Dec 8, 2010

Э.Пүрэвжав: “Монгол хэлний товчилсон үгийн толь бичиг”

http://ehhelbichig.wordpress.com

Мон Судар хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлсэн ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Эрдэнийн Пүрэвжавын зохиосон “Монгол хэлний товчилсон үгийн толь бичиг” [2010, А5, 266 х. ISBN 99962-0-071-7 ]хэмээх шинэхэн ном дөнгөж саяхан уншигчдын гар дээр очлоо. Энэ толь бичиг бол орчин цагийн монгол бичгийн хэлэнд товчлогдон хураагдаж бичиж байгаа үг, хэллэгийн толь бичиг юм.

“Аливаа хэлний товчилсон үгийн тухай шинжилгээ судалгаа нь үг хэрэглээний хэм хэмжээнд шууд хамаарна. … Ямарваа хэлэнд үг, хэллэг нэр томьёог товчлон хураахдаа олонтоо давтагдах чанарыг нь илүү голчилдог ажээ…. Холбоо үгийн бүрэлдэхүүн дэх үгсийг хурааснаас үүссэн шинэ үгийг “товчилсон үг” хэмээн нэрлэж заншжээ… Сүүлийн хэдэн жилд “товчилсон үг” шинээр үүсч бий болох үзэгдэл нь тун эрчимжих төлөв хандлагатай байна.” [Э.Пүрэвжав:3-4-5,] хэмээн зохиогч тодорхойлсон байна.

Энэ толь бичиг нь “Монгол хэлний товчилсон үгийн толь бичиг” гэсэн нэртэй боловч орчин үед түгээмэл хэрэглэгдэж байгаа Англи хэлээрх зарим товчилсон үг, хэллэг, интернет, мэдээллийн технологийн холбогдолтой товчилсон үг , дэлхийн улсуудын нэрийн товчлолын код, ром тооны хураасан хэлбэр, химийн элементийн товчлол сэлтийг ард хавсаргасан нь энэ чигийн товчилсон үг үзэж харах хүнд бас нэг хөөрхөн гарын авлага болжээ.

Энэ толь бичигт зориулж нэрт сэтгүүлч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондов гуай “Үгүйлж байсан толийг үзээд баярлахын учир” хэмээх мялаалгын үгэндээ “… Э.Пүрэвжав докторын толь нэг ёсны гараас хөтлөх хөтөч, гарц заах залуур болохуйц тийм боломжийн шимтэй сайн бүтээл гэлтэй. Түүнийг хэт магтах хэрэггүй юм гэхэд дутуу үнэлж яавч боломгүй… ” хэмээн бичсэн байна.

Орчин үеийн албан хаагч, офиссийн ажилтан, оюутан сурагч, чухам хэн бүхний гарт ойр баймаар энэ толь бичгийг Интерном номын дэлгүүрт худалдаж байгаа юм байна. Үнэ нь 7800 төгрөг гэнэ.

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...