Jun 10, 2011

МОНГОЛ ХЭЛ СОЁЛООР ДОВТЛОГСОД Мягмарын Саруул-Эрдэнэ, Цэвээндуламын Наранцэцэг

эх сурвалж: Банжиг нэт

Нийтлэгч: anjigai

Саруул-Эрдэнэ
...Өнгөрсөн хавар Вашингтон ДС дэх Монгол Соёлын Төвийнхөн Америкийн Төрийн Департаментын Гадаад Харилцааны Дээд Сургууль дээр зохион байгуулсан нэгэн арга хэмжээгээ "Монгол хэл, соёлоор довтолсон нь" гэж нэрлэн, аливаа улс орны Тусгаар Тогтнол-Үндэсний Аюулгүй байдлын баталгаа нь хэл-соёл байдаг тухай тайлбарласан байж билээ. Өдгөө АНУ-д монгол хэл-соёл, түүх, ёс заншлыг сурталчлахад Монгол Соёлын Төвийнхөн асар их ажил хийж явна. Энэ төвийн тэргүүнээр ажиллаж байгаа М.Саруул-Эрдэнэ, түүний гэр бүл Ц.Наранцэцэг нартай уулзаж ярилцлаа.

                                                                Нэг. Намтрын товчоон
*Мягмарын Саруул-Эрдэнэ

-1990 онд УБ хотын 6-р дунд сургууль
-1994 онд УБИС-ийг Монгол хэл –Уран зохиолын багш мэргэжлээр төгссөн.
-1996 онд магистр, 2002 онд докторын зэргийг хэл шинжлэлийн ухаанаар хамгаалсан.
-1994-2002 хүртэл, мөн 2009 онд МУБИС-д багшилсан.
-2001-2002 онд Истанбулын Их Сургуульд, 2002-2007 онд Индианагийн Их Сургуульд зочин судлаачаар ажилласан.
-2007 оноос Конгрессийн Номын Санд, 2010 оноос Төрийн Департаментын Гадаад Харилцааны Дээд Сургуульд ажиллаж байна.
-МонЦаМэ агентлагийн Вашингтон Ди Си дэх албан ёсны сурвалжлагч. 

*Цэвээндуламын Наранцэцэг

-1986 онд Увс аймгийн Зүүнговь сумын 8 жилийн сургууль
-1990 онд Багшийн сургууль
-1994 онд УБИС-ийг Монгол хэл-Уран зохиолын багш мэргэжлээр төгссөн.
-2000 онд УБИС-т магистрийн зэрэг хамгаалсан.
-1994-2000 онд Олон Улсын “Гүүр” дээд сургуульд
-2000-2003 онд АНУ-ын Элчин сайдын яаманд монгол хэлний багшаар ажилласан.
-2004 оноос Төрийн Департаментын Гадаад Харилцааны Дээд Сургуульд багшилж байна.


                                            Хоёр. Оюутан цагийн дурсамжууд

*Г.Галбадрах -Бага насаа хаана өнгөрөөв?

*М.Саруул-Эрдэнэ -Би нийслэлийн 6-р сургуульд суралцаж төгссөн, 5-р хорооллын хүүхэд. Наснаасаа эрт сургуульд орсон болохоор бага насны хүүхдийн зангаар анги дотроо их ч сахилгагүй,  хөдөлгөөнтэй байж. Наймдугаар ангиа төгстлөө тун муу сурдаг байсан шүү. Хамгийн хөгжилтэй нь 7-р ангидаа "дунд" сурдаг хүүхдүүдийн монгол хэлний АСТ-д оролцон түрүүлж, Сэлбэ пионерийн зусланд амрах эрхийн бичгээр шагнуулж байв. Манай гэрийнхэн дооглоод л байдаг байж билээ. Дунд сурлагатнуудын АСТ байхав дээ яахав дээ, (инээв) эвтэйхэн нэр өгчихгүй. Уг нь санаа нь бол сайхан юм аа, сурлага муу хүүхдүүд бас АСТ маастанд орог л дээ гэж өрөвдсөн байлгүй. Тэр үед хүүхдүүдийг сурлагаар нь жагсаадаг байхад 8-р ангиа төгсөхдөө дөрвөн ангийн хүүхдээс 83-т жагсаж байлаа шүү дээ. 84-өөр тасалж 9-р ангид оруулсан, арай л гэж нэг юм үлдсэн хэрэг. 9, 10-р ангидаа харин гэнэт сайжраад арваа бараг онц төгссөн л дөө, бараг гэхийн учир нь нөгөө муу байхад хаагдсан хичээлүүд нь муу чигээрээ үлдсэн юм.

*Ц.Наранцэцэг -Миний бага нас хөдөө өнгөрсөн. Ээж минь багш байсан болохоор Увс аймгийн хэд хэдэн сумаар дамжин ажиллаж, би 8-р ангиа Увсын Зүүнгoвь суманд төгсөж байв. Ээж минь тэр үеийн багш нарын адилаар их ч ажилтай, завгүй байсан болохоор Адиа өвөө маань биднийг өсгөсөн юм. Өвөө минь залуудаа лам байсан, бас ч үгүй номтой, амьдралын ухаан их ч мундаг хүн байлаа. Өвөөгөөсөө их зүйл сурсан даа. Хөдөөний хүүхдүүдийн адилаар багаасаа л хатуу хөтүү ажил хийж өссөн.

*Г.Галбадрах -Хүүхэд бүхэн багадаа ямар нэгэн зүйл сонирхож, тоглодог байсан даа?

*.М.Саруул-Эрдэнэ -Би багадаа хөл бөмбөг их сонирхдог байв. 6-р сургуулийн хүүхдүүд болон циркийн хажуугийн манай 13-р байрны хүүхдүүд хамтдаа хөл бөмбөг их тоглоно. Яг өсч төлөвшиж байх энэ насанд хөл бөмбөг хүүхдүүдийг янз бүрийн муу нөлөөнөөс сэргийлдэг байж дээ гэж бодогддог юм. Сонирхолтой зүйлээрээ нэгдсэн хүүхдүүд бие биедээ сайнаар нөлөөлөөд зогсохгүй нөхөрсөг дотно болж, чөлөөт цагаа ч зөв аятайхан өнгөрөөдөг байж. Одоо бодоод байхад манай байрны ойр орчмын бусад байрны зарим нэг хүүхэд нэгнийхээ муу нөлөө, тэр үед моод болоод байсан гэх үү дээ, атамаан болох, хүн дээрэмдэх гэх мэт дэмий зүйлээс болоод тэр чигээрээ буруу замаар явчихсан санагддаг юм. Хөл бөмбөгийн тухай, шүтдэг баг тамирчдынхаа тухай унших гэж Футбол-Хоккей, Советский спорт сонин “харсаар байж орос хэлний дөртэй болсон, Чехийн “Стадион”, Мажарын “Кэпэш Спорт” сэтгүүлүүдээс хөлбөмбөгчдийн нэр уншсаар байж латин үсэгтэй болсон, тэр нь хожим англи хэл сурахад нөлөөлсөн гээд бас бус сайн нөлөө ч хөлбөмбөгөөс ирсэн дээ.
За тэгээд юу гэж л хөлбөмбөгөөс өөр юм тоглохгүй байв гэж, лафта, матка, дүүкий даакий, мөнгөдөх, бөглөөдөх, чихрийн цаас энээ тэрээ гээд тоглоом бол дэлгүүрээс авах хэрэггүй, гарын доорх юмс, хог хаягдлыг л ямар нэг тоглоом болгоод тоглоод байна шүү дээ. 

*Ц.Наранцэцэг -Ээж минь багш байсан болохоор ч тэр үү, би багадаа багш болж их тоглоно. Хүүхдүүдийг урдаасаа харуулж суулгаж байгаад хичээл заадаг. Ээж минь дэвтэр засах, үзүүлэн хийх, конспектоо бичих гээд байнга л завгүй. Тэр үед хөдөө сумд багш нар ч их нэр хүндтэй байлаа. Тэр бүхнээс л багш болох хүсэл мөрөөдөлтэй болсон байх.

*Г.Галбадрах -Та 2 хоёулаа монгол хэл шинжлэлийн мэргэжилтэй. Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?

*М.Саруул-Эрдэнэ -Манай гэр бүлийнхэн, эгч ах нар ер нь хэлний мэргэжилтэй хүмүүс. Энэ нэг нөлөө. Бас нөгөөтэйгүүр ардчилал ялахаас арай өмнөхөн, хүмүүс тэр бүр ил ярьж чаддаггүй үед 10 жилийн сургуулийн анги даасан багш Гомбосүрэн маань Б.Ринчин гуайн тухай бидэнд маш ихийг, ярьдаг байв. Тэр үед хэл шинжээч болчихсон байсан хүргэн ахаасаа ч Ри багшийн тухай их сонсоно. Тэгээд л Ринчен гуай шиг хүн болох юм сан гэсэн нэг мөрөөдөл маягийн зүйл толгойд, ардчиллын эрмэлзэлтэй хамт бүрдэж эхэлсэн юм уу даа. 10-р ангиа төгсөөд конкурст ороход УБДС-ийн монгол хэлний ганц хуваарь дээр 150 хүүхэд өрсөлдөж байсан юм. Намайг тэр хуваарийг авахад олон ч хүн гайхсан.

*Ц.Наранцэцэг -Манай өвөө Адиа алив зүйлийг ярихдаа дандаа л зүйр цэцэн үгс оруулж ярина. "Залхуугийн гадаа түлшгүй, залгидагийн гадаа хоолгүй" гэдэг ч юм уу "Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор" гэж ирээд л тайлбарлаад байна. Одоо эргээд бодоход тэр үеийн хөгшчүүд тэр чигээрээ эрдэм мэдлэг, амьдралын их ухааны далай байжээ.
8-р анги төгсөх жил манай сургуульд Улаанбаатарын Багшийн Сургуулийн хуваарь ирсэн юм. Би ч онц сурлагатан, сургуулийнхаа тэргүүний сурагч. Хамгийн эхэнд ороод тэр хуваарийг авлаа. Гэтэл элсэлтийн комиссынхон "Чи онц сурлагатан болохоор ирээдүйгээ бодоод 9-р ангид орох хэрэгтэй" гэнэ. Ээж ч эргэлзэж, би ч уйлчихсан байх үед өвөө маань ирж "Та нар хүүхдийг дуртай юманд нь явуулахгүй гэлээ" гэж зэмлээд асуудлыг шийдэж байв.
Багшийн Сургуулийг "Сүхбаатарын нэрэмжит цалин" -тай онц төгсөхөд УБДС-д суралцах хуваарь элсэлтийн шалгалтгүйгээр өгсөн. УБДС-ийн монгол хэлний, пионерийн удирдагчийн ангийн 2 хуваариас багшийнхаа зөвлөснөөр монгол хэлний ангийн хуваарийг сонгож авч байсан юм. Ингээд л хэл рүү орсон хэрэг.

*Г.Галбадрах -Тэгэхээр та 2 УБДС-ийн монгол хэлний ангид хамт орж байсан хэрэг байх нь?

*М.Саруул-Эрдэнэ –Тийм ээ, би 10-р ангиа төгсөөд тэр хуваарийг авч байхад, Нараа Багшийн Сургууль төгсчихсөн, туршлагатай оюутан манай ангид орж ирж байлаа.

*.Ц.Наранцэцэг -Би ч хуваариа авчихаад 10-р ангийн конкурсны мэдээг харж "Манай ангид ямар хүүхэд орох нь вэ?" гэж сонирхож байхад тэр 150 хүүхдийн жагсаалтын хамгийн дээр нь М.Саруул-Эрдэнэ гэсэн нэр бичээтэй байж билээ. Тэр нь одоо энэ манай нөхөр юм даа (инээлдэв)

*Г.Галбадрах -УБДС-д орчихоод намрын ургац хураалт, хаврын ажил гээд л оюутнуудыг жинхэнэ танилцуулж, нөхөрлүүлдэг байсан "Алтан үе"-тэй учирсан уу?

*М.Саруул-Эрдэнэ -Тэгэлгүй яахав. УБДС-ийнхан ургац хураалтаар Батсүмбэрийн САА явна. САА-д явна гэдэг ажлын талбар дээр бие биенийхээ зан араншин, мөн чанарыг таньж, найз нөхрөө сонгож нөхөрлөдөг, бас анги хамт олон бүрэлддэг ёстой л "алтан үе" л дээ. Ажил хийгээд хичнээн ядарсан ч огт ядраагүй юм шиг л дуулж, бүжиглэж хөгжилдөж байдаг. Яг л залуу насны ид хав юм даа. Манай ангийнхан гэж нэг их дуулдаг хүүхдүүд байсан юм.

*.Ц.Наранцэцэг -Манай анги монгол хэлний анги гэхэд 10 хөвгүүнтэй арай л онцгой анги байсан даа. Ер нь монгол хэлний ангид нэг, хоёр л эрэгтэй хүүхэд байдаг юм. Их ч эвсэг, ажилсаг, бид хамтдаа олон ч ажил зохион байгуулж байсан. Саруул хамт олон бүрдүүлэхдээ их сайн, хүнээр тойруулуулж чаддаг, бас юм зохион байгуулж чаддаг, ямар сайндаа аж ахуй дээр нэг удаа монгол хэлний биш, өөр нэг ангийнхантай нэг холимог бригад болоод ажилласан чинь бригадынхан нь Саруулыг овоолсон төмсний орой дээр гаргаад суулгачихсан, “Чи нөгөө гоё юмнаасаа яриад сууж бай. Бид нар нормыг чинь хийчихье” гэдэг байсан юм. Оюутнууд аж ахуй явдаг бол маш сайхан завшаан, боломж байсан, гэхдээ бас системийн хувьд шүүмжилмээр юм их л дээ. Жишээлбэл, хамгийн хөгжилтэй нь цаг агаарын саатлаас болж ажилгүй суусаар байгаад оюутнууд "хоолны төлбөр"-т орчихдог явдал байна. Ажил хийлгэнэ гэж албадан аваачаад төлбөрт оруулна гэдэг одоо бодоход арай ч дэндүү байсан юм шиг. Гэхдээ энэ амьдралаас залуус их ч зүйлд суралцаж, их ч ухаан сууж, их ч дурсамжтай үлддэг байж дээ.

*Г.Галбадрах -Та 2 оюутан байхдаа гэрлэсэн үү?

*М.Саруул-Эрдэнэ -Тийм. Оюутан байхдаа 1993 онд гэрлэсэн. Гэрлээд хоёулаа дотуур байранд амьдарлаа. Дараа нь сургуульдаа багшаар үлдсэн хойноо ч оюутны байранд амьдарсаар байлаа. Дандаа л оюутнууд бужигнасан, хөдөө гадаанаас амьтан хүн ирсэн айл байв. Нүүхдээ жаран ес гэдэг "УАЗ-69" машинд л багтаад нүүчихдэг байсан.

*Ц.Наранцэцэг -Ёстой л оюутнууд бас найзууд тасрахгүй орж гарч бужигнасан айл байсан даа. Инээдтэй нь намайг 8-р ангиа төгсөөд хот руу явахад "эрэгтэй хүн рүү нэг их харах хэрэггүй, хотын хулигаанууд аюултай шүү, жирэмсэн болоод ирэв ээ" гэхчилэн баахан л захиас захина. Тэгсэн яг нөгөө “хотын хулигаан” гэдэг юмтай нь суудаг юм даа. Бид хоёр ч ер нь дураараа, хоёулаа айлын бага мөртлөө өөрсдөө шийдээд л нэг гэрт орчихсон юм. Тэгтэл удалгүй Адиа маань хөдөөнөөс ирж бид 2-той хэсэг хугацаанд хамт байлаа. Аминдаа л Саруулыг сонжиж байгаа нь тэр. Яс өгч мөлжүүлээд л дууссан хойно нь нарийн ажиглана. Оройд Саруултай зөндөө л их юм ярина. Харин явахдаа "Сайн хүү байна аа, охинд минь сайн хань болноо" гэж хэлээд явж билээ.

                                              Гурав. Хэл шинжлэлийн их далайд

*Г.Галбадрах -УБИС-аа төгсөөд хаана ажиллацгаав?

*М.Саруул-Эрдэнэ - Сургуулиа төгсөөд би УБИС-даа багшаар үлдэж, Нараа гадаад хүмүүст монгол хэл заадаг төв, одоогийн “Гүүр” сургуульд очиж ажилласан юм. Тэр цагаас хойш би хэл шинжлэл, онол голдуу үзэж, Нараа маань гадаад хүмүүст монгол хэл заах практикаар голдуу мэргэшсэн дээ.

*Ц.Наранцэцэг -Саруулыг төгсөхөөс нь жилийн өмнөөс, УБИС багшаар бэлтгэж эхэлсэн юм. 4-р курст суралцаж байхад нь гавьяат Ц. Өнөрбаян багш 2-р курсийн оюутнуудад хичээл заалгаж байлаа.

*Г.Галбадрах -Саруул УБИС-д багшилж эхлэхдээ судалгааны ажил хийж эхэлсэн үү?

*М.Саруул-Эрдэнэ – Ер нь бол оюутан байхдаа их дээд сургуулиудын эрдэм шинжилгээний хуралд оролцож, диплом бичин, бага сага дөртэй болсон байлаа. Их дээд сургуульд багшлахын сайн тал нь, судалгааны ажил болон заах арга зүй хамтдаа явдагт байгаа юм. 1994 оноос УБИС-д жинхэнэ багшаар ажиллаж эхэлсэн. Багш болохоор бэлтгэж байгаа оюутнуудад хичээл зааж байгаа болохоор хичээлээ маш сайн, үлгэр жишээ заахыг хичээнэ. Ингээд "Орчин цагийн монгол хэлний үг зүй", "Tүүхэн хэл зүй", “Хэл шинжлэлийн удиртгал”, “Ерөнхий хэл шинжлэл” хичээлүүдийг зааж, хажуугаар нь судалгааныхаа ажлыг хийсээр байлаа. УБИС-д багшилж байсан хэдэн жил үнэхээр сайхан байсан, бас чиг үр бүтээлтэй өнгөрөөж, олон сайн шавьтай болсон шүү. 2009 онд АНУ-аас сургуульдаа очиж намрын семестрт дахин хичээл заасан. Би ч сургуулиа их санаж, сургууль, тэнхмийнхэн минь ч намайг их санасан байж билээ. Ер нь болж өгвөл, эндэх ажлынхаа зав зайг харж байгаад ганц семестр ч болов Монголдоо багшилж, Индианагийн Их Сургууль, Гадаад Харилцааны Их Сургуулиас сурсан зүйлсээ монгол оюутнууддаа түгээх, хүргэхийг их л бодох юм. Энэ намар болж өгвөл Монголдоо бас нэг семестр ажиллачих санаа бол байна. Ажил яаж таарах нь тодорхойгүй л байна.  

*Г.Галбадрах -Энэ завсраа Туркэд мэргэжил дээшлүүлсэн гэж сонссон.

*М.Саруул-Эрдэнэ –Монгол хэлний нөхцөл, дагавруудын гарал үүслийг судлахад эртний түрэг хэлийг гүнзгийрүүлэн үзэх шаардлага зайлшгүй гарч ирсэн юм. Өмнө нь 1998 онд Анкарад нэг сар, бас хувиараа Улаанбаатарт Турк коллежийн багш нараар заалгаад орчин цагийн турк хэлээр бол ярьдаг болчихсон байсан. Тэгээд Истанбулын Их Сургуульд нэг жил зочин судлаачаар ажиллаж, эртний түрэг хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэхийн сацуу докторынхоо диссертацийг бичлээ. Диссертациа тэгж Турк улсад бичиж байсан юм. Хамгаалахдаа Монголд хамгаалсан. 

*Г.Галбадрах -Докторын зэрэг хамгаалсан сэдвийнхээ талаар тайлбарлаж болох уу?

*М.Саруул-Эрдэнэ -2002 оны 9 сарын 30 нд "Монгол хэлний нөхцөл бүтээврийн үг зүйн түүхэн хувьсал" /Аяндаа цэгцрэх тогтолцооны онолоор/” сэдвээр докторын зэргээ хамгаалсан. Ер нь бол хэл гэдэг байгалийн шалгарал шиг өөрөө өөрийгөө хөгжүүлж, хэрэггүй элемэнтээ гээж, хэрэгцээт хэлбэрийг шинээр буй болгож явдаг. Тодорхой хэлний зүй ч, тухайн нэг ай буюу категори ч ялгаагүй хаосын төлөвт байж байгаад аяндаа өөрөө цэгцэрч, тогтолцоонд шилждэг, хэсэг хугацааны дараа тэр тогтолцоо нь хазайлтын байдалд орж, сарнин, нэг хэсэг хаос төлөвт ороод, эргээд огт өөр эмх замбараатай систем болж шилждэг, өөрөө өөрийгөө хөгжүүлж байдаг юм. Энэ талаар судалж, үндэслэлийг нь гаргасан хэрэг л дээ. Гол нь аливаа хоёр элемэнт нэгнээ шахах тохиолдолд, жишээ нь өгөх оршихын –Д нөхцөл, “хотноо”, “танаа” гэдгийн -АА нөхцөл хоёрын аль нэг нь шалгарлаар хэрэгцээнээс гарахад чухам юу нөлөөлөх вэ гэдгийг, мөн шинэ ай бий болох, хуучин байсан хэлзүйн хэлбэр, ай мөхөхөд юу нөлөөлөх вэ, цэгцрэл хэрхэн болдог вэ гэдгийг тодорхойлохоор оролдсон. Аяндаа цэгцрэх тогтолцооны онол, судалгаа бусад шинжлэх ухаанд аль хэдүйн танил болсон хэдий ч миний хувьд  Монгол хэл шинжлэлд анх оруулж, нотолгоо хийснээрээ арай шинэлэг болсон юм болов уу даа.

*Ц.Наранцэцэг -Саруулын докторын зэрэг хамгаалах хурал их ч өргөн хэлэлцүүлэгтэй, сонирхолтой болж билээ. Хэл шинжлэлд арай шинэлэг санаа оруулж ирснээрээ бусдын анхаарал, сонирхлыг татсан байх. Одоо бол тэр санаа, онол манай хэл шинжлэлд нэлээд харагдах, бичигдэх болсон байна лээ.

*Г.Галбадрах -Харин Нараа болохоор гадаад хүмүүст монгол хэл заах арга зүйгээр дагнан мэргэшсэн бололтой.

*Ц.Наранцэцэг -Тухайн үедээ гадаад хүмүүст монгол хэл заах арга зүй шинэлэг зүйл байв.  Манайд монгол хэлийг ялангуяа социалист улсын иргэдэд зааж ирсэн туршлага байсан боловч яг англи хэлийг гадаад хүнд заах нь аль хэдийн тусгай салбар ухаан болсон шиг, тухайлан авч үздэггүй байлаа. Гадаад хүнд монгол хэл заана гэдэг монгол хэл, соёл, түүхийн мэдлэг шаарддаг, хэл шинжлэл, заах аргазүй, боловсрол судлалын зааг дахь өвөрмөц сонин мэргэжил байгаа юм.

*Г.Галбадрах -Ямар хүмүүст монгол хэл зааж байв?

*.Ц.Наранцэцэг –Өө ёстой янз бүрийн гадаадууд. Саруул бид хоёр хоёулаа “Гүүр” сургуульд, би дараа нь Монголд суугаа АНУ-ын ЭСЯ-нд, Саруул бол "Энхтайвны корпус", бас УБИС-ийнхаа гадаад оюутнуудад, за тэгээд хоёулаа гэртээ хувиараа, элчин яамууд, Дэлхийн банкаар  Монголд ирсэн номлогч, дипломат, оюутан, судлаач, НҮБ, ЮНЕСКО-гийн төлөөлөгчид, сайн дурын мэргэжилтнүүд, бүгдэд нь заасан. Гадаадууд цөөхөн байх үед бүгдээрээ л бид хоёрын шавь шахуу байдаг үе ч байсан шүү. Сүүлдээ ч гадаадууд олон болсон л доо.

*М. Саруул-Эрдэнэ –Гол нь би өөрөө хэлшинжээчийн хувьд Монгол хэлний хэлзүйг заах, тайлбарлахдаа дуртай, Нараагийн хувьд бол яриа, уншлага зэргийг маш сайн заадаг, тийм болохоор баг болж ажиллахад хоорондоо их зохицдог, оюутнууд маань ч дуртай байдаг юм аа.

*Г.Галбадрах -АНУ-д ирсэн тухайгаа?

*М.Саруул-Эрдэнэ -2002 онд Индианагийн Их Сургуульд зочин судлаачаар ирж, 2007 он хүртэл тэндээ ажиллалаа. Эхлээд ганцаараа ирээд, гэрээ санаад буцах дээрээ тулж байж, гэрийнхэн маань ирж тогтож байсан юм. Зундаа Вашингтон ДС дахь Конгрессийн номын санд очиж, Азийн номын тасагт каталоги хийхэд нь сайн дураараа тусалдаг байв. Монгол, Өвөр Монголоос кирилл, монгол бичгийн ном,  Шинжаанаас тод үсгээрх ном их ирдэг, ажиллах хүнгүй хуримтлагдсан байсан юм. Энэ нь надад маш их сонирхолтой байсан болохоор, ямар ч цалин хөлсгүйгээр сайн дураараа л хийдэг байв. Харин 3 жилийн дараа Конгрессийн номын  сангаас албан ёсоор цалинтайгаар ажиллахыг санал болгосон л доо. Энэ ажил надад маш их сонирхолтойгоор барахгүй, судалгаанд маань ч их хэрэг болдог юм.

*Ц.Наранцэцэг -Би Саруулыг АНУ явах үед Монгол дахь АНУ-ын ЭСЯ-нд монгол хэл- соёлын багшаар ажиллаж байсан юм. Манай Саруул их гэр амьтай хүн л дээ. Гэрээ, хүүхдүүдээ их санана. Өмнө нь нэг удаа Анкара яваад, ганцхан сар сурчихаад хоёр хүүгээ саналаа гээд хүрээд ирж байсан удаатай. Энэ удаад бас л буцчих гээд болдоггүй. Тэгээд ер нь л хамтдаа байх хэрэгтэй юм гэдэг бодлоор 2 хүүгээ аваад 2003 оны 3 сард Индианад ирлээ. Тэгээд 2004 онд одоогийн энэ сургуульдаа багшаар орж байсан. Саруул миний багш болсон түүхийг Үнсгэлжингийн үлгэр гээд шоолоод байдаг юм.

*Г.Галбадрах –Үнсгэлжингийн үлгэрээ сонирхуулаач, уншигчдад сонирхолтой байна байх.

*Ц.Наранцэцэг – АНУ-д, Индианад анх ирснээс хойш удалгүй ажлын зөвшөөрөл гэдэг чухал баримт маань ирлээ. Тэгээд л Төрийн Департаментийн Гадаад Харилцааны Дээд Сургуульд өргөдлөө өгсөн. Угаасаа намайг Монголд ажиллаж байхад надаар хэл заалгаж байсан элчин сайд Жон Дингер гуай “Та ер нь тэр сургуульд л ажиллах ёстой хүн шүү” гээд байдаг байсан юм. Тэгээд л тийш хандсан хэрэг. Энэ хооронд гэрийн эдийн засаг хүндэрч би гэж хүн гэртээ ганцаараа ажлын зөвшөөрөлтэйгөөрөө ажил хайдаг юм байна. Нэлээд олон газраар орсны эцэст Марриотт гэдэг буудалд цэвэрлэгчийн ажил олдов. Орой нь бас нэг хоолны газар ажилладаг байлаа. Тэгтэл нэг өдөр Вашингтоноос “Таныг шалгаж дууслаа, та ирж  ажилдаа орно уу” гэсэн и-мэйл ирдэг юм байна. Background check гэдэг шалгалтыг л хийгээд байж л дээ. Зочид буудлын ажилчдын үдийн цайны үеэр ерөнхий менежертээ ажлаас гарах болсноо хэллээ. Манай цэвэрлэгч нар олон өнгийн арьстнууд, ихэнх нь арван жилийн ч боловсролгүй, сайхан нөхдүүд байсан юм. Хамгийн сүүлд орсон болохоор намайг нэлээд дорд үзэж, гадуурхана. Чи ийм юм мэдэх үү? гэж ирээд л дээрэлхээд байх шиг хачин хачин юм асууна. Мэнэжэр маань тэр хурал дээр “Яагаад ажлаасаа гарч байгаа юм бэ?” гэж асууж байна. “Төрийн департаментийн дээд сургуульд хичээл заах болоод...” гээд л үнэнээ хэллээ. Бөөн инээдэм. Нэг хар авгай намайг бүр өрөвдчихсөн, “Яг үнэнээсээ яасан юм бэ, гэр бүл чинь зүгээр үү?” гэж билээ. Өнгө муутай халаад өмссөн энэ хөөрхий ази цэвэрлэгч Төрийн департаментийн дээд сургуульд хичээл заагаад байхдаа яах вэ дээ гэж бодсон байх. Харин мэнэжэр маань боловсролтой хүн байсан, намайг ойлгон баяр хүргээд “Чи АНУ-ын Засгийн газарт ажиллах өргөдлөө хэзээ өгсөн юм бэ?” гэхээр нь “Хоёр сарын өмнө” гэлээ. Гэтэл “Пөөх, би Төрийн департаментад ажилд орох гэж хөөцөлдөж эхлээд одоо яг гурван жил болж байна, хариугаа одоо ч хүлээсээр” гэж билээ. Ингэж буудлын хамгийн доод шатны ажлаас шууд үсэрч, мэнэжэрээ даваад явчихсан түүхтэй юм даа.

*Г.Галбадрах -Харин ч сонирхолтой түүх байна шүү?

*Ц.Наранцэцэг -Зочид буудлын ажилтны хувцсаа өмсөөд ажлаа хийж байхдаа их ч зүйлийг боддог байж билээ. Мэдээж хүмүүсийн амьдралын тухай, амьдралын зорилго, хичээл зүтгэлийн талаар. Индианад амьдарсан тэр жилүүд бид дөрвийн хувьд хамгийн аз жаргалтай мөчүүд байсан. Надад цайны мөнгө гэж өгсөн бутархай голдуу мөнгөө хурааж байгаад хааяадаа Макдоналдст орж хооллоно. МакДоналдс бол бидний хувьд хамгийн тансаг ресоран байлаа. Жижигхэн байртай хэрнээ хичнээн сэтгэл хангалуун байсан гээч! Яг л өөрсдийн амьдралын төлөө зүтгэж явахдаа, олж буй бүхнээ амьдралдаа хүргэж байхдаа, хичнээн ядарч байвч бие биенээ чин сэтгэлээсээ ойлгож, хайрлаж халамжилж байхдаа л хүмүүс аз жаргалтай байдаг юм билээ. Одоо ч энэ цэвэрлэгчийн ажил маань надад дотно санагддаг, энд тэнд буудалд буухдаа боломжийн хэрэр гарын мөнгө үлдээгээд гардаг юм.

*Г.Галбадрах -Бадан багшийг тэнд ажилладгийг мэднэ. Харин Саруул хэзээнээс тэнд ажиллаж эхэлсэн юм бэ?

*М.Саруул-Эрдэнэ -Бадан багш тэр сургуульд бүр 1990 оноос хойш ажиллаж байгаа. Би 2007 оноос Конгрессийн номын санд албан ёсоор ажиллаж эхэлсэн. 2010 оноос АНУ-ын Төрийн Департаментын ГХДС-д ажиллаж байна. Гэхдээ Конгрессийн номын сангийн хүсэлтээр одоо хэр нь долоо хоногийн Бямба гариг бүр тэнд очиж ажилласаар байгаа.

*Г.Галбадрах -АНУ-ын Төрийн Департментын ГХДС-ын талаар товч танилцуулж болох уу?

*Ц.Наранцэцэг -АНУ-ын Төрийн Департментын Гадаад Харилцааны Дээд Сургуульд 70 гаруй орны100 орчим хэл заадаг. Гадаадын ямар нэгэн улс оронд дипломат шугамаар ажиллахаар сонгогдсон хүмүүст тухайн орны хэл, соёл, ёс заншлыг нь заадаг юм. Дотроо мэргэжлийн сургалт, хэлний сургалт гээд 2 том салбартай. Хэлний салбар нь дотроо бас олон тэнхимтэйгээс монгол хэл маань Зүүн Ази Номхон Далайн Орнуудын хэлний тэнхимд харьяалагдана. Зарим хэлний хувьд, ялангуяа араб, хятад, орос хэлний салбар нилээд олон, бараг тус бүртээ тавь жаран багштай. Бадан багш, Саруул бид 3 монгол хэл, соёлын хичээл заадаг юм. Дипломат ажилтнуудад заадаг болохоор нилээд хариуцлагатай ажил.

                                                Дөрөв. Монгол хэл соёлын төлөө

*Г.Галбадрах -Та 2 энэ үндсэн ажлынхаа хажуугаар Вашингтон ДС-д Монгол Соёлын Төвийг байгуулан олон ч сайхан ажлуудыг санаачлан хийж байгаа.

*М.Саруул-Эрдэнэ -2006 оны намар бизнесмэн Ганзориг, зураач Дамбын Цолмон бид хэд ийм төв байгуулахаар ярилцаж байсан юм. Ингээд анхныхаа үйл ажиллагааг явуулж эхэлсэн, удалгүй Чойжавын Гантулга, Нямаагийн Номуундарь нар ч нэмэгдсэн, хожим М. Дэлгэрцогт, С. Энхцэцэг, М. Дэлгэрмөрөн нараар хүчээ зузаалсан, одоо бол их том биш, гэхдээ бас жижиг ч биш нэг зорилготой, эвсэг нэгэн хамт олон бүрдээд ажиллаж байна. Удирдах зөвлөлийн гишүүд бол дээр дурдсан хэд, дээр нь дуучин Саран, доктор Бадан, гэргий нь болох Амраа эгч, хөөмийч Лувсандагва, бүжигчин Дээгий гээд авьяастай, идэвхтэй гишүүд олон байна. Ямартай ч Америкт ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа болон Америкчуудад монгол хэл, түүх, соёл, зан заншлаа сурталчлах чиглэлээр тодорхой ажлууд хийе гэж л зорьсон, 5 жилийн дараа харахад нилээд зүйлийг хийж  амжуулжээ. Энэ бол багийн ажил. Анхнаасаа сайн ч баг бүрдсэн. Ямар нэгэн ажил зохион байгуулах бол, хөрөнгө мөнгө хэрхэн олох вэ гэдэг дээр санаа зовоод, уйлаад суугаад байдаггүй юм л даа, бид. Удирдах Зөвлөлийн найман хүн санаачилгаа гаргаад л
тус бүр 100$ гаргаад, санхүүжилтээ хийчихдэг, хийх ажлаа хувааж аваад л, 800 доллар дотроо овоохон ажил бүтээчихдэг жишээтэй.
Хүн бүр хариуцсан ажлаа яг таг хийж чаддаг болохоор бид тэгтлээ түүртдэггүй. Ер нь олон нийтэд хандсан ийм ажлуудыг хийхэд санаа нийлсэн, хариуцлагатай, цөөхөн хүнтэй чадварлаг баг  байх нь сайн юм байна гэж бодох болоод байгаа. Хэт олон хүнтэй байхаар бие биедээ найдаад байдаг муу талтай.

*Ц.Наранцэцэг -Бид алив ажлыг хийхдээ шаналж хийдэггүй. Хамтдаа цуглаж уулзаад л инээж хөхрөлдөн, алжаалаа тайлангаа юмаа хийгээд явчихдаг юм. Ямар их урам зоригтой, чин сэтгэлээсээ, дуртай хийдэг гээч. Ийш тийшээ явж, Монголыг сурталчлах ажил их хийнэ, мөнгө зардал байхгүй, хэцүү байна энэ тэр гэлгүйгээр өөрсдөө сайхан амрангаа юм үзээд ирье гээд л гараад шидчихдэг, хол биш газар бол машинаар хамтдаа л явна. Байнга л хөгжилтэй, бие биедээ найрсаг харилцаатай байхаар хийж байгаа ажил минь хүртэл бидэнд амралт болдог юм. Сүүлд нь хийж бүтээсэн бүхнээ эргээд харахдаа "бид ямар их ажил амжуулаа вэ?" гэж бодоход хичнээн их урам ордог гээч.  Тэгээд ч манай баг мэргэжлийн өндөр чадвартай, хамгийн гол нь маш хариуцлагатай хүмүүсээр бүрдсэн. Бид гэр бүлээрээ найз нөхөд болцгоосон болохоор бие биенээ илүү сайн ойлгоцгоодог л доо.

*Г.Галбадрах -Саяхан болж өнгөрсөн "Монгол судлалын 5р бага хурал"-д оролцож байхдаа энэ богино хугацаанд маш хурдан өргөжиж байна гэж бахархах сэтгэл төрсөн шүү.

*М.Саруул-Эрдэнэ – Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулж эхэлсэн энэ ажил маань ингэж олон улсын монгол судлалын хурлын хэмжээнд хүрч байгаад сэтгэл хангалуун байна. Эхний жилүүдэд хүмүүсийг илтгэл тавиач гэж гуйдаг, судлаач анд нараа би өөрөө уриалдаг, шахдаг байсан бол сүүлийн жилүүдээс илтгэлүүдийг шилж сонгох хэрэгтэй болж байна. “Танайх хурал хийх гэж байгаа юм уу?” гэдэг байсан бол одоо бүр нэр нөлөө бүхий том эрдэмтэд “Танай хурал хэзээ вэ?” гэж асуудаг болж. Энэ бас том дэвшил шүү. Дараа жил “Чингис хаан 850” сэдвээр хуралдана.
*Ц. Наранцэцэг –АНУ-д болдог Монгол судлалын хурлууд АНУ-ын эрдмийн хүрээлэл дунд Монголыг таниулахад маш чухал нөлөөтэй байдаг юм. Эдгээр хурлын дотор бас нэгэн өвөрмөц өнгө аяс бүхий ийм үйл ажиллагаа нэмэгдсэнээрээ монгол судлаачдад улам илүү боломж олгож өгч байна. Америкийн Монгол Судлалын Нийгэмлэг, Монгол Нийгэмлэг, Төв Еврази Судлалын Хүрээлэн, Индианагийн Их Сургууль гэсэн байгууллагууд их хэмжээний хөрөнгө, дэмжлэгээр олон жилийн туршид зохион байгуулсаар байж нэр нөлөө бүхий хуралтай болсон бол бид бага хугацаанд, Монгол улсын ШУ-ны болон гадаад харилцааны ямар ч байгууллагын мөнгөн туслалцаагүйгээр ийм хурал босгож ирээд, өдий зэрэгт хүргэсэндээ баяртай л байна.

*Г.Галбадрах -"Монголын цаг", "Монгол судлалын цуврал лекц"-үүд чинь бас нилээд үр дүнтэй арга хэмжээ болж байна.

*М.Саруул-Эрдэнэ -Америкт Монголыг судалдаг, сонирхдог, дэмждэг маш олон хүн байгаа. Тэдэнд зориулсан арга хэмжээний маань нэг нь "Монголын цаг" юм. Монголд ажиллаж байсан Энхтайвны корпусын сайн дурын мэргэжилтнүүд, дипломатууд, монгол судлаачид, монгол гэр бүлтэй америкчууд оролцох их дуртай байдаг. “Монгол судлалын цуврал лекц”-ийн тухайд бол тухайн чиглэлээрээ дагнан ажилласан Монгол судлаачид судалгааныхаа ажлаас хуваалцдаг юм. Нийт 20 гаруй удаагийн маш сонирхолтой лекц зохион байгуулжээ, одоо бодоход.

*Г.Галбадрах -"Хөтөчтэй аялал" бас “Уулзалт ярилцлага”-ууд болохоор Америкт ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа зориулсан арга хэмжээ байх.

*М.Саруул-Эрдэнэ -Тийм шүү!. Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчууд ер нь зав чөлөө муутай байдаг. Хааяа нэг амрах үед нь тэдний оюун санаа болон мэдлэгт нь нэмэр болгох гэж энэ арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг юм. Монголоос ирсэн зохиолч, зураач, эрдэмтэй лам олон хүнтэй уулзалт ярилцлага зохион байгуулсан.

*Ц.Наранцэцэг -Хүмүүс хааяа амралтын өдрүүдээрээ Америкийн нэрд гарсан түүх дурсгалын газрууд болон байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах дуртай байдаг.  Тийм газруудыг зүгээр нэг үзээд өнгөрөх биш,түүх болон үйл явдлынх нь өгүүлэмжтэй үзүүлж тайлбарлах зорилгоор "Хөтөчтэй аялал"-ыг хийдэг юм. Байнга оролцдог нилээд хүмүүс бий. Монголчууд маань тус бүрдээ өдрийнхээ хоолыг бэлтгэж ирээд хамтдаа юм үзэж, хамтдаа хооллож, салхинд гарангаа үүх түүх сонсох дуртай байдаг.

*Г.Галбадрах -Зундаа зохион байгуулж байгаа "Хүүхдийн зуслан" тань хүмүүсийн талархал дэмжлэгийг их хүлээж байгаа юм билээ.

*Ц.Наранцэцэг -Бид хоёр анх хоёр хүүгээ бодоод  үүнийг хийх санаа төрсөн юм. Бидний бага насны зун цаг ямар их хөгжилтэй адал явдлаар дүүрэн өнгөрдөг байлаа. Бид 2 хүүхдүүддээ ярихаар тэд үнэмшиж яддаг. Гэтэл Америкт өсөж байгаа монгол хүүхдүүдийн бага нас ганцаардмал, үр дүн багатай, дурсах зүйлгүй шахам өнгөрч байна. Ядахнаа л аав ээж нь ямар ч завгүй. Зуслан гэдэг чинь хүүхдүүдийг хоооронд нь найзлуулж нөхөрлүүлж, элдэв адал явдалтай, хөгжилтэй, олон дурсамж үлдээдэг. Гадаа гүйж харайж тоглоод, баярлаж хөөрч байгаа хүүхдүүдийг харах ямар сайхан байдаг гээч..

*М.Саруул-Эрдэнэ –Индиана дахь Ажаа ренбүүчигийн төв дээр Түвд хүүхдүүдийн зуслан хичээллэдэг байсан юм. Үүнээс санаа авч бид санал тавьж, Ажаа гэгээн дэмжсэнээр дөрвөн зун хүүхдийн зуслан зохион байгууллаа. Нөгөө түвд хүүхдийн зуслан санхүү болон бусад шалтгаанаар зогсчихсон, манайх хичээллээд л байна. Харамсалтай нь 25-аас дээш хүүхэд нэг зундаа хамруулж чадахгүй байна. Гол нь манай багийнхан хүүхдийн зусланг зохион байгуулахын тулд дор хаяж 10 өдөр ажлаасаа чөлөө авч байна. Энэ тохиолдолд хоёр ээлж хичээллүүлнэ гэдэг үнэхээр боломжгүй. Энэ жил тавдахь удаагаа болно. Бас л анх хүүхдээ явуулаач гэж найз нөхдөө гуйдаг байсан бол одоо бүртгэл дуусчихаад байхад миний хүүг оруулаадхаач гээд эцэг эхчүүд шалгаадаг болжээ. “Монгол хэл соёлын зуслан” ажиллуулахын хамгийн гол зорилго нь өмнө Нараагийн хэлсэн хүүхдийн сайхан дурсамжаас гадна монгол хэл, соёлыг нь заахад оршдог юм. АНУ-ын олон өөр хотод байгаа монгол хүүхдүүд багаасаа үерхэн нөхөрлөх нь монгол гэсэн нэг холбоо, бүлгэмдэл, нөхөрлөл үүсэх гол үндэс болох юм.

*Г.Галбадрах -Америкт ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа төлөө болон тэдний үр хүүхдүүдийн төлөө маш олон сайхан ажлуудыг санаачлан хийж байгаагийн төлөө Монгол Соёлын Төв-ийн хамт олонд болон та хоёрт талархахгүй байхын аргагүй. Мөн үүний хажуугаар М.Саруул-Эрдэнийн  нийтлэл болон судалгааны, орчуулгын олон ч бүтээлүүдийг "Даяармонгол" сайтаас хүмүүс амтархан уншдаг. Бас өөрийг тань "Даяармонгол" сайтын үүсгэн байгуулагч гэж мэднэ.

*.М.Саруул-Эрдэнэ –Үүсгэн байгуулагч нь биш юм аа. 2003 оны 12 сард Америкт байгаа Монголчуудынхаа оюун санааны хэрэгцээг хангах зорилгоор "Вашингтоны мэдээ" нэртэй цаасан сонинг Б.Номинчимэд анд маань гаргаж эхэлсэн нь өнөөгийн "Даяармонгол" сайтын эхлэл байсан юм. Б.Номинчимэдийн энэ санаачилга үнэхээр зөв, чухал бас миний мэргэжлийн ажил байсан учраас түүнд туслан, цаасан сониныг нь хамтран гаргалцах болсоор яваандаа вэб сайт болсон нь энэ. Одоо бол бусад сайтуудаас ялгагдах онцлог нь түүх, хэл, соёлын нухацтай материалууд зонхилдог, бас ДМ онлайныхан өөрсдөө бүх бичлэгээ бүтээдэг. Манайх барагтай бол өөр сайт дээр байгаа мэдээг хуулаад тавьдаггүй, харин манайхаас юмаа авч тавьдаг арваад вэб сайт, бас мэдээг маань товчлоод жижиг мэдээ болгож тавьдаг цаасан сонин олон бий дээ. Багад уншсан номын тэмдэглэл гэж хийдэг байсан шиг, одоо зарим сонин уншиж байхад манай мэдээг уншсанаа товчлоод, арай өөрөөр бичээд өөрийнхөө нэрээр тавьсан мэдээ их харагддаг юм.

*Г.Галбадрах – Хэл шинжээч эрдэмтэн атлаа та бас сэтгүүлзүй рүү нэлээд гүнзгий оржээ дээ. Сэтгүүлзүйгээр гаргасан тодорхой бүтээлээсээ нэрлэвэл?.

*М.Саруул-Эрдэнэ – Би Монголд байхын л сонинд нийтлэл, өгүүлэл бага сага хэвлүүлдэг байсан юм аа. Хамгийн анх 1992 онд оюутан байхдаа “Бодлын солбицол” гэж сонинд өөрийн шүтдэг хөлбөмбөгчин болох Пьер Литтбарскигийн тухай нэг томоохон өгүүлэл хэвлүүлж байлаа. Дараа жил юм бичиж хэвлүүлж эхэлсний маань 20 жилийн ой болох нь л дээ (инээв). Монгол хэлний мэргэжил сэтгүүлзүйгээс их хол биш шүү дээ. Найруулгазүй заадаг хүн чинь өөрөө юм найруулаад бичдэг байх хэрэгтэй биз дээ. Хэл, түүх, нийгэм, спортын чиглэлээр голчлон бичихийг зорьдог. МонЦаМэ агентлагийн сурвалжлагч болоод ярилцлага ч нэлээд хийсэн. Монгол судлаач 15 эрдэмтэнтэй хийсэн ярилцлагаараа “Индианагийн Их Сургуулийн Монгол Судлаачид” гэсэн ном, сэтгүүлзүйн бусад өгүүлэл, нийтлэл, сурвалжлага зэргээрээ “Манайхан Америкт” гэж ном гаргасан. Сүүлийн үед нийгмийн сэтгэлзүйтэй холбоотой асуудлуудаар аль болох ул суурьтай, судалгаатай, өөрийн гэсэн ажиглалт, дүгнэлт, шинэ санаатай нийтлэлүүд бичихийг хичээж байна. Бас нийтлэлийнхээ хэлийг энгийн, уншихад амар байлгаж, найруулгын алдаагүй бичихийг хичээнэ, зарим тохиолдолд хөнгөн, хошин маягтай бичих гэж үзнэ. Орчин үеийн залхуу уншигчийг тэгж л татахгүй бол уншихгүй шүү дээ.     

* Г.Галбадрах –Сэтгүүлзүй тэгвэл тийм байдаг байж. Орчуулга гэж бас нэг өөр мэргэжил эзэмшсэн хүн гэж би бол өөрийг тань дүгнэнэ. Орчуулгын ном ч хэд хэдийг гаргасан байх. Ер нь орчуулга хийнэ гэдэг, ялангуяа яруу найргийн орчуулга хийнэ гэдэг яггүй нарийн ажил биз?

*М. Саруул-Эрдэнэ –Би өөрийгөө мэргэжлийн орчуулагч гэж хэлэхгүй ээ. Гэхдээ монгол англи хоёр хэлний хэлзүй, адил болоод ялгаатай талыг нь судлаад ирэхээр орчуулгын ухаан руу орох гээд байдаг юм. Орчуулга бол миний машид дуртай хобби юм аа. Ялангуяа англи яруу найраг, дууны үг монгол руу, монгол яруу найраг англи руу орчуулахдаа их дуртай. Зовох тусмаа дуртай. Монгол яруу найргаас шилдэг 50 богино шүлгийг Аюурзана анд маань сонгож, би англи хэлэнд буулгаад, Цолмон зураач монголоор уран бичиж нэг ном гаргасан. Монгол судлаач Поппегийн намтар, овоо том номыг зориглон барьж орчуулсан маань хэвлэгдсэн, орчуулагч нар ам сайтай л байгаа. Англи дууны үгийн орчуулгаар бол хоёр ч жижиг ном гаргаж байсан. ЮНЕСКО-гийн нэг хөтөлбөрөөр нөхөн үржихүйн төслийн нэг номыг англи хэлнээс орчуулж хэвлүүлсэн. Сүлийн үед өөрөө орчуулахаасаа илүү залуу орчуулагч нарын орчуулгыг хянаж, зөвлөгөө өгөөд л суудаг болсон байна. Хөгширч байгаа юм байлгүй. “Халуун, хавтгай, хавчигдмал дэлхий”, “Атаархах зүйл үгүй” гэж хоёр номыг хамгийн сүүлд орчуулгыг нь редакторлож,
орчуулагч нарт нь зөвлөж өгөх шив дээ.

Шүлэг найргийн орчуулгын хувьд бол донжийг нь олж хийхгүй бол яггүй эд ээ. Нэг алдартай хүний хэлсэн ийм үг байдаг юм: “Яруу найргийн орчуулга хөөрхөн атлаа үнэнч эхнэртэй яг адил” гэж. Санаа нь юу вэ гэхээр хөөрхөн мөртлөө үнэнч эхнэр гэж байдаггүй гэнэ л дээ. Нэг бол үнэнч, нэг бол хөөрхөн байх ёстой юм байх. Тэрэн шиг, орчуулгын яруу найраг нэг их сайхан уянгалаад л, толгой сүүл учиргүй сайхан холбогдоод байвал цаад эхээсээ баахан зөрөөд л байна гэсэн үг. Уг хэлэх гэсэн санаа, үг хэллэгийг зохиогчийнхтой нь аль болох ойрхон, өөрөөр хэлбэл үнэн байлгана гэвэл найраглаг шинж нь алдагдаад “хөөрхөн” биш болно гэсэн үг. Энэ хоёрын завсар л уншиж байгаа хүндээ ч таатай, тэгсэн атлаа зохиолчийн хэлээгүй үг хэллэгийг бас нэмж, хэлснийг нь хасаж гүжирдчилгүй л орчуулах хэрэгтэй болно доо.

*Г. Галбадрах –Их гоё орчуулгууд тэгвэл бас ноотой байдаг байх нь ээ?

*М.Саруул-Эрдэнэ –Бүгдээрээ ч тийм биш л дээ. Гэхдээ орчуулгын зохиол уншиж, сонсож байхад маань нэг их сайхан монгол үг хэллэг гараад ирвэл цаана нь ямар үг байсныг ингээд буулгачихав гэж сонирхох, сэжиглэх сэтгэл өөрийн эрхгүй төрдөг л юм. Хүссэн хүсээгүй тэгээд орчуулагчийн найруулга, хэллэг, зарим тохиолдолд бүр үзэл санаа нь орчуулгандаа орчихдог юм аа. Тийм ч учраас орчуулгын зохиолоос хоер зүйл харагддаг юм. Нэг нь уг зохиолч, нөгөө нь орчуулагч нь. Уран зурагтай төстэй юм даа. Жишээ нь Анна Ахматоваг маш олон зураач зурсан байдаг. Бүгд өөр өөрийн хэв маягаар, усан, тосон будгаар, зураас, таталбараар, реалист, модернист аргаар гээд зурсныг харахад Ахматова ч харагдаад байдаг, бас зурсан зураач нь ч харагдаад байдаг шиг л Пушкинийг арван монгол орчуулагч орчуулбал тэндээс Пушкин ч харагдана, орчуулагч нь ч бас харагдана гэсэн үг л дээ.     

*Г.Галбадрах -"Яаж амждаг юм бэ?" гэж гайхахаар л их зүйл бүтээж байна даа. Заримдаа хэрэг болгоод залгахаар утсаа ч авах завгүй л байх юм. Хажуугаар нь бас олон нийтийн ажил гэж байна.

*М.Саруул-Эрдэнэ –Амжуулахыг л хичээж явна даа. Ажлын таван өдөр үндсэн ажлаа хийж, сургууль дээрээ багшилчихаад хагас сайнд Конгрессийн Номын сан дээр очиж ажиллачхаад, бүтэн сайнд нь зав гаргаж Соёлын төвийн нөхөдтэйгөө уулзаж, төлөвлөгөөгөө ярих, үгүй бол хөлбөмбөгийн лийгдээ тоглох гээд ажлаа амжуулж л байна. Манай Монгол Соёлын Төв чинь Вашингтоны Монголчуудын Лийгэд хөлбөмбөгийн багтай шүү дээ. За тэгээд оройн цагаар голдуу нийтлэл, орчуулга дээрээ суудаг. Харин аз болж хамаг гэрийн ажил, үр хүүхэд гээд ар ажлыг Нараа бүгдийг нь амжуулаад байх юм.

... Тэрээр энэ их ажлынхаа хажуугаар "Монгол Соёлын Төв"-ийн тэргүүн, "Цахим өртөө" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, "Америкийн монгол судлалын төв" -ийн удирдах зөвлөлийн гишүүн, "Монгол Нийгэмлэг"-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байгаа аж.

                                                    Тав. Хүүхдүүдийнхээ төлөө

*.Г.Галбадрах -Аав ээж 2 нь ямагт завгүй, харин хүүхдүүд тань?

*Ц.Наранцэцэг -2 хүүгээ аваад Америк явах гэж байхдаа "англи хэл сураагүй очоод яана даа?" гэж шаналж байхад минь тэр үед Элчин Сайд байсан Жон Дингер надад хандаж " Та хэрэггүй зүйлд санаа зовж байна даа? Хэдэн жилийн дараа яаж монголоор яриулна даа гэж шаналах байх" гэж хэлж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм.  Ялангуяа охин маань энд төрсөн, энд өсөж байгаа болохоор хэл соёлоосоо холдчих вий гэсэн айдас байнга сэтгэлд явдаг. Ер нь гадаадад байгаа монгол хүүхдүүдийн хэлний асуудал л одоо хамгийн эмзэг асуудал болж байна даа.

*М.Саруул-Эрдэнэ -Одооны хүүхдүүдийн орчин болон цаг үе нь их өөр болж байна. Бид хоёр ч хүүхдүүддээ "чи Америк хүүхдүүдээс юугаараа ялгарах вэ?" гэдгийг л байнга сануулдаг.  АНУ-д сурч байгаа аль ч үндэстэн мексик ч испани ч орос ч бай хүссэн хүсээгүй Америк хүүхдүүдтэй адилхан болж байгаа. Сургалтын нэг л стандарт, хэлний нэг л мэдлэг... Харин бид хүүхдүүдээ "монгол" гэдгээрээ л тэднээс ялгарах ёстой гэж үздэг. Үүний тулд монгол хэл, соёл, ёс заншил, монгол сэтгэлгээнд өөрсдөө сургах хэрэгтэй болж байна. Харамсалтай нь загасчны морь усгүй гэдэг шиг айлын хүүхдүүд, бүр гадаад хүнд монгол хэлээ заагаад болоод байдаг хирнээ өөрийнхөө хүүхдүүдэд багш маягаар хандаж ер чадхгүй, түүнээс болоод хэлийг нь олигтой сургаж чаддаггүй дээ.

*Ц.Наранцэцэг -Жишээ нь өнөөдөр ээжээс маань надад юу үлдсэн гээч. Ээж минь тэр сумынхаа ядарч зүдэрч байгаа хүмүүст байгаа юмаа тарааж өгч, туслахыг хичээдэг. Хэзээ ч мөнгийг шүтээд, хурааж хуримтлуулаад, бусдаас нуугаад байдаггүй байсан. Одоо эргээд бодож байхад энэ л монгол хүний өвөрмөц чанарын нэг нь юм шиг байгаа юм.. Эцэг эх нь алив зүйлд амьдралд яаж хандана, үр хүүхдүүд нь тэднээс үлгэр авч дуурайдаг.

*Г.Галбадрах -Хэдийгээр гадаадад ажиллаж амьдарч байгаа ч өөрийн үр хүүхдээ монголоор нь байлгахын тулд эцэг эхчүүд нь өөрсдөө үлгэрлэх, бас тэдэнд их цаг зарцуулж байх хэрэгтэй болж байна.

*Ц.Наранцэцэг -Эхлээд бид 2 анзааралгүй Монголынхоо тухай сонин хэвлэл дээр гарсан элдэв муу мэдээг хүүхдүүдийнхээ дэргэд ярьдаг байсан. Хөөх, тийм осол болж гэнэ, тэр улс төрч чинь тэгсэн гэнэ ш дээ гээд л хоорондоо ярьж байгааг минь сонсоод л байдаг байж. Гэтэл энэ яриа хүүхдүүдэд минь Монголын тухай хар бараан, таагүй муу ойлголт өгч магадгүй юм байна гэдгийг анзаараад тэдний дэргэд энэ сэдвээр ярихаа больчихсон. Харин ч Монголын тухай гэгээлэг сайхан зүйлс, өөрсдийнхөө бага залуу насны тухай хөгжилтэй дурсамжуудыг ярихад хүүхдүүд маш дуртай сонсдог. Бас Саруул монголчуудтайгаа хөл бөмбөг тоглох болохоороо хүүгээ дандаа дагуулаад явдаг. Тэгж монгол хүрээлэл дотор оруулах нь зөв юм билээ.

*Г.Галбадрах -Зарим хүмүүс үр хүүхдээ Америк маягаар хүмүүжүүлэх сонирхолтой байдаг.

*М.Саруул-Эрдэнэ -Хүн хүний бодол санаа сонирхол өөр өөр л дөө. Бид бол Америкийн нийгмийн олон зүйлийг үлгэр жишээ болгон, хууль дүрмийг нь дагадаг, бас олон зүйлд нь шүүмжлэлтэй ханддаг. Мэдээж хөгжингүй талаасаа, хүний эрхийг дээдэлдэг талаасаа сайн юм зөндөө бий. Гэхдээ Америкт хүүхдийг хэтэрхий бэлэн амьдралд сургадаг. Бүх зүйл нь яг таг бэлэн байж, өөрийнх нь хүсэл сонирхлыг дагадаг болохоор тэд бие дааж хөгжихдөө тийм ч сайн биш. Хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээ хүүхдийг залхуу, арчаагүй болгодог тал бий. Гэхдээ гэр бүлээс болон хүүхдээс  их шалтгаална.

*Ц.Наранцэцэг -Монголын хөдөөгийн амьдралаас авах сайн нөлөө их бий. Монгол хүүхдүүд багаасаа л ажилд сурч, ахмад хүмүүсийг хүндэлж, үгийг нь сонсч, бие даан шийдвэр гаргаж сурдаг. Энэ бас нэг сайн чанар юм шүү дээ. Нөгөө талаас эцэг эхчүүд нь хүүхдүүддээ сайн найз нөхөд, дотны зөвлөгч, тэднийг ойлгож дэмждэг байж л сайнаар нөлөөлнө.

*Г.Галбадрах -Хүүхдүүдийнхээ ирээдүйн талаар?

*М.Саруул-Эрдэнэ -Том хүү минь багш болохоор бэлдэж байгаа. Бид хоёроос болсон эсэхийг мэдэхгүй, гэхдээ бага ангийн багшийн ажилд сонирхолтой, бас авьяастай юм шиг байна.

*Ц.Наранцэцэг –Хүү маань энд сайн суралцаж, дадлагажаад Монголдоо очиж ажиллана гэсэн зорилттой байгаа. Эд бидний хойч үе болохоор чадаагүй болон амжаагүй зүйлүүдийг  маанэь хийх байхаа. Бид хэд одооноос л энэ талаар ярилцаж зөвлөлдөж байна.

*Г.Галбадрах -Цаг гарган уулзаж ярилцсан та 2-т маш их баярлалаа. Та 2-ын болон танай хамт олны санаачлан хийж бүтээж, олонд хүргэж байгаа олон сайхан ажлуудыг чин сэтгэлээсээ дэмжиж явдаг шүү. Та нарт улам их амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг ерөөе.

*М.Саруул-Эрдэнэ- Танд ч бас их баярлалаа. Монголчууд минь Монгол эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болсон монгол хэл, соёл, зан заншлаа дээдэлж, үр хүүхдүүддээ уламжлуулан үлдээж байгаасай. Тэгвэл ирээдүйд дэлхийн өнцөг булан бүрт Монгол гэсэн гал асаатай хэвээр байж, Монголын эрх ашиг хамтдаа оршсоор байх болно.

*Ц.Наранцэцэг -Танд их баярлалаа. Манай бүх эцэг эхчүүд үр хүүхдүүдийнхээ сайн сайхан  ирээдүйн төлөө их зүйл хийж, хүч хөдөлмөрөө зориулж явдагт би үргэлж талархаж явдаг. Бүгдээрээ эрүүл энх, сэтгэл амгалан, тайван амьдрах болтугай.

  ... Тэдний энэ хичээл зүтгэл жилээс жилд өргөжин тэлж, модны үзэсгэлэнт мөчир лугаа салбарлан дэлгэрч байдагт тэдэнд ямагт талархаж байдаг билээ. Хэдийгээр харь оронд ажиллаж амьдарч байгаа ч Монгол эх хэл, соёл, заншлаа бусдад сурталчлан дэлгэрүүлж, монголчуудынхаа оюун санаанд их ухааны үрийг тарьж яваа тэдний хичээл зүтгэл ямагт сайны ерөөлийг дагуулах буй заа. Та бүхний санасан үйлс бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай.

                                                      Харнууд овгийн Гомбосурэнгийн Галбадрах

e-mail: gala_mn@yahoo.com                                                                                  2011-06-07

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...