МЭ IV зууны үеэр өмнө зүгт одоогийн Өвөр Монголын нутагт төр улсаа байгуулан амьдарч байсан Сяньбичууд харийн соёлд автан мөхжээ. Сяньбичуудын байгуулсан Да Вэй хэмээх Хятад нэртэй улсын хаан эх хэл бичгээ хэрэглэхийг хориглож Хятад хэлийг нийтээрээ хэрэглэх зарлиг буулгасан байна. Тус улсын ард иргэд зарлигийг зөрчин эх хэлээ хэрэглэж байсан учир хааны ордноос эхлэн зарлигийг биелүүлэх нь зөв гэж үзжээ. Гэвч ордны хөгшин настай түшмэдүүд зарлигийг зөрчин эх хэл бичгээ хэрэглэн төрийн үйл хэрэгт оролцож байсан тул дахин зарлиг буулгаж хааны ордонд 30-аас дээш насны түшмэдүүд ажиллахыг хориглов. Л.Н.Гумилев “Түүх соёлоосоо тасарсан ард түмэн амархан мөхдөг”гэж хэлсэн шиг Да Вэй улс харийн соёлд автан эх хэлээ мартан мөхжээ.
Ийм гашуун түүх давтагдахгүй гэх газар үгүй тул монгол улс Да Вэй улсын нэг болох вий гэсэн эмзэглэл төрөх боллоо. Манайх шиг цөөхөн хүн амтай улсын хувьд эх хэл бичгээ мартахгүй байх нь монгол улс оршин тогтнохын баталгаа болно.
ЮНЕСКО дэлхий дээрх улс үндэстнүүдийн хэрэглэгдэж байгаа хэлнүүдийг нийтэд нь 6 ангилж дэлхийн хэлний атлас дээр таних тэмдгээр тэмдэглэжээ.
SIL International буюу Summer Institute of Linguistics-н 2005 онд гаргасан судалгаагаар дэлхий дээр нийт 6912 хэлээр ястан үндэстнүүд ярьдаг ч үүний 516 хэл буюу 7,5 хувь нь бараг устахад дөхсөн байна. Азийн 78 хэл , Европын 12 хэл, Африкийн 46 хэл, Америкийн 170 хэл, Номхон далайн 210 хэл тус тус мөхөх аюулд хүрээд байна. Хэдийгээр Индонез улс хэдэн сая хүн амтай боловч ихэнх ахимаг насны иргэд өсвөр үеийнхэнд эх хэлийг өвлүүлэхэд бага анхаарч байгаа тул Индонез улсын эх хэлийг устах аюултай хэмээн тооцож байна. Харин Индонезтэй харьцуулахад Италийн хойд хэсгийн уулархаг нутгаар тархсан Латин хэлээр 30,000 -хан хүн ярьдаг ч мөхөх хэлний ангилалд оруулдаггүй. Учир нь тус нутгийн бүх бага насны хүүхдүүд эх хэлээрээ сайн ярьж өдөр тутам хэрэглэдэг тул 21-р зууны устах аюулд орсон хэл гэж үздэггүй байна. 50-аас 100 жилийн дараа дэлхий дээр хэрэглэгдэж буй бүх хэлний тал нь устана гэсэн таамаглалыг судлаачид гаргасан байна.
Харин Монгол хэлний хувьд дэлхийн хэлний атлас дээр Буриад (2003 оны байдлаар 50,000 хүн ярьдаг), халимаг Монгол(2003 оны байдлаар 2000 хүн ярьдаг),Тува (242,754 хүн хэрэглэдэг), Ойрд (150,000 хүн Монголд, 130,000 Хятадын нутгаар), Дархад( 200 хүн), Хөвсгөлийн Урианхай (10 хүн), Звенкийский буюу Эвенки хэл (7584 хүн) гэсэн 7 хэлийг устах болон устах аюулд ороод байгаагаар тэмдэглэжээ.
Орчин цагийн Монгол хэл бохирдож байгаа шалтгааныг судлаачид дараах хүчин зүйлсээс үүдэлтэй гэж үзжээ. Үүнд: 1. Харь хэлний нөлөөлөл буюу гадаад хүчин зүйлс
Бид зарим гадаад үгийг шууд галиглан авч хэрэглэж байна.
Жишээ нь: company(хоршоолол, хамтрал), standard(жишиг),system(тогтолцоо), international (олон улсын) , cafe(цайны газар), restaurant (зоогийн газар), реклам (зар сурталчилгаа), e-mail(цахим шуудан), цагдаагийн пост(эргүүлийн цэг), keyboard(товчлуур), коридор(үүдний өрөө) гэх мэт.
2. Англи үгийг шууд тэр чигээр нь хэрэглэж байна.
Үүнд: cola, pub, star(од), Rokmon building(барилга), Max Tower(цамхаг), Marshall town(хотхон), dry clean(хими цэвэрлэгээ), party(үдэшлэг), freedom(эрх чөлөө), CD promotion, CD cover гэх мэт.
3. Харь үг хэллэгийг шууд хуулбарлаж байна.
Монгол хэлний найруулга, өгүүлбэр зүйг анхаарахгүйгээр зөвхөн гадаад үгийг монгол үгээр сольж орчуулах болжээ. Жишээ нь: I would like to say thank you- Баярлалаа гэж хэлмээр байна. Үүнийг товч бөгөөд тодорхой “баярлалаа” гэсэн ганц үгээр илэрхийлэх боломжтой. I want to drink- Би юм уухыг хүсч байна гэснээс Би юм ууя гэж хэлж болно. Мөн ручка, которая лежит на столе- ширээн дээр үзэг хэвтэж байна, зогсож байгаа халуун сав гэх мэтээр ярьж хэрэглэх болсон. “Тэрээр аялан тоглолтынхоо хүрээнд 13 орноор аялах гэнэ” гэсэн өгүүлбэрийн эхний хэсэг within the frame of гэдэг хэллэгийг шууд хуулбарласан байна. Аялан тоглолт хийх хугацаандаа..” гэж хэлвэл утга, агуулгын хувьд илүү дээр болно.”одоо зураг авалт эхэллээ” гэсэн өгүүлбэрийн зураг авалт гэдэг үг утгын хувьд алдаатай. Бид хэзээ ч унталт хийлт эхэллээ, хоол идэлт эхэллээ, хувцас өмсөлт эхэллээ гэдэггүй. Иймд дээрх өгүүлбэрийг “одоо зураг авах гэж байна ” гэвэл зөв болно.
Англи хэлэнд хэд хэдэн тэмдэг нэр нэг дор бичихдээ тоо (нэг, олон, 56)-бодол (хөөрхөн, дулаахан )-хэмжээ(том жижиг, өндөр тарган туранхай)-дүрс(нарийхан, дугариг,цагариг,дөрвөлжин)-нас(хөгшин залуу, долоон хоногийн)-өнгө(улаан шаргал цайвар)-гарал (Хятад, Монгол, Австри)- материал(даавуун, шилэн, торгон)- нэр үг гэсэн дараалалтай бичдэг.Үүнээс үүдэн буруу ярих, алдаатай орчуулах нь газар авсаар байна. Жишээ нь: south Western(баруун урд зүг)- Өмнө баруун зүг, Beautiful Mongolian women(Монголын хөөрхөн бүсгүйчүүд)- Хөөрхөн Монголын бүсгүйчүүд, гэх мэт.
Мөн “Олимпийн наадам 4000 жижигхэн хүнтэй хот” гэж орчуулсан өгүүлбэр 4000 жижигхэн биетэй хүн амьдардаг хот гэсэн утгыг илэрхийлж үндсэн утгаас гажуудаж байна. Солонгос хүүхдийн дэлгүүр гэх хаяг хаа сайгүй байх болжээ. Гэвч энэ өгүүлбэрт Солонгос гэдэг үг Солонгос, Монгол, Хятад хүүхдийн дэлгүүр гэж байгаа мэт буруу утгыг илэрхийлж байна. Харин үүнийг хүүхдийн Солонгос хувцасны дэлгүүр гэвэл илүү зөв найруулгатай болно.
Өөрсдөө эх хэлдээ муугаар нөлөөлөх буюу дотоод хүчин зүйлс.
1. Бичгийн хэлэнд аман,хар ярианы үг хэллэг хэрэглэх.
Жишээ нь: нэг хүний интернетэд бичсэн зүйлээс “ яахав өглөө хүн утасдаад юм хийгээд өг гэхээр нь очоод хийчээд гэрлүүгээ алхжийтал найзтайгаа таараад хоюулаа пяав уугаад суужийсан чинь хүзүү гайгүү гэсэн мэсэж иржийнэ....чи хариуцахийму гэсэн тэгүл тэнгис дээр тааралды....армантик гээч” гэж бичсэн байлаа. Мөн онцын шаардлагагүйгээр гадаад үг хэрэглэх нь олширчээ. Жишээ нь: кайф авах, шоконд орох, стрессдэх, шантажлах, шоудах, лаптопоороо шивэх, канондуулах
2. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөөлөл
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бол ард иргэдийг мэдээллээр хангаад зогсохгүй эх хэлний уран яруу байдлыг илтгэдэг хэрэгсэл юм. Харин найруулгын хувьд алдаатай, харь үг хэт их хэрэглэсэн жишээ олон байна. Жишээ нь: талийгаачийн сонирхолтой үхэл, манайхан энд бут авлаа, New Star студиэс карераа эхлүүлсэн сингэл дуучин BX бие даасан CD-нийхээ cover-г Singapore-д хийлгэж фенүүддээ удахгүй бэлэг барина. Дээрх өгүүлбэрт харь үг 10, монгол үг 9 оржээ. “Юү Би паласын шоунаас таксидаад Хай-Фай Си Ди Шопоос Камертоны дабль ВИ СИ ДИ авлаа” гэх мэт. С1 сувгийн Show biz нэвтрүүлгээр “Түүнтэй Солонгосын жүжигчин ХюнБи хамтран тоглож байна” гэсэн өгүүлбэрт алдаа байна. Хамтран тоглох гэж хэлэхээс илүү хамтран амьдрах гэж хэлдэг учраас тус өгүүлбэрийг “Солонгосын жүжигчин ХюнБи түүнтэй хамт тоглож байна’ гэж хэлвэл өгүүлбэрийн утга бүрэн болно.
TV8 сувгаар гарах нэг нэвтрүүлгийн хөтлөгч “урмыг чинь бодоод за яахав, 15,000 төгрөгний бараа бүтээгдэхүүн хожих боломжийг олгоё” гэлээ. Дээрх өгүүлбэрийн за яахав гэдэг үгийг хасах хэрэгтэй. Гарны гэж ярьдаггүй шиг төгрөгний гэж хэлдэггүй. Мөн урмыг чинь гэж биш урмыг тань гэж биеийн төлөөний 2-р хэлбэрийг ашиглах хэрэгтэй. “урмыг тань бодож 15,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хожих боломж олгоё” гэх хэрэгтэй.
3. Зар сурталчтилгаа, албан байгууллагын хаяг (хавсралтыг харах)
Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд төрийн албан ёсны хэлээрээ хаягаа бичих бөгөөд хэрэв харь үг хэрэглэх шаардлагатай гэж үзвэл эх хэлээс арай жижгээр бичнэ гэж заасан байдаг.
Харин манай улсад энэ нь эсрэгээрээ хэрэгжиж Англи, хятад хэлээр томоор бичих нь түгээмэл. Нэг талаас хөгжилтэй ч гэмээр нөгөө талаас бодууштай жишээ хэлэхэд: Нэгэн эмээ хоолны газар орж нотариат чинь хаана байна вэ, хүү минь гэж асуухад зөөгч эмээ минь энд нотариат байхгүй шүү дээ гэв. Эмээ яагаад нотариат гэсэн хаягтай байгаа юм бэ гэж ундууцахад зөөгч гайхан гарч харвал HOTPOT гэж бичсэнийг нотариат гэж уншсан байжээ.
Би дараах ажиглалт хийж үзлээ. Замын хойд хэсгийн хорооллын дэлгүүрүүдийн зүүн захаас баруун тийш 282 алхам алхахад тааралдах дэлгүүрүүдийн хаягийг ажиглахад давхардсан 84 англи үг орсон байна. Харин эдгээр англи үгтэй хаягийн тал хувийг нь монгол хэлрүү хөрвүүлэх боломжтой байгаа юм. Тухайлбал: Mon Bakery- Талх, бялууны мухлаг, Korea discount shop-Хөнгөлөлттэй Солонгосын дэлгүүр, Junior fashion- Өсвөр насныхны дэлгүүр гэх мэтээр орчуулах боломжтой.
Улаанбаатар хотын төв хэсгээр байрлах зар сурталчилгаанд дүгнэлт шинжилгээ хийж үзсэн бөгөөд airmarket билетын касс, аптек, negdelchin hotel, Orange C витаминаар баяжуулсан жүүс, stella live music club, red horse club, digital photo, sex эрх чөлөө шинэ кино нээлтийн party mass night club-т, max group, souvenir house, Seoul hair salon, sale 50%, office rent, coffee corner, шинэ Toureg жийп машины сугалаат худалдаа, distributor гэх мэт олон харь үгийг ашигласан зар сурталчилгаа хаа сайгүй байна. Үүгээр ч зогсохгүй Be Brand Mobicom-ын сурталчилгаанд латин, монгол хэлийг хольж бичиж, хар яриаг бичгийн хэлэнд хэрэглэсэн нь зурагтаар гарах боллоо. object>object>
Дээрх асуудлыг шийдвэрлэхдээ дараах аргыг хэрэгжүүлвэл үр дүнтэй гэж бодлоо, үүнд:
- хэвлэлийн хянан тохиолдуулагч, редактор, найруулагчдын мэдлэг чадварыг сайжруулж сэргээх
- Дүйцэл хангах харь үг хэллэгийг монгол хэлнээ орчуулан хэрэглэх
- Дүйцэлгүй харь үгийг хэрэглэхдээ монгол хэлний шинэ үг бүтэх ёсыг баримталж монголчилж хэрэглэх
- олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарах зар сурталчилгааны хэл найруулгад хяналт тавих
- хэлний бодлого хэрэгжүүлж хянлт тавьдаг байнгын үйл ажиллагаатай байгууллагатай болох (хэдий төрийн хэлнйи зөвлөл гэж байдаг ч байнгын үйл ажиллагаатай биш)
Монгол хэлэнд орж ирсэн харь үг бүрийг орчуулаад байх нь өрөөсгөл юм. Харь үг хэллэгийг дараах 2 тохиолдолд зээлдэж хэрэглэдэг. Нэгдүгээрт, олон улсын шинж чанартай үг, хоёрдугаарт, олон улсын шинж чанартай биш ч орчуулах боломжгүй үг хэллэг. жишээ нь : implement detector- төхөөрөмжийн детектор, reagen
t tube-урвалжийн туб гэх мэт
Төрийн хэл гэж байдаггүй түмний хэл гэж байдаг юм. Иймд төр засгийн зөв бодлогын дагуу ард түмнээрээ эх хэлээрээ уран яруу, зөв цэгцтэй ярьж бичицгээе!
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.