http://ehhelbichig.wordpress.com
Энэ удаагийн зочноор ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Э.Пүрэвжавыг урилаа. Тэрээр тус хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” таван ботийн онцлог, үгсийн сангийн багтаамж, утга агуулгын талаар сонирхуулж, чухам яагаад “Толь бичиг” гэдэг хэцүү ажил, перец гэдэг халуун ногоо” хэмээн онцлон өгүүлсэнтэй танилцана уу.
-Толь бичиг зохионо гэдэг ер нь ямар ажил юм бэ?
-Толь бичгийг эмхтгэн хэвлүүлэх нь их нарийн чимхлүүр ажил. Маш олон зүйлийг харьцуулж, хооронд нь оюуны дүгнэлт хийдэг юм. Жишээ нь, “А” толгойт үгийг хийж байхдаа Я толгойт үгэнд байгаа үгтэй харьцуулан харах, үгийн төсөөтэй утгыг ч нарийн бодолцох хэрэг гардаг.
“Толийн зохиогч нь ард түмэн байдаг” гэж эрдэмтэд хэлэх нь бий. Толь бичиг зохиогчдыг эмхэтгэсэн, цуглуулсан зэрэг олон янзаар хэлж бичдэг. “Түүвэрлэсэн”, “хэвлүүлсэн” гэсэн үгээр ч хэлдэг. Ер нь толь бичиг бүтээх ажил нь урт хугацаанд, олны хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Энэ нь нэг сэдэвт бүтээл биш. Тийм учраас толь бичиг зохиомжлох нь үнэхээр хэцүү агаад зугаагүй хар ажил гэдэг. Иймээс академич Цэндийн Дамдинсүрэн багш “Толь бичиг зохионо гэдэг хэцүү ажил, перец хэмээх халуун ногоо” гэж оновчтой хэлснийг зориуд хэлмээр байна.
Үндэсний хэмжээнд хэрэглэх “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь бичиг” зохиож хэвлүүлэх нь олон жилийн нөр их хөдөлмөр, түмэн хүний сайхан сэтгэл, хамтын хүч орсон ажил байдаг. Манай хэдэн том толь бичиг нь бараг л дөчин жилийн давтамжтай хэвлэгдэн гарсан байдаг. Анх С.Шагж гэлэнтний 1927 онд бүтээсэн “Монгол үсгийн дүрмийн толь”, 1966 онд толь зүйч Ядамжавын Цэвэлийн хэвлүүлсэн “Монгол хэлний товч тайлбар толь”, 2008 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн үе үеийн олон эрдэмтний бүтээлч хөдөлмөр, хөлс хүч, идэвх зүтгэл шингэсэн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” хэмээх суурь бүтээл таван ботиор хэвлэгдлээ.
-Өмнө нь гарсан толиуд ихэвчлэн нэг боть байдаг. Та бүхний бүтээн нийтлүүлсэн толь бичиг нь яагаад таван ботиор гарсан юм бэ?
-Энэ нь нэг талаар нийгмийн хөгжил, дэвшлээс хамаарч, нөгөө талаар хэл үргэлж хөгждөг, үгийн утга олон салаалдагтай холбоотой. Саяхан гарсан таван ботид утга зохиолын жишээ, үгийн утгын өнгө аяс, өвөрмөц хэллэг, зүйр цэцэн үгийн тайлбар орсон учраас дэлгэрэнгүй болсон. С.Шагж гэлэнтний зохиосон анхны толь бичиг нь 10 гаруй мянган толгой үгтэй. Харин толь зүйч Я.Цэвэлийн толь бичиг нь 30 гаруй мянган толгой үгтэй байлаа. Харин энэ таван боть толь нь 80 гаруй мянган толгой үгтэй, үгийн олон салаа утгыг гайгүй сайн оруулсан. Мөн ардын аман зохиол, зүйр цэцэн үг, зохиолчдын сонгодог бүтээлээс үгийн утгыг тодорхой харуулахын тулд дээжлэн оруулсан учраас таван боть болсон.
-Энэ боть нийт хичнээн үгтэй вэ?
-Энэ таван боть нь 80 гаруй мянган толгой үгтэйгээс гадна, 120 гаруй мянган үг хэллэг, нэр томъёотой.
-Энэ таван ботид байхгүй үг гэж бий юу?
-Энэхүү таван ботид ороогүй үг гэж бас байж болох талтай. Түс тас хэлэхэд хэцүү. Шинээр үг ороод ирэх нь ч бий. Ер нь үндсэн үг бараг л орсон гэж ойлгож болно. Сонирхуулахад унгар хэлний толь гээд 10 гаруй ботиор байна. Япон хэлний том толь гээд 30 боть бий. Ингээд бодохоор “Их, бага хэл гэж байдаггүй” хэмээн академич Ш.Лувсанвандан багш хэлсэн нь юутай үнэн.
-Өмнө гарсан хоёр толиос ямар онцлог ялгаатай вэ?
-Өмнө гарсан хоёр толь бичгээс орчин үеийн техник, технологийн холбогдолтой мэргэжлийн үг, шинэ үг хэллэг, нэр томъёо, магадгүй гадаад үг ихтэй, шилжиж орж ирсэн үг олонтойгоороо онцлог, ялгаатай.
-Дараагийн ийм том толь гэж гарах бол хэдийгээр гарах бол?
-Үүрэг зорилгоороо ийм том хэмжээний толь бичиг нь орчин үед цахим техник, компьютерийн эх бэлтгэх ажил амар болсон цаг үед магадгүй 10-20 жилийн дараа шинэчлэгдэн дахин хэвлэгдэхийг үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ тав биш 8-10 ботиор гарч болох талтай.
-Энэ толь бичгийг хэрхэн олны хүртээл болгон түгээж байна вэ?
-”Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” нь дэндүү нүсэр, том бүтээл учраас шинжлэх ухаан, дээд боловсрол, сургууль, төрийн хууль, хэлний хуулийг хэрэгжүүлэх, нэг ойлголтоор хэрэглэхэд ихээхэн дөхөмтэй учраас хэрэглээний асар их ач холбогдолтой. Үгийг зөв бичихэд хамгийн их тус нэмэртэй.
-Та хэлний мэргэжлийн хүний хувьд саяхан хэвлэгдэн гарсан энэхүү таван боть “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” бичиг хэр зэрэг сайн бүтээл болсон гэж үнэлж, дүгнэж байна вэ?
-Өнөөдрийн эрдэмтдийн хүчин чадал, монгол хэлээр хэлэлцэгчдийн бодит хэрэглээ, одоогийн монгол хэл, утга зохиолын хэлний хэм хэмжээ, дүрэм журамд бүрэн нийцэн гарсан хамгийн том, сайн бүтээл гэж үзэж байна, миний хувьд. Энэ нь олон эрдэмтний үнэлэлт, дүгнэлттэй таарна гэдэгт итгэж байна.
-Ерөнхий боловсролын сургуульд байх ёстой юу?
-Уг нь томоохон төсөл ч юмуу жишээ нь, Азийн хөгжлийн банкнаас сургуулиудын номын санг бэхжүүлэх төсөл байгаа шүү дээ. Тийм төслийн хүрээнд бүх сургуулийн номын санд нэгэн багц толь байх учир-тай. Энэ толийн хэвлэсэн тоо хязгаартай шүү дээ. Таван боть нь ганцхан монгол хэлний толь биш, бүх салбар шинжлэх ухааны, тухайлбал, физик, химийн нэр томьёог монголчилсон. Мөн гүн ухаан, түүхийн нэр томьёо бүх шинжлэх ухааны нэр томьёо, үг хэллэг бүрэн орсон гэхэд болно.
Ер нь XIII зуунаас өнөөдрийг хүртэл гарсан ном зохиол, түүхэн сурвалж, бичигт байгаа үг хэллэгээс дээжлэн энэхүү таван ботид багтаан оруулсан. Тэгэхдээ гол гол үг хэллэг л орсон гэдгийг хэлэхэд илүүдэхгүй болов уу.
-Сүүлчийн асуултаа танд үлдээе.
-Ийм том толь гарлаа гээд манай эрдэмтэд элдэв реклам хийж шуугиад, хэвлэлийн бага хурал хийгээд байгаагүй. Харин эрдэм шинжилгээний хурал хийж, толь бичгийн нээлтийн ёслол хийгээд л өнгөрсөн. Энэ бол менежмент талаасаа тиймэрхүү л байгаа юм.
Амьдралд хэрэг болох талаасаа энэ бүтээл хаана байх ёстой вэ гэхээр аймаг, сумын, бүх шатны сургуулийн номын сан, хэвлэл мэдээллийн байгууллагад гарын авлага болох үүднээс дор хаяж нэг хувь байх ёстой гэж бодож байна.
Монгол эх хэл, монгол үндэсний уламжлал, сэтгэлгээ, үг хэллэгийг үзэж, харах, мэдэрч хэрэглэх хамгийн ойрын найдвартай зөвлөгч, баттай туслагч нь энэхүү “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” бичиг мөн гэж л хэлэх байна даа.
Н.Ганболд
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.