Сэдэв: Сургамж
Гадаад хэл нь эх хэлийг мартуулдаг зүйл биш харин хүний сэтгэхүйн орон зайг улам тэлдэг. Зөвхөн эх хэлээрээ эх сурвалж олоход 10 мянган сонголт олно гэж бодоход гадаад хэлтэй хүн 100 мянгыг олох боломжтой гэсэн үг. Тиймээс гадаад хэл нь сурахгүй бол болохгүй зүйлсийн жагсаалтанд зайлшгүй багтах нь зүйн хэрэг. Бидний амьдарч буй эрин зуунд гадаад хэл сурах, ялангуяа Англи хэл сурах нь зайлшгүй шаардлагатай болжээ.
Хүүхэд нас бага байх тусам хэл сурах нь төдий чинээ хялбар байна. Хүүхдийг анх нэгдүгээр ангид ороход нь гадаад хэл зааж эхлэхэд наймдугаар анги төгсөхдөө тэр хэлийг сайн эзэмшсэн байна. Өнөөгийн нийгэмд сайн ажилд орж, амжилттай ажиллахын нэг үндэс нь хамгийн багаар бодоход нэг гадаад хэлийг бүрэн эзэмшсэн байх хэрэгтэй бөгөөд хамгийн ихээр шаардлагатай хэл нь Англи хэл болжээ.
Та нэг сонингийн зараас хүний нөөцийн талаарх зарыг хараарай. Таван зарын дөрөвт нь гадаад хэлтэй байх шаардлага тавьсан байдаг.
Компани болгон өдрөөс өдөрт өсөж дэвжиж, улам өргөжин тэлж, даяаршиж буй дэлхий дээр өөрийн орон зайг хадгалан, олон шинэ байгууллагатай харилцаа холбоотой байх зорилготой байдаг гэдгийг огтхон ч мартаж болохгүй. Энэ байдалд хүрэхийн тулд зөвхөн сайн боловсон хүчинтэй байх шаардлагатай гэсэн үг. Тиймээс гадаад хэл нь хүний амьдралд хэр зэрэг чухал үүрэг гүйцэтгэдгийг ухаарч ойлгосон хүмүүс л шуурхайлан идэвх зүтгэлтэйгээр сурч байна. Гадаад хэлний хэрэгцээг сайтар ухаарсан хүмүүст зориулж сургалт, дамжаа ч нээгдэж эхэлжээ.
Та үүнийг анхаараарай
- Хэл сурч, сайн ярьж чаддаг болох нь тийм ч амар зүйл бас биш л дээ. Тиймээс маш их тэвчээр шаарддаг. Хэл сурах эхний үе шатууд ихэнхдээ хөгжилтэй сайхан амархан өнгөрдөг. Харин хугацаа уртсах тусам улам хэцүү болж сүрдэж эхэлнэ. Учир нь хэл болгонд өөр өөрийн хэцүү талууд байдаг. Дээрээс нь мянга мянган үг цээжлэх хэрэгтэй болно. Дээрээс нь хийх дадлага нь хэдэн жилийг тань авах болно. Тиймээс хэл сурахад тэвчээр хамгийн чухал.
- Хэрэв та нэг улсад тэр улсын хэлийг сурах гэж очиж байгаа бол их хичээл авч, богино хугацаатай байхын оронд бага хичээл авч урт хугацаатай байх хэрэгтэй. Эдинбургийн Гүнгийн хэл сургах системийг хэрэглэдэг Английн хэлний сургуулиуд болон энэ системийг дэмждэг мэргэжилтнүүд өдөрт 3-4 цагийн хэлний хичээлийг хангалттай гэж үздэг.
- Гадаадын хэлний сургалт нь таны үзэж дадал болсон хэлний сургалттай огт адилгүй байдгаас гадаадад хэл үзэх гэж очсон зарим сурагчдад сэтгэлээр унах, эсвэл дэмий мөнгө үрж байгаа мэт сэтгэгдэлтэйгээр буцах тохиолдол гардаг. Тиймээс та гадаадад хэлний сургалтанд явахынхаа өмнө сайн бэлтгэлтэй байгаарай. Яаж гэвэл: Таны урд өмнө нь сурч байсан хэлний сургалтаас тэс өөр байна, таны сэтгэлд хүрэхгүй байсан ч гэсэн сэтгэлээр унасны хэрэггүй. Тэдний системийг өөрийн улсын системтэй харьцуулсны хэрэггүй. Хэрэв таны дасаж заншсан сургалтын систем сайн байсан бол та гадаадад хэлний сургуульд явахгүй байсан гэдгийг мөн мартаж болохгүй.
- Монгол хэл болон Монголчуудаасаа түр зууртаа салж, өдрийн турш сурч буй хэлээрээ ярьж мөн бодож байгаарай. Тиймээс гадаадад хэл сурах гэж явсан хугацаагаа хамгийн үр дүнтэй өнгөрөөхийг хүсвэл эх хэлтэн болон нутаг нэгтнүүдээсээ хэсэг хугацаа хол байж цэвэр гадаадын орчинд байх хэрэгтэй.
- Байрлах байрны хувьд гэвэл таны сурах гэж буй хэлийг эх хэл шигээ эзэмшсэн хүнтэй нэг гэрт байж болно. Ингэснээр та 24 цагийн турш дадлага хийж болно. Өөр нэг сонголт гэх юм бол та айлд байж болно. Учир нь та айлд байснаар тэр улсын ёс заншилтай холбоотой олон олон үг мэдэж авна гэсэн үг. Тиймээс та дотуур байранд байрлахаасаа өмнө сайн бодож тооцоолоорой. Учир нь дотуур байранд яг л өөр шиг чинь шинэхэн сурагчид байдаг.
- Аль болох олон хүнтэй танилцаж, найз нөхөдтэй болж байнга ярианы дадлага хийх хэрэгтэй.
- Гэрийн даалгавараа сайн хийж, өнөөдрийн ажлаа маргааш хийхийн оронд маргаашийн ажлаа өнөөдөр нь хийж дадаж занших хэрэгтэй.
- Хүүхэлдэйн кино сайн үзэх хэрэгтэй. Хүүхэлдэйн кинонд дараа нь санаж болохоор хялбар үг хэллэгийг дахин дахин давтаж үйл хөдлөлийг нь ч үзүүлдэг учир тогтооход хялбар байдаг.
- Зарим хүмүүс алдаатай ярихаас ичиж зовдгоос нэг их ярьдаггүй. Гэвч хэн ч таныг алдаатай ярилаа гэж загнахгүй шүү дээ. Алдаатай байсан ч хамаагүй эвгүй байдалд орохоос эмээлгүй байнга ярих хэрэгтэй. Тэр бүү хэл сайн ярьдаг хүнтэй ярихдаа зарим өгүүлбэрийг албаар алдаатай ярих хэрэгтэй. Учир нь таны мэддэг өгүүлбэрийг хэрхэн өөр хувилбараар засахыг нь сурах хэрэгтэй.
- Удаан бодолгүйгээр шууд ярих хэрэгтэй. Сонсож байгаа зүйлээ Монгол хэл рүүгээ оруулж ойлгох гэж хичээсний хэрэггүй. Шууд тэр хэлээрээ ойлгохыг оролд. Буруу байсан ч хамаагүй шууд тэр хэлээр хариулт өгөөрэй. Энэ нь таныг хурдан боддог болгоно.
- Ном сонин болон унших материал их унших хэрэгтэй. Өөрийн сонирхдог сэдвийн дагуу веб сайтуудад ороорой. Мөн түүнтэй холбогдолтой ном сэтгүүл авч уншаарай. Ингэснээр тэр хэлийг улам дурлаж сурах болно.
- Толь бичиг их ашиглахгүй байх хэрэгтэй. Аль болохоор өөрийн хэлтэй харьцуулж бодолгүйгээр, өгүүлбэртэй нь хамт ойлгох хэрэгтэй. Толь бичиг хэрэглэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд сурч буй хэлнийхээ тайлбар толийг ашиглахыг хичээгээрэй.
- Сургууль болон багшаас ихийг хүлээсний хэрэггүй. Амжилтын ихэнх нь таны идэвх зүтгэлд байдаг юм шүү. Хэрэв та нэг улсад очоод байх хугацаандаа амжилттай сайн хэл сурч чадаагүй бол үүний бурууг бусдад тохолгүйгээр зөвхөн өөрөөсөө асуугаарай.
- Сониуч байгаарай. Хүнээс санаа зоволгүйгээр асуух хэрэгтэй. Бүр хүүхэд шиг сониуч байвал илүү сайн шүү.
- Таны хамгийн сайн туслагч, багш тань настай хүмүүс байдаг юм шүү. Хөгжилтэй орнуудад настай хүмүүс ихэнхдээ ганцаар амьдардгаас ярих сонирхол ихтэй байдаг .Амьдралын туршлага ихтэй энэ хүмүүсээс сурах юм их байдгийг санаж явахад илүүдэхгүй.
Бяцхан жаалуудын гадаад хэл
Ихэнх эцэг эхчүүд хүүхэддээ гадаад хэлний боловсрол эзэмшүүлэхийн тулд сургуульд орохыг нь хүлээдэг. Гэтэл хүүхэд цэцэрлэгийн бага ангийн насандаа гадаад хэл сурах бүрэн чадвартай байдаг. Хүүхэд тань эхэлж өөрийнхөө эх хэлийг хэрхэн сурсан, яг л түүний адилаар хоёрдогч хэлээ сурч эхэлдэг. Эхлээд ойлгохгүй ч гэсэн сонсдог. Дараа нь эцэг эхийнхээ өөрийг нь эрхлүүлж байгаа хөдөлгөөнийг давтагдан хэлж байгаа үгнүүдтэй холбож ойлгосноор ойлгож эхэлдэг. Гадаад хэлийг ч гэсэн ийм маягаар сурдаг. Хүүхдэд ийм системээр, хичээл зааж ядраалгүйгээр хэл зааж болно. Жишээ нь хүүхэд тань англи хэл сурч байна гэж бодъё. Түүнд үргэлж англи хэл дээр гардаг хүүхэлдэйн кино болон кассет сонсговол хэсэг хугацааны дараа бяцхан үр чинь ойлгодог болж эхэлнэ.
Тархины хамгийн чухал хэсгүүд нь хүүхэд 6 нас хүрэхэд бүрэн хөгжиж гүйцдэг гэж судлаачид тогтоожээ. Тиймээс хүүхдийг 6 нас хүрэхээс нь өмнө хоёрдогч хэлийг зааж эхлэхийг зөвлөж байна. Энэ туршлагыг 8 хүүхэд дээр туршиж үзсэн судлаач ярихдаа, хүүхэд бүрт тус тусад нь Англи хэлний кассет болон видео бичлэг өгөөд түүнийг гэрт нь байнга нээлттэй байлгаад (хоол идэж байхад нь, тоглож байхад нь г.м) дараа нь хичээл дээр тэр сэдвийг нь зааж үзүүлэхэд хялбар сурч байлаа. Тэд 6 настайдаа Англи хэлийг сайн сурсан юм.
Сургуульд Англи хэл сурах ба уншлага
Гадаад хэл сурах явцад чадах ёстой хамгийн чухал зүйлсийн нэг бол сайн уншиж чаддаг байх юм. Гадаад хэлийг сайн ярьж чадахгүй ч гэсэн сайн уншиж чадах нь чухал юм. Уншиж чаддаг байх нь хэлийг эзэмшихэд нэн их нөлөөлдөг. Тиймээс өөрийн хэмжээндээ тохирсон ном унших хэрэгтэй. Гадуур явж байхдаа ч, хичээл дээр ч, машин дотор ч тухайн хэлний касетийг сонсож явбал сайн. Мөн түүнийг байнгын дадал болгох хэрэгтэй. Хэлийг сурахдаа ихэнхдээ сонсох уу, аль эсвэл унших уу гэдэг нь сурагчийн сурах чиглэлээс хамаарна. Хэрэв их дээд сургууль, академийн боловсрол эзэмших гэж байгаа бол зайлшгүй их унших хэрэгтэй. Сурагч ном унших дадалгүй бол, эхлээд өөрийн эх хэл дээр ном уншиж сурах хэрэгтэй.
Гадаад хэлийг эзэмших (acquiring), сурах (learning) хоёр ялгаатай. Уншиж, сонсож, сурахын хамгийн сайн тал гэвэл хэлийг эзэмшүүлдэг. Эзэмших гэдэг нь тухайн зүйлийг хэрэглэж чаддаг болох үйл гэж тайлбарлаж болно. Ингээд бодохоор сурах нь нэг зүйлийг сайн эзэмших гэсэн үг биш юм. Англи хэлийг нэг цаг давтах нь тэр цагийг бүрэн ашиглаж чадна гэсэн үг биш. Сурахыг тоймчилж болох ч, эзэмшихийг тоймчилж болохгүй. Эзэмших нь хүн хүнээс шалтгаалан өөр хэлбэртэй байна. Үүнээс үүдэн нэг үгтэй олон дахин дайралдах нь түүнийг эзэмших гол түлхүүр байдаг. Ингэхийн тулд “extensive reading” – ийг чухалчлах хэрэгтэй. Унших үйлийг хэд хэдэн хэлбэрээр хийж болно. Гэсэн ч дээр дурдсан уншлагатай холбогдолтой Ерөнхийлөн унших (Extensive reading), Нарийвчлан гүнзгий унших (Intensive reading) гэсэн хоёр чухал техник байдаг.
Extensive reading: Хичээлийн номноос гадуур унших номыг энэ техникээр унших хэрэгтэй. Хурдан, чөлөөтэй унших. Энэ нь гадаад хэлийг сайн уншиж ойлгодог болоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Гадаад хэлийг анх сурч байгаа хүмүүст зориулсан бяцхан номноос эхлэх хэрэгтэй. Энэ уншилтанд толь бичгийг аль болохоор бага ашиглахыг хичээгээрэй. Гэхдээ сэдвийг ойлгохын тулд гол үгсийг харж ойлгох хэрэгтэй. Ерөнхийд нь унших гэж ойлгож болно.
Intensive reading: Маш сайн нарийвчлан уншина. Номон доторх сэдэв бүрийг нарийвчлан уншина гэсэн үг. Жишээ нь бид хичээлийн номыг ийм маягаар уншдаг.
Энэ хоёр унших аргаар сайн унших хэрэгтэй. Гадаад хэл сурч байгаа хүн өөрийн хэлний түвшиндээ тохирсон номыг сонгож байнга унших хэрэгтэй. Гадаад хэл сурагчдын нэг алдаа нь өөрт тааралдсан болон байгаа бүхий л материалийг нэг бүрчлэн цээжлэхийг хичээдэг. Хоосон цээжлэх биш хэрэглээ болгон ихээр ашиглах хэрэгтэй. Танд хүссэн хэлээ сайн эзэмшихийг хүсье.
http://www.biirbeh.mn
Энэ мэдээний URL:
http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=1089
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.