Apr 8, 2011

Монгол хэл

МУИС-ийн дэргэдэх Компьютер хэл шинжлэлийн судалгааны төв
http://crlp.num.edu.mn/mongolian_language.htm

Монгол хэл бол олон зуун жилийн түүхтэй, үгийн сангийн баялаг өв сантай хэл юм бөгөөд одоогоор нийт 6 сая гаруй хүн монгол хэлээр ярьж байна. Үүнд, Монгол улс, БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орон(ӨМӨЗО), Шинжаан, Төвдийн ойролцоо Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Халимаг, Афганистаны Хярат, Будакшан, Майман зэрэг мужид тус тус монгол хэлтэн амьдарч байгаа бол Монгол улс, ӨМӨЗО-нд тус тус 2 сая хүн байна. Монгол улсад халх, буриад, ойрд, цахар зэрэг олон аман аялгуу байдгаас халх аялгуу дийлэнх олонх буюу 90 хувийг эзэлдэг.

Монголчууд түүхэндээ олон бичиг үсэг хэрэглэсээр ирсэн юм. Үүнд, монгол бичиг, дөрвөлжин бичиг, соёмбо бичиг, хэвтээ дөрвөлжин бичиг, вагиндрагийн бичиг, кирилл бичиг гэх мэт. Эдгээрээс монгол бичгийг хамгийн олон жил хэрэглэжээ. Монгол бичиг нь монголчуудын үндэсний өв соёлын бахархал болсон бөгөөд нүүдэлчин амьдралын онцлогийг харуулсан “Босоо бичиг” гэдгээрээ алдартай. Семит-Хамит бүлгийн Арамей цагаан толгойноос гаралтай энэхүү бичгийг монголчууд болон уйгурууд VI, VII зууны үед согдоос хамт авч хэрэглэжээ. Ийнхүү монгол бичиг нь 1206 онд Их монгол улс байгуулагдахад улам тогтворжин хөгжсөөр ирсэн юм. Харин 1990 оноос хойш үндэснийхээ уламжлалыг сэргээх үүднээс монгол бичгийг ерөнхий боловсролын дунд сургуулиудад зааж эхэлсэн бөгөөд уран бичлэг, бэлэг дурсгал, хаяг шошго гэх мэт тодорхой хэдэн зориулалтаар хэрэглэсээр байна.

Хэлний аймаг

Монгол хэл нь Алтай хэлний бүлэгт багтдаг. Энэ бүлэгт турк, манж-түнгүс, япон, солонгос хэл мөн багтана. Монгол хэл нь Алтай хэлний нийтлэг шинжийн дагуу залгамал хэл юм. Бүтээврүүд нь ар араасаа залгагдан орж үгийг бүтээдэг. Иймээс үг бүтээх болон хувилгах олон тооны дагавар, нөхцөл байдаг. Үүнд, үг бүтээх 500 орчим дагавар, үг хувилгах 80 орчим нөхцөл байна.

Монгол хэлний үгийн санд унаган монгол үг байхаас гадна төвд, санскрит, хятад, орос гэх мэт харь хэлнээс орж ирсэн үг нилээд бий. Энэ нь улс төрийн болон газар зүйн байрлалаас шалтгаантай.

Сонирхолтой хэл шинжлэл

  1. Монгол бичиг зөв бичих зүйн гуравхан дүрэмтэй юу?

Өнөөгийн манай улсад албан ёсоор хэрэглэж байгаа кирилл үсгийн дүрэм нь 66 зүй, 189 үндсэн дүрэмтэй. Үүн дээр гажилтын дүрмийг нэмбэл нийтдээ 214 дүрмээс бүтдэг аж. Харин мянга орчим жилийн өмнөөс уламжлагдан ирсэн монгол бичгийн зөв бичих зүй нь эгшиг зохицох ёс, дэвсгэрлэх ёс, холбох эгшгийн гэсэн үндсэн гуравхан дүрэмтэй байдгаараа бусад бичгээс ялгарах давуу талтай аж.

  1. Хүн төрөлхтөн анх хэдийд бичиг үсэгтэй болсон бэ?

Хүн төрөлхтний нэн гайхамшиг бол анх бичиг үсэгтэй болсон явдал билээ. Одоогийн Тигр, Ефрат мөрний саваар МЭӨ 7-6 мянган жилийн тэртээ нутаглаж байсан хүмүүстэй Төв азиас нүүж очсон эртний малчин, нүүдэлчин аймгууд холилдон ижилших явцад бүрэлдсэн Шумеруудын дунд анх бичиг үсэг үүссэн гэсэн таамаг байдаг ажээ.

  1. Казак гэж юу гэсэн үг вэ?

Казак гэдэг нь “козак” /чөлөөт морьтон/ гэсэн түрэг үгээс гаралтай гэнэ. Одоо хир Оросын хил хязгаарыг сахин хамгаалж буй, цэргийн хагас зохион байгуулалттай, байнгын морин цэргийн хүмүүс байдаг. Харин монголчууд тэднийг “хасаг” хэмээн нэрийддэг билээ.

  1. Монголын зарим зохиолчдын нэрийн учир

Бидний хайрлан хүндэтгэдэг зохиолчдын маань ихэнх нь төвд, санскрит нэртэй байдаг. XVI зуунаас монголд Буддагийн номлол сургаал нэвтрэн шарын шашин дэлгэрсэн тэр үед монголчуудын дунд үр хүүхдэдээ төвд, санскрит нэр хайрлах явдал элбэг түгээмэл болсон ажээ. Хэдийгээр язгуур монгол нэрийг харь үсгээр сольсон ч, үр хүүхдийнхээ амьдралын төөрөг, заяа тавиланг үзүүлэн бэлгэдэж, номтой мэргэдээс нэгэн насны дурсах нэрийг авдаг байжээ. Иймд таны зохиол бүтээлийг нь сайн мэдэх зохиолчдын төвд, санскрит нэр монголоор ямархан утгатай байхыг эрдэмт мэргэдийн буулгаснаас үзвэл,

Ж.Бямба – Тоорын цэцэгт мод, Асрагч
Л.Ванган – Эрх дүүрсэн
Т.Галсан – Хувь сайт
Д.Гармаа – Одон, од
С.Дашдооров - Өлзий хутагтын сайн судар
Д.Давааням – Нарансаран
Ц.Дамдинсүрэн - Морин хоолойт сахиус
Ч.Лодойдамба – Оюун сайт дээд (хүмүүн)
С.Лочин – Их хэлмэрч
Д.Мягмар – Улаан нүдэн (гараг)
Д.Намдаг – Асар ариун
Д.Нацагдорж – Элдэв-Очир
Д.Нямаа – Наран, Наран эх
Д.Норов – Чандмань, Хүслийг хангагч эрдэнэ
С.Пүрэв – Гадсан, Гадас
Б.Ринчен – Их эрдэнэ
Д.Сэнгээ – Арслан
Р.Чойном – Номын наран

  1. Гариг яагаад гараг болсон бэ?

Огторгуйн эрхэс болон долоо хоногийн өдөр тус бүрийг нэрлэдэг гараг хэмээх үгийг бид хэсэг хугацааны өмнө гариг гэдэг байсан. Харин гариг нь хэрхэн гараг болсон тухай өгүүлэхэд өмнө нь бид кирилл бичгийг анх авахдаа гариг гэж буруу бичиж хэвшсэнээс болжоо. Гариг гэдэг нь "жогорхой" буюу буриадаар "нохойн баас" гэсэн утгатай үгтэй андуурагдах болсноос ийнхүү нэрлэх болжээ.

  1. Монголчууд ‘гэр, сууц’-ийг хэрхэн нэрлэж ирсэн бэ?

Монголчууд эртнээс нааш мал аж ахуй эрхлэн ирсэн нүүдлийн соёл иргэншилт ард түмэн билээ. Энэ ч утгаараа амьдрал, аж ахуйн өдөр тутмын хэрэгцээт зүйлийг олон янзаар нэрлэж ирсэн уламжлалтай. Тухайлбал, нүүж суухад авсаархан гэр, сууцыг хатгуур, цээж гэр, ханан дуганцаг, мөргөцөг, соол гэх зэргээр нэрлэдэг.

Хатгуур – унийг дээгүүр нь баглаж дээврээр ороосон урц, оромж.
Цээж гэр – тооно униар босгож дээврээр хучсан оромж гэр.
Ханан дуганцаг – ханаа дугуйлж амыг нь боогоод, хаалгаа бариад унь хөндлөн тавьж, дээвэр туургаар хучсан оромж гэр.
Мөргөцөг – ханыг толгойгоор нь мөргүүлж майхан хэлбэртэй болгоод, туургаар хучиж хоноглох гэр.
Соол – Алар, Түнхийн буриадуудын суудаг дөрвөн баганатай, хараац хэмээх тоонотой, заамал дүнзэн модон гэр.

  1. Зохиогч уу, зохиолч уу?

Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тольд,
“...зохиогч – юмыг зохиож бий болгосон, үүсгэн бүтээсэн хүн,
зохиолч - уран зохиол, дуу хөгжмийн бүтээл туурвилыг дахин давдагдашгүйгээр зохиодог хүн...” гэж тайлбарлажээ.

  1. Монгол хэлний нэр үг өмнөө 7 хүртэл тодотгол авч болдог

Монгол хэлний нэр үг өмнөө 7 хүртэл тодотгол авч болдог. Эдгээр тодотгол үгийн дараалал ямар дүрмээр зохицуулагддаг нь одоо хир тодорхойгүй байдаг. Тодотгож буй тэмдэг нэр нь тодотгуулж буй үгтэйгээ ойр байх тусам утга зүйн илүү их хүчээр холбогддог гэсэн таамаглал бий.

  1. Монгол хэлэнд Африкийн нэгэн хэлний үг байдаг уу?

Монгол хэл маш эртний хэл тул дэлхийн зарим хэлэнд монгол хэлнээс зээлдсэн үг байдаг. Тухайлбал: африкийн зүүн далайн эргийн дагуу өмнөөс хойш хүртэлх газар нутагт олноор суурьшсан Swahili хүмүүсийн ярьдаг Swahili хэлэнд хүртэл монгол үг байдаг. Монгол хэлнээс зээлдсэн qara’ul гэдэг үг орос, түрк, араб, свахили зэрэг хэлэнд байдаг ажээ.

  1. Эртний монгол хэлэнд хүйсээр ялгадаг байжээ

Эрт үеийн монгол хэлэнд нэр үг хүйс (эр, эм) ялгадаг байсан. Орчин цагийн монгол хэлэнд хүйс заасан тусгай бүтээвэр байдаг. Жишээ нь: хар-харагчин, гуна-гунж. Мөн үгийн сангийн хүйсийг үгээр ялгаж болно. Жишээлбэл: ооно-шаргачин, арслан-эрслэн гэх мэт.

  1. Давжаа-дэвжээ-довжоо

Монгол хэлэнд эгшиг сэлгэж өөр үг бүтээдэг. Энэ бол дотоод нугарал юм. Жишээ нь: давжаа-дэвжээ-довжоо гэх мэт. Дотоод нугарал ихэнх хэлэнд цаг, байдал, хүйс, ганц, олон тоогоор ялгагддаг бол монгол хэлэнд байдлын утга заадаг.

  1. “Л” ямар үсэг вэ?

Олон хэлэнд шүргэх гийгүүлэгч “л” байдаг бол монгол хэлэнд хажуугийн шүргэх гийгүүлэгч “л” байдаг. Ийм шүргэх гийгүүлэгч дэлхийн тун цөөхөн хэлэнд байдаг байна.

  1. Монгол хэлний бүх үг “ПA~KA~СA~TA” гэсэн дөрөвхөн үе-утгалбараас үүсчээ

Монгол хэл нь маш эртний хэл бөгөөд “пa~ka~сa~тa” гэсэн 4 үе-утгалбараас үг нь үүсчээ. Үүнээс “пa~ka” нь “бүтэх, болох, эвлэх” гэсэн утгатай бол, “сa~тa” нь “салах, задрах, тарах” утгыг агуулдаг юм байна.
Унаган монгол үг нь үе-утгалбар шинжтэй юм. Энэ нь тухайн үг өөрийнхөө утгыг өөрөө илэрхийлдэг гэсэн үг. Жишээ нь: орчин цагийн монгол хэлэнд “сургууль” гэдэг үгийг хуучин Монгол бичгээр “сургагули” гэсэн галигна. Сургууль гэдэг үгийг үеэр утгачилж тайлбарлавал:
сур – идэвхитэй язгуур, энэ язгуураас үүсэх сурах гэсэн үйл үг нь өөрөө үйлдэх хэвийн утгатай. Утгачилбал, ямар нэгэн хүн өөрөө сурах гэсэн үг.
сурга (сур+га) – Энэ үйл үг нь бусдаар үйлдүүлэх хэвийн (-га нөхцөл) шинжтэй. Утгачилбал, ямар нэгэн хүнийг ямар нэгэн хүнээр сургах гэсэн утгатай.
сургагу (сур+га+гу) – Энд –гу гэсэн дагавар нь урт удаан, үргэлжлэх гэсэн утгыг илэрхийлдэг.
сургагули (сур+га+гу+ли) – Энд –ли гэсэн дагавар нь орон байрыг заасан утгатай юм. Эндээс сургууль гэдэг үг нь хүнийг сургах үйлийг удаанаар үргэлжлүүлдэг газар гэсэн утгатай болно. Энэ мэтчилэн монгол хэлний олон унаган үгээс үеэр хөөж утгыг нь гаргаж болдог.

  1. Монгол хэлний үгийг галт тэрэгтэй зүйрлэж болно

Монгол хэлний язгуураас хойш 11 хүртэл бүтээвэр залгагдан орж үг үүсгэх боломжтой. Жишээ нь: Хам+т+р+л+ж+уул+гд+сан+аар+аа.

2 comments:

  1. Anonymous8/4/11 15:27

    Маш сонирхолтой.

    ReplyDelete
  2. Anonymous8/4/11 21:59

    кк сонирхолтой юмаа. бас тэр хүмүүсийн нэр ямар ч лаг утгатай юм бэ дээ.

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...