Sep 10, 2010

Ханз сурвал утга тодорно

Блог нээгээд нэгэнт 2 сарыг үджээ. 8 сарын 10-нд сэтгэгдлээ бичиж үлдээсэн нэгэн зочин солонгос ханз сурах аргын тухай мэдэхийг хүсч байгаагаа бичсэн байсан. Энэ хүсэлтийн хариу болгож, бас ханз буюу дүрс үсэг сурч мэдэх хүсэлтэй хүмүүст бага ч болов нэмэр болоосой гэсэн сэтгэлээр ханзны тухай өгүүлье.

Оршил

Солонгос улсад ханз үсгийг 전문분야 서적과 교과서 мэргэжлийн салбарын ном сурах бичиг, 신문과 잡지 сонин сэтгүүлд утгын нарийн ялгааг тодруулах гэж хэрэглэдэг. Ханз сурснаар ханзаар бүтсэн 인명/한자 이름 хүний нэр, ханзаар илэрхийлсэн 전문용어 мэргэжлийн үг хэллэг, 동음이의어 ижил дуудлагатай боловч эсрэг утгатай үг хэллэг, түүнчлэн 접사 залгавар буюу 접두사 угтвар 접미사 дагаврын утгыг сайн мэддэг болж 어휘력이 풍부해진다 үгийн баялаг сайжрах болно. Тоймлон хэлвэл, солонгос хэлний ханз үсгийг сурснаар үгийн утгын ялгааг сайн ойлгож, үгийн баялаг сайжрахаас гадна япон, хятад хэл сурахад дөхөм болно.

Солонгос улс 한자어권에 속했기 때문에 ханз хэл бичигтний соёлын бүсэд хамаарагддаг учир нэгэн үе ханз үсгийг одоогийн англи хэл шиг л өргөн дэлгэр хэрэглэж, ханз мэддэг хүн мэдлэгтэйд тооцогддог байсан гэдэг. Харин эдүгээ 한글 солонгос үсэг бичгээ дээдлэх болсноор сурахад хүнд хэцүү гэгддэг ханз үсгийг сайн мэдэхгүй хүүхэд залуус олон болсон билээ. Мэргэжлийн сурах бичигт ханз үсэг хэрэглэгдлээ ч гэсэн ханз үсгийг солонгос үгийнх нь ард хаалтанд бичиж, эсвэл ханз үсгээр нь бичлээ гэхэд тухайн догол мөрийн эх юмуу дараагийн догол мөрийн эхэд солонгос үгээр нь бичих болсон тул уншиж ойлгоход харьцангуй хялбар болсон гэж үзэж болно. 북한 Хойд Солонгост харин нийтээр ханз хэрэглэж бичдэггүй нь солонгос бичиг үсгээ цэвэр байлгах гэсэн оролдлоготой холбоотой гэдэг. Хойд Солонгосын удирдагч нэг үе ханз огт сурахгүй байх тушаал гарсан боловч энэ нь үндэсний соёл, үүх түүхээсээ холдоход хүргэж болзошгүйг ухаарч хэдэн жилийн дараа дахин сурахыг нь зөвшөөрсөн гэж би нэг багшаасаа сонссон удаатай.

Ханз угаасаа 표의문자 утга илэрхийлэх үсэг учир 표음문자 авиа илэрхийлэх үсгээс давуу талтай боловч сурахад ялимгүй төвөгтэйд тооцогддог. Гэвч үй түмэн 중국인 хятад хүн, өч төчнөөн 일본인 япон хүн, чамлахааргүй олон 한국 지성인 солонгос сэхээтэн ханз үсэг сураад хэрэглээд болоод байгаа билээ. Товчхондоо тэд аргыг нь олж айхтар уйгагүй үзсэний хүчинд сайн сурдаг.

Ханз үсгийн гарал үүслийн хувьд нүдэнд харагдах юмс үзэгдлийг дүрслэн тэмдэглэснээс эхэлсэн. 한자 Ханз үсэг, 한문 ханз бичиг хоёр өөрийг мэдэх хэрэгтэй. Ханз үсэг нь зөвхөн үсгийг хэлдэг бол ханз бичиг нь 한자로 쓴 글 ханзаар бичсэн бичвэрийг хэлдэг. Ханз бичгээс анхаарах зүйл гэвэл эртний бүтээл туурвил голдуу босоогоор хойноос урагш чиглэлтэй бичигдсэн байдаг. Тиймээс 서예 бийрийн уран бичлэгт 한시 ханз шүлгийг дээрээс доош, хойноос урагш унших хэрэгтэйг санаарай.

한자가 만들어진 원리 - 六書(육서)
Ханз үсэг бүтээгдсэн үндсэн зургаан зарчим


1. Дүрс үсэг 象形文字(상형문자) - Эд юмсын дүрсийг дуурайлган зохиосон
예) 山, 木, 日, 月, 川, 人, 門, 魚
Жишээ: уул, мод, нар, сар, горхи, хүн, хаалга, загас

2. Заах үсэг 指事文字(지사) – Дүрсээр илэрхийлж болохгүй ойлголтыг цэг, зураас, тэмдэглэгээ зэргээр илэрхийлсэн
예) 上, 下, 一, 二
жишээ: дээр, доор, нэг, хоёр

3. Нийлмэл үсэг 會意文字(회의) – Нэгэнт зохиосон үсгийг нийлүүлж шинэ ханз бүтээн утга ба утгын нийлбэрээр зохиосон
예) 日+月= 明 , 木+木= 林 , 人+木=休 , 女+子=好.
Жишээ: нар+сар=гэрэлтэй, мод+мод=ой, хүн+мод=амрах, эмэгтэй+хүү=сайн

4. Хавсарсан үсэг 形聲文字(형성) – Хоёр өөр ханзны утга ба дуудлага хавсарч зохиосон
예) 言+靑 = 請 청할 청. 言+己=記 기록할 기. 門+口=問 물을 문
Жишээ: утга+дуудлага=хүсэх, утга+дуудлага=тэмдэглэх, дуудлага+утга=асуух

5. Утга шилжсэн үсэг 轉注文字(전주) – Нэгэнт зохиогдсон үндсэн утга баяжиж огт өөр утга, дуудлагатай болсон
예) 樂 본래= 풍류 악 / 전주= 즐길락, 좋아할 요. 惡 악할 악/ 미울 오.
Жишээ: хөгжим гэсэн үндсэн утгаас хөгжих, дуртай гэсэн утга, хорон муу гэсэн үндсэн утгаас үзэн ядах гэсэн утга үүссэн.

6. Дуудлага зээлсэн үсэг 假借文字(가차) – утга тэмдэглэх үсэг учир бусад улсын авиаг тэмдэглэх боломжгүйгээс үндсэн утгатай хамааралгүй зөвхөн дуудлага ижил бол өөр утгаар хэрэглэх болсон.
예) Asia 아시아 亞細亞, America 아메리카 美國,
жишээ: Ази, Америк

Сурах арга

Юуны өмнө ханз үсгийн толь бичиг сайн хэрэглэж сураарай. Ханз сурах хамгийн сайн арга бол хуулж бичих арга мөн. Оюутан байхдаа хэрэглэдэг байсан аргаа танилцуулъя. Шинээр сурч байгаа ханзыг бүтэн нүүр бичих тохиолдол байдаг ч 기억력이 좋으면 ой тогтоолт сайн бол 세 줄 гурван мөр бичихэд хангалттай. Гурван мөр бичихдээ эхний мөрөнд үсгийн 획순 зурлагын дэс дарааг анхаарч баримтлан, хоёр дахь мөрөнд 발음 дуудлагыг нь хэлэнгээ, гурав дахь мөрөнд 뜻/의미 утгыг нь санангаа бичвэл их зүгээр санагддаг.

Зурлагын дэс дараа буюу 필순 бичих дэс дарааг тогтоох нь зөв сайхан бичихэд, таталж түргэн бичсэнийг тайлж уншихад, мөн мэдэхгүй ханзаа толь бичгээс 총획순으로 нийт зурлагын тоогоор хайхад хэрэгтэй. Бичих дэс дараа ерөнхийдөө дээрээс доош, зүүнээс баруун гар тийш байдаг. Мэдээж өөр олон дэс дараа бий. Дуудлагын хувьд ерөнхийдөө нэг ханз нэг л дуудлагатай байх боловч, ижил дуудлагатай үг маш олон байдаг. Зарим ханз хоёроос гурван дуудлагатай байх нь бий. Ханзыг бичиж чадахгүй ч гэсэн бичлэгийг нь нүдлээд утгыг нь мэдээд авбал үгийн утга, бүтээврийг сайн ялгаж салгахад тустай.
Дараагийн нэг чухал зүйл бол 부수 түлхүүр үгийг тогтоох. Үндсэн хоёр зуугаад түлхүүр үгийг тогтоочихвол бусад ханз үгийн түгжээг амархан тайлна гэсэн үг. Хичээн суралцаарай.

Хэрэгтэй ном сурах бичиг

Нэн тэргүүнд 옥편 ханзны толь бичигтэй болох хэрэгтэй. Бага сургуулийнхан, оюутан, шалгалтанд бэлдэж байгаа иргэд гээд янз бүрийн насны янз бүрийн хүмүүст зориулсан толь бичиг, сурах бичиг байдаг ч 민중서림 출판사 Минжүн Сорим хэвлэлийн компаний 활용옥편 хэрэглээний ханзны толь бичгийг санал болгоё. Ер нь энэ хэвлэлийн компани дан толь бичиг хэвлэдэг. Энэ толь бичигт дунд ахлах сургуульд үздэг 1800 ханз, 한자숙어 ханз хэлц үг, орчин үеийн 중국간체자 хятадын хялбаршуулсан ханз, 인명용 한자 хүний нэрэнд хэрэглэгддэг ханз зэргийг оруулсан байдаг. Зурлагаар, дуудлагаар, түлхүүр үсгээр хайх боломжтой.

Солонгост хэвлэгдсэн ханзны сурах бичгүүдээс 이래현 И Рэхёний 꼬불꼬불 한자 쉽게 끝내기 Мушгиран тахиралдсан ханз үсгийг хялбар сурах нь гэдэг нэртэй сурах бичгийг санал болгож байна. 키출판사 Ки хэвлэлийн газрынх. 부수 214자를 기본으로 만든 교재 214 түлхүүр үгээр ханз сурах бичиг. Энэ сурах бичигт бүх ханзны үндсэн зарчмыг ашиглаж хамгийн түгээмэл хэрэглэгддэг ханз үгүүдийг утгаар нь холбож тогтоох шинэ аргыг танилцуулсан байдаг бөгөөд энэ арга нь патент авсан бүтээл юм.

Мөн солонгост хэрэглэдэг ханзыг нүдлэхэд чинь тустай нэг номыг танилцуулъя. (외국인을 위한) 한자 학습 : 요모조모 한국 읽기. (Гадаад хүнд зориулсан) Ханз сурах бичиг : Солонгос тухай ханзаар уншъя. Зохиогч 배규범 Бэ Гюүбом, хэвлэлийн компани 보고사 Бугуса.

Эцэст нь хэлэхэд солонгос хэлээр бүтээгдсэн 한글2007 Солонгос үсэг бичгийн программыг ашигладаг бол ханз сурахдаа ч ашиглаж болно шүү. Хоёр товчлуурыг сайн тогтоогоорой. Нэг нь F9 нөгөө нь F12. Дээрх программ дээр солонгосоор буюу солонгос ханзаар бичсэн бичвэрийг ханз үгийн ард курсор буюу заах сумыг аваачиж нэг товшоод F9 товчлуурыг дарахад уг үгийн ханз нь гарч ирнэ. Ханзаар шууд орлуулах юмуу, ханзыг хаалтанд, эсвэл уг үгээ хаалтанд бичигдэхээр тохируулж болно. Ханзны утгыг толь бичгээс харж, байхгүй ханзыг нэмж оруулж болно. Программыг хэрэглэж байхдаа F12 товч дарвал 한컴사전 солонгос хэлний цахим толь бичиг гарч ирнэ.

Утгыг тайлах нүд тань нээгдэж, үгийн баялаг тань арвижих болтугай.

3 comments:

  1. Anonymous10/9/10 17:42

    Ханз угаасаа 표의문자 утга илэрхийлэх үсэг учир 표음문자 авиа илэрхийлэх үсгээс давуу талтай. Яг юугаар давуу талтай гэж?

    ReplyDelete
  2. Тэвчээртэй уншсанд, бас асуулт тавьсанд баярлалаа. Утга илэрхийлэх үсэг нь утга илэрхийлэхдээ давуу, авиа тэмдэглэх үсэг нь авиаг тэмдэглэхдээ илүү гэсэн үг. Сул тал нь гэвэл эсрэгээрээ. Өөр нэг харьцуулалт бий. Утга илэрхийлэх үсгийг сурахад хэцүү, авиа тэмдэглэх үсгийг сурахад амар байдаг.

    Хангалтгүй санагдах вий гэсэндээ судлаачийн арай тодорхой тайлбарыг сийрүүллээ.

    Утга илэрхийлэх үсгийн сул тал
    - Үсэг бүр утга илэрхийлдэг учир үсгийн тоо олон.
    - Үсгийн тоо олон учир сурахад их цаг шаардагдана.
    - Шинэ утгад дасан зохицох чадвар муу.
    - Нэг үсэг олон утга илэрхийлэх тохиолдол багагүй учир утга эндүүрэгдэх нь бий.

    Утга илэрхийлэх үсгийн давуу тал
    - Утга илэрхийлэхдээ давуу.
    - Авиа тэмдэглэх үсгийг бодвол нүд бага ядраадаг.
    - Үсгийг судалж мэдлэг олж авах боломжтой.
    - Хэлбэр дүрс төвөгтэй байдаг нь харин ч урлагийн бүтээл болгох буюу бийрэн бичлэгээр бичихэд илүү тохиромжтой байдаг.

    ReplyDelete
  3. Sain yumaa

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...