"Бурханы үр" блогоос
------------------
2008-04-02 16:26:58
Манай шилдэг сэхээтнүүдийн нэг энэ хүний яриа уран зохиол сонирхогчдод нэг бодуулж, хоёрыг сануулах болов уу хэмээн найдаж энэхүү ярилцлагыг оруулав
Гадаад харилцааны сайд асан, нэрт орчуулагч Ц.Гомбосүрэнтэй ярилцлаа.
-Та саяхан Ф.Достоевскийн алдартай бүтээлүүдийн нэг “Карамазовын хөвүүд”-ийг орчууллаа. Энэ том бүтээлийг орчуулъя гэж хэдийнээс зориглов оо? Олон жил бодсон уу?
-Гурав дөрвөн жилийн өмнөөс орчуулах бодол төрсөн. Гэхдээ учир бий. Би зургаан жилийн өмнө Ф.Достоевскийн “Гэм зэм”-ийг орчуулсан юм. Тэгэхэд л Оросын энэ аугаа зохиолчийн бүтээлтэй ноцолдоод байхад ард нь гарч болох юм гэсэн бодол төрсөн хэрэг. Их ч туршлага суусан. “Карамазовын хөвүүд” номын редактор нь Баасанхүү гэж хүн бий. Тэр этгээд намайг үнэн хэрэгтээ уруу татсан юм. Баабар ч бас нөлөөлсөн. “Энэ номыг л орчуулж, Монголынхоо уншигчдад хүргэмээр байна. Та бариад аваач” гэдэг байсан л даа. Тэгээд өнгөрсөн жил зориг гаргаад суучихсан. Тодруулж хэлбэл, 2007 онд хийсэн миний гол ажил энэ боллоо. Эхэлсэн, дууссан хугацаагаа тооцоод үзэхэд бүтэн есөн сарын хөдөлмөр орсон байна билээ.
-Уран зохиолын орчуулга хийнэ гэдэг тамын ажил. Тэр тусмаа сонгодог зохиолчийн бүтээл бүр ч хэцүү нь мэдээж. Амаргүй байсан биз?
-Том зохиол гэдэг ер нь хэцүү байлгүй яахав. Дундаас нь шантарчих гээд байдаг юм. Энэ зохиолын нэг адармаатай зүйл нь өгүүлбэрүүд нь их урт урт. Би бөх зүрх гаргаж, тэр өгүүлбэрүүдийг хэвээр нь, найруулгыг нь хадгалж орчуулах гэж зүтгэсэн. Тийм урт өгүүлбэрийг ч монгол хэлээр найруулж болно гэж үзүүлэх гэсэн хэрэг. Тасдаад, богинохон өгүүлбэрээр найруулбал уул нь амархан л даа.
-”Гэм зэм”-ийг орчуулсан байсан болохоор хэл найруулга талаасаа нэлээн ойролцоо байсан уу? Нэг хүний бүтээл тул тэс өөр биш байсан байх л даа.
-Найруулга, үг сонголт гээд төстэй байлгүй яахав. Гэхдээ аливаа зохиолыг яг орчуулаад суухаар үг үсэг, найруулгын алдаа нь бас мэдрэгддэг юм. Жишээлбэл, “Карамазовын хөвүүд” зохиолын нэг өгүүлбэрт нэг үг их олон давтагдсан байх тохиолдол цөөнгүй байлаа. Заримдаа энэ үг хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу гэж бодогдож байсан. Тэр олон давтсан үгийг яг тэр чигээр нь орчуулчихаар нэг л болхи орчуулга байна гэж уншигчид ойлгочихмоор юм шиг санагдаж байгаа юм. Гэнэт босоод гэнэт гараад явчихлаа гэж ч байх шиг. Монголоор бол гэнэт босоод гараад явчихлаа гэхэд ойлгомжтой. Энэ тохиолдолд эх зохиолоо барих уу, эсвэл монголоор найруулах уу гэсэн асуудал үүсч буй юм. Би эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн үүднээс олон давтагдсан үгийг ялимгүй цөөрүүлсэн. Нэг үгийг олон давтсан нь Достоевскийн нас нэлээд өндөр болсон, бас хааяа унаж тусдаг оёгтой байсантай холбоотой байх гэж бодогдсон. Ер нь романуудад нь заавал нэг унадаг тусдаг өвчтэй баатар бий шүү.
-Таны ярианаас Достоевский нэг бичсэн зохиолоо олон дахин засдаггүй байсан бололтой юм шиг санагдчихлаа.
-Магадгүй. Лев Толстой бол маш олон удаа засдаг байсан гэдэг. Бараг 10 гаруй удаа хуулж засдаг байсан гэдэг биз дээ. Достоевский онгод орсон үедээ шууд л биччихдэг байсан бололтой юм. Дахиж нэг их гар хүрдэггүй байсан байхаа ядахгүй. Ухаан нь “Солиот”-ыг цөөхөн хоногт бичсэн болохоор дахиж засах зав түүнд байгаагүй. Шууд дуудаад бичүүлчихсэн болохоор яаж ч найруулгын нарийн засвар хийх билээ дээ.
-Ийм том сонгодог бүтээлийг орчуулахаас гадна олны хүртээл болгоно гэдэг амаргүй. Тэгэхээр менежментийг нь нэлээн бодож байж барьж авсан биз.
-Тэгэлгүй яахав. Орчуулга гэдэг бол миний амь зуулгын хөдөлмөр шүү дээ. “Бороо гоулд” ХХК энэ номын орчуулгыг ивээн тэтгэсэн. Хэвлүүлж, олонд түгээх ажлыг “Бороо гоулд” болон Баабарын “NEPCО” хэвлэлийн газар хамтарч хийж байгаа. Хөрөнгө санхүүгээс болоод нэг их олон хувиар хэвлээгүй байх. Гэхдээ Баабар “Энэ романыг ашиг олох гэж хэвлүүлж байгаа юм биш. Ийм романыг эрхлэж хэвлүүлнэ гэдэг тухайн хэвлэлийн газрын нэр төрийн хэрэг” гэж ярьж байсан.
-”Монголд оюуны хөдөлмөрийн үнэлгээ бага байна. Би дандаа чамладаг” гэж та нэгэнтээ хэлж байсан. Тэгвэл энэ романы орчуулгын хөлсөндөө та хэр сэтгэл хангалуун байгаа вэ?
-Гомдоллоод, чамлаад байхаар бага хөлс аваагүй шүү. Одоогийн Монголын нийгмийн амьдралтай харьцуулж үзвэл хөдөлмөрийг минь гайгүй сайн үнэлсэн. Гэхдээ мөнгө төгрөгөөр үнэлж болохгүй зүйл гэж бас байна. “Карамазовын хөвгүүд”-ийг орчуулна гэдэг өөрөө юугаар ч сольшгүй нэр төрийн хэрэг байхгүй юу.
-Зохиолч энэ романаа бүрэн дуусгаж чадаагүй гэж үздэг судлаач, шүүмжлэгч олон байдаг. Үнэхээр тийм юм уу?
-Достоевский хоёр дэвтэр роман бичих бодолтой байсан шиг байгаа юм. Гэвч хоёр дахийг нь бичиж чадаагүй. Бие нь хүрээгүй. “Карамазовын хөвүүд”-ээ дуусгаад сар гаруйхны дараа таалал төгсчихсөн. Карамазовын гурван хөвгүүний отгон нь болох Алексей Фёдорович Карамазовын тухай роман гэж зохиолч өөрөө бичсэн байдаг. Гэвч энэ роман дуусахад Алексей дөнгөж 21 нас хүрч байгаа юм. 21-тэй залууд үзсэн туулсан амьдрал гэж юу байх билээ. Гимназ төгссөн, дээд сургуулиа дундаас нь хаясан, тэгээд нэг жил хийдэд шавилж суусан л залуу. Багш лам нь түүнд нас барахынхаа өмнө “Чи энэ хийдээс яваарай. Хар хүний амьдралаар амьдраарай. Чи их юм үзнэ” гэж захиж байгаа юм. Бас түүний эцэг, хоёр ахынх нь талаар энэ зохиолд нэлээд түлхүү өгүүлсэн байдаг. Тиймээс дараагийн дэвтэртээ гол баатар Алексей Карамазовынхоо тухай илүү дэлгэрэнгүй өгүүлэх байсан болов уу.
-Хэрвээ Достоевский хоёр дахь дэвтрээ бичиж завдсан бол Алексейн амьдрал бидэнд их тодорхой болох байсан нь мэдээж. Тэгэхээр Достоевский энэ романд өгүүлэх гол санаагаа бүрэн дүүрэн гаргаж чадаагүй болж таарах нь ээ?
-Тийм л болох гээд байна. Баабар энэ номын орчуулганд бичсэн шүүмждээ Алексейг хожим ардач үзэлтэй, ер нь яваандаа большевик, хувьсгалч болох байсан байж магадгүй гэсэн байсан. Достоевскийн үзэл бодол их сонин төлөвшсөн, яг тийм үзэл бодолтой гээд хэлчихэд нэлээн хэцүү юм шиг санагддаг. Түүний амьдарч байсан цаг үед социалист үзэл санаа нэлээн хүчтэй байсан л даа.
-Хаант засгийн хавчлага шахалтыг нэлээн амсаж явсан хүн гэдэг. Энэ нь үзэл бодолд нь нөлөөгөө үзүүлсэн байх л даа.
-Магадгүй. Бүр цаазлуулах ял авч байсан хүн юм билээ. Азаар аврагдсан байдаг юм. Цаазын ялыг яг гүйцэтгэх гэж байхад элч ирж, хааны зарлиг гарч амийг нь өршөөсөн болохыг дуулгасан байгаа юм. Гэхдээ Сибирьт цөлж дөрвөн жил хүчир ажил хийлгэх ялаар сольсон. Энэ хугацаа дуусмагц шууд цэрэгт татаж, зургаан жилийн алба хаалгах давхар ял бас оноосон байдаг. Алах ял заагдаад явж байгаа хүн л ингэж бодно доо гэмээр хэсгүүд зохиолуудад нь бий. Тиймээс ч Достоевский социалист үзэл гэдэг ер нь зөв зүйтэй юм байна гэсэн бодолтой нэг хэсэг явжээ. Үүнтэй холбогдоод шашингүйн үзэл бас хөндөгддөг. Гэтэл Достоевский тодорхой хэмжээний шүтлэгтэй хүн байсан шиг байгаа юм. Энэ хоёр үзэл мэдээж мөргөлдөнө өө дөө. Тиймээс энэ хоёр үзлийн учрыг олох гэж л их оролдсон, бодож бясалгасан бололтой юм билээ. Тэгээд эцэст нь бурхан, буг гэж байдаг, тэр нь хүний тархи оюунд л байдаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
-”Карамазовын хөвүүд” зохиолд шашин, бурхны асуудал нэлээд гардаг. Үзэл сурталд таарахгүй болохоор энэ романыг орчуулахыг хориглож байсан гэдэг. Үнэн үү?
-Тэр үнэн. Энэ зохиолд нөгөө аугаа Христосыг чинь газарт буулгаж ирээд, эрүүдэн шүүж байгаа хэсэг ч бий. Хүмүүст эрх чөлөө олгодог чинь буруу, хүн боолчлогдож байж аз жаргалд хүрнэ гэх мэтээр Исүст бүр ял тулгаж байгаа юм.
-Та Оросын сонгодгууд, тэр тусмаа Достоевскийн бүтээлүүдийг хэзээнээс уншиж эхэлсэн бэ? Бага залуугаасаа сонирхож байсан уу?
-Залуудаа уншаагүй ээ. Нэлээн хожуу, 50 хүрсэн хойноо л жаахан харсан. Би ямар утга зохиолын мэргэжлийн хүн биш. Тэр зохиолч мундаг, тийм зохиол сайн гэдгийг ерөнхийдөө сургаар л мэднэ. Достоевскийн бүтээлээс анх би “Идиот”-ыг нь уншсан юм. Би нэрийг нь “Солиот” гэж оноосон. Тэр романаа Достоевский 28 хоногт биччихсэн гэдэг юм. Их том роман шүү дээ.
-Үнэхээр гайхалтай юм аа. Зохиолчдын хэлдгээр онгод нь л ёстой орсон юм байх даа.
-Энэ бас учиртай. Мөнгө төгрөгөөр дандаа дутуу гуцуу аж төрж байсан хүн юм билээ. Цөлөгдөж, цэрэгт явж, нийслэлд орох эрхгүй, тэр бүү хэл нэг үе зохиол бичих ч эрхгүй явсан болохоор аргагүй байх. Гэтэл жижиг сэтгүүл эрхлэн гаргадаг байсан ах нь гэнэт нас барчихжээ. Харамсалтай нь ах нь их өр ширтэй байж. Түүнийг төлж барагдуулах үүрэг мань хүнд оногдсон байгаа юм. Тэгээд ахынхаа өрийг төлөхийн тулд роман бичнэ гээд нэг хэвлэлийн газраас урьдчилгаа мөнгө авчихаж л дээ. Удаж төдөлгүй гэрээт хугацаа тулж, ганцхан сар үлдэж. Аргагүй байдалд орсон Достоевский түргэн бичээч эмэгтэйг хөлсөлж аваад романаа шууд хэлж бичүүлсэн гэдэг юм. Ингэлээ гээд энэ роман муу болоогүй. “Достоевскийн оргил гурван зохиолын нэг нь энэ” гэж Баабар хэлээд байгаа юм.
Ер нь амьдрал гэдэг сонин. Тун удалгүй нэрт зохиолч маань өөрөөсөө 25 насаар дүү, нөгөө түргэн бичээч бүсгүйтэйгээ ханилан суусан байгаа юм. Өмнөх авгай нь нас барчихсан байсан үе л дээ. Түрүүчийн эхнэрээсээ хүүхэдгүй байсан бололтой юм билээ. Харин залуу гэргий нь дөрвөн хүүхэд төрүүлсэн. Одоо ч Достоевскийн үр удам бий. Зохиолч маань Алёша гэдэг отгон хүүдээ маш их хайртай байжээ. Гэтэл тэр нь гурван настайдаа эндчихэж. Тэр хүүдээ зориулж “Карамазовын хөвүүд”-ээ бичсэн юм билээ.
-Баабарын хэлснээр Достоевскийн оргил гурван зохиолын хоёрыг нь та орчуулчихлаа. Гурав дахийг нь барьж авна биз дээ?
-”Солиот”-ыг хэлж байна уу?
-Тийм.
-Одоохондоо би орчуулна даа гэж шазуур зууж бодож чадахгүй байна. Гэвч хэн мэдэх билээ. Хожмын өдөр яаж ч “солиорох” юм билээ. Онгироод орчуулна гээд бариад авч магадгүй шүү дээ. Ний нуугүй хэлэхэд одоо бол нэлээн халгаж, халширч байна. Надад байгаа хувилбараар бол “Карамазовын хөвүүд”-ийн эх зохиол 800 гаруй хуудастай. Гэтэл “Солиот” түүнээс бараг дутахгүй, 600 гаруй хуудастай.
-Одоо хоёулаа Достоевскийгээс жаахан хөндийрье. Та М.Булгаковын “Мастер, Маргарита хоёр” романыг эх хэлнээ хөрвүүлсэн. Энэ ч бас нэлээн адармаатай зохиолын нэгд тооцогддог шүү дээ. Яагаад энэ зохиолыг орчуулахаар шийдэв, хэр бэрхшээлтэй байв?
-Булгаковыг барьж авсан нь дээр нэр дурдсан Баасанхүүтэй бас холбоотой. Тэр этгээд Оросын уран зохиолд их шимтэн дурласан хүн. Тэр л намайг ятгаж орчуулахаас аргагүй байдалд оруулсан даа.
Ер нь бол энэ зохиол хаалттай байсан. Би 1986 онд олж уншсан юм. Тухайн үед энэ номыг олж унших боломж маш хязгаарлагдмал байсан. Тэгэхэд би Москвад ажиллаж байсан юм. Тэгээд нэг танилаасаа санамсаргүй сураглатал байж таардаг юм. Орос хэлээр Францад хэвлэсэн ном байсан. Хүмүүсээс ихэд нууж уншаад буцааж өгч билээ. Тухайн үедээ орчуулна, хөрвүүлнэ гэсэн бодол ер төрөөгүй л дээ. Их л сонин зохиол санагдаж байсан.
Баасанхүүг санал тавьж байх үед би ажилгүй болчихсон байлаа. Өөрөөр хэлбэл, жаахан завтай болсон гэх үү дээ. Бас өөрчлөлт шинэчлэл болоод Булгаковыг Оросын аугаа зохиолч, “Мастер, Маргарита хоёр”-ыг зууны шилдэг зохиол гэж нэрлэж байсан. Энэ их дуулиан ч бас нөлөөгөө үзүүлсэн. Тэгээд л орчуулж эхэлсэн.
-”Мастер, Маргарита хоёр” зохиолын хоёр өөр орчуулга бараг зэрэг шахуу гарсан. Энэ нь зүгээр тохиол байв уу, аль эсвэл ямар нэг шалтгаан байсан уу?
-П.Батаа гэж орчуулагч бүр социализмын үеэс энэ романыг орчуулж эхэлсэн байсан юм билээ. Намайг тэр зохиолыг хөрвүүлж байгаа гэдгийг мань хүн мэдээд өөрийн орчуулгаа даруйхан хэвлүүлэх нь зүйтэй юм байна гэж бодсон байх. Би энэ зохиолыг орчуулж байгаа тухайгаа нэг сонинд ярилцлага өгөхдөө хэлчихсэн юм. Тиймээс “Мастер, Маргарита хоёр” романы хоёр янзын орчуулга зэрэг шахуу гарсан. П.Батаагийн орчуулга минийхээс нэг сарын өмнө хэвлэгдэн гарч байсан. Монголын уран зохиолын орчуулгын түүхэнд нэг романыг хоёр хүн орчуулж, бараг зэрэг шахуу хэвлүүлж байсан түүх үүнээс өөр байхгүй байх аа. Уран зохиолын богино хэлбэрийн бүтээл болох өгүүллэг, шүлгийг бол хоёр битгий хэл хориод хүн ч хөрвүүлсэн тохиолдол байдаг байх. Романы хувьд би Монголдоо л ганц тохиол гэж бодоод байгаа шүү.
-Ингэхэд ер нь та яагаад уран зохиолын орчуулгад шимтэх болов оо. Багын дур сонирхол байв уу, аль эсвэл өөр шалтгаан байсан хэрэг үү? Хамгийн анх ямар зохиол орчуулж байсан бэ?
-1969 оноос орчуулга оролдож эхэлсэн. “Гайхамшигт эгшин” гэдэг нэртэй, түүх хувьсгалын сэдэвтэй номыг анх орчуулсан юм. Кабардин-Балкарт хувьсгал өрнөж байсан тухай юм даа. Тиймэрхүү сэдэвтэй ном л орчуулах эрх олдож байсан. Гэхдээ бас хэн дуртай хүн орчуулга хийхгүй ээ. Шалгаж байж зөвшөөрөл өгнө шүү.
Би нэг их учиргүй уран зохиол, орчуулганд дурласан хэрэг ч биш юм. Нөгөө талаас нь харвал аж төрөхийн хэрэгцээ байлаа. Тухайн үед цалингаас гадуур, хууль ёсоор мөнгө олж болох боломжуудын нэг нь ном орчуулах байсан. 1988 онд сайд болох хүртлээ янз бүрийн сэдвийн цөөнгүй ном орчуулсан. Сайд хийсэн найман жилд нэг үг ч орчуулаагүй. Үнэхээр зав олддоггүй байсан. Сайдаа больсны дараа сайхан завтай болсон. Тэгээд орчуулга руугаа түлхүү хандсан.
-Та “Арбатын хүүхдүүд” романыг орчуулж шуугиан тарьсан. Нэлээн түргэн хугацаанд орчуулсан гэдэг байх аа.
-Москвад ажиллаж байсан үе юм. М.Горбачевын “Өөрчлөн байгуулалт” гэгч ид хүчээ авч, хаалттай, хориотой байсан номууд хэвлэгдэж, жинхэнэ дуулиан дэгдэж эхэлсэн цаг. Тэгээд би Монгол руугаа, эрх мэдэл бүхий хүмүүс рүү ярьсан юм. “Энд ийм ном гараад шуугиан болж байна. Бид үүнийг яаралтай орчуулж гаргах ёстой юм биш үү” гэж. Удалгүй зөвшөөрөл ч ирж, улмаар “Арбатын хүүхдүүд”-ийг 40000 хувиар хэвлэн гаргасан юм. Урьд нь уран зохиолын номыг ийм олон тоогоор хэвлэж байгаагүй байх шүү.
-Ф.Достоевскийн бүтээлээс та ойрдоо лав барьж авахгүй бололтой. Гэхдээ энэ нь дахиж орчуулга хийхгүй гэсэн үг биш нь мэдээж. Өөр ямар зохиол орчуулах бодолтой байна вэ?
-Би хийгээгүй юмаа ярих их дургүй. Гэхдээ төлөвлөсөн хоёр зүйл байна. “Арбатын хүүхдүүд” гурван боть роман. Би эхний хоёр ботийг нь орчуулсан. Одоо гурав дахийг нь хийх санаатай. Анатолий Рыбаков гуайг амьд сэрүүн байхад би орчуулах эрхийг өөрөөс нь авчихсан юм. Мань хүн энэ романаараа нэлээн хөрөнгөжиж, Нью-Йоркод амьдарч байгаад таалал төгссөн. Чи орчуулах эрх авч байгаа болохоор зүгээр байж болохгүй, жаахан ч болсон төлбөр төлөх ёстой гэсэн. Би хэр тааруу хэдэн цаас өгсөн л дөө.
Карл Поппер гэж хүний “Нээлттэй нийгэм, түүний дайснууд” гэж лут ном бий. Хоёр боть бүтээл. Соросын сангийн захиалгаар би эхний ботийг нь орчуулчихсан юм. Хоёр дахийг нь хийхгүй бол болохгүй гэж бодогдоод байгаа.
-Төгсгөлд нь нэг зүйл сонирхоё. Нөгөө алдартай “Коран” судрын орчуулга дууссан уу? Лав л хэвлэгдэж гараагүй байх шиг.
-Би орчуулаад захиалсан хүмүүст нь өгчихсөн. Бараг хоёр жил боллоо. Хэвлэгдээгүй л байна. Гэхдээ удахгүй гарах байх аа.
/"Өнөөдөр" сониноос авав/
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
Sain bnau? Ene yariltslaga Unuudur sonini yag yamar nomert (on, sar, udur) hevlegdsen be gedgiig medeh arga bnau? Uchir ny bi neg Dostoevskiygiin orchuulgatai holbootoi sudalgaand oruulah gesen yum... Ih bayarlalaa!
ReplyDelete