эх сурвалж: asuu.mn
1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015
2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2
Найруулга зүйн судлаачид найруулгын алдааг ерөнхийд 10 ангид хувааж,
түүнийг дотор нь найруулгын буюу найруулгын бус алдаа гэж ангилсан байна.
Үүнд:
*Найруулгын бус алдаа:*
1. Баримтын
2. Логикийн
3. Хэл зүйн
4. Гоо зүйн алдаа багтана.
*Найруулгын алдаа:*
1. Үг буруу сонгосон
2. Үг илүүдсэн
3. Үг дутсан
4. Яруу хэрэглүүрийг оновчгүй сонгосон
5. Нэг үгийг буюу нэг үндэстэй үгийн олон дахин давтсан
6. Үгийн өнгө аяс гажсан
зэрэг нийт 10 алдааг багтаасан байдаг. Одоо дээрх найруулгын тус бүр
дээр жишээ баримтаар нотолж үзье.
*1. Баримтын алдаа*
Энэ нь тухайн юм үзэгдэл, баримт сэлтийн талаар сайн мэдэхгүй, эсвэл
тойм төдий төсөөлөл тэйн улмаас үүссэн алдааг хэлнэ. Уг алдаа нь
ихэвчлэн санамсаргүй байдлаас үүсдэг. Мөн цэг таслал, үг үсэг, тоо
баримт зэрэг бүх зүйл уг алдаанд хамаарна. (Ц.Сү.2004) Жишээ нь: Уг
хэргийг Цагаан шонхорын Энхтайвны хүсэлтээр хийж байсан гэх мэдээлэл
байдаг юм билээ. "Ардчилал таймс " сонин.2005.05-р сар.
Хятадын эрлийз төрийн түшээ байсан төдийгүй эвслийн үеийн дөрвөн засгийн
газрын гурвыг нь Хятадын эрлийзүүд тэргүүлж байсан. (“Ардчилал таймс”
сонин.2005.05-р сар.) гэх мэт эдгээр өгүүлбэрийг үзэхэд баримтын алдаа
болох нь илэрхий байна. Учир нь тухайн хэргийг хэний хүсэлтээр, хэн
хийсэн нь тодорхойгүй, дам сонссон баримт бөгөөд, Монголын төрийн түшээд
хятад хүмүүс байсан гэдгийгхэн нотолсон нь ч бас л тодорхойгүй байна.
Иймээс аливаа зүйлийг зөв сайхан найруулж бичихийн тулд тухайн зүйлийн
талаар зайлшгүй үнэн бодит баримт сэлтэд тулгуурлаж бичсэн байх
шаардлагатай юм.
*2. Учир зүйн алдаа*
Сэтгэхүйн хууль учир шалтгааны хэм хэмжээг зөрчсөнөөс үүссэн алдааг
хэлнэ. Тиймээс учир зүйн буюу логикийн хуулиудыг сайн мэдэж байх нь
чухал. Ийм алдаа ихэвчлэн учир зүйн хуулиудыг мэдэхгүйгээс үүсдэг.
(Ц.Сү.2004) Жишээ нь: "Алгын чинээхэн биетэй алаг хонгор үр минь энэ жил
арван найман нас хүрч байгаа юм.” (ярианаас) Энэ өгүүлбэрийг ажиглавал:
1. Арван найман нас хүрч байгаа хүн насанд хүрсэн байна.
2. Алгын чинээ биетэй хүн хэзээ ч байдаггүй учир логикийн хуулийг
зөрчжээ. Ийнхүү бид учир зүйн хуулиудыг нарийн сайн мэддэгч санамсаргүй
байдлаар ийм алдаа их гаргадаг.
*3. Хэл зүйн алдаа*
Монгол хэлний үг бүтэх ёс, үгийн хэлбэржилт, хэл зүйн хэмжээг зөрчсөний
улмаас үүссэн алдааг хэлнэ. Тиймээс монгол хэлний хэл зүйн хэлбэрүүдийг
сайн мэдэж байх чухал. Жишээ нь: Бие биенийгээ хайрлаж, харилцан эвтэй
найртай байгаарай. (сониноос) гэсэн энэхүү өгүүлбэрийг ажиглахад илт хэл
зүйн алдаа гаргажээ. Уг нь "Бие биенээ хайрлаж, эвтэй найртай яваарай"
гэхэд л утга ойлгомжтой болох юм.
*4. Гоо зүйн алдаа*
Хөдөлмөрчдийн гоо зүйн боловсрол, ёс зүйн хэм хэмжээнд нийтэлж байгаа
аливаа зүйл үр дүнтэй, өгөөжтэй байх ёстой. Гоо зүй, ёс зүйн хэм хэмжээг
зөрчсөнөөс уг алдаа үүсдэг. (Ц.Сү.2004) Жишээ нь: Тэр бүсгүйн хоёр
хөөрхөн алаг нүд нь дөнгөж төрсөн тугал шиг тормолзоно. (сурагчийн
зохион бичлэгээс) гэсэн өгүүлбэрт бүсгүйн хоёр алаг нүдийг дөнгөж төрсөн
тугалын нүдтэй зүйрлэсэн нь зохимжгүй болсон мэт санагдана. Учир нь
дөнгөж төрсөн тугалын хоёр нүд тормолздог нь юу л бол?, Харин "Ботгон
нүд"-тэй зүйрлэвэл арай дөхүү мэт.
*5. Үг буруу сонгосон алдаа*
Уг алдаа нь үгээ онож сонгоогүйгээс илэрхийлэх гэсэн зорилгодоо хүрч
чадахгүй, тэр ч байтугай огт өөр ойлголт төрүүлж болох найруулгын алдаа
үүсдэг. Ийм алдаа нь тухайн ойлголтод тохирох үг олоогүйгээс, ойролцоо
утгатай үгнүүдийн хамгийн оновчтойг сонгоогүйгээс, олон утгаар
хэрэглэгддэг үгийн нийтээр хэлж хэвшсэн байдлыг гажуудуулснаас,
уламжлалт найруулгын ёсыг мэдэхгүй (Ц.Сү.2004) зэрэг шалтгаанаас болж
үүсдэг байна. Жишээ нь: "Улс төрийн амбицаа дийлж чадахаа болиод байна"
гэсэн өгүүлбэрт амбиц гэх гадаад үг заавал хэрэглэх шаардлага байхгүй
баймаар. Уг үгийг толь бичигт:
1. Их зан биеэ тоох
2. Сагсуурах
гэж тайлбарлажээ. Тэгэхээр уг өгүүлбэрийг "Улс төрд хэт орсноос биеэ их
тоож байна" гэж найруулбал зүйтэй болох юм.
*6. Үг илүүдсэн алдаа*
Шаардлагагүй илүү үг нуршсанаас чухам юу гэж өгүүлэх гэж байгааг
ойлгоход бэрх байдаг. Ийм алдаа нь ихэвчлэн хэлний хэмнэлтийн зарчмыг
зөрчсөнөөс үүсдэг. (Ц.Сү.2004) Хэлний хэмнэлтийн зарчим гэдэг нь бичиг,
ярианы явцад тухайн найруулгад хэрэггүй үгсийг хасахыг хэлнэ. Тиймээс
монгол хэлний үг товчлох ёс, үг хэмнэлтийн зарчмыг мэдэж байх нь чухал
байдаг. Жишээ нь: "Намайг багад аав намайг сургуульд суулгахгүй гэж бөөн
юм болдогсон. Би ч гэсэн суух дуртай байгаагүй л дээ" (сурагчийн зохион
бичлэгээс) гэсэн өгүүлбэрт дэндүү нуршсанаас болж ойлгоход бэрх болжээ.
Тиймээс уг өгүүлбэрийг "Аав намайг багад сургуульд оруулахгүй гэж бөөн
юм болдогсон. Би ч гэсэн суух дуртай байгаагүй л дээ" гэж найруулбал
илүү оновчтой байна.
*7. Үг дутсан алдаа*
Энэ нь учир шалтгааны шаардлагатай зайлшгүй байх үгийг орхисноос утга
ойлгомжгүй болох, илэрхийлэх гэсэн санаагаа гаргаж чадахгүй байх явдал
тохиолддог. (Ц.Сү.2004) Ийм алдаа нь өгүүлж байгаа зүйлээ хэт товчлох
гэж байгаад утгыг гажуудуулснаас, хэлний хэмнэлтийн зарчмыг буруу
хэрэглэснээс үүсдэг. Жишээ нь: "Чадварлаг бурхан шиг эмч явуулжээ"
(сониноос) гэсэн өгүүлбэр ерөнхийдөө ойлгогдох боловч утгын хувьд нэг л
дутмаг болжээ. Үүнийг "Чадварлаг, сайхан сэтгэлтэй, бурхан шиг эмч
явуулжээ" гэвэл илүү утга төгөлдөр болох юм.
*8. Дүрслэх буюу яруу хэрэглүүрийг оновчгуй сопгосноос үүссэн алдаа*
Энэ алдаа нь монгол хэлний уран дүрслэл, яруу хэрэглүүрийг оновчгүй
хэрэглэснээс үүсдэг. (Ц.Сү.2004) Жишээ нь: ... Хөх өвгөний нүүр шиг
Хүйтэн сарыг хөнжил юугаан болгон (Х.Т "Улиас" шүлгээс) гэхэд, сарыг
"хөх өвгөний нүүр"-тэй зүйрлэсэн нь оновчгүй болжээ. Тэгээд ч хөх
нүүртэй өвгөн хүн байдаггүй байлтай. Мөн сар алсаас харагдахдаа хэзээ ч
хөх өнгөөр харагддаггүй харин шарлаж, эсвэл цагаарч харагддаг шиг санагдана.
*9. Үг давтсан алдаа*
Уг алдаа нь нэг үг буюу нэг үндэстэй үгийг олон дахин давтан
хэрэглэснээс үүсдэг. (Ц.Сү.2004) Тухайн өгүүлж байгаа зүйлд нэг юмуу нэг
үндэстэй үгийг олон удаа давтан хэрэглэхэд найруулгын уран яруу, хурц
тод өнгө аяс суларч, улмаар найруулгын алдаа болдог байна. Жишээ нь:
Уншигчийн үнэмлэхийг та олгох уу?, Уншигчийн үнэмлэхийг хаанаас авч
болох вэ? Уншигчийн үнэмлэх ямар үнэтэй вэ? (номын санчид хандсан оюутны
ярианаас ) Энэ өгүүлбэрт нэгэн оюутан "Уншигчийн үнэмлэх" гэсэн үгийг 3
удаа давтсан байна. Үүнийг "Уншигчийн үнэмлэх ямар үнэтэй, хаанаас авч
болох вэ? гэсэн ганцхан өгүүлбэрт багтаахад төвөггүй ойлгож болох юм.
*10. Үгийн өнгө аяс гажсан алдаа*
Тухайн найруулгад үгийн өнгө аясыг тохируулах нь найруулгын чухал
шаардлагын нэг юм. Тийм учраас олон утгаар хэрэглэгддэг үгсээс хамгийн
зөв оновчтой, тухайн найруулгад аль тохирох үгсийг зөв сонгон хэрэглэх
нь чухал. Нэг л үгийг буруу сонгосноор тухайн найруулгын утгыг бүр мөсөн
сулруулах нь ч бий. (Ц.Сү.2004) Жишээ нь: "Наадмын талбайд хөл тавих
зайгүй хүмүүс багширчээ." Гэсэн өгүүлбэрт "багширчээ" гэсэн үг нь
найруулгын өнгө аясыг гажуудуулжээ. "багшрах" гэдэг нь амьтад олноороо
цугларахыг хэлдэг. Үүнийг хүн дээр хэрэглэсэн нь буруу болжээ.
Ийнхүү аливаа зүйлийг найруулан бичихэд, найруулан бичих арга ухаан
машид хэрэгтэй байдгаас гадна, найруулгын алдаа хэрхэн үүсч болдгийг
мэдэж байх нь чухал ач холбогдолтой. Найруулга зүйн ухаан дахь хэлний
хэрэглүүрийн хүрээ маш өргөн төдийгүй, аливаа хэлний үгийн сангийн
баялагийг зөв эзэмшиж сурах нь бидний амьдралд маш хэрэгтэй. Эдгээрийг
зөв ойлгож, найруулж сурваас найруулгын ур маяг улам баяжих төдийгүй бид
эх монгол хэлнийхээ яруу гайхамшигийг олж харах болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
Алгын чинээ хүн байдаг ш дээ. "Гулливерийн аялал" гэдэг кинон дээр гараад байдаг...
ReplyDeletemaaaaaash heregtei medeelel bailaa... bayrlla... ^^
ReplyDelete