Oct 4, 2010

Л.Түдэв. Хэлний хүчирхийлэл-1

Солонгос дахь Монголчуудын сайтаас
-------------------------------------------------------
2009.03.16 16:29:23

Оршил

Аливаа үндэстэн ястныг таних гол тэмдэг нь арьсны өнгө, хэл, яриа хоёр юм. Шар арьстанг монголоид (монголжуу), хар арьстанг негроид, цагаан арьстанг европеид гэж ялган нэрлэдэг болсон нь арьсны өнгөөр тодорхойлох ерөнхий нэр томъёо бөгөөд монголжуу хэмээх бүлэгт хүн төрлөхтний ам бүлийн дийлэнх олонхи нь багтдаг. Гэхдээ энэ бол их ерөнхий нэр. Монголжуу гэгдсэн шар арьстай, хавтгай нүүртэй, хар үстэй хүмүүсийн дотор яг жинхэнэ монгол үндэстэн нь цөөхөн билээ. Монголжуу хүн үү, монгол хүн үү гэдгийг таних бас нэгэн мөнхийн тэмдэг бий. Түүнийг “Монгол толбо” гэж шинжлэх ухаанд нэрлэсэн. Монгол хүнээс өөр хэн ч ууцныхаа төгсгөлд хөх толботой төрдөггүй учраас дэлхийн анагаах ухаанд “Монгол толбо” гэж нэрлэгдсэн энэ үзэгдэл одоо хүртэл бүрэн тайлагдаагүй байна. “Энэ нь жижигхэн хөх толбо бөгөөд тийм гэх хэлбэргүй, ууцныхаа төгсгөл хавьд байдаг тэгээд арван насанд арилдаг” гэж эртний соёл судлаач нэрт эрдэмтэн Сильванце Морли бичсэн юм. Энэчлэн Англи, итали, орос, чех эрдэмтдийн “монгол толбо” гэдэг үзэгдлийн тухай бичсэн зүйл цөөнгүй. Тэр тухайд 30 шахам жилийн тэртээд “Монгол толбо” гэдэг исээ бичиж билээ.

(Бүтээлийн чуулган, 17 дугаар боть, 22-26 дугаар талд)
Монгол хүнээ ямар ч эндүүрэлгүйгээр таних байгалиас, магадгүй хөх тэнгэрээс заяасан энэхүү хөх толбо бол монгол үндэстний таних онцгой тэмдэг. Гэвч далд газар байх тул зэрвэс хараад ч билээ таних бололцоо хөндлөнгийн хүн байхгүй, бас тэгээд монгол толбо арав юмуу арван нэгэн насанд нь жил орох, арван гуравны агт араа ургахаас өмнөхөн арилчихдаг тул байнгын тэмдэг гэхэд хэцүү. Харин монгол хүний насан туршид үгүй болдоггүй, үргэлж хэрэглэгдэж, ам нээх болгонд нь танигдаж байдаг хамгийн гол шинж тймдэг бол “монгол хэл”. “Өсөхөөс сурсан үндсэн хэл-монгол хэлээрээ” монгол үндэстэн гэдэг үнэмлэхээ болгосон монголчуудын үндэсний баялаг, үндэсний бахархал, үндэсний угшил, энэхүү ярьдаг хэл нь бөгөөд майлахад нь хонь гэж, янцгаахад нь адуу гэж, буйлахад нь тэмээ гэж малаа таньдаг шиг л маргашгүй андуурашгүй шинж тэмдэг нь юм. “Өсөхөөс сурсан” гэдэг үгийг бодохдоо монгол хүн “унаган хэл” хэмээн нэрлэдэг. “Унаган орос хэлтэй” “унаган хятад”, “унаган англи” хэлтэй мөртлөө монгол царай зүстэй хүмүүс сүүлийн үед элбэг болж байгаа нь ялангуяа Хальмаг, Буриад, Өвөрмонголд захаас аван дайралддагчлан “Монгол толботой” төрдөг мөртлөө шонхор хамартай, шар үстэй, цэнхэр нүдтэй хүмүүс ч Мажар гэхчилэн улс оронд бас цөөнгүй. Амьдрал ахуй, орон зай, цаг хугацааны эрхшээлээр аливаа үндэстэн “төрөл арилжсан мэт” өөрчлөгдөх магадлалтайг түүх харуулсан “Монголоидууд жаран мянгаас доошгүй жилийн тэртээд Австралид нэвтрэн орсноос хойш урт чацтай, ихээхэн үсэрхэг төрхтэй болсон нь европчуудаас ялгагдахгүй, гагцхүү царай нь цайвар бишээс өөр онц ялгархаар юмгүй болчихсон” гэж эрдэмтэн Г.Кочемасов бичсэн нь эргэцүүлэн бодмоор үг мөн. “Болно, болно. Болохгүй юм байхгүй” гэдэг чинь ийм болой.

Харин монгол эх орондоо төрж өсөөд, монгол хэлээрээ хэлд орж, монгол зан суртахуунаараа төлөвшиж байгаад европеидүүдээс ялгарах юмгүй болчихвол монгол үндэстэн уусч үгүй болохын цондон юм. Өнөөгийн Монголчууд, ялангуяа нийслэл болон хот суурингуудад төрж өссөөр буй залуучууд нь европчлогдож, юуны уръд салангид өмд, цамц хоёр өмсдөг болж бүсээ гээсэн. Түүнийг “гонжоом, пэнжээк” гэж нэрлэхэд хүрсэн. Бас хөх толбот нурууг нь хамгаалж байдаг бүсээ бүслэхгүй болж зөвхөн “гонжоомоо” тэлээгээр тогтоодог, тэгээд эрчүүд нь “бүсгүйчүүдтэй” адилхан болсон. Урьдын цагт айлын эхнэр болж, зүүн хаяанд нь сууж, хүүхдээ хөхүүлэхээс эхлээд гэрийн ажилд зүтгэж ахуйд сэлдэн голдуу суудагтаа тулсан хүүхнүдийг бүсгүйчүүд гэж нэрлэдэг байж, өнгөрсөн зууны гучаад оноос “хүмүүн төрлөхтөнгийн дотроос хүнд ихээр дарлагдсан хөөрхий бидний бүсгүйчүүд” гэж дуулалдан сэргэн мандсан билээ. Харин “бүстэй хүн” асан эрчүүд нь өрнөдийн цээж, бөгсөөрөө салдаг хувцсанд шимтэж, “бүсгүй” хүмүүс болцгоосон шигээ өрнөдийг дуурайж өдөрт гурван удаа “мах”, “махан төрлийн” (өндөг, хиам гэхчилэн) хоол иддэг болсон нь зуны цагт сүү цагаан идээ, өвлийн цагт махан идэштэй явсан өвөг дээдсийнхээ хооллох горимоос гажсан. Гэвч цаг агаар, хөх тэнгэр өөрчлөгдөөгүй тул хоолны шинэ горим нь түүнтэй зөрчилдөж, хүн зон өөрөө золиос нь болж эхэлсэн.

Монголчуудын хувцаслах, хооллох журамд гэнэт нэвтэрсэн өөрчлөлтүүд нь юуны урьд сургууль, эмнэлэг, цэрэг, албан яамдын газарт соёолсон юм. Албаны шинэ түшмэлүүд орос маягаар хувцаслаж, үр хүүхдээ тэр маягтаа оруулж, цэргийн дараа нь цагдаагийн хувцсыг оросжуулж, нэг, хоёр, гуравдугаар хоол гэхчилэн хооллох горимыг өөрчилсөн. Дараа нь гол төлөв орос газар бас европд илгээсэн хүүхэд залуус нь мөнөөхөн европчлогдсон хувцас өмсч хоол зооглоход даган орж улмаар бусдыг гараас нь хөтлөх болсон. Хувцас, хоол хүнс мэтийн зүйл бас солиход төвөггүй амархан ажил юм.

Дуураймтгай, сониуч монголчуудыгбол амархаан элсүүлчихээр ийм үзэгдэл одоо нэгэнтээ газар авчээ. Бас ахуй нь өөрчлөгдөж нүүдэлчин, малчинаас суудалчин, хотожсон хүмүүс болж, эсгий гэрээ шавар байшингаар сольж, хурдан морио суудлын тэргээр орлуулж, галд ээхээ больж, халуун уураар жигнүүлэн, шилэн чийдэнгээр гоёсон, аргал түүж, ус зөөхөөс хүүхдээ чөлөөлж хөдөлгөөн хомсдолын хам шинж бүрдүүлэх бүхий л нөхцөл буй болгоход өөрийн эрхгүй зүтгэцгээсэн. Энэ бүхнийг нуршин тоочихын учир гэвэл үндэстний төрх өөрчлөгдөхөд бараг л хүч хэрэглэхгүйгээр нэвтэрч буй үзэгдлүүдийн дотроос хүчирхийлэлийн аргаар үйлдэгдэж буй нэгэн хэрэг явдлын тухайд ярихын удиртгал болгон өгүүлэх гэснийх. Хувцасны хэв маяг өөрчлөгдөх, хоолны горим, орц шинэчлэгдэх мэт нь хэдийгээр тус тусдаа ямарваа сул талтай ч гэсэн үндэстэнг бүхэлд нь өөрчлөхөд гол зүйл байж чадахгүй ч биз. Гэхдээ эсгий оймстой монгол гутал өмсч насаа элээсэн эмээгийн ач охин нь хавар намар шилэн оймс, өндөр өсгийт өмсөөд бараг шалдан мэт явж харагдахад чамин мэт боловч цэл залуугаараа бөөр нь муудаж, сав нь хөрч, элэг нь хатуурахад юунаас болсныг үл ойлгон толгой сэгсэрч суух тохиолдол улам элбэгшиж буйг нурших юун!

Харин өвөө нь хөдөөнөөс ирээд ач хүүтэйгээ ярих гэтэл

-Дээд паампэрс дай! гэж өмнөөс нь шулганаад орон дээр байгаа нэг памбагар юмыг заахад ойлгосонгүй

-Юу гэнээ? Юугаа шулганаад байна даа? гэж өвөө нь лавлахад хүргэн хүү нь сонсоод инээж

-Дээд гэж таныг хэлж байна. Паампэрс гэж тэрнийг хэлж байна гээд нөгөөх памбагар юмыг зааж “дай” гэж “өг” гэж байгаа байхгүй юу? гэсэнд

-Ямар хэлээр ярьж байгаа мөндөл вэ? гэж өвөө нь толгой сэгсэрч лавлахад хүргэн нь

-Дээд гэж оросор дед-өвөө гэсэн үг. Дедушка ч гэдэг. Памперс нь энэ л дээ гээд орон дээрээс нэг юм авч өгөхөд өвөө нь

-Үгүй энэ чинь ердөө л живх байна шүү дээ. Сайндаа л памбагар живх гэвэл болоо юм бишүү. Дөнгөж хэлд орж байгаа амьтныг монголоор хэлж сургахгүй дээ.

-Орос цэцэрлэгт явдаг юм уу? гэж лавлахад хүргэн нь

-Хүүхэд байтугай томчуул бид нар чинь л үүнийг паамперс гэж дэлгүүрийнхнээс сураад ярьдаг болчихлоо гэтэл охин нь нөхөртөө хандаж

-Мээсэж мээнэжирээс ирлээ. Мийний мээлдэж маагсий интэрээсдэж гэнээ. Паап чи паапагаа аваад ир гэх нь тэр. Охиныхоо ярианаас юу ч ойлгосонгүй тул хүргэнээсээ

-Авгай чинь юу ямар хэлээр яриад байнаа? гэж асуув.

-Илгээлт ирсэн юм байхаа. Богино банзал хямдарч урт нь үнэд орсон бололтой. Тэгээд л намайг хавтастай бичгээ аваад ир гэж байна хэмээн орчуулж өгөв.

“Охин минь монголоороо л хэлд орсон юмсан. Тэгээд одоо өөр хэл сурчихсан юм байхдаа!” гэж бодоод

-Авгай чинь гадаад хэл сурчихаа юу? гэж хүргэнээсээ асуувал

-Ямар ч хэл сураагүй. Монголоороо л ярьж байгаа иь энэ. Хотынхны яриа! гэж хариулаад гарч одоцгоов.

“Хувцас хүнар, хоол унд өөрчлөгдөх нь ч одоо яая гэх вэ? Хэл яриа нь монгол гэх аргагүй болчихно гэдэг мөн хачин юм даа” гэж өвгөн бодлогоширч суутал ач хүү нь:

-Дээд, хөөө дээд! Чи тийвий нээгээд өг! гэж өвөөгийнхөө ханцуйнаас чангаахад

-Ямар юм нээлгэх гээд байнаа, энэ мөндөл чинь! гэж өвөө нь гайхахад ач хүүгийн эгч нь:

-Дээд биш даади байхгүй юу гэж дүүгээ зандарснаа өвөөдөө

-Бацаан чинь, таныг энэ зурагтыг асаагаад өг гэж байна л даа. Дандаа л тэгж байдаг байхгүй юу! гэв. Өвөө нь гайхаж ач хүүгийнхээ хамрыг чимхэж

Нэгд, би дээд биш өвөө чинь, хоёрт, өвөөгөө байтугай энэ эгчийгээ чи гэж дууддагүй, та гэж хүндлэх ёстой. Гуравт, тийвий гэж энэ хайрцагийг чинь зурагт гэж хөдөөнийхөн хэлдэг юм. Дөрөвт, хаалгыг нээхээс биш энэ зурагтыг нээх аргагүй. Харин залгах юмуу ажиллуулна гэвэл арай дээр ойлгогдоно. Мэдэв үү? За, бас чиний эгч чинь ч чамайг бас бацаан гэнэ үү, нэг хачин хоч нэр өгсөн бололтой бас тэгээд “байдаг юм бол бас байхгүй хэрэг үү? гэж сургамжилсан чинь ач охин үг дааж сураагүй бололтой:

-Та өөрөө ч гэсэн миний дүүг “Мөндөл” гэж хочлоод байгаа биздээ Мөндөл гэдэг чинь юу юм бэ? гэж хажуугаас асуув.

-Хүүе, чи чинь бас дориун хэрүүлч хүүхэд болох нь үү? Мөндөл гэдэг чинь тарваганы бяцхан зулзагын нэр, жижигхэн хөөрхөн амьтантай зүйрлэж өхөөрдөж байгаа юм л даа гэсэн чинь өвөөдөө бүр гомдож

-Пөөх, миний дүүг хулгана гэж байгаа юм уу? Ээжид хэлнэ дээ гээд гарах гэснээ зурагтын товхыг дарчихаад гүйж одов. Том гэгчийн дэлгэцэн дээр нэг том хүн нэг жаалыг магтаж,

-Та чинь тогтмол шүдээ угаадаг юм аа? гэж асуух нь сонсогдов. Шүдний оо, сойзыг магтаж байгаа бололтой.

“Хүүхдийг та гэх нь ч хаашаа юм бэ? Бас тэгээд тогтмол ус гэхээс тогтмол шүд гэмээргүй юм даа. Тогтмол гэхээр бүүр хөдөлдөггүй бат шүд гэж байгаа юм болов уу? Тэгвэл угаах шаардлагтай юм уу? Уул нь шүдээ тогтмол эсвэл байнга угаадаг гэж магтаж байгаа юм болов уу?” хэмээн өвгөн амандаа бувтнаж суутал бас нэг зар мэдээ зурагтаар гарч, шилтэй ундааг тамшаалсан хүүхэд “аягүй гоё!” гэж хэлэх нь сонсодов.

“Аягүй гэдэг чинь муухай гэсэн үг баймаар. Гэтэл “аягүй гоё” гээд байдаг. Улсын төвлөрсөн зурагтын нэвтрүүлгээр арай ингэж ярьмааргүй юм даа” гэж өвгөн мөн л аман дотроо үглэв. Тэгтэл “Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз” гэсэн үг гарч ирэв. Өвгөн бас л гайхлаа. “Монголын Үндэсний Олон Нийт” гэхээр одоо энэ казакуудыг хэлж байгаа юм болов уу, эсвэл халхуудыг хэлж байгаа юм уу? Уул нь “Монголын Олон Нийтийн Үндэсний Телевиз” гэмээр юмдаа гэж өвгөнийг бодож суутал гаднаас том ач хүү нь орж ирээд

-За өвөө, хоёулаа гарах уу? Би танд хотыг үзүүлэх даалгавар ааваас авсан. Надад нэг л цагийн зав байна гэх нь тэр. Өвгөн ч ухасхийн босч хотын байдалтай танилцахаар яарав. Төв гудамжаар өгсөөд ач хүүтэйгээ хөтөлцөн яваа хөдөөний тэр өвгөний нүдэнд эрээн мяраан өнгөтэй голдуу гадаадын бичгээр харь хэлээр дармаллан зурсан гоё хээнцэр хаягтай газрууд гудамжны хоёр талаар бие биеийнхээ хаяаг даран зайгүй үргэлжлэж байлаа хааяа нэг монгол нэртэй газар байгаа ч гэсэн “хаан бууз”, “зочин бууз” гэхчилэн, хачин цол хэргэмтэй байх ажээ.

-Энэнд орж үзэх үү, өвөө ? гэж ач нь нэгэн дэлгүүр бололтой газрыг заахад өвгөн

-Хаяг нь юу гэж байна? гэвэл

-Мэдэхгүй, англиар биччихсэн бололтой. Юу гэж байгааг мэдэхгүй. Баар бололтой гэж ачийгаа хэлэхэд өвөө

-Тэгвэл орж болохгүй гэв.

-Яагаад? Өвгөн толгой сэгсэрч

-Яагаад гэвэл гадаадын хүний ордог газар бизээ. Түүнээс биш монгол хүнд зориулсан бол монгол хэлээр хаягласан баймаар даа гэв. Оршил болгон өгүүлэх яриагаа үүгээр цэглэж Монголдоо монгол хэлнийхээ эрэлд гарах болсны учрыг мөшгөе.

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...