эх сурвалж: http://erdeelym.blogspot.com/2009/03/blog-post_23.html
Хэдэн
жилийн өмнө хэсэг нөхдийн хамт орчуулгын төсөл хэрэгжүүлэхэд ажлын багт
ажилласан нэг гишүүн маань хамтран ажилласан бусдадаа зориулж бичиж
байсан санамжийг мэдээ солилцож бүлгийн нийтлэлээс авч тэмдэглэл дээрээ
тавилаа. Мэдээллийн технологийн чиглэлээр сонирхон орчуулга хийж байгаа
бусад залууст хэрэг болох бол вуу гэж бодоод нийтэллээ.
Монгол
хэл нь гарал үүслээрээ Алтай овог хэлнээ багтах бөгөөд үүнд түрэг, манж
хамниган (буюу түнгүүс), солонгос, япон хэлийг хамааруулдаг. Хэв шинжийн
хувьд монгол хэл нь бусад Алтай хэлний нэгэн адил залгамал
(агглютинативный, агглютинирующий/ agglutinative, agglutinating) хэлэнд
хамаарна.
Монгол хэлний энэтхэг-европ хэлнээс ялгардаг нэг гол
зүйл бол үйл үгийн үйлдэх хэв үйлдэгдэх хэвээсээ илүү идэвхтэй байдаг
явдал. Энэ нь монгол хүний сэтгэлгээ, юманд хандах онцлогтой холбоотой,
өөрөөр хэлбэл үйлд өртөгчийн талаас бус тухайн үйлийг үйлдэгчийн талаас
илүү ханддагтай холбоотой гэсэн үг. Харин үйлд өртөгчийг илүүтэй
анхаардаг нь европ зүгийн хэлний нэгэн гол онцлог. Монгол хүн “эвхдэг
ор” гэж ор-ыг үйлд өртөгчийн талаас нь үздэг байхад оросоор “эвхэгддэг
ор” гэх маягаар тухайн ор-ыг үйлийн эзэн болох талаас нь эхэлж бодох
жишээтэй. Монголчууд Би 1970 онд төрсөн гэдэг бол энэтхэг европ хэлээр “Би 1970 онд төрөгдсөн” (I was born in 1970) гэж хэлдэг.
Монгол хэлний найруулгын нэг онцлог бол олон тохиолдолд “...жараад онд дуулж байсан дуу...”
гэх зэрэгээр тухайн үйлийн эзэн нь монгол хүнд тодорхой учир далд байж
болдог бол, европ зүгийн хэлэнд уг эзэн заавал байхыг шаардаж, тэрхүү
эзэн нь тодорхой биш нөхцөлд үйлд өртөгчийг нь үйлдүүлэх хэвээр жишээ нь
“...жараад онд дуулагдаж байсан дуу...”
гэсэн байдлаар илэрхийлдэг ялгаатай ажээ.. Энэ ялгааг сайн мэдээгүйгээс
орчуулгаар дамжиж үйлдэгдэх хэв үлэмжхэн орж ирсэн, тэр нь яваандаа
монгол хэлний найруулгад санамсаргүй нэвтэрч орсон ажээ. Тэгээд ч манай
дуучид “...жараад онд дуулагдаж байсан дуу миний тогтлолт дээр
дуулагдана...” гэх зэргээр ярих болсон хэрэг. Уг нь “...жараад онд дуулж
байсан олон дууг би дуулна...” гэхэд л монгол найруулгадаа ойртоод
зогсохгүй улам ч товч тодорхой болоод явчих байсан билээ.
Орос хэлний эгэх төлөөний үг - себя гэдгээс гаралтай –ся –гаар төгссөн үйл үгс, түүний дотроос состояться гэдэг үгийг монгол хэлний мэдлэг дульхан хүмүүс явагда-
гэдэг хэлбэрээр орчуулсан нь энэ мэтээр үйлдэгдэх хэв гаарах морий нь
унуулсан бөгөөд одоо ч үргэлжлэн нөлөөлж, монгол хүн ерийн яриандаа даатгуулах, батлах ~ батлуулах, машинд дайруулах, шалгалт авч байна, үдэшлэг болно... гэдэг атлаа албаны зүйл дээр юм уу, зарлал бичихдээ даатгагдах, батлагдах, дайрагдах, улсын шалгалт явагдаж байна, үдэшлэг явагдана... гэх зэргээр бичиж ярьдаг болжээ.
Албаны хүмүүс албаны юм ярихдаа, наад зах нь цагдаа нар “машинд мөргөгдөх”, “машинд дайрагдах”, тэмцээн тайлбарлаж буй хүн “бөмбөг таслагдах”, “урд гараараа цохих”, “бут ниргэлээ”, “буулгаж авлаа” гэх зэргээр орчуулгын нөлөөгөөр монгол хэлний найруулах ёсыг хамгийн их гажуудуулах, сүр бадруулах болжээ.
Тус
толь бичгийн дотор ч мөн үйлдэгдэх хэвийг ихээр хэрэглэсэн байдалтай
байна. Жишээлбэл, 3- “ААА сервер – Энэхүү сервер нь Э-худалддаанд
ашиглагдана” гэсэн байна. Монгол хэлний үүднээс, “Тус серверийг
Э-худалдаанд ашиглана” гэх нь илүү оновчтой юм.
Та бүхэн цаашид орчуулахдаа анхаарах болов уу.