард түмний хэл, бичиг, сэтгэхүй гурав нэгдмэл зүйл. Аль нэг нь гажихад нөгөө хоёр нь гажиж эхэлнэ гэсэн үг. Тийм ч учраас Америкийн хэл шинжээч И.Е.Гельб «Бичиг үсгийн судалгаа» гэдэг бүтээлдээ: “…аливаа үндэстний оршин тогтнох гадаад бэлгэ тэмдэг нь тэдний бичиг, хэл хоёр нь байдаг. Тийм ч учраас аливаа байлдан дагуулагчдын хувьд аль нэг ард түмнийг устгахад бичгийн үнэт өв санг нь үгүй хийх явдал бол эн тэргүүний зорилго нь болдог юм…” гэж тэмдэглээд олон түүхэн баримтыг жишээ болгон бичжээ.
Социализмын үед монголчуудын үндэсний бичгийг кирилл үсгээр сольсны цаад учрыг И.Е.Гельбийн тэмдэглэсэнтэй холбож үзэх бүрэн боломжтой. И.В.Сталины зүгээс Монголд хандсан энэ хандлага нь дардан замаар яваагүй бөгөөд үүний тулд улс үндсээ гэсэн, үндэсний бичиг соёлоо гэсэн Монголын хэдэн арван мянган эх оронч язгууртан ноёд, лам нар, үндэсний сэхээтнийг үгүй хийж, шорон гянданд мохоон тарчилгасныг түүх гэрчилнэ. Тэр үед улс төрийн элдэв шахалтын дор манай төр засаг ч И.В.Сталины нэгэн мөрийн туслагч болсоор ардчиллын үед хүрч ирсэн юм.
Хүмүүсийн эх хэлний мэдлэг боловсрол саарч, үгсийн сан дундарч, эх түүхээ мартан, уламжлалт хүмүүжил мартагдаж, өөрийн ёсыг доодолж, өрөөлийн соёлыг дээдэлдэг бүхэл бүтэн үе буй болсон гэж хэлж болно.
Монгол бичгийн хэл нь монгол хүний сэтгэлгээг хөгжүүлэн, эх хэлний торгон мэдрэмжийг нь ямагт цэнэглэн тэжээдэг байлаа. Тухайлбал, одоо бидний хөрөө, шүд, хутга, хялгас, хил, хязгаар зэрэг холбоотой гэж үзэх аргагүй олон үгийг монгол бичигтэй хүн “ таслах, огтлох, хэрчих…”гэсэн утга бүхий нэг язгууртай болохыг хялбархан олж харах жишээтэй. Єөрөөр хэлбэл, үгийн гарал, уугуул утга нь монгол бичгээс тодорхой харагдана. Энэ бол хэл, сэтгэлгээ хоёрыг холбож өгдөг байсан гол цөм нь байлаа.
Дэвшилт гэдэг өөр үгээр жишээ авъя. Энэ үгийг монгол бичгээр хоёр янзаар бичдэг. Утга нь нарийн ялгаатайн дээр өгүүлбэрт гүйцэтгэх үүрэг нь өөр. Тухайлбал: дэвшилт (ү) үзэл санаа гэвэл өгүүлбэрт их төлөв тодотгол болдог. Нийгмийн дэвшилт (э) гэвэл ердийн нэр үг. Энэ үгийг монгол бичгээр бичихэд аль нь билээ гэж бодож байгаад зөвийг нь сонгоно. Ялгаж зөвийг нь сонгоно гэдэг бол хэлний мэдрэмжийн дасгал гэсэн үг. Тамирчин хүн дасгал сайн хийж байж сайн өрсөлддөгтэй зарчмын хувьд адил.
Бодож сэтгэхгүй байх нь өнгөндөө амар юм шиг боловч яваандаа хоёр үг мэддэг байсан бол ганц үгтэй болж байгаа хэрэг. Үүнчлэн бохиртох, бохирдох гэдэг язгуур нэг ч, үндэс өөр хоёр үгийг ялгахаа больж, хууль цаазад хүртэл буруу хэрэглэсээр байна. Одоо монгол бичиг мэдэхгүй хүн Балданы, Ёндоны буюу Балдангийн, Ёндонгийн гэдгийн аль нь зөвийг мэдэхээ больсон. Энэ мэтээс үүдэж хэлний ядуурал аажмаар буй болдог байна.
Хэл ядуурахаар сэтгэлгээ ядуурах нь мэдээж. Сэтгэлгээ ядуурахад наад зах нь нэг үгийн утга учрыг олъё гэхээсээ буруу зөрүүг нь мэдэхгүй тулга тойрсон хэдэн үгээрээ “бэлэнчлэх”-эд хүрнэ. Элчин сайд Ц.Гомбосүрэн гуай “бэлэнчлэх сэтгэлгээ”-г “гуйланчлах сэтгэлгээ” гэвэл таарна гэсэнтэй санал нэг байна. “Хэрэггүй юмаа хаяж байхгүй бол хэрэгтэй юмаа олохоо байдаг” гэдэгчлэн хэл сэтгэхүйд буй болсон согогийг анагаахгүй бол хэцүүднэ ээ.
- Кирилл бичиг хэр зэрэг боловсронгуй бичиг вэ?- Одоо бидний хэрэглэж буй кирилл бичгийн зөв бичих зүйг энд хамааруулан ойлгож болно. Товчоор хэлбэл, шинэ кирилл бичгийн зөв бичих зүй нь монгол хэлний хэв шинжийн онцлогт огтхон ч нийцээгүй юм.
Олон зуун жилийн өмнө боловсруулсан монгол бичгийн зөв бичих зүй нь монгол хэлний онцлогт бүрэн тохирсон үг зүйн зарчимтай байсан бол кирилл үсгийн зөв бичих зүй нь монгол хэлний зүй тогтлыг анхааралгүй орос хэлийг дуурайж авиа зүйн зарчмыг суурь болгожээ. Энэ талаар академич Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Чой.Лувсанжав зэрэг мэргэжлийн олон эрдэмтэн сануулан хэлсээр байсан.
Тухайлбал, академич Ш.Лувсанвандан багшийн төрийн шагнал хүртсэн бүтээлд авиа зүй, үг зүйн төвшинд боловсронгуй болгох өдий төдий асуудал байгааг тодорхой баримт жишээгээр өгүүлсэн байдаг. Гэвч шинэ кирилл үсгийн дүрмийг боловсруулах комиссын дарга нь Ю.Цэдэнбал гуай байсан мөн гаднын улс төрийн оролцооноос болоод нам, төр, засгийн зүгээс огтхон ч хүлээж аваагүй.
Түүгээр үл барам “… шинэ үсгийг эсэргүүцэгч аливаа нэгэн үндэсний үзэлтэн, бут цохигдсон феодал, лам нарын үлдэгдэл эсэргүүцэгчдэд эрс хатуу цохилт өгч тэмцэх хэрэгтэй…” гэж мохоон дарсаар байлаа. Үүний дээр хэл шинжлэгч бус, аялдан дагагч дунд шатны эрх мэдэлтэн мэдэмхийрэн цэцэрхсээр зөв бичих зүйг боловсронгуй болгох, олон нийтийн монгол хэлний боловсролыг дээшлүүлэхэд үлэмж садаа болсон юм.
- Төрөөс эх хэлний талаар ямар бодлого баримталбал зохистой вэ?- Аливаа юманд эрэлт хэрэгцээ байх тусам үнэлгээ нь сайжирч, тухайн зүйлийн үйлдвэрлэл хөгждөг шиг хэл ч бас тийм зүйл аж. Хэлний хувьд нийгмийн хэрэгцээг нь дээшлүүлэх тутам тухайн хэлний үнэлгээ, эрх хэмжээ сайжирна гэсэн үг. Орчин үед дэлхийн олон улсад англи хэлний үнэлгээ, эрх хэмжээ сайн байгаагийн гол учир энэ.
Харин 1970- аад оноос МАХН, Монгол Улсын засаг төрийн зүгээс орос хэлний эрэлт хэрэгцээг илт нэмэгдүүлэхэд хүргэсэн юм. Үүнд, сургуульд элсэх, төгсөхөд заавал орос хэлээр улсын шалгалт өгөх, эрдмийн зэрэг хамгаалах бүтээлийн хураангуй нь заавал орос хэлээр байх, их сургуулийн хичээлийг орос хэлээр заах тухай тогтоол шийдвэр гаргаж, орос хэлтэй хүн албан тушаал дэвшдэг хэмжүүр буй болгосон хэрнээ монгол хэлийг огтхон ч анхааралгүй орхижээ.
Тэгээд ч хүмүүс би монгол хүн юм чинь монгол хэлээ мэдэлгүй яах вэ гэж монгол хэлний боловсрол, мэргэжлийг үл тоомсорлон, биеэ дайчлахаа больж тулга тойрсон хэдхэн буруу, зөв үгэндээ ханан эргэлдэж, эх хэлний тухайд үлэмж залхуу болохын үүд нээгдсэн гэхэд болно. Иймд манай засаг төрийн зүгээс олон нийтэд улс Монголоо, үндэс угсаагаа, өв соёлоо гэсэн сэтгэлийг багаас нь суулгангаа туурга тусгаар улсын хувьд монгол хэлний нийгмийн эрх хэмжээг дээшлүүлж, монгол хэлний нийгмийн үнэлгээг сайжруулахад чиглэсэн бодлогыг буй болгоход анхаарах цаг болжээ.
Өөрөөр хэлбэл, монгол хэлийг нийгмийн эрэлт шаардлагатай болгоно гэсэн үг. Үүнийг төр, засаг л санаачлан хийхгүй бөгөөс ганц нэг хувь хүн хийх боломжгүй. Монгол хэлний нийгмийн эрх хэмжээ дээшилсэн цагт хүн бүр монгол хэлний боловсролдоо анхаарч, сурах, судлах эрмэлзэл өсч, тэр хэмжээгээр заах арга, судалгааны цар хэмжээ улам нарийсан хөгжинө. Нийтээр эх орон, өв соёлоороо бахархах болж, монгол хэлний нийгмийн үнэлгээ дээшилсэн цагт хүмүүс хэлнийхээ боловсролд анхаарах шаардлага аяндаа буй болно.
Энэ шаардлагыг хангахад монгол туургатны хэдэн зууны түүх соёлын их өвийг тээж ирсэн, монгол хүний хэл, сэтгэлгээ хоёрыг найрсуулан холбосоор ирсэн үндэсний бичгийн үүрэг улам сэргэх болно.

Д.Батбаяр: Бийрийн татлага, үсэг хоёроор хүний баяр баясал, цөхрөл гуниг бүгд илрэн гарч байдаг


Mar 19, 2012

Кирил бичгийн бичлэгийн стандарт тогтоох тухай

Mar 14, 2012

“Монгол хэлний хадмал толь” (кирил-монгол-тайлбар) хэвлэгдэн гарлаа

  

МУИС-ийн МХСС-ийн Эх бичиг-Алтай судлалын тэнхимээс эрхлэн Соёмбо принтинг хэвлэх үйлдвэрт хэвлүүлсэн “Монгол хэлний хадмал толь” (кирил-монгол-тайлбар) номын нээх ёслол өнөөдөр “Интер ном” дэлгүүрт боллоо.

Таван түм орчим толгой үгийг кирил-монгол бичгээр хадаж, товч тайлбарлан монгол хүний нэр, овгийн нэр, монгол газар усны нэр, засаг захиргааны нэр, дэлхийн улсууд, тэдгээрийн нийслэлийн нэрсийг хавсралтаар оруулсан эл толь бичгийг МУ-ын гавьяат багш, доктор профессор Ш.Чоймаа, багш М.Баярсайхан, С.Батхишиг, Э.Мөнх-Учрал нар хамтран зохиожээ.

Номын нээлтэд оролцсон эрдэмтэн, зохиолч, монгол хэл бичгийн мэргэжилтэн, Ерөнхий боловсролын сургуулийн багш нар уг толь бичгийг Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II, “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах төдийгүй, бүх нийтийн эх хэлний боловсролд байнгын  лавлагаа болохуйц өргөн хэрэглээг хангасан бүтээл боллоо хэмээн онцлон тэмдэглэжээ.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...