Jan 17, 2011

Хятад хэлнээс мянга гаруй кино орчуулжээ

2007.06.19 08:45 |

Олон түмэнд хятад хэлний хэмээн нэрлэгдсэн орчуулагч Д.Болдбаатартай ярилцлаа.


-Таныг уншигчид орчуулагч, толь бичиг зохиогч гэдгээр тань сайн мэддэг. Өнгөрсөн хугацаанд юуг амжуулав?

-Би 1995 оноос хойш хятадын олон ангит киног монгол хэл дээр орчуулж эхэлсэн. Хүмүүсийн сайн мэдэх "Чингэс хаан", "Хуанжу гэг" гээд орчуулсан киноны тоо өдгөө 1200 хүрлээ.

Хэдийгээр бусдад зөвхөн кино орчуулдаг мэтээр ойлгогддог ч уран бүтээлч хүний хувьд өргөн хүрээнд ажиллахыг зорьж ирсэн. Тэр ч утгаар кино орчуулахаас гадна япон-монгол, хятад-монгол, англи-монгол толь бичгүүдийг тус бүр хэвлүүсэн байгаа. Мөн хэлний боловсон хүчин бэлтгэх үүднээс "Гэгээ" гадаад хэлний дээд сургуулийг байгуулсан. Миний шавь нар ч чамгүй амжилт гаргасныг дурдмаар байна.

-Монгол хүн бүү хэл, хятад хүмүүс ч ханзаа төдийлэн тогтоож амждаггүй гэдэг. Ер нь та хятад хэлийг хэр сайн эзэмшсэн бэ?

-Ер нь ямар ч хэлийг бүрэн төгс сурсан гэж хэлэх нь учир дутагдалтай. Хувьдаа хятад хэлийг насан турш сурах байх. Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар англи хэлэнд гэхэд жилд арван мянга, хятад хэлний хувьд жилд 3000-5000 үг, хэллэг шинээр гарч ирдэг. Энэ бүхнийг бүрэн, гүйцэд мэднэ гэж хэлэх шиг утгагүй зүйл байхгүй. Гэхдээ хэлийг төгс орчуулдаг систем гэдэг үүднээс нь ярих юм бол боломжийн хэмжээнд мэргэжлийн түвшинд эзэмшсэн гэж хэлж болно.

-Оюутан байх үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу.Тэр үед Монгол, Хятад хоёр орны харилцаа ямар байсан бэ?

-Монгол, Хятад хоёр орны хоорондын харилцаа тааруу үед бид хятадад сурч хэл эзэмшсэн. Тэр үед хэлний боловсон хүчин бэлтгэх тал дээр илүү анхаарч ажилладаг байсан. Тухайлбал, манай анги гэхэд гурван оюутан, зургаан багштай байж билээ. Хүмүүст сонин байж магадгүй л дээ. Энэ нь тухайн цаг мөчид боловсон хүчнийг чанартай бэлтгэж төгсгөдөг байсантай холбоотой.

-Европын өндөр хөгжилтэй орнууд дунд сургуулийн сургалтад хятад хэл заах тухай тусгасан гэсэн. Монголчуудын хувьд цаашид энэ хэлийг заавал эзэмших шаардлагатай юу?

-Дэлхийн аль ч оронд Хятад улсыг дэмжих хандлага анзаарагддаг. Тэгээд ч тухайн улсын дэлхийд эзлэх байр суурь нь ч нэмэгдэж байгаатай холбоотойгоор хятад хэл сонирхогчдын тоо нэмэгдэж байна. Тэгэхээр хятад хэл сурах нь чухал. Энэхүү зах зээлийг дотооддоо төвлөрүүлэх юм бол эргээд эх оронд маань нэмэртэй байх болов уу

-Хятад хэлний мэргэжилтэн хэрнээ япон толь бичиг гаргасан гэхэд сонин санагдаж байна?

-Үнэнийг хэлэхэд, би нэг ч удаа япон хэл сурах гэж багшид шавилаж, бас япон хүнтэй уулзаж, ярьж үзээгүй. Тэгсэн хэрнээ яагаад ч юм болгоод байгаа маань өөрийн онцлогтой.Энэ нь монгол хэлээр ярьдаг хүн манж хэлийг ч төгс эзэмших боломжтой гэдэгтэй адилхан. Учир нь манж хэл монголоос гарсан бичиг шүү дээ. Түүнчлэн манж хэлний үгсийн сангийн 25 хувь нь монгол үг байдаг. Энэ мэт төвдөөр ярьдаг бол энэтхэг хэлийг сурахад амархан гэх жишээний. Үүний адил хятад хэл заалгасан тохиолдолд солонгос, японоор ярихад бэрхшээлгүй.

-Хоёр орны хоорондын харилцаа тааруу үед сурч байсан гэдэг утгаар тухайн үед үзэл суртлын дарамт байв уу. Яагаад энэ хэлийг сонгож сурав?

-Ямар ч бэрхшээл, шахалт, дарамт байгаагүй. Эргээд бодоход надад хэлний мэргэжлээс өөр ямар ч дүр бодогддоггүй. Миний хувьд гадаад хэлийг бүрэн төгс эзэмших нь утга учиртай зүйл. Энэ нь өөрийгөө л нийгэмд илэрхийлэх хамгийн оновчтой хувилбар байсан юм болов уу. Долдугаар ангид сурч байх үеэс хэл сурахыг зорилгоо болгосон. Анх орос хэл сурах гэж чармайсан болов ч тухайн үед монгол хэлний дүрмийг мэддэггүйгээс төвөгтэй санагддаг байж билээ. Дараа нь дунд сургуулиа төгсөөд МУИС-монгол хэлний ангид элссэн. Тэр үед нийгмийн ухааны ангиас онц сурдаг оюутаныг хятад хэлний ангид сургадаг байсан. Ингээд л оюутан болсны хоёр дахь жилээс хятад хэлний мэргэжлээр сурч эхэлсэн.

-Хятад, япон, англи хэлнээс монгол руу хөрвүүлдэг гэлээ. Орчуулах явцад аль нь төвөгтэй санагддаг бэ?

-Гадаад хэлнээс хөрвүүлэхийн тулд юун түрүүнд эх хэлээ төгс эзэмшсэн байх нь чухал. Тэрнээс өөр бэрхшээл энэ, тэр байхгүй.

-Өнгөрсөн хугацаанд 1200 кино орчуулсан гэлээ. Нэг ангит кино орчуулахад хэр их хугацаа зарцуулж байв?

-45-50 минут үргэлжлэх киног орчуулахад өглөө оройд 30 минутын цаг гаргахад хангалттай. Ингээд хичээгээд байхад сард 30 гаруй киног орчуулаад телевизүүдэд өгнө. Толь бичгийн хувьд ч мөн адил. Өдөрт 10-20 хуудас үг биш юмаа гэхэд хоёр хуудас үг орчуулж цээжлэх хэрэгтэй болдог. Үг цээжлэх нь гадаад хэлийг цаг тухайд хялбар сурах шилдэг арга юм.

-Таныг кино, толь бичиг төдийгүй хятадын эртний яруу найргаас ч хөрвүүлж байсан гэдэг?

-Би яруу найрагт элэгтэй хүн. Тиймдээ ч кино орчуулж, толь бичиг хэвлүүлэхээс гадна хятадын эртний яруу найраг сонгодогуудаас нэлээдийг хөрвүүлсэн байгаа.

Ч.Анна

http://www.tulhuur.com/index.php?option=com_content&view=article&id=1810%3AHyatad+helnees+myanga+garui+kino+orchuuljee&Itemid=246

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...