Apr 28, 2011

Солонгос хэлний найруулга суръя гэвэл...

Солонгос хэлээр уншдаг бол найруулгын тухай материал олон бий.
Та бүхэнд нэг блог, нэг ном санал болгоё.

배상복 기자의 [우리말 산책]
http://blog.joinsmsn.com/media/index.asp?uid=bsb2001&folder=19

배상복, 글쓰기 정석, 경향미디어, 2006.
12,000원.
Тус номын танилцуулгыг дараах хаягаас хараарай.
http://book.naver.com/bookdb/book_detail.nhn?bid=2611534

Apr 22, 2011

Ц.Цэрэн-Очир: Тарнийг орчуулж болдоггүй

http://entertainment.life.mn/r/1234

2011-04-08 09:56:14

-Би таны тухай сонин хэвлэл, бүтээл туурвилаас тань мэдэх болсон юм. Тэр бүгдээс үзэхэд та юм юм үзсэн, санаж сэдэж явдаг хүний нэг бололтой. Тиймээс таны ажил төрөлд хамаатай “цоохор” юм асуумаар санагдлаа?

-Миний юм юм мэдэх гэж ч юу байх вэ дээ. Золоор 1980-ад оны үед төв телевизийн киноны албанд орчуулагч-редактор хийдэг байлаа. Нэг үгээр хэлбэл түүгээр ордог, гардаг бүх төрлийн кино миний бие, хэл, сэтгэлээр шүүгдэн, түмэн олны мэлмий, сонорт хүрдэг байжээ. Тэр үед нэг хүн олон ажлыг хийдэг байв. Би л гэхэд кино орчуулах, орчуулуулах, хянах, үзэх, зөөх, тайлбар бичих гэхчлэн хориод үүрэг хүлээдэг байсан. Уг ойр зурын ажлыг амжуулдаг, шинэ киноны тайлбар бичдэг. Нацагдорж гэдэг гайгүй ч ажиллаж байсныг дарга нар хасчихсан юм. Ингээд шаварт унасан бухын эзэн хүчтэй гэгч болов оо. Ер нь тэнд сайшаал, зэмлэл амсч, “Монгол телеиз” гэдэг их айлын тогоонд “чануулан” олны дунд ажиллаж байж л юмны захтай болох үүд онгойсон болов уу даа.

-Та мундаг зурхайч биз дээ?
-Биш ээ. Тэр агуу их эрдэм ухааны өргөөнд орох гээд үүдэнд нь халиран зогч байгаа нэгэн.

-Тэгвэл зурхайч гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Сав,шимийн ертөнцийн барилдлагыг цаг, зүгт шүтүүлж, нийгмийн амьдралыг жинхэнэ зохицулдаг хүн юм уу даа.

-Зурхайч олширчээ дээ?
-Тийм бололтой. XX зууны эхээр энэ Гандантэгчэнлин хийдэд анги Шагдар гэгч гавж байжээ. Хөдөөнөөс садангийнх нь нэг хүн ирж “Ах аа, би ганц хүүгээ ямар хүн болгоё доо байз? гэсэнд “ Хүн болгоё гэвэл чойрт, хүн алуулъя гэвэл манбад, хүүр зөөлгөе гэвэл зурхайд хуруул. Хүн шиг хүн болгоё гэвэл хөдөө байлгаж, хүүхэн авч өгч, мал маллуул” гэсэн юм гэдэг.

-Хүүр зөөх гэдэг нь ямар учиртай юм бол оо?
-Тодруулж хэлбэл, зурхайч хүнийг нөгөө ертөнцөөс егүүтэн, төрөл арилж эхийн умайд орохоос авахуулаад, хожим нь төрөл арилжин буцах хүртэлх бүхий л явдал,мөрийг нь сав ертөнцийн хуулинд шүтэн барилдуулж байдаг мэргэжилтэн. Зурхайн ухаанд хамаагүй юм гэж байхгүй. Цаг хугацаа, зүг чиг, уул ус, гэр бүл, явдал суудал,эмнэлэг, газар тариалан, улс төр гээд юү эсийг тоочиж барах вэ.

-Уул ус гэснээс, саяхнаас нас нөгчигсдөө чандарладаг болсон. Зарим хүн, тухайлбал Г.Пүрэвбат лам таашаахгүй янзтай байсан?
-Ламын үг ортой байх шүү. Бидний монголчууд өөд бологсдоо нар эрт тусдаг, мөн орой жаргадагэнгэр газар, уул дэрлүүлж, уул өшиглүүлэн, Алтангадас, Долоон бурханаа чиглүүлэн нутаглуулдаг нэг үе байсан. Одоо ч мэр сэр тэгж л байгаа. Газрын шинжийн сударт хаан, хатан, эрдэмтэн, харц, зарц, хулгайч, худалч хүнийг тиймэрхүү дүрстэй, шинжтэй газар нутаглуул гэж номлосон байдаг. Гэтэл одоо бүгдийг нь бөөндчихөж байна. Тэр ч эс хэл монголчууд зүгийн муу зүүн-хойд гэдэг. Улаанбаатарын төвөөс бол Алтан- Өлгий гэдэг чинь тэр зүг шүү дээ. Дээр үед тийш нь орос, хятадыг л нутаглуулдаг байжээ. Гэтэл одоо хамгийн охь манлай бологсдоо...Түүнчлэн гал махбодтныг модонд, шороон махбодтныг галд, төмөр махбодтныг шороонд, усан махбодтныг төмөрт, модон махбодтныг усанд оршоодог ёс байсан нь хүүг эхэд нь буцааж өгч буй санаа юм аа даа. Энэ ч мөн зурхайчийн ажил.

-Цаглабар хийдэг хүн чинь зурхайч биш юм уу?
-Над мэтийн эндүү ташаа цаглабарлахуу юм хийдэг болгоныг яахан тэгж хэлж болох вэ. Уг нь цаглабар хийх ч хямдгүй ажил л даа. Ядахдаа таван махбодын чулуугаа зөв тавьчихдаг, 24 улирал, голлосон мэнгэ, шороон үхрийнхээ зурлагыг хүний гар харалгүй яг таг зурчихдаг байвал бусдад тустай юм л даа. Энэ бүхэн чинь дэлгэрэнгүй цаглабарт заавал орж байх ёстой юм гэдэг.

-Буян, нүгэл гэдгийг та юү гэж боддог вэ?
-Пүня гэдэг самгарди үг он цагийн эрхээр буян болчихсон юм билээ. Түүнийг төвдөөр соднам (хазгай дуудлагаар соном, содном) гэдэг. Хамаг амьтны бие, хэл, сэтгэлийг амаржуулах сайн үйл бүтээхийг буян гэдэг. Тэгэхээр үйлийн гурван энэ үүд нь амгалан явдаг хүнийг буянтан гэнэ ээ дээ. Бурхны сургаальд арван цагаан буян гэж буй. Биднийг багад бүтэхгүй юм хийж зүггүйтвэл “нүгэл!, амьдын хар нүгэл!” гэж хорьдог байсан. Эл гурван үүд нь ямагт зовлонтой явдаг хүнийг нүгэлтэн гэдэг..

-Бурхан, чөтгөр гэж байдаг болов уу?
-Байдаг гэж санадаг. Бурхан нь сайн санааны, чөтгөр нь муу санааны үр байх. Тиймээс бид сайн хүнийг бурхан шиг, мууг нь чөтгөр шиг гэдэг биз дээ. Буянтан бурхантай, нүгэлтэн чөтгөртэй аливаа нэгээрээ төстэй. Сэтгэлийн таван шулмас гэгч мунхаг, атаа, омог, уур тачаалаа дарж чадвал сая гэгээрч буй нь тэр гэдэг. Тиймээс бүдда л гэвэл манай үеийн Шагжамүнийг хэлдэг биш. Бурханлаг хүн болгон бүдда буюу гэгээрсэн хүн болж чадна. Хамгийн бурханлаг юм гэвэл эцэг эх.

-Шашин гэж ер нь юү юм бэ?
-Энэ бол “соёл” гэсэн утгатай “шасана” гэсэн самгарди үг. Нэг үгээр хэлбэл үзэл, сурталын түрүү үеийн хэлбэр. Зарим талаараа орчин үеийн намтай, ялангуая коммунист намын зохион байгуулалттай маш төстэй. Шашныг хар тамхитай зүйрлэн үгүй хийсэн мөртлөө түүнээсээ үлгэр авч загварчилсан нь сонин бөгөөд хачин. Бурхны шашны төлөөлөгчид үйлийн үр, хоосон чанар тэргүүтнийг номлодог бол МАХН-ынхан социализм, коммунизм байгуулахыг уриалж, ухуулдаг байсан нь тэдний гол суртал байсан. Сахил,гэнин, гэцүл, гэлон, хамба; сахилга бат, гэнин, гэцүл, гэлон, намын дарга гэдэг хүртэл мөн чанартаа ёстой л нэг наймааны бараа. Яваандаа олныгоо цөөнх нь хөлжих арга болсон нь тоогүй. Аль аль нь тухайн нийгмээ тогтоож байхын тулд үүсгэж боловсоруулсан үзэл сурталтай. Үеэ өнгөрөхөөр аяндаа үгүй болж, дараагийнхаа нийгэмд таарсан иш, онолтой шинэ хүмүүс гарч ирнэ. Ямар ч үзэл суртал цагийн аясаар бөмбөрч байдаг нь энэ. Харин хүн гэдэг амьтан нийгмээрээ зовлонгүй болбол шашин ч тэр, нам ч тэр үгүй болно.

-Бурхан багшийн сургааль-хутагтын дөрвөн үнэнд “Зовлонгийн шалтгаан нь хүсэл” гэсэн байдаг. Хүсэхгүй бол хэрхэн амьдарч, боловсрох билээ?
-Таны хэлдэг түмэн зөв. Гэхдээ хэмээс хэтэрсэн хүслийг хэлж байгаа юм. Энэ чинь шунал шүү дээ. “Шунал ихдвэл шулам болно” гэдэг дээ. Одоо ихэнх хүн оюуныхаа хэрэгцээг умартаад, эдийн шуналд ташууран, зовж байгааг хэлж байгаа юм.

-Шашин гэж соёлтой аж төрөхийг номлосон суртал гэж ойлголоо. Гэтэл энэ олон засал, гүрэм, дором эднийд угаасаа байсан хэрэг үү?
- Бурхан багш зөв аж төрөхийг, ядаж номыг нь сурахгүй бол номхоныг нь сурах, бүх юмаараа цэвэр цэмцгэр байхыг эрхэмлэж байснаас биш элдэв засал энэ тэрийг номлоогүй юм билээ. Хожим нь бурхны сургааль газар авч, дорно дахины олон оронд дэлгэрэх болоход төвдийн Бон, монголын бөө мөргөлтнүүдийн сэтгэлд нийцэхгүй юм их болсноос үүдэн, тэднийхний тэнгэр, газар, ус шүтэх ёс, сүнс сүлд тайх, тахил, сэржэм өргөх мэтийн олон зан үйлийг авсан нь энэ. Тэгээд сүм, хийд буй болоход тэдгээрийг дагуулан зурхай, эмнэлэг, тарний ухааны салбарыг гүн ухааныхаа номтой зэрэгцүүлэн, нэг ёсондоо оршин тогтнох гол хэрэгслээ болгож, хүний сэтгэлийн зүйг шүтэлцүүлэн буй болгосноор ийм юм болгожээ.

-Одооны хүмүүс муу энерги л гэх юм. Үүнийг юү гэж ухаарвал болмоор юм бэ дээ?
-Энергиийг “идэвхтэй, шийдэмгий, эрэмгий, эрч хүчтэй” гэсэн утгатай герег үг юм гэж “Словарь иностранных слов” -д тайлбарласан байдаг. Өмнөх үеийн монгол мэргэд эрчим хүч гэж оноон, бид ч түүгээр хэрэглэж байгаа. Энэ ертөнцийн хамаг юм эрчим хүчээс бүтдэг. Манай дорно дахины арга-билгийн ухаан бол энэ юм. Аргын чанар хэдийдвэл билиг чанар дутах. Билиг ихсвэл арга хомсдох. Үүний үрээр хувьсал гарах. Энэ хоёрын дунд хятадаар динь, монголоор гачил гэдэг үе буй. Түүнийг зөв гэтэлбэл хувьсал зөв, түргэн болно. Үүнийг шилжилтийн үе гэж болох мэт. Тийм болохоор муу эрчим хүч, сайн эрчим хүч гэж ялгах юм байхгүй. Нэг нь арвидахлаар нөгөөх нь хомсддог тул заавал хямрана.
Хүн хэт их баярлах, мөн их гомдох аль аль гэмтэй. Бухимддаг, уурлаж хорсдог, хэрүүл уруул хийж, атаа жөтөө болж явдаг хүмүүс эрчим хүч буюу сүлдээ ямагт доройтуулж байдаг учраас ерөөсөө өөдөлгүй.

-Та хэл, бичгийн мэргэжилтэн. Энэ тухайд та юү гэхсэн бол?
-Би энэ удаа гуравхан эндүүрлийг хэлье. Манай хэвлэл,мэдээллийн зарим ажилтан орос хэлний найруулгын нөлөөнд их автаж байгааг өөрсдийнх бичснээр жишээлье.

Хаашаа л олон хүн явж байна тийшээ л алхаад байлаа.
Хаана эдийн засаг нь сайн хөгжсөн байна тэнд мэдээж хэвлэл мэдээллийн салбар илүү сайхан орчин, сайн нөхцөл бүрдэх нь ойлгомжтой.
Ард түмэнд засгийн эрх ямар хэмжээгээр шаардагдаж байна, би тэр л хэмжээнд нь хуульчилж өгсөн.
Хэн сэтгэж байна, түүнд зориулав.

Эдгээрийг Олон хүн явж байгаа зүг уруу алхаад байлаа / Олон хүнийг дагаад л алхаад байлаа /.
Эдийн засаг сайтай улсад хэвлэл,мэдээллийн салбар хөгжих сайхан нөхцөл бүрдэх нь мэдээж / Сайн эдийн засагтай улсад хэвлэл, мэдээллийн таатай нөхцөл буй болдог нь дамжиггүй /.
Ард түмнийхээ шаардаж буй засгийн эрхийг хуульчилж өгсөн гэчихэж болмоор санагдах юм.
Сэтгэдэг хүмүүст зориулав.
Энэ хэдэн үгүүлбэр бол ...куда,.. туда... , ...где,.. там ... , …какой,.. такой…, тем,кто гэсэн орос хэлний хавсарсан нийлмэл үгүүлбэрийн зохиомжыг дуурайн, харь хэлний нөлөөнд дагаар орсны шинж.
Удаахи нь эх хэл, аж төрлөө мэдэхгүйгээс болж Усны булга Амзонкийн оршин суугч. Шинэхэн мэндлэсэн зулзагнууд... Жирэмсэн муур г.м.
Амазонк мөрөн булгатай / Амзонкт булга байдаг /. Саяхан гарсан зулзагууд... Хээлтэй муур гэвэл арай монголиж дуулдах буй заа. Гол, мөрөнд ер нь усны л амьтан байна биз дээ. Адгуус, араатан сэлтийг хээлтэй, хээл авсан гэх мэтээр л хэлдэг дээ, уг нь.

Бас нэг дуугүй өнгөрч болмооргүй юм бий. Сайн хүн байх хэцүү юу? Хамгаас сайн үйл юу вэ? ... гэж юу вэ? Гэх мэт асуух сул үг “юу” -тай үгүүлбэр ямар ч хэвлэл, зурагтын нэвтрүүлэгт элбэгшижээ. Хэлэхдээ “юү” гэж эшгийг нь зөв зохицуулж дуудчихаад, бичихлээрээ “юу” гэдэг нь ямар учиртай юм бол оо? Нэг бодлын бичиг үсэгт хагас хугас тайлагдсан ч улс шиг. Энэ бүгд бол буух эзэн, буцах мөртэйгээ бүртгэлд орсон үгүүлбэр шүү.

-Та энэ сэдвээр ном бичсэн байна билээ. Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Хаяьянхярваа гуай хэдэн жилийн тэртээ зурагтаар “Үг эндүүрвэл хэл эвдэрнэ” гэдэг номыг тань харуулаад, нэрийг тань цохож байсан. Та дараагийнхаа номыг бичиж байгаа юу?
-Удахгүй хэвлүүлэх гэж байгаа.

-Ямар аястай ном болох вэ?
-Хэвлэл, мэдээллийнхэн болон зарим зохиолчийн үг,үгүүлбэрийн зүйн талаар эндүүрсэн зүйлийг түүвэрлээд, савын хэмжээгээр засах гэж оролдон, учрыг нь тайлбарлах гэж үзсэн аястай товхимол байгаа юм. Түүндээ тэгээд гудиг ч үгүй “Олон үгэнд олзгүй, цөөн үгэнд гарзгүй” гэж мэргэн ардынхаа цэцэн үгээр нэр өгсөн гэж байгаа.

- Та энэ сэдвээр “Үг эндүүрвэл хэл эвдэрнэ” гэдэг ном бичсэн. Ондоо ном бичиж байна уу?
- Удахгүй хэвлүүлэх санаатай байна.

- Яг ямар аястай ном болох вэ?
-Хэвлэл, мэдээллийнхэн болон зарим зохиолчийн үг, үгүүлбэр, найруулгын мадагтай зүйлийг түүвэрлэн засах гэж үзээд учрыг нь тайлбарласан аястай товхимол байгаа юм. “ Олон үгэнд олзгүй, цөөн үгэнд гарзгүй” гэж нэртэй гарах байх.

-Ярианы хэл,бичгийн хэл хоёрт зөрөх юм элбэг байдаг. Тааруулж болдоггүй юм болов уу?
-Ямар ч үндэстэн, ястны ярианы хэл нь бичгийнхээ хэлтэй нэлээд зөрдөг. Бидний эх хэл ч зарим үндэстнийхийг бодоход арай гайгүй ч наад зах нь үүнийг, түүнийг гэхийг энийг тэрийг, шүү дээ гэхийг ш дээ, тийм ээ гэхийг тээ, билээ гэхийг лээ гэдэг биз дээ. Орос, англи хэл л гэхэд хэллэг, бичлэг нь тэнгэр газар шиг зөрөөтэй . Бичиг үсэгтэй болохдоо л тиймэрхүү хэлдэг байсан нь тэр болгонд залруулахгүй байсан нь улмаар уламжлал болчихсон нь энэ. Манай худам бичгийн зөв бичих дүрэм ч бас тэдний нэг. XIII зуунд ямааг имага, өглөөг өрлгэ, дээлийг дэвэл, баатрыг багатур, тэнгэрийг тэгри , мууг магу гэдэг байжээ. Одоо тэр чигээр нь бичихгүй бол монгол бичгээр алдаатай бичлээ, уламжлалаа дагаагүй гэнэ. Хэрэв байсхийгээд л ярианыхаа хэлэнд тааруулаад явсан бол хэлнийхээ хөгжлийг улируулан мэдэхэд хэцүү болно биз ээ.

-Олон утгатай нэг дуудлагатай үгийг утга утгаар нь ялгаж бичих авиан бичигт болохгүй юм байдаг. Үүнийгээ шийдсэн улс байдаг болов уу?
-Би олон хэл мэддэг хүн биш л дээ. Cаваагүйтэж төвд хэл жаахан сонирхож үзсэн юм. Төвдүүд бичиг үсэгтэй болоод 1400 гаруй жил болсон гэж Н.Рерих гуай бичсэн байдаг. Тэднийхэн, ямар ч байсан ижил дуудлагатай үгсээ өөр өөр бичдэг аргаа олсон юм билээ. Төвд хэлний цагаан толгой үндсэн 30 ганц үсэг, дөрвөн эгшигтэйн дээр үндсэн 86 давхар үсэгтэй. Угтвар тав, дагавар арав, давхар дагавар хоёртой. Энэ бүхэн тэр олон адил хэлдэг үгээ ялгаж бичихэд нь хэрэгтэй юм. Бид хамар гэж хэлбэл юуны хамар билээ? гэж бодно. Бичээд ч учрыг нь олохгүй. Тэгвэл бичгээ мэддэг төвд хүн ямар үг вэ гэдгийг хараад л мэднэ. Тэдний хэлнээ сан гэж дууддаг лав л долоон ондоо утгатай үг бий. Тэдгээрийгээ долоон янзаар бичдэг аргатай болсон байх жишээтэй.

- Тарни гэж байдаг. Хөгшүүл маань бувтнан,эрхиний бөөр имэрчихсэн л суудагсан. Тарни гэж тийм чухал юм уу?
-Би хэдийгээр тарнич биш ч энэ талаар жаахан хэлэх юм байна аа. Тарни гэдэг бол одооны ойлголтоор бол авиа буюу долгионы урт,богино үелзлийг ашиглаж эртний физикчдийн бүтээсэн аврах хийгээд алах ч хүчтэй “хэрэгсэл”. Нууц, тогтоол, язгуурын тарни гэж ангилдаг. Ум мани бад мэ хум ( тарни дуудах аргын сударт бол Оом мани бад мэ хүүн гэж талбисан байдаг ) бол язуурын гурван бурхны нэг Жанрайсигийн зүрхэн тарни. Хүний бие, хэл, сэтгэлийг тэгшилж байх учиртай авианы чуулган юм. Тиймээс монголчууд “мааниас илүү номгүй, махнаас илүү хоолгүй” гэжээ. Тарнийг орчуулж болдоггүй. Цэвэр тарниас гадна тарни-залбирал гэж байдаг. Ум аа хум, базра гүрү бадма сиди хум гэвэл улааны шашныг үүсгэсэн Ловон бадма жунайнгаас аврал эрсэн тарни-залбирал болно. Яагаад гэвэл базра гүрү бадма сиди гэдэг “цэцгээс мэндэлсэн очирт шидэт багш” гэсэн тодорхой утга бүхий үгс байх жишээтэй. Нууц буюу очир хөлөгний тарнийг заавал шид бүтээгч ядам бурхадын өмнөөс бясгалах ёстой гэдэг.

Б.Анхцэцэг

Apr 21, 2011

Г.Аюурзана: Би шагнал бодож явдаг хүн биш

http://tsugluulagch.blogspot.com/2009/02/blog-post_6034.html

Ж.МӨНХЗУЛ (2008-09-18) "Өнөөдөр" сонин

Энэ ярилцлагын өмнөтгөлд юу бичихээ үнэхээр мэдэхгүй байна. Мэдэхгүй гэж хэлсэнд уучлаарай. Энэ хүний номыг уншдаг, үзэл бодол, амьдралыг нь сонирхдог хүмүүс олон бий. Тэдний өмнөөс чадах ядахаараа л хэдэн асуулт тавилаа. Цааргалж, дургүйцээгүй Аюур ахад баярлалаа.

-Таныг саяхан нэг тэмцээн билүү уулзалт, цуглаанд яваад ирсэн гэж дуулсан. Энэ талаараа ярихгүй юу. Нөгөө жил бүр очдог Айовагийн их сургууль руугаа яваад ирсэн үү, эсвэл...
-Аа, Македонд болдог Struga Poetry Evenings хэмээх яруу найргийн их наадамд явсан тухай “Өдрийн сонин”-д тэмдэглэл нийтлүүлснийг хэлж байх шиг байна. Олон улсын шүлгийн тэмцээн гэж байхгүй шүү дээ. Янз янзын хэлтэй яруу найрагчид уралдаад, нэг нь түрүүлж байвал ёстой онигоо болох байлгүй.

Харин яруу найргийн их наадмууд энд тэнд олонтаа зохиогддог. Зэрэглэл зиндааны хувьд мэдээж янз бүр. Стругад болдог тэр наадмаас жил бүр нэг яруу найрагч “Алтан титэм” гэдэг шагнал гарддаг. Одэн, Нэруда, Бродский, Хини, Мёрвин гээд аугаа хүмүүст тэр шагналаа өгч байсан болохоор энэ наадам нэлээд дээгүүр түвшнийхэд тооцогдоно. Айовад зохиолчдын ямар нэгэн цугларалт болдог гэж зарим хүн ойлгосон юм шиг байна. Тэндхийн их сургууль орон орны мэргэжлийн зохиолчдыг хамруулдаг хөтөлбөртэй юм л даа. Дэлхий дээрх хамгийн олон зохиолч амьдардаг хот гэгддэг Айова-Ситийн орчин нь өөрөө их сайхан. Харин намайг жил бүр тийшээ очдог гэж чи хэнээс дуулав аа? (инээв)

Ер нь намайг ийш тийшээ явсныг хүмүүс ихэвчлэн аян замын тэмдэглэлээс маань мэддэг. Аян замын тэмдэглэл гэдэг бол сэтгүүл зүйн онцгой сайхан төрөл төдийгүй, уран зохиолын нэгэн өвөрмөц бичвэр юм. Дашрамд хэлэхэд намайг ийм маягаар гадаадын хөтөлбөрүүдэд оролцоод байхаар манай зохиолчид Аюур л ганцаараа зохиолчдын хорооны мөнгөөр зугаалаад байна гэж боддог бололтой юм билээ. Үнэндээ бол цаад газруудынх нь зардал, нэр заасан урилгаар явж байгаа. Зохиолчдын Хорооныхон ч энэ тухай сониноос л мэддэг.

-Шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ? Таатай биш байх гэж бодлоо. Яагаад гэвэл та яг жилийн өмнө өөрийгөө орчин үеийн шинэ сэтгэлгээний түвшинд бичиж байгаа хүмүүсээс хамгийн мундаг нь гэсэн байсан. Одоо энэ бодол чинь хэвээрээ юу?
-Өөрөөсөө доогуур хэмжээний хүмүүст шүүмжлүүлэхдээ хэн ч дуртай байдаггүй. Харин өөрөөсөө илүү хүний үгийг анхаарч сонсох л хэрэгтэй. Зарим хүн зүгээр л чулуу шидэхийн тулд уран зохиолыг бамбай болгон ашигладаг. Зарим нь ойлгох хэмжээ дутсандаа буруу бичдэг. Цөөхөн ч гэсэн зарим хүн юу мэдэрч ойлгосноо бичсэн байдаг. Үүнийг ялгаж салгахад хэцүү биш. Ер нь шүүмжлэл гэдэг бол жинхэнэ түвшиндээ маш чухал урлаг юм. Уран зохиол огт мэдэхгүй хүн мэддэг царайлаад цэцэрхэхийг шүүмж гэхгүй шүү дээ. Ухаан муутай хүн урагшгүй юм хийхийг алийг тэр гэх вэ. Тиймээс тоодог ч үгүй. Харин өөрийгөө хамгийн мундаг нь гэж хэлснээ даанч нэг санахгүй байх чинь. Зөвхөн үнэнийг ярьж, үнэнийг бичиж байх л сайхан, тийм биз? Сурвалжлагч хүний хувьд ч гэсэн анхаарал татсан яриа авахын тулд заавал этгээд, өдсөн асуулт тавих шаардлагагүй шүү дээ.

-Би нэгэн гадаад хэлний мэргэжилтэн хүнээс “Төрөлх хэлээрээ ярьж, бичиж байхдаа дунд нь гадаад үг хэрэглэх маш бүдүүлэг явдал” гэж сонссон юм. Таны зохиолууд дунд орос, англи шүлгийн мөр, ишлэл хааяагүй. Яагаад эдгээрийг хэрэглэдэг юм бэ?
-Хэл бол хүний сэрэл мэдрэмжээ илэрхийлэх багаж хэрэгсэл шүү дээ. Тэр сэрэл мэдрэмж хэр зэрэг хурц, гүн байгаагаас хэлний гоо зүйн цоо шинэ ойлголтууд төлөвшиж, яваандаа энэ нь уран бүтээлчийн дотоод ертөнц рүү уншигчийг хөтлөх зам болдог. Миний аль нэг баатар харь хэлээр ярих хэрэгтэй үед би орчуулж, амтыг нь сулруулаад яах юм бэ? Надад тийм эрх ч байхгүй. Товчхон хэлэхэд, хүн чамирхаж харь үг хавчуулан ярих, зохиолын дотор гадаад үгээр илэрхийлсэн хэсэг байх хоёр бол тэс ондоо ойлголтууд л даа.

-Та хэр эмзэг хүн бэ? Миний бодлоор та уран зохиол, уншигч хоёрын харилцаа, хамаарал, ойлголцлын сөрөг тал дээр их эмзэглэдэг юм шиг санагдсан. Номныхоо ард тайлбар бичээд л. Эсвэл энэ нь хүмүүс зохиолыг чинь уншаад ойлгохгүй байх вий гэсэн айдас уу?
-Номын арын тайлбар бол эмзэглэлтэй ямар ч хамаагүй. (инээв) Энэ бол Монголд анх удаа тайлбартайгаа гарсан роман. Зохиогчийн далд санааг ил болгох, нэгэн талдаа шинэ оролдлого гэх юм уу. Уншигч эхлээд өөрийнхөөрөө уншина. Дуусмагцаа зохиогчийн санааг уншина. Энэ нь сонирхолтой төдийгүй эцэстээ нэгэн цогц болдгоороо бас л уран зохиолд нэмэртэй зүйл. Зохиолч хүний ердийн л эрэл хайгуул.

-Орчуулгын зохиолууд олширч байна. Та ч гэсэн эхнэртэйгээ хамт орчуулдаг. Хэд хэдэн хэлний хөрвүүлэг дамжсан бүтээл орчуулахад утга санаанд нь өөрчлөлт орох эсвэл орчуулга чанаргүйдэх аюул бий болов уу? Манай хэлэнд гэхэд л яаж ч орчуулаад утга нь яг таг гардаггүй үгнүүд байдаг гэж дуулсан.
-Утга зохиолын орчуулагч хүн хоёр чухал чанарыг зайлшгүй эзэмшсэн баймаар. Нэгдүгээрт, уран зохиолыг мэдэрдэг, хоёрдугаарт эх хэлээрээ сайн найруулж бичдэг байх ёстой. Монгол хэлээ сайн мэдэхгүй нөхөд орчуулга хийдэг болсонд заримдаа харамсдаг. Хэл дамжуулахын хувьд бол, манайхан нэгэн үе ганцхан орос хэлээр дамжиж л дэлхийн утга зохиолын зах сэжүүрт хүрсэн шүү дээ.

Жишээлбэл, “Зуун жилийн ганцаардал” романыг Аким гуай испаниас биш оросоос орчуулсан. Сайхан л орчуулга байгаа биз дээ? Нөгөө асуултын хувьд бол, монгол хэлэнд орчуулж болохгүй, утга нь буухгүй үг гэж огт байхгүй. Буухгүй л байгаа бол орчуулагч молхи болоод тэр. Орчуулгын зохиолууд олширч байна гэж чи сая хэллээ. Үүнд муу юм байхгүй шүү дээ. Аль болох л олон ном орчуулагдаж, хүн төрөлхтөний оюун санааны сор шимээс Монголчууд хүртэж л байвал сайхан хэрэг.

-Монгол хэл мөхөж байгаа хэлний тоонд ороод байгаа. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах зүйл. Таны бодлоор эх хэлээ аварч үлдэхийн тулд хэн, юу хийвэл зохистой вэ?
-Хэлийг амьд байлгадаг ганцхан зүйл байдаг юм. Амьд, жинхэнэ түвшний уран зохиол. Хэл шинжлэлээр ч биш, хуулиар ч биш, хүн амын тоогоор ч биш, эдийн засгийн өсөлтөөр ч биш, амьд, сайн бичигдсэн номуудаар хэлний дархлааг бэхжүүлдэг. Хэлээ амьд хадгалах бас нэг чухал зүйл нь монголчуудын хувьд бичиг үсэг байж мэднэ. Өнөөдрийн хандлагаар бол, хэдэн том дарга уншиж чадахгүй болчихоос айсаар байгаад бид үндэсний бичгээ хэзээ ч сэргээхгүй сөнөөх нь шиг байна. Монгол түмний оюуны асар том соёл одоо арьсан урлал чимэглэдэг хээ төдий л үлдэх гээд байх шиг.

Явж явж монгол үндэсний бичиг үсгийг хадгалсан цорын ганц улс нь Хятад болох нь ээ. Өвөрмонголыг би хэлж байна. 4-5-р ангийн хүүхдүүдэд монгол бичгийн хичээл зааснаар тэр бичгийг авч үлдэхгүй. Түүгээр ном зохиол бичиж, хэвлэж, төрийн хэмжээнд албан ёсоор хэрэглээгүй цагт ч... Ээ дээ... Энэ миний санаа биш, олон сэхээтэн үүнийг мэдэрч байгаа. Гэтэл зарим эрдэмтэд латин үсэгт оръё ч гэнэ үү, элий балай юм яриад эхэлчихсэн, мөд хэрэгжүүлэх сураг дуулдаад байна.

Өөрийнхөө бичгийг үгүй хийж хаячихаад, одоо буцааж сэргээе гэхийнхээ оронд өөр нэг гаднын бичиг ахиад нэвтрүүлнэ гэдэг хаанаас явуулж байгаа хорлон сөнөөх бодлого юм бэ? Эцсийн дүндээ үндэстэн гэдэг ойлголт хэл, соёл хоёр дээрээ л тогтдог. Нүүдлийн соёлоо бид одоо устгаад барж байна. Ганцхан Улаанбаатарт л гэхэд уурхайчдад хөөгдөөд бэлчээргүй болсон малчид нүүж шаваад, энэ хонхорт 1.2 сая хүн шахалдаж сууна. Одоо тэгээд бичиг үсгээ латинчлаад... энэ янзаараа гурван үе өнгөрөхөд ханз үсэгт шилжих байлгүй.

-Хэлснийг сонсох, бичснийг уншихаас илүү илэрхийллийг үзэх нь сэтгэл хөдлөм байдаг. Тиймээс дэлгэцийн урлаг, тэр дундаа кино асар хүчтэй хөгжиж байна. Хэзээ, хэнд өгсөн ярилцлага гэдгийг тань санахгүй байна л даа. “Зарим киноноос уран, гоё санаа хараад атаархдаг” гэсэн байсан. Хамгийн дуртай кино чинь ямар кино вэ? Яагаад?
-Кино бол шинэ цагийн утга зохиолын нэг гол жанр, хамгийн нийлмэл постмодерн амьсгал нэвчсэн урлаг шүү. Даанч ганцхан манайд л огт хөгжихгүй юм. Хамгийн дуртай кино гэхээр яг тулгамдаад санаанд орохгүй байна аа. За тэгээд өчнөөн дөө, өчнөөн. “Загалмайлсан эцэг”, Бэргманы “Шивнээн, чарлаан”, “Америкт нэг удаа”, “Парадизо кинотеатр”, “Форрэст Гамп”... Оросын Бортко гэдэг найруулагч Достоевский, Булгаков зэрэг сонгодгуудын романуудыг яг бичигдсэн янзаар нь кино болгоод явна лээ. Заримаас нь үзсэн. Үнэхээр гоё байсан.

-Социалист нийгмийн үед та бараг хүүхдээрээ байжээ. Гэвч таны зарим зохиолд тэрхүү нийгмийн системийг ихэд буруутгасан өнгө аяс бүхий утга санаанууд гардаг. Юу тэгж бичихэд хүргэдэг юм бэ?
-Тэр үед л манай уран зохиолд гай тариад байгаа өнөөдрийн бүх төөрөгдөл, завхралын үр үндэс тавигдсан юм шүү дээ. Жирийн гуталчин, төлөвлөгөө нормоо биелүүлээд явдаг тээврийн жолооч, мөрөөрөө мал дагасан малчдад социализм сайхан нийгэм байсан байж магадгүй. Өөрийн гэсэн бодолтой сэхээтэн, тэр тусмаа уран бүтээлч хүнд бол маш халгаатай нийгэм байсан. Хүний бодох, сэтгэх эрх чөлөө хаалттай газар хөгжил гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Энэ нь жирийн хүмүүсийн нүдэнд тийм ч тод харагдахгүй байж болох зүйл л дээ.

-Таны бодлоор эрх чөлөө гэж юу вэ? “Илбэ зэрэглээ” романы чинь нэгэн баатар “Хэрвээ хүн гэдэг ганц нийгмийн амьтан юм бол би хүн байхаас татгалзаж байна” гэж хэлдэг. Зохиолоо бичсэн цаг хугацааны тань дарааллаар бол тийм байж таарахгүй боловч хийсвэрээр харвал магадгүй “Уулын монолог’’-т гардаг чонын амьдралаар амьдрагч хүн дээрхийг хэлсэн хүн мөн ч юм шиг.
-Өө, чи их гоёор харж. Үнэн. Энхбат хүн байхаас татгалзах нь нийгмийн нэгэн эрэг шураг байхаас дээр гэж бодсон ч, энэ санаагаа хэрэгжүүлээгүй. Яая гэхэв, амьдрал тийм л байдаг. Зөв юм бодлоо ч, бидний ихэнхийн маань хувьд буруу амьдрах нь илүү амар байдаг. Харин тэр “Уулын монолог”-т гардаг нөхөр тэгж чадсан. Тэгж чадсан нь надад таалагддаг, гэхдээ түүний зөв үү буруу юу, би дүгнэлт хэлж чадахгүй.

-“Миний бичснийг сайн ойлгодог хүн байгаа гэдэгт эргэлзэж байна” гэж хэлсэн байсан. Зохиолыг тань уншдаг хүмүүсийн дийлэнх нь сэтгэлдээ олон дурсамж хадгалж явдаг, аливааг үнэн голоосоо үзэн ядаж эсвэл хайрладаг, нэг бол хэт хайнга хүмүүс байгаа байх гэж би төсөөлдөг юм. Таны хувьд тэд хэн бэ? Та тэднээс юу мэдэрдэг вэ?
-Надад цөөн боловч жинхэнэ уншигчид бий гэдгийг олж мэдснээсээ хойш би маш аз жаргалтай хүн болсон. Үүнийг мэдэхээсээ өмнө би өөрийгөө яруу найрагч, зохиолч гэж нэрлэхээсээ санаа зовдог байлаа. Тэд яг ямаршуухан нийтлэг шинж төлвийн хүмүүс байгаа бол гэж би хэзээ ч бодож үзээгүй. Магадгүй, чиний хэлсэн шиг тийм л залуус номыг маань авдаг ч байж болох юм. Миний хувьд, тэд бол миний хамтран зүтгэгчид. Миний бичсэн бүхний эцсийн тусгал уншигчдын дотоод ертөнцөд л бий болно. Тэдэнд төрж байгаа бодлууд л уран зохиолын эцсийн үр дүн юм. Түүнээс биш, ном хэвлүүлэх юу юм бэ? Юу ч биш, тийм онцгой ч ажил биш.

-Үүнийг асуух юм сан гэж маш их хүсч байлаа. Тэгээд яг асуух гэснээ бас айчихлаа. Гэхдээ л асуух хэрэгтэй байна. Та С.Анудар гэж залууг мэднэ. Энэ хүний талаар мэддэгээ хуваалцаач. Гаргасан анталогт тань “Бүх юм” өгүүллэг нь орсон байсан. “4 биш 4” гэдэг ном танд бий юу?
-Байлгүй яахав. Тэр номыг хэвлүүлсэн даруйдаа л Ч.Мөнхбаяр надад бэлэглэсэн юм. “Бүх юм” бол сайн өгүүллэг шүү дээ. Би Анударыг зүс таних төдий л мэддэг байсан. “Сайн уу? Юу байна?”-аас хэтрэхгүй. Тэр надад өөрийгөө притчүүд бичдэг гэж танилцуулж байсан. Тэр притч гээд байсан зүйлсээс нь би хоёрыг сонгоод, “Билгүүн судар” гэдэг сонин байсан даа, тэнд гаргасан. Нэг нь л лав “Мууг хүссэнээр жаргал олдохгүй” гэдэг нэртэй байсныг санаж байна. Миний бодоход, цаана нь нэлээд олон тийм зохиол байсан болов уу. Амиа хорлосонд нь биш, харин түүнтэй дотно нөхөд яваагүйдээ харамсдаг.

-Үхлийн тухайд юу боддогоо хэлээч? Жам ёсны бус үхлийг (амиа хорлолтыг) хүмүүс муу ёр, айдас түгшүүр, тэвчишгүйгээс үүдсэн урвалт гэж боддог. Харин зарим тохиолдолд асар их зориг, итгэл үнэмшил, үзэл бодолдоо үнэнч байхын илрэл байдаг юм шиг? Дээрх хоёр асуултыг нийтлэхгүй гэж бодож байна.
-Яагаад нийтлэхгүй гэж? Сайн асуултууд байна шүү дээ. Амиа хорлох тухай бодож үзээгүй хүн ер нь байдаг юм уу? Хүн бүхэнд ойрхон, их чухал асуулт гэж бодож байна. Зүгээр, миний санахад, амиа хорлох бол хэтэрхий амархан. Шийдэж л чадвал, хэрэгжүүлэхэд хялбархан. Амьд явах чинь хамаагүй хэцүү шүү дээ. Насанд хүрсэн оюун ухаантай хүний хувьд хэцүүг нь сонгосон нь дээр.

-Таныг төрийн шагналд нэр дэвшүүлсэн гэж дуулсан. Шагнал магнал аваад чангарах нь ээ, та бүр.
-Аль ноднин нэр дэвшээд ашгүй унасан. Би шагнал бодож явдаг хүн биш. Тэр тусмаа маш олон муу зохиолч авчихсаны улмаас авах юмсан гэж хүсмээргүй болчихсон шагнал шүү дээ, тэр чинь.

-Та бичсэнээрээ мөнгө олдог уу?
-Олдог. Би өөр юугаар мөнгө олох юм бэ? Миний эхнэрийн номууд бас сайн зарагддаг. “Ганцаардлын дасгал” гэдэг шүлгийн ном нь ганцхан жилийн дотор 3000 ширхэг борлогдсон. Шүлгийн номын хувьд энэ бол их тоо. Гэхдээ бид хоёр одоо хангалттай гээд ахиж хэвлүүлээгүй.

-“Дурлалгүй ертөнцийн блюз” ээс чинь жинхэнэ дурлал гэж хаа ч байдаггүй гэсэн санаа цухалзаад байгаа юм шиг санагддаг. Гэхдээ энэ бол миний олдвор л доо. Яагаад ч юм та эхнэртээ жинхэнээсээ дурласан уу гэж асуумаар санагдчихлаа.
-Над шиг хүмүүс хэн нэгэн хүнд үнэн голоосоо л дурлахгүй бол бас тэгээд, тэр хүнгүйгээр амьдарч болмоор байвал, хэзээ ч гэрлэдэггүй юм. Пөөх, бараг л афоризм шиг хэлчихлээ. Над шиг хүмүүс гэж одоо юу гэж байгаа юм бэ, тээ? Ашиг харж биш, сэтгэл зүрхээ дагаж гэрлэдэг хүмүүс гэвэл илүү дээр ч юм уу? За тэр ч яахав. Би зүгээр л, аз болоход, жинхэнээсээ дурлаж үзсэн шүү л гэж хэлэх гэсэн юм.

-Гурамсан романаа төгсгөчихлөө гэж бодтол үгүй юм шиг юм хэлсэн байна билээ. Ямар нэг сэжүүр үлдээчихвэл үргэлжлүүлээд байж болдог юм аа даа. Эсвэл тэр нь “Амь тавьж буй шувууны далавч” байсан уу?
-Биш ээ, “Амь тавьж буй шувууны далавч” бол залуу насныхаа өмнө тавьсан өрөө дарсан явдал байсан юм. Би тэр бүх явдлыг яаж ийгээд нэг цэгцэлж бичих ёстой байлаа. Гурамсан мөчлөг романуудаа би дуусгасан. Он гаргаад энэ гурван романыг нийлүүлж ботилдог ч юм бил үү гэж бодож байгаа. Гэхдээ сүүлчийн “Цуурайнаас төрөгсөд”-тэй бага сага холбоотой бас нэг роман энэ өвөл бичих санаатай.

-Зохиолч хүн өглөө бүхэн сэрэхдээ зохиол бичих урам зоригтой сэрдэггүй л байх. Хаа нэгтээ “Одоо ингээд бичихээ больё” гэж шантарсан үе бий юу?
-Үгүй, надад өөр сонголт байгаагүй. Уран зохиолоос ангид амьдрая гэвэл болох байх л даа. Гэхдээ л чадахгүй.

-Мэдрэмж, эр зориг, итгэл үнэмшил гэсэн зүйлс зохиолч хүнд овог нэрнээс ч илүү хэрэгтэй юм болов уу гэж би боддог. Танд хэрэгтэй бүхэн тань бүгд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ энэ бүхэн гэв гэнэт алга болчих үе байдаг уу? Юу ч мэдрэхээ байгаад, юу ч бичмээргүй санагдвал та юу хийдэг вэ?
-Ном уншдаг. Би юу ч бичихгүй явж чадна. Харин юу ч уншихгүй явж яагаад ч тэсэхгүй. Энэ хорвоо дээр гайхамшигтай зохиолч түм бум байна. Тэд юу бичсэнийг, юу бичиж байгааг хайхардаггүй зохиолч гэж байх ёсгүй л дээ. Заримдаа би нэг ч хүнгүй, зэлүүд уулын аманд, дулаахан байшин барьчихаад, задгай галын гэрэлд ном уншихаас өөр юу ч хийлгүй амьдрах хувь заяа тохиодог ч болоосой гэж боддог. Юу ч бичилгүй, ердөө л ном уншаад. Зарим хайртай зохиолчдоо дахин дахин эргэж хараад л.

Г.Аюурзана: Хог шороогоор шуурсан, машин бөглөрсөн хотын амьдрал дунд ч даяанчлах боломж бий

Уг ярилцлагын хэсгээс орууллаа.
Бүрэн эхээр нь http://news.gogo.mn/r/70459 хаягаас уншаарай.


БИ ӨӨРИЙНХӨӨ НОМУУДЫГ ЯМАР Ч ОРНЫ ЯМАР Ч МУНДАГ ЗОХИОЛЧИД ҮЗҮҮЛЭХЭД НҮҮР УЛАЙХААРГҮЙ ГЭДГИЙГ МЭДНЭ


-“2x2=6 буюу суут жаран сэтгэгч”, “Дэлхийн утга зохиолын 85 сод туурвил” зэрэг олон орчуулгын номыг тань хүмүүс мэднэ. Та орчуулагч уу аль эсвэл зохиолч уу?
-Наад хоёр номыг чинь хоёуланг нь би олон янзын эх сурвалж цуглуулж, судалж, харьцуулж, өөрөө түүж сонгож байгаад, өөртөө таалагддаг сэтгэгчид, зохиолчдыг голлон барьж бичсэн юм. Баруунд иймэрхүү номыг non-fiction writing гэдэг. Бас Монтэнийн эссэнүүд, “Дэлхийн сонгомол яруу найраг” антолог, Фолкнерын “Өвгөд”, Борхэсийн “Хоёр хаан, хоёр хонгил” гээд цэвэр уран зохиолын орчуулга ч нэлээд хийсэн. Зохиолч хүн орчуулга хийх нь хэвийн, түгээмэл, зүй ёсны хэрэг. Жишээ нь чи Мураками гэдэг япон зохиолчийн тухай сонссон байх. Өнөөдрийн хамгийн алдартай романч. Тэр хүн Сэлинжер, Карвэр гээд л 20 гаруй номыг англиас япон руу орчуулсан байдаг. Набоков л гэхэд “Евгений Онегин”-ийг англи руу төгс орчуулсан гэж тооцогддог. Пушкин, Нацагдорж, Пауль Целан гээд л бүгд орчуулга хийдэг байсан шүү дээ. Чиний асуултын тухайд гэвэл би орчуулагч ч мөн, зохиолч ч мөн.

-Таныг зарим хүн зохиолч гэхээсээ илүүтэй орчуулагч гэж үздэг юм билээ. Тэр ч бүү хэл бичсэн зохиолыг тань үгүйсгэж гадны зохиолоос хуулсан мэтээр ярьж байхыг сонссон.
-Зарим хүн гэдэг нь хэн юм бол. “Аюурзана тэндээс ингээд ингээд хуулчихаж” гээд баримттай нотолгоотой бичээд, нэр овгоо доор нь тавьчихсан нэг ч хүнийг би мэдэхгүй. Яагаад ч юм нууцхан өширхөөд, элдэв гүтгэлэг тараагаад явдаг ердөө таван л хүн бий. Өөрсдөө нэг ном байтугай нэг өгүүллэг ч орчуулж үзээгүй, орчуулж чадах ч үгүй, ганц роман бичиж үзээгүй тийм л нөхдийн тараадаг яриа. Манай уран зохиолынхон маш залхуу, бүтээлч биш. Учраа олохоо больчихсон, юу бичихээ ч мэдэхээ байчихсан олон хүнийг би мэднэ. Тийм хүмүүс намайг ойр ойрхон ном гаргаад байхаар их л сэжиглэнгүй ханддаг юм. “Энэ яагаад ийм хурдан дараагийн номоо гаргачихав, яг л нэг газраас хуссан байж таарна” гэж боддог шиг байгаа юм. Би олон оронд, уран зохиолын арга хэмжээн дээр шүлэг болон зохиолоосоо уншиж, орчуулгын workshop-д хэлэлцүүлж байсан. Хууллаа гэхэд дор нь л баригдана ш дээ. Зарим хүн мэдээжийн юмыг олж хардаггүй, элдэв ярианд дүгнэлт хийх чадваргүй байдаг. Ер нь тэгээд маш тодорхой зүйлийг олж харж чадахгүй байна аа гэдэг бол боловсрол муутай нь л холбоотой.

-Ахмад зохиолчдынхоо хийсэнд сэтгэл дундуур байж, шүүмжлэл тэй ханддагт зарим зохиолч, шүүмжлэгчид дургүй байдаг юм билээ?
-Хийсэн зүйлд нь би сэтгэл дундуур байдаг юм биш ээ. Харин юу ч хийгээгүйд нь л гонсойж явдаг.

-Тэгвэл та өөрийгөө хэр зохиолч гэж үнэлэх үү?

-Хэрэв би өөрийгөө авьяасгүй, тааруухан зохиолч гэж боддог байсан бол, хэзээ ч бичсэн зүйлээ хэвлүүлэхгүй байсан. Эсвэл, муу зохиолчдыг муу зохиолч гэж огт хэлэхгүй, авьяасгүй мөртлөө зальхай амьтад уран зохиолыг гутааж завшаан хайж яваад нь дургүйцэхгүй, ердийн арилжааны юмс биччихээд түүнийгээ үхэн хатан рекламдаж, бүх хүний аргыг олох гэж гүйх байсан. Тэгээд чадалтай чадалгүй үй олон найзын дунд хөвж явах байсан биз. Ер нь манай ихэнх зохиолч өөрийгөө худлаа ч хамаагүй магтуулахын тулд л, үгүй ядахнаа шүүмжлүүлчихгүйн тулд бусадтай гэмгүй явахыг оролддог. Надад бол тэгэх шаардлага байхгүй. Би өөрийнхөө номуудыг ямар ч орны ямар ч мундаг зохиолчид үзүүлэхэд нүүр улайхааргүй гэдгийг мэднэ.

-Үлгэр жишээ авч хамгийн ихээр шүтэн биширдэг ямар зохиолч байдаг вэ. Хэзээ ч уншаад уйдамгүй зохиол гэвэл?

-Монтэнь, Фолкнер, Борхэс гээд зөндөө дөө. Гайхамшигтай, уншсаар байгаад бүр дотно нөхөд шиг санагдах болчихсон яруу найрагчид ч байна. Ер нь би шүлэг уншихаас хэзээ ч уйддаггүй. Хэзээ ч дахин уншихад бэлэн ном бол Прүстийн “Алдагдсан цагийн эрэлд”. Би заримдаа өөрийгөө хамгийн их аз жаргалтай байгаагаар төсөөлөхдөө зуслангийнхаа байшинд гал түлчихээд, дээл нөмрөөд, Прүстийг уншихаас өөр ажилгүй хүн болчихлоо гэж мөрөөддөг.

-Таны өөрийн бичсэн зохиол бүтээлээс хамгийн сайн болсон хэмээн олзуурхаж “тоодог” нь?

-Шүлгүүддээ хамгийн их хайртай. “Амь тавьж буй шувууны далавч”-ийн зарим хэсэг, бас “Арван зүүдний өр” их гайгүй болсон санагддаг. Сая гарсан “Бөөгийн домог” романаа сайн боллоо гэж бодож байна.

-“Арван зүүдний өр” содон шийдэлтэй, сонирхолтой зохиол шиг санагдсан. Тэрхүү зохиолд гардаг баатар шиг энэ номоо арай зүүднээсээ сэдэвлэж бичсэн юм биш биз дээ. Зарим суутан агуу бүтээлээ зүүдэндээ харсан гэлцдэг.
-Хачин этгээд гар бичмэлийн төлөө миний баатрын төлсөн тэр арван зүүд бол арвуулаа надад жинхэнээсээ зүүдлэгдсэн. Тэр номын тухай Петербургт эрдэм шинжилгээний хурал зохиогдсоны дараа орчуулаач гэж тэндхийн нэг судлаач санал тавьсан юм. Тэгээд би өөрөө орчуулж, зарим бүлгийг нь найз Чинбаяртаа даалгаж, дараа нь надтай Горькийд хамт сурч байсан найз Андрей маань редакторласан. Одоо хэвлэгдэж байгаа. Хэвлэх гэж байгаа хүн нь над руу утасдаад “Энэ зүүднүүдийг яаж зохиосон юм бэ?” гэж асуухад нь би “Зүгээр л надад өөрт зүүдлэгдсэн юм” гэж үнэнээ л хэлсэн.

Утга зохиолын орчуулгын ур чадвар ба чанар

Утга зохиолын орчуулгын ур чадвар ба чанар

Монголын утга зохиол дэлхийд хэр танигдсан бэ? Дэлхийд таниулах гол гарц нь болох орчуулга хэр хөгжиж ирэв, мөн хэр хөгжиж байна вэ? Эрт үеэс бичгийн эрдэмд нэвтэрхий монгол эрдэмтэн мэргэдийн хичээл зүтгэлээр нанхиад, манж, түвэд, энэтхэг зэрэг голчлон Ази дахины хэлнээ, хожим орос, улмаар дам дамжин бусад “соц” орнуудын хэлнээ орчуулагдсан ихэвчлэн яруу найраг, шүлэг зохиол зонхилох цөөн хэдэн бүтээл, ном эмхэтгэлийг нэг бүрчлэн дурдаад ч түүхэн хөгжилтэй нь харьцуулахад төдийлөн урт жагсаалт гарахгүй. Харин нэгэн хэсэг бүр орхигдон мартагдсан энэ асуудал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, нэг үеэ бодвол Монголын утга зохиолыг гадаад хэлнээ, ялангуяа англи хэлнээ орчуулан буулгах, хэвлэн нийтлүүлэх, түгээн сурталчилах ажил идэвхитэй өрнөж байна.

Сүүлийн хэдхэн жилд Монголын Зохиолчдын Эвлэлээс эрхлэн хэвлэсэн “Монголын Шилдэг Уран Зохиол” орчуулгын түүвэр эмхэтгэл, Монголын Соёл Яруу найргийн Академийн эрхлэн гаргадаг улирал тутмын “ГУНУ” сэтгүүл болон Дэлхийн Яруу Найрагчдын 26-р Их Хурлыг угтан гаргасан Монголын яруу найраг, уран зохиолын 20 гаруй түүвэр эмхэтгэлүүд зэрэг харьцангуй олон орчуулгын бүтээлүүд хэвлэгдэн гарчээ. Мөн зохиолч, яруу найрагчдын зохиол бүтээлээ гадаад хэлнээ хөрвүүлэх, олон улсад сурталчлах идэвхи сонирхол нэмэгдэж, гадаадын утга зохиолын мэргэжилтэн, орчуулагч нар Монгол хэлийг судлах, Монголын уран зохиолыг орчуулах, зохиолч, яруу найрагчидтай хамтран ажиллах явдал харьцангуй өргөжиж байгаа юм.

Мэдээлэл технологийн хурдацтай хөгжлийн дүнд орон зай, цаг хугацааны хил хязгаар улам бүр алга болж байгаа даяарчлалын өнөө үед Монголын утга зохиолыг дэлхий дахинд таниулах, олон улсын түвшинд холбоо харилцаа тогтоох, хамтран ажиллах, түгээн сурталчилах гарц нь нээлттэй, харьцангуй хялбар асуудал болж байгаа мэт боловч нөгөө талаар орчуулагчийн ур чадвар, орчуулгын чанарын тухай анхаарах нь зайлшгүй асуудал болжээ.

Эдүгээ хэвлэгдэн гарч буй монголын уран зохиолын орчуулгын зонхилох хэсгийг Монголын Соёл Яруу Найргийн Академиас эрхлэн гаргаж, орчуулгыг английн орчуулагч Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан С.Смит хариуцан гүйцэтгэж буй. Олон улсын орчуулгын “Пен” шагналт орчуулагч Саймон Смит нь Лондон хотын Кинг коллежийг герман хэл судлал ба дундад зууны уран зохиолоор мэргэшин англи хэл, уран зохиолын чиглэлээр бакалавр зэрэгтэй төгсчээ. Тэрбээр анх Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн зохиол бүтээлийн бүрэн эмхэтгэлийг англи хэлнээ орчуулан хэвлүүлснийхээ дараа (хэдийд нь монгол хэлийг сурсан юм бол доо?!) Монголын Соёл Яруу Найргийн Академиас эрхлэн гаргасан яруу найраг, үргэлжилсэн үгийн 10 гаруй эмхэтгэлүүдийг эрхлэн орчуулж Монголын утга зохиолыг олон улсад сурталчилахад ихээхэн хувь нэмэр оруулж буй. Эдүгээ тэрбээр АНУ-ын Вашингтон хот дахь Төв Азийн Утга Зохиол Орчуулга Судлалын Төв болон “Орчуулга.мн” зэрэг газруудтай хамтран ажилладаг бөгөөд МСЯНА-ийн Монголын уран зохиолыг англи хэлнээ орчуулан олон улсын хэмжээнд сурталчилах төсөлд орчуулагчаар ажилладаг.

Гэвч Монголын утга зохиолыг дэлхийд таниулах (ингэж хэлэхэд танилын нүүр халуун ч...) бараг л “ганц” гарц болж хувираад буй “Монголын утга зохиолын элчин сайд” энэ орчуулагчийн ажлууд Монголын утга зохиолыг жинхэнэ өнгө төрхөөр нь дэлхийд таниулж чадах чадал чансааны ажлууд мөн үү? Утга зохиолын орчуулгын шүүмж судлалыг хөгжүүлэх талаар шийдвэртэй алхам хийж, зоригтой дуугарах цаг хэдийнээ болсон мэт.

Энэ удаад Монголын үргэлжилсэн үгийн зохиолын англи хэлнээ орчуулагдсан байдал, орчуулгын чанарыг хөндөж, зохиолч Д.Намсрайн “Жамухын өчил” хэмээх богино хэдий ч маш сайн өгүүллэгийн орчуулгаар жишээ авлаа. (Энэ өгүүллэгийн орчуулсан эх нь Вашингтон хот дахь Төв Азийн Утга Зохиол Орчуулга Судлалын Төвийн http://depts.washington.edu/ccalt вэб хуудсанд Саймоны бусад орчуулгуудын хамт бий. Мөн энэ өгүүллэг нь 2008 онд БСШУЯамны Соёлын Сангийн санхүүжилтээр эмхэтгэн гаргасан ‘An Anthology of Mongolian Literature’ эмхэтгэлд багтсан болно.)

Өгүүллэгийн орчуулгыг бүхэлд нь уншихад өгүүлбэр бүрт (бүр заавал шүү!!!) тохиолдох утгын болон найруулгын алдаанаас үүдэн зохиолын үндсэн санаа, ерөнхий агуулга нь бүхэл болон зангилагдаж чадаагүй, зохиолын утга уянга, бичлэгийн онцлог, хэллэг найруулга ор тас алдагдсан байх бөгөөд “Чингис хаан бүх овог аймгийг ялмагцаа Жамухтай нөхөрлөж буй мэт дүр эсгэн ордондоо авчруулах ба улмаар Жамухаар (өөрөөр нь) цаазаар авахуулах хүсэлт (орчуулгын дагуу бол Жамух ёстой “хүсэлт” гаргадаг) гаргуулж, эцэст нь зальжин нулимс унаган хурдхан!!! шиг Жамухыг цаазал хэмээн зарлиглаж (замаасаа зайлуулж) байна” хэмээн ойлгогдох утга агуулгатайгаар орчуулагдсан байх юм. (Эх зохиол болон орчуулгын Монгол хэлнээ буулгасан хадмалыг харьцуулан үзээрэй)
Тал нутгийн хатуу хууль, Монгол эрсийн үнэнч шийдэмгий зан чанар, нөхөрлөл, хагацал хийгээд эртний монголчуудын эрхэм ёс заншлыг тод томруунаар гайхалтай дүрслэн гаргасан энэ зохиолыг ингэж гутааж болшгүй. Орчуулга гэдэг онолын хувьд ч, практикийн хувьд ч “тухайн эх хэл дээрх утгыг зөв зүйтэй, уншихад ойлгомжтой, тухайн зохиолын хэллэг бичлэгийн онцлогийг хадгалсан” байх ёстой. Үүний тулд тухайн хэлний бүтэц, дүрэм зүй, соёлын онцлогийг судалж мэдсэний үндсэн дээр утгыг зөв тодорхойлж, хоёрдогч хэл дээр аль болох язгуур байдлыг хадгалсан байдлаар хөрвүүлэн буулгах нь орчуулагчийн баримтлах үндсэн зарчим мөн.1
Өгүүллэгийн эхний хоёрхон өгүүлбэр зохиолын утга уянгыг хөтлөн, өрнөлийг залах хөтөч болж байх атал орчуулга нь нэг л биш ээ!
“Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр өнөөдөр талын болжмор жиргэж, эх нутгийн ноён салхинаа гудайсан хялганы толгой гашуудалтайяа бөхөлзөнө” гэсэн өгүүлбэрийг “Taлд найман зууны өмнө оршуулсан Жамухын цогцос дээгүүр нэгэн болжмор дуулж, энэ бүс нутгийн салхинд үлээгдсэн хялгана гашуунаар дохилзоно” хэмээн орчуулжээ.
(On the steppe a lark is singing over Jamuh's body, laid to rest eight centuries ago, and the feathergrass, blown about this region by the winds, bitterly nods its head.)

Найман зууны өмнө оршуулсан гэж зохиол дээр үнэхээр хэлдэг боловч энд шууд утгаараа энгийн ярианы ‘body’ буюу цогцос гэдэг үгийг ашиглах нь зохисгүй мэт. Шарил гэдэг нь монголчуудын хувьд хүндэтгэл цээрийн утгатай үг учир хааны булш бунхан, цогцос байгаа гэдгийг өгүүллэгийн эхэнд ялангуяа англи хэлтэн уншигчдад тодруулахын тулд ‘eight centuries-old tomb of Jamuha’ гэх мэтээр илэрхийлбэл илүү нийцэх мэт. Мөн “... lark is singing” гэснийг “болжмор жиргэж” гэж орчуулж болох боловч зохиол нь гунигт түүхийг өгүүлж байгаа учраас энд “sing” буюу махчилбал – дуулах гэдэг үгийг хэрэглэхээсээ жинхэнэ утгаараа жиргэх гэсэн утгатай –chirp гэдэг үгийг ашиглах нь илүү зохистой.

“Тэр газрын цээжийг аниртан чагнаваас монгол эрсийн нөхөрлөл, гунигт хагацлын тухай эмгэнэлт түүх өгүүлнэ” гэснийг “There's a story about the friendship and sad parting of Mongolian men which forcefully expresses the very heart of this land” буюу “Энэ орны жинхэнэ мөн чанарыг хүчирхэгээр илтгэх Монгол эрсийн нөхөрлөл, гунигт хагацлын тухай түүх бий” гэсэн нь газрын цээж түүх өгүүлээд байгаа бус харин нөхөрлөл, хагацал нь энэ нутгийн мөн чанарыг илтгээд байгаа мэт болжээ. Ингэхэд эрчүүд нь нөхөрлөөд л, хагацаад л, эвлэрээд л, дайтаад байдаг нь монгол нутгийн жинхэнэ мөн чанар юм байх гэж ойлгомоор. Тэгээд энэ өгүүллэгийн санаатай давхцуулж ойлговол Монголын тухай өөдтэй төсөөлөл харагдахгүй нь бололтой. Энэ мэтчилэн энэ өгүүлбэрт жишээ татаж (өөлж биш шүү) болох утга, үг найруулгын алдаа олон бий. Тэгээд нөгөө яруу сайхан өгүүлэмж, утга уянга хаана байна вэ?

Эх монгол зохиолыг дутуу мөхөс ойлгоод, “модон” гэх үү “махчилсан” гэх үү, үгсээр гөрдөж, утгыг гажуудуулсан дутуу дулимаг ажил болохыг та олон жишээн дээр харна. Уран зохиолыг, ялангуяа яруу найргийг орчуулна гэж байдаггүй гэж үзэх нь бий ч ядаж үргэлжилсэн үгийн зохиол нь огт орчуулагдахааргүй тийм хэцүү зүйл биш ээ. Нүүдлийн соёл иргэншлийг өрний сэтгэлгээнд буулгах боломж хомс гэвч тайлбар зүүлттэй орчуулж, утгыг ухуулах эртний уламжлал, арвин туршлага Монголын утга зохиолын түүхэнд уг нь бий юм сан.

Зүй нь эхний энэ 2 өгүүлбэрийг “On the eight centuries old tomb of Jamuha, today a little lark of the steppe chirps and the grass heads bow as if mourning by the king wind of motherland. Listening to the deep heart of the ground, it speaks of the tragic story of loyal friendship of ancient Mongolian men and their sorrowful parting” гээд орчуулчихад англи хэлнээ “газрын цээж”, “эх нутаг” гэдэг хоршоо үг, хэвшмэл хэллэг байхгүй ч агуулга нь маш ойлгомжтой болох төдийгүй зохиолын үг хэллэг, санаа, утга уянга хадгалагдан үлдэнэ. Орчуулагч хүн гэдэг уран сайхны орчуулгыг хийхдээ үг төдийгүй ...найруулгын онцлог, уран хэл, сэтгэлийг хөдөлгөх чадлыг бүрнээр хэрэглэж... (Ц.Дамдинсүрэн), хэлбэр, агуулга, уянга гурвыг төгс хослуулахыг хамгийн чухлаар эрмэлзэх ёстой байдаг билээ. Эл орчуулгын өгүүлбэр бүрт үгийн утгыг гажуудуулсан, үг буруу сонгосон, “хэтрүүлэн” орчуулсан буюу бүр өгүүллэгийн өрнөлийг буруу тийш эргүүлсэн маш олон алдаа бий ч нэг бүрчлэн үл нуршиж, хэдэн жишээ татъя.

Жамухын нөхөддөө баригдаж ирэхэд, Чингис хаан богд эзэндээ халдсан боолуудыг цаазалдаг хэсгийг орчуулахдаа англи хэлнээ:
Чингис Жамухтай нөхөрлөлийн гэрээ (?) хийгээд ордондоо авчруулах ба Чингисийн эсрэг боссон овог аймгуудыг (бараг л Жамухыг айлган сүрдүүлэх маягаар нүдний нь өмнө) цаазалж дуусгаад дараах өршөөлийн үгийг хэлэн Жамухыг суллав:
"Анд минь, бид энх амгалан байдлыг олонтаа эвдэн үймээн дажин дэгдээсэн боловч одоо өөрчлөлт хийе. Бид үүрд хамтран ажиллах ёстой, дотно нөхөрлөлөө батал” гэжээ.
(Chinggis Haan made a pact of friendship with Jamuh and had him brought to his palace. Until the grass turned to brown he destroyed the vassal states which had moved against his power, and released Jamuh with the following words of forgiveness: "My dear friend, though we have many times shattered peace into chaos, let us now make amends. Please confirm our close friendship, that we shall forever work together)

Уг нь эх зохиол дээрээ “эв эе эвдрэлцэж олонтаа будилсан ч амийг чинь өршөөе, эгнэгт нөхөрлөлөө бататгая” гэдэг сэн. Эв эеэ эвдрэлцсэн гэдгийг андгай тангаргаа эвдрэлцэж байлаа гэсэн санаагаар хэлсэн болохоос биш тэр хоёр хамтдаа дахин ахин дажин дэгдээгээд байсан гэсэн үг биш сэн. Эсвэл ядаж ‘our peace’ гэсэн бол андгайн тухай санаа нь тодорхой гарах байв. Тэгээд ч уран сайхны, ялангуяа ийм утга уянгын зохиолын орчуулгад гэхээсээ албан газрын бичиг хэрэгт л “энх тайван, нөхөрлөлийн гэрээ, дараах, хамтран ажиллах, өөрчлөлт оруулах, батлах” гэдэг үгсийг түлхүү хэрэглэдэг баймаар. Эх зохиолын хувьд хоёр хаан бус андгай тангараг өргөн нөхөрлөсөн хоёр андын хувиар амьдрал үхлийг шийдэх чин үгсийг хоёр биедээ өчин хэлэлцэж байгаа атал харин орчуулагч маань хоёр хаан өөд өөдөөсөө харж суугаад харилцан хэлэлцээр хийж байна гэж ойлгон эдгээр үгсийг сонгон ийн орчуулсан бололтой.

Улмаар зохиолд “нас сүүдэр ид дундаа, төрсөн биеийн хүч чадал төгөлдөржсөн хаан Жамух”-ын омог төгөлдөр авч өөрийн үйлд гэмшин хэлэх өчил үг нь орчуулгын ид шидээр Чингис хаан руу дайран бухсан үг болон хувирч, Жамухын хүч чадал ч гэнэт Чингис хаанд шилжчих юм. Жамухыг нас сүүдэр ид дундаа бус “идэр залуу”, харин Чингис хааныг “төрөлх чадавхиа бүрнээ мэдэрсэн” болгож орчуулахдаа Смит үнэхээр Чингис хааныг Жамухад насаар ч, хүчээр ч илүүрхэн хандаад байна гэж ухсан бололтой.

Эх зохиолд Жамух Чингис хаанд “Өндөр дээд хаан суудалдаа заларч өрлөг жанжны чинь тоо бүрэн байхад би илүүдэх биз ээ” гэж хэлдэг атал мөнөөх орчуулгад Жамуха өчлөө “Хүндэт хаан минь” гэж эхэлмэгцээ шууд “би бол хаан ширээндээ буцаан өргөмжлөгдсөн хаан” хэмээн Чингис хааны сэнтийд залраад, “надад хэтэрхий олон өрлөг жанжид байна” хэмээн баатруудыг нь булаагаад, гэнэт эргэж буцан “чамд зай гаргаж (тавьж) өгье” хэмээн эвлэрнэ.
(But Jamuh was full of youth, and he offered to the haan, who had fully realised the abilities with which he had been born, the following reply:
"Today, esteemed haan, my dear friend, I am restored to my throne, and I have too many generals. I shall make room for you...)

Тэгснээ Жамух “ямар гээч зайран үйлийн үрийн салхинд хөөгдсөнийг хэн мэдэх вэ?” гэж хадуурч, төдөлгүй “нэгэнт чи далд санаа агуулж, андгайгаасаа буцсан учир хувь тавилан чамд хариуг чинь өгнө дөө” хэмээн Чингис хааныг буруутган занах юм.
(...Who knows what kind of holy shaman has been blown by the gentle wind of karma?...Because, once you have reneged upon the oath, into which you are entering with hidden thoughts, such things will be even more focussed upon destiny…).

Уг нь эх зохиолдоо бол “Үйлийн хонгор салхийг минь ямар тэнгэрийн зайран бөө хөөрөгдсөнийг бүү мэд. Атгаг санаат эмийн үгэнд орж андгай тангарагаа няцсан цагаас хойш тавилан заяаны хувь зэрэгт улам бүр шахагдсаар хаан анд чиний өмнө хүрч ирлээ” гэж хэлдэг атал орчуулагч маань Чингис хааныг андгайгаа эвдсэн хариугаа хүртэх учиртай далд муу санаатан төдийгүй атгаг санаат эм болгон төрөл арилжуулаадахжээ. Мөн Жамух “би өөрийн хүчиндээ найдах юм бол…чи ч миний зааврыг дагахгүй” гэх ухааны юм ярьснаа удалгүй ахин самуурах мэт “чи бол ариун бөө“ хэмээн Чингис хааныг “хувилгана”...
(If I think to count upon my own strength to take part in many battles, And nor can you bear to come under my instruction, You are a holy shaman...)

Эдгээр жишээгээр орчуулга хийхийн тулд Монгол хэлний бүх үгийг мэддэг байх ёстой гэж гоочлох гэсэнгүй, харин монгол үгийг мэдэхгүй байлаа гэхэд муйхарлан гөрдөх бус, ядаж монгол-англи хэлний толь ашиглаж болмоор сон. Бас монгол хэлний өгүүлбэрийн бүтэц, найруулгын онцлогийг мэдэж ойлгодог болчихоод, орчуулгаа жаахан няхуур нямбай, тогтож хийсэн сэн бол арай ч ийм түвшинд орчуулахгүй байв. Ер нь энэ зохиолыг орчуулахдаа эрхэм орчуулагч хэдэн удаа уншсан бол гэмээр?!.

Жамухын өчил цааш үргэлжлэх тусам үгс, хэлж байгаа санаа нь улам авцалдаагүй болох нь Чингис хаанаас сүрдсэндээ ухаан санаа нь орж гараад, яриа нь ээрч муураад байна уу гэсэн бодол уншигчдад төрөх вий гэхээс яс хавталзмаар. Жамух цааш “Чамд өнө үүрд итгэгдэх ийм замыг сонголоо” хэмээн өчдөгийг “өнө эртнээс итгэгдсэн найдвартай энэ замыг би сонголоо” гэх утга авцалдаа тааруухан өгүүлбэр болгон орчуулсны дээр “Тэнгэрт ганц нар, Дэлүүн болдогийг гийгүүлэх ганц сар байг” гэдгийг “Дэлүү ихтийг номхотгох ганц сар байг” гэжээ. Дэлүүн болдог хэмээх түүхт газрын нэрийг мэдэхгүй байж Чингис хааны тухай зохиолыг орчуулахаар зориглодог нь ихээхэн бөх зүрхтэй хүний шинж биз. “Дэлүү” гэдэг үгийг толь бичгээс харсан бололтой, “splenetic” буюу дэлүү ихт, монголоор цөс ихт гэдэгтэй дүйцүүлж болмоор, их ойворгон самуун, ааш муут гэсэн утгатай хоёрын хоёр үгээр орчуулсан нь “гийгүүлэх” гэдгийг “номхотгох” болгож давхар гөрдөхөд хүргэсэн хүчээр хөрвүүлсэн үйлдэл болжээ.Тэгээд ер нь тэр ганц сар нь яаж дэлүү ихт, ааш муутыг номхотгодог юм бол доо?!
(For you have I chosen the way which was relied upon in ancient times... And may there be only one moon to pacify the ill-tempered and splenetic!)

Улмаар Жамух нэгэнт “ганц нарны дор оршиж чадахгүйн учир хоёр агуу хаан, хоёр агуу Монгол эрийн хуулиар энэ нөхцөл байдлыг нэгтгэе” (For this reason, may the law of two great haans, two great heroes, and two great Mongol men unify the situation) гэж хэлж байгаа нь орчуулагч Монгол хэлний “нэг тийш болгоё” гэснийг мөн л буруу ухаж, “нэгтгэх” гэж ойлгосных. Жамух анддаа “I shall make of myself your footstool” буюу “би чиний өлмийн тавиур нь болъё” гэж амлах нь түүний эх зохиол дээрх “өлмий, өвдөг дор чинь өөрийн биеэ ивье” гэсэн далд утгатай санааг мушгин Жамухыг нэг үгээр хэлбэл footstool буюу хөлийн гишгүүр хэмээх эд зүйл болгон хувиргаж, Чингис хааныг андгай өргөсөн андынхаа дээр гишгэсэн “хүнээ байсан” ёс суртахуунгүй хүн мэтээр дүрсэлсэн болхидуухан хөрвүүлэг болж.

Есөн хөлт цагаан тугийг “есөн сүүлтэй цагаан туг” (the nine-tailed white banner) болгосон нь “хөл” гэдэг үгийг “сүүл” хэмээн толь бичгээс андуу харсных уу, эсхүл есөн хөхөл нь сүүл шиг харагдсан юм болов уу гэж гайхмаар. Уг нь энэ үг наад захын жуулчны халаасан дахь Монголын тухай танилцуулгад тогтсон англи хэллэгээрээ бий дээ. Эсвэл гадныхан манай есөн цагаан сүлдийг сүүлээр хийсэн гэж, бас биднийг сүүлэн тугтай гэж доромжилдог юм болов уу? Мөн Жамухын “Хүчирхэг гүрэн өнө мөнх оршихыг бэлгэдэж хаан биеэрээ туг сүлдийг чинь тахия! Эзэнт улсын чинь төлөө миний өргөх өчүүхэн энэ хувь багадах учиргүйг тэнгэр мэднэ” гэсэн өчлийг “Чиний эрхэмсэг улс орны төлөө миний өчүүхэн тавилан хамааралгүй гэдгийг Тэнгэр мэднэ” гэж буулгасан нь “хувь нэмэр” гэсэн санааг “хувь тавилан” болгож андуу ойлгосных. Уг нь “багадах” гэдэг үг “хамааралгүй” гэдэг үгтэй харин ч хамааралгүй баймаар сан. .
(Heaven knows that, for the sake of your noble land, this little destiny of mine is irrelevant!)

“Харь дайсан хатгалдахыг санаархвал Монгол цэргийн тахир сэлмээр дэлхийн дайдыг нумлан хэмжигтүн!“ гэснийг “Хэрэв чи гадны дайсныг довтолъё гэвэл” гэж Чингис хаан аливаа дайныг эхэлж өөрөө сэдэж, (энх тайвныг эвддэгийг нь баталсан) өдөөн хатгадаг байсан мэт болгосон эндүүрэл ч байна.
(If you intend to pierce the foreign enemy, please measure around the wide world with the curved blade of the Mongol army! Please notice from where the sun rises in the east! Please know of where the sun sets in the west!)

Мөн “Их төр, эзэнт гүрний хэргийг эмсийнхээ үгтэй хутгалдан зөвшигч надаар төгсгөл болог! Энэ мөчөөс хойш хаан Жамухын алдар урван тэрслэгч хэнийг ч болов төрийн цээрлэл цааз үл тойрохын хууль болог!” гэснийг “Агуу улс, эрхэмсэг хүмүүсийн тухай чиний үгсийг би бодож биелүүлж болгоох болтугай! Энэ мөчөөс эхлэн Жамух хааны нэрийг гутаасан хүн гэсгээлээс зайлахгүй нь хууль болог!” гэж орчуулсан нь Жамух өөрөө Чингис хаанд хэлмэгдсэн, нэр алдар нь цэвэр хүн гэдгийг баталсан мэт болсон төдийгүй “өшөө хорсол буцалсан хамгийн бэрх цагт ч Өүлэн эхийн сүү цусгүй байсныг санаж” гэдгийг “...хамгийн бэрх цагт ч чиний ээж Өүлэний цус болоод сүү нь надад байгаагүйг бодож” хэмээн хөрвүүлсэн нь үнэндээ дуугүй өнгөрч болшгүй орчуулгын алдаа юм.
(And may I consider your healing words about the state of the great state and the noble people, and fulfill them! From this moment forth, may it be law that anyone who betrays the name of Jamuh Haan will not avoid punishment! ... thinking that I have neither the blood not the milk of your mother Oulen...)

Зохиолын төгсгөл хэсэг дэх Чингис хааны зарлиг уг өгүүллэгийн оргил болох ёстой атал орчуулга дээрээ харин зохиолын өрнөл дунд орчуулагчийн далд совингоороо гэнэ гэнэ илрүүлээд, цухас хэлээд байсан Чингис хааны далд санааны тайлал болж хувирна. Эх зохиол дээрээ “Ийнхүү айлдан эргэхэд Чингис хааны ов товхон буурал суусан армаг тармаг сахал дээр нулимсан дусал гялтганав” гэж байдаг атал “туг буурал сахал дээр зальжин овт нулимс гялтганав” хэмээн орчуулсан нь “ов тов” гэдгийг “ов мэх, заль” гэж эндүү ухаарснаас болсон нь гарцаагүй. Энэ нь үнэхээр орчуулагчийн зохиолын ерөнхий санааг буруугаар ойлгосныг нь улам баталсан тайлал үг болсон бололтой. Орчуулган дээр ийнхүү хааны заавар (уг нь англи хэлэнд ‘decree’ буюу зарлиг гэдэг үг байдаг сан) хууль тул биелэгдэж, зохиол “бүс нутгийн эрхэмсэг салхи нөхөрлөлийн тухай үгийг олж урагш илгээхээр хялганыг хайн Жамухын цогцос дээгүүр гунигтайяа хэсүүчилж” байгаагаар төгсөнө.
(As he issued this decree, Chinggis Haan's cunning glittered teardrops in his wispy grey beard. The haan's instruction was law, it was in keeping with the will of Eternal Heaven...
Eight centuries later, the noble wind of this region is wandering sadly above the body of Jamuh, searching the feathergrass for words about friendship and sending them southwards).

Уг нь зохиол “Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр эх нутгийн ноён салхи гунигтайхан хэсүүчилж нөхрийн тухай үгсийг хялганы бутанд шивнэн эрин зуунд илгээнэ” хэмээн уярам эмгэнэлтэйгээр төгсдөг. Энэ бол түүхэн зохиолыг төдийгүй зохиолчийн авьяас, ур чадвар, хөдөлмөр зүтгэлийг доромжилж байгаа хэрэг! Зохиолыг ч, зохиолчийг ч, эх хэлийг нь ч хүндэтгэж үзэх ёстой байдаг нь орчуулагчийн баримтлах үндсэн зарчим байдгийг эцэст нь цохон тэмдэглэе.

Зөвхөн ганц өгүүллэгээр жишээ авахад ийм л байна. Энэ бол зөвхөн С.Смитийн орчуулга болон түүний алдааны тухай биш юм. Манай өнөөгийн уран зохиолын орчуулга ямар түвшинд байна вэ? Хийсэн нь буруутдаг гэсэн зарчмаар хандах бус харин яагаад ийм нөхцөл байдалд хүрэв ээ гэдгийг бодож тунгаах учиртай мэт.

“Монгол улс дэлхий дахинд үүдээ нээж байна. Чухамдаа оюун сэтгэлгээнийхээ охь шимийн үүцээ задалж байна. Монголын уран зохиолын элчин сайд С.Смит Монголын уран зохиолын шилдэг бүтээлүүдийг дэлхийн хамгийн “чухал” хэл болох англи хэлнээ орчуулахад маш их хүчин чармайлт хөдөлмөр зүтгэл гаргасан” хэмээн “Монголын уран зохиолын түүвэр эмхэтгэл”2-ийн өмнөх үгэнд эрхлэн гаргагч зохиолч, яруу найрагч СГЗ Г.Мэнд-Ооёо тэмдэглэсэн байна. Монголын утга зохиол дэлхий дахинд танигдах хэрэгтэй ч, эрхтэй ч. Гэвч монгол хэлээр “ус цас” шиг ярихаа байг гэхэд бичгийн хэл сайн мэдэхгүй хүнээр хамаг орчуулгаа хийлгээд иймэрхүү чанаргүй, алдаа мадаг ихтэй, амт шимтгүй орчуулгаар танигдаж байгаа нь нэг талаар харамсалтай хэрэг юм.

Зөвхөн энд жишээ болгосон ганц энэ богино өгүүллэг төдийгүй бусад томоохон хэмжээний бүтээлүүд, ялангуяа бүр илүү их утга уянгын үг хэллэг ихтэй үргэлжилсэн үгийн зохиолууд хэр чанартай орчуулагдсан бол гэх эргэлзээ ч үүнээс үүдэн гарах нь эргэлзээгүй. Үүнийг тайлбарлахдаа Монголын уран зохиолын орчуулгыг гадаад хэлнээ буулгах чадварлаг боловсон хүчин цөөн, тэдгээрийг бэлтгэх бодлого алдагдсан, ажиллах нөхцөл бололцоо муу, уран бүтээлчид, мэргэжилтнүүдийн идэвхи сул, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломж хомс гээд маш урт үй олон шалтгааныг дурдаж болох л доо. Нэгэнт гадаад хэлийг эх хэл шигээ эзэмшсэн чадварлаг орчуулагч, боловсон хүчин дутмаг байгаа өнөө үед юуны түрүүнд орчуулгын чанар чансааг сайжруулахын тулд дотоод гадаадын уран бүтээлчид нэг нэгнийхээ дутууг нөхөж хамтран ажиллах ёстой мэт. Мөн утга зохиолын салбарт боловсон хүчин бэлтгэх бодлогыг дахин сэргээх, уран зохиолын шүүмж судлал, тэр дундаа орчуулгын шүүмж судлалыг хөгжүүлэх, үүнд утга зохиолын салбарын болон хэл судлалын салбарын оролцоо, хамтын ажиллагааг дэмжих, энэ чиглэлээр ажиллах идэвхи, ур чадвараа ахиулах нөхцөл бололцоог сайжруулах гээд хийх шаардлагатай зүйл ч нэн олон, маш чухаг байна.

Монгол түмний өнө эртнээс бүтээн туурвиж баяжуулан уламжилж ирсэн ардын билиг, ялангуяа утга зохиолын аман болон бичгийн их өв санг дээдлэн биширч, оюуны охь шим болсон бүтээл туурвилыг хүмүүст хүргэхсэн гэж хүсч эрмэлзэж явдгийн хувьд энэ талаар та бүхэнд цухас боловч хүргэхийг хүссэн билээ.

Дараагийн удаад Монголын яруу найргийн орчуулгын чанарын талаар хэдэн жишээг татан өгүүлэх болно.

Г.Дэлгэрмаа
“Нарлаг Монгол өнөөдөр” сэтгүүлийн эрхлэгч

1 – “The Translation Theory and Practice”
2 – “An Anthology of Mongolian Literature”, Улаанбаатар, 2008

Apr 20, 2011

Хэлний хэлбэр заагаад байвал Д.Нацагдоржийн зохиолыг ч ойлгохоо болино

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=68383

Огноо: 2007-09-13 14:19:39

МУИС-ийн багш, профессор М.Базаррагчаатай ярилцлаа

-Та дунд сургуулийн монгол хэлний хичээлийн агуулгыг шинэчлэх ажлыг голлон удирдсан. Агуулгыг єєрчлєн шинэчлэхийн учир юу байв?
-Ємнєх сургалтын агуулгын онол, vйлдэл хоёр нь саланги тасархай явж ирлээ. Бид vндэснийхээ хэлийг жинхэнэ нэр, тэмдэг нэр гэх зэрэг бvтцийг судлах маягаар сурч ирсэн. Хэлний хэлбэрийн бvтцийг ойлгосноор хvн зєв боловсон ярьж, бичдэг болж чадахгvй. Харин жинхэнэ нэрийг хаана яаж хэрэглэхийг прагматик хэрэглээ талаас нь заах нь чухал. Vгийг утгат хэсэг, єгvvлбэрийг гишvvдээр задлахыг чухалчлах болсон тул зохиох найруулах чадвар суулгах ажил битvvхэндээ орхигдох болсон байна. Vvнийг хэл шинжлэлд идэвхгvй хэл зvй, нvцгэн хэл зvй гэж vздэг. Тиймээс зохиох найруулах эрдэмд сургах идэвхтэй, бvтээлч хэл зvйд сургах шаардлага нэн тулж ирээд байна.

-Агуулгын шинэчлэлийг багш нар хэр хvлээн авч байна вэ?
-Монгол хэлний боловсролын агуулгын єєрчлєлтийг нэлээд эртнээс эхэлсэн. Єєрчлєлтєд дургvйцэх багш нар мэр сэр байдаг. Манай багш нар хуучинтайгаа их зууралддаг. Багш нар хvvхдээр заасан зvйлээ эргэж хэлvvлэх гээд байдаг. Хvvхэд юу мэдэх нь бус, юу чадах нь чухал. Хэлний хэлбэр заагаад байвал хэдэн жилийн дараа хvvхдvvд маань Д.Нацагдоржийн зохиолыг ч ойлгохгvй болж матадгvй.

-Дунд сургуулийн сурагчид монгол хэлний хичээлийг хэрэггvй мэтээр vзэх нь бий. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хамгийн уйтгартай хичээл бол монгол хэлний хичээл гэж хvvхдvvд ярьдаг. Монгол хэл амар хялбар санагдаж байна гэдэг хvvхдийн оюуны чадварт хvрч амтагдахгvй байна гэсэн vг. Монгол хэлний хичээлд хvvхдийн оюуны хvч чадлаа шаардах зvйл ховор хомс байдаг. Ганцхан хэлбэрийг дагнасан зогсонги мэдлэгийг цээжлvvлж, зєвхєн задлах ажил хийдэг байснаас тэдний сэтгэх чадвар, ухаарах ойлгох, учирлах, эргэлзэх бодрол тєлєвшvvлэх нь хомсоджээ гэж болно. Хэлбэрийг дагнасан сургалтын чимээгvй дvлий урсгал олон он жилийг элээсэн тул тэднийг уйтгарын торонд хvлсэн байж болох юм. Иймд агуулга, арга зvйн шинэчлэл хийхээс єєр замгvй юм.

-Сурах бичигт орсон эх зохиол хvvхдэд хvнддэж байна гэж багш нар ярьдаг?
-Ярианы хэлийг арифметиктай, бичгийн хэлийг алгебртай адилтгадаг. Тийм учраас суралцагчдыг бичгийн хэлнээ сургах нь монгол хэлний багшийн гол хєдєлмєр юм. Бичгийн хэлд суралцах нь насан туршийн vйл байдгийг эрдэмтэн мэргэд нэгэнт айлдсан байдаг. Тэгээд ч орчин vеийн гvн ухаанчид хэл бол сэтгэхvйн орон гэр гэж vзэх болсон. Гадаад, дотоодын том том роман тууж, найраглал, жvжиг vздэг атлаа монгол хэлний сурах бичигт ганц хоёр нvvр эх оруулахад хvндэдлээ, балчирхан амьтдыг ингэж махыг нь идээд яахав гэж уухайлан уулга алдах хvмvvс ч байх юм.

Балчир хvvхдийн сэргэлэн тунгалаг оюун ухааны багтаамж хирээсээ хэтэрсэн асар их багтаамжтай болохыг эрдэмтэд нэгэнт тоттоогоод байна. 12-14 нас гэхэд л ямар ч юмыг бодож сэтгэж чадах сэтгэхvй тєлєвшиж гvйцдэг байна. Нєгєє талаас хvн ертєнцийн тухай ухаарахдаа бvхэл бvтнээр нь буюу тухай тухайн эхээр хvлээж авдаг. Ємнєх сургалт нь анализаас синтезэд шилжих замаар сургана гэдэг боловч тvvндээ тєдий л хvрсэнгvй.

Харин бидний тавьж буй зорилго бол бvхлээс хэсэгт, ерєнхийгєєс тодорхойд шилжvvлэх байдлаар эх хэлээ эзэмшvvлэхийг чармайж байна. Монголчууд vсэг нvдэлж, vг холбож эхэлмэгц Оюун тvлхvvр, Цаасан шувууны vлгэр уншуулж, улмаар тал бичээч, эх зохиогч болгодог байсныг санах хэрэгтэй. Харин 1960-аад оны сурах бичигт "Усны шувуу ирэв. Нусны алчуураа угаав" гэх мэтээр саланги vг єгvvлбэр дагнах болсон нь сурагчдын танин мэдэх нvдийг боох болсон. Vvнийг дагалдаад ганц нэг vг єгvvлбэрийг хаа гуяар нь салгах тєдийгєєр хязгаарлан хэт хялбарчлахын аянд мордоцгоох болсон билээ. Нєгєє талаас эхийг задлах нь эх зохиох, тухайлбал, эсээ бичих суурь дэвсгэр болно.

-Дэлхийн улс орнуудын бvх шатны сургуульд эсээ бичvvлж шалгалт авдаг. Манайх дунд сургууль тєгсєгч болон их, дээд сургуульд элсэгчдээс эх зохиолгон шалгаж болдоггvй юм уу?
-Vнэхээр оносон асуулт байна. Бичих эрдэмд суралцах гэгч нь эх зохиож найруулах мэдлэг чадвар дадалтай болохыг хэлж байгаа юм. Юм бичиж найруулна гэдэг хамгийн хvнд хєдєлмєр. Эсээг хvн бvхэн хялбархан биччихэж чадахгvй. Бичиж найруулах гэдэг vндэснии болоод хувь хvний онцлогийг хадгалдаг. Хэдийчинээ євєрмєц найруулгатай байна, тєдийчинээ хувь хvн єєрийнхєє чадварыг илэрхийлж байгаа хэрэг. Д.Нацагдорж, Б.Ринчен, Б.Лхагвасvрэн, Ж.Лхагваа, Б.Баабар, Л.Єлзийтєгс зэрэг єєрийн найруулгаа бий болгосон хvмvvс байна.

Хэн ч мэдээжийн зvйл бичээд байвал найруулах чадвар сайн биш гэсэн vг. Гэтэл эх зохиолгож шалгахын оронд зєвхєн мэдлэг шалгах ажлаа л хийсээр байна. Ийнхvv мэдлэгийг бус, чадварыг шалгахын тулд эсээ бичvvлэх нь бусад оронд хэвшил болсон зvйл. Иймээс давын ємнє, эсээ бичvvлж, суралцагчдынхаа чадвартай чадваргvйг шалгах нь багш нарын эрхэм зорилт болно. Vзэгний савны талаар ч хvн сонирхолтой зvйл бичиж болно. А.П.Чехов "Би юуны ч тухай бичиж чадна. Сандлын тухай ч бичнэ" гэж аархсан байдаг.
Эх зохиох найруулах эрдэмд сургая гэж байгаа л бол утгын талыг эрх биш vзэх нь зайлшгvй юм. Аль нэг юмын тухай єєрийн бодол саналаа илэрхийлэн бичихийг цогц чадамж гэж болно. Эсээ бичvvлж сургахын гол учир vvнд оршино.

-Та дунд сургуулийн Монгол хэлний олон ангийн сурах бичгийг зохиосон. Хvvхэд нэг сургуулиас нєгєєд шилжихэд сурах бичиг нь таарахгvй байна гэж эцэг эхчvvд ярьдаг. Энэ ямар учиртай вэ?
-Олон жил нэг сурах бичгийг vзэж ирсэн нь хялбар мэт боловч нэг загварын зогсонги сэтгэхvйтэй болохын vр хєврєлийг нээж єгєх болно. Таарсан зохисон нь хамаагvй, бvгд л нэг загварын хувцас ємсєж явахтай адил биш vv. Хувилбарт сурах бичиг нь агуулга нээлттэй, сонголт чєлєєтэй гэсэн зарчмын гэмээр баримтлалаас vvдэлтэй. Эх хэлээ эзэмшсэн эсэхийг чадварын тєвшинд шалган vнэлэх болсон учраас уул сэдвийг тухайн суралцагч vзээгvй байсан ч тvvнтэй тєстэй зvйлийн учрыг олдог болсон байх ёстой.

Багш нар агуулгын єдєрчилсєн тєлєвлєгєєг ширхэгчлэн гаргаж, тvvнийгээ ягштал мєрддєг байсан нь сайн хэрэг боловч тvvнийгээ нэгтгэж чадалгvй талаар нэг тараах нь бий. Харин одоо бол багш гол гол сэдвийг сонгон зааж, vлдэх хэсгийг сурагчийн хувь болгон vлдээх болж байна. Энэ бол мэдлэгт бус, чадварт тvшсэн сургалт болох учиртай билээ. Иймээс чадвар, нарийвчилбал, цогц чадамж гэдэг нь мэдлэгээс ихээхэн хийсвэр юм шvv. Хийсвэрээр сэтгэх чадвар тєлєвшєєгvй, томоотой сууж сурсан залхуу хєвгvvд охид олширвол хичнээн гунигтай вэ.

-Дунд сургуулийн шинэ сурах бичигт элэнц хуланцын мартагдсан vг хэллэгийг заах юм, энэ чинь хэнд хэрэгтэй юм бэ, одоо чинь цаг єєр болсон гэх хvмvvс байдаг?
-Энэ бол эх хэлээ эзэмшихийг хялбарчилсны гай, утгыг гээсний уршиг. Хуучин хэлний хэлбэр их зааж байсан учраас бид vндэснийхээ хэлц vгийг мартаж эхэлж байна. Энэ нь нэг талаар ахуй єєрчлєгдсєнтэй холбоотой. "Бууцны хэл" гэж хэлбэл одооны хvvхдvvд ойлгохгvй. Єнєєдєр дэлхий дээр олон хэл устаж байна. Даяаршил явагдаж буй vед жижиг хэлнvvд устаж алга болдог. Улс vндэстний євєрмєц хэлц бол олон мянган жил євєг дээдсээс уламжилж ирсэн хэлний дархлаа болсон зvйл байдаг. Хэрvvлийн алим гэхээс яс хаях гэж хэлэх нь монгол хvнд илvv ойлгомжтой. Євєрмєц хэлц бол оюуны соёл єв болдог. Vндэснии соёл бахархал суугаагvй хvн гадны юмыг сонирхдог.

1999 оны наймдугаар ангийн сурах бичигт євєрмєц хэлцийг ангилж задлаад оруултал хvvхдэд хvндэдлээ гэж зарим багш, эцэг эхчvvдийн дунд ярьдаг. Хvнд байна гэдгийг би хvлээн зєвшєєрдєггvй. Усны шувуу ирэв гэх мэт ийм юм заачхаад сууж байдаг. Эх хэлний хичээл vгийн урлагийг эзэмшvvлэхэд анхаарах ёстой. Хэлний хичээл, уран зохиолын хичээл хоёр бол нэг юмны хоёр тал. Хэлний гvн утга, vгийн урлагийг эс хайхран, зєвхєн язгуур, дагавар, єгvvлэгдэхvvн, тодотгол гэх мэт шинжлэх ухааны хатуу ухагдахуунаар дагнан цэнэглэж байснаас яруу сайхан єгvvлэхийн амт шимтийг амсалгvй єсєж, эх хэлний бахархал нь унтрахад хvрч байна.

Сэтгэснээ эх хэлээрээ илэрхийлэх чадвар хомс болохын хирээр харь хэлний нєлєєнд хялбархан єртємхий болж, "хавдалт єгєх, харвалт єгєх, ач холбогдол єгєх, утсаар холбогдох, анхаарлын тєвд, єндєр хэмжээний уулзалт, хєдєє амьдрах, халуун цэг, хэрvvлийн алим, арга хэмжээнд оролцох" гэх мэт vгчилсэн орчуулгын эв хавгvй vг хэллэг олшрох болжээ.

Харь хэлний vг хольж, нойлын ногоон тэг, нойлын єрєє, нойлын цаас, нойлын утас, нойл заах, номер нэг гэх мэтээр эрлийз хурлийз vг элбэгшлээ. Эх хэл маань ингэж булингартах болсон нь хэлний дархлал болдог хэлц мартагдсанаас vvдэлтэй юм. Vндэстний євєрмєц онцлогийг олон мянган жил хадгалж тээсээр ирсэн хэлц хэллэг нь ухагдахуун тєдийгvй, ухахууныг агуулсан соёлын "сvегэр" нэгж болдог. Уламжлалт соёлын vг хэллэгийг "сvегэр" гэдэг. Энэ бол "Нууц товчоон"-д буй мартагдсан vг юм шvv. Vvнийгээ бид гээвэл оюуны эрдэнээ гээнэ гэсэн vг.

-Дунд сургуульд монгол хэлний хичээлийн цаг их багассан гэсэн?
-Бусад хичээлийн цаг нэмэгдээд монгол хэлний хичээлийн цаг багассан. Монгол хэлээр ярьж чадах юм чинь монгол хэл заах нь илvvц гэх нь ч бий. Монгол хэлний хичээл шаардлагагvй гэж vздэг хvн битvvдээ олон болсон учраас цагийг хасч байна. Байгалийн ухааны хичээл бол даяаршлын шинжтэй.. Даяаршлын шинжтэй зvйлийг хэт шvтвэл vндэсний зvйл нь амархан алга болно. Хэлний бодлогыг бvх тєвшний сургалтад бодох ёстой. Чадварын тєвшинд хvvхдээ сургах шаардлага тавигдаж байна. Хvvхэд чадвар суусан бол єєр хувилбар сурах бичгийг тєвєггvй ойлгож, зохих зvйлийг хийж чадна.

-Монгол хэл эвдэрч байна гэж ярих юм?
-Нарийн хянаж vзвэл монгол хэл тийм их эвдэрч эрлийз болж байгаа зvйл одоохондоо байхгvй. Харь vг ярианы хэлэнд vер мэт цутган орж байна. Зарим харь vг хэлц маягтай болж залуучуудын амнаас салахгvй болсон байна. Харь vг хэлц болно гэдэг хамгийн аюултай. Vгчилсэн орчуулгын vг, ярианы vг цаашдаа утга зохиолын хэлэнд нєлєєлж магадгvй. Бичгийн хэл олон зуун жил уламжилж ирсэн нарийн дэг журамтай. Ярианы хэлэнд бид стол гэж ярьж болно. Харин бичихдээ ширээ гэдэг vгийг сонгож бичнэ. Энэ мэтээр хэлний засаглал хомсдож, хямрал удаанаар vргэлжилбэл "стол" гэдэг нь ширээгээ тvрж магадгvй.

-Ийм алдааг хэрхэн засах ёстой вэ?
-Франц зэрэг хєгжингvй оронд хэлний нарийн хууль vйлчилдэг. Бvдvvлэг vг хэллэг хэлбэл торгодог хvртэл журамтай. Харин манайд тєрийн хэлний хууль гэсэн их ерєнхий хуультай. Сургалтад ийм зvйлийг оруулаагvй учраас хvн дуртай vг хэллэгээ хэрэглэж сурдаг. Их дээд сургуулийн бvх ангид найруулга зvйн хичээл орох ёстой. Техник болон анагаах ухааны сургуулийн дэргэд монгол хэлний нэг тэнхим ажиллах ёстой. Монгол хэлний хэдхэн хvн яриад засрах зvйл биш. Сvvлийн vед хэлийг нийгмийн гэхээсээ илvv байгалийн шинжтэй гэж байна. Харь vг хэлэнд их орвол хэлний аялга хvртэл эвдэрдэг. Аялга єєрчлєгдвєл тухайн хэлний тал нь алга болно гэсэн vг.

-Таны "Vгийн гарлыг мєшгєх нь" бvтээлийг их сонирхон уншдаг?
-Миний хувьд, монгол vгийн гарал vvслийг ухаж тєнхєж хэд хэдэн ном бичсэн. Vгийн гарал нь хэлний генетик юм. Эртний монгол хvний яаж сэтгэж байсан нь vгийн гарлаар гарч ирдэг. Монгол хэлний vгийн гарлыг соёлт хvмvvс их сонирхдог. Монголчууд нvдийг яагаад нvд гэж нэрлэв гэдэг нь сонин л доо. Нvд гэдэг нудрах гэдэг vгтэй холбоотой. Юмыг нvдээрээ харна гэдэг цаад юмыг нvдэж задалж ойлгоно гэсэн vг. Монгол хэл маш эртний хэл гэдэг нь мэдэгддэг. Монгол хэлэнд авиа дуурайсан болон дvрслэх vг маш олон байгаа нь эртний хэл болохыг баталж байна. Монгол хvн их дvрслэг сэтгэлгээтэй. Тиймээс уран цэцэн єгvvлэх авъяастай. Арзайх, бурзайх гэдэг хоёр vгийн утгыг монгол хvн ойлгоно. Гэтэл гадаад хэлэнд яаж буулгах вэ гэдэг vvнийг орчуулахад хэцvv. Орчуулахад хэцvv байна гэдэг бусдаас ялгарах сэтгэлгээ монголчуудад байна гэсэн vг.

Зууны мэдээ 218 (2666)

Apr 18, 2011

Хүний сэтгэлгээг томъёолох боломжгүй

http://indian.miniih.com/index.php//home/post/97

Сонгодог шүлэг орчуулж, бие биетэйгээ туршлага солилцдог залуус цахим ертөнцийн нэгээхэн хэсэгт “нөхөрлөдөг” тухай ярихад А.Амарсанаа гэдэг хүнийг хамгийн түрүүнд нэрлэмээр болно. Энэ хүний орчуулгыг би таван жилийн өмнөөс мэдэх юм. Сайн найрагчийн сайхан шүлгийг эх хэлнээ хэрхэн хөрвүүлснээс нь үзсэн тэрбээр олон хүнийг сонгодог шүлэгт “уруу татсан” нь эргэлзээгүй. Хамгийн гол нь яруу найраг сонирхогч залуус шүлгийг эх хэлээр нь уншиж, орчуулах оролдлого хийхэд тусалж, зөвлөгөө өгдөг байсанд нь талархах юм шүү.

Уйгагүй хөдөлмөр шаарддаг энэ “ажил” Б.Амарсанаагийн сонирхлыг дэндүү ихээр татдаг юм. Нэг үгээр хэлэхэд Амарсанаа сонгодог шүлэгт донтон дурласан нэгэн билээ. Яръж байхдаа хацар нь үл ялиг хонхойдог энэ хүн нүд руу цоо ширтэж, гараа байн байн толгойдоо хүргэдэг бөгөөд хуруугаараа юуг ч юм дурслэх шиг “зангана”. Энэ зуршил нь өөрт нь зохихыг яана. Учир нь нэг дууны өнгөө хувиргалгүй, нэг “өнгөөр” ярьдаг. Харин та түүний нэг “өнгө”-тэй ярианаас олон өнгийн бодлыг “харах” ёстой юм шүү…

-Орчуулга, тэр дундаа шүлгийн орчуулга халширмаар “ажил” биш гэж үү?

-Орчуулга хийнэ гэдэг нь зарим тохиолдолд бичихээсээ илүү түвэгтэй ажил байдаг. Ихэнх хүмүүс орчуулагчдын ажлыг ойлгодоггүй. Мэдэхгүй үгээ зүгээр л “Алтангэрэлийн толь”-оос таарах үгсийг сонгож, эмх цэгцтэй өрөхийг орчуулга гэж үздэг хүн ч бий. Тиймдээ ч нэг хуудас орчуулгыг 1000-100,000 төгрөг хүртэл ханшаар үнэлдэг. Энэ бүгдээс хамгийн хэцүү нь мэдээж уран зохиолын орчуулга. Учир нь тэр хүн эхлээд өөрийн мэдрэмжээ хамгийн дээд хэмжээнд гаргаж, дараа нь уншигчдад зориулан найруулсан байдаг. Тиймээс би уран зохиол орчуулагчдыг хамгийн ихээр хүндэтгэдэг юм. Зохиолчид ямар нэгэн нөлөөлөл болон онгодын хүчин дор өөрийн туршлага, туулсан амьдралдаа тулгуурлан бүтээлээ туурвина шүү дээ. Харин орчуулагчид өөрийнхөе сэтгэл хөдлөлийг үл ойшоож, тухайн зохиолчийн санааг ойлгож, мэдэрснээ буулгадаг. Тэгэхээр орчуулга нь бичгийн ажлын хүнд хэлбэр болж таарна. Энэ бол үнэлж баршгүй том ажил. Гэтэл дөнгөж сургууль төгссөн хэлний сургуулийн төгсөгч гэхэд нэг хуудас материалыг 5000 төгрөгөөр орчуулдаг шүү дээ. Гэтэл манай урдаа барьдаг Гомбосүрэн, Аким, Цэдэндорж зэрэг орчуулагчид уран зохиолын хэлбэрт оруулсан орчуулгаа ном болгоод 10,000-аар л зардаг шүү дээ. Тэгэхээр номын борлуулалт тэдний сэтгэлийг тэжээдэггүй юм. Харин бусадтайгаа тэрхүү сонгодог зохиолынхоо мэдрэмжийг хуваалцах нь хамгийн том шагнал байх даа.

-Тухайлбал та орчуулга хийхдээ юуг түлхүү анхаардаг вэ?

-Тухайн хэлний онцлог, илэрхийллийн ялгаа зэргийг анхаарахыг хичээдэг дээ. Шүлгийн орчуулгын хувьд тухайн үндэстний шүлэг бичих, зохиох онцлогийг судална. Үүнээс гадна шүлгийн төрлүүд өөр өөрийн гэсэн сүүл толгой холболт, нэг мөрөнд байх үеийн тоо, үеийн аль хэсэгтээ өргөлттэй байх вэ гэдгээс хамааралтай. Орчуулга хийж байхдаа анхаарсан бас нэг зүйл бол бол Монголын тууль, ардын аман зохиолын дуу шүлэгт гурван үг, зургаан үе түгээмэл ажиглагдаж байсан. Тиймээс жаахан эртний туульс, шүлэглэл зэргийг орчуулахдаа үүнийг анхаарах хэрэгтэй байх. Үнэнийг хэлэхэд би орчуулга хийхдээ юуг анхаарах ёстой гэдгийг хэлэх хүн биш л дээ. Зүгээр л хувьдаа юуг анхаардаг талаараа хуваалцаж байгаа юм шүү.

-Яг ингэж орчуулна гэвэл амаргүй юм биш үү. Монгол хэл хатуу болохоор англи шүлэг бүр ч хэцүү байх.

-Одоогийн манай хип хопчдын “үглээнд” сүүл холболт болон үе өргөлтийг тэнцүүлэх үзэгдэл их ажиглагдаж байна. Энэ бол цэвэр өрнөдийн орнуудын шүлэг яруу найргаа бичих бүтэц, хэлбэр байгаа юм. Гэтэл үүнийг нь монгол хэл дээр хэрэглэж болохыг манайхан харуулж чадаж байна. Тэгэхээр эх хэлээ сайн сур, судал. Сурах судлах нь дан ганц унших биш бас бичихийг хэлж байгаа хэрэг. Би ч тэрхүү сурах хэрэгтэй хэсэгт нь багтаж байгаа нэгэн. Ер нь орчуулагчид хадмал буюу үг бүрийг гээхгүй утга бүрийг гаргах эсвэл ойлгож, мэдэрч тайлбарлах гэсэн үндсэн хоёр чиглэлд хуваагддаг.

-Жишээ нь та ямар арга барилтай вэ. Ер нь яагаад яруу найргийг орчуулах сонирхолтой болсон бэ?

-Миний орчуулах сонирхол ч дээ. Хайр дурлал хүнийг юу ч хийлгэж мэднэ л гэж хэлье. Хайртай бүсгүйдээ (одоо гэргий болсон) өөрийгөө илэрхийлэх гэхээр чадал хүрдэггүй байлаа. Тэгээд л уран зохиолд дуртай юм хойно соннетийн мастер Шекспирийн зохиолыг орчуулсан даа. Би хувьдаа их сургуульд байхдаа “Орчуулгын онол” гээд Эрхэмбаатар зохиогчтой номыг үзэж, үндсэн ойлголттой болсон. Хаа очиж манай орчуулгын онолын багш зэгсэн сайн хүн байсан шүү. Дүрмийн хувьд бол өмнө нь хэлсэнчлэн тухайн шүлгийг бүтцийн болон илэрхийллийн хувьд л алдагдуулахгүйгээр орчуулах хэрэгтэй л дээ.

-Шүлгийг орчуулж болдоггүй гэж ярьдаг юм билээ…

-Шүлгийг орчуулж болно. Орчуулах гэдэг үг байгаа биз дээ. Үүнээс гадна орчуулах, хөрвүүлэх, хэлмэрчлэх гээд олон үг манай үгийн санд байна шүү дээ. Тэгэхээр аль хэлбэрийг нь сонгон авч хөдөлмөрлөхөөс ихээхэн хамаардаг. Харин мэдрэмжийг 100% буулгаж чадна.

-Өөрөө орчуулга хийдэг хүний хувьд одоогийн орчуулгын номйн талаар сэтгэгдлээ хуваалцахуу?

-20 жилийн өмнө ингэж асууж байсан бол онцсайн гэх байлаа. Сүүлийн хорин жилд Гомбосүрэн гуайн хэдэн орчуулгаас өөр даацтай, хүнд хүрсэн мән хүлээн зөвшөөрөгдсөн орчуулга хийгдсэн юм болов уу?

-Өдөр бүр л шинэ ном орчуулагдан, худалдаанд гарч байна шүү дээ. 20 жил гэдэг чинь дэндүү хол биш үү?

-Чейз, Дейл Карнеги, “Хэрхэн хурдан баяжих вэ”, “Хэрхэн гоё сайхан харагдах вэ” гэх мэт номуудыг л их орчуулсан шиг санагддаг юм. Буддын сургаал, шашны нэлээд сайн бүтээлүүд орчуулагдсан байх шүү. Гэтэл аль 1950-аад онд л оюутнууд “Жонон гуйлгачин хоёр”-ыг орчуулаад Б.Ренчин гуайд адлуулсан хэдий ч уншууртай л байсан байна. Залуу хүний хувьд хэлэхэд, ниигмийн үечлэлийн хувьд хойч үе нь өмнөх үеэсээ илүү байж чадахгүй бол тухайн нийгэм, үндэстэн мөхөж байна гэж үздэг. Гэхдээ шалтгааны үндэслэлийг харшуулан харах юм бол бидэнд ч гэсэн бодох зүйл олон гарч ирнэ. Тиймээс би орчуулагчдыг муулж болохгүй гэж үздэг. Учир нь тэд өнгөрсөн үеийнхээ шилдгийг өвлөн авч, хойч үедээ хүргэхээр хөдөлмөрлөж байгаа.

-Сүүлийн үед орчуулга оршуулга болсон гэж ярих болсон. Гэтэл та муу орчуулгыг ч хүлээн зөвшөөрнө гээд байх юм…

-Хэлээд шүүмжлээд засаад өгөхийн оронд надаас өөр хүн орчуулж чадахгүй гэсэн сэдлээр хэлсэн үгийн нэг л гэж үзэж байна. Орчуулж л байг л дээ. Оролдлого бүхэн муу гэсэн үг биш биз дээ. Харин тэр олон орчуулгын хувилбаруудаас хамгийн сайн болсныг нь шалгаруулаад тэтгэж, дэмждэг уншигчдын зөвлөл ч юм уу, орчуулагчдын зөвлөл байвал бүр догь шүү. Харин оршуулга гэж нэрлэгдэх шалтгааны тухайд ярьвал орчуулгыг мөнгөний ажил болгож байгаагаас болсон хэрэг. Тэр ч бүү хэл орчуулгын вэбсайт гараад, нэвтрэх эрхийг нь борлуулж байгаа сурагтай. Харамсалтай нь ойрын 10 жилдээ тиим боломж байхгүй. Учир нь хүний сэтгэлгәэг томъёолох боломжгүй. Чиний хэлээд байгаа тэр оршуулагчид эх хэлээ л сайн эзэмшээгүй юм байна даа гэсэн бодол төрүүлдэг. Харин зурагтаар гарч байгаа киноны хувьд бол арай өөр шүү. МҮОНТ- ийн дэлгэцээр гардаг кинонуудыг хангалттай сайн гэж үнэлж болно. Гэхдээ тухайн телевиз нь биш орчуулагчид л ажлыг нь хийнэ шуу дээ. Би ч гэсэн оюутан байхдаа “UBS Video” сувгийг анх нээгдэж байхад “Бурхан багшийн” тухай өгүүлэх хуүхэлдэйн киноноос эхлээд нэлээд хэдэн кино орчуулж байлаа.

-Киноны орчуулгаар дамжуулан олон төрлийн шинэ хэллэг “төрж” байгаа юм шиг санагддаг. Хэл хувьсаж байгаа нь орчуулгын аддаа юу?

-Хаанаас даа. Гэхдээ энэ асуултад хэл шинжээчид хариулах байх. Нэг зуйлийг сонирхуулж хэлэхэд англи хэл чинь өөрөе таван хэлний нийлбэр юм шүү дээ. Английн хөрсөн дээр байсан дарааллаар нь дурдвал кельт, латин, англо-сакс (герман аймгууд), викинг (дани, Флеминг), франц… Эндээс харахад хэл нь хэчнээн олон хувьссаныг харж болно. Дундад зууны үеийн Англид ярианы хэл өөр өөр байсан гэдэг юм билээ. Энгийн ардууд нь хоорондоо англиар ярьдаг байхад сум хийд, их сургуульд латинаар, хаад ихэс нь францаар ярьдаг байж. Тиим ч учраас англи сурагчид хэлний дүрмээс гадна түүний хэрэглээг ижил хэмжээнд сурах хэрэгтэй болдог.

-Тэгвэл энэ хугацаанд монгол хэлэнд хэр олон өөрчлөлт гарсан бол?

-Санскрит, төвд, хятад, орос хэлний нөлөө л байгаа болохоос биш үндсээр нь өөрчилсөн үйл явдал гарч байсангүй. Гарах хэрэгтэй гэсэн утгаар нь биш мэдээлэл болгож хэлж байгаа юм шүү. Эндээс үзэхэд хэл хувьсах буруу биш харин хувьсалд нь тааруулан тохируудан авч явах нь хэлний мэргэжилтнүүдийн хүлээсэн үүрэг байх.

-Манай орчуулагчид шинэ үгийг эх хэл рүүгээ хөрвуулэхдээ яадаг юм бол. Орчуулагчдын нэгдсэн зөвлөл гэж байдаг уу?

-Хэцүү асуулт байна. Жишээлбэл Гомбосүрэн гуайн орчуулгыг хэн хянасан бол?

-Бид яаж мэдэх билээ дээ.

-Харин тийм. Гэтэл орчуулсан бүтээлийг нь олон нийт болон сэхээтнүүд бүгд шимтэн уншиж байна. Үүний нэгэн адилаар олон олон орчуулгын ном унших эзнээ хүлээгээд лангуун дээр хэвтэж байгаа биз. Тэгэхээр дээрх асуултад “уншигчид” л хариулах байх даа.

-Уншигчид үргэлж мэргэн байна гэж байх уу?

-Хүн өөрөө ертөнцтэй харьцуулахад дэндүү богино настай гэтэл хүн өөрийнхөө байх үедээ л бүхнийг эрхшээх гээд байдаг ертөнцийн дайны эрмэлзэлтэй, шуналтай бодьгал. БНХАУ улс дөнгөж 60 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Гэтэл бид 800 жилтэйгээ золгосон. Мин улсыг эс тооцвол тэд сүүлийн 800 жилд ердөө 260 жил өөрсдөө засаг төрөө барьсан болж байх шиг байна. Тиймээс ч харьцангуйн онолыг гаргасан Эйнштейнийгойлгохоосоо ойлгохгүй нь их байдаг шүү дээ.

Яагаад гэвэл өөрийнхөө орчин, цаг ахуйгаа л үнэн гэж боддогт байгаа юм. Тиймээс орчуулгын жинхэнэ хянагчид бол уншигчид. Зөвхөн энэ үеийнхэн бус ирээдүй, хойч үе бүхэлдээ багтана. Бид одоо ч өөрийнхөө түүхээ хятад эх сурвалжаас тайлан уншсаар байгаа нь нууц биш биз дээ.

-Ер нь та яагаад орчуулгыг үндсэн ажлаа болгоогүй юм бэ?

-Би орчуулга хийж олсон мөнгөөрөө амьдарч чадах болов уу. Үгүй л байх. Тэгэхээр зүгээр л дуртай зүйлээ чөлөөт цагаараа хийж байх нь дээр…

Зав л гарвал шүлгийн орчуулга бариад суучихдаг энэ хүн “Трай-медиа”-ийн гүйцэтгэх захирал, “Телемакс коммуникэйшн” компанийн Маркетингийн албаны дарга гэсэн өдрийн албатай. Уншиж таашаах, орчуулах оролдлого хийх үдшийн таашаалтай нэгэн билээ. Амарсанаагийн орчуулгаас сонирхохыг хүсвэл www.literature.mn цахим тэмдэглэлээр нь зочилж болох юм.

Ангилал : Сонин хачин
Нийтэлсэн : CAHCAР

Монгол хэл минь

Apr 17, 2011

Монгол хэл устаж байна!!!

Орчуулгын блогоос
http://mongoliantranslation.blogspot.com/2011/04/blog-post_15.html

2011-04-15
http://www.blogger.com/img/blank.gif
Монцамэ агентлагийн бэлтгэсэн эх хэлэндээ эзэн байх тухай мэдээллийг хүргэж байна. Энэ мэдээнд жишээг нь ч татсан байгаа миний хувьд "НАДЫГ" гэдэг үгэнд маш дургүй яг үнэндээ "Би” хэмээх үг заахын тийн ялгалд "Намайг” гэж хувиргадаг. Энэ мэдээг уншаад та ч гэсэн алдаагаа засаж үгийн өвгөн утгын таяг тулахдаа өнгөний зохицлыг харуулж, аялгууны ярууг сонсгож, амтны тансагийг тамшаалуулж, үнэрийн анхилууныг мэдрүүлж, ухаарлын гүнийг таниулаарай.

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч Бя.Энхтуяа "Үгийг уйлуулж, дуулуулж, инээлгэж, ханиалгаж, хилэгнүүлж, үгээр өршөөж, уяруулж, урамшуулж, зоригжуулж”, хүмүүн хоорондох бүх харилцаа түүний ид шидээр бүтдэг тухай бичсэн. Доктор, профессор Д. Баттогтохын "Үгийн ширэнгээр бэдрэхүй” ном миний өмнө дэлгээтэй байна. Тэрээр энэ ертөнцөд үг шиг үйлч, бүтээгч хүч үгүй. Үгээр үйл ажлыг ч хийнэ, хүнийг ч хүмүүжүүлж сургана, оюуны бүтээлийг ч туурвина, соёл иргэншил, нийгмийг ч цогцлоон байгуулна. Бас үгээр муу муухай бүхэн нүгэл хилэнц, худал хуурмаг, хар хор, хорлолт сэтгэл, муу санаа, мунхаг ухаан үйлдэгдэх нь буй” гэжээ. Улс үндэстний оршин тогтнох гол нэгэн шалгуур болох "хэл” – ий амин чанар нь үг гэдгийг үе үеийн мэргэд сануулсны ачаар бид "хэл, мал, хил гуравтайгаа байхад Монгол баян” хэмээн бахархах дуртай. Тийм бөгөөтөл шинэ зуунд урьд урьдаас илүү ухаалаг байх ёстой. Монголчуудын эх хэлний боловсрол дэндүү доройтож, үгээр тоглох нь хэр хэмжээнээсээ хэтэрч, сүүлдээ шоглоом болох янзтай.

Үүнд санаа зовнихын эрхээр үг хэллэгийг оновчтой сонгож, зөв хэрэглэх талаар санал бодлоо хэлэхгүй байж түвдсэнгүй. Юуны түрүүнд "Монцамэ мэдээ” сонинд нээсэн "Өргөн хэрэглэдэг гадаад үгийг эх хэлээрээ гадаад үгийг эх хэлээрээ бичиж, хэрэглэж заншъя сэдлийг дэмжин, улмаар оволзож урсаар орж ирсэн олон харь үгийг хэрхэн хэрэглэхээ бүх шйтээрээ зөвшин хэлэлцэхийг санал болгох ялдамд сонин хэвлэл, радио, телевизийн нэвтрүүлэгт олонтаа хэрэглэгдэж байгаа гаж үг хэллэгээ шүүн тунгааж, засч залруулахыг уриалж байна. Цөөн жишээ татъя:

- Өндөр настай машин агаар бохирдуулж байна. (Хуучин машин гэсэн санаа байх аа!)

- Гахайн ханиад маань их тархаж байна. (Зарим нь бүр ДОХ маань газар авлаа гэдэг)

- Өшөө сайхан дуу дуулцгаав. (Өс хонзон биш, "ещё” гэсэн орос үг бололтой)

- Надыг урьсанд их баярлалаа ("Би” хэмээх үг заахын тийн ялгалд "Намайг” гэж хувирдаг)

- Бид нар хамт ажилладаг. ("Бид” нь олон тоог заасан учир дахин дахин олныг тодотгохын хэрэг юун)

- Азарган морины уралдаанаа үзэцгээе. (Агталсан, агтлаагүй эр адууны нэрийн ялгааг мэддэггүй ажээ)

- Одоо гадаад эх орны тухай мэдээллийг сонсьё. (Өгүүлэгч нь монголд оршин суудаг гадаадын харъяат биш баймаар)

- Маш олон сайд манай сумд зочлов. (Олныг тодотгохдоо "маш”-ийг хэрэглэх нь учир тоймгүй болчихлоо)

-Урт удаан наслахыг ерөөе. ("Удаан наслах” гэж хэлэх тун тохиромжгүй)

- Газар хөдлөх бололцоотой болов. (Газрыг албаар л хөдөлгөх санаатай хүн юмаа даа)

- Зудад тусалсан "Чандмань” төрийн бус байгууллагад малчид, мал сүргийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. (Энэ эрхэм "Чандмань” төрийн бус байгууллагыг гүтгэсэн төдийгүй, өөрөө юуг төлөөлдөг болох нь тодорхойгүй ажээ)

- Мань сайхан жүжиг үзэв ("Бид” гэдэг үгийг төлөөлсөн иймэрхүү нэг үг хэрэглэгдэх нь газар авч байна шүү)

- Мянган жил болсон ч би чамайг мартахгүй. (Дуулаач нь их урт настай бололтой, харин цаад хүн нь үүнд хэр итгэх бол доо)

-Бие маань ихэд чилээрхэв. (Ямар ч дээд зиндааны хүн байсан, өөрийгөө ингэж өргөмжилж чадна гэж үү)

- Жүжигчний амьд тоглолт үзэв. ("Үхсэн тоглолт” үзсээр байгаад сая л жүжигчнээ нэг удаа харжээ)

- Эмэгтэй нохой жирэмсэн болсныг мэдсэнгүй. Аав нь гөлгөө харамлан хазахаар архирав. (Гэртээ нохой тэжээж, орон байраа нохойн оромж мэт болгоод хамт амьдардаг хүний амнаас иймэрхүү үг өгүүлбэрүүд гарна даа)

- Тариа өвдөг хүрэхгүй жижиг ургав. (Тариа нь тачир ургасан бололтой)

- Олон мал даарч үхжээ. (Мал нь бээрч үхсэн бололтой)

- Архангай аймгийн Хайрхан, сумын гавъяат малчин 0. Дорж үг хэлэв. (Одоохон дээрээ сумд гавъяат малчны цол хүртээгээгүй болохоор улсын гавъяат малчин байх аа)

- 20 – 25 см өндер цас оров. (Монгол малчид "төө хэрийн зузаан ‘цас унав” гэж ярьцгаадаг даа)

- Хоньчин Доржийн шар халзан хониноос гурван ихэр хурга мэндлэв. (Хонио дээдэлдэг ч гэсэн хэтэрхий чамирхжээ)

- Цагаан сараар дэлгүүрт ховор бараа хүрэлдэн ирэв. (Хэн нэгэн хүн тэр барааг авчирсан байхаа)

- Энэ хариуг би болгооё. (Та үүнийг "болгоох” буйзаа хэмээн хүндэтгэлтэй хэрэглэдэг баймаар)

-Зарим бурхан уурласан дүртэй.(Бурхад догшрох , эсвэл догшин дүртэй гэдэг дээ)

- Аймаар гоё хоол идлээ. (Хүн айлгадаг тэр хоол нь яавч гоё байж чадамгүй)

-Тэр юм над таалагдаж байна. Би сайхан нойрслоо” гэсэн хэллэг элбэг сонсогдох боллоо. (Биеэ хичнээн ихэд тоосон хүн ч гэсэн ингэж өөрийгөө хэт дөвийлгөж хэлмээргүй юм)

- Овоо мовоодоо юм хүм өргөөд явж байна. (Их тахилгат ууланд очсон хүн ингэж ярих нь даанч зохимжгүй)

- Таны гар чинь өвдөж байна уу? (Монгол хэлний төлөөний үгийн хэрэглээг сайтар мэдүүштэй)

- Олон цэцэг өсгөж үржүүлдэг. (Цэцэг тарьж ургуулдаг)

- Нөхөр авах нас нь болсон. (Монголчууд "нөхөрт гарах” гэдэг)

- Ботго нь эндсэн ингэн тэмээ буйлна. Олон хонь ямаа амь үрэгджээ. (‘Тхэх” гэдэг үгийг мал дээр хүндэтгэлтэйгээр хэрэглэх нь ёстой л "зохиогүй чимэг” болж сонсогдоно)

- Уул уурхайд хөрөнгө оруулалт хийгдэж байна. (Хөрөнгө оруулж байна)

- Аавынхаа насны ойгоор хүндэтгэл үзүүлэв. (Ааваа хүндэтгэв)

- Баярлалаа гэж хэлмээр байна. ("Баярлалаа” гэж шуудхан хэлчихсэн нь дээр л дээ)

- Хуулийн төсөл УИХ дээр яригдаж байна. (УИХ хэлэлцэж байна)

- Бэртэлт авах боломж бүрдэв. (Бэртэж болзошгүй, бэртэх эрсдэл бий)

- Мэс заслын өмнө их өвдөлт өгчээ. (Өвдөж байжээ)

- Цэрэгт явна гэдэг нь эх орны хүү болж, ээж аавын хүү байхаа болилоо гэсэн үг. (Эх орны ч хүү, ээж аавын ч хүү мөн дөө би!). Энэ мэтээр эх хэлний хэрэглээнд байгаа хир буртгийг чинагш цэвэрлэхэд монгол хэлний багш, мэргэжилтэн, сэтгүүлч, зохиолч, бичгийн мэргэдийн сургаал санамж, туслалцаа нэн их үгүйлэгдэж байгааг дурьдах төдий өгүүлье!

Монгол Улсын гавъяат багш Ц. Түвшинтөгс

Apr 14, 2011

НАЙРУУЛГА ЗҮЙН 10 АЛДАА

эх сурвалж: asuu.mn
1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015
2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2

Найруулга зүйн судлаачид найруулгын алдааг ерөнхийд 10 ангид хувааж,
түүнийг дотор нь найруулгын буюу найруулгын бус алдаа гэж ангилсан байна.

Үүнд:
*Найруулгын бус алдаа:*
1. Баримтын
2. Логикийн
3. Хэл зүйн
4. Гоо зүйн алдаа багтана.

*Найруулгын алдаа:*
1. Үг буруу сонгосон
2. Үг илүүдсэн
3. Үг дутсан
4. Яруу хэрэглүүрийг оновчгүй сонгосон
5. Нэг үгийг буюу нэг үндэстэй үгийн олон дахин давтсан
6. Үгийн өнгө аяс гажсан
зэрэг нийт 10 алдааг багтаасан байдаг. Одоо дээрх найруулгын тус бүр
дээр жишээ баримтаар нотолж үзье.

*1. Баримтын алдаа*
Энэ нь тухайн юм үзэгдэл, баримт сэлтийн талаар сайн мэдэхгүй, эсвэл
тойм төдий төсөөлөл тэйн улмаас үүссэн алдааг хэлнэ. Уг алдаа нь
ихэвчлэн санамсаргүй байдлаас үүсдэг. Мөн цэг таслал, үг үсэг, тоо
баримт зэрэг бүх зүйл уг алдаанд хамаарна. (Ц.Сү.2004) Жишээ нь: Уг
хэргийг Цагаан шонхорын Энхтайвны хүсэлтээр хийж байсан гэх мэдээлэл
байдаг юм билээ. "Ардчилал таймс " сонин.2005.05-р сар.
Хятадын эрлийз төрийн түшээ байсан төдийгүй эвслийн үеийн дөрвөн засгийн
газрын гурвыг нь Хятадын эрлийзүүд тэргүүлж байсан. (“Ардчилал таймс”
сонин.2005.05-р сар.) гэх мэт эдгээр өгүүлбэрийг үзэхэд баримтын алдаа
болох нь илэрхий байна. Учир нь тухайн хэргийг хэний хүсэлтээр, хэн
хийсэн нь тодорхойгүй, дам сонссон баримт бөгөөд, Монголын төрийн түшээд
хятад хүмүүс байсан гэдгийгхэн нотолсон нь ч бас л тодорхойгүй байна.
Иймээс аливаа зүйлийг зөв сайхан найруулж бичихийн тулд тухайн зүйлийн
талаар зайлшгүй үнэн бодит баримт сэлтэд тулгуурлаж бичсэн байх
шаардлагатай юм.

*2. Учир зүйн алдаа*
Сэтгэхүйн хууль учир шалтгааны хэм хэмжээг зөрчсөнөөс үүссэн алдааг
хэлнэ. Тиймээс учир зүйн буюу логикийн хуулиудыг сайн мэдэж байх нь
чухал. Ийм алдаа ихэвчлэн учир зүйн хуулиудыг мэдэхгүйгээс үүсдэг.
(Ц.Сү.2004) Жишээ нь: "Алгын чинээхэн биетэй алаг хонгор үр минь энэ жил
арван найман нас хүрч байгаа юм.” (ярианаас) Энэ өгүүлбэрийг ажиглавал:
1. Арван найман нас хүрч байгаа хүн насанд хүрсэн байна.
2. Алгын чинээ биетэй хүн хэзээ ч байдаггүй учир логикийн хуулийг
зөрчжээ. Ийнхүү бид учир зүйн хуулиудыг нарийн сайн мэддэгч санамсаргүй
байдлаар ийм алдаа их гаргадаг.

*3. Хэл зүйн алдаа*
Монгол хэлний үг бүтэх ёс, үгийн хэлбэржилт, хэл зүйн хэмжээг зөрчсөний
улмаас үүссэн алдааг хэлнэ. Тиймээс монгол хэлний хэл зүйн хэлбэрүүдийг
сайн мэдэж байх чухал. Жишээ нь: Бие биенийгээ хайрлаж, харилцан эвтэй
найртай байгаарай. (сониноос) гэсэн энэхүү өгүүлбэрийг ажиглахад илт хэл
зүйн алдаа гаргажээ. Уг нь "Бие биенээ хайрлаж, эвтэй найртай яваарай"
гэхэд л утга ойлгомжтой болох юм.

*4. Гоо зүйн алдаа*
Хөдөлмөрчдийн гоо зүйн боловсрол, ёс зүйн хэм хэмжээнд нийтэлж байгаа
аливаа зүйл үр дүнтэй, өгөөжтэй байх ёстой. Гоо зүй, ёс зүйн хэм хэмжээг
зөрчсөнөөс уг алдаа үүсдэг. (Ц.Сү.2004) Жишээ нь: Тэр бүсгүйн хоёр
хөөрхөн алаг нүд нь дөнгөж төрсөн тугал шиг тормолзоно. (сурагчийн
зохион бичлэгээс) гэсэн өгүүлбэрт бүсгүйн хоёр алаг нүдийг дөнгөж төрсөн
тугалын нүдтэй зүйрлэсэн нь зохимжгүй болсон мэт санагдана. Учир нь
дөнгөж төрсөн тугалын хоёр нүд тормолздог нь юу л бол?, Харин "Ботгон
нүд"-тэй зүйрлэвэл арай дөхүү мэт.

*5. Үг буруу сонгосон алдаа*
Уг алдаа нь үгээ онож сонгоогүйгээс илэрхийлэх гэсэн зорилгодоо хүрч
чадахгүй, тэр ч байтугай огт өөр ойлголт төрүүлж болох найруулгын алдаа
үүсдэг. Ийм алдаа нь тухайн ойлголтод тохирох үг олоогүйгээс, ойролцоо
утгатай үгнүүдийн хамгийн оновчтойг сонгоогүйгээс, олон утгаар
хэрэглэгддэг үгийн нийтээр хэлж хэвшсэн байдлыг гажуудуулснаас,
уламжлалт найруулгын ёсыг мэдэхгүй (Ц.Сү.2004) зэрэг шалтгаанаас болж
үүсдэг байна. Жишээ нь: "Улс төрийн амбицаа дийлж чадахаа болиод байна"
гэсэн өгүүлбэрт амбиц гэх гадаад үг заавал хэрэглэх шаардлага байхгүй
баймаар. Уг үгийг толь бичигт:
1. Их зан биеэ тоох
2. Сагсуурах
гэж тайлбарлажээ. Тэгэхээр уг өгүүлбэрийг "Улс төрд хэт орсноос биеэ их
тоож байна" гэж найруулбал зүйтэй болох юм.

*6. Үг илүүдсэн алдаа*
Шаардлагагүй илүү үг нуршсанаас чухам юу гэж өгүүлэх гэж байгааг
ойлгоход бэрх байдаг. Ийм алдаа нь ихэвчлэн хэлний хэмнэлтийн зарчмыг
зөрчсөнөөс үүсдэг. (Ц.Сү.2004) Хэлний хэмнэлтийн зарчим гэдэг нь бичиг,
ярианы явцад тухайн найруулгад хэрэггүй үгсийг хасахыг хэлнэ. Тиймээс
монгол хэлний үг товчлох ёс, үг хэмнэлтийн зарчмыг мэдэж байх нь чухал
байдаг. Жишээ нь: "Намайг багад аав намайг сургуульд суулгахгүй гэж бөөн
юм болдогсон. Би ч гэсэн суух дуртай байгаагүй л дээ" (сурагчийн зохион
бичлэгээс) гэсэн өгүүлбэрт дэндүү нуршсанаас болж ойлгоход бэрх болжээ.
Тиймээс уг өгүүлбэрийг "Аав намайг багад сургуульд оруулахгүй гэж бөөн
юм болдогсон. Би ч гэсэн суух дуртай байгаагүй л дээ" гэж найруулбал
илүү оновчтой байна.

*7. Үг дутсан алдаа*
Энэ нь учир шалтгааны шаардлагатай зайлшгүй байх үгийг орхисноос утга
ойлгомжгүй болох, илэрхийлэх гэсэн санаагаа гаргаж чадахгүй байх явдал
тохиолддог. (Ц.Сү.2004) Ийм алдаа нь өгүүлж байгаа зүйлээ хэт товчлох
гэж байгаад утгыг гажуудуулснаас, хэлний хэмнэлтийн зарчмыг буруу
хэрэглэснээс үүсдэг. Жишээ нь: "Чадварлаг бурхан шиг эмч явуулжээ"
(сониноос) гэсэн өгүүлбэр ерөнхийдөө ойлгогдох боловч утгын хувьд нэг л
дутмаг болжээ. Үүнийг "Чадварлаг, сайхан сэтгэлтэй, бурхан шиг эмч
явуулжээ" гэвэл илүү утга төгөлдөр болох юм.

*8. Дүрслэх буюу яруу хэрэглүүрийг оновчгуй сопгосноос үүссэн алдаа*
Энэ алдаа нь монгол хэлний уран дүрслэл, яруу хэрэглүүрийг оновчгүй
хэрэглэснээс үүсдэг. (Ц.Сү.2004) Жишээ нь: ... Хөх өвгөний нүүр шиг
Хүйтэн сарыг хөнжил юугаан болгон (Х.Т "Улиас" шүлгээс) гэхэд, сарыг
"хөх өвгөний нүүр"-тэй зүйрлэсэн нь оновчгүй болжээ. Тэгээд ч хөх
нүүртэй өвгөн хүн байдаггүй байлтай. Мөн сар алсаас харагдахдаа хэзээ ч
хөх өнгөөр харагддаггүй харин шарлаж, эсвэл цагаарч харагддаг шиг санагдана.

*9. Үг давтсан алдаа*
Уг алдаа нь нэг үг буюу нэг үндэстэй үгийг олон дахин давтан
хэрэглэснээс үүсдэг. (Ц.Сү.2004) Тухайн өгүүлж байгаа зүйлд нэг юмуу нэг
үндэстэй үгийг олон удаа давтан хэрэглэхэд найруулгын уран яруу, хурц
тод өнгө аяс суларч, улмаар найруулгын алдаа болдог байна. Жишээ нь:
Уншигчийн үнэмлэхийг та олгох уу?, Уншигчийн үнэмлэхийг хаанаас авч
болох вэ? Уншигчийн үнэмлэх ямар үнэтэй вэ? (номын санчид хандсан оюутны
ярианаас ) Энэ өгүүлбэрт нэгэн оюутан "Уншигчийн үнэмлэх" гэсэн үгийг 3
удаа давтсан байна. Үүнийг "Уншигчийн үнэмлэх ямар үнэтэй, хаанаас авч
болох вэ? гэсэн ганцхан өгүүлбэрт багтаахад төвөггүй ойлгож болох юм.

*10. Үгийн өнгө аяс гажсан алдаа*
Тухайн найруулгад үгийн өнгө аясыг тохируулах нь найруулгын чухал
шаардлагын нэг юм. Тийм учраас олон утгаар хэрэглэгддэг үгсээс хамгийн
зөв оновчтой, тухайн найруулгад аль тохирох үгсийг зөв сонгон хэрэглэх
нь чухал. Нэг л үгийг буруу сонгосноор тухайн найруулгын утгыг бүр мөсөн
сулруулах нь ч бий. (Ц.Сү.2004) Жишээ нь: "Наадмын талбайд хөл тавих
зайгүй хүмүүс багширчээ." Гэсэн өгүүлбэрт "багширчээ" гэсэн үг нь
найруулгын өнгө аясыг гажуудуулжээ. "багшрах" гэдэг нь амьтад олноороо
цугларахыг хэлдэг. Үүнийг хүн дээр хэрэглэсэн нь буруу болжээ.

Ийнхүү аливаа зүйлийг найруулан бичихэд, найруулан бичих арга ухаан
машид хэрэгтэй байдгаас гадна, найруулгын алдаа хэрхэн үүсч болдгийг
мэдэж байх нь чухал ач холбогдолтой. Найруулга зүйн ухаан дахь хэлний
хэрэглүүрийн хүрээ маш өргөн төдийгүй, аливаа хэлний үгийн сангийн
баялагийг зөв эзэмшиж сурах нь бидний амьдралд маш хэрэгтэй. Эдгээрийг
зөв ойлгож, найруулж сурваас найруулгын ур маяг улам баяжих төдийгүй бид
эх монгол хэлнийхээ яруу гайхамшигийг олж харах болно.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...