Oct 24, 2010

ЭХ ХЭЛНИЙ ЯДУУРАЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА

http://www.dayarmongol.com/index.php?option=com_content&view=article&id=4286&catid=96&Itemid=136

2009 оны 12-р сарын 06, Ням гариг, 18:04


Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл, мэдээллийн МОНЦАМЭ агентлаг хамтран "Нийгэм, улс төр, эдийн засгийн гадаад нэр томьёоны орчуулга, хэрэглээ" эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын дөрөвний өдөр зохион байгууллаа. Тус хуралд МСНЭ, Монголын орчуулагчдын эвлэл, Соёл урлагын хороо, Монголын зохиолчдын эвлэл, МУИС, МУБИС, МҮОНРТ болон чөлөөт телевизийн сувгууд, өдөр тутмын сонины ажилтнууд, орчуулагч, эрдэмтэд оролцсон юм. Хуралд хэлэлцсэн илтгэлүүд болон санал зөвлөмжөөс хураангуйлан хүргэе.

“ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭНД ОДОО БОЛТОЛ ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ”
Улс төрийн тоймч Ц.Даваажавын "Нийгэм, улс төр, эдийн засгийн гадаад нэр томьёог орчуулж хэвшүүлэх талаар МОНЦАМЭ агентлагийн хуримтлуулсан туршлага, сургамж" илтгэлд, өнөөдөр нийгэм улс төрийн үг хэллэг, нэр томьёог дураараа тогтоон, өөр өөрсдийн үзэмжээр хэрэглэх нь түгээмэл болсон. Асуудлын гол нь нэгэнт тогтож хэвшсэн нэр томьёог дагаж мөрдөхгүй, гажуудуулах, шинэ нэр томьёог оновчгүй тогтоох, цэцэрхэх, чамирхах явдал элбэг болсонд оршиж байгаа юм. Үүний уршгаар утгын ноцтой алдаа гаргах, буруу зөрүү ойлголт төрүүлэх, монгол хэлний найруулгыг бүдүүлгээр гажуудуулах сөрөг үзэгдэл байнга гарч байгааг дурдан жишээ татаж тайлбарласан юм. Олон улсын хэмжээнд хэвшиж тогтсон "хэлэлцээ, хэлэлцээр" гэдэг өөр хоорондоо утгын эрс ялгаатай үг хэллэгийг хольж хутган "хэлэлцээр хийлээ" гэх мэтээр ярьж бичиж байна. Уг нь тухайн асуудлаар хэлэлцээ хийж байж, хэлэлцэн тохирсны эцэст хэлэлцээрт гарын үсэг зурдаг учиртай. Тун ойрмогхоны нэгэн жишээг дурдвал, манай телевизийн тоймч, хөтлөгчид "Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэв" гэж яриад байх юм. Тэднийхээр бол, уг гэрээнд одоо болтол албан ёсоор гарын үсэг зураагүй юм байна. Уг нь олон улсын хэмжээнд тогтсон ёсоор бол "үзэглэх" буюу урьдчилан гарын үсэг зурах /парафирование/ гэдэг нь хоёр талын эрх бүхий хүмүүс тухайн асуудлаар харилцан тохиролцсон боловч албан ёсоор гарын үсэг зураагүй, цаашид гүйцэд нягтлах шаардлагатай байгааг тэмдэглэн, овог нэрийнхээ зөвхөн эхний үсгийг тухайн баримт бичгийн ард талд тавихыг хэлдэг юм билээ. Улс төрийн үг хэллэг, нэр томьёог зөв хэрэглэх байтугай монгол хэлээрээ ч цэгцтэй ойлгомжтой ярьж бичиж чадахаа больжээ хэмээн онцолсон юм. Мөн парламентын спикер Дэмбэрэл гэж телевизээр ярьж, сонин бичих нь олонтаа болжээ. Уг нь спикер гэдэг нь хоёр танхимтай парламентын доод танхимын дарга буюу хуралдаан даргалагчийг хэлдэг. Спикер Дэмбэрэл гэж яав ч ярьж, бичиж болохгүй. Гадаадын бүх үгийг монгол хэлнээ хөрвүүлж болно гэж муйхарлах нь зүйд нийцэхгүй. Нэр томьёог оновчтой бус тогтоон хэрэглэж байгаа нь энэ ажилтай өдөр тутам тулгардаг эрхмүүдийн мэдлэг нимгэн, хариуцлага сул, дээр нь редакцуудын удирдлагын мэргэжлийн хяналт үгүй болсонтой нягт холбоотой хэмээн үзэж байна гэлээ.

МОНГОЛ ХЭЛ ЭНГЭРИЙНХЭЭ ТОВЧИЙН МУЛТАЛЧИХСАН БҮСГҮЙН АДИЛ БОЛЖЭЭ

Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албаны дарга, доктор Б.Магсаржав "Гадаад нэр томьёог орчуулах, оноон тогтоох арга барилын зарим зарим асуудал" илтгэл хэлэлцүүлэв.
Тэрбээр илтгэлийнхээ эхэнд Ирланд, Израйль, Латви, Укриан зэрэг гадаадын зарим улс орон, үндэстнүүд эх хэлэндээ харь үг, нэр томьёог нэвчихээс сэргийлээд зогсохгүй, нутаг дэвсгэртээ суугаа иргэдийнхээ хэрэглээнээс гадаад хэлийг шахан зайлуулах талаар ямар бодлого хэрэгжүүлж буй талаар сонирхолтой жишээ баримт гарган ярьсан юм.
Олон үеийн туршид гадаад нэр томьёог монгол хэлэнд 1/худалдаачид, 2/улс төрчид, 3/техник, технологийн мэргэжилтнүүд, 4/ байгал шинжлэлийн эрдэмтэн, мэргэжилтнүүд оруулж ирдэг байсан бөгөөд тэр байдал өнөөдөр ч өөрчлөгдөөгүй. Одоо дээр нь манай хууль тогтоогчид тэдний араас орж ирж байна. Тэдний амнаас гадаад үг байнга унаж буй төдийгүй баталсан хууль тогтоомжид нь ч цөөнгүй гадаад үг тухалж, эх хэлээ хатгасаар байна ажээ.
Эрдэмтэн Я.Цэвэл агсны 1966 онд хэвлүүлсэн "Монгол хэлний товч тайлбар толь"-д европ гаралтай 750 толгой үг байгаа ажээ. Толийн нийт толгой үг 30804 юм байна. Үүнд харьцуулбал европ гаралтай үг нь 2,4 хувь болж байгааг илтгэгч "энгэрийнхээ товчийг тайлсан бүсгүй хүн"-тэй адилтгав.
Мөн гадаад нэр томьёог монголчлоход тохиолддог бэрхшээл болон эх хэлэндээ хэрхэн идээшүүлэх арга замын талаар санал бодлоо хэлэв. Жишээлбэл, орос хэлэн шедевр гэдэг үг бий. Утга нь дээд зэргийн ур чадвараар бүтээсэн урлагийн бүтээл, уран зохиол. Үүнийг нийтлэлч Баабар шилээвэр гэж монголчилсон нь нэлээд оновчтой болсон мэт. Гэхдээ монголчууд галыг сэргээж засдаг хэрэгсэлийг мөн шилээвэр хэмээдгийг бас санууштай. Доктор Л.Түдэв шог яриаг нэрлэсэн "хэвлэгдээгүй" гэсэн утгатай "анекдот" гэдэг үгийг "онигоо" хэмээн монголчилсон нь монгол хэлний үгийн санд нэгэнт орсон. Монголын хуучин цагийн мэргэд шинэ юмс, үзэгдэл үндэстний амьдралд орж ирэхэд монгол дуудлагын нь дагуу бичиглэн томьёолсон цонх, банз, пүүс, лам зэрэг олон жишээг дурдав.

“БАССЕЙН”-ИЙГ “ШУМБУУР, “СТРЕСС”-ИЙГ “ЗОВНИЦ” ГЭВЭЛ ЯМАР ВЭ?
Хүмүүн бичиг сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, Хэл бичиг судлаач, магистр Б.Элбэгзаяа "Орчин цагийн монгол хэлний грек, латин гаралтай үг хэллэгийн шинж байдал, тоо хэмжээ, түүнээс сургамж авах нь" илтгэл хэлэлцүүлэв.
Илтгэгч, монгол хэлнээ орсон грек, латин гаралтай үг хэллэгийг зээлдэн авсан цаг хугацааны хувьд ардын хувьсгалаас 1990-ээд он хүртлэх үе, түүнээс одоог хүртлэх үе гэсэн хоёр бүлэг болгон авч үзжээ. Учир нь 1921 оноос өмнөх үеийн монгол хэлний ормол үгсийн дотор өрнө дахины хэлний үг хэллэг бараг төлөв байдаггүй байна.
Орчин цагийн монгол хэлэнд харь гаралтай үг ихээр нэвтэрсэн тухайд судлаач, мэргэжилтнүүдийн дунд зарчмын зөрөөтэй хоёр байр суурь ажиглагдах болжээ. Энэ нь нэгдүгээрт, харь үг хэллэг ихээр хэрэглэж буй нь манай хэлний хөгжлийн нэг үе шат, зүй тогтол бөгөөд монгол хэлээрээ ярьдаг, сэтгэдэг эзэн үндэстэн нь байгаа цагт монгол хэл бохиртох, устах мөхөх аюулгүй гэсэн аядуу үзэл баримтлагсад байна. Хоёрдугаарт, монгол хэлний өнөөгийн байдал бол харь үгийн эзлэх тоо хэмжээ хэрээс хэтэрсэн цаг үе бөгөөд энэ байдлыг даруй засаж залруулан, эх хэлээ эрхэмлэх талаар эрдэмтэн мэргэд төдийгүй төр засаг ч анхаарлаа хандуулж, цэгцтэй оновчтой бодлого хэрэгжүүлэх цаг болсон хэмээн нөгөө хэсэг нь үзэж байгаа ажээ.
Энэ хоёр зөрүүтэй байр суурийн голчийг олж, монгол хэлнийхээ зүй тогтол, хэвийн хөгжлийг хангах зохистой арга хэлбэрийг сонгохын тулд аливаа хэлний үгийн сангийн хөгжлийн зүй тогтлыг харгазлахын сацуу монгол хэлний хөгжлийн өвөрмөц онцлог, хамрах хүрээ, монгол хэлээр хэлэлцэгчдийн тоо хэмжээ, монгол хэлээ хөгжүүлж, хайрлан хамгаалж ирсэн уламжлалын талын аль алиныг нь тэгш харгалзах учиртай болов уу хэмээн илтгэгч өөрийн саналаа хэлэв.
Б.Ренчин 1960-аад онд, итали хэлний "торт" хэмээх үгийг "бялуу" хэмээн аялгуу сайхан монгол хэлнээ буулган, хэрэглэн хэвшүүлсэний адилаар аливаа харь хэлний ямар ч үгийг монгол хэлээрээ орчуулах нь чухал гэдгийг онцоллоо. Тухайлбал, "нойл" хэмээх бие хөнгөжин ариусах газрыг нэрлэдэг үгийг "урсгуур", "бассейн"-ыг "шумбуур", "стресс"-ийг "зовниц" гэх мэтээр орчуулах саналтай байгаагаа илэрхийлээд дараах дүгнэлтийг хийв.
1. Гадаад үг монгол хэлний нийт үгийн санд эзлэх байраараа хэвийн хэмжээнээс хэтийдсэн гэж яаран дүгнэхгүй байх.
2. Хэвлэл мэдээлэл, зар сурталчилгааны хэллэг болон аман ярианд харь гаралтай үгийг илүүтэй хэрэглэж байгаа нь эх хэлнийхээ шавхагдашгүй нөөц баялгаас суралцах эрмэлзэлгүй, олон гадаад хэлний орчинд уусаж, эх хэлээрээ сэтгэх ёсоо мэдрэхгүй болох, бэлэнчлэх сэтгэлгээнд автсанаас голлон хамаарч байна.
3. Цаашид, монгол хэлний үгийн санд буй харь үгийн эзлэх тоо хэмжээг ул суурьтай судлан тогтоож, гарсан үр дүнг ерөнхий боловсролын сургалтын агуулга болон эрхзүйн гол гол баримт бичгүүдэд оновтой тусган, эх хэлээ эрхэмлэж, зүй зохистой хэрэглэх талаар цаг алдалгүй арга хэмжээ авах нь зүйтэй болохыг онцоллоо.
Мөн тэрбээр, гадаад нэр томьёог ойлгомжгүй үгээр илэрхийлсэн нь учир тоймоо алдлаа. Үүнийг бий болгож буй нэг хүчин зүйл бол ямар нэгэн аж ахуйн нэгж байгууллага, сонин, сэтгүүл бүхэн Хууль зүйн яаманд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулах нэр авахдаа тун бодлогогүй байдаг явдал юм. Тус яамныхан Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлж буй ямар ч компани, байгууллагад монгол нэрээр нэрлэгдсэн байх ёстой гэдэг шаардлага тавих хэрэгтэй. Заавал "JND" ч гэдэг юмуу, криллээр ч ялгаагүй "Бобоо" ресторан ч гэх шиг ойлгомжгүй нэр томьёо маш их болсон. Оноосон нэрийг Хууль зүйн яам нь ийнхүү гадаад нэрээр батлаад өгчихөөр нөгөө хэвлэл мэдээллийнхэн нь тийм хачин нэртэй пүүс, компанийг тэр оноосон нэрээр нь бичиж таарна шүү дээ.
Үүнийг анхаараачээ. Монгол хэлнийхээ сайхан унаган үгээр нэрлэсэн "Эрэл", "Хас" банк , "Нарны титэм", "Ганга гоёл" гээд олон сайхан байгууллага байж л байна. Ойлгомжтой дотно сонсогдож байгаа биз дээ. Эдгээр компаниуд чинь Монгол нэрнээсээ болоод зах зээлд өрсөлдөөнд ялагдсан, үйл ажиллагаа нь буурч, хүн танихаа байсан зүйл алга байна гэлээ.


ХЭЛ ДАМЖСАН ҮГНЭЭС БОЛГООМЖИЛ
МУИС-ийн багш Н.Балжинням "Монгол хэлний харь үгийн хэрэглээний асуудалд" илтгэл хэлэлцүүлэв.
Аливаа үндэстний хэлэнд харь хэлний үгийг зээлдэн авах асуудлыг тухайн улс орны бодлогоор зохицуулж байдгийг илтгэлийнхээ эхэнд дурдаад монголчуудын орчуулгын эртний уламжлалаас суралцаж судлах зүйл их байгааг баримт гарган ярилаа. Бурханы шашны орчуулгын ном зохиолын уламжлалаар Монгол орон нь Цейлон, Хятад, Төвд зэрэг оронтой эн зэрэгцэж байжээ. Тухайлбал, алдарт "Ганжуур", "Данжуур"-ын 334 боть зохиол юм. Мөн 1741-1742 онд Жанжаа хутагтын удирдлагаар Монголын 40 гаруй мэргэдийн зохиосон "Мэргэд гарахын орон" хэмээх төвд- монгол нэр томьёоны толь бичигт орчин үеийн орчуулгын сэтгэлгээний үндсэн суурь санаанууд туссан байдаг байна. Үүнийг үндэслэн хувьгалын дараах үеэс монгол эрдэмтэд европ зүгийн ном зохиолыг орчуулж иржээ.
Европын хэлний үгийг монгол хэлэнд авианы талаас нь зүгшрүүлэхэд тухайн үг дамжиж ирсэн орос хэлний дуудлага, бичлэг хоёрыг голлон үндсэн хэлний дуудлага, бичлэгийг төдийлөн анзаардаггүйгээс уг харь үг авиан зүйн талаас буруу хэвших, бичлэг өөр болох тал гардаг байна. Англи хэлний Hugo үгийг орсоор Гюго, монголоор Хюго хэмээх атал дамжуулж авсан орос дуудлага, бичлэг адил Гюго гэж буй нь буруу. Энэ мэт олон үгийг, тухайлбал Хавана, Холланд, Стокхольм гэх зэргээр бичих нь зөв гэлээ.
Илтгэлийнхээ төгсгөлд, хэрэглээний зорилгоор гадаад хэлний үгийг бичихдээ, 1/ тухайн гадаад хэлний үгийн бичлэг, дуудлагад ойр бичих, 2/ гадаад үгийн хэлбэрийг аль болох хадгалах, 3/ үгийн утгыг алдагдуулахгүй байх, 4/ төрөлх хэлний үгтэй бичлэг адил болгохгүй байх, 5/ тухайн үгийг дахин сэргээн бичих боломжтой байлгах, 6/ гадаад үг гэдэг нь танигдахаар байх, 7/ гадаад үг бууж байгаа хэлний зүйн дүрмээр дүрэмжин хэрэглэгдэх зэрэг наад захын шаардлагыг хангаж байх ёстойг сануулав.

Мөн АНУ-дахь Монголын соёлын төвийн тэргүүн, МУБИС-ын багш, доктор М.Саруул-Эрдэнэ "Монгол нэр томъёог нийтэд хэвшүүлэх нэгэн тодорхой санал", доктор Ц.Өнөрбаян "Харь үг, түүнийг журамлах хэм хэмжээ" сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн юм. Эдгээр илтгэлүүдийг бүрэн эхээр нь дараагийн дугааруудад нийтлэх болно.

Эрдэм шинжилгээний бага хуралд урилгаар оролцож буй хэл шинжлэлийн эрдэмтэд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллөөс олон санал санаачилга гарсан юм.
Зарим саналыг та бүхэндээ хүргэе.

ИХ ХЭРЭГЛЭЖ БУЙ 10 ГАДААД ҮГЭЭС ЭХЛЭЕ
Багш М.Саруул-Эрдэнэ
-Эхний ээлжинд амьдралд маш их хэрэглэж байгаа гадаадын 10 үгийн зөв орчуулгыг гол гол хэвлэл мэдээллийн байгууллагууддаа өгөөд хэвшүүлчихэд л болох гээд байгаа юм. Шинээр орж ирж байгаа үгийг төрийн хэлний зөвлөл нь байдаг юмуу, ШУА, сонин хэвлэлийн эрхлэгч, телевизийн удирдлагуудаас бүрдсэн зөвлөл хуралдаад ийм үгийг ингэж хэрэглэхээр боллоо. Тэгээд гүйцээ энэ цаг мөчөөс хойш энэ үгийг ингэж хэрэглэж тогтоно гээд хэвшчих юм бол бидний ажилд маш хэрэгтэй гэж бодож байна.

ХЭЛ НАЙРУУЛГААС БОЛООД ХҮҮХДҮҮД ТӨӨРӨЛДӨХ БОЛЛОО
МКС-ийн багш, доктор Б.Будням
Эх хэл гэдэг бол үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдалтай нягт холбоотой асуудал. Магсаржавын илтгэлд гарч байна л даа. Ер нь нарийн шинжлэх ухааны салбарын нэр томьёог орчуулах, хэт их монголчлохоос болгоомжлох нь зүйтэй гэдэгтэй санал нийлж байна. Үүнийг ч бид баримталж ирсэн. Гэхдээ сүүлийн үед мэргэжлийн олон ном гарч байна. Нэг мэргэжлийн ном сөхөөд үзэхэд номны 50 хувь нь англи, 50 хувь нь монгол хэлээр бичжээ. Тэр хольж хутгасан номынх нь учрыг өөрөө л ойлгодог юмуу гэхээс оюутан ч ойлгохгүй. Математик гэдэг шинжлэх ухаан өөрийн гэсэн онцлогтой ч хүүхдэд зориулсан математикийн сурах бичиг сайхан ойлгогдохоор монгол хэлээр гаргаж байхыг хүсч байна. Нэгдүгээр ангийн хүүхдийн математикийн сурах бичгийг аваад үзье. Геометрийн тухай ойлголт өгөх гээд тэгш өнцөгт зураад дөрвөлжин гэж нэрлэчихээд дөрвөн тал нь адилыг нь болохоор квадрат гэсэн байгаа юм. Нөгөө хүүхэд хараад аль алиныг нь дөрвөлжин гэж л ойлгож байна шүү дээ. Сурган хүмүүжүүлэх түвшинд тодорхой шинжлэх ухааны салбарт хэл найруулгаас болоод ийм төөрөгдөл гарч байна шүү.

ТАНИН МЭДЭХҮЙН НЭР ТОМЬЁОНЫ ТОЛЬ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хорооны мэргэжилтэн, зохиолч, яруу найрагч Д.Урианхай
-Ийм эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан та бүхэнд маш их талархаж байгаагаа юуны өмнө хэлье. Хоёр санал хэлье. Ийм хурлыг Соёл урлагийн хороо, өнөөдөр энэ хурлыг зохион байгуулсан хоёр байгууллага, эрдэмтэдтэй хамтраад хэлний хүрээлэн, их, дээд сургуулийн багш нар, ЕБС-ийн багш нарыг ч оролцуулаад Ерөнхий сайд, БСШУЯ-ны сайдын ивээл дор орон даяар теле хурал болгон зохион байгуулъя.Бас нэг санал бол манайд хэлний олон сайхан толь бий. Жишээ нь "Мэргэд гарахын орон" толь бичгийг 200 гаруй монгол, түвдийн дуун хөрвүүлэгчид Ролбийдоржийн удирдлаган дор зохиосон байдаг. Тэнд буддын гүн ухааны нэр томьёо маш элбэг. Гэтэл бид тэр нэр томьёог хэрэглэх нь байтугай мэдэхгүй л явж байна. Манай дээр үеийн эрдэмтэн мэргэд маш олон толь бичгийг олон талаас нь нухацтай судалж орчуулсан байдаг. Энэ бүгдийг ерөөсөө сөхөж харахгүй байна. Дутуу дулимаг мэдлэгтэй хүмүүс өөрсдийнхөөрөө орчуулсан үг хэллэг урсаж орж ирээд байгаа нь хэл зэрэмдэглэх нэг гол хүчин зүйл болоод байгаа юм. Танин мэдэхүйн нэр томьёоны толь хэрэгтэй байна. Юуг нь оюун гэх юм юуг нь ухаан гэх юм , зөн, совин хоёр ямар ялгаатай юм бэ ч гэдэг юмуу үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй нэг мөр болгосон толь хийхийг хэл шинжлэлийн мэргэжилтнүүд, эрдэмтэд санал болгож байна. Манай Соёл урлагийн хороо хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллахад бэлэн байна шүү.


Хуралдаж л байдаг хэрэгжиж байгаа зүйл байдаггүй
Шинжлэх ухааны доктор, орчуулагч Б.Бирваа
-Харсаар байтал аялгуут сайхан монгол хэл маань хэл биш сүг болж байгааг хараад зүгээр сууж болохгүй юм. Сүүлийн үед "байгаа ч" гэж ярьж бичдэг боллоо. Зүй нь монгол хэлэнд байгаа боловч, байвч гэж ярьдаг. "Байгаа ч" гэдэг үг чинь монгол хэлэнд болиоч гэсэн утга агуулдаг юм шүү. Архи уухаа байгаачээ гэж ярьдаг. "Саруул тал байвч шаврыг нь мэд, Сайхан янаг байвч санааг нь мэд" гэдэг ч юмуу. "Тийм байгаа ч" гээд л ярьж бичээд байх юм. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж байгаа үг хэллэг, зар сурталчилгаа авах юм алга. "Администратед" гэдэг үгийг засгийн газар гэж орчуулах ёстой. Гэтэл засаг захиргаа гэж буруу орчуулаад яриад байдаг. Манайхаас өөр АНУ-ын засаг захиргаа гэж яриад сууж байгаа газар байхгүй шүү. Бусад улс орон үг зохиохдоо ямар тийн ялгал шаардлагатайг толь бичигтээ тусгадаг. Тэгэхэд манайх бас л "Үүднээс" гэдэг үг бүр салахаа болив. "Явах үүднээс, биелүүлэх үүднээс" гээд байх юм. Очихын үүднээс, явахын үүднээс гэж бичих ёстой юм. Телевизүүдээр "Асуудлыг нээлттэй үлдээлээ" гэж их ярих юм. Асуудлыг шийдвэрлэсэнгүй гэвэл илүү хүнд ойлгомжтой. "Зах зээлийн нийгэм" гэж баахан яриад хэвшчихлээ. Хүн төрөлхтний нийгэмд зах зээлийн нийгэм гэж хэзээ ч байгаагүй. Бас "военный приступник" гэдэг үгийг цэргийн гэмт хэрэг гэж яриад байх юм. Зүй нь дайны гэмт хэрэг гэж ярих нь зөв. Манай хэл дээр гарсан саяны буудалцсан асуудлыг цэргийн гэмт хэрэг гэж ярьж болно. Ирак, Афганистан, Югославт болсон үйл явдлыг дайны гэмт хэрэг гэж хэлдэг юм. Манайд онолын асуудал бүр хаягдаж гүйцсэн. Төрийн зөвлөл нь байдаг юмуу, ШУА нь байдаг юмуу олон дахин хэрэглэдэг нэр томьёог тогтоогоод дагаж мөрдүүлдэг болмоор байх юм. Хуралдаж л байдаг хэрэгжиж байгаа зүйл байдаггүй.

УИХ “БОЛЗОЛ”, “НӨХЦӨЛ” ХОЁРОО ЯЛГАДАГГҮЙ
Хэл шинжлэлийн дэд доктор, орчуулагч Д.Лхамдорж
-Үнэхээр Монгол хэл тамтаггүй болох нь ч болчихлоо л доо. Гараад гудамжны хаягийг л хар. Та минь ээ "Амьсгалын замын өвчин, бэлгийн замын өвчин залуужиж байна" гэж бичээд, яриад байх юм. Энэ чинь юу гэсэн үг вэ? Ялангуяа "маань, өөрөө" гэдэг үг даргын ч үгнээс, сэтгүүлдчийн амнаас салахаа байв. "Манай аав маань өөрөө" гэх юм. Манай гэж хэлж байгаа бол маань гэдэг үгээр яах гэсэн юм бэ. Тэр байтугай "Энэ хайрхан уул маань өөрөө" ч гэх шиг Монгол хүн ярьж байна гэхэд ичмээр юм ярих юм даа. Тэгээд би нэр томьёоны тал дээр хэдэн санал хэлье. Сүүлийн үед иргэн харьяат, иргэншил хоёрыг хутгаад байх юм. Иргэншил буюу цивилизаци гэдэг үгээр явах нь зүйтэй. Дундад зууны гэж ярьж бичээд сурчихжээ. Хуучин Гаадамба, Пэрэнлэй гуай эд нар дундад үе гэж ярьдаг байсан хэлэхэд ч эвтэй. Эртний үе, Дунд үе, Шинэ үе гэж хэлж, бичиж тогтох нь зүйтэй. УИХ-аас гарч байгаа шийдвэр, гэрээ хэлэлцээр хачин юмнууд байх юм. Болзол, нөхцөл хоёрыг ялгадаггүй. Жишээ нь "тийм тусламжийн мөнгийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр" гэж ярих юм. Эргэн төлөх болзолтой гэж ярих нь зөв. Төрийн хэлний зөвлөлд хандаж хэлэхэд дээр үед нэр томьёоны комисс гол хэдэн сонины нүүрэн дээр энэ үгийг ингэж бичнээ гэж хэвлээд тавьдаг байлаа. Үүнийг дахиж сэргээмээр байх юм. Зөв бичих дүрэм бүр биш болчихлоо. Эрдэмтэд, шинжлэх ухааны академи нийлж зөв бичгийг дүрмийг шинэчилж засмаар байна.


ЭРДЭМТЭН МЭРГЭДЭЭСЭЭ АСУУЖ БАЙЯ
Ахмад сэтгүүлч, орчуулагч С.Сандагдорж
М.Саруул-Эрдэнэ багшийн байнга хэрэглэдэг гадаадын 10 үгийг ядаж орчуулаад гол гол хэвлэл мэдээллийн байгууллагууд яг тэр зөв орчуулгаар хэрэглэж занших саналыг зуун хувь дэмжиж байна. Аливаа хэлэнд гадаад үг орж ирээд тухайн хэлний дүрэм журмын дагуу хэвшээд нутагшдаг. Хэдэн зуунаасаа л тэгж ирсэн. Зохицуулж зөв хэрэглэх нь чухал. Дээр үед МОНЦАМЭ-гээс хэрэглэж буй гол гол орчуулгын үгийг монголоор ингэж бичнэ гэсэн гарын авлага гаргаж хэвшүүлж байсан.
"Стерофонный радио станц" гэдгийг бид "Гүн авианы радио станц" гэж орчуулчихаад Ренчин гуайгаас асуусан. Хүүхээ тэр чинь гүн ч биш, гүдгэр л юм байгаа юм гэж хэлж байсан. Тухайн үед эрдэмтэдтэй ярьж асууж нэр томьёог тогтоож зөв хэвшүүлж байлаа.
Би хэдэн хуудас материал телевиз, радиогийн хүмүүст ийм ийм үгийг ингэж орчуулж хэрэглэж байсан гээд хэвлээд өгсөн. Хаячихдаг юм билээ. Үүнийг албадаж мөрдүүлдэг газар Төрийн хэлний зөвлөл байх ёстой гэж ойлгох юм. Тэгэхгүй бол хүн бүр өөр өөрийнхөө үзсэн харснаар туугаад байх юм бол ёстой холион бантан болоод байна. Булган аймгийн засаг дарга гэж нөхөр манай Булганчууд гээд л яриад байх юм. Булганыхан, Ховдынхон гэж ярьдаг байсан. Нийслэлчүүд, Говьчууд гэх юм байна л даа. Та яагаад "чууд" гэж хаанаас гарсан дагавар залгаад байна вэ гэхээр "чууд" гээд хэлэхээр албан ёсны болж байгаа юм гэж хэнэг ч үгүй тайлбарлаад зогсож байх юм.

ТӨРИЙН ХЭЛ ГЭДЭГ ТУСГАЙ ХЭЛ БАЙХГҮЙ
Төр, нийгмийн зүтгэлтэн Ц.Балхаажав
-Төр гэдэг үг Монголын хэллэг мөн. Үндсэн хуулинд төр гэж үүнийг хэлнэ гэсэн заалт байдаггүй. Гэтэл өнөөдөр Төрийн хэлний зөвлөл гэж яриад л байна. Төрийн хэл гэхээр тусгай хэл болоод_ ард түмний хэл нь монгол хэл болж таараад байна уу. Төрийн хэл гэж тусгай хэл байдаг юм уу. Монгол хэлийг хэлэх, хэрэглэх утга зөрчилтэй байгаагийн нэг илрэл энэ. Үүнийг өөрчлөх хэрэгтэй
Гадаад үгийг хэрэглэхдээ нутагшуулж хэрэглэх нь гарцаагүй. Ер нь засаг захиргаа, засаглал, төрийн байгууллага, нийгэм, нийгмийн байгууллага гэдэг чинь юу юм бэ гэдэг талаар нийт хэвлэл мэдээллийн сэтгүүлч, сурвалжлагч залуус та бүхэн уншиж судлах хэрэгтэй. Та нарын буруу, зөрүү ойлголт, дутуу дулимаг мэдлэгээс дараагийн бас нэг үе чинь хүмүүжиж байна гэдгийг анхаараарай.

БИЗНЕСМЭН ГЭДЭГ ҮГЭНД САЙНААСАА СААР УТГА НЬ ДАВАМГАЙ
ГХСС-ийн багш, дэд доктор Н.Доржготов
-Орчуулгын хувьд төдийгүй, үндэсний хэлний ухааралд нэмэр хандив болох хурал зохион байгуулсан Төрийн хэлний зөвлөл, МОНЦАМЭ-ийн хамт олонд гүн талархлаа илэрхийлье. Цаашид гай тарьж болох хэдэн үгийн талаар саналаа нэмэрлье.
-Захиргаадалт: М.Горбачевын илтгэлд "административное командование" гэсэн захиргаадалт гээд буулгачихсан юм. Тэгтэл өнөөдөр улс оронд захирах, захирагдах ёс алга болоод төр засгийн ажил явахгүй болсон нь бидний нүдний өмнө илт байгаа.
- Хүнд суртал - бюрократизм гэсэн үгийг хүнд суртал гэсэн үг зохиож орчуулсан нь өнөөдөр маш их хэл үг татаж байна. Хүнд ч яахав, суртал гэдэг үг нь заншлын хүндэтгэл юм билээ. Заншлыг Англичууд америк ч мөн custom гэж ягштал дагадаг. Бид монгол уламжлал алдагдлаа гээд гасладаг. Гаслахаас арга үгүй. Брюкратизм нь үгчилбэл товчоолох ёс гэсэн франц үг, англи хэлэнд энэ утга нь байдаг. Албан тушаалын дэслэл, эрх мэдлийн товчоолол юм. Албан тушаалын дэслэлгүй ямар ч засаг захиргаа байдаггүй. Менежмент бол аливаа зүйлийг үр ашигтай болгодог зүйл. Үүнийг монголоор зохируулга гэдэг. Менежмент бол зохируулга юм бол менежер зохируулагч мөн юм. Өнөөдөр манайд харин менежментийн хувьчлал гэдэг нь жавших шамшигдуулах хэрэглэл болоод байгаа шүү дээ. "Business" гэдэг нь commerce, trade гэсэн хоёр үгийн дараа худалдаанд хэрэглэсэн үг. Энэ нь хулгай гэсэн утгатай байдаг юм. Бизнесмэн гэдэг үг англи хэлэнд сайнаасаа муу утга нь давамгай. Хэдэн жилийн өмнө манай 24 орчим настай оюутан бүсгүй багшаа европд кузенүүд хоорондоо сууж болдог гэнэ. Манайд яагаад болдоггүй юм бэ гэдэг юм. Кузенг ямар монгол үгтэй дүйлгэж байна гэвэл үеэл гэнэ. Энэ үг миний дотрыг пал хийлгээд орос-монгол, монгол-орос толь харлаа. Двоюродная сестра по отцу-үеэл эгч, двоюродная сестра по матери-бүл эгч, бүл дүү гэжээ. Ингээд англи-орос толь үзлээ. Cousin-двоюродный брат, кузен, двоюродная сестра-кузина гэжээ. Бөл гэдгийг одоо бүл гэж дуудах бичих болсон. Үеэл, бүл гэдэг хоёр үгийг зааглаж ойлгож чадаагүйн улмаас үеэл гэсэн бололтой. Нэг айлын хөвүүдийн хүүхдүүд хоорондоо үеэл, нэг айлын охидын хүүхдүүд хоорондоо бүл шүү дээ. Мөн хүү, охины хүүхдүүд хоорондоо бүл. Европд бүсгүй талын буюу бүл талын таван үеэс хойш хоорондоо гэрлэж болдог зүйл. Үеэлүүд хоорондоо хэрхэвч сууж болохгүй гэж тайлбарлаж өгсөн л дөө.

ЗӨВ ҮГИЙГ ХЭВШҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
МОНЦАМЭ-гийн тоймч, орчуулагч П.Шагдар
Хотынхоо гудамжаар алхаж явахад заримдаа гадаад улсад явж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг шүү дээ. Ирланд, Израильд хаягийг зөвхөн эх хэлээрээ бичнэ гэж заасан байдаг. Манайх ч мөн ялгаагүй хууль гаргаж гудамжны хаягийг монгол болгомоор байгаа юм. М.Саруул-Эрдэнэ багш түрүүн хэллээ. Гол хэрэглэдэг 10 үгийг монголоор зөв орчуулж хэрэглэж хэвшүүлэхийг дэмжиж байна. Ер нь хэвшүүлж болно. Манай МОНЦАМЭ аентлаг өнгөрсөн өвлөөс эхлээд ямар ч байсан "явагдаж" гэдэг үгээс зайлсан. Бүх л үйл явдлыг "өндөрлөж" гэж бичиж ярьдаг. Манайх зайлж чадлаа. Ер нь хэвшүүлж болно гэж бодож байна.


МОНЦАМЭ-ГЭЭС СУРАЛЦАХ ЗҮЙЛ ИХ БИЙ
МОНЦАМЭ-гийн тоймч, сэтгүүлч Б.Цэрэннамжил
-90 жилийн түүхтэй МОНЦАМЭ-гийн гадаад мэдээний орчуулагчид маань төвийн хэвлэл мэдээллийн байгуулагуудыг орчуулгын мэдээгээр олон жил хангаж ирсэн. Үнэхээр гадаад хэлнээс орчуулах орчуулгын том школ бүрдсэн. Ер нь бусад сонин хэвлэлийн залуус манай агентлагийн орчуулгыг маш сайн уншиж байх хэрэгтэй. Тэндээс орчуулгын талын мэдлэг олж авахаас гадна гадаадын улс орны сурвалжлагчид яаж товчхон оновчтой мэдээ, материалаа бичдэгийг ч давхар харах боломжтой.

Хурлын төгсгөлд МОНЦАМЭ- агентлагийн дарга Т.Баасансүрэн хэлэхдээ “Илтгэл тавьсан хүмүүсийн илтгэл, санал бодлыг МОНЦАМЭ-мэдээ сониндоо нийтэлж хүргэх болно. МСНЭ-ийн дэд ерөнхийлөгчийн хувьд төвийн гол гол сонины эрхлэгч, телевизийн удирдлагуудыг урьж М.Саруул-Эрдэнэ багшийн дэвшүүлсэн амьдралд хамгийн олон хэрэглэгддэг гадаад үг хэллэгийг зөв орчуулсан хэлбэрээр хэвшүүлэх талаар ярьж тохиролцож болно. 12 дугаар сард багтааж зохион байгуулахад ч бэлэн байна гээд, хуралд ирж үнэтэй санал зөвлөгөө өгсөн эрдэмтэн мэргэд, орчуулагч, сэтгүүлч нар талархаж буйгаа илэрхийлэв.

Тус хурлаас нийгэм, улс төр, эдийн засгийн гадаад нэр томьёог орчуулж хэвшүүлэх талаар төр, засаг, хэвлэл мэдээлэл, судалгаа, сургалтын байгууллагуудад зөвлөмж хүргүүлэхээр боллоо.

Д.Догсмаа

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...