Бичсэн: Administrator | |
2008-12-14, Ням | |
Гадаад хэлийг хэрхэн хурдан, сайн сурах талаар олон газраас уншиж мэдэж болох хэдий ч хүмүүс хэн нэгний хувийн туршлагыг ихэд сонирхдог. Энэ туршлага нь янз бүрийн л нөлөө үзүүлэх байх, би ямар ч байсан өөрийн туршлага болон зарим зөвлөмжийг үүгээр хэлэх гэсэн юм. Хүсэл, мөрөөдөл Намайг англи хэл сурах гээд тамаа цайгаад явж байхад нэгэн найз минь ингэж хэлж билээ:”Мандахаа, чи төсөөл дөө. Таван настай англи бацаан, таяг тулсан америк чавганц л англи хэлээр чөлөөтэй ярьж, сэтгэж, уншиж, бодож чадна ш дээ. Чи тэгэхэд…..”. Миний хувьд англи хэл сурахад өгсөн нэг том хүч бол Америк явах гээд жижигхээн хэлний шалгалтанд тэнцэхгүй унаж байсан үе байгаа юм. Шударга бус явдалд эгдүүцсэн би хэнийг ч тэнд буруутгаагүй. Гагцхүү би өөрөө л маргаангүйгээр хэлийг хаана ч хүлээн зөвшөөрөгдтөл сурах ёстой юм байна даа гэж бодсон. Өрсөлдөгчтэй байх нь зөв, харин дайсантай л байж болохгүй. Олон хүмүүс хөршийнхөө баяжиж буйд атаархаж, хамтран ажиллагч нь албан тушаал ахихад барьцаж, дарга нь загнахаар гомдож, замын цагдаа торгохоор уурладаг. Ийнхүү бид хажуу дахь хүнээ дайсан мэтээр харж, түүнийг доош хийх гэж байхаар өөрөөсөө алдааг эрж, өөрөө тэр хүнээс илүү даван гарч, дэлхий дээрхи зургаан тэр бум өрсөлдөгчийн тухай бодож амьдрах ёстой юм шиг байгаа юм. Ингэж гэмээн том хүсэж том мөрөөдөж том амьдрах болно.
Хэл сурах шалтгаан ба зорилго Миний хувьд хэл сурна гэдэг бол тэр хэл дээр ярьдаг бүх ард түмний соел иргэншлийг танин мэдэх, тэдний нүдээр бас ертөнцийг танин мэдэх гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл хүн олон хэл мэддэг байх тусам олон амьдралаар амьдрах буюу тэр хэмжээгээр ертөнцийг танин мэдэж, хүлээн авдаг болдог байх.
Амьдралд хэрэглэж сурах Англи, орос хэлийг би “сайн” мэдэхгүй. Орос хэлийг арван жилд зургаан жил дараалан, их сургуульд таван жил үзсэн юм. Гэхдээ Москвад очсон анхны хоёр сардаа л би гол юмаа сурсан байх. Энэ нь өмнө нь үзэж байсан бүх зүйлээ амьдралд хэрэглэж сурах хэрэгтэй байсныг харуулсан. Үнэндээ Дундговьт Оросууд байхгүй болохоор харьцах боломж байгаагүй л дээ. Ямар ах нартайгаа оросоор ярилтай биш.
Хуулан бичих Арван жилд манай Орос хэлний багш маань чи юугаа ч мэдэхгүй байж нэг хуудас юмыг дахиад орос хэлээр хуулаад биччихэд илүүдэхгүй гэж загнаж байсан юм. Англи хэлийг сурахдаа би бас заримдаа зохион бичлэгийг багш зассаны дараа дахиад хуулан бичдэг байсан. Шууд юм мэдрэгдэхгүй ч гэсэн хүний оюун санаа хуулан бичих хооронд бүх юмыг хүлээн авч л байдаг байлгүй дээ.
Унших нь бичихийн үндэс Орос хэл сурахад дэлхийн сонгодог уран зохиолыг уншсан маань маш хэрэг болсон байх гэж боддог. Англи хэлийг сурахад ч гэсэн олон хувь хүний намтар, мөн шүүхийн шийдвэрүүдийг уншсан нь бичих болоод хурдан уншаад, хурдан ойлгох чадвар олж авахад тусалсан болов уу гэж боддог.
Сонсох нь ярихын үндэс Англи хэлийг сурахад радио сонссон, зурагт үзсэн минь “чихний бөглөө” гаргасан гэж боддог. Харин орос хэлний хувьд Москва дахь “анхны нэг сар” л бөглөө гаргахад хангалттай байсан. Англи хэл дээр зурагт анх үзэж байсан эхний долоо хоногт надад мэддэг үг нэг ч байгаагүй. Хоёр дахь долоо хоногт би хэдэн мэддэг үгээ барьж сонсдог болсон. Гурав дахь долоо хоногт заримдаа сонссон мэдэхгүй үгээ сонсох шиг болсон. Дөрөв дэх долоо хоногт ерөнхийдөө юун тухай ярьж байгааг нь барьцаалдаг болсон. Энэ нь өдөр болгон үзсэний үр дүн шүү дээ. Зөвхөн тэр оронд очиж байж тэр хэлийг сурнаБи санал нийлэхгүй. Гэхдээ би тун болохгүй үедээ ямар ч зардал гарсан гэсэн бүх юмаа шавхаад, зээлээд ч болсон Сингапур луу л гурван сар явьяа гэж боддог байсан. Тэгээд бараг л гудамжинд хэнтэй ч хамаагүй өдөр шөнөгүй яриад хэл сурна гэж боддог байж билээ. Гэтэл америк, англи, австрали улс руу гарсан хүмүүс өөрсдөө тухайн улсдаа амьдрах, чадвал хэдэн төгрөг хураахыг хүсдэг. Хэлийг нь сайн мэдэхгүй болохоор хар ажил л хийнэ, тэгээд ийм ажил хийж байгаа хүн хэлээ сайжруулах боломж бараг л гарахгүй. Тийм болохоор энэ хүчин зүйлийг бас тооцоолох хэрэгтэй.
Интернэт Интернэтгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй гэж зарим хүмүүс ярих дуртай болжээ. Энэ бол буруу, энэ тухай надаас өөр олон хүн нэгэнтээ хэлсэн, хэлж байгаа. Гэхдээ үүнийг хэл сурахдаа зөв ашиглавал үнэлж баршгүй ашигтай үнэ төлбөргүй сурах бичиг, багш, дамжаа зөвхөн энд л байна даа. Би өөрөө англи хэлийг сурч байхдаа англиар чалчдаг янз бүрийн сайт руу орж, англи хэл сурахад тусалдаг нэлээд хэдэн сайтны гишүүн болсон байсан.
Төсөөлөл ба мэдээллийн хязгаар Дэлхий дээр 2000 хүн амьдарч байна гээд төсөөлбөл дунджаар 1 монгол, 400 хятад, 400 энэтхэг, 100 америк, 100 индонез, 60 орос, 50 япон гээд хүмүүс амьдрах юм шиг байгаа юм. Тэгээд бодохоор Та зөвхөн Монгол хэл, эсхүл өөр хэд хэдэн хэл мэддэг бол энэ дэлхий ертөнцөөс тэр хэмжээндээ л төсөөлөл, мэдээлэл авч байгаа гэж болох байхаа. Хэдийгээр Интернэт зэргээр дамжуулаад Монголчууд нэг хэсэг үеэ бодвол асар их мэдээлэл хүлээж авч байгаа ч тэрнийг англи, хятад хэл дээрхи ч юмуу мэдээллийн орон зайтай харьцуулшгүй байлгүй дээ. Дундговь аймгийн арван жилийн сургуулиудад, мөн Монгол Улсын Их Сургуульд Орос хэл заасан Монгол багш нартаа, Орос хэлийг Улс Түмний Найрамдлын Их Сургуульд заасан Орос багшдаа, Англи хэлийг заасан янз бүрийн дамжааны багш нарт, Crazy English, ESPF-ийн англи болон Монгол багш нартаа би асар их талрхаж, тэднийг хүндэлж явдаг. Англи, Орос хэлээр мэддэг бүхэн маань Та бүхний ач тус, харин алдаа бүхэн минь зөвхөн минийх.
“Нэг хэл – нэг л амьдрал, хоёр хэл – хоёр амьдрал, гурван хэл - гурван амьдрал, …”
Өндөр Овогт Сэрээновын Мандахбат Мельбурн хот, Австрали Улс |
Dec 9, 2010
Гадаад хэл хэрхэн хурдан сурсан туршлагаасаа
http://www.lamongols.com/content/view/4199/91/
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.