Nov 21, 2010

Орчуулагчдын их хурал гэж байхым?!

http://baabar.niitlelch.mn/content/197.shtml

нийтэлсэн: 2009 оны 11 сарын 16

Польшийн утга зохиол орчуулагчдын их хуралд 70 орны 300 гаруй орчуулагч таван тивээс Краков хотноо цуглажээ. Хурлыг хамтран зохион байгуулагчийн нэг “Дом кшёнжки” хэвлэлийн газрын дарга Тадэүш гуай “Ийм олон орчуулагч нарыг нэг дор харахад үнэхээр бахархмаар байна, та нар нэг зэрэг босоодох доо” гэв. Дараа нь зочдын хооронд нь танилцууллаа. Есөн орны англи хэл рүү орчуулагч нар, арванхоёр орны испани руу орчуулагчид гэх мэтээр. Японоос гурав, Солонгосоос гурав, Вьетнамаас тав, Хятадаас зургаан орчуулагч Алсын дорныг төлөөлж байлаа. Хятад орчуулагч Вү Лян гэгч эмэгтэй өөрийгөө монгол хүн гэж танилцуулав. “Улаан” гэдэг нэр нь ханзаар ингэж бууж буй учиртай гэнэ. Харин тэрээр польшоос хятад руу орчуулдаг юм байна. Монголоос нэг хэмээн намайг танилцуулахын зэрэгцээ энэ их хуралд хамгийн сүүлд 1976 онд профессор Ренчин оролцсоноос хойш олон жил завсарласныг онцлов.

Польшийн уран зохиол нь оросын зэрэгцээ слав хэлтний хамгийн хүчтэй утга зохиол юм. Ренчин авгай Адам Мицкевичийн “Пан Тадэүш”-ийг монголчилсоноор Польшийн утга зохиолын ноён оргилыг бидэнд танилцуулсан юм. Мөн тэрээр Анджэевскийн “Чандруу, алмааз хоёр”-ыг монголчилжээ. Харин Польш утга зохиолын хамгийн олон гадаад хэлээр хөрвүүлэгдсэн бүтээл нь Фэрдинанд Оссэндовскийн “Хүн, бурхан, бугийн орноор” хэмээх Монголын тухай баримтат бүтээл байдаг. Омскийн Их сургуульд химийн профессор асан зохиогч 1920 онд Барон Унгерний хамт Монголд орж иржээ. Энэ тухайгаа замын тэмдэглэлээ 1924 онд Нью-Йоркт хэвлүүлээдэхсэн чинь тэр дороо 26 хэлээр орчуулагдсан аж. Оссэндовский Унгерний хамт Дилав хутагтаар мэргэлүүлэхэд Унгернийг хэдхэн сарын дараа үхнэ, харин Осэндовскийг хожим Унгерн гэдэг хүнтэй уулзаад нас барна гэсэн гэдэг. Хожим 1945 онд дайн дуусч байхад Осэндовскийтэй герман офицер ирж уулзан шөнөжин ярилцжээ. Өглөө нь алдартай аялагч маань бие барсан байсан гэнэ. Энэ тухай домог маягийн олон яриа байдаг. Бароны Монголд нуусан гэгддэг асар их алт баялагийн тухай хамаатны хүн нь болох тэр нэг Унгерн ярилцсан гэцгээнэ. Оссэндовскийн өөр нэг алдартай бүтээлийг нь “Ленин” гэнэ. Большевик удирдагч Германы агент байсан, дэлхийн дайнд Оросыг ялагдуулахын тулд түүнд Людэндорф асар их мөнгө өгч Петроград руу хувьсгал хийлгэхээр илгээжээ. Энэ тухай анх баримттайгаар нотлон бичсэн юм. Зөвлөлт засаг унаснаас хойш энэ баримт тал талаар улам бүр батлагдсан. Харин тухайн үед улаан цэрэг Варшавыг эзлэхэд оросууд өөрийн удирдагчийг нь “гүтгэсэн” эсэргүүг хайсаар үхсэн болохыг нь мэдэж шарилыг нь ухаж гарган сэгэлж шатаан бахаа хангасан гэдэг юм билээ. Оссэндовскийн Монголын тухай зохиол Ж.Нэргүйгийн орчуулгаар хоёр ч удаа хэвлэгдэн гарсан. Үнэхээр сонирхолтой ч ном, сайн ч орчуулга.

Оссэндовский болон Унгерний Азийн морин дивизийн хөрөнгө болох булж нуусан алтны талаар эрэн сурвалжлага олон жил хийсэн сэтгүүлч Михаловски гэж эр бий. Тэрээр энэ тухай олон өгүүлэл, хэд хэдэн ном хэвлүүлсний “Бароны гэрээслэл” бүтээлийг Аюуш монголчлон 1992 онд хэвлүүлсэн. Үнэт эдлэл, алтан бурхан зэрэг нийтдээ 1800 орчим кг баялагийг Хайлаарын банкинд аваачиж хийх гэж яваад одоогийн Сүхбаатар аймгийн хавьцаа Цагаантолгой гэдэг газар нууж булсан юм гэнэлээ. Эрднэс авч явсан хүмүүс улаан цэрэгт хөөгдөөд яах ч аргагүй болсон аж. Михаловскийн баталж буйгаар гучаад оны үед Унгерн нэртэй нэгэн геологч экспедицээсээ оргон зүүн зүг явж байгаад говьд ангаж үхсэн аж. Мөн зөвлөлтүүд Унгерний алтыг олох гэж 8 удаа хайгуулын баг гаргасан боловч амжилтгүй болсон ч гэх шиг.
Барон Унгерн Штэрнбэрг гэгч энэ цуутай эр аль XII зуунаас эхтэй алдартай сурвалжит удмын хүн учир төрөл садан олонтой бололтой. 1956 онд Австри улс бас нэгэн Унгернийг Москвад суух элчин сайдаар томилтол Хрущев “Бидэнд нэг Унгерн байсан, тэр л хангалттай” гээд татгалзан хүлээж аваагүй. Зөвлөлтийн болон манай түүхчдийн хүндэрсэн гүтгэлгийн үрээр Унгерн адгийн амьтан болж будагдсан болохоос үнэндээ Монгол орныг хятадуудаас чөлөөлж тусгаар тогтголыг маань эргүүлэн олж өгсөн буянтай хүн. Ховдыг чөлөөлөх дайнд ч оролцох гэж 1912 онд ганцаараа довтолгон ирсэн авч Оросын Ховд дахь консул зөвшөөрөлгүй буцаасан байдаг. 1921 оны 2-р сард хүрээг чөлөөлсний дараа Богд хаан шинээр Засгийн газраа эмхлэн Мандушир хутагт Цэрэндоржийг Ерөнхий сайдаар томилсон. 7-р сард Бодоогийн засгийн газар байгуулагдах хүртэл 5 сар тогтож байсан хууль ёсны Засгийн газрыг эс хүлээн зөвшөөрч “Унгернийх” хэмээн гүтгэн дордотгож түүхээс хассан явдал хэвээр үргэлжилсээр. Яахав дээ, хутагт Цэрэндоржийн хөргийг Төрийн ордны коридорт Бадамдорж, Бодоо хоёрын хооронд байрлуулчихад юу л хорогдов гэж. Түүх л үнэн мөнөөрөө сэргэнэ шүү дээ. Сониноос элчин сайд Хангай Унгерний барьж байсан хөөргийг хуучин эдлэлийн дэлгүүрээс олж авчээ. Новониколаевскт цаазаар авахдаа хурааж авсан зүйл нь яван явсаар ингэж зарим нь олдсон хэрэг.
Польшийн утга зохиол үнэхээр хүчирхэг. Аль ч төрөл нь. Рэймонт, Шинкэвич, Милош, Шимборска нар утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн. Шинкэвичийн “Qua vadis, Domino?” хэмээх библээс ишилсэн латин нэртэй бүтээлийг хүний түүхэнд гарсан хамгийн аугаа зохиолын нэг гэж үнэлдэг юм билээ. Болеслав Пруссын “Фараон” хэмээх эртний Египтийн тухай роман их алдартай, хэд хэдэн оронд энэ зoхиолоор кино хийсэн. Их сонирхолтой нь энэ романыг монгол хэлнээ эспэрантогоос орчуулж хэвлүүлсэн байдаг. Саяхан нас барсан Хэрбэрт хэмээх найрагчийг дэлхийн яруу найргийн ертөнц маш сайн мэддэг юм билээ. Шимборска гуайтай гар барьж хөөрөлдөж үзлээ. Амьд нобельтонтой ярихаар хий сүрдээд хэцүү юм билээ. 90 шахаж яваа хөгшин, харин ухаан хичнээн саруул гээ! Намайг өөрийн бүтээлээ орчуулж хэвлэхийг санал болголоо, даанч миний чадал хүрэхгүй л дээ. Яруу найргаар оролдоно гэдэг цаана нь бас нэг тусгай “зургаа дахь мэдэрхүй”-тэй байх шаардлагатай. Шимборскагийн 1957 онд тууривсан “Алмаст бичсэн захидал” найраг нэр заагдан Нобель хүртсэн юм. Ер нь түүний шүлгүүд хачин гоё. Хүүхдийн түргэн хэллэг шиг хөвөрч байснаа сүүлчийн хэдэн мөрөнд гэнэт эргэлт хийж аугаа философи, бодрол эрэгцүүллийн шинэ ертөнц рүү түлхээд оруулчих шиг болдог. Алмаст бичсэн захидалдаа тэрээр хүн төрлөхтний иргэншлийг чийдэнтэй, Шекспиртэй гэх мэтээр баахан гайхуулдаг. Харин захиа бичээд суугаа тэрээр дөрвөн хананд хориотой өчүүхэн нэгэн аж. Ертөнцийн дээвэр дээр суугаа эрх чөлөөт алмас юутай жаргалтай, юутай аугаа, ер нь л атаархам!

Польшийн жүжгийн зохиолчид хичнээн аугаа гэж санана. Орчин үеийг жүжгийн урлаг буй болоход тэд их үүрэг гүйцэтгэсэн. Станиславскийн театрт хийсэн их шинэчлэлийн дараахи үндсэн эргэлт хийсэн хүн бол польш найруулагч Гротовски юм. Польшийн жүжгийн аугаа гигант зохиолч Мрожэк, Гомбрович нар Брэхт, Бэкэт, Инэску, Пинтэр нарын эгнээнд орчин үеийн жүжгийн дэлхийн тэргүүлэх зохиолчоор тодорчээ. Мрожэкийн “Азтай учрал” жүжгийг орчуулсныг минь 1997 онд Батзаяа тайзнаа тавьсан. Тавхан жүжигчин оролцсон тэрхүү модэрн жүжиг ер нь шаардлагын төвшинд болсон, даанч төрийн албан хаагч – урлагчдын эзэмшдэг зориулалтын театрт зай олдоогуй.
Коммунист орнуудад диссидэнт утга зохиол гээч нэг төрөл бас их хөгжжээ. Нам засаг, үзэл сурталд боймлогдон хориглогддогийг хэлж байгаа юм. Хамгийн алдартай нь Солженыцын байх шив дээ. Монголд Чойномоос өөр байгаагүй байхаа. Дээрх Мрожэк, Гомбрович, Милош нар бүгд эх орноосоо дайжин гарсан зохиолчид. Гэхдээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн учир хатуу үед ч тэдний бүтээлийг хэвлэдэг байлаа. Харин Марэк Хласко хэмээх диссидэнт 1990 он хүртэл хаалттай байсан. Түүний хоёр ч романыг би орчуулсан юм. Гар бичмэлээр шүү дээ. Дэндүү хайхрамжгүй байсан юм уу, хүмүүст үзүүлж гайхуулж байгаад тэгсгээд таг мартчихана. 1980 онд орчуулсан Хласкогийн “Дараа нь чиний ээлж” романыг багын найз Батсүх маань 2004 онд олж өгснөөр хэвлэгдсэн. 1977 онд орчуулсан Зигмунт Зэйдлэр-Зборовски хэмээх детектив зохиолчийн “Гаршсан мэргэжилтэн” романы гар бичмэлийг ердөө саяхан нэгэн үл таних эр авчирч өгч намайг их баярлууллаа. Ганцхан хувь тэр гар бичмэлийг мань эр 30 гаруй жил хадгалжээ. Ингээд сая орчуулагчдын их хуралд явахын өмнө амжиж хэвлүүлээд аваачиж гайхуулав. Одоо ч сайхан болж дээ, хэн дуртай нь юу дуртайгаа хэвлүүлж болно. Цэнзүүр байхгүй, цэнзүүр нь ердөө л зах зээл. Номын зах зээлийг хорлогч нь төр л юм даа. Иргэдээс хурааж авсан татварын мөнгөөр аймшгийн номнууд мөнгөөр зодож хэвлээд л тэрийгээ үнэгүй тараагаад л. Төр уг нь номын “бизнес” хийдэг газар биш шүү дээ.
2009.6.22

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...