Jun 6, 2011

Яагаад Монгол бичгийг сэргээх гээд байна вэ?

эх сурвалж: Дусал блог

2008-6-22,22:09 | Ангилал: Бичиг, соёл
(Хамгийн сүүлд засварласан: 2011.01.19)

Монгол бичигээ сэргээх талаар бид ирээдүйн төрийн түшээддээ уриалга гаргаад байгаа билээ. Энд зарим хүмүүс Монгол бичгийг сэргээх нь ямар ач холбогдолтой юм бэ? Ер нь Монгол бичиг чинь Монголчууд Уйгарчуудаас авсан, бидний бичиг мөн юм уу? гэх мэтээр мэтгэлцэж байна л даа. Тэгээд хүмүүсд хэрэг болох болов уу гээд мэтгэлцээнүүдээс цэгцлээд нэг ийм бичлэг оруулж байна. Таалан соёрхоно уу!

Монгол бичигээ сэргээн хэрэглэхийн ач холбогдол:

1. Хэрэв бид үндэсний бичгээ сэргээж чадвал Халимаг, Өвөр-Монголоос эхлээд дэлхийн өөр өнцөгт суугаа бусад Монголчууддаа Их Монгол улс сэргэж буй зурвасыг илгээж, интернет сүлжээ болон бусад байдлаар дэлхий дээрх бусад Монголчуудтайгаа өөрсдийн бичиг үсгээр ойлголцон харилцах болно. Энэ нь тэртээ нэгэн цагт Чингис хаан тархай бутархай омог аймгуудыг нэгтгэсэн шиг Монгол үндэстнийг нэгтгэн холбох гүүр болж өгнө. Монголчууд цөөн гээд хөгждөггүй гэдэг. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрд тарсан Монголчуудыг оюун санаагаар нэгтгэж чадах зүйл бол тэдний хоорондоо харилцах боломжийг олгох бичиг үсэг, соёл, урлаг билээ. Өнөөдөр урлаг соёлын хүрээнд Өвөр Монголчуудтай харьцангуй сайн холбоотой байж чадаж байгаа нь үүний нэг жишээ болов уу. Хэрэв бичиг үсгээрээ нэгдвэл бид түүнээс илүү олон зүйлсийг хоорондоо дамжуулж, холбогдож чадах болно. Монголчуудыг сул дорой байлгах санаархал бүхий бусад улсын улс төрийн нөлөөнд бичиг үсгийг нь сольж мартуулж чадсан билээ. Одоо эрх чөлөөт Монголчууд бид өөрсдийн бичиг үсгээ сэргээж бусад улсын нөлөөнд буй бусад Монголчуудаа дагуулах, дуудах, тэдэнтэйгээ холбоотой байх ёстой буй заа.

2. Өөр нэг том ач холбогдол бол үндэстний үзэл, соёл заншил, бусдаас ялгарах онцлогоо харуулах, өөрснөө мэдрэх байх. Үндэстний (uniqueness) бусдаас ялгарах онцлог бахархах соёлын хамгийн эхэнд нь байдаг зүйл бол "бичиг".
Харин уйгаржин бичиг гэгдэх энэ бичиг үнэхээр Монголчуудын бичиг мөн юм уу?
12-р зууны орчимд Уйгарчуудын бичиг үсгээс авч Монгол хэлэнд зохицуулан анх Монгол бичгийг авч байсан гэх түүхтэй. Ямар ч байсан тэр үсгүүдээс аваад 800 гаран жилийн турш хэрэглээд, хөгжүүлээд, өөрийн хэлэнд зохицуулж ирсэн, тухайн бичгийн хувьд янз бүрийн уран гоё бичих урлагууд хүртэл гараад хөгжөөд ирсэн бичиг тул Уйгар бичиг гэж хэлэгдэхгүй боловуу. Монгол бичгийг Бидний Монголчуудын бичиг биш, бид бусдаас авсан гэдэгтэй миний хувьд санал нийлэхгүй байна л даа. Япончууд ч бас анх бичиг үсгээ Хятадуудаас авсан. Гэлээ гээд одоо бол Япон бичиг, хятад биш. Тэрэнтэй адилхан бид 800 жилийн өмнө хэнээс авсан нь чухал биш байхаа. Монгол бичиг бол Монголчуудын бичиг. Харин крилл бол биш, магадгүй 750-800 орчим жилийн дараа гэхэд одоогийн Монгол бичиг шиг Монголын бичиг болж магадгүй л юм. Гэхдээ Монгол бичгийн бас нэгэн том үүргийг нөхөж чадахгүй болов уу. Монголын хамгийн хүчирхэг байсан үеийн Монгол бичиг нь бусад олон Монгол угсаатныг холбох холбоос байж ч болох талтай.
Түүхийн хугацааны туршид Монголчууд 10 гаран бичиг үсгийг өөрсдөө зохион, бусдаас аван хэрэглэж байсан ч уйгаржин гэгдэх Монгол бичиг маань энэ цаг хугацааг туулан, шалгаран үлдэж иржээ.
Мөн Монгол бичиг нь олон олон овог аймгуудын дуудлага, нутгийн хэллэг, хэлний онцлогийг ялгалгүй хадгалж, багтааж чаддаг өвөрмөц онцлогтой...

3. Авцалдаа муутай, ойлгомжгүй кирилл бичгийн дүрмээс Монгол бичгийн дүрэм эмх цэгцтэй цогц, Монгол хэлний маань салшгүй хэсэг гадна илрэх төрх нь юм. Тэгэхээр нэг том дэвшил бол хэл бичгийн хялбар дүрэм, алдаагүй бичдэг болцгоох. Нэгээхэн жишээ дурдахад: http://zorigt.blogspot.com/2007/06/blog-post_29.html бичлэг болоод сэтгэгдэлд байгаа асуудлууд бүгд Монгол бичигт бол тулгарахгүй. Өөр олон хүнд кирилл бичгийн иймэрхүү жишээнүүд байгаа гэж бодож байна.

4. Компьютер дээр автоматаар алдаа засагч, хөрвүүлэгч, орчуулагч програмууд хийхэд Монгол бичиг нь крилл-ээс хэд дахин хялбар болгож өгнө. Одоо болтол олигтой алдаа засдаг програм ч гараагүй л байна шүү дээ. Энд крилл бичгийн адармаатай дүрмүүдийн оронд Монгол бичиг байвал маш хялбархан болно. Цаашдаа автомат орчуулагч, хөрвүүлэгч програмууд гээд зөндөө асуудлууд байсаар байгаа. Энэ талаар яг энэ чиглэлээр судлаад ажиллаж байгаа хүмүүсийнх нь бичлэгүүдтэй танилцаж, тэднээс энэ талаар мэдээлэл авч болох байхаа. Ямартай ч мэдээллийн технологийн мэргэжилтэн, энэ чиглэлээр судалгаа хийж байгаа хүмүүсийнх нь хувьд ингэж ярьцгаагаад байгаа юм.
http://baynaa.blogspot.com/2008/02/blog-post.html
http://www.badral.net
http://zorigt.blogspot.com

5. Хэл яриа, бичиг үсэг нь хүний сэтгэх чадвар хөгжихөд нөлөөлдөг гэдэг. Тэр тусмаа Монгол бичгийн үгийн уг язгуураас үгийн гаргалгаа, ойролцоо утга бүхий үгнүүдийн хоорондын хамаарал нь бичиг үсэг дээр илэрч гардаг нь кирилл бичигт бол огт байхгүй зүйл. Монгол бичиг мэддэг, судалдаг олон хүн үүнийг батлах байхаа.

«...Тухайлбал, одоо бидний хөрөө, шүд, хутга, хялгас, хил, хязгаар зэрэг холбоотой гэж үзэх аргагүй олон үгийг монгол бичигтэй хүн “ таслах, огтлох, хэрчих…”гэсэн утга бүхий нэг язгууртай болохыг хялбархан олж харах жишээтэй. Өөрөөр хэлбэл, үгийн гарал, уугуул утга нь монгол бичгээс тодорхой харагдана. Энэ бол хэл, сэтгэлгээ хоёрыг холбож өгдөг байсан гол цөм нь байлаа...»

6. Цаашдаа мөн Монгол хэлний хувьд ч бичгээ дагаад илүү зөөлөрч ирэх байх. Кирилл бичгээс хэд дахин илүү уян яруу юм. Ер нь зөөлөн дөлгөөн, уран яруу үгсээр ярилцсанаар хүмүүсийн хоорондын харилцаанд ч эерэг тал гарч ирэхийг үгүйсгэхгүй байх. Б.Явуухулан, Ч.Лодойдамба, Б.Ренчин гээд манай шилдэг зохиолч, яруу найрагчид энэ талаар ярьсаар, бичсээр ирсэн.
Одоо ч гэсэн блогчдын дунд байнга байдаг "хэлээ хазаж бичих" гэдэг маргаантай асуудал бол үүнтэй яах аргагүй холбоотой байх. Нэгэндээ энгийн зөөлөн, илүү ялдам, яруу хэлбэрээр ойлгуулахын тулд тэгж "хэлээ хазахаас" өөр аргагүй болгодог нь кирилл бичиг юм болов уу?

«...
- Монгол бичгийг кирилл бичгээр солих болсон улс төрийн учир шалтгааныг та юу гэж үздэг вэ?

- Энэ учир шалтгааныг нэгэн хэсэг ярьдаггүй байсан боловч 1962 онд Их тэнгэрийн аманд Ю.Цэдэнбал дарга зохиолчдыг хүлээж авах үед Ч.Лодойдамба, Б.Явуухулан нар “Монгол бичгээр бичсэн зохиол, шүлгээ шинэ бичиг болгоход найруулгын сайхан өнгө аяс нь илт алдраад байна” гэж хэлжээ. Үүний хариу болгож Ю.Цэдэнбал дарга «…Ирээдүйд нэг хэл, нэг бичигтэй болох онол бий шүү дээ. Энэ бол биелэгдэх зүйл. Бид хуучин үсэгтээ эргэж орно гэж ярихгүй...» гэж ам алдсан тухай тэмдэглэл бий.
Тэгээд ямар онол байдаг юм бол гэж хайхад И.В.Сталин 1950 онд А.Хлопов гэдэг хүнд бичсэн захидалдаа «…нийтийн нэг хэлэнд нийлэх явдал ... дэлхий дахинд социализм ялсны дараа… үед холбогдоно...» гэж тэмдэглэсэн байдаг юм билээ...»

7. Ядмаг бичиг үсэг нь хэлээ бас ядмаг болгодог гэнэ. Бичиг үсэг хэл хоёр нь хоорондоо салшгүй холбоотой. Харин хэл нь сэтгэхүйтэй холбоотой. Хэл ядуурах тусам сэтгэхүй ядуурах болно.

«...
Дэвшилт гэдэг өөр үгээр жишээ авъя. Энэ үгийг Монгол бичгээр хоёр янзаар бичдэг. Утга нь нарийн ялгаатайн дээр өгүүлбэрт гүйцэтгэх үүрэг нь өөр. Тухайлбал: дэвшилтү үзэл санаа гэвэл өгүүлбэрт их төлөв тодотгол болдог. Нийгмийн дэвшилтэ гэвэл ердийн нэр үг. Энэ үгийг монгол бичгээр бичихэд аль нь билээ гэж бодож байгаад зөвийг нь сонгоно. Ялгаж зөвийг нь сонгоно гэдэг бол хэлний мэдрэмжийн дасгал гэсэн үг. Тамирчин хүн дасгал сайн хийж байж сайн өрсөлддөгтэй зарчмын хувьд адил.

Бодож сэтгэхгүй байх нь өнгөндөө амар юм шиг боловч яваандаа хоёр үг мэддэг байсан бол ганц үгтэй болж байгаа хэрэг. Үүнчлэн бохиртох, бохирдох гэдэг язгуур нэг ч, үндэс өөр хоёр үгийг ялгахаа больж, хууль цаазад хүртэл буруу хэрэглэсээр байна. Одоо Монгол бичиг мэдэхгүй хүн Балданы, Ёндоны буюу Балдангийн, Ёндонгийн гэдгийн аль нь зөвийг мэдэхээ больсон. Энэ мэтээс үүдэж хэлний ядуурал аажмаар буй болдог байна...»
http://zorigt.blogspot.com/2007/06/blog-post_29.html энэ жишээнээс бас харагдаж байгаа байх.

8. Монгол бичиг бол дэлхийн хамгийн хурдан бичлэгтэй бичиг гэгддэг. Тэгвэл амьдралын хором бүр үнэтэй, цаг бол алт гэдэг бол нэг хором ч гэсэн хэмнэхсэн...
Физиологи талаас нь авч үзвэл хүний гарын булчингийн татагдах чиглэлийн дагуу бичигддэг нь гар ядрахад ч бас нөлөө багатай байж болох. Энэ талаар надад одоогоор яг баримт байхгүй ч Монгол бичиг тасалдалгүй бичихэд хамгийн тохиромжтой маш хурдан бичигддэг гэдэг. Олны үг ортой байхаа.

г.м Монгол бичгийн кирилл бичгээс давуу талууд болоод, зарим нь зайлшгүй бид Монгол бичгээ сэргээн хэрэглэх ёстой, шаардлага болох болов уу гэж тунгаах юм.

Энэ талаар http://forum.dusal.net/viewtopic.php?p=12027 руу орж илүү дэлгэрэнгүй, няцаалт болоод үндэслэлүүдтэй уншиж болно. Бас энэ ярилцлагыг уншаагүй байгаа бол уншаад үзээрэй! http://origo.mn/index.php?z=/0/0/68/142/


Цаг үе нь тохиромжтой байна уу?

Одоо л биш бол улам л оройтох, улам л илүү зардал гарах болно. Бүүр огт сэргээх боломжгүй ч болж мэдэх. Хэл бичиг хоёр маань улам бүр холдож, хэл маань ч улам бүр ядуурах болно.

1 comment:

  1. Anonymous6/6/11 17:32

    20 хуруугаа өргөөд дээр нь толгойныхоо бүх үсийг өрвийлгөөд дэмжиж байна.

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...