Oct 5, 2010

Л.Түдэв. Хэлний хүчирхийлэл-2

Нэг.Заяамал хэлний заяа

Хэл заяасан учраас хүн төрлөхтөн хорвоогийн хамгийн их ухаантан болж улмаар хүн төрлөхтөн гэдэг агуу их хамтлагт нэгдэж дэлхийг эзэгнэн өдгөө сансарт тэмүүлж байгаа билээ. Хүмүүс хэлтэйн ачаар бие биенээ ойлголцож, эрдэм ухаанаа хөгжүүлж, өв соёлоо бүтээж, өнгөрсөн одоо ирээдүйгээ холбож чадсан ажээ.

Өнөөдөрийн хүн төрлөхтөн 7000 орчим хэлээр ярьж, бичиж, ойлголцож байна. Тэрнээс ч дутахгүй олон хэл мөхөж бас бие биендээ уусч, нэг хэсэг нь эзнээ алдсан түүхийн урт замыг хүн төрлөхтөн туулжээ. Гэхдээ өвөг эртний хэл цөөхөн байжээ. Түүний үгийн сан нь ч мөн л цөөхөн байсан ажээ. Тэр цөөхөн нь хэлний хөгжлийн дагуу, хүний танин мэдэхийн хүрээ тэлэхийн хамтаар үгнээс үг үүсч төлжсөөр олширсоор буй ажээ. Өвөг хэлний өвөг үгийг зуугийн тоонд багтахаар байсныг судалсан эрдэмтэн Свадеш “зуун үгийн онол” дэвшүүлжээ. Зуун үгтэнгүүд зуун мянган үгтэн болох үйл явц олон оныг дамжин үргэлжлэж одоо ч дуусаагүй байна. Зуун үгийн өвөг хэлнүүдийн нэгэн нь монгол хэл байсан, одоо ч байсаар ахуй нь хөх толбот монголчууд бидний үндэсний бахархал юмаа.

Гэвч үндэстэн мөхдөг шиг хэл бас мөхдөг буюу “эзнээ алддаг”, үндэстэн өөр үндэстэнд уусдаг шиг хэл бас өөр хэлэнд уусан эрлийзждэг бичигдээгүй хууль бий.

Ганц зуун жил өнгөрөхөд одоо хэлцэгдэж буй хэлнүүдийн 90 хувь нь үгүй болно гэдэг урьдач дүгнэлтийг Америкийн эрдэмтэн Бернард Комри гаргажээ. Америкийн нөхцөлд энэ нь үнэнд тун ойрхон дүгнэлт юм. Учир нь угаасаа америк хэл гэж байгаагүй. Англи хэлний нэгэн хувилбараар л америкчууд ярьж бичдэг. Өнгөрсөн зууны эхээр (1902-1904) анх хэвлэгдсэн “Американа” гэдэг нэвтэрхий 16 боть тольд 60 мянган өгүүлэл (1918 оны хэвлэлд) орсон ажээ. Харин хойт, өмнөд Америкийн баруун эргийн адугу аль дивангараас оршин суусан уугуул иргэдийн ихэнх нь өвөг монгол хэлний нэгэн хувилбараар ярьж бичдэг бөгөөд анх тэр тивийг нээсэн гэх европын жуулчид энэтхэг гэж андуураад “инди”, “индейчүүд” гэж нэрлэсэнээр индейчүүдийн хэлнүүдийн олонхи нь одоо американизмд шахагдан хэрэгцээнээс гарчээ. Уул нь хэл мөхөнө гэдэг ойлголт эргэлзээтэй л дээ. Хэрэв бичиг үсэгтэй байсан бол хэл мөхдөггүй зөвхөн хэрэщээнээс гардаг буюу гээгддэг. Америкийн инга буюу индейчүүд дотор “ингэ”, “инга”, “ингэд” гэдэговогбайсан учир тэднийг ингэдүүд гэж нэрлэж байвал арай монголжуу болох юмсанж. Бүүр энгийнээр хэлбэл “инга” гэж нэрлүүштэй билээ. Ингэдүүдийг Гватемала, Мексик, Эвкадор, Перу, Аргентин зэрэг орноор явж байх үед зүс царайг нь харж, хэл яриаг нь сонсож, зарим зан заншилыг нь үзсэн болохоор аргагүй тэд нар бидний садан төрөл мөн гэж таньсан билээ. Тэр тухайд замын тэмдэглэлүүддээ тодорхой бичсэн тул нурших юун. (Бүтээлийн чуулган, VII ботид буй). Америкийн хүн амын 15 хувь нь “монголжуу” арьстан гэж нэвтэрхий тольд бичигдсэн нь гол төлөв ингэдүүдээс бүрдсэн тул тэд өвөг монгол хэлний 100 үгийг шошоон, тэлэнгэд, аймар, хэцүү гэхчилэн хориод овгийнхон өнөө хүртэл хадгалсаар, хэрэглэсээр буй гэж хэлж бүрэн болно. Монгол гал голомтыг сахиж байдаг өнөөгийн Монгол ард улсын иргэд бидний мартаж, гээсэн өвөг үгнүүд ч ингэдүүдийн амнаас унаж байхыг сонсож билээ. Ингэдүүд Амөрикад “бага ястан” гэгдэж зах хязгаар нутагт шахагдан суудаг хавчигдмал хувь заяаныхаа эрхээр хэл яриа нь хаягдаж, гээгдэх аюул нүүрлэсэн гэж болно. Харин тийм аюул огтхон ч тулгараагүй Монгол ард улсад монгол хэл мөхөх байтугай хамгийн хүчтэй хөгжиж байх учиртай билээ. Гэтэл өнөөгийн манай нөхцөл байдалд монгол хэл хүчирхийлэлд автагдаж, эрлийзжиж, зэрэмдэглзгдэж байгаа нь нэг л мэдсэн, магадгүй 50 жилийн дараа “төрөл арилжих”, “гээгдэн орхигдох”тавилантай тулгарч мэдэх юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлага ивээлээр хэсэг эрдэмтний боловсруулж, Улсын Их хурлаар батлагдсан (2008 онд) “Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” гэдэгбаримт бичигт “2015 онд багтаан англи хэлийг бүх нийтийн голлох гадаад хэл болгох”, “2021 он гэхэд төрийн захиргааны төв байгууллагын ажилтнууд албан ажлаа англи хэлээр явуулах чадамжтай бологох” гэж тус тус заажээ. Үүнээс үзвэл зургаан жилийн дараа англи хэл манайд “бүх нийтийн голлох гадаад хэл” болох юм байна. Бүх нийтийн гэдэгт хамрагдахгүй хүн байх ёсгүй биз. Бас 11 жилийн дараа манай төрийн захиргааны төв байгууллагын ажилтнууд нь албан ажлаа англи хэлээр явуулахчюм байна. Тэгэхээр өнөөх монгол хэл маань чухам юунд, хэнд хэрэглэгдэх нь тодорхойгүй болж хоцрох бизээ.

1921 оноос 1991 оныг хүртэл далан жилийн турш орос хэлийг монголчуудын “голлох гадаад хэл” болгохоор умард хөрш маань “их зүтгэл” гаргасан боловч бичиг үсгийг нь л кирилжин буюу орос цагаан толгойгоор сольсоноос цааш нэг их хэтэрч чадаагүй, БНМАУ-ын төрийн албан хаагчид монгол хэлээрээ албан ажлаа явуулж, үр хүүхдэдээ монгол хэлээрээ ерөнхий болон дээд боловсрол олгосоор ирсэн билээ. Бичиг үсэг солигдсон ч эх хэлээ сольдоггүй монголчууд урьдын түүхэндээ цөөнгүй бичиг үсэгзохиох, зээлдэх аргаар хэрэглэж явсан ч “чихнү чимэг болсон аялгуу сайхан монгол хэлнээсээ” урваагүй юм.

Тэгэхээр тав, арван жилийн дотор бүх нийтээр англи хэлтэй болж, төрийн албаа ангилаар явуулах тэр зөгнөл хэр зэрэг бодит үндэстэй бол? Нийслэл Улаанбаатарын гудамжны хаяг, самбарууд шиг хэлний “хүчирхийлэл” гааруулбал чухам хэр зэрэг ахиц гарах бол?
Олон улсын хэл болгох гэж тэмүүлсэн үндэстэн өөрийнхөө хэл ч үгүй, хүний хэл ч үгүй болж байсан түүх хүн төрлөхтөнд бий. Эрт цагт гэрээг хэл, латин хэл дундад зуунд, франц хэл XVIII зуунд, англи хэл XX зуунд олон улсын хэл болохоор ихэд түгэж байсан ч гэсэн түрүүчээсээ орхигдон мартагдсаар (латин хэл шиг) байгаа нь бас нэгийг хэлж буй үзэгдэл гэлтэй.

Францчуудын өвөг дээдсийн хэл байсан галь хэл, этрүс хэл “эзнээ алдсан” шиг бретон, баск болон бургунди нутгийн аялгуу, норманди аялга үгүй болж тэр бүхнээс эрлийзсжсэн франц хэл (француудын өөрийнх нь төрлөх хэл биш) арван наймдугаар зуунд Европод давамгайлан өрнөж Оросын сэхээтэнүүдийн хоёрдохь хэл нь болж байгаад хорьдугаар зууны сүүлчээс ханш нь буурч эхэлсэн. Гэтэл Африк тивд одоо 1700 хэл, аялгуугаар ярьдаг хүмүүс аж төрж буйн дотор бикья хэлээр ганц авгай ярьж үлдсэн нь 87 настай ажээ. Амазонка мөрний ширэнгэд аж төрдөг хүмүүс 120 хэлээр ярьдаг бөгөөд тэдгээрийг өнөө хэр судалсан хүнгүй байх жишээтэй. Хэл гэдэг хачин хувь тавилантай үзэгдэл гэдэг нь ийнхүү захаас аван баримтаар нотлогдож байдаг. Харин ямарваа хүн юуны урьд заяамал төрлөх хэлтэй (эхээс төрж хэлд орохдоо сурсан) бас сурмал буюу олдмол хэлтэй байж болдог. Гэхдээ заяамал хэл анхдагч бөгөөд түүгээрээ дамжуулан олдмол хэлтэй болдог. Олдмол хэл хичнээнийг ч “олж” сурч болно. заяамал хэл үе залгамжлах, удамшлын бичлэгтэйн хувьд хүнээс яавч гээгддэггүй. Саяхан нэгэн залуу эр харийн орны олон хэл сураад эх орондоо эргэж иржээ. Өрнөдийн орны бараг л бүгдийнх нь хэлийг сураад ирсэн. Тэгээд ус цас шиг ярьдаг бичдэг байж. Тэгтэл^гай тохиолдож осолд ороод эмнэлэгт хэвтэж эдгэрээд ажилдаа орсон чинь олдмол бүх хэлээ мартаад ганц монгол хэлтэйгээ үлдсэн байжээ. Ус цас шиг ярьдаг гадаад хэлнүүдээсээ нэг ч үг санахгүй болсон байж гэнэ. Заяамал хэл нь харин хэвэндээ үлджээ. Тэгэхээр заяамал хэлээ “хуучинсаг” хэмээн ад үзэж олдмол хэлээр гайхуулдаг зарим залуус, бас улс төрчид “хэлний турэмхийлэл” хийхэд тэргүүн эгнээнд жагсдагт эргэлзээгүй.

“Хэлний түрэмхийлэл” манай нөхцөлд дороосоо биш дээрээсээ эхэлдэг болсоор зуугаад жил өнгөрч байна. Хорин нэгдүгээр зуунд энэхүү “Language violence” төр, засгийн тогтоол, шийдвэр, хуулиар дамжин хийгдэж эхлээд байна. Сүүлийн хорь шахам жилд эрх баригчид, эрх барих байгууллагуудын гаргасан албан шийдвэр, тогтоол тэр ч байтугай зарлигуудад монгол хэлэнд нь дүймэн (дүйз) байсаар атал харь хэлний үг оруулан хүмүүст хүчээр “цээжлүүлэх” хандлага улам гаарсаар байна. “Лиценз”, “лизинг”, “моргейж”, “аудит”, “менежер”, “бонд”, “брокер” гэхчилэн харь хэлний нэр томъёо чихээстэй баримт бичгүүд дээрээсээ доош хөвөрсөөр байгаа нь монгол хэлийг баяжуулахад биш бантагнуулахад нэмэр болсоор удлаа. “Аудитын хууль” гэхчилэн гадаад нэртэй хууль, түүний дагуу буй болсон байгууллага ажиллаж тэр нь хүмүүсийн ой тойнд буухгүй хөндий үг хэвээрээ цаг хугацааг элээсээр байна.

“Хэлний түрэмхийлэл” манайдаа шинэ юм биш. Өнгөрсөн зууны хориод оноос эхлээд орос үгээр түрий барих түрэмгийлэл өрнөсөн. Түүнээс өмнөх 300 жилд манж, нанхиад, түвд үгийн түрэмхийлэл байнга үргэлжлэж байсан. Манжийн эрхшээлд байсан м болохоор түшмэдүүд манж, нанхиад үгсийг төрийн ажлын хүрээнд нэвтрүүлэх гол зүтгэлтнүүд нь болж өгсөн. Харин түвд үгийг лам хуврагууд голчлон түгээж байлаа. Хорьдугаар зууны эхнээс Орост болсон хувьсгалын нөлөөгөөр орос нэр томъёо монгол хэлэнд нэвчиж эхэлсэн Октябрь гэдэг үг бараг хамгийн түрүүнд орж ирсэн хэрэг. Түүний хойноос феодал, винтов, наган, танк, тэгээд социализм, коммунизм, арми, совет, союз дараа нь пионер, лекц, телефон, машина, больниц, танец, артель, комун, физик гэхчилэн цөөн бус үг шууд нэвтрэн орж ирэхэд нь тийм зүйл урьд нь байгаагүй, бас хэрхэн монголчлохоо бодож цэгнэх завдалгүй мэдлэггүй гэхчилэн олон шалтгаанаар харь үгнүүд хаалтгүй орж ирээд нэлээд нь өнөөг хүртэл ам дамжсаар байна. Тэр ч байтугай монгол хүний өгүүлэх эрхтэн, авиа гаргах онцлогт нь байхгүй ф, щ, п, р, к зэрэг үсгээр (авиа) эхэлсэн үгнүүд (феодал, физик, фабрик, контор, кабин, радио, роль, редактор) олноороо монгол “ам руу орж, гарахаас” аргагүй болсон. Тэдгээрийг бичих гэхнээ нь бас яг тийм үсэг босоо бичигт маань байсангүй. Харин ард түмэн өөрийнхаөөрөө шийдэж сигнал гэдгийг нь чагнаал, конденсатр гэдгийг нь ганжинсаатар, помпа гэдгийг бомбоо, домократ гэдгийг нь данхраат хэмээн монгрлчилж бас тэгэхдээ цаад утгыг нь нэг их гажаахгүйгээр шийдэл олсон үг цөөнгүй бослон байна. Аливаа хэл өөрөө баяжиж, өрөөл бусдаас өргөж авч хөгжиж, үгийн сангаа өргөтгөдөг нь жам. Гэхдээ шахамдуулах, хүч түрэх, хэлбэрээр хэлээ баяжуулах нь ядарсан арга, явуургүй оролдлого болох нь түүхээр нотлогдсон баримт баримт юм. Бас харийн хэлний үг болгоныг “орчуулах” нутагшуулах нь ч өрөөсгөл талтай хандлага болно.

Ард түмний саналаар биш албан тушаалын эрхшээлээр бусдын шахалт, “зөвлөмжөөр” төр засгийн эрх баригчид гэв гэнэт монгол бичгээ кирилжингээр солихоор дээрээс шийдэж “бүх нийтэд” (цогцолбор бодлогын нэр томъёогоор) хэрэглүүлэх болсон цагаас хойш орчин үеийн монгол хэл огт хөгжөөгүй биш бараг л эрс шийдэмгий хөгжсөн гэж хэлж болно. Үүнийг нотлоход урт яриа үүсэх нь мэдээж. Тиймээс зөвхөн цагаан толгойн 35 үсгийн тухайд товчхон тоймлоод хэлэхэд тэдгээрээс лав л тав зургаан үсэг нь монгол хэлэнд хэрэг болсонгүй явсаар нэгэн зууныг үдэв. Жишээ нь, “ташаа тулсан” гэж манайхны шоглон ярьдаг “ф” үсгээр монголчууд өнгөрсөн жилүүдэд нэг ч үг “зохиосонгүй”, “Монгол -орос тольд” (А.Лувсандэндэв, 1957 он) энэ үсгээр ердөө л 38 үг орсон нь цөмөөрөө гадаадынх юм. Бас эшча гэж манайхны дууддаг “щ” үсэг уг тольд байгааг үзвэл мөн л нэг ч монгол үг алга.

Тэрчлэн “к” үсэг дээр 102 үг байгаа ч гэсэн бас л нэг ч монгол үг байдаггүй. Нөгөө “Р” үсэг дээр 36 үг орсон ч гэсэн руу, рүү гэсэн дагавараас өөр монгол гэмээр юм байдаггүй. Тэрчлэн “П” үсэгдээр болохоор их л олон үг буюу 114 үг байгаа ч цөмөөрөө орос, хятад, түвд хэлнээс авсан харь гаралтай үгнүүд байхын дэдр “пад, пил” гэсэн дуу чимээний нэрнээс өөр монгол юм байдаггүй. Бас нөгөөх “хагас и” гэж тайлбар төдий нэртэй үсгээр 5 гадаад үг эхлүүлсэн нь цөмөөрөө л йод (ёод) гэдэг үгнээс үүссэн үгнүүд байх ажээ. Монгол хэлэнд хэрэглэгддэггүй, монгол хүний дуун үйлдэх эрхтэнд зохидоггүй ийм үсэгнүүд монгол хэлний “цагаан толгойд” орчихсон олон жил “цогиулж” явахдаа тэдгээрээр эхэлсэн гадаад үгнүүдийг монгол хэлний үгийн санд хүчээр түрэмхийлэн оруулах “үүрэг гүйцэтгэсээр” байгаа нь заяамал хэлэнд маань одмол хачир нааж, улмаар “эрлийзжүүлэх” балаг тарьсаар ажээ.

1 comment:

  1. Anonymous5/10/10 15:05

    Индианчууд өвөг монгол хэлээр ярьж байсан гэдэг нь худлаа байх аа. Юм болгоныг монголоос гэдэг үзэл дэндүү учир тоймоо алдаж гүйцлээ.

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...