Sep 15, 2010

Дурлал гэж тэмцээн, тэмцээнд ялагч ганц л байдаг. А-М

Даяар Монголоос
----------------
2010 оны 5-р сарын 09, Ням гариг, 13:09

ХИТ ДУУГ ХЭЛЭЭРЭЭ ДУУЛЪЯ- 4



Энэ удаад домогт АББА хамтлагийн Super Trouper цомгоос The Winner Takes It All дууг сонголоо. Сайхан аялгуунаас гадна хамгийн гол нь олон хүний зүрхэнд хүрсэн, гуниглангуй, хийц сайтай үгтэй учраас АББА-гийн бүх дуунаас шилдэг нь гэж дүгнэх хүн олон. Товчхондоо бол салж байгаа залуу хосын тухай дуу юм. Ингэхдээ хайр дурлалыг тэмцээн, хөзрийн тоглоомтой зүйрлэн, эцэст нь ялагч ганцхан байдаг, тэр нь бүгдийг хождог гэсэн маягаар өгүүлсэн нь өвөрмөц шүлэглэл болсон байна.

АББА-гийн дөрвийг хоёр хоёроороо хос байсан гэдгийг бүгд мэдэх байх. АББА гэсэн нэр нь ч тэр дөрвийн нэрний эхний үсгүүд. Бёрн, Агнета хоёр нь хамтлаг байгуулагдахаас өмнө гэрлэсэн байсан бол Бенни, Анни-Фрид хоёр нь хамт дуулж байхдаа суусан хоёр. Харамсалтай нь хоёр гэр бүл аль аль нь сүүлдээ салсан, энэ дуу яг салцгаасных нь дараа зохиогдсон болохоороо шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлд бүр ч гүнзгий хүрсэн ажээ.

Дөнгөж салсан Бёрн дууны ая үгийг нь зохиогоод гэргий нь асан Агнета түүнийг нь дуулна гэдэг дууг улам амь оруулж, хурцалж байна гэсэн үг. Бёрн гэхдээ сүүлд өгсөн нэг ярилцлагадаа “Энэ дуу бол бид хоёрын тухай биш ээ. Бид хоёрыг салахад ялагч ялагдагч гэж байгаагүй. Зүгээр л зохиомол дуу” гэсэн байдаг. Яруу найрагчдад бүтэлгүй хайрын тухай шүлэг олон байдаг, ихэнх нь зохиомол зүйл гэдэг боловч цаана нь нэг юм байгаад л байдаг даа…

Ингээд дууныхаа үгийг авч үзье.

I don't wanna talk
About the things we've gone through
Though it's hurting me
Now it's history

“Үзэж өнгөрөөсөн бүх зүйлийнхээ тухай ярихыг би хүсэхгүй байна. Хэдийгээр намайг зовоосоор байгаа ч тэр бүгд түүх болон үлдэнэ”.

I've played all my cards
And that's what you've done too
Nothing more to say
No more ace to play

Энэ хэсэгт хайр дурлалыг хөзрийн тоглоомтой зүйрлэж байна:

“Би бүх “хөзрөө” тавиад дууссан (өөрөөр хэлбэл чамайгаа авч үлдэж чадах бүх аргаа хэрэглэж дууссан), чамд ч бас юм үлдээгүй. Хэлэх үг ч үлдээгүй, тоглох тамга ч байхгүй”. (тамга хамгийн чухал хөзөр болохыг сана.)

The winner takes it all
The loser standing small
Beside the victory
That's her destiny

Дахилт хэсэгт “Ялагч нь бүгдийг хожно, ялагдагч нь хоосон хоцорно, Энэ бол зүгээр нэг ялалтаас гадна бас хувь тавилан юм аа” хэмээж байна.

I was in your arms
Thinking I belonged there
I figured it made sense
Building me a fence

“Би чиний гарт (тэврүүлж) байсан, тэнд л байх ёстой гэж бодож байсан. Шууд утгаараа бол чиний гараар, өөрөөр хэлбэл чиний хайраар өөртөө хашаа босгоод, бүх юмыг болж байна л гэж бодож байлаа”

Building me a home
Thinking I'd be strong there
But I was a fool
Playing by the rules

“Тэрийгээ гэр болгочхоод, тэндээ байхдаа өөрийгөө хүчтэй гэж бодож байлаа. Гэхдээ би тэнэг байжээ, яг дүрмээр нь тогложээ”. Энэ хэсэгт ахиад л хайрыг тоглоомтой зүйрлэж, булхайцаж, хүний хүнийг булааж тоглосон нь ч хожиж болох юм гэсэн санааг гаргасан байна.

The gods may throw a dice
Their minds as cold as ice
And someone way down here
Loses someone dear

Хайр дурлал гэж айхтар тоглоом заримдаа бурхан тэнгэрийн эрхээр ч өрнөж мэднэ. Зөвхөн оролцогчид биш хувь тавилан, бурханы төөрөгамьдралыг шийдчихэж болно гэсэн санааг одоо гаргаж байна. Ингэхдээ “Бурхад ч шоо хаяж мэднэ (мөрийтэй тоглоомын шоо), тэдний сэтгэл гэж мөс шиг хүйтэн. Тэдний тоглоом, шидсэн шооны аясаар тэр доор хэн нэг нь хайртыгаа алдаж л байдаг” хэмээжээ.

The winner takes it all
The loser has to fall
It's simple and it's plain
Why should I complain.

“Ялагч бүгдийг хожно, ялагдсан нь хоосон хоцорно. Энэ бол маш амархан, энгийн юм, би юундаа ч гомдол тавих вэ дээ”
Жаахан уужуу сэтгэж “болдог л юм боллоо, уйлах огт хэрэггүй” гэж хэлж байгаа боловч эмэгтэй хүний хартай гэх үү, сониуч гэх үү, харууссан сэтгэлээр, бас дотроо гомдолтойгоор дараах бадгийн асуултыг тавьж байна.

But tell me does she kiss
Like I used to kiss you?
Does it feel the same
When she calls your name?

“Тэр хүүхэн чинь тэгээд яг миний чамайг үнсдэг байсан шиг үнсдэг үү? Чамайг нэрээр чинь дуудахаар яг миний дууддаг байсан шиг мэдрэмж төрдөг үү?”

Somewhere deep inside
You must know I miss you
But what can I say
Rules must be obeyed

“Өөрийг чинь санаж байгааг минь зүрх сэтгэлийнхээ гүнд хаа нэгтээ чи мэдэж л байгаа. Гэхдээ би юугаа ч хэлэх вэ дээ, тоглоомын дүрмийг дагах ёстой” (Бүсгүй, хэдий дүрэм дагаж явсаар байж хожигдсон боловч одоо хүртэл дүрмээ баримталсан хэвээр л байна)

The judges will decide
The likes of me abide
Spectators of the show
Always staying low

“Тоглолтыг шүүгчид шийднэ, харин над мэтийнх нь бол тэрийг нь дагана. Үзэгчид бол тэмцээнд ямар ч нөлөөгүй”

The game is on again
A lover or a friend
A big thing or a small
The winner takes it all

“Тоглолт дахиад эхэллээ. Хайрт чинь ч бай, амраг чинь ч бай, том бооцоо ч бай, бага ч бай, ерөөсөө бүгдийг ялагч л хүртэнэ”

I don't wanna talk
If it makes you feel sad
And I understand
You've come to shake my hand

“Чамд уйтгартай, гунигтай байвал би яримааргүй байна. Чи гар барих л гэж ирсэн, би тэрийг чинь ч ойлгосон”

I apologize
If it makes you feel bad
Seeing me so tense
No self-confidence

“Сэтгэлийг чинь өвтгөсөн бол би чамаас уучлал эрье. Намайг харах хэцүү байгаа, өөртөө ч итгэлгүй байгаа, чи”

Дууны үгийг Бёрн халамцуу зохиосон гэх юм билээ. Хажуудаа нэг шил бранди тавьж байгаад бичиж эхэлсэн гэнэ. Дөнгөж саяхан, 2010 оны 3 сарын 26-нд Лондон Таймс-т өгсөн ярилцлагадаа мань эр “Ер нь дуу согтуу зохионо гэдэг бол сайн зүйл яавч биш. Гэхдээ тэр тохиолдолд яагаад ч юм тэгээд л таарчихсан юм. Яг “the Gods may throw a dice” гэсэн мөрийг бичих үед лонх хоосорсон байлаа” гэсэн байна.

За ингээд дуугаа шүлгийн хэмнэлд оруулан, бас монголоор дуулж болохуйц темпээр нь орчуулахыг оролдъё.

Ялсан нь бүгдийг хожно.

Өнгөрсөн бүгдийн тухай
Өнөөдөр би яримааргүй л байна
Өрийг минь өвтгөсөөр ч
Өдгөө түүх болон үлдэнэ
Ялахын тулд бүхнээ би тавьсан
Ялгаагүй чиний хөзөр ч бас дууссан
Үглэе ээ үг нь олдсонгүй
Тоглоё оо түүз нь үлдсэнгүй

Ганц нь л хождог тоглоомд
Нөгөө нь хоосон хоцорно
Гашуун ялагдлаас гадна
Тавилан гэдэг нь тэр

Тэвэрт чинь би зогсохдоо
Тэндээ л үүрд байна гэж бодсон
Хана хэрэм өөртөө босгоод
Хайрыг утгатай гэж төсөөлсөн
Санаандаа гэр барьчихаад
Сайхан амьдарна гэж мөрөөдсөн
Томоогүй ч явж дээ би
Тоглохдоо дүрмийг нь яг дагажээ.

Тэнгэр бурхад ч тоглож мэднэ
Тэдний сэтгэл яг л мөс шиг
Тээр дор хайртыгаа алдах
Тэнэгхэн нэгнийг ч үл өршөөнө

Ганц нь л хождог тоглоомд
Азгүй нь хоосон үлдэнэ
Гайхаж харуусаад ч яах вэ
Амьдралын үнэн тэр юм

Нээрэн, тэр чинь чамайг
Яг над шиг үнсдэг үү?
Нэрээр чинь дуудах нь хүртэл
Ялгаагүй санагддаг уу?
Дэндүү их санадгийг минь
Дотроо чи мэддэг л байх
Дэнсэлж догдлоод ч яах вэ дээ
Дүрмээрээ л тоглох хэрэгтэй

Тэмцээнийг шүүгчид л шийднэ
Тэрийг нь бид дагана
Тэртээгээс үзэгчид ширтэнэ
Тэдэнд оролцох эрх үгүй
Ахиад л тоглоом эхэлнэ
Амрагийг чинь ч бай, андыг чинь ч бай
Агуу их ч бай, өчүүхэн бага ч бай
Азтай нь бүгдийг хожно
Уйг чинь сэдрээгээд байвал
Үглэхээ би больё доо
Угаасаа би ойлгосон
Гар барих л гэж ирснийг чинь
Зүрх чинь хөндүүрлэсэн бол
Намайгаа чи уучлаарай
Зүсийг минь харах хэцүү байгаа
Чамайгаа би ойлгоноо


Шүлгийн ерөнхий санаа нь манай Нямбуугийн Нямдорж гуайн нэг шүлэгтэй төстэй ч юм шиг:

Онцын хөөрхөн хүүхэн гэдэг
Зүрхний их хулгайч юм
Олон эрсийг шаналгах
Сэтгэлийн тулааны талбар юм
Энгүй сайхан түүнд
Зyyн зүрх тэмүүлж
Эцэс хойно нь болоход
Ерэн ес нь шархалдаг юм

Яг л үүнтэй адил хайр дурлал гэж тэмцээнд хэчнээн сайн тоглоод ч ялаагүй л бол хоёр, гуравдугаар байр, мөнгө, хүрэл медаль гэж байхгүй гэж АББА дуулаад байна уу?

Дуугаа доорх линкээр орж сонсоно уу?

http://www.youtube.com/watch?v=92cwKCU8Z5c

Монголоор нь хэн нэг дуучин дуулчихвал уг нь боломжийн санагдаад байгаа юм. Учир нь дэлхийн нэлээд улсын дуучид өөрсдийн хэлээр дуулсан байгаа. Заримаас нь сонирхуулбал:

Францын нэрт дуучин, та бүгдийн сайн танил Мирей Матье франц хэлээр дуулсан байна:

http://www.youtube.com/watch?v=CfvlvERuqm4

Чехийн дуучин Хелена Вондрачкова чех хэлээрээ дуулсныг доорх линкээс сонирхоно уу.

http://www.youtube.com/watch?v=SoJYjcpj-Gc

Испани хэлээр харин эрэгтэй дуучин (Pedro Fernandez) дуулсан нь өвөрмөц болж.

http://www.youtube.com/watch?v=VCbdjdAh7AA&feature=related

Польш хэлээр харин нэг иймэрхүү:

http://www.youtube.com/watch?v=-lIJ5Fyu0SE

Финландын Ражатон гэж хамтлаг Лати симфони оркестртой дуулсан нь үнэхээр гоё, чадамгай. Гэхдээ фин хэлээр биш англиар нь дуулсан л даа:

http://www.youtube.com/watch?v=YQ4pvbviHjE

Австралийн эгч дүү дуэт, монголчуудын сайн мэдэх Кайли Миног, Данни Миног хоёр бас дуулсныг сонсоно уу?

http://www.youtube.com/watch?v=VOwCU4dxVEk

Мягмарын Саруул-Эрдэнэ (saruulerdene@yahoo.com)

1 comment:

  1. Anonymous15/9/10 10:42

    angli, ispani hoyor byryy hayag bn.
    angliinh n
    http://www.youtube.com/watch?v=5dP2_yjFE3w&feature=rec-LGOUT-real_rev-rn-1r-30-HM
    esvel youtube.com-oos winner takes it all gej biceed haihad bolno.
    ispani hel medehgui bolohoor ispani hyvilbariig olj cadsangui.

    mongolia

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...