Jan 27, 2011

Чихний чимэг vv, чихний чийр vv?

http://erintulgatmn.blogspot.com/2006/10/vv-vv.html
Эрин М.Тулгатын "Саваагүй нохой саранд" блогоос
-----------------------

2006/10/29

Маралгоогийн блог дээрээс Монгол хэлний эрдэмтэд хаана явна?-ыг уншлаа. Тун юм бодууштай сайн нийтлэл болсон байна лээ. Ойролцоо сэдэвтэй юм гээд өөрийнхөө "Бусгаар тогтносон Монгол" номонд орсон нэг нийтлэлийг тавихаар шийдэв.
---------------------------
Чихний чимэг vv, чихний чийр vv?
(“Өдрийн сонин”-д нийтлэгдсэн) 2004.10.22

“Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлэнд” маань чирэгдэл учруулмаар нэг сонин онцлог байх юм. Монгол хэлний уртсаж, сунжирдаг зүй тогтол. Англи үг "economу" монгол хэлнээ "эдийн засаг" гэж, "freedom" бидний ярианд "эрх чөлөө" гэж хоёр үгээр үржиж илэрхийлэгддэг билээ. Цаашилбал "lifestyle" гэдэг нь "амьдралын хэв маяг" гэж бүр гурван үгийн жагсаал болдог бөгөөд, "environment"-ийг нүүдэлчид "хүрээлэн буй орчин" гэж нэг амьсгаагаар дуржигнуулах ёстой болдог (Дашрамд, “environment”-ийг "байгаль орчин" гэж орчуулдаг нь буруу бөгөөд энэ тохиолдолд natural environment-ийг илэрхийлнэ). Тэр ч бүү хэл ганцхан ухагдахууныг илэрхийлэхийн тулд бид бүтэн өгүүлбэр зохиож байна. Миний мэргэжлийг японоор "канкёокэйзайгакү", англиар "environmental economics" гэнэ. Үүнийг би нутаг нэгтэндээ "хүрээлэн буй орчны эдийн засгийн ухаан" гэж бараг өгүүлбэр хэлэх шахуу танилцуулдаг. Хэрэв энэ чиглэлийн сүүлийн үеийн номноос орчуулж монгол түмэндээ хүргэнэ гэвэл гарчган дээрээ ингэж байгаа юм, цаашаа яаж томорч зузаарах нь ойлгомжтой. Орчуулгын ном ойлгоход хэцүү байдаг нь үүнтэй холбоотой байж болох.
Ийнхүү бид англи юмуу, япон хүний арван үгэнд багтааж ярих асуудлыг хорь, гучин үгээр арай чүү ойлголцож байна. Монгол хэлэнд салаа утгатай үг олон байдаг учир ойлголцож чадвал бараг их юм. Англи хэл дээрх 100 хуудастай ном Монголд 200 хуудас болдоггүй юмаа гэхэд өлхөн 20, 30 хуудсаар зузаан болно. Америкийн Ерөнхийлөгч Бушийн 30 минутанд багтаах илтгэлийг Монголын Ерөнхийлөгч Багабанди хичээгээд ч 40 минутанд багтааж үл чадна. Ийнхүү Ерөнхийлөгчийнхөө яриаг монголын насанд хүрсэн сая иргэн бүгдээрээ нэг удаа сонсдог юмаа гэхэд, хэлний энэ онцлогоос болж улсын хэмжээгээр нийт 167 000 цагийг алдах болж байгаа юм. Энэ илүү арван минутанд.
Зөвхөн хоёр гурван үгээр сунжраад асуудал дуусдаггүй. “Өсөхөөс сурсан үндэсний хэлэн” дэх үгнүүд маань “ийн”, “ын” гэж харъяалахын тийн ялгалаар өөр хоорондоо хэлхэлдэх дуртай. Дээр дурдсан “эдИЙН засаг” ч нэг төлөөлөгч нь. Япон хэлэн дээрх Word программ нэг өгүүлбэрт гурваас дээш “ийн” орвол алдаатай гэж заадаг. Тэгвэл монгол хүн зөвхөн эрхэлдэг ажлаа танилцуулахдаа л "НийгмИЙН хамгаалал, хөдөлмөрИЙН яамНЫ төрИЙН нарИЙН бичгИЙН даргЫН туслах" гэж уг тийн ялгалыг долоо угсруулан хэрэглэж байна. Япон хэлтэй харьцуулах нь утгагүй л дээ. Хоёр өөр дүрэмтэй, хоёр өөр хэлнүүд. Гэхдээ ийм олон “ИЙН” сонсох нь чихэнд чимэгтэй байх уу, үгүй юу гэдгийг бас бодож үзмээр байгаа юм. Түүгээр барахгүй, хэрэггүй газар хүртэл харъяалахын тийн ялгалыг хэрэглэж бид заншжээ. Гадаадын их, дээд сургуулиудын нэрэн дээр Harvard University буюу Харвард их сургуулийг "ХарвардЫН их сургууль", Кёото их сургуулийг "КёотоГИЙН их сургууль" гээд л ярьдаг. Монголд "Отгонтэнгэрийн их сургууль", "Ирээдүйгийн дээд сургууль" гэж хэлдэг билүү? University of Chicago бол болж байна, “Чикагогийн их сургууль” гэх нь зүйн хэрэг.
Энэ яриа бол зүгээр нэг хэл шинжлэлтэй холбоотой яриа биш юм аа. Үгийн цаана хүний сэтгэлгээ явж байдаг. Үг нь байхгүй бол тухайн ухагдахууныг хүн сэтгэж чадахгүй. Үг будилаантай бол сэтгэлгээ будилаантай. Монгол хэлэнд салаа утгатай үг олон байдгаас та бид санаагаа зөв дамжуулахын тулд аргаа барж, ажил дээр буруу ойлголцсоноос болж хариуцлага алдаж байна. Ярианы хэлэн дээр бол дүүрч, дохиж зангаад ч болов ойлголцоно. “Нөгөө юугаа яачих” гэж байгаад нэвтрэлцэнэ. Бичгийн хэлэн дээр очоод яаж ч болохгүй гацдаг. Үгийн асуудал бол зөвхөн хэл шинжлэлийн биш, гүн ухааны ярвигтай асуудал байдаг билээ.
Монгол хэлэнд нэр томъёоны үндсэн утгыг буруу дамжуулдаг илэрхийлэл цөөнгүй. Жишээ нь “нэмүү өртөг”. Монгол оронд амьдарч байгаа хүн алхам тутамдаа "нэмүү өртгийн татвар" төлж явдаг билээ. Энэ татварыг англи хэлэнд "value-added tax" гэх бөгөөд "value-added" гэдэг нь угтаа нэмж бий болсон бүтээгдэхүүн, баялаг гэсэн утгатай. Нийгмийн шинэ орлого, баялагаас авах татвар гэсэн санааг агуулдаг. Тэгвэл бид тэрхүү нэмэгдэл баялаг, бүтээлийг ажиг ч үгүй "нэмэгдэж бий болсон өртөг, зардал” гэж нэрлээд явж байна. Энэ нь цагааныг хар гэсэнтэй адил юм. Ардчилал, зах зээлийн харилцаа руу шилжсэн гэх боловч орчин үеийн улс төр, эдийн засаг, гүн ухаан, нийгмийн маш олон үг хэллэг өнөөдөр монголд буруу хэлэгдэж, будилаантай хэрэглэгдэж байна. Тэр дунд жаахан ч гэсэн шинэ оролдлогууд гарч байгаа нь сайшаалтай. Жишээ нь sustainable development-ийг “тогтвортой хөгжил” гэж орчуулдаг ч, сүүлийн үед “тулхтай хөгжил” гэж нэрлэх санал гарчээ (Д.Дагвадорж, Тулхтай хөгжил – Монголын ирээдүй, 2002). “Тогтвортой” хэмээх орчуулга дэлхий нийтийн энэхүү шинэ үзэл санааг зөв илэрхийлж чаддаггүй бөгөөд stable гэдгийн орчуулгатай давхцдаг. Түүнээс болж “stable and sustainable development” гэсэн мөр таарах үед “тогтвортой бөгөөд тогтвортой хөгжил” гэж орчуулахаас аргагүй болдог. Харин “тулхтай” гэх нь утгын хувьд ч, бусад үгтэй давхцахгүй байх чанараараа ч, тун тохиромжтой хувилбар юм. Мөн адил дээр дурьдсан "нэмүү өртөг"-ийг Баабар гуай "нэмүү үнэлэмж" гэж нэрлэх санал гаргасан юм билээ.
[1] Иймэрхүү байдлаар энд тэндээс янз бүрийн санал гарах нь эрүүл, сайшаалтай үзэгдэл юм. Японд бол шинэ ухагдахуун гарч ирэхэд эрдэмтэн бүр өөр өөрийнхөөрөө нэрлэж, тэр дундаас хамгийн тохиромжтой нь шигшигдэж үлддэг. Хэдий эрдэмтэн нь биш ч, би бас “нэмүү өртөг” дээр саналаа нэмэрлэе. Миний бодлоор "үнэлэмж" гэдэг нь ертөнцийг үзэх үзэл, юмыг үнэлэх үнэлэмж буюу "sense of value" маягийн утгыг заадаг учир “value”–г орчуулахдаа "үнэ цэнэ" гэвэл илүү оновчтой мэт. Гэвч “нэмүү үнэ цэнийн татвар” гэхээр бас л сунжруу талдаа болох учир "үнэ цэнэ" гэдгийг нийлүүлээд "үнэц" гэж шинээр нэрлэх санал гаргамаар байна. Нэмүү үнэцийн татвар.
Үгэнд шинэ оноолт хайдаггүй, хэдэн хуучин үгээ унааны ганц морь мэт баруун солгойгүй хэрэглэдэг муу зуршил маань бидэнд багагүй түвэг учруулж байдгийг олон жишээн дээрээс харж болно.
Capital: хөрөнгө
Investment: хөрөнгө оруулалт
Asset: эд хөрөнгө
[2]
Эдгээр нь эдүгээ Монголд түгээмлээр тогтоод байгаа орчуулга юм. Харамсалтай нь энд “хөрөнгө” гэдгийг бүгдэд нь хэрэглэснээс болж жишээ нь “investment on capital asset” мөрийг орчуулах үед "хөрөнгөн эд хөрөнгө дэх хөрөнгө оруулалт" гэж буулгах болж таардаг. Сонссон хүний чих өвдөж, уншсан хүний нүд эрээлжилмээр ийм юм гэж байх уу даа. Ийм үед манай хэд тухай бүрт нь зохицуулаад тохирох үгээр “халтуурдаж” аргалдаг. Ингэж системтэй орчуулга, буулгалтыг алдагдуулах нь ялангуяа мэргэжлийн нэр томъёон дээр маш бүдүүлэг хэрэг болно.
Бүдүүлэг гэснээс монголчууд бид үгийн утгыг тунгааж, зөв хэрэглэхэд хир анхаардаг билээ дээ? Үгийг яаж хэрэглэж байгаагаас тухайн хүний соёл харагддаг билээ. Ихэнх япон айлд Коожиэн хэмээх япон хэлний тайлбар толь байх бөгөөд, аливаа маргаан, хэлэлцүүлэг гарах үед “бид энэ ухагдахууныг зөв хэрэглэж, ойлголцож байна уу?” гээд түүнийгээ үзэж шалгадаг. Энэ орны соён гэгээрүүлэгч Нитобэ Иназо Өөрийгөө төвшитгөсөн тэмдэглэл
[3] номондоо “үгэн дотор зүрх бий” гэж үгийн соёлыг чухалчилжээ. Тэгвэл эх хэлнийхээ тайлбар толийг тавиуртаа залсан монгол айл хэд байдаг бол оо? Угаасаа тавих толь нь ч байхгүй байх. Хамгийн сүүлд Я.Цэвэл гуайн “Монгол хэлний товч тайлбар толь” (1966) хэвлэгдсэнээс хойш хагас зуун жил өнгөрөх гэж байна.
Хэл хэрэглэхэд тохиромжгүй бол хүмүүс улам бүр гадаад хэл хэрэглэх болно. Дэлхий дээрх 6800 хэлнээс ирэх зуун гэхэд тал нь устана гэсэн тооцоо гараад байгаа юм байна. Энэ жагсаалтанд монгол хэл маань орчих юм биш биз? Ганц хэл биш, цаана нь монгол хэмээх өвөрмөц соёл тэрчигээрээ асуултын тэмдэгтэй яригдах болоод байна. Эх хэл дээрээ явагдаж байгаа Монголын оюуны амьдрал, оюуны гал голомт бөхвөл Монгол орон сэтгэгчдийг биш, гадаадад гардаг хар ажилчид, дэнхийсэн хэдэн бөхчүүдийг л төрүүлдэг орон болно. Хэл гэдэг үнэхээр чухал. Үгийг бурхан зохиодоггүй хүн зохиодогоос хойш шинэ ухагдахуун, ойлголт дээр тал бүрийн санал гаргацгааж байя. Бүтээлч хүн гэж заавал мод, чулуу, цаасаар биетэй юм хийдэг хүнийг хэлэхгүй, үгэн дээр ч хүн бүтээлч байж болно. Тохиромжгүй орчуулга, илэрхийллүүдийг зоригтой халж, шинэ үг олж санал болговол тэр бүтээлч үйл мөн. Мэдээж ихэнх хүн хүлээж авахгүй л дээ. "Хэзээ ингэж хэлж байсийм", “наадах чинь сүүлийн үед ингэж хэлдэг болж байгаа” гэх мэт. Хамаагүй, хэрэглээд байх хэрэгтэй. Хэрэглэх явцад дасцгаана. “Дуурь” гэдэг харьцангуй сүүлд зохиогдсон үг юм билээ. Энэ нь “дуут жүжиг” гэдгийг богиносгосон оролдлого юм байна. Анх ийн нэрлэж байх үед нь хэн нэгэн “Дуурь гэж ийм балай монгол үг гэж юу байсан юм, дуут жүжиг л гэдэг шүү дээ” гэж хэлж байсан байж болох. Одоо бол эсрэгээр “дуут жүжиг” гэж байгаа хүнийг гайхан харах биз ээ. Заавал цоо шинэ үг зохиох шаардлага байхгүй, мартагдсан үгээ сэргээх боломж бас байна. Эртний монгол хэлний элэгдэж хуучирч буй үгнүүдээс түүж, шинэ утгаар сэргээн хэрэглэж болно. Японд суралцагч оюутнууд Өөрийгөө хөгжүүлье! (2004) номондоо “liberal arts”-ыг “арвис” хэмээх хуучин монгол үгээр оноож нэрлэсэн билээ.
Эх хэлний хувь заяаг зөвхөн хэл шинжээчид, хэдэн эрдэмтэд шийддэг юм бишээ. Хэрэглэж буй хүн ард нь шийддэг. Хэл бол амьд организм. Хэрэглэх явцад өөрчлөгдөж байдаг зүйл. Аялгуу сайхан монгол хэл гээд л ярьдаг. Монгол хэл яагаад бидэнд уянгалаг сонсогддог юм бэ? Дассан болохоор л тэр. Түүнээс биш "а" үсгийн дараа "у" үсэг орвол чихний чимэг болно гэдэг дүрэм дэлхийд байхгүй. Хятад хэл хятад хүндээ, англи хэл англи хүндээ сайхан. Францчууд франц хэлээ дэлхийн хамгийн гоё хэл гээд итгэчихсэн байгаа. Үгийн утгыг бүтээлчээр тунгааж, хэрэглэх явцад амьд организм өөрөө өөрийгөө хөгжүүлээд явна. Нэг үг ойролцоо утгатай олон үгэнд хэрэглэгддэггүй, богино бөгөөд хэрэглэхэд тохиромжтой, үгийн арвин сантай монгол хэл бидэнд хэрэгтэй байна.
Ингээд эцэст нь тийм чухал биш байж магадгүй ч сонирхлын үүднээс нэг шинэ үг зохиох санал гаргая. Үгийн эхний үсэг буюу англиар “initial” гэдгийг монголоор “титмэг” гэж нэрлэвэл ямар вэ? Монгол бичгэнд ихэнх үсэг “титэм”-ээр эхэлж бичигддэг гэдгээс ургуулсан юм. “Тулхтай хөгжил гэдгийг титмэгээр товчилж илэрхийлбэл ТХ болно” гэж ярих жишээтэй. Тэгвэл миний овог нэрийн титмэг доорх маягийн товчлолыг үүсгэнэ:

Э.М.Т

2004 он 10 сар

[1] Марк Скаузэн, Эдийн засгийн ухаан, эдүгээчлэгдсэн замнал номын орчуулга.
[2]Энэхүү asset-ийг “агуурс” гэж орчуулах боломжийг санал болгож дэвшүүлмээр байна.
[3] Номын нэр эх хэл дээрээ: 新渡戸稲造『自警録』、講談社学術文庫

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...