Feb 6, 2011

ТҮҮХ БОЛ ТЭМҮҮЛЭН МӨРӨӨДӨГЧИЙН БҮТЭЭЛ МӨН С-М

1992 онд монголоор орчуулагдан хэвлэгдэж байсан нэгэн солонгос номын оршил ба нэгдүгээр хэсгийг "Хөгжлийн төлөө хамт" гэдэг блог дээр байсныг толилуулж байна. Нэгдүгээр бүлгийг солонгосоор нь бас оруулах тул харьцуулж, орчуулгаас нь суралцаарай.


http://khugjil.blog.gogo.mn/read/entry35927

Ким Ү Жүн: Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна. /1/

Эрхэм уншигч оюутан, залуус та бүхэндээ Солонгосын Дэү корпорацийн ерөнхийлөгч Ким Ү Жүний "Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна" хэмээх өөрийн амьдралын туршлагаас бичсэн үнэт номыг хүргэж байна.

Гудамжны сонин худалдагчаас дэлхийн нэрт бизнесмэн болосн Ким Ү Жүн гуайн туулсан амьдралдаа тулгуурлан бичсэн энэхүү ном уншигч авхай таныг бизнесийн хорвоотой танилцуулж, зах зээлийн тогтолцоот олон өнгө аяс бүхий нийгмийн амьдралд зүг чигээ олоход тань туслах болно.

Энэхүү ном 43 са хүн амтай /1992 оны байдлаар/ БНСУ-д 1 сая хувь хэвлэгдэн тус орны хэвлэлийн түүхэнд дээд амжилт тогтоосон төдийгүй англи, япон, орос, хятад, испани, мажар зэрэг олон хэлээр арваад оронд орчуулагдаж буйн учрыг ч та бүхэн мэргэн оюун ухаанаараа тунгаан шүүх биз ээ.

Бусад роны уншигчдын нэгэн адил эх хэлнээ унших боломж олгохсон гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн бид Солонгос хэлнээс эл номыг орчуулвай./Эхний 16 хэсгийг Б.Лхагваа, дараах 20 хэсгийг Д.Жамьяандорж/ .

Орчуулахад сэтгэл харамгүй туслалцаа үзүүлсэн Монгол судлаач Кей Рө Ий гуайд энэ дашрамд гүн талархалаа илэрхийлье.

Орчуулагчид

1992 оны 4-р сар

Улаанбаатар хот

http://khugjil.blog.gogo.mn/read/entry35977

Нэг : ТҮҮХ БОЛ ТЭМҮҮЛЭН МӨРӨӨДӨГЧИЙН БҮТЭЭЛ МӨН

Миний сурагч ахуйн амьдрал ядуу зүдүү байсан. Ганц би ч биш ер нь тэр үеийнхэн бараг цөм тийм байсан юм. Манай улсын нэг хүнд ноогдох үндэсний орлого тэр үед 50 доллар хүрэхтэй үгүйтэй байв. Таван мянган долларт дөхсөн эдүгээгийнхтэй харьцуулахад бидний амьдрал хэр зэрэг хүнд байсныг төсөөлөхөд түвэггүй байгаа биздээ. Ядуу зүдүү хүн одоо ч байдаг гэлээ, тэр үед нийтээрээ үнэхээр үгээгүй хоосон байсан юм.

Манайх тэгэхэд Жанчүндонд байсан бөгөөд сургууль байрладаг Шинчоноос гэр хүртлээ/3,5 км / үргэлж явган явдаг байж билээ.

Улаан мөнгөгүй хэрнээ харин би хүсэл мөрөөдлөөр л дүүрэн явдагсан. Шөнө дөл болтол номын санд сууж байгаад гарч ирэхэд аль эсвэл тэртээх гэр лүүгээ сажилж яваад гэнэт шөнийн тэнгэрийг ширтэн ажихад давжаахан цээжийг минь дүүргэдэг байсан мөрөөдөмтгий дэврүүн сэтгэлээ одоо хэр би мартдаггүй. Тэр үед замбуулин хорвоо зөвхөн минийх ч юм шиг, түүнийг алдлаад авчихаж болмоор ч ер болохгүй бүтэхгүй юм гэж үгүй шиг л санагддаг байлаа.

Үргэлжид ядуу зүдүү байсан хэрнээ харин түүндээ гуньж гутарч байгаагүй_ Надад юу юунаас үнэ цэнэтэй залуу халуун нас байсан бөгөөд түүний минь бэлгэ тэмдэг болсон аугаа их хүсэл тэмүүллээр буцалж явдаг байсан би. Тийм болохоор юу боллоо ч гэж сэтгэлээр унах билээ дээ. Залуу хүнд зайлшгүй байх ёстой эрхэм чухаг зүйл олон боловч тэмүүлэл мөрөөдөл шиг үнэ цэнэтэй зүйл ер үгүй. Амьдралаар хичнээн тарчиг тааруу ч хүсэл тэмүүллээр дүүрэн хүн төдий чинээ баян байдаг. Юу ч үгүй атлаа сэтгэлээ тэжээх тэмүүлэл мөрөөдөлтэй, юунд ч үл атаархах тийм үе бол залуу нас.

Түүх бол тэмүүлэн мөрөөдөгчийнх болой.

Тэмүүлэл, мөрөөдөл бол амьдрал орчныг хувьсган ертөнцийг өөрчлөх хүч мөн.

Хүсэл тэмүүлэлтэй хүн, хүсэл тэмүүллийг төрүүлэгч нийгэм, хүсэл тэмүүллийг эзэмдэгч тийм үндэстэй дэлхий түүхийн гол эзэн болж чадна. Нарт хорвоог бүтээлчээр элээгч хүмүүсийн дотор мөрөөдөл тэмүүлэлгүйгээр залуу насаа өнгөрөөсөн хүн бий гэж үү?

Залуучууддаа хүсэл тэмүүллийн үрийг суулгаж өгөөгүй тийм улс орон хорвоо дэлнхий түүхийг яаж урагш нь хөтлөлцөх билээ дээ?

Америк 200 жилээ илүүгүй богинохон түүхтэй хэрнээ одоо дэлхийн түүхийн хандлагыг тодорхойлж явна. Түүнд хүргэсэн гол хүч нь аугаа их хүсэл тэмүүллийги төрүүлж өгсөн анхны тэр шинийг эрэлхийлэх үзэл санаа байсныг бид сайн мэддэг.

Залуу нас бол бүтээх хүсэл тэмүүллээр ид оргилуун үе. Тийм хүсэл мөрөөдөлтэй болохоороо ид хав гялалзаж, тийм хүсэл тэмүүлэлтэй учраас залуу нас илүү чухаг үнэ цэнэтэй байдаг. Хүсэл тэмүүлэл үгүй бол залуу хүн биш. Учир юун хэмээвээс хүсэл тэмүүлэл бол залуу насны гол учир утга, үндсэн шинж чанар бөгөөд залуу насны гол учир утга, үндсэн шинж чанар бөгөөд залуу нас өөрөө тэр аяараа хүсэл тэмүүлэл юм.

Залуу хүнд байгууштай зайлшгүй шинж бол гарцаагүй энэ мөн. Гэтэл сүүлийн үед яагаад ч юм бэ залуусын маань ирээдүй өөд тэмүүлэх хүсэл тэмүүлэл алдарч байгаа тухай үг сонсогдох боллоо. Мөн хүсэл тэмүүлэлтэй нэг нь түүнийгээ зөвхөн өнөө маргаашдаа зориулах боллоо гэсэн яриа ч гарах болов. Би түүнийг худал цуу байгаасай гэж хүснэм. Үй түмэн залуусын ганц нь гэлээ тийм байх юм бол үнэхээр харамсалтай хэрэг гэхээс өөрөөр хэлэх үг алга. Өөрийнх нь хувьд ч, эх орныхоо ирээдүйн төлөө үүрэх хариуцлагынх нь хувьд ч тэр.

Хүсэл тэмүүлэл тэр хүнийг, түүний зан төлөв, ажил алба хувь заяаг хүртэл шийдэх нь олонтаа. Тэр шинжээрээ хүсэл тэмүүлэл бол хөвж яваа хөлөг онгоцны залууртай адил.

Үл ажиглагдам өчүүхэн төдий зүйл боловч аварга том хөлөг онгоцны зүг чигийг жолоодогч нь үл үзэгдэгч тэрхүү жижиг залуур билээ. Тийм болохоор хүсэл тэмүүлэлгүй хүн залуургүй хөлгөөс ялгаагүй. Залуургүй хөлгийг төсөөлөөд үзэгтүн. Залуургүй хөлөг чиг баримжаагаа алдан хөвөхийн адилаар тодорхой хүсэл тэмүүлэлгүй хүн бас л зорилгогүйгээр сажилж яваад мухардахад хүрнэ. Буруу тийш хөтлөгдсөн хүн бас мөнөөх хүсэл тэмүүлэлгүй хүнтэй адилхан аюултай. Мөн зөвхөн хувийн жаргал хөөн өнөө маргаашаа бодсон хүн ч гэсэн бас огтхон ч хүсэл тэмүүлэлгүй хүнээс өөрцгүй харамсалтай. Тийм хүн залуу насныхаа үнэ цэнийг огтхон ч ойлгоогүй яваа хэрэг. Залуус та нарт хүсэл мөрөөдөл бий биздээ. Бий аваас та нар чухам юу хүсэж мөрөөдөж явна, түүнийгээ баяжуулан хэрэгжүүлэхийг хүсье.

Хүсэл тэмүүлэл залуур лугаа адил болохоор тэрхүү хүсэл тэмүүлэл чинь хөтлөн зорих амьдралын хөлөг чинь хөвөн урагшлах болтугай. М

Таван сая воны хөрөнгөтэй, тавхан ажилтантайгаар ДЭҮ пүүсээ би анх их л том юм бодож нээсэн. Тэр нь юу гэвэл аж ахуйн үйл ажиллагаагаараа улс нийгмийнхээ хөгжилд хувь нэмэр орлуулна гэсэн бодол байсан юм. Хуучин нэг муу байшингийн буланг сар бүр түрээсээр авч ажлынхаа өрөө хийчихээд хэрээс хэтэрсэн юм бодож гараагаа эхэлсэн. Хүсэл минь биеллээ олж манай пүүс төдөлгүй томрон, 10 жил болоход тэр үед улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох байртай болсон. Одоо Сеулийн төмөр замын төв буудлын урд байгаа ДЭҮ-ийн төв бол тэр.

ДЭҮ-ийн тэр төвийг барьснаар би тун буруу юм хийж дээ гэж анх гэмшдэг байсан. Тэр хөрөнгөөрөө үйлдвэр барьсан бол их хэмжээний бүтээгдэхүүн гаргаж улс орныхоо эдийн засгийн хөгжилд төдий чинээ нэмэр хандив оруулах байждээ гэж бодогдсон юм. Тэгээд бас үл хөдлөх хөрөнгө болох энэ байшинд дэндүү их хөрөнгө оруулсан байна гэсэн зэмлэл хүлээх болов уу гэж багагүй сэтгэл зовж байсан. Гэвч тэр бодлоо орхин шинэ зүйл рүү хүсэн тэмүүлж эхэлсэн. Тэр нь уг байшингаа ажилтнуудаараа дүүртэл пүүсээ томсгоё гэсэн санаа байсан юм. Эхлээд бүтэшгүй мөрөөдөл мэт санагдаж байсан нь үнээн. Гэвч энэ хүсэл минь тавхан жилээс хэтрэлгүй хэрэгжсэн.

Эдүгээ ДЭҮД-д ажиллагсдын тоо 100 мянга гарч байна. Хэрвээ бүгдийг нь оруулна гэвэл ДЭҮ-гийн одоогийн төвийн дайтай гурван байшин лав л хэрэгтэй болох байх.

Одоо би өөр шинэ зүйл рүү тэмүүлж байна. Энэ нь насан эцэслэхийнхээ өмнө дэлхийд хамгийн сайн чанарын нэрд гарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм. ДЭҮ-г хөгжүүлэх явцдаа би дэлхийн дээд амжилтыг хэд хэдэн удаа тогтоосон. ДЭҮ-ийн хөлөг онгоцны, Пусаны оёдлын үйлдвэр хэмжээгээрээ дэлхийд хамгийн том бөгөөд цуултсан бөс барааг ч хамгийн их гаргасан. Гэвч бид чанараараа дэлхийд толгой цохих бүтээгдэхүүн гаргаж хараахан чадахгүй байна. Хаана ч эс андах ямар нэг зүйл хийхдээ л хийнэ. Би үүнийг л хүсэж мөрөөдөж явна.

Үзэг хийх юм бол “фаркер”, фото аппарат бол “Никон” шиг, наанадаж Ким Ү Жүнгийн хйисэн тэр бүтээгдэхүүн хамгийн сайн нь гэсэн үг сонсох нь миний хүсэл мөрөөдөл. Мэдээж энэ хүсэл мөрөөдөл минь одоохондоо хэрэгжихэд хэцүү биз. Чадварлаг сайн хүн бэлтгээд ДЭҮ гэдэг энэ том пүүсээ түүнд шилжүүлж өгсний дараа л биелэх болов уу.

Үүнээс илүү надад хүсэж мөрөөдж явдаг бас нэг юм бий. Аж ахуйг хөтлөх хүндэтгэл хүлээснийхээ хувьд Ким Ү Жүн гэдэг нэрийг дуурсгах нь миний хамгийн том хүслэн. Мөнгө ихтэй баян хүн гэх магтаал би сонсохыг хүсэхгүй байна.

Манай оронд аж ахуй эрхлэгчдийг ер хүндэлж байгаагүй. Хүндлүүлэх нь бүү хэл харин ч ад шоо үзэгдэж ирсэн. Үүнд мэдээж янз бүрийн шалтгаан бий. Нийгмийн дотор хүндэтгэл хүлээх дэв зэрэг албан хаагч, тариачин, аж үйлдвэрийнхэн, худалдаачид гэсэн дараалалтай явж ирсэн Күнзийн сургаалын амь бөхтэй уламжлалын уршиг нөлөө ч бий байх, ямар ч аргаар хамаагүй зөвхөн баяжихын хойноос шунахайран хөөцөлдөж ирсэн аж ахуй эрхлэгч хэд хэдэн хүнд ч үүний хариуцлага зохих хэмжээгээр ноогдох ёстой.

Үйлдвэр, худалдаа эрхлэгчид болохоороо эрдэмтэд ч юм уу урлагийнхан шиг тийм хүндэтгэл хүлээж чаддагүйн учир юундаа байдаг байна вэ ?

Би баян чинээлгээрээ бус, мэргэжлийн аж ахуйн эрхлэн хөтлөгчийн хувьд дурсагдаж явахыг хүсдэг бөгөөд миний эцсийн зорилго, хүсэл мөрөөдөл бол аж ахуйн ажилтныг ч хүндэлж үзэх тийм уур амьсгалыг нийгэмд бүрдүүлэх явдал юм. Түүнийхээ төлөө би өнөө хэр уйгагүй зүтгэж явна.

Та бүхэн ямар нэгэн юм хүсэж мөрөөдөж байна уу? Хэрэв тийм бол юу хүсэж мөрөөдөж явна вэ? Хүсэл мөрөөдөлгүй залуу хүн бол залуу хүн биш ээ. Залуу насны үнэ цэнэ хүсэл тэмүүлэлдээ байдаг. Хүсэл тэмүүлэл, мөрөөдөлтэй баймаажин залуу байдаг. Түүх бол тэмүүлэн мөрөөдөгчдийн бүтээл мөн.

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...