Jan 8, 2011

5. ДАВХАР ОРЧУУЛАХ НЬ ЛУЙВАР БИШ

http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=84&t=165807

Д.Чойжилийн "Орчуулагчийн жаргал, зовлон" номоос

ДАВХАР ОРЧУУЛАХ НЬ ЛУЙВАР БИШ

"Өнөөдөр" сонины 1992 оны № 5/5-д А. Оюунгэрэлийн бичсэн "Өрсөлдөөн үү, луйвар уу?" гэсэн тэмдэглэл, "Улаанбаатар" сонины ойрмог үеийн нэг дугаарт "Наймалжийг луйварджээ" гэсэн зохиогчийн нэргүй жижиг тэмдэглэл нийтлэгджээ. Эдгээр нь Дя. Алтанхуягийт Марко Незегийн "Наймалж" роман орчуулчхаад хэвлүүлж амжаагүй байтал "Илд, бамбай" хэвлэлийн газар П. Чойжил гэгчийн орчуулгаар өрсөн хэвлүүлсэн тухай гомдол юм. Энэ тухай Дя. Алтанхуяг зурагтаар бас ярьж байсан сурагтай.

Дуугүй байвал зөвшөөрсөнтэй адил гэдэг юм билээ. Молхи өвгөн намайг түмний өмнө луйварчин гэж байхад эрхбиш хариу дуугарах ёстой болов уу.

Урьдаар "Наймалжийг" орчуулах болсон учраа өгүүлье. "Спрут" (Наймалж) кино зурагтаар гараад өнгөрсний дараахан уг киноны зохиол нэгэн жижиг дэвтэр киноныхоо зураг хөрөгтэй гарсан байхыг олж үзээд орчуулан уншигч нарт хүргэвэл юутай билээ гэсэн санаа төрж, ганц нэгэн хүнээс асуухад уг номыг Алтанхуяг гэдэг хүн орчуулаад гаргачихсан гэж, үүнийг дагалдан бөөн хэрэг явдал болсон гэж, үүнд номыг уншигчид маш их сонирхож, орчуулагчийн орон байшингийн цонх, хаалгыг хагалж эвдсэн гэж дуулдаж байлаа. Үнэн худлыг бүү мэд.

1991 оны орчуулагчдын баяр болох үеэр би Дя. Алтанхуягийг зориуд сураглан уулзаж танилцаад тийнхүү хэлмэгдсэнд нь харамсаж байгаагаа илэрхийлэхийн хамт муугийн дотор сайны үр байдаг гэгчээр энэ нь таны орчуулга олны сонирхлыг татаж чадсаны тэмдэг гээд цаашдын нь уран бүтээлд амжилт хүсэж байсан юм.

Тэгтэл Марко Незегийн "Спрут" роман орос хэлээр гарсан байлаа. Үүнийг орчуулахад Дя. Алтанхуягийн орчуулсан кино зохиолтой давхардахгүй гэж бодоод "Илд, бамбай" хэвлэлийн газрын нөхөд дээр би өөрийн биеэр очиж ярилцан тэднийхээс эрхлэн хэвлүүлэх гэж байгаа детектив зохиолын 30 боть цувралын эхний хоёр боть болгохоор ярилцаж тохирсон хэрэг. Үнэн байдал ийм. Үүнд учрыг сайтар лавлаж мэдэлгүйгээр "Наймалж" романыг давхар орчуулсан минь өчүүхэн алдас болжээ. Бас цаас ховор байгаа үед давхар хэвлүүлсэн нь гарзтай гэдгийг зөвшөөрөхөд бэлэн байна.

Ингээд би өөрөө мэдэлгүй зах зээлийн өрсөлдөөнд хамрагдан оржээ. Үүндээ гэмших юм алга. "Илд, бамбай" хэвлэлийн газрын нөхөд бас миний адил учрыг мэдээгүй байж магад. Мэдсээр байж өрсөлдөхөөр шийдсэн байлаа ч тэднийг буруушаах үндэсгүй биз ээ Зах зээлийн үед энэ зэргийн юм байж болох бус уу? Энд луйвардсан юм юу байна? Д. Алтанхуяг, түүнийг хамгаалагч А. Оюунгэрэл нар чухамхүү өрсөлдөөнөөс айхдаа нөгөө этгээдийг луйварчин энэ тэр гэж гүтгэх замаар оноо авах гэсэн юм биш биз?

Дя. Алтанхуяг мөхөс хүнийг луйварчин гэснээ зөвтгөх тайлбар болгож зохиогчийн эрхийн тухай өгүүлжээ. Миний бодоход энд зохиогчийн эрх, орчуулагчийн эрх хоёрыг хутгасан байна. Нэгэн зохиогчийн урьд бичсэн зохиолын сэдэв, үйл явдлыг давтах юм уу, бараг хэвээр хуулан бичээд өөрийн нэрийг тавьж хэвлүүлбэл энэ үнэхээр зохиогчийн эрхэнд халдсан хэрэг болох биз. Орчуулга арай тийм биш, нэг зохиолын хэд хэдэн орчуулга байж болно. Урьд орчуулагдан гарсан зохиолыг шинээр орчуулахад орчуулагчийн эрхийг хөсөрдүүлж буй хэрэг бус. Үүнийг нотлох ганц нэгэн жишээ дурдъя. В. Шекспирийн "Гамлет", "Отелло" жүжгийн хэд хэдэн өөр орос орчуулга байдаг. Шота Руставлийн "Барсан хэвнэгт баатар"-ын орос орчуулга хэд хэд бий. Эртний оросын утга зохиолын гайхамшигт дурсгал "Игорийн цэрэглэсэн тууж"-ийн орчин үеийн орос хэлэнд буулгасан нилээд хэдэн орчуулга бий. Францын зохиолч Проспер Меримегийн "Арсена Гийо"-гийн хоёр ондоо орос орчуулга миний гар дээр байж байна.

Манай Монголд А.С.Пушкиний "Салтан хааны үлгэр"-ийг Г. Дэлэг анх орчуулж, хэдэн жилийн дараа Хөдөөгийн Пэрэнлэй гуай дахин орчуулсан. Мөн А.С.Пушкиний "Хөшөө дурсгалаа босгов, би" -гийн лав хоёр орчуулга бий юм даг. Иймэрхүү жишээ мундахгүй. Нэг зохиолыг дахин орчуулсан хүн луйварчин болдог юм бол орчуулгын түүхэнд олон луйварчин байж дээ, ээ хайрхан!

"Өнөөдөр" сонинд тэмдэглэлээ нийтлүүлсэн А. Оюунтэрэл орчуулагч Дя. Алтанхуягтай хэрэг болгон уулзаж ярилцсан юм байна. Очиж уулзаад "Наймалжийг" давхар орчуулсан тухай Та үүнийг өрсөлдөөн гэх үү, луйвар гэх үү? гэж өдөөн хатгасан асуулт тавьж, үүндээ ...луйвар л гэж үзнэ гэсэн хариулт авчээ. Ийнхүү нэгэн номыг давхардуулан орчуулснаас өөр гэм зэмгүй молхи өвгөн намайг даанч муухай дайран гүтгэсэн байх юм. Нэг нь асууж, нөгөө нь хариулж, хоёул хамжин хүнийг ингэж муучлахдаа энэ маань ёс зүйн үүднээс таарч байна уу, үгүй юу гэдгийг эргэцүүлж бодоогүй юм болов уу? А. Оюунгэрэл, хэрэв зөвхөн Дя. Алтанхуягийг хамгаалах өрөөсгөл сэтгэлээр хандаагүй юм бол өчүүхэн хүнийг эрж сураглан ирж уулзахад юу нь эс болсон юм бол? Би нууц байдалд ороогүй, намайг олъё гэвэл орчуулгын товчооноос асуухад болох байв.

Да. Алтанхуяг номын орчуулга давхардсаны улмаас "Монгол ном" компанитай байгуулсан гэрээгээ биелүүлэхэд хүндрэл учрах болов уу гэж эмээж байгаа юм байна. Эмээх явдалгүй болов уу даа. Хэрэв орчуулгаа хийгээд хүлээлгэн өгсөн бол компани хэвлүүлэхийг татгалзах ёсгүй биз ээ Хэвлүүлчихсэн байхад олны нэлээд эрж сураглаж буй зохиол юм болохоор хоёр орчуулга хоёулаа гүйж дуусах болов уу гэж найдна.

Дээрх хоёр тэмдэглэлд өрсөлдөөний санаа оржээ. Үүнийг буруутгах газаргүй. Дя. Алтанхуягийн орчуулга хавтсан дээрээ комиссар Каттанийн зурагтай гарсан бол П. Чойжилынх хавтсан дээрээ хоёр rap бууны зурагтай гарсан гэжээ. Би одоо хүртэл Дя. Алтанхуягийн орчуулгын барааг олж хараагүй яваа боловч номын гадаад үзэмжийн талаар цэвэр ялагджээ гэдгийг шууд хүлээж орхих минь.

Дя. Алтанхуягийн орчуулга 33 төгрөгийн үнэтэй байхад П. Чойжилынх 65 төгрөгийн үнэтэй гэж уншигч нарыг үнээр айлгах гэжээ. Үүнд бяцхан тайлбар бий. Алтанхуягийн орчуулгын нэг дэвтэр нь уг романы дөрөвний нэг орчим байхад миний орчуулгын нэг дэвтэр нь тэн хагас хиртэйг багтаасан юм шүү.

Тэгэхээр үнэ нь ерөнхийдөө ойролцоо байна (65:2=32,5). Иймд үнийн хувьд хайнцсан гэж тооцоход болох байх.

Дээрх хоёр тэмдэглэлд орчуулгын чанар буюу хэл найруулгын талаар хоёрхон ч үг хэлээгүй дуугүй өнгөрсөн нь ямар жиг вэ? Орчуулгын хэл найруулгын ур чадвар нь уг хоёр номын сайн, мууг ялгах гол шалгуур болох бус уу? Хоёр орчуулгыг эхтэй нь тулган харьцуулж үзээд цөөн ч атугай жишээ татсан бол хэн хэндээ гомдолгүй болох байсан даа. Ярилцагч, бичигч нарын зав нь болоогүй юм болов уу? Эсвэл цаас хэмнэх гэв үү?

За ер нь Дээрх хоёр номын алийг сонгохоо уншигч өөрөө шийдэх хэрэг гэж А. Оюунгэрэлийн бичсэнийг үг дуугүй зөвшөөрч гарынхаа үсгийг зуръя.

1992 он

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...