Feb 7, 2011

Д.Цэнддоо: Монгол үгээ монголоор бичих үү, яах уу?

http://ehhelbichig.wordpress.com/

Quantcast


Манай хэл сөнөж байна гэж ярих хүн бишгүй л байдаг. Жишээлэхэд, манж хэл мөх­сөн байна хэмээн гэрч татах нь энүүхэнд. Мэдээж нэг өглөө босоод иртэл хэл нь алга болчихсон, хоорондоо дохио зангаагаар ойлголцох­доо тулчихсан байвал үнэ­хээр хэцүү тул хүмүүсийн санаа зовох нь ч бас зөв юм. Манайхан доктор борьпийсор ихтэй улс тул дор нь шинэ хэл зохиолгох чадвартай бо­ловч тэр болтол нь хоорондоо хэл ам авалцах гэж бөөн яршиг л даа. Тэхээр ойрын үед хэлээ яавч мөхөөж бо­лохгүйг бид­ний эрх ашиг харуулж байна.

Энэ хорвоо дээр сөнөхгүй мөхөхгүй юм гэж байхгүй, бүтэж бүрэлдсэн бүхэн хуви­ран арилах нигууртай хэмээн Будда Шагжаамунь сургас­ныг бодоход хэл байтугай л юм мөхдөг байх нь. Хүн өөрөө үхмээргүй байсан ч үхлээс зайлдаггүй шиг. Гэхдээ хэл судлаачдыг, тэр ч бүү хэл хамгаалах нөхөрлөлийн ги­шүүдийг төрөхөөс өмнө байс­ныхаа хувьд тэднээсээ хойш мөхөх биз ээ, энэ хэл гээч юм.

Эрдэмтэн мэргэдээс эх­лээд энгийн хүнийг хүртэл хэл төрөх, мөхөх талаар олон зуун үндэслэл бодож олсон боловч энд маш энгийн дүрэм үйлчилдэг. Тэр хэлээр ярих хүмүүс нь байвал хэл оршин тогтноод ярих хүнгүй болчих­вол арилаад явдаг. Тэхээр монгол хүн байгаа л байвал хэл нь байгаад л байна гэсэн үг. Харин монгол хүн алга болчихвол нэг эзэнгүй хэл дэмий тэнээд явахгүй, эзнээ дагаад арилна гэсэн үг. Тэ­хээр хүнээсээ түрүүлээд хэл алга болчих вий, ярих хэлгүй болж балрах вий гэхчилэнгээр эмээх хэрэг байхгүй мэт ээ.

Харин хэл үргэлж шинэт­гэж баяжиж явдаг гэдэг ээ. Монгол хэл угаасаа баян. Дээр нь бидэнд уулаасаа байгаагүй, бид анх санаачилж хийгээгүй зүйлийнхээ нэрийг өргөж аван өргөжиж явдаг. Усан тээвэр хөгжөөгүй ч гэсэн усан онгоцонд өөрийн нэртэй өгч яахав болж байж. Харин “компьютерийг Чингэ­сийн үед ингэж нэрлэж бай­жээ” гээд өөрийнхөөрөө хэлэх боломжгүй.

ХХ зуунд өнөө бидний ярьж буй орчин цагийн монгол хэл бүрэлдсэн байна. Утга зохиолын яруу сайхан хэлийг төлөвшихөд уран үгийн мас­тер-зохиолчид ихээхэн хувь нэмэр оруулсан гэдэг. Энэ үеийн монголчуудын шинэ соёлын үлгэр, ундрага, бахар­хал нь Зөвлөлт буюу Оросын соёл байсан билээ. Бараг тавиад мянган хүн Зөвлөлтөд янз бүрийн шатны боловсрол эзэмшсэн ба шинэ цагийн соёлын түүчээ нь тэд болсон юм. Шинэ цагийн соёл бо­ловс­ролыг түүчээлэгчид нь орос хэл бичигтэй, нийтээрээ оростой адил үсэгтэй байсан зэргээс үүдэн монгол хэлэнд өрнөдөөс орж ирсэн олон арван шинэ үгс орос бичлэг-монгол дуудлагатайгаар тө­лөвшжээ. Барьтзаан гэж яриад партизан бичих, орьёон гэж хэлээд район хэмээн тэмдэглэх гэхчилэнгээр. Гэ­тэл Монгол орон дэлхий ер­төнцөд нээлттэй болсон сүү­лийн хориод жилд эдгээр үгсийг орос “арга”-аар бичин монгол “билиг”-ээр дуудахад бэрх­шээл гарах боллоо. Учир нь бидний эрдэм мэдлэгийн цор ганц гүүр орос хэл байхаа болилоо. Орос хэлийг голж ширвэсэндээ ч биш юм. Илүү олон газар орон, үндэстэнтэй харилцах боломж өгдөг англи хэл тэргүүлэх хэрэгцээ бо­лов. Хуучин орос хэлтэй ул­сын эзэлж байсан жинг өнөө­дөр англи хэлтнүүд үндсэн­дээ эзлэх болов. Үүнээс үүдээд шинэ үеийнхэн “пэ­лээтэг”-ийг яагаад “плитка” гэж бичээд байгаагийн учрыг асуухад “Оросоор тэгдэг” гэж хариулах арай л дутуу дулим болоод байна. Учир иймд нэгэнт монгол хэлэнд баттай орж, ойлголт дуудлагаараа манайшсан үгсийг монгол маягаараа бичиж эхэлбэл яасан юм бэ гэсэн саналыг сэтгүүлч, зохиолч, туурвигч нартаа хандаж тавих гэсэн юм аа. Төмөр, дарь, архи, цонх, цүнх, харандаа, дэвтэр, ном, замаг, хаминдаа, жи­жүүр, гарааш, чагнаал гээд олон арван өргөмөл үгийг цаад эх хэлэндээ хэрхэн бичгийг тэр бүр мэддэггүй, сонирх­доггүй. Та бүхэн монгол хэл­ний тайлбар толийн К,Р,Ф-гээр эхэлсэн үгсийг байг гэхэд Л толгойтой хэсгийг хараарай. Бидэнд төрсөн хүүхдээс ялгаагүй болсон өргөмөл үгс дүүрэн байгаа.

Ингээд та бүхэндээ мон­гол үгээ монголоороо бичих санал тавьж санаанд орсон хэдхэн жишээг хав­саргая.

1.Пэлээтэг-Гаазын пэлээ­тэг, миикроопэлээтэг бараг тогтчихлоо

2.Хярлаа ( Крыло буюу машины шаврын хаалтын эмжээр хэсэг. Эмээлийн хяр энэ тэр гэдэг шиг сайхан монголжсон байна)

3.Хунляатор (аккумлятор)

4.Аржаатар( Аржийж бар­зайсан энэ юмыг радиотор гэхээ больё)

5.Амаржийнэ (Машин тэр­гээр амар, зөөлөн явахад зориулсан хэрэгслэл буюу амортизатор)

6.Бажийнк (энийг заавал ботинка гээд яах ч билээ)

7.Больтоо (Пальто хэ­мээх дээл)

8.Юүпэг ( миинии юүпэг)

9.Шэлээп (Ишляап гэдэг­гүй байж шляп гэж бичээд хэрэггүй)

10.Эрзээн (Эрзээн мэт сунаад гэхээр захын эмгэн мэднэ)

11.Хаймар (дотуур хай­мар, олгой хаймар)

12.Госчоом (госчоом пэн­жээх өмсдөггүй монгол хүн алга. Энэ бол шинэ үеийн монгол үндэсний хувцас бол­сон)

13.Моод ( энэ үгийг Мода гэхээр эвгүй, Мод гэхээр ургамал гэж ойлгочих гээд зовлон их байдаг)

14.Хээт (Хээт бол монгол хүний өмсөх дуртай зүйл болж)

15.Пүүз (Найк пүүзтэй хүн ч хүн шиг харагддаг болж)

16.Таагчиг (Сонгуулийн таагчиг чухал)

17.Арьзээтаг ( арьзээ­таггүй газар тог байгаад нэ­мэргүй)

18.Богоон (Богоон богоон цээмэнт хилээр орж ирж байна)

19.Бүлтүүзэр (Сонсмоол машинд ачих шороог бүл­түүзэрээр түрж авчирдаг. Харин сэсчээрийн ёонкосонд бол шингэн ачаа ачдаг)

20.Нармайлдах (Өвлийн цагт царцуу машааныг асаа­магцаа арван минуут нар­майл­дах чухалтай)

21.Авьтиирак (эрэг боол­тыг түлхүүрээр, шүрүүпийг авьтииракаар эргүүлнэ)

22.Хааз (Дарханы зам дээр хаазаа нэмээд давхина. Сагсуу нөхөр над руу баахан хаазалж байгаад явлаа.)

23.Тооромсог ( энэ хэллэ­гийн хүрээ зөвхөн машинаар зогсохгүй. “Жолоогоо тат” гэдэг хуучин хэллэгийн оронд “Хүүхээ, жаахан тоором­согтой байгаарай” гэсэн хэл­лэг орж ирж байна.)

24.Манжаатаг ( цамцны манжаатаг, Маньвийлддэг тэрэг унадаггүй, манжаа­тагтай дугуй тавьдаггүй жо­лооч оо, би.)

Гэхчилэнгээр энэ жагсаалтыг та бүхэн үргэлжлүүлээрэй.

Б.Цэнддоо

2 comments:

  1. Hel shinjeech29/7/11 13:53

    Uneheer alia yum daa chi. Gevch ter bolgonyg ingej bas bolohgui l dee. Helnii tentsver aldagdana. Za iim bna

    ReplyDelete
  2. Anonymous31/7/11 20:12

    Чи? Цэнддоо гуайд хэлсэн үг үү? Хэлний тэнцвэрийг яаж хадгалах ёстой гэж боддог вэ? Одоо монгол хэлний тэнцвэр хадгалагдаж чадаж байгаа юу?

    Амараа

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...