Feb 11, 2011

Бавуугийн хүүгийн найргийг бахтай сайхан орчуулжээ




Бичсэн Ц.Базаррагчаа
2010 оны 2-р сарын 08, Даваа гариг, 07:31

Нэгэн шавь маань Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн шүлэг найраг хятад хэлнээ орчуулан хэвлэснийг сонирхох уу хэмээн үзүүллээ. Бээжин хотноо үндэсний хэвлэх үйлдвэрт хэвлэсэн “Ба. Лхагвасүрэнгийн шүлгийн шилмэл” номын хавтас, зураг чимэг, ур зохиомж нүднээ нэг л содон тусав. Хятад хэлнээс шүлэг зохиол орчуулах гэж оролддогийн хувьд монгол найрагчийн маань шүлгийг хэрхэн яаж орчуулсныг сонирхмоор санагдав. Учир нь Б.Лхагвасүрэн найрагчийн шүлэг зохиолын хэл тансаг агаад яруу байдаг. Тийм тансаг агаад яруу хэллэгийг орчуулна гэдэг мэдээжийн нэн хэцүү. Нэн ялангуяа өөр өөр хэл, соёлт улс орон болгон өөрийн үндэсний онцлог бүхий үг хэллэг (реали) буюу дүйцэлгүй үг хэллэг гэж байдаг. Орчуулгын онолд тийм үг хэллэгийг дуудлагаар галиглан аваад тайлбар, зүйлт хийж уншигчид уул юмны тухайд боломжийн ойлгуулж болох талтайг хүлээн зөвшөөрдөг билээ. Энэ тухай хойно өгүүлсү.
Номыг гартаа бариут эн тэргүүнээ: “ Өөрийгээ элээж Өрөөлийг ирлэж дуусах Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий” гэдэг мөрүүд сэтгэлд орж ирүүт хятадаар яаж буулгаж вэ хэмээн хайж байгаад олж үзвэл “ өөрийгөө элээх, өрөөлийг хурцлах, цэнхэр билүү...” гэсэн үгс байр байрандаа л байж байна. Гагцхүү Өнжүүл гэдэг газар нутгийн нэр алга. Бодлоо. Монгол шүлгийн толгой холбох ёсоор Өөрийгөө, Өрөөлийн, Өнжүүлийн гээд сонсголонтой сайхан болж байгаа ч хятад хэлнээ Өнжүүл гэдэг үгийг нэгэнт газар нутгийн нэр учир орчуулж болохгүй дуудлагаар нь хятадаар өн+жү+лэ хэмээн галиглан авч таарна. Тийнхүү галиглан авахаар шүлгийн нэг мөрийн үгийн тоо олон болж, хятад хүнд өнжүүл гэдэг нь Лхагвасүрэн найрагчийн төрсөн нутгийн нэр энээ тэрээ гэсэн зүйлт тайлбар хийж таарна. Тийм учраас Өнжүүл гэдэг нэрийг орхисон нь хятад уншигч, хятад шүлгийнхээ тогтолцоо хоёрыг бодолцсон хэрэг ажээ. Уран сайхны орчуулгын онолд энэ мэт зүйлийг орхиж болох эрхийг орчуулагчид олгосон нь бий. Энэ мэтчилэн энд тэндээс нь үзжээ байтал ер сайтар нягтлан үзмээр үгийн оноолт сайтай сүрхий орчуулсан санагдаж шавиасаа номыг нь авч үлдэж билээ. Цаг завгүйн улмаас гэхүүдээ сар гаран хугацаа өнгөрчээ.
Гэтэл нэгэн өдөр шавь маань номоо сураглаж байх юм. Чингээд сайн найрагчийн бүтээлийн сайн орчуулгыг сайтар нягтлахаар шамдсан хэрэг. Нэгэн зүйл гэвэл надад Бавуугийн Лхагвасүрэн найрагчийн аль 1971 онд хэвлүүлсэн хавтас ч үгүй болсон “Хос уянга”-аас өөр ном нь байсангүй бөгөөд хятад хэлнээ хэвлэгдсэн түүвэрт тэр номоос хойно бичсэн олон шүлэг нь орсонд тэр бүрийг нягтлан үзэх боломжгүй байлаа. “ Говь”, “Хүйтэн булаг”, “ Хаврын сар гаруут ижий минь намайг хүлээнэ”, “ Тэр хөх мөнхийн уул миний хүүгийн уул”, “ Би”, “ Шувуу өдөөрөө уйлдаг”, “Намрын нуур руу чулуу юунд шидлээ”, “ Гарчиггүй шүлэг”, “ Бидэн хоёр”, “ Бэл оргил хоёр” шүлгүүдийн орчуулгыг монгол эх шүлэгтэй нь тулган үзэхэд хэлэх юм үгүй сайхан орчуулжээ гэхээс өөр үггүй ээ. Шүлэг орчуулахад мөр, үгийн тоогоор барахгүй мөрөн дэх үгийн өргөлттэй өргөлтгүй үгийн тоог тэнцүүлэх хэрэгтэй. Мөн шүлгийн гадаад хэлбэрийг ч орчуулах учиртай гэсэн онолын үүднээс үзсэн ч нуруутай нухацтай орчуулга болсон шиг ээ.
Орчуулагч Хасан үгийн мэдрэмж сайтайг нь бодвол шүлэг бичдэг ч болов уу гэмээр. Чингээд орчуулагчийн товч намтар, номын төгсгөлд бичсэн өгүүлэл зэргийг уншиж үзвэл Хянган аймгийн уугуул Хасан Өвөрмонголын Их Сургуулийн монгол хэл уран зохиолын ангийг 1994 онд дүүргээд төвийн үндэсний хэлний орчуулгын товчоонд монголоос хятад хэлнээ, хятадаас монгол хэлнээ уран сайхны орчуулгын ажил эрхлэнгээ Лү Шүнь (манайхан Лү Синь хэмээн буруу дуудаж хэвшсэн)-ийн уран зохиолын институтэд суралцсан нэгэн ажээ. Энд орчуулагчийнх нь тухай онцлохоос болохгүйн учир байлаа. Орчуулагч Хасан нь тохиолдлын нэгэн биш орчуулгын онол эштэй, орчуулга гэдгийг бүтээлч хөдөлмөр хэмээн үздэг болох нь “ Шүлгийг орчуулж болдоггүй, орчуулж болдог, орчуулах хэрэгтэй” –н бэрх замаар замнаж яваа тухайгаа Б.Лхагвасүрэн найрагчийн шүлгийг хоёр жил гаран нухан байж 120-оод шүлэг, “Тамгагүй төр” шүлэглэлт жүжиг (драм) орчуулахдаа үе үе Монгол эхэд буй нэг үгтэй дүйцэх үг олох гэж ойролцоо утгат хятад үг өдүй төдүйг түүж тэр дотроосоо чухам л утга яг дүйх үг шилэх гээд заримдаа бүүр таарах үг олдохгүйдэхэд өөр хэл, өөр сэтгэлгээт үндэстний шүлэг найргийг нэг хэлнээс нөгөө хэлнээ орчуулж болдоггүй гэдэг онолын үнэнд итгэх шиг болж урам хугарч, “ Шүлгийг орчуулж болдоггүй гэдэг буцах замгүй” зүйл рүү орсондоо өөрийгөө хачирхаж байсан тухайгаа бичсэнээс нь үзтэл илэрхий байлаа.  Үдээрээ сунатал шуугьсан Хөхүүртэй айраг нь Өнгө нь хөх дааж Буруу исэн Гөлийдөг... гэсэн “Говь” шүлгийнх нь хөхүүр гэдгийг үхрийн арьсан хувин хэмээн орчуулсныг үзээд орчуулагчийг буруутгахын аргагүй байлаа. Хөхүүр гэдэг нэгэн зүйл сав монголоос өөр газар оронд яавч байхгүй. Уул юм нь байхгүй болохоор хөхүүр гэдэг үг аль ч хэлэнд байхгүй байж таарна. Энэ бол өмнө өгүүлсэн үндэсний онцлог бүхий үг хэллэг буюу дүйцэлгүй үг ( реали) гэдэг нь яалтгүй мөн.
Шүүмжилмээр нэгэн зүйл гэвэл үхрийн арьсан (ширэн) хувин гэдэгтээ ёстой л тайлбар зүйлт хийх байжээ. Ядаж хөхүүрт исгэсэн айраг бусад ямар ч хувин саванд исгэсэн айрагнаас илүү сайхан исдэг гэдгийг нь хятад уншигчид ойлгуулах байжээ. Тайлбар зүйлт бол яруу найргийн орчуулгын онолд зөвшөөрдөг нэгэн арга. Өөр нэгэн зүйл анзаарагдсан нь Лхагвасүрэн найрагчийнхаа шүлгийн бүтэц зохиомжийг би урьд нь төдийлэн сайн анзаардаггүй байжээ. Хятадаар орчуулсныг нь үзээд л сая мэдэв. Б.Лхагвасүрэн маань цөөнгүй шүлгээ монгол уламжлалт шүлгийн ягшмал хайрцагт төдийлөн баригдалгүй, чөлөөт, задгай шүлэглэдэг найрагч ажээ. Тийм шүлгийг орчуулахад арай амар хялбар байдаг л даа. Тиймээс ч тэр нь орчуулга сайн болохын нэгэн хүчин зүйл болсон биз ээ. Б.Лхагвасүрэн найрагчийн хятадаар хэвлэгдсэн түүврийн урилгын хянан тохиолдуулагч /онцлон урьсан редактор/ Буянхишиг уул номын өмнө “хоёр туйлаас хэтийдсэн эрх чөлөө” гэсэн онол бодролын хэдэн хуудас судалгааны өгүүлэл бичсэнийг үзсэн хятад уншигч найрагчийн маань шүлгийн дотоод гүн ухааныг лавтайяа сайтар ухааран мэдрэхээр бичсэн нь тун ч бахтай байлаа. Буянхишиг өмнөх өгүүлэлдээ : “Амьдрал үхэл ”, “Байна, байхгүй”, “Нам гүм үймээн шуугиан”, “Хар цагаан”, “Дээр дор” “Олох алдах”, “Өндөр нам”, “Эхлэл төгсгөл”, “Хязгаартай, хязгааргүй... ”, “Энэ бүхэн бол Лхагвасүрэнгийн шүлгийн нэвт гарсан гүн утга эхлэл төгсгөл, төгсгөл эхлэл, үхдэлгүй мөнхийн амь нас” “найрагчийн дотоод ертөнцөд энэ бүхэн харилцан зөрчилдөж, харилцан солбицол”, харилцан нөхөрлөсөөр төгөлдөр сайханд хувилсан байдаг” гэхчлэнгээр өгүүлсэн байх жишээтэй. Манай шинэ цагийн уран зохиолыг орос хэлнээс дам дамжин хятад хэл руу орчуулдаг байлаа.
Их Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Д.Цэвэгмид, Ц.Гайтав, Ч.Ойдов, Ч.Лхамсүрэн нарын түүвэр Л.Бадарч, Н.Надмид зэрэг зохиолчдын өгүүллэгүүд зэрэг номын ихэнхийг орос хэлнээ орчуулснаас нь дам орчуулсан билээ. Харин Б.Ринчений “Үүрийн туяа” романыг Чин Най Шүнь гэдэг Монгол судлалын нэрт эрдэмтэн агсан хятад хүн чамлахын аргагүй сайхан орчуулсан даа. Наяад оны сүүлхэн үеэр Бээжингийн их сургуулийн монгол хэлний тэнхимийн эрхлэгч бөгөөд Монголын шинэ уран зохиол судлаач Си Ши Чэн агсан Д.Мягмар зохиолчийн “Тээрэмчин” туужийг бишрэм сайхан орчуулан хэвлүүлсэн юм. Эл өгүүллийг бичигч молхи би “Тээрэмчин” туужийн орчуулгад монгол үндэсний онцлог бүхий үг хэллэгийг хэрхэн оноон орчуулсан тухай сэдвээр оюутны дипломын ажил удирдан хамгаалуулж байлаа. Цаг үе бүхэн өөрийн онцлогийг сүүдэр мэт дагуулж явдаг жамтай. Орос хэлнээс дам дамжин орчуулахчаа болдог цаг үе улиран сайхан монгол эх хэлнээс минь орчуулдаг онолтой, бодролтой Хасан, Буянхишиг шиг сайн орчуулагч олшрох болтугай. Б.Лхагвасүрэн найрагчийн төлөөнөө орчуулагчийн ажлыг бүтээлч хөдөлмөр хэмээн эрхэмлэн дээдлэгч эрхэм орчуулагч Хасан, хянан тохиолдуулж үг харамлалгүй, онол бодролын даацтай өгүүлэл бичсэн Буянхишиг нарт талархаж буйгаа өчсү.
Ц.Базаррагчаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн МУИС-ийн багш, Хэлбичгийн ухааны доктор, профессор

1 comment:

  1. Anonymous12/2/11 01:43

    Ёстой дажгүй нийтлэл байна. Таалагдлаа.

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...