Oct 1, 2010

Эх хэлнээсээ "холдсоор" байгаа нь монгол бичгээ гээснийх үү

http://www.mongolia800.mn/24tsag/2007/02/25/5521
-----------------------------------------
2007/02/25 - 09:27, Ням гараг

“Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүрийд яруу баялагийг нь гайхан биширч
Сод их билэгт түмнээ бишрэн магтму би” хэмээн агуу их бичгийн хүн Б.Ринчин гуай эх хэлээ шүлэглэн магтсан байдгийг сонсоогүй, мэдэхгүй хүн байдаггүй биз ээ.

Бидний хэл үнэхээр яруу тансаг, аялгуу сайхан хэл болохыг малчин ард түмний минь наад захын хэллэг болох ердийн мэндчилгээ, аман яриа, үлгэр домог, туульс болон зах зухаас нь сурсан өөр ганц хоёр хэлтэй харьцуулан үзэхэд улам ч их мэдэрдэг билээ.Гэтэл сүүлийн үед гарч буй сонин хэвлэл, хүмүүсийн хоорондын яриа, зурагт болон FM радиогийн нэвтрүүлэг зэргийг уншиж, үзэж, сонсч байхад энэ сайхан хэлний минь яруу сонсголон нь алга болж байна уу даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Нийслэлийн гудамжаар нэг болсон сурталчилгааны элдэв самбар, тэр ч бүү хэл албан газрын хаяг дотор ч алдаа мадагтай зүйл нэлээд тохиолдоно.
FM радиогийн зарим нэвтрүүлэг, Eagle телевизийн мэдээ зэргийг настай хүмүүс үзвэл ойлгохооргүй хачин аялгатай ярьдаг болж.

“Хогын сав” гэсэн бичиг, “Асашёрү сангын нэрэмжит... барилдаан”, “Байгалийн гаралтай эмэгтэйчүүдэд зориулсан эм...” гэсэн зурагтын сурталчилгаа, “Солонгос улсын шүдний эмнэлэг” гэсэн хаяг, “Бүх төрлийн солонгос машинд засвар хийнэ” гэсэн зар зэрэг нь хэвийн үзэгдэл болжээ.
“Хогын”, “сангын” зэрэг үгийг уншихаар эрэгтэй хүн эмэгтэй хүний хувцас өмсчихсөн юм шиг сэтгэгдэл төрөх юм.
Байгалийн гаралтай хүмүүст зориулсан тэр эмийг хүнээс гаралтай хүмүүс уувал яах бол гэж бодмоор.
“Солонгос улсын шүдний эмнэлэг” гэсэн хаягийг уншихаар Солонгос хэмээх улс нь шүдтэй, тэр шүд нь өвчтэй, өвчнийг нь манай энд эмчилдэг юм байх даа гэж бодмоор.

“Бүх төрлийн солонгос машин...” гэхээр Солонгос гэдэг улс их олон байдаг, тэдгээр бүх Солонгос улсуудад үйлдвэрлэсэн машиныг нь энд, манай улсад засуулдаг юм болов уу гэж бодмоор.
Саяхан “Ариранг” сувгийн нэвтрүүлгээр Солонгосын нэг эрдэмтэн “Европын бүх улсууд латин цагаан толгойтой байдаг учир бие биеийнхээ хэлийг сурахад дөхөмтэй байдаг. Тэгээд Европынхон манайхыг Хятад юм уу, Японтой адилхан үсэгтэй байх гэж боддог. Харин манайх тусдаа гэхээр гайхаад байдаг” гэж ярьж, Хангыл буюу Солонгос цагаан толгойгоо ихэд магтаж байхыг нь үзлээ.

Гэтэл бидний өвөг дээдсээс өвлөн ирсэн монгол бичиг маань тэрхүү хангыл үсгийн л нэг адил, зарим талаараа түүнээс ч боловсронгуй бичиг билээ. Төстэй нь гэвэл манай бичгийн нэгэн адил нилээд олон хос үсгийг нэг дүрсээр тэмдэглэдэг. Жишээлбэл “р, л”, “с, ш”, “г, к” мэтийн үсгүүдийг адил үсгээр бичдэг. Бүдүүлэгдүүхэн ганцхан цагаан толгой зохиочихоод түүнийгээ дээдлэхийн дээдээр дээдэлж, даяарчлалын энэ эрин үед ч, өчнөөн жил Америкийг дагасан мөртөө төрийн бодлого барин уусгачихаагүй яваа тэр улсыг бахадхаас өөр яах вэ дээ. Оюутан ахуй цагт манайх тусдаа бичигтэй гэж оросуудад гайхуулах гэж Чойжилсүрэн гуайн “Хуучин Монгол бичгийн сурах бичиг”-ийг нийтийн тээврийн унаанд хэргээр дэлгэн барьж явсаар монгол бичгээ дармалыг нь үсэглэн унших төдий сурсан ч, юм бичээд өг гэхээр таг суучихдаг, тэр үедээ Өвөр монголд Монгол бичгээ хаяагүй байдаг юм гэсэн, тэрэн шиг бид энэ бичгээ хэрэглэж болдоггүй юм байх даа гэж халаглан боддог байж билээ. Түүхэндээ зургаан ч цагаан толгой зохиосон бидний өвөг дээдэс эргээд хардагсан бол үр ач бид нь түүнээс нэгийг нь ч авч үлдээгүйг мэдээд туйлын гомдох байсан буй заа.

Монгол бичиг боловсронгуй нь олон үндэстэн ястантай том эзэнт гүрэн байсан улсын аль ч хязгаарт тэр нутгийнхаа хэллэгээр уншчихаж болдог байснаар зогсохгүй зөвхөн бичих хөдөлгөөний дадлын хувьд ч илэрдэг. Кирилл бичгээр бичдэг шиг зүүн гар талаас баруун гар тал руугаа, арабууд шиг араас нь урагш нь, монгол бичиг шиг дээрээс нь доош нь шулуун татаад, дараа нь бичгийн элементүүд оруулаад бичээд үзэхэд монгол бичгийн хөдөлгөөний чиг бусдаас хавьгүй амархан байгааг бичгийн хэв судалдаг шинжээчид, монгол бичигтэн хүмүүс бүгд хэлэх биз.

Саяхан хэл зохиолын хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч, хэл бичгийн ухааны доктор, Пүрэвжав гэгч хүн зурагтаар ярилцлага өгөхдөө монгол бичгийг албан ёсны болгох боломжгүй гэж ярьж байх юм. Би буруу ойлгосон ч байж магад. Монгол бичгээ албан бичиг болгох өдөр ирнэ гэдэгт би эргэлзэхгүй явдаг. Харин эрдэмтэд мэргэд, шинжлэх ухааны байгууллагууд хамтран энэ өдрийг ойртуулах хэрэгтэй байх. Хэдий болтол би Чингисийн Монгол, би монгол хүн гэж цээжээ дэлдчихээд кириллээр бичсэн нэрийн хуудас хүнд өгч, танайх ийм үсэгтэй юм уу гэж дорд үзэгдэж явах юм бэ Адилхан монгол хүн мөртөө “хужаа нар” хэмээн дорд үзэх өнгөөр бидний ханддаг өвөрлөгч нарыг монголоороо бичиж байхыг нь харахаараа би асар ичдэг.

Монгол бичгийг боловсронгуй биш учир гадаад хэлний нэр томъёо, шинжлэх ухааны хэллэгийг бичихэд хүндрэлтэй гэж манайхан ад үздэг. Мөнөөх хангыл үсгээр гадаад үг хэрхэн бичсэнийг зөвхөн бидний сайн мэдэх нэг шампунь дээрээс харахад дараахь маягаар бичжээ. Yүнийг кирилл бичиг рүү галиглавал “Хээд энд шөөүлдерс” гэснийг “Хэ-ды & шёл-дө” гэж, клиник систем гэдгийг “кыл-ли-ник си-сы-тэм” гэж, рифреш гэснийг “ри-пхы-рэ-шүй” гэж, рийнс гэсний “рин-сы” гэж тус тус бичжээ. Монгол бичгээр эдгээр үгсийг бичвэл эх хэлэндээ илүү ойр буух байх.
Yүнтэй төстэйгээр монгол бичгээр гадаад үгсийг буулгасныг өвөр монголчууд хэрэглэсээр л явна. Тэд монгол бичгээр буухгүй байна гээд ханз юм уу, эсвэл кирилл үсэг хэрэглээгүй.

Мөн монгол бичгийг болон зарим нэр томъёог тодорхойлдог “хуучин” хэмээх тодотгол бас л төдийлөн утгаа олохгүй байх мэт. Учир нь “шинэ” монгол бичиг гэж байдаггүй. “Хуучнаар” БНМАУ, “хуучнаар” УБДС гэх мэт үгс нэлээд тохиолдох боллоо. Гэтэл “шинэ” БНМАУ, “шинэ” УБДС нь бас л байдаггүй шүү дээ. Бас “нэлээдгүй” гэдэг тодотголыг “нэлээд”, “чамгүй” зэрэг гэдэг утгаар нь хэрэглэж буйг та бид УИХ-ын чуулганы хуралдаан дээр төрийн түшээ хүний хэлж байгааг ч сонсч байна.
Сүүлийн үед гадаадын киноны орчуулгын үед ихэвчлэн, ихэд сонсогдох болсон хадам дүү, үеэл ах, дүү зэрэг үгс байна. Хадам дүү гэдгийг хүр дүү гэж, үеэл ах, дүү гэдийг ах дүүсийн хүүхдүүд буюу бүлүүд гэж эцэг өвгөд минь ярьсаар ирсэн билээ.
“Элсэн цаг” нэвтрүүлгийн урианд “Бид саятанг төрүүлнэ” гэсэн үг харагдаж байх юм. Мөн саяхны нэг нэвтрүүлгээрээ “... болсонг...” гээд асуулт тавьж байх юм. Хэлний үгийн “н” үсгээр төгссөн сан мэтийн зарим үгийг л гэхээс иймэрхүү үгийг монголоор бол саятныг, болсныг гэж ярьдаг билээ.

“Цасан бүрхүүл” гэдэг үг бас нийтийн хэллэг болжээ. Уг нь цасны хэмжээг заасан шувууны мөр, богийн хар туруу, бодын хар туруу, морины сагаг, морины тушаа, өвдөг, хаа гэхчилэн үг байдагсан. Yүнийг хоцрогдсон, бүдүүлэг баримжаа гэвэл ядахдаа мм, см-аар илэрхийлж болмоор. Монголын радио, телевиз, бусад телевизээр хүртэл “... нутгаар цасан бүрхүүлтэй” гэж сонсогдож юм. “Цас зуд ямар байна” гэж мэндэлхэд малчин ард маань “Манай тэнд цасан бүрхүүлтэй байна” гэж ярьдаггүй билээ.

Сүүлийн үеийн хүмүүс “Юу байна” гэж мэндэлдэг болчихлоо. Нэлээд удаан уулзаагүй нэгэн танилтайгаа тааралдаад “Юу байна” гэхээр нь арга ядсандаа “Тайван даа, чамаар сонин юу байна” гэтэл “За тэгээд юу байна” гэж дахин асуух юм. Бодвол эхнийх нь “Сайн байна уу” хоёрдахь нь “Тарган сайхан өвөлжиж байна” юм уу, эсвэл “ сонин сайхан юу байна” гэж асууж буй нь тэр бололтой.

...............................

Энэ мэтийн буруу зөрүү хэллэг, өдөр ирэх тусам төрөлх, эх хэлнээсээ “холдсоор” байгаа нь монгол бичгээ гээснийх бус уу.

Б.Жаргалсайхан
-----------------
* Б.Жаргалсайханы өмнөх бичлэгтэй давхардсан хэсгийг
..... гэж тэмдэглэн хаслаа.

1 comment:

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...