Jul 30, 2011

ЯНЦГААЛТ ХИЙДЭГ АДУУ

Thursday, June 23, 2011

эх сурвалж: ГЭГЭЭН ОРЧЛОН блог



       Монголын радио ярьж байна. Малчин нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн хөтлөгч нь бололтой сөөнгидүү хоолойтой нэгэн эрэгтэй хүн Завхан аймгийн Отгон сумын уугуул,  одоо хотын ойрхон адуу голдуу маллаж буй уяачийнд буужээ. Уулзаж байнаа. Хөтлөгч нь их урт урт асуулт асуух юм. ... хөдөө ч сайхан байна шүү (ойрд хөдөө гадаа гараагүй бололтой, сэтгэл нь л хөдлөөд байгаа шинжтэй), ... энэ ногоо цагаа ч сайхан байна шүү... гэх зэргээр асуултынхаа өмнө нэлээн халилтай (халаалтгүй байсан гэж найдав!) авч байна. Тэгснээ “... хүүе ингэхэд, энэ адууны янцгаалтыг сонсоод сууж байх сайхан биз?” гэсэн шүү юм асуулаа.

       Гавьяат эмч “элэгний” М.Шагдарсүрэн гуай надад бас ийм нэгэн жишээ хэлсэн нь гэнэт санаанд оров. Насаараа хөдөө амьдарсан, жар дал хүрч яваа хөгшид “өвдөлт өгөөд” байна гээд ярьж байх юм, энэ одоо яаж байгаа нь тэр вэ?” гэж билээ.
      Уулын мухарт араажав, эмгэн хоёртойгоо л харьцдаг өвгөнд –лт гэдэг чамин, ганган, албархуу, сүржигнүүр залгаварыг хэн заагаад өгчихөв өө?. Монголын радиогийн “Малчин” нэвтрүүлгийнхэн зааж өгсөн юм болов уу?
         Уршиг үүгээр дуусахгүй. Хүлээлт үүс- (хүлээ-), тууралт үүс- (туур-), ойртолт хий- (ойрт-), хиртэлт бол- (хирт-), уналт хий- (уна-), хөлдөлт өг- (хөлд-) гэх мэтээр үргэлжилнэ. Гэхдээ энэ бол монгол хэлний үйл үгийг –лт залгавараар хэлбэржүүлж болохгүй гэсэн үг биш юм. Байнга давтагддаг, удаан үргэлжилдэг юмыг л ийн хэлбэржүүлдэг сэн.
       Адуу янцгаахыг сонсох сайхаан. Ингээд энэхүү юмандаа (шүүмж гэх үү, юу гэх вэ) төгсгөл болгоод, мөн улсын наадам маань дөхөж буй тул дунд сургуулийн 6 дугаар ангийн уран зохиолын сурах бичигт байдаг байсан, Д.Нямаа гуайн нэгэн шүлгийг оруулья.
                     
                “Шөнийн талд адуу янцгаана
Эртний домог шиг буурал тал
Эргэн тойрон чимээ алдарна
Алс замын алжаал тайлж
Аяны хүн талдаа хононо
Гүн харанхуйд тэнгэрийн заадас
Гүүн зэл шиг сунайн цайрна
Амгалан талын аяс хөндөж
Алдуурсан унага шиг од харвана
Эртний домог шиг буурал тал
Эргэн тойрон чимээ алдарна
Оддын дундаас ижлээ үзсэн юм шиг
Шөнийн талд адуу янцгаана

Жич: МУИС-ийн профессор Ц.Шагдарсүрэн багш албархуу, сүржигнүүр –лт ийн тухай “Эх хэлээ эвдэхгүй юмсан” гэдэг номондоо “Илт даварсан -лт”гэдэг өгүүлэл бичсэнийг уншаагүй нэг нь олж уншаарай.  
 

ЗУРААС (-)

эх сурвалж: ИРЭЭДҮЙ блог

10/17/2010


Намтар түүх нь он цагаар хэмжигддэг. Хүмүн нэгэн цагт эхлэж нэгэн цагт бээр дуусна. Эхлэсэн цаг нь тодорхой ч дуусах цаг тодорхой биш юм шиг хэрнээ тодорхой. Хүмүүс он цагийг бүгдээрээ дамжлан авч авч явах бөгөөд зарим нэг нь замын дундаас нэгэндээ ачааны хүндийг үүрүүлээд буцаад явчих. Бэлгэдэл гэгч их том зузаан зүйлээс бус өчүүхэн зурааснаас эхлэмүй. Нэг жижигхээн зураас л нэг юм хэлээд байх. Европын жаяг ёсоор хүний төрсөн оныг бичээд ард нь зураас тавидаг бол (1934- иймэрхүү маягаар) монгол хүнд ингээд тавихаар дуусах өдөр тосоод, дуудаад, хүлээгээд байгаа юм шиг сэтгэл сэрхийж, ёр татах шиг санагддаг аж. Монгол хүн эхлэл нь тодорхой ч төгсөхгүй юм шиг бодож сэтгэдэг аж. Манай нэртэй нэгэн уран зохиолчийн намтар бичихдээ төрсөн оных нь ард зураас тавичихсан чинь түүнийг үзээд аймаар муухай сэжиглэж байгааг бас харлаа. Ажиглахнээ төрсөн оныхоо хойно зураас тависан монгол хүн нэгийг ч харсангүй. Ёрлож биш бэлгэдэж бэлгэшээж амьдардаг монгол зангийн өчүүхэн жишээ энэ буй за.

Компьютерийн тэмдгүүд юу өгүүлнэ вэ?

1.Тэжээлийн товчлуур (Power button)


Дэлхийн хоёрдугаар дайны үед инженерүүд тусгай тэжээлийн товчлуурын дарагдсан эсэхийг тэмдэглэхдээ хоёртын тооллын системийн 1, 0-ийг ашигладаг байжээ. Унтраалга дарагдсан бол 1 буюу ассан, дарагдаагүй бол 0 буюу унтарсан гэж тэмдэглэдэг байсан байна. Харин 1973 онд Олон улсын Цахилгаан техникийн хороо (International Electrotechnical Commission) зурган дээр үзүүлсэнчлэн задгай тойргийн дотор зураас оруулан тэмдэглэдэг болсноор цахилгаан хэрэгслүүдэд ашиглагдаж эхэлжээ.

2. @ тэмдэг


Энэ тэмдгийг олон оронд янз бүрээр нэрлэдэг. Франц, италичууд “сүүл”, хятадууд “жижиг хулгана”, харин германд “Сармагчингийн сүүл” гэж нэрлэдэг. Компьютрийн хэрэглээнд и-мэйл хаягт ашиглагддагийг нь мэдэхгүй хүн байхгүй биз. 1971 онд програмист Raymond Tomlinson ARPANET буюу анхны интернэтийн сүлжээнд мэйл системийг нэвтрүүлэхдээ мэйл хаягаа машины хаягнаас тусгаарлах зорилгоор @ тэмдгийг анх хэрэглэж эхэлсэн байна. Гэхдээ 1885 онд Underwood Typewriter Company хэмээх бичгийн машины компани анх гаран дээрээ @ тэмдгийг оруулжээ. Энэ нь “at the rate of” гэсэн утгыг илэрхийлдэг байж. Зарим эх сурвалжийн дурдсанаар 6-р зууны үед лам нар энэ тэмдгийг ашиглаж байсан гэдэг.

3.USB


USB лого нь олимпийн бурхан Neptune-ий сэрээтэй адил төстэй байдлаар зурагджээ. Гэхдээ сэрээний үзүүрүүд дэх хурц үзүүр нь гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрсүүдээр солигджээ. Энэ нь бүх төрлийн төхөөрөмж USB стандартаар холбогдоно гэдгийг илэрхийлсэн юм байна.

4. Apple команд товчлуур дээрх тэмдэг


Apple-ийн комманд тэмдэг Аpple-ийн гаран дээрх энэ тэмдэгтэй хослуулан бусад товчлууруудыг дарснаар тодорхой командуудыг үүсгэж болдог. Windows-д ч мөн адил ийм товчлуур бий. Гэхдээ Apple-ийн хувьд үйлдлийн системийнх нь лого биш, тэс ондоо лого байдаг. Үүнийг тухайн үеийн багийн гишүүн Andy Hertzfeld санаачилжээ. Харин Steve Jobs энэ саналыг нь эсэргүүцэж үндсэн логогоо тавих гэхэд Hertzfeld Apple-ийн лого хэтэрхий олон байна, ингэснээрээ үнэ цэнийг нь унагаана хэмээн өөр лого тавихыг зөвлөсөн аж. Ингээд уран бүтээлч Susan Kare олон улсын тэмдэг дүрсний толь бичгээс энэхүү тэмдгийг олжээ. Энэ нь Шведээс гаралтай “Gorgon loop” гэж нэрлэгддэг тэмдэг бөгөөд өдийг хүртэл ашигласаар байгаа билээ.

5. Bluetooth


Bluetooth буюу монголчилбол “Цэнхэр шүд” гэж нэрлэгдэх энэ төхөөрөмж нь анх шүд шиг хэлбэртэй байжээ. Мөн цэнхэр өнгөтэй байсныг та бараг таасан биз. Гэхдээ тэмдэгний хувьд өөр учир агуулгатай юм байна. 10-р зууны үед Harald Bluetooth хэмээх Данийн нэгэн хаан байжээ. Жинхэнэ нэр нь Harald Gormmson бөгөөд нэрс жимсэнд учиргүй дуртай байсан учир шүднүүд нь байнга цэнхэр өнгөтэй байсан гэнэ. Иймээс Bluetooth-ийн логонд энэ хааны нэрний эхний үсгүүд болох “H”, “B”-г эртний скандинов, германы үсгээр оруулж өгчээ.  Нөгөөтэйгүүр Harald хаан нь тухайн үед зөрчилтэй байсан Норвеги, Швед, Данийн олон овог аймгуудыг нэгдэхэд чухал нөлөө үзүүлсэн нь Bluetooth технологи компьютер, гар утас, принтер зэрэг олон төхөөрөмжүүдийг нэгдэж ажиллахад тус болдогтой төстэй гэнэ.

Эх сурвалж: www.ktla.com

Jul 28, 2011

The Circle of Life (А-С)



МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛЛЫН ТҮҮХ

эх сурвалж: http://baatarhuyag.niitlelch.mn/content/3231.shtml

2011 оны 6 сарын 29 Ц.Навагчамба агсны дурсгалд

Манай төрийн дуулал их сонин түүхтэй юм. Магадгүй бусад улсынх ч ийм байдаг байх. Тиймээс уншигчиддаа зориулж төрийн дууллын түүхийг өөрийн цуглуулсан, сонссон мэдсэн хэмжээнд хүргэж байна. Улам илүү нягтлах нь түүхч, хөгжим судлаач, утга зохиол шүүмжлэгчдийн ажил болов уу. Би зөвхөн сэтгүүлчийн хувиар цуглуулсан материал аман яриануудыг эвлүүллээ. Урт болчихож, гэхдээ ном уншдаг хүнд уртдахгүй ээ. Тэгээд ч зарим сэхээтнүүд нэг нэлийсэн том юм уншихсан гэдэг учраас нэг их танасангүй ээ.

Нөгөөтэйгүүр энэ өгүүллээ коммунизмын жилүүдэд “Төрийн дуулал хассан, зассан” хэргээр 27 жил цөлөгдөх ял шийтгүүлсэн Ц.Навагчамба агсны дурсгалд зориулж байна. Тэрээр асар их цуглуулгатай хэлмэгдлийн талаар их олон ном, өгүүлэл бичсэн хүн агаад манай “Улстөрийн сонин”-д тоймчоор ажиллаж байгаад нас барсан юм. Бид хоёр хамтарч “Эдийн засгийн хэлмэгдүүлэлт” хэмээх нэг ном хэвлүүлсэн агаад намайг зохиогч бол гэсэн, гэвч нэг ч зохиомол юмгүй тул “эмхэтгэсэн” гэх нь зүйтэй гэж шийдсэн юм. Уг нь эмхэтгэгч нь Навгаа ах, редактор нь би юм. Гэвч олон өгүүллийг маань редакторлаж, их ч зүйл нэмсэн тул энэ удаад чи эмхэтгэгч бол гэж найр тавьж билээ. Өнөөдөр үйл явдлын  амьд гэрч цөөрч байна. Коммунизмын жилүүдэд түүхийг их засварласан тул бичиг баримт ч үлдсэнгүй, гагцхүү амьд түүх үнэн болж байна. Энэ өгүүлэлд олон аман түүх бий, харин үүнийг нотлох нь миний ажил биш, судлаачдынх буй за.   


Эртний дуулал

Орчин үеийн үндэсний төр улсын олонх Үндсэн хуульт засаглалтай. Үндсэн хуулиндаа зайлшгүй тусгадаг зүйлс нь төрийн сүлд, далбаа, төрийн дуулал юм. Төрийн далбааны өнгө тухайн үндэстний хамгийн сайн өнгө хэмээн бэлгэддэг өнгөнөөс бүрдсэн байх нь олонтаа. Коммунист улсууд улаан голдуу, исламын улсууд ногоон голдуу өнгөт далбаатайг бүгд л мэднэ. Мөн төрийн бэлгэдлийн утга учир нь зөвхөн өнөө цагийн сэтгэлгээг тусгаж, ирээдүйг бэлгэдээд зогсохгүй өнгөрсөн түүхийг агуулсан байдаг.

Монголын төрийн далбаа улаан хөх хоёр өнгөнөөс бүрддэг. Хөх өнгө бол тэнгэрийн өнгө бөгөөд эртнээс Монголчууд тэнгэрийг шүтэж ирсэн. Монголчуудын уламжлалт бөөгийн шашны хамгийн дээд шүтээн бол тэнгэр юм. Эртний түрэг, хазаар булгар хэлэнд тэнгэрийг “тангра” гэх ба хуучин уламжлалт бичигт “тэнгри” хэмээн бичдэг. Харин улаан өнгө нь нэг талаас коммунист засаглалд байсныг илтгэх авч зөвхөн энэ агуулгаар тайлбарлах нь учир дутагдалтай. Улаан өнгийг Монголчууд эртнээс галын өнгө хэмээн шүтэж ирсэн ба Богд хаант Монгол Улсын төрийн далбаа цулгуй улаан өнгөтэй байсан юм билээ.

Ер нь цулгуй үндсэн долоон өнгө аль ч үндэстэн, соёлд ямар нэг байдлаар сайны бэлгэдэл болсон байх нь олонтаа. Монгол Улсын төрийн далбааг бусад үндэстэн улсын төрийн далбаанаас ихээхэн онцгой содон харагдуулдаг зүйл бол “Алтан  соёмбо” юм. Соёмбо үсэг бол Чингис хааны шууд угсаа Халхын анхдугаар богд Занабазар гэгээний зохиосон “өөрөө бүтсэн үсэг” хэмээх шашны судар бичих үсэг агаад эртний самгарьд, түвдийн номын бичигт үндэслэсэн гэдэг. Юань гүрний үед их гүрэн даяар хэрэглэж байсан дөрвөлжин үсэгтэй төстэй. Харин “Соёмбо” үсэг нь тусгаар тогтнол мандал бадралын бэлгэ тэмдэг болсоор иржээ.

Анх соёмбо үсгийг Богд хаант Монгол Улсын төрийн сүлд болгон, төрийн далбаанд дүрсэлдэг болсон ба коммунист засаглалын жилүүдэд соёмбо үсгийг халаагүй юм. Соёибо үсгийн дээр залсан гал, нар, сар бол олон мянган жил нүүдэлчин гүрнүүдийн шүтэж ирсэн үл мөхөх, мандан бадрахын бэлгэдэл юм. Манайхан галын дөлийн голынхныг өндөр дүрслэх дуртай, гэвч Ринчин гуайн тайлснаар галын гурван дөлийг тэгш дүрслэх учиртай агаад энэ нь өнгөрсөн одоо ирээдүй гурван цагт тэгш мандан бадрахыг бэлгэддэг ажээ. Гэтэл энэ өгүүллийг бичихээр судлах явцад Өндөр гэгээний судруудад нар, сарын дээр гал бус “од” дүрсэлсэн байдаг тухай түүхч Лонжид гуай ярьсан нь бас сонирхол татна.    Үндсэндээ төрийн бэлгэдэл нь Монгол үндэстэн төр улсын олон мянган жилийн түүхийг хураангуйлан өгүүлж байдаг.

Энэ удаад төрийн бэлгэдлээс төрийн дууллын түүхийг сурвалжилснаа өгүүлье. Дашрамд энэ өгүүллийг баримтат кино болгохоор “25 дугаар суваг” телевизийн уран бүтээлчид ажиллаж байгаа болно. Бэлгэдэлийг дорно дахинд түгээмэл хэрэглэдэг гэж олон хүн боддог авч өрнө дахинд ч түгээмэл хэрэглэдэг. Төрийн далбаа, сүлд, дуулал нь өрнийн соёлын тусгал болж дэлхий дахинд түгсэн юм. Гэвч энэ бол дан өрнийн уламжлал бус ажээ.

Эзэн Чингисийн Их Монгол гүрний төрийн дуулал байж болох хэд хэдэн дууллын үгийг судлаачид олж тогтоосон байна. XIX-XX зууныг дамжин амьдарч байсан эрдэмт хүн  Лувсанчойдон "Монголын зан үйлийн ойлбор" хэмээх судалгааны зохиолдоо "Чингис хааны үеийн төрийн дуулал болбаас цэргийн сүр хүч, эзний буяныг магтаж дуулсан байдаг" гэжээ. Судлаачийн нотолж буйгаар тэдгээр дуулалд:
                       "Эзэн төрийн эрхээр
                        Эелэж хамт жаргая
                        Хааны их буянаар
                        Хамаг улсаа хамтатгая
                                    Эрхэм шашны гэгээнд
                                    Эебээр хамт жаргая
                                    Хаан эцгийн буянаар
                                    Харгис мууг арилгая"
  гэсэн дууны үгийг тэмдэглэжээ.
Гэвч энэ үгэнд шашны талаар онцлон дурдсан нь Их Монгол гүрний дуулал гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Тухайн үед Монголын эзэнт гүрний олон овог аймаг, улс тус бүрдээ загалмайтны несторын урсгал, бурхны шашин, лалын урсгалыг шүтэж байсан ба Монголчууд бөөгийн шашныг шүтдэг байв. Мөнх хаан Рубруктай уулзахдаа “Хүн бүр таван хуруутай, таван хуруу урт богино байдгийн адил улс үндэстэн бүрт өөр өөр шашин бий, та нарт ном судар, лам байдгийн адил бидэнд бөө зайран бий. Та нар шашин номоо дагаагүйн тулд доройтон буурсан байна, харин бид бөө зайрангаар дамжуулан тэнгэрийн зарлигдсаныг дагадаг тул ийм хүчирхэг байгаа юм” гэж хэлж байжээ. Их гүрэнд тухайн үеийн дэлхийн бараг бүхий л шашны урсгалыг шүтэгсэд байсан ба аль нэг шашныг онцгойлон тэтгэж байгаагүй юм.
Өөр нэгэн дуулалд:

 "Сансар хүрд эргэх ёсон
  Салхин мэт түргэн
  Сайн муу заяаных
  Сааташгүй жаргая бид
            Огторгуйн салхин тэгшгүй
            Орчлонгийн хүмүүн мөнхгүй
            Олдох алдах тогтсон хэмжээ
            Учирсан цагт жаргая бид"
хэмээн дуулдаг байжээ.

Энэ дууны үг ч мөн бурхны шашны нөлөөн дор бичигдсэн шинжтэй, Монгол хэлэнд хожуу нэвтэрсэн самгарьд үг олонтаа орсон тул их гүрний  төрийн дуулал байх баталгаа муутай юм. Гэвч эдгээр дууллыг Их Монгол гүрнээс хойш үе, шарын шашны дахин дэлгэрлийн үед Монголын овог аймаг, ханлигуудад дууллын хэмжээнд дуулдаг байсныг үгүйсгэх аргагүй юм.  

Харин "Эртний сайхан" дуу нь хамгийн эртний гаралтай гэгдэх бөгөөд "Чингисийн төрийн дуулал" буюу "Сүлд дуу" хэмээн монголчууд зон ихэд хүндэтгэлтэй ханддаг байжээ. Олон судлаачид энэ дууг Их гүрний үеийн төрийн дуулал мөн гэж үздэг. Гэхдээ энэ дуу анх гарахдаа "Эртний сайхан" нэртэй байсан эсэх нь бас тодорхойгүй. 1930-аад оны үеэс энэ дууг бараг дуулахаа больжээ. Тухайн үед феодалын үеийн дуу хэмээн олон дууг жагсаалт гарган, намын тогтоолоор дуулахыг хорьж байсан агаад тэр жагсаалтад энэ дууны нэр орсон эсэхийг тодорхойглж чадсангүй, аман сурвалжаар хориотой дууны тоонд гарцаагүй орсон гэх авч Ц.Навагчамба агсны цуглуулгад байдаг миний үзсэн жагсаалтад алга байна. Энэ дуу  Магсархурцын Дугаржавын тэмдэглэн үлдээсэн монгол дууны түүвэрт үлдсэнээр өнөө үед хүрч ирсэн байна. "Эртний сайхан" дууны зарим мөр бадаг он цагийн уртад хувирч өөрчлөгдөн ялангуяа бурхны шашны нөлөөлөл нэлээдгүй орсон нь ажиглагдаж байна. Уг дууг төрийн найрын магнай дуу хэмээн найрын эхэнд дуулдаг байжээ.

Эртний сайхан дуунд:

Эртний сайхан ерөөлөөр
ЭнэМонгол оронд нь
Эзэн  Чингис хааны минь
Язгуур угсаа дэлгэртүгэй
            Тэнгэр мэт заяатай
            Тэгш таван оюунтай
            Тэнүүн уужим зарлигтай
            Тэнгэрийн үр сад билээ
Олон одны дундаас
Сарны гэрэл тодорхой
Олон хүмүүний дундаас
Яндар мэт чимэгтэй
            Сүмбэр уулын оройгоос
            Сүндэрлэж цацраад
Сүр жавхлан дэлгэрээд
Сүлд нь бат болтугай
Хамаг номын рашааныг
Ханахын чинээгээр хүртээд
Хаан эзэн Чингисийн өмнө
Хамт бүгдээрээ жаргая
гэж дуулдаг байна.

Ардын уламжлалд дууны эхний утга төгс үгийг дууны нэр болгон хэрэглэдэг уламжлал бий. XIX-ХХ зуунд төрийн найрын магнайд дуулдаг айзам урт дуунууд байсан ба “Эрхэм төр”, “Уяхан замбативийн нар”, “Түмэн эх” зэрэг дууг энгийн үед дуулахгүй төрийн найр, наадамд л дуулдаг уламжлал байжээ. Айзам уртын дуу бол аялгууны хувьд хоолойн цараа шалгасан тэр бүр хүн дуулаад байдаггүй маш том дуу агаад үг нь гүн ухааны болон шашин төрийн сэдэвтэй, дуулах нарийн ёс жаяг хүртэл тогтон уламжлагдсан байжээ. Мөн “Дуртмал сайхан”, “Уяхан замбутивийн наран” зэрэг алдартай сонгодог айзам уртын дуу манай үед уламжлагдан иржээ. Богд хаант Монгол Улсын үед лам, шашин, бурхан, хааныг магтсан "Авралын дээд Богд лам", "Эрдэнэ мэт шашин" зэрэг уртын дууг төрийн ёслол, дээд хүндлэлийн найранд дуулдаг байжээ.

Төстэй нь Европ дахинд төрийн дууллын аялгууг бичих арга барил ч их ондоо байдаг ажээ. Сонсвол хөгжим судлаачдын ярих нь манай төрийн дууллын ая дэлхийн олон орны төрийн дуулал дотор их өндөр төвшинд бичигдсэн сайн аялгуутай гэж үнэлэгддэг ажээ.

Анхны төрийн дууллын аялгууг Орос хүн бичжээ

1911 онд Чин гүрэн мөхөж, Монгол Улс тусгаарлав. Төрийн сүлдээр “Соёмбо” үсгийг авч, төрийн далбааг улаан өнгөтэй байхаар тогтжээ. Харин төрийн дууллын хувьд ардчилсан хувьсгалаас хойш судлаачдын анхаарлыг татаж эхэлжээ. 1914 оны 11 дүгээр сард Богд Хааны шадар цэргийн бүрэлдэхүүнд 9 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн үлээвэр хөгжмийн салаа байгуулжээ. Шадар цэргийн дундаас онцгой авъяастайг нь сонгон авч орос хөгжимчин А.Кольцовоор багшлуулан үлээвэр хөгжимд сургажээ.

1910 оны эцсээр Богд хаанд бараалхсан Оросын худалдаачидын дунд байсан нэгэн хөгжимчин Хаант Оросын төрийн дуулал “Бурхан, эзэн хааныг минь ивээг” дууллыг тоглоход Оросууд бүгд босч, малгай аван хүндэтгэж, дууллын эцэст хурайлж байсныг хутагт ихэд сонирхон тогтоож авчээ.

Штраусын аялгууг нэг сонсоод л тогтоодог хөгжмийн онцгой сонсголтой Жавзандамба хутагт хаан болмогцоо төрийн дууллын ая захиалсны дагуу Санкт-Питербургийн Маринийн \Маринский\ театрын хөгжимчин А.Кадлец "Зуун лангийн жороо луус” дууллын аяыг зохиожээ. Аяыг анх сонсгохдоо Маринийн театрын хөгжимчид ирж хөгжимдсөн байна. Тиймээс “Зуун лангийн жороо луус” бол Богд хаант Монгол Улсын албан ёсны төрийн дуулал гэж үзэж болохоор байна.  Нөгөө талаар Монгол төрийн түүхэн дэхь анхны албан ёсны төрийн дуулал болох юм байна. Луус гэх мэт үг орсноос олон хүн цэрвэдэг, олон хүн ардын дууны аялгууг өөрчилж дуулсан гэж үздэг нь анзаарагдаж байна. Гэтэл шашны номоор луус бол бурхны хамгийн сайн унаа гэгддэг талаар түүхч доктор О.Батсайхан ярилаа.

Гуйвсан дуунууд

1921 оны хувьсгал, Хиагтын ялалтын дараа цэргийн хийморийг сэргээн, цог жавхланг нь бадраасан, хувьсгалын анхны дуунууд гарчээ. Цэргийн маршийг орлох “Шивээ хиагт”, “Магнаг үсэгтэй туг” зэрэг дууг  ардын дууны аянд үгийг өөрчлөн дуулж байжээ. Хуурч Гавар, Ганганы Гомбожав, Лувсанцэрэн, Чимэддорж, Бямба, Наваанжав нарын зэрэг партизанууд найман бадаг бүхий “Шивээ Хиагт” дууг зохиожээ. "Хүрэл сум" хэмээх ардын богино дууны аяар дуулж гаргасан хувьсгалчдын анхны дуулал нь бидний мэдэх "Шивээ хиагт" дуу билээ. “Магнаг үсэгтэй туг” дууг Хүрээг чөлөөлөхөөр давших замд зохиожээ. Эдгээр дуунд журамт цэргийн анхны ялалт, жанжин Д.Сүхбаатар, ардын журамт цэрэг, түүний зэр зэвсэгийг магтан дуулаад зогсохгүй “Дөрвөлжин сүмийн үүдэнд дөрвөн пулемёт зоогоод” гэх буюу “Тоолж баршгүй гамин чандрууг Тойрч бүслээд дарсан юм аа хө” гэх зэргээр Хиагтын тулалдааны явц, тактикийг ч дүрсэлсэн байдаг.

Харин тухайн үест ихэд алдаршсан, хожим засварлаж “Улаан туг” нэртэй болсон дууны үгийг ч ихэд өөрчилсөн байна. 1924 оны үест Хүрээнд явж байсан Оросын домогт судлаач Николай Рерих цэргийн жагсаалтай таарчээ. Цэргүүд нэгэн дууг дуулж явсан агаад учрыг лавлахад жанжин Д.Сүхбаатарын зохиосон дуу гэж хэлжээ. Уг дуу нь хожим “Улаан туг” гэгдэх болсон “Жан Шамбалын орон” хэмээх дуу байжээ.

 “Улаан туг” дуу нь Ардын хувьсгалын дараахь зүүн замын байлдааны ялалтын тухай дуу гэж ойлгогдом үгтэй болсноор нь: 
Улаан тугийг мандуулаад
            Улсын сүрийг бадруулаад
            Урвасан хулгай дайснуудыг \Найдан ванг\
            Уухай хийгээд дарав аа хө
гэж бид дуулдаг байсан.

Харин анхны хувилбараар:

Жанжин тугийг мандуулаад
Зэвхий гаминг дарцгаая
Жан Шамбалын оронд
Заавал ч үгүй төрцгөөе

Шар тугийг мандуулаад
Шажны сүрийг бадруулаад
Шавь нар болсон бид нар
Шамбалын дайнд мордоцгооё

Ногоон тугийг мандуулаад
Ноёдын сүрийг бадруулаад
Ножид болсон гаминг
Номхон бороор даруулъя
гэж дуулдаг байжээ.

Харин Николай Рерихийн “Азийн зүрх” номд утгачлан тэмдэглэсэн хувилбарыг орчуулагч Ж.Нэргүй Оросоос орчуулахад, үг нь: “Жан Шамбалын дайн, Умард Шамбалын дайн, Шамбалын эзний баатрууд болж дахин төрөхийн тулд Энэ дайнд үрэгдэнэ ээ” гэсэн агуулгатай байжээ. Ардын журамт цэргийн дөрвөн хороо жанжин туг, шар, улаан, ногоон өнгийн дөрвөн тугтай байсан уу? Лам Хасбаатар нэг хороог удирдаж байсан, энэ нь шар тугийн буюу шашны хороо байх магадлалтай ба ноёдын намын ногоон тугт хороо ч байсан бололтой. “Улаан туг” дууны үгийн анхны хувилбарыг үзвэл хувьсгалд Монголын бүх анги давхарга оролцсоныг гэрчилж байна. Бүр нарийвчилбал “Жан Шамбалын орон” дуу нь цэргийн суртал нэвтрүүлгийн зориулалттай агаад цэрэг дайнд үрэгдвэл Шамбалын оронд төрөх тул үхэхээс айхгүй байхыг ухуулсан шинжтэйг Н.Рерих ажиглан тэмдэглэжээ. Энэ мэтээр хувьсгалын анхны дуунууд бол судлууштай сэдэв юм. Хожим коммунист үзэл суртлын нөлөөгөөр дууны үгийг танихгүй болтол өөрчилжээ.

Албан бус төрийн дуулал

1924 оны 11 дүгээр сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулийг батлав. Энэ үеэс 1923 онд С.Буяннэмэх, Насанбат нарын зохиосон "Монгол Интернационал" хэмээх дуу ихэд дэлгэрч 1940-өөд оныг дуустал албан бусаар төрийн дуулалд тооцогдож байжээ. 1924 оны Үндсэн хуулийн сүүлийн зургадугаар бүлэг “Улсын тамга ба сүлд тэмдэг, туг далбаа гурвын тухай” нэртэй агаад төрийн дууллын талаар заагаагүй юм. Улсын туг далбаа улаан өнгөтэй, сүлд нь бадамлянхуа суурин дээр “Соёмбо” үсэг байхаар туссан ба далбааны голд сүлдийг дүрсэлнэ хэмээн хуульчилжээ. Монгол Улсын төрийн дууллын тухай 1992 оны дөрөвдүгээр Үндсэн хуулийг баталтал Үндсэн хуулинд тусгаж баталдаггүй байсан ажээ.

“Монгол интернационал” хэмээн нэрлэсний учир нь дэлхийн коммунист хувьсгалын сүлд дуулал болсон “Интернационал”-ийг дуурайсан хэрэг агаад нэг үед Зөвлөлт Орос “Интернационал”-ийг төрийн дуулалд тооцож байсан юм. Монгол интернационалийн аяыг зохиосон Н.Насанбат бол Монгол Дотоодыг хамгаалах газрын анхны дарга нарын нэг, ДХГ-ыг Зөвлөлтийн нөлөөнөөс гаргах ажлыг хийсний төлөө албанаас зайлуулагдсан, ардын хувьсгалын партизан, хувьсгалын дараа өмнөд хязгаарыг хамгаалах Дугар зайсаны цэрэгт зөвлөхөөр ажиллаж байсан хүн юм. Жүжиг бичиж, тоглодог Хүрээний боловсролтой,  баруунтан гэгдсэн Н.Жадамбын ах юм. Харин үгийг бичсэн орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Тогтох тайжийн өргөмөл хүү С.Буяннэмэх нар хожим хэлмэгдэн цаазлуулсан юм.

Уг дууны бүтэн нэр “БҮХ ДЭЛХИЙН ЭВ ХАМТЫН III ДУГААР ИНТЕРНАЦИОНАЛИЙН МАГТУУ ДУУ” агаад

Бүх дэлхийн ард түмэнд
Бүрэн эрхийг олгогч интернациональ
Бүдүүлэг ядуу ард түмнийг
Гэгээнээр удирдагч интернациональ

Хамаг дэлхийн ядуу ардыг
Харанхуйгаар мөлжигч харгисуудыг
Хашин арилгахаар эсэргүүцсэн
Хасын замтай интернациональ

Гэмгүй суусан орчлонг
Гэмтүүлэн дарлагч капиталтанг
Хийсгэн арилгахаар эсэргүүцсэн
Гэгээн мөртэй интернациональ

Гайхамшигт жавхлант улаан тугаар
Газрын бөмбөрцгийг бүрхээд
Гал усны гашуун зовлонгоос гэтэлгэгч
Гайхамшигт гуравдугаар интернациональ

Дорно өрнийн олон тив дэх
Доромжлогдсон дарлагдсан ард түмэн
Даруйхан бүгдээрээ босоцгоож
Догшин харгисуудыг дарцгаагтун

Баялаг ноёдуудын эрх мэдэлд
Балбагдан дарлагдсан ард түмэн
Багын хайран наснаасаа
Үйлдвэрт зүтгэсэн ард түмэн

Эдгээр олон зовлонтон нар
Эв хамтын интернационалд нэгдэж
Эрчимтэй ангийн чанарыг баримтлан
Эзэрхэг баячуудыг эсэргүүцье

Жаргалант байдлыг зохион чадагч
Жавхлант туг юугаа байгуулсан
Журамт эв хамт намуудын
Журам холбоот интернациональ

Гэгээн тунгалаг эрдэм соёлоор
Дөрвөн зүгтээ цэцэг дэлгэж
Гэрэлт нарны эрдэнийн туяагаар
Ертөнц дахиныг гийгүүлэх болтугай

Энэхүү дэлхийн ард түмнийг
Эрхбиш нэгтгэх зорилготой
Эв хамтын гуравдугаар интернационал
Үүрд наран мэт мандах болтугай гэсэн үгтэй байжээ.

Халх Монголын асуудал
1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ой тохиожээ. Түүхэн ойг сүр жавхлантай тэмдэглэхээр Намын төв хороо бэлтгэжээ. Тухайн үед Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим дөнгөж байгуулагдаж байв. Ардын хувьсгалын 30 жилийн ойн баярын үеэр социалист орнуудын төрийн дууллыг эгшиглүүлэхээр Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид төрийн шагналт Г.Бирваагийн хамт бэлтгэж байжээ.
Гэтэл БНМАУ-ын албан ёсны төрийн дуулал байсангүй. Хэлмэгдэгчдийн “бүтээл” “Монгол интернационал” дууг төр,  улсын томоохон үйл ажиллагааны үеэр тоглуулдаг байсан аж. Угаас энэ дууг төрийн дуулал болгохоор зохиогоогүй юм. Ийнхүү төрийн дуулалтай болох шаардлага тулгарсан учраас Улс төрийн товчоо 1950 онд товчоо театр, чуулгын уран бүтээлчдийн дунд уралдаан зарлажээ.

Уралдаанд ирүүлсэн бүтээл бүрийг симфони найрал хөгжим болон үлээвэр хөгжим гэсэн хоёр хувилбараар сонсдог байв. Тухайн үед хөгжмийн зохиолчид бүтээлээ нууц нэрээр ирүүлэхээр тогтсон ба төрийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай “Боршувуу”, Б.Дамдинсүрэн “хэрээ” гэдэг нэр авчээ. Төрийн дуулал сонгох шүүгч нь маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын төр, засгийн удирдагчид байжээ.

Нэлээд олон бүтээл сонссоны эцэст маршал: “Тэр боршувуу, хэрээ хоёрынх зүгээр юм” гэж хэлсэн тухай аман яриа байдаг. Ингээд Л.Мөрдоржийн хөгжмийн эхлэл, Б.Дамдинсүрэнгийн бүтээлийн төгсгөлийг нийлүүлбэл зүгээр юм гэсэн санаа гарчээ. Үүний дараа Б.Дамдинсүрэн Л.Мөрдорж нар уулзан, тус тусын зохиолоо бага зэрэг өөрчлөөд шалгуулсан тухай Л.Мөрдорж гуай дурсан ярьсан байдаг. Тэдний хамтын бүтээлийг симфони найрал хөгжимтэй тоглоход Б.Дамдинсүрэн удирдаж, үлээвэр найрал хөгжмийг Г.Бирваа дохисон түүхтэй. Ийнхүү Улс төрийн товчооныхон Төрийн дууллын аяыг сонгосноор тэр үед ЗХУ-д сурч байсан ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнд үгийг бичих үүрэг өгчээ.

Цэндийн Дамдинсүрэн гуай сүлд дууллыг бичих болсон дурсамжаа ийнхүү өгүүлсэн байдаг. "...Улаанбаатарт байхдаа нэг шүлэг бичсэн. Тэгэхэд Ленинградад диссертаци бичих гээд "Гэсэр"-ийг судалж байлаа. Гэтэл Москвагаас дуудлаа. Очтол "Сүлд дууны үг бич" гэв. В.Ленин, И.Сталин, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарыг заавал оруул гэдэг юм байна. Энэ нэрнүүд нь шүлгэнд орж өгдөггүй. Тэр үед Цэгмид Москвад сурч байсан, надад бас тусалсан. Москвад би нэг байранд нэг сарын хугацаатай сууваа... Портвейн, ценандал архи, ногоон вандуй хоёр лаазыг авчихлаа. Улаанбаатараас Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нар надтай утсаар ярина. Би бичсэнээ уншина. Тэр үг нь болно, тэр нь болохгүй гэнэ. Яриад л байна. Утсаар ярьсан зардлыг Зөвлөлтөд суугаа элчин хариуцна. Тэгэхэд Маршал их болгоомжилдог байлаа. "Сергей Михалков, Исаковский хоёртой уулзаж зөвлөлгөө ав" гэлээ. Тэд уншаад их сайн шүлэг болжээ гэлээ. Энэ тухайгаа маршалд дуулгалаа. Гэтэл тэр хоёрынхоо “болжээ” гэсэн гарын үсэгтэй хариуг бичгээр ирүүл гэв ээ. Нөгөө хоёр дээрээ очсон чинь “Бид хоёроор яах гээд байгаа юм” гэлээ. Учрыг нь хэллээ. Тэд ч дор нь зөвшөөрч, хариу өгдөг юм байна. Улс төр, уран сайхныхаа талаас сайн боллоо гэлцэж байсан. Тэгээд "Төрийн сүлд дуулал" гээд гурван жил дууллаа. Гэтэл нөгөө "Халх монгол"-ын асуудал дахин гарч ирэв ээ. Одоогийн энэ шинэ сүлд дууны үг уламжлалт зарчмаа орхиод, шинэ маягаар бичигдсэн юм шүү дээ" гэж дурсчээ. Сүлд дууллыг үгийг “1950 оны 3 дугаар сарын 27-ны өдөр. Москва хотод бичсэн” гэж тэмдэглэжээ. Анхны үг нь:

Дархан манай хувьсгалт улс
Даяар Монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжиж үүрд мөнхжинө.
                    Дахилт:
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаар
Хайрт Монгол орноо мандуулна

Ачит Ленин, Сталины заасан
Ардын төлөө, жаргалын замаар
Агуу Монгол орноо удирдсан
Ачит Сүхбаатар, Чойбалсан
                    Дахилт:
Зоригт Монголын золтой ардууд
Зовлонг тонилгож жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай.

Ц.Дамдинсүрэн гуайн дурссан Халх Монголын “асуудал” гэдэг нь хожим улстөрийн хошин яриа болон түгжээ. Сүлд дууллын “Халх Монголын ариун голомт” гэсэн бадгийг Бямбын Ринчин гуай сонсоод, “Энэ дуулалд Цэдэнбал, бид хоёрыг оруулаагүй юм байна” гэж ёжилсон гэдэг. Ринчин гуай буриад, Цэдэнбал дөрвөд хүн юм. Тэгээд “Даяар Монголын ариун голомт” гэж өөрчилсөн гэнэ. Бас нэг хувилбараар бол хоёрдугаар мөрөнд “Халх Монголын ариун голомт” гэж биш, нэгдүгээр мөрөнд “Дархан манай Халх Монгол” гэж байжээ. Чухам аль нь үнэн болохыг радиогийн бичлэг фондоос олж тодруулах нь зүйтэй байх, Ц.Дамдинсүрэн гуайн өөрийн хэлснээр бол төрийн дуулалд “Халх монгол”-ын асуудал байх нь байж, энэ “асуудалтай” хэвээр нь гурван жил дуулсан ба анхны хувилбараас гурван жилийн дараа төрийн дууллын үгэнд “гар” хүрчээ.

Ийнхүү 1950 оны эхээр зохиолч Ц.Дамдинсүрэн үгийг нь, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нар аяыг нь зохиосон "БНМАУ-ын сүлд дуулал" бүтээгджээ. Энэ дуу нь Монголын төрөөс албан ёсоор батлагдсан хоёр дахь сүлд дуулал байсан юм. “Зуун лангийн жороо луус” хааны таалал байсан бол энэ удаад БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид 1950 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “БНМАУ-ын шинэ сүлд дууллыг батлах тухай” 43 дугаар зарлиг гарган батлаж, 1950 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн орон даяар дуулуулж заншжээ.

Зарлигт: “Ардын хувьсгалын жилүүдэд БНМАУ-ын байдалд гарсан хувьсгалт өөрчлөлтүүдийг харгалзаж БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ.
Нэг. Үгийг Ц.Дамдинсүрэн зохиож, хөгжмийг Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нар оруулсан БНМАУ-ын шинэ сүлд дууллыг баталсугай.

Хоёр: БНМАУ-ын шинэ сүлд дууллыг 1950 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн улс орон даяар дуулж хэрэглэсүгэй.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД гэжээ.

Монгол Улсын төрийн дууллыг зохиосон Ц.Дамдинсүрэнд төрийн шагнал, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нар төрийн шагналыг хоёр дахь удаагаа хүртээж хүндэтгэл үзүүлсэн нь төрийн бэлгэ тэмдгийг бүтээгчийг хүндээр шагнадаг уламжлалаа төрийн эрх баригчид дагасных ажээ.
Үндсэн хууль өөрчлөгдөхөд төрийн дуулал өөрчлөгддөг

1960 оны Үндсэн хуулийг баталсны дараа 1961 оноос сүлд дууллыг дээд газрын шийдвэрээр, зохиолч Ц.Гайтав, Ч.Чимэд нарын үгээр дуулах болжээ.

Урьдын бэрх дарлалыг устгаж
Ардын эрх жаргалыг тогтоож
Бүх нийтийн зоригийг илтгэсэн
Бүгд Найрамдах Улсаа байгуулсан
             Сайхан Монголын цэлгэр орон
             Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
             Үеийн үед энхжин бадартугай
             Үрийн үрд батжин мандтугай
Ачит нам алсыг гийгүүлж
Хүчит түмэн улсыг хөгжүүлж
Бууршгүй зүтгэл дүүрэн хөвчилсөн
Цуцашгүй тэмцэл түүхийг товчилсон
   Дахилт
Зөвлөлт оронтой заяа холбож
Дэвшилт олонтой санаа нийлж
Хандах зүгийг бахтай барьсан
Мандах коммунизмыг цогтой зорьсон
хэмээн тэр үеийн радио өргөн нэвтрүүлгийн эхлэл болон төгсгөлд дуулагдсаар ирсэн юм.

1950 оны төрийн дууллыг гарснаас хойш “Тусгаар улсын төрийн дуулалд гадаад улс орон, хүний нэр орсонд” дэвшилт сэхээтнүүд таагүй хандаж байв. Ц.Дамдинсүрэн гуай Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн шугамаар орон нутагт лекц уншиж явахдаа “Төрийн дуулалдаа гадаад хүний нэр оруулсан нь буруу болсон” гэж ярьснаас санаа авч сэтгүүлч Ц.Навагчамба агсан малчдын календарь зохиохдоо шинэ төрийн дууллын сүүлийн бадгийг санаатайгаар хасч хэвлүүлсний улмаас Дундговь аймагт 27 жил бригадын тоо бүртгэгчээр цөлөгдөж, 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа л нийслэлд амьдрах эрхтэй болж байсан гашуун түүх бий. Ардчилсан хувьсгал ялсны дараа 1991 оноос 1950 оны төрийн дууллын үгийн ихэнх хэсгийг ашиглаж байсан боловч Ц.Навагчамба агсны хассан жишгээр В.Ленин, И.Сталин, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарыг дурдсан хоёрдугаар бадгийг хууль ёсоор хассан байна.

1992 онд шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдахад анх удаа төрийн дууллын талаар Үндсэн хуульд оруулан баталсан байна. Арван хоёрдугаар зүйлд: "Нэг. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын билэг \хуулинд бичсэнээр авав\ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, дуулал мөн. Хоёр. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ. 7. Төрийн билэг тэмдгийг дээдлэн хэрэглэх журам, төрийн дууллын үг, аяыг хуулиар бататгана" хэмээн заажээ.

Үндсэн хуульд заасны дагуу "Төрийн билэг тэмдгийн тухай хууль"-ийг 1994 онд УИХ-аас баталсан юм. Уг хуулинд төрийн дууллыг хаана, ямар үед эгшиглүүлэх болон хэрхэн хүндэтгэх талаар тодорхой зааж өгсөн байдаг. Уг хуулийн  “Төрийн дууллыг хүндэтгэх” хэмээх 22 дугаар зүйлд: “Төрийн дууллыг олон нийтийн өмнө эгшиглүүлэхэд оролцогч бүх хүн босож хүндэтгэнэ” гэж заажээ.   

Монгол Улсын Төрийн билэг тэмдгийн тухай хуулийн хавсралтад төрийн дууллын үгийг бүрэн эхээр нь тусгасан байна. Ингэхдээ үгийг Ц.Дамдинсүрэн, аяыг Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж гэж заажээ.

Дархан манай хувьсгалт улс
Даяар монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжин үүрд мөнxжинө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий чадлаараа
Хайрт Монгол орноо мандуулъя

Зоригт Монголын золтой ардууд
Зовлонг тонилгож, жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
гэсэн үгтэй баталсан байна.

Хамгийн сүүлчийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч Энхбаяр Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан “Төрийн сүлд дууллыг шинэчлэх” зарлиг гаргаж ажлын хэсэг байгуулснаар 2006 оны 7 дугаар сарын 11-нээс эхлэн шинэчилсэн хувилбараар дуулж эхэлсэн гэж тэмдэглэжээ. Радиогийн найруулагч С.Буянхишигийн ярьснаар бол  шинэчилсэн хувилбарыг 2006 оны 7 дугаарын 7-ны шөнө Монголын радиод бичиж 7 дугаар сарын 8-ны өглөө анхлан нэвтрүүлсэн байна. Төрийн дуулалд язгуур уламжлал, утга соёлоо бадруулах үүднээс нэгэн бадаг нэмсэн ажлын хэсэгт манай нэр бүхий зургаан Ардын уран зохиолч оролцжээ.

Ажлын хэсэг сүлд дууллыг өөрчлөхөөр ажиллахдаа Цэндийн Дамдинсүрэнгийн зохиосон ихэнх үгийг хэвээр үлдээж дууллын зарим үг, мөрийг өөрчилж бадаг нэмээд зохиолчийнх нь нэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн юм. 1950 оноос хойш төрийн дууллын үг дөрвөн удаа өөрчлөгдсөн ч ая нь хадгалагдсаар өнөөг хүрсэн байна.

Үг. Ц.Дамдинсүрэн, ая. Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ (Сүүлчийн хувилбар)
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай.

Хойд Солонгосын хүүхэлдэйн кино

봉변 당한 거부기

Jul 26, 2011

Телевизийн мэдээний орчуулгад юу анхаарах вэ?


1.       Арга барил
Бүрэн, эсвэл ойролцоо ойлгогдохоор байвал шууд орчуулж болох боловч тиймгүй бол ялимгүй нэмж тайлбарлах зэргээр тодруулж орчуулж болно.
2.       Телевизийн мэдээ хэмээх хэвлэл мэдээллийн онцлог  
-          Давтах боломжгүй, урсаад л өнгөрнө.
-          Тодорхойгүй олон үзэгчид хүрнэ.
-          Дүрстэй нэвтэрнэ.
-          Сонсогчид дүрстэй зэрэг хүлээн авах боломж олгож, хэт ачаалал өгөхгүй байх ёстой.
-          Хөндлөнгийн чимээ шуугиан давхар сонсогдох нь бий.
-          Орчуулгын хязгаарлалттай. Хадмал орчуулга бол үсэг үеийн хязгаарлалт, дуу оруулах орчуулга бол үг ярианы урт, амны хэлбэр таарч байхаар зохицуулна.

Дүгнэж хэлэхэд,
-          Нэвтрүүлгийн онцлогийг юуны өмнө харгалзах хэрэгтэй.
-          Орчуулгын хязгаарлалтыг анхаарч зохистой илэрхийлж ойлгуулах ёстой.
-          Зөвхөн орчуулгаар биш, бусад дүрс авиатай нийлж нэгдмэл цогц утга илэрхийлэх учиртай. Иймд утгачилж, сорчилж, хураангуйлж, гол утгыг базаж илэрхийлэх аргуудыг сайн ашиглах хэрэгтэй байдаг.
-          Тухайн хоёр улс орны соёлын талаар арвин баялаг мэдлэгтэй байх нь зүйтэй. Олон улсын мэдээ нэвтрүүлэг бол олон улс орны соёлыг мэдэх шаардлагатай.
-          Эх хэлээ чадварлаг эзэмшсэн байх ёстой. Ялангуяа шинэ соргог мэдээллийг цаг алдалгүй хүргэж ойлгуулж чадах боловсрол мэдлэг шаардагдана. Гадаад хэлний нөлөөнд автсан этгээд эх хэлээр илэрхийлдэг завсрын(хатуухан хэлэхэд “эрлийз”) хэлтэй хүмүүсийн хувьд энэ талаар онцгойлон анхаарах ёстой. Мэдээ нэвтрүүлэг янз бүрийн мэргэжил давхаргын олон хүнд зэрэг хүрдэг учир иргэдийн хэл соёлын хэрэглээнд асар их нөлөөтэй. Үнэхээр сайн орчуулга бол “ээрч гацахгүй” чөлөөтэй, орчуулга гэж анзаарагдахааргүй байдаг.
   

Ашигласан: 곽중철, 해외 TV 보도 통역 번역 방법론


Хадмал орчуулга, дуу оруулах орчуулга


Зардлын хувьд дуу оруулагчийн хөлс, дуу бичлэгийн өрөөний төлбөр, дуу дүрсээ тааруулах зардал орохгүй учир хадмал орчуулга (자막넣기 subtitling) хямд байдаг.

Алийг нь их хэрэглэх вэ гэдэг нь гол төлөв үзэгчдээс шалтгаална. Хүүхэлдэйн кино, хүүхдийн нэвтрүүлгийг ер нь дуу оруулж (더빙 dubbing) орчуулдаг. Харин эх киноны дуу авиаг сонсохыг илүүд үзвэл хадмал орчуулга хэрэглэдэг. Тухайлбал кино, мэдээ нэвтрүүлгийн хувьд хадмал орчуулга хэрэглэх нь элбэг. Бас үзэгчид эх хэлээрээ сонсохыг эрхэмлэдэг, гадаад хэл сайн мэдэхгүй бол дуу оруулах орчуулга тохиромжтой.

Орчуулгын ялгаа их бий. Учир нь хадмал орчуулгад дэлгэцийн нэгээхэн хэсгийг л хэрэглэдэг бол дуу оруулахад авианы сонсогдоцыг чухалчилна. Мөн хадмал орчуулгад нэг мөрөнд орох үг үеийн тоог хязгаарладаг. Солонгост зай авахыг оруулалгүй 13 үе байх ёстой гэсэн бичигдээгүй хуулийг мөрддөг. Гадаадын бусад оронд уншихад тохиромжтой гэж үзэж хадмал орчуулгын нэг бичвэр 6 секунд харагдах журмыг баримталдаг.

Хадмал орчуулгад үг үсгийн хязгаарыг санаж, дүрс ба яриаг анхаарч, зохих өгүүлбэрийн цэг тэмдэг хэрэглэж утгыг тодруулдаг. Бас эвтэйхэн харагдуулах үүднээс хоёр хүний богино яриа нэг дор гарвал хоёр дахь хүний яриаг дараагийн мөрөөс эхэлж, өгүүлбэрийн эхэнд зураас тавьж ялгах бөгөөд, мөн урт агуулгыг хураангуйлж болно. Дуу оруулах орчуулга бол үг үеийн хязгаарлалт байхгүй, харин дуу авиагаар зохицуулдаг боловч тухайн дүрийг ярьж байгаа юм шиг ам барих ёстой учир эгшиг авианы тоо эх болон орчуулгад ижил байвал зохистой сонсголонтой байдаг. Түүнчлэн өгүүлэх хурдыг харгалзах ёстой. Тухайн хэлний онцлогоос шалтгаалж орчуулж байгаа хэлээр урт буюу богино болох тохиолдол их бий. Урт болох тохиолдолд утгыг алдагдуулалгүйгээр аль болох танаж, харин богино болох гээд байвал дэлгэрүүлэх, давтах, ялимгүй сунгаж хэлж болох талтай. Дуу оруулагч жүжигчин дэлгэцэн дэх дүрээс хурдан хэлж болох ч хэт хурдан бол гүйцэж сонсоход хэцүү болно. Иймд оновчтой үг хэллэг, аялга ашиглаж дүрийн онцлогийг тодруулах маш чухал байдаг. Хүндэтгэлийн хэллэг зохистой илэрхийлж орчуулах ч бас амаргүй.

Мэдээний орчуулгын хамгийн бэрх нь урьдчилан бэлдэх боломжгүй, шууд орчуулах тохиолдол их байдагт оршино. Олон улс орон, нутаг ус бүр өөр өөр аялга дуудлагатай тул орхигдуулалгүй маш анхааралтай сонсох хэрэгтэй. Түүнчлэн эх мэдээ нэвтрүүлэг нь хадмал бичвэр, тайлбар сэлттэй бол орчуулж давхар оруулах зай хомс байдаг. Бас нэвтрүүлэгчийн үг яриа тухайн орчны дуу чимээнд бүрэн дарагдахгүйгээр орчуулж хүргэнэ гэдэг яггүй ажил. Зарим үзэгч сонсогч орчуулгаас гадна тухайн орчны дуу чимээ, нэвтрүүлэгчийн үг яриаг сонсогдохуйц байх ёстой гэдэг бол зарим нь дан орчуулга сонсохыг хүсдэг.

Ашигласан: 곽중철, 해외 TV 보도 통역 번역 방법론

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...