www.tulhuur.com -oos
---------------------
2010.03.19 08:45
Гуравдугаар сарын 21-н буюу ирэх ням гаригт дэлхийн яруу найргийн өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан СГЗ, яруу найрагч Г.Мэнд- Ооёотой ярилцлаа.
-Удахгүй дэлхийн яруу найргийн өдөр болно. Монголын яруу найраг, утга зохиолын хөгжил дэлхийн утга зохиолын хөгжлийн хаана нь явж байна вэ?
-Би Монголын яруу найраг, үндэснийхээ утга зохиолын өнөөгийн төвшинг өөдрөгөөр хардаг хун. Миний ойлгож, ажиглаж, дүгнэж буйгаар Монголын яруу найраг, манай утга зохиол хүн төрөлхтөний оюун сэтгэлгээ, үгийн урлал туурвилын хөгжлийн өнөөгийн төвшинтэй эн зэрэгцэх суудалтай, Харамсалтай нь хэлний бэрхшээл, мэргэжлийн орчуулгын хөгжлийн төвшинтэй холбоотойгоор гадаад ертөнцөд танигдах явц удаахан л байна. Магадгүй манай яруу найраг сайн орчуулагдаад ирвэл дэлхий нүдээ бүлтийлгэж, чихээ дэлдийлгэх болов уу.
-Монгол найрагчдаас дэлхийн хэмжээнд бичиж байгаа найрагч гэвэл та хэнийг нэрлэх вэ?
-Түрүүчийн асуултад бараг л хариулчихлаа. Д.Данзанравжаа, В.Инжинаши, Гулираис, Д.Нацагдорж, Б.Явуухулан, М.Цэдэндорж, Д.Нямсүрэн, О.Дашбалбар гээд нэлээд урт жагсаалт болно шүү. Ер нь нэг үндэсний яруу найргийг нөгөө улс үндэсний яруу найрагтай харьцуулж дээр доор нь тавих бол тийм ч зохистой үнэлэлт биш. Харин өөрийн улс үндэснийхээ оюун сэтгэлгээ, хэл соёл, дотоод ертөнцийг яруу найрагтаа хэрхэн илэрхийлж, өөрийнхөө хувь чанарыг тод томруун илэрхийлсэн тийм яруу найргийн гадаад ертөнц талархан хүлээн авна. Талархан хүлээн авч, хэвлэн нийтэлж, уншиж, бичиж байгаа явдал бол дэлхий ертөнц өнөөгийн төвшинд хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл юм даа.
-Одоо үед шүлэг бичдэггүй хүн гэж байхаа больжээ. Яруу найргийн ном ч олноор хэвлэгдэх боллоо. Үүнийг та юу гэж үзэж байна?
-Хятадад Тан Улсын үед хун болгон шахам шүлэг дуулал зохиодог байсан гэдэг. Үлдэж мөнхөрсөн нь бол Ли Бай, Дү Фү, Ван Вэй. Яагаад гэвэл энэ гурав бүхий л амьдрал хувь заяагаа зөвхөн яруу найрагт зориулж, түүний төлөө амьдарч, амь насаа яруу найрагт зольсон. Ер нь иймэрхүү түүх их бий. Манайд хүн болгон шахам шүлэг бичиж, хэвлүүлж, уншиж байгааг би муу зүйл гэж бодохгүй байна. Яруу найраг хөгжиж, өөрийн нөлөөний хүрээгээ тэлж байна гэсэн үг. Хобби маягаар ажил амьдралын дайварт бичиж байгаа нь тэгсгээд орхино, мартагдана. Амь амьдралаа зориулсан нь л үлдэнэ. Бас үүнд нэг муу тал бий. Ийм их юман дотор жинхэнэ авъяас билэг, жинхэнэ шүлэг нь анзаарагдахгүй өнгөрчих гээд байдаг. Түүнийх л анхаарах ёстой.
-Монголын зохиолчид дэлхийн яруу найргийн өдрийг угтаж ямар ажил хийж байна?
- Дэлхийн яруу найргийн өдрийг энэ жил 10 дахь удаагаа тэмдэглэж байна. Өнгөрсөн жил бид гуравдугаар сарыг үндэсний яруу найргийн cap гэж зарласан. Яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэнгүүд нээгдэж, олон газар яруу найргийн уншлага зохиогдож байна. Манай Академийн хувьд Монголын урлагийн зөвлөлтэй хамтран "Ирж буй цаг" яруу найраг уран бичлэгийн үзэсгэлэн 14 хоногийн өмнө нээсэн.
Үзэсгэлэнгийн танхим дотроо яруу найргийн уншлага, ярилцлага зохион байгуулж байна. Богд уулын оргилд яруу найрагчдын хаврын авиралт хийдэг уламжлалтай. Өнөө жил цас мөсний байдлаас болоод арай хойшлоод байгаа. Үндэсний түүхийн музейд "Зохиолчид Оюуны язгууртнууд" нэртэй сайхан үзэсгэлэнг нээлээ. Зарим их дээд сургуулиудад яруу найргийн тухай лекц уншиж байна. Дэлхийн яруу найргийн өдрийг угтсан ажил өрнүүн л байнадаа.
-Нэгэнт дотор нь бүтээж туурвиж яваагийн хувьд Монголынхоо утга зохиол, яруу найргийн ертөнцийн өчигдөр, өнөөдөр, маргаашийг ямраар харж явдгийг тань сонирхвол?
-Монголын их утга зохиол, өчигдөр ч, өнөөдөр ч, маргааш ч хүн төрөлхтөний оюун сэтгэлний оргил байгаа газарт байсаар ирсэн байх ч болно.
-Таныг "Дэлхий ээж" дуугаа англи хэл дээр орчуулан дуулуулах гэж байгаа гэсэн. Энэ ажил тань юу болсон бэ?
-Нэлээд хэдэн жилийн өмнө хөгжмийн зохиолч Р.Энхбазар авд маань Ордосын Чингисийн онгонд бид хоёрын "Дэлхий ээж" дуу цуурайтаж байгааг надад сонин болгож ярьсан юм. Дараахан нь би Хөх хотын нэг томоохон зочид буудлын гадаах усан оргилуурын дэргэдүүр Өвөр Монгол нөхөдтэйгээ аялж явлаа л даа. Гэтэл Р.Энхбазар бид хоёрын "Ээжийн бүүвэйтэй хорвоо" дууны аялгуу сонсогдох шиг боллоо. Оргилуур оргилоход чангараад, оргилуур намдахад намсаад л байх юм. Анхаарч чагнавал Хятадаар дуулж байна.
Өвөр Монгол дүү нараас энэ юу гэж байна вэ гэж асуутал "Ээжийн бүүвэйтэй хорвоо бүүвэй" гэж дуулж байна гэдэг юм байна. Ингээд бид дуугаа дэлхий нийтийн утга агуулгатай болохыг анзаарсан хэрэг. "Дэлхий ээж" дуу зохиогдсоноос хойш 30 жил өнгөрчээ. Р.Энхбазар бид хоёр "Дэлхий ээж" дууныхаа 30 жилийн ойг тэмдэглэе гэж ярьж байгаа. Гучин жил дуулагдсаар байгаа нь, утга агуулга үзэл санаа нь хуучраагүйгээр үл барам өнөөдөр улам үнэ цэнэтэй байгаа нь биднийг баярлуулсан. Тэгээд англи хэлнээ орчуулуулсан. Удахгүй англи хэлээр дуулуулж түгээхээр ажиллаж байна. Санхүүгийн дэмжлэг олдвол "Дэлхий ээж" дуундаа нэг сайхан клип хийлгэх санаа байна. Болж өгвөл дэлхийлэг тийм клип байгаасай гэж бодож байгаа.
Б.Энхжаргал
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.