Sep 1, 2010

Санаа бүхэн бүтээл биш

http://www.mongolia800.mn/24tsag/2008/04/25/11968

Зууны Мэдээ
2008/04/25 - 10:23, Баасан гараг Иргэдийн ихэвчлэн сонирхдог оюуны өмчтэй холбоотой асуултын хариуг тоймлон хүргэж байна.

- Номын нэр, зар сурталчилгааны уриа бүтээлд тооцогдох уу?
- Зарим тохиолдолд, тухайн зүйл нь зохиогчийн эрхийн объект мөн эсэхийг тодорхойлох нь амаргүй байдаг. Yүнд номын нэр, зар сурталчилгааны хуулбар, шрифт, төсөв зураг, загвар гэх мэт орно. Тэдгээрийн ихэнх нь зохиогчийн эрхээр хамгаалагддаггүй хэдий ч “бүтээл” гэдгийг тодорхойлох шалгуураар авч үзэхээр тэдгээр нь дан ганц илэрхийллийн хэлбэр бус харин оюун бодол, сэтгэл санааны өвөрмөц, бүтээлч илэрхийлэл байх нь олонтаа.

- Аливаа санааг зохиогчийн эрхээр хамгаалах уу?
- Таны оюун ухаанд гэнэт орж ирсэн санаа нь ямар ч агуу байсан “бүтээл” гэж тооцогдохгүй учраас зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй. Харин тухайн санааг тайлбарласан бичлэг, эсвэл ном “бүтээл” болох юм.

- Зарим зүйл бүтээл мөн боловч хуулиар хамгаалагдахгүй байх тохиолдол бий юу?
- Бүтээлийг зохиогчийн эрхээр зөвхөн тодорхой хугацаанд хамгаалдаг. Тухайн зохиогчийн эрхийн хугацаа нь дууссан тохиолдолд бүтээл нь хамгаалагдахгүй гэсэн үг. Хэдийгээр бүтээл нь хувь хүн бүтээсэн соёлын холбогдолтой өмч боловч түүнийг олон тооны хүн ашигладаг учир бүтээл нь мөн л нийгэмд хамааралтай байдаг. Yүний цаад учир нь тодорхой хугацаа өнгөрсний дараагаар нийгэм бүхэлдээ уг бүтээлийг үнэ төлбөргүй ашиглах боломжтой болно. Энэ маягаар зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацаа нь дууссан бүтээлүүд нийтийн “эзэмшилд” шилждэг. Yүний хажуугаар Япон, Солонгос, Хятад болон бусад оронд хууль, тогтоол, шүүхийн шийдвэр гэх мэт нийтийн эрх зүйн шинжтэй баримт бичгийг зохиогчийн эрхээр хамгаалдаггүй.

- Вэб хуудасны зохиогчийн эрхийн тухайд...
- Хувь хүн, эсвэл аль нэг компанийн хийсэн вэб хуудас нь бүтээлч үйл ажиллагааны илэрхийлэл байх тохиолдолд бүтээл гэж тооцно. Тийм ч учраас вэб хуудас бүтээх, эсвэл түүнийг ашиглахдаа зохиогчийн эд хөрөнгийн болон эдийн бус эрхийг зөрчихгүй байхад онцгой анхаарах шаардлагатай. Мөн зарим вэб хуудсанд өөр нэг бие даасан бүтээл агуулагдаж байж болзошгүй. Ийм тохиолдолд, сэтгүүл дээр тавигдсан зураг, гэрэл зургийн адилаар тухайн бүтээлийн зохиогчийн эрхийг нь хүчинтэйд тооцдог. Бас нэг чухал зүйл бол өөрөө, эсвэл өөр хүнээр захиалгаар вэб хуудас хийлгэж байгаа тохиолдолд зохиогчийн эрх эзэмшигч нь хэн байхыг тодорхой шийдвэрлэх хэрэгтэй.

- Хамтын бүтээл гэж юу вэ?
- Хамтын бүтээл гэж хэд хэдэн зохиогчид хамтарч бүтээсэн төдийгүй тухайн бүтээлийг салгаж, тус тусад нь ашиглах боломжгүй бүтээлийг хэлнэ. Хамтын бүтээлийн зохиогчийн эрхийг бүх зохиогч эдлэх бөгөөд бүгд үүнийг зөвшөөрөх шаардлагатай.

- Номын чимэглэл зураг, уг номын агуулга нь хоёр өөр зохиогчтой байх тохиолдолд яах вэ?
- Энэ тохиолдолд тухайн номыг хамтын бүтээл гэж тооцохгүй бол чимэглэл зураг нь дүрслэх урлагийн бүтээл, харин агуулга нь утга зохиолын бүтээлд тооцогдож, тус тусын зохиогчид өөр өөрийн бүтээлийн хувьд зохиогчийн эрх эдэлнэ.

- Ардын үлгэр нь зохиогчийн эрхийн объект мөн үү?
- Ерөнхий зарчмын хувьд олонд түгсэн үлгэр, домог гэх мэт нь зохиогчийн эрхийн хугацаа хэдийнэ хэтэрсэн гэж үзнэ.
Харин тухайн үлгэрийн ихэнх хэсгийг тухайн аль нэг нутгийн үлгэрч зохиосон бол энэ нь хуулиар хамгаалагдах бүтээлд тооцогдож болох юм. Yлгэрийн үндсэн хэсгийг хэвээр үлдээж, зарим үл ялиг зүйлийг нэмсэн, эсвэл хассан тохиолдолд үүнийг шинээр бий болгосон бүтээл гэж үзэхгүй. Yүний адил хэн нэгэн этгээд тухайн үлгэрийг сонсоод цаасан дээр буулгасан бол тухайн бүтээлийг түүний бүтээл гэж тооцохгүй. Өмнө байсан үлгэрийн гол хэсгийг үндэс болгоод олон төрлийн шинэ зүйлийг нэмж өөр үлгэр болгосон бол шинэ бүтээлч агуулгатай гэж үзэн түүнийг шинээр бий болгосон бүтээлд тооцно.

- Хэн зохиогч байж болох вэ?
- Хүүхэд, сонирхогч ер нь хэн байхаас үл хамааран “бүтээл” туурвисан ямар ч этгээд зохиогч болж болно. Бүтээл нь тухайн хүний оюуны бүтээлч үйл ажиллагааны илэрхийлэл мөн бол чанар нь сайн, эсвэл муу байх нь төдийлөн хамаагүй юм.

- Орчуулгын эрхийг хэн эдлэх вэ?
- Орчуулгын эрхийг хэвлэх эрхэд хамааруулдаг учраас олон хумүүс орчуулгын эрхийг хэвлэлийн байгууллага эдэлдэг хэмээн төөрөгдөж байдаг. Хэвлэлийн эрх гэж эх бичвэрийг химийн, эсвэл механик аргаар хэвлэх, хуулбарлах эрхийг хэлдэг. Энэхүү эрхэд тухайн бүтээлийг аль нэгэн гадаад хэл рүү орчуулах эрх хамаарахгүй. Хэрэв хэвлэлийн байгууллага тухайн бүтээлийг өөр гадаад хэл дээр хэвлэх сонирхолтой байгаа тохиолдолд орчуулгын эрхийг тусгасан гэрээ байгуулах шаардлагатай болно. Ийнхүү гэрээг байгуулахдаа уг эрхийг хянахаас гадна түүнийг хэрэгжүүлэхэд ямар үйлдэл, мөн нөхөн төлбөр хийх эсэх тухай тусгана.


- Олон улсын гэрээнд нэгдэн ороогүй улсуудын хувьд яах вэ?
- Юуны өмнө олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийн жагсаалтыг үзэж, таны өөрийн орон ямар гэрээнд нэгдэн орсон байдгийг мэдэх нь зүйтэй. Эдгээр гэрээний алинд нь ч нэгдэн ороогүй орны бүтээлийг хамгаалах ямар нэгэн үүрэг байхгүй. Тэгсэн хэдий ч нэгдэн ороогүй улсын бүтээлийг аль нэгэн олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орсон улсад анх нийтэлсэн, нийтийн хүртээл болгосон тохиолдолд түүнийг хамгаалах үүрэг хүлээнэ. Хэдийгээр энэхүү гэрээнүүдэд нэгдэн ороогүй боловч Дэлхийн Худалдааны Байгууллагыг байгуулах тухай Марракешийн Хэлэлцээрийн нэг хэсэг болох ТР1Р5 хэлэлцээрийн гишүүн бол зохиогчийн эрхийг хамгаалах үүрэг хүлээнэ.

- Эх сурвалжийг нэрлэхийн ач холбогдол юу вэ?
- Эх сурвалжийг нэрлэнэ гэдэг нь ямар зохиогчийн бүтээлээс иш татаж байгааг тодорхойлж байгаа гэсэн үг юм. Тухайн хуулбарлаж байгаа, эсвэл ашиглаж байгаа хэлбэрт тохируулан бүтээлийн нэр, зохиогчийн нэр, хэвлэлийн байгууллага зэргийг тодорхой зааж өгөх шаардлагатай.


- Ишлэлийг тоймлож, эсвэл орчуулж болох уу?
- Зарчмын хувьд зөвшөөрөх боловч тухайн ишлэлийн утга санааг буруугаар тоймлох, эсвэл буруу орчуулах нь зохиогчийн эд хөрөнгийн бус эрхийг хөндөж болзошгүй байдгийг анхаарах нь зүйтэй.


- Ишлэлийг шүүмжлэх, гуйвуулах тухайд...
- Мэдээжийн хэрэг шүүмжлэх зорилгоор ишлэлийг хэрэглэж болох боловч агуулгыг нь санаатайгаар гуйвуулж, энэ нь зохиогчийн санаатай зөрөлдөх тохиолдолд зохиогчийн эд хөрөнгийн бус эрхийг зөрчсөн гэж үзэх аюултай.

- Гэрэл зургийн хувьд...
- Энэ тохиолдолд хамгийн чухал нь аливаа бүтээлээс иш татах нөхцлийг хангаж байгаа эсэхэд оршино. Жишээлбэл, бүтээлд гардаг гэдэг утгаар нь хэн нэгний хөрөг зургийг авч хэрэглэх нь (А-г бүтээхийн тулд Б-гээс иш татах зайлшгүй шаардлагатай байх) нөхцлийг хангахгүй учраас ийм байдлаар ашиглахыг зөвшөөрдөггүй.

- Уран зургийн цуглуулга агуулсан ном, үзэсгэлэнгийн зурагт каталогийг “ишлэл” гэж үзэх үү?
- Зохиогчийн эрхийн хуулийн дагуу “гарын авлага” гэдгийг энгийн товхимол гэж ойлгодог. Арилжааны зориулалттай үзэсгэлэнгийн каталог, зурагт хуудас, ил захидал зэрэг номын хэлбэрт зургийн цуглуулгыг оруулсныг “ишлэл” бус харин хуулбарласан гэж үзнэ. Тийм ч учраас ийм байдлаар ашиглах нь хуулбарлах эрхийн объект болно. Yүнийг тайлбарлсан шүүхийн шийдвэрүүд бий.

- Зар сурталчилгаанд ашигласан гэрэл зураг, хэллэг нь “ишлэл” мөн үү. Зар сурталчилгаанд хэн нэгэн этгээдийн гэрэл зураг, чимэглэлийн зураг, хэлсэн үгийг ашиглах боломжтой юу?
- Бараг бүх тохиолдолд энэхүү ашиглалт нь бүтээлээс иш татах нөхцлийг хангахгүй учраас зөвшөөрөл авах шаардлагатай байдаг.

- Вэб хуудаснаас “иш” татах тохиолдолд яах вэ?
- Вэб хуудас бол бүтээл юм. Вэб хуудсанд үнэгүй холбогдохоор байсан ч вэб хуудас нь зохиогчийн эрхийн объект болдог. Тиймээс вэб хуудсыг ашиглахын тулд зөвшөөрөл авах шаардлагатай. Зарим тохиолдолд вэб хуудсанд ашиглагдсан гэрэл зураг, чимэглэлийн зураг өөр зохиогчийн эрхийн объект байж болзошгүй. Эдгээр зургийг ашиглахдаа вэб хуудасны зохиогчийн эрх эзэмшигчээс авсан зөвшөөрөл нь албан ёсны зөвшөөрөл гэж тооцогдохгүй байж магадгүй гэдгийг санаж байх нь илүүдэхгүй.

- Интернэтэд байрлуулсан үнэгүй компьютерийн программууд зохиогчийн эрхийн объект мөн үү?
- Интернэтээс татаж авах боломжтой компьютерийн программууд нь төлбөргүй татаж авах, төлбөр төлж татаж авах программууд байдаг.

- Yнэ төлбөргүй татаж авах программ нь зохиогчийн эрхээр хамгаалагддаг уу?
- Ямар нэгэн зүйл үнэ төлбөргүй байгааг зохиогчийн эрхээсээ татгалзсан гэж ойлгож болохгүй. Зарим тохиолдолд программын зохиогч нь бүтээлээ үнэгүй татаж авах боломж олгосноор ирээдүйд уг программын шинэ хувилбарыг төлбөртэй ашиглуулах зорилгыг агуулж байдаг. Ийм тохиолдолд, зохиогч бол өөрийн эрхээс татгалзаагүй бөгөөд зөвхөн түр хугацаагаар өөрийн эрхийг эдлэхээс түдгэлзсэн байдаг.

- Олон төрлийн эх сурвалжаас авсан дан ишлэлээс бүрдсэн ном бүтээх боломжтой юу?
- Хэвлэлийн байгууллагуудад үе үе ийм төрлийн асуудал үүсдэг. Гэхдээ үүнийг иш татсанд тооцохгүй. Нэг ном хийхийн тулд өмнө нь нийтлэгдсэн олон тооны бүтээлээс жижиг хэсгүүдийг цуглуулах нь яах аргагүй бүтээлийг ашиглаж байгаа нэг хэлбэр юм. Гэхдээ энэ нь номыг бүхэлд нь хэвлэхэд шаардагдах хэвлэлийн эрх бус харин хуулбарлах эрхтэй холбоотой учраас зөвшөөрлийг хэвлэлийн байгуулагаас биш харин зохиогчоос авах нь зүйтэй. Yүний дагуу хэвлэлийн байгууллага нь тухайн номыг сурталчлах, эсвэл бусад зорилгоор зохиогчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд бүтээлийн хэсгийг хуулбарлахыг зөвшөөрөх эрхгүй. Зөвшөөрөл олгох эрх нь зөвхөн уг бүтээлийн зохиогчийн эрх эзэмшигчид байна.

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...