Jun 14, 2011

Зүүг нь хүртэл модоор урласан оёдлын машин, эгшигт хайрцаг Монголын брэнд

ӨНӨӨДӨР http://www.mongolnews.mn/mobile.php/i/17890


2011-04-05 13:00


Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд хадгалж буй нэн ховор, хосгүй үнэт үзмэрүүд болон тус аймгийн зураач, барималчдын бүтээлээс дэлгэсэн “Жаахан шаргын нутгаас” үзэсгэлэн өчигдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд 50 гаруй уран бүтээлчийн 150 гаруй уран зураг, баримал, уран бичлэг, дархан, эсгий урлалын бүтээл, 200-гаад эд өлгийн зүйлийг дэлгэн тавьжээ. 
Тус аймгийн Угсаатны зүйн музейд хадгалж буй нэн ховор, хосгүй үнэт ангилалд багтдаг эд зүйлсийг энд авчирсан нь олны сонирхлыг эрхгүй татаж байна. Монгол хүний гараар бүтээсэн анхны эгшигт хайрцаг, дан модоор урласан оёдлын машин, дарьганга эмэгтэйн зүүсгэл гоёл, 120 гаруй жилийн түүхтэй монгол гутал, язгууртнуудын эдлэл хэрэгслийг энд дэлгэжээ.
Монгол хүн 60 гаруй жилийн өмнө анх эгшигт хайрцаг бүтээснийг өнөөгийн залуус тэр бүр мэдэхгүй. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат уран Яринпил 1949 онд эгшигт хайрцаг урлаж, охиныхоо 18 насны төрсөн өдрөөр нь бэлэглэсэн аж. Мөн сумын уран Монхоорой дархны 1961 онд дан модоор урласан оёдлын машины зүүг нь хүртэл модоор хийсэн нь гайхалтай. Энэхүү төхөөрөмж оёж шидэх үүргээ өдгөө ч биелүүлдэг гэсэн. Мөнгийг пааландсан хүн Монголд бүү хэл дэлхийд ховор. 
Алдарт дархан М.Балдан-Осор өөрийн урласан хосгүй хийцтэй, литрийн багтаамжтай их гарын мөнгөн аяганы ёроол дахь хангарьдыг улам уран тансаг харагдуулахын тулд өнгө ялгаж пааланджээ. “Металлыг пааландсан уран дархан манай М.Балдан-Осор гуайгаас өмнө төрөөгүй, өнөө ч гараагүй” гэж тус музейн захирал Ж.Жаргалсайхан бахархав. 
Хэзээнээс нааш суу, цуу нь цуурайтаж ирсэн дарьганга дархчуудын удам тасраагүй, залуу дархчууд төрөн гарч байгаа нь тэнд тавьсан бүтээлүүдээс харагдана билээ. Дорнод Монголын мянга мянган жилийн түүх соёл, нүүдэлчдийн өв уламжлал, онгон байгалийг харуулсан үзэсгэлэн энэ сарын есөн хүртэл үргэлжилнэ.

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...