Nov 9, 2010

Готовын Аким: Одоогийн орчуулгын кинонуудыг харахаар элэг эмтэрмээр байдаг

Солонгост суралцагч Монгол Оюутны Холбоо

Ярилцсан: С.Билигсайхан | Утга зохиол урлаг (2005.12.30)

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн Үндэсний номын сангийн захирал, орчуулагч, сэтгүүлч Готовын Акимтай уулзаж ярилилаа. Энэ удаа бид зөвхөн уран зохиол, яруу найргийн орчуулгын талаар товчхон хөөрөлдлөө.

Таны орчуулсан Нобелийн шагналт зохиолч Г.Г.Маркесийн "Зуун жилийн ганцаардал" олон хүний ширээний ном. Энэ сайхан зохиолыг орчуулах санаа хэрхэн төрөв. Хэдий хугацаанд орчуулсан бэ?

Энэ номыг яагаад орчуулах болсон бэ гэсэн нь сонин байж болох. Манай утга зохиол бол тэр үед зөвхөн социалист реализмаар замнаж байсан. Маркесийн энэ зохиолыг уншаад Дэлхийн утга зохиол бол арай ондоо чиглэлээр явж байгаа юм байнаа гэдгийг би зохиолч нөхөддөө ч тэр, монголын уншигчдад ч тэр энэ номоор төлөөлүүлж хэлж өгөхөөр шийдсэн юм. Тэгээд л энэ номыг орчуулсан даа. Зургаан cap орчим л суусан байх. Тэр үед чинь уран бүтээлийн чөлөө гэж авдаг байлаа. Наян есөн онд Монголд яг ардчилалын морин төвөргөөн тачигнаж байх үед орчуулж дуусгасан юм.

Би тэр номыг хоёр гурван удаа уншсан л даа. Орчуулахад их л хэцүү баймаар санагдсан

Энэ зохиол нь "шидэт реализм"-ын төрөлд багтдаг зохиол. "Цаазын тавцан", "Зуун жилийн ганцаардал" хоёрыг орчуулахад бичлэгийн хэл, бичлэгийн байдал нь тэс ондоо. "Цаазын тавцан" роман бол монгол сэтгэхүйд ойрхон, Жишээ нь тэр Казахын талд болж байгаа тулалдаан гээд олон явдал нь, Есүсийн хэсэг нь нэлээн хол болов чиг ихэнхи нь төстэй. Ер нь Чингиз Айтматовын "Цаазын тавцан"-г орчуулахаас шал ондоо найруулгаар л "Зуун жилийн ганцаардал" романыг орчуулахгүй бол болохгүй байсан. Колумбын байдал Монголын байдал хоёр тэс ондоо. Тийм учраас Латин Амеркийн орны тэр бодит байдлыг Монголчуудад ийм газар, иймэрхүү сэтгэлгээтэй, иймэрхүү түүхтэй, ийм ард түмэн байдаг юм байна шүү гэдгийг л зохиолд тусгасан байдлаар нь харуулахыг зорьсон доо.

Ер нь аливаа нэг номыг орчуулахад хоёр хэлнийхээ аль талыг нь илүү баривал зохилтой вэ? Жишээ нь өөрийх нь хэлийг бариад орчуулчихаар нэг өөр, өөрийнхөө хэлийг бариад орчуулчихаар бас нэг өөр болоод байх шиг

Хүний хэлийг барина гэдэг чинь үгчилнэ гэсэн үг. Үгчилсэн зохиол хэзээ ч зохиол болж чадахгүй. Уран зохиол орчуулж байгаа бол чи уран зохиол л болгох ёстой. Улс төр болгож болохгүй. Улс төрийн хэллэгтэй болгож болохгүй. Гадаад орны байдлыг үгчлэлгүйгээр монгол сайхан хэлээрээ, монгол сайхан найруулгаараа гаргаж болно гэж би хувьдаа боддог. Тэгж ч оролддог. Тэгж чадаж байна уу, үгүй юу гэдгийг би өөрөө мэдэхгүй уншигчдын л шүүх асуудал.

Та ингэхэд ер нь ямар ямар хэлнээс орчуулж байна даа?

Орос, Англи хэлнээс л орчуулна

Орчуулагч хүмүүст тэрний тийм номыг орчуулчих юмсан гэсэн бодол байдаг даа. Таны хувьд?

Ер нь бол би өөрийнхөө сэтгэлд таарсан номыг л орчуулдаг. Магадгүй миний найруулгад ойрхон ч юм уу, үгүй бол миний үзэл бодолд ч ойрхон байдаг юм номыг л орчуулвал орчуулга нь гайгүй болдог. Захиалгаар, эсвэл өөрийхөө үзэл бодлоос зөрж хийсэн юм бол нэг их олигтой болдоггүй гэж би боддог юм. Тийм учраас би орчуулах номнуудаа өөрөө сонгосон байдаг

Манайхаас бусад улс оронд уран зохиол, яруу найргийн орчуулгын ажил ямархуу янзтай байдаг юм бол оо?

Орчуулах нь бол аль ч газрын орчуулга адилхан шүү дээ. Ганцхан манайхаас ондоо нь тэд оюуны өмчийг их дээдэлдэг. Заавал эрхийг нь худалдаж авч байж орчуулдаг. Манайхан ихэнхдээ л хулгайгаар орчуулдаг. Гэтэл манайх өөрөө оюуны өмчийн олон улсын гэрээнд элсчихсэн. Тиймээс энд гадаадын зохиолыг орчуулж байгаа бол заавал тэр хүнээс нь зөвшөөрөл авч зохиогчид нь зохих хувийг нь өгч гэрээ байгуулж байж орчуулах ёстой. Социализмын үед ч хулгайгаар хийж байсан. Одоо ч хулгайгаар хийж байна. Энэ байдлаасаа бид гарах ёстой. Бид алийн болгон бусдын соёлыг хулгайлагч байдлаар явах вэ? Бид жаахан боловсон соёлтой байдалд суралцах цаг болсон. Манайхан хөөрхий мөнгө төгрөг байхгүй гэдгээр шалтаг хийдэг л дээ. Гэхдээ хүмүүстэй нь өөрсөдтэй нь яриад, захидлаар харилцаад учраа хэлвэл манайхаас мөнгө нэхэхгүй. Харин нөгөөхийг нь гаргачихсан байж байдаг, баригдвал их муухай юм болноо доо. Шившигийн юм болно. Олон улсын хэмжээнд дэлхийн соёлын хэмжээнд шившигээ дэлгэхгүйг л бодох ёстой. Хүний оюуны бүтээлээр бизнес хийж болохгүй, зогсоох хэрэггэй. Энэ бол бузар.

Өнөөдөр гарч байгаа орчуулгын, энэ чиглэлийн ажил яавал илүү их ахицтай, чанартай, дзвшилттэй болох бол?

Уншигчдын бага хурал хийж орчуулгын онолын сэтгүүл гаргаж, сониндоо орчуулгын шүүмж тавьж, онолын маргаан өрнүүлж болно гээд олон юм байна. Хамгийн гол нь энэ орчуулагчдын монгол хэлний мэдлэгийг дээшлүүлэх. Гадаадын хэлийг бол яахав сайхан тачигнатал ярьдаг, ус цас шиг хэрэглэдэг тийм залуучууд олон болж. Гэхдээ монгол хэлнийхээ найруулга зүйг мэдэхгүй болохоор нөгөө орчуулга нь түг яг "тэгсэн ш дээ" "ингэсэн ш дээ" гэх ч юмуу тиймэрхүү маягийн болчихсон байна. Гудамжны хар ярианы хэлээр хүртэл одоо орчуулж байна.Тэгж болохгүй, ялангуяа уран зохиолыг бол хэрхэвч тэгж болохгүй.Одоогийн орчуулгын кинонуудыг харахад үнэхээр элэг эмтэрмээр орчуулж байна. Монгол хэлний мэдлэгийг л дээшлүүлэхгүй л бол ерөөсөө урагшаа ахихгүй.

Үргэлжилсэн үгийн орчуулгын зохиолуудыг хараад уншаад байхад надад бууж байгаа нь их боломжийн санагддаг. Яруу найргийн орчуулгыг харахаар бүр хачин хачин юмнууд их байх юм. Энд ямар учир байна вэ?

Яруу найргийн орчуулга бол хэцүү. Яруу найраг бол яруу найраг л байх ёстой: Үргэлжилсэн үгийн зохиолыг бол тун арга ядвал тайлбарлаж ч болно. Яруу найраг бол тэгж тайлбарлаж болохгүй. Ялангуяа үндэсний онцлогтой зохиолууд бол их хэцүү. Манай Дэндэвийн Пүрэвдорж гуайн "Хөх даалимбан тэрлэг" гэдэг найраглалд "Уулын жавар орно хэмээн Унаган туурай нударга тавилаа" гэсэн шад байдаг, Оросууд орчуулсан чинь "Манжет в виде копит" гэж энэ нь унаганы туурайн хэлбэртэй ханцуй гэж бууж байгаа юм. Монгол хүний сэтгэлд бол монгол ахуй сэрхийтэл буугаад л уянгалаад л явчихаж байтап орос хүнд туурайн хэлбэртэй ханцуй гэдэг ч юм уу тийм юм төсөөлөгдөхгүй. Яагаад ч туурайн хэлбэртэй байгаа юм бүү мэд гэх мэтчилэнгээр ийм үндэстний онцлогтой яруу найргийг орчуулахад үнэхээр хэцүү. Гэхдээ сайхан сайхан орчуулгууд бол зөндөө л дөө. Ц.Дамдинсүрэн гуайн "Олег цэцний дуулал", "Муурын байшин" "Алтан загасны үлгэр" гэх мэт. Ер нь хүн төрөлхтний ерөнхий сэтгэлгээний, байгалиа магтсан ч юмуу, хайр сэтгэлийн шүлгүүдийг бол шууд орчуулж болно.

Та бол нилээд уншсан хүн. Тэр олон уншсан номоос уншууртай, санаанаас гардаггүй, эргэж хардаг тийм номнууд байдаг даа

Би яг үнэнээ хэлэхэд мундаг уншсан ч юмуу даа бүү мэд. Энэ дэлхийн номыг бүгдийг нь уншина гэвэл шал худлаа. Өөрийхөө сэтгэлд л таарсан, үзэл бодолд нийцсэн тийм номнуудыг л хүн унших ёстой. Би бол бурханы шашны, гүн ухааны чиглэлийн номнуудыг нилээн сонирхдог. Хүн төрөлхтний гүнзгийрсэн сэтгэлгээний номыг л жаахан сонирхож уншдаг. Залуучууд сэтгэлгээний гүн рүү явбал зүйтэй. Одооноос л уншиж оюуныхаа сүвийг нээнэ. Хэн билээ, нэг ухаантан "Бодож уншихааргүй номыг уншаад хэрэггүй" гэж хэлсэн байдаг. Манайхан энэ адал явдлын, хүчирхийллийн юмнууд уруу их хошуурч байна. Энэ чинь сэтгэлгээг улам л өнгөцхөн болгоно. Өнгөцхөн хөнгөхөн юм уншина гэдэг бол оюуны залхуурал, Оюун залхуурах тусам тархины чинь атираа тэнийгээд бодож сэтгэж чадахгүйд хүрнэ. Юм боддог, сэтгэдэг, эргэцүүлдэг цаад учрыг нь олох гэж оролддог байвал тархины чинь атираа улам гүн болж улам ухаалаг болж оюуных нь сүв бүрэн нээгдэнэ. Бид бол ийм л номыг олж уншиж, ийм л номыг олж орчуулж байх ёстой. Энийг төр засгаас анхаарах ёстой, Гэтэл харамсалтай нь манайд ийм зүйл алга байна. Зах зээл гэхээр бүх юм зах зээлийн хуулиар л өөрсдөө зохицуулаад мөнгө төгрөгөө өөрсдөө олоод, соёл урлаг, утга зохиол ч тэр ингэж л явах ёстой гэсэн нэг буруу үзэл байна. Хүмүүсийг гэгээрүүлэхийн тулд төр засгаас тусгай бодлого явуулах ёстой. Тэр бодлого Монголд байхгүй байна.

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...